Categories
мэдээ нийгэм

​Н. Сүндэръяа: Йогоор хичээллэснээр сэтгэлзүй, далд ухамсар, бие физиологийнхоо түвшинг ахиулах боломжтой

“Sunderia Yoga” төвийн захирал, йогийн багш, йог эмчилгээний магистер Н. Сүндэрьяатай ярилцлаа.

-Йог анхлан хийж байгаа хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

-Анхлан хийж эхэлж буй хүмүүс сууриа маш сайн тавих ёстой. Суурь нь хэрхэн тавигдсанаас улбаалж, цаашдаа йогт дурлах уу, хэцүү юм байна гээд орхих уу гэдгээ шийддэг. Йогийн суурь гэдэг ямар багш багшилснаас шалтгаална. Манайхан зарим үед ямар төв хамгийн хямд байна, гэр нь ойрхон байна уу үгүй юу гэх мэт наад захын шалтгааны улмаас сууриа муу тавих тохиолдол гардаг. Бие физиологи, сэтгэлзүй, энерги гэдэг тухайн хүний амь амьдралыг авч явдаг хүчин зүйлүүд учир багшаа маш сайн судалж сонгох хэрэгтэй. Нэгдүгээрт туршлагатай багш, хоёрдугаарт тэрийгээ зөвөөр сурталчилж авч яваад өөртөө хэрэгжүүлдэг багш байх хэрэгтэй. Йогийг сүүлийн үед хүмүүс маш сайн бизнес гэж харах болсон. Тэгэхээр энэ газар надад яг туслах гээд байна уу эсвэл маш сайн бизнес учраас түр зууртаа барьж аваад байна уу гэдгийг сайн ажиглах ёстой. Гэрээс нь хол байна уу ойр байна уу хамаа байхгүй. Хамгийн гол нь маш сайн судалж байж сонгоод түүндээ тууштай явах хэрэгтэй.

-Зарим хүмүүс йог хийх хэцүү байна гээд түүндээ стрессдээд байгаа юм шиг санагддаг. Энэ нь тухайн хүнд хэрхэн нөлөөлөх вэ?

-Тийм шүү. Хүмүүсийг ажиглаад байхад би йогийг яг яагаад хийгээд байгаа вэ гэдгээ мэддэггүй юм шиг санагддаг. Заримдаа бусадтай өөрийгөө харьцуулах, түүнээсээ болж стресстэх тохиолдол ажиглагддаг. Йогийг хийж байхдаа аз жаргалтай байх ёстой, хийснийхээ дараа үр дүн нь аз жаргал болж өөрт нь ирдэг байх ёстой. Тэгснээр йог хийсний үр дүн гарна. Стресстэж, бусдад сайхан харагдах гэж хийж байгаа йог бол жинхэнэ йог болж чадахгүй.Жинхэнэ йог гэдэг хүний хувийн асуудал. Сэтгэлзүй нь тайван, илүү аз жаргалтай байх ёстой. Хувь хүн хэр их дотоод амжилтанд хүрсэн байна түүнийгээ гадаад ертөнцөд тэрийгээ мэдрүүлээд байх шаардлагагүй. Тэртээ тэргүй л харагдана.

-Йог хиймээр байгаа боловч ажлын цаг зав эсвэл санхүүгийн асуудлаас болоод хийж чаддаггүй хүмүүс цөөнгүй байдаг байх. Тийм хүмүүс йогийг гэрийн нөхцөлд хийх боломжтой юу?

-Боломжтой. Нэгдүгээрт сууриа сайн тавих , хоёрдугаарт маш болгоомжтой хийх ёстой. Өөртөө итгэлтэй хүмүүс маш зоригтой гэртээ хийгээд эхэлдэг. Буруу бол биш. Биеэ халаагаагүй байхдаа хүчилж сунгалт хийх, хүчтэй тэнцвэрийн дасгалуудыг бие дааж хийснээс болж шөрмөсөө сунгах, бэртэх, гэмтэх магадлал өндөр. Хэрвээ хүний зөөлөн эд гэмтчихвэл дахиж сэргэдэггүй гэдгийг анхааран болгоомжтой хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

-Хэдэн насныхан хийвэл тохиромжтой вэ?

-Насны багад эрдэм сур гэдэг. Тиймээс аль болох эрт эхлүүлэх тусмаа сайн. Цэцэрлэгийн, бага насны хүүхдүүдэд их йог заах болсон. Гэхдээ энэ нь тэдэнд йог гэж ийм юм байдаг шүү гэдгийг таниулах зорилготой. Тэрнээс тэр хүүхдийг заавал хий гэж шахах, хүнд хүнд -дасгалуудыг хийлгэвэл буруудна. Яагаад гэвэл тэр хүүхэд үүнийг хийе гэж сонгоогүй. Хоёрдугаарт бага насны хүүхдийн йог нь тэдэнд массаж болоод явчихдаг. Мөн 7-14 насныхан өөрийг нь хөгжүүлэх, өөрийн насны ангилалд тохирсон амьсгалын дасгал, бясалгал хийвэл тохиромжтой. Жишээ нь шалгалтан дээрээ сандарлаа гэж бодоход өөрийгөө тайвшруулах хэмжээний йог хийвэл зүгээр. Харин 14-18 насныхан буюу өсвөр насныхан маш сайн багш дээр йог хийж эхэлбэл хамгийн их тохиромжтой. Яагаад гэвэл өсвөр насанд шинэ хувь хүн бүрэлдэж байгаа учир ээж аавтайгаа муудалцах, ганцаардах гэх мэт гардаг олон асуудлуудыг багасгадаг.

Сүүлийн үед хүмүүс йогийг их сонирхох болсон юм шиг санагддаг. Монголын йогийн хөгжил хэр байгаа вэ?

-Монголд йогийн хөгжил маш сайн байгаа. Өмнө нь маш цөөхөн газар байдаг байсан бол одоо йогийн маш олон төвүүд байна. Хүмүүс бас йогийн чиглэлээр сурч, багшилж эхэлж байгаа. Йог бол маш олон төрөл л дөө. Хатха йог, кундалини йог, аштанга йог гэх мэт олон төрлүүд хөгжиж байгаа нь маш зөв. Йогоор хичээллэсэн хүн сэтгэлзүй, далд ухамсар, бие физиологийнхоо түвшинг ахиулах боломжтой.

-Йогийг эрүүл амьдралын хэв маяг гэдэг. Йог нь зөв, эрүүл хооллолттой хэрхэн холбогдох вэ?

-Мэдээж зөв хооллолттой маш их холбоотой. Йогийн хооллолт ихэнхдээ халуун ногоо багатай, давс багатай ялангуяа химийн гаралтай амтлагч багатай, зөөлөн чанарын каш, зутан маягийн хоолнууд байдаг. Үүнийг саттва буюу ерөнхийдөө хүнийг тайвшруулах чадвартай хоол гэж нэрлэдэг. Жимс, жимсгэнэ, хүнсний ногоог маш сайн хэрэглэснээр йогийн зөв хооллолт болно. Ийм хоол идсэнээр сунгалт сайжирдаг.

-Олон жилийн турш йог хийсэн хүмүүст ямар нийтлэг шинжүүд ажиглагддаг вэ?

-Йогоор хичээллэдэггүй хүмүүсийг ажиглахад түргэн хоол, шоколад идмээр санагдсан үедээ шууд л аваад идчихдэг. Харин йог хийдэг хүмүүс тэгдэггүй. Өөрийг хянах чадвар нь сайн хөгжсөн байдаг. Өөрөө хичээхгүй байсан ч гэсэн зөв хооллоод явчихдаг. Мөн тэвчээртэй, тууштай, энгийн, илүү аз жаргалтай, нээлттэй байх тийм тал анзаарагддаг.

-Йогийн багшийн хувьд олон шавь нартай гэж бодож байна. Та шавь нартаа ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Нэн түрүүнд тууштай байгаарай, дасгалуудаа хийж чадахгүй байсан ч бага багаар ахиулаарай гэж зөвлөдөг. Ихэнх хүмүүс би сунгалт муутай, над шиг модон хүн хэзээ ч хийхгүй гээд йог хийдэггүй хүмүүс байдаг. Хамгийн гол нь ямар бие махбодтой байгаа нь хамаагүй. Өөрийнхөө биеийг хөгжүүлэх, бас зөвхөн бие биш сэтгэл санаа, оршихуйгаа өөрчлөхийн тулд йог хийж эхлэх хэрэгтэй. Йогийн маш олон төрлүүдээс өөрт таарахыг сонгож түүнийгээ тууштай хийвэл өөрийгөө маш сайн хөгжүүлж чадна.

Н.Саруулдөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *