Categories
мэдээ цаг-үе

Г.Мандалсүрэн: Нэг өдрийн шоуны мөнгө хоёр хүүхдийн гурван сарын живхний хэрэглээ байдаг юм шүү

Энэ бүсгүйг Г.Мандалсүрэн гэдэг. Тэрээр Япон улсад “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчин” сэдвээр судалгааны ажил хийсэн, хөгжингүй орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тавьдаг анхаарал, бодлогоос суралцсан туршлагатай. Энэ туршлагаасаа улбаалаад өнгөрсөн “Хүүхдийн баяр”-аар саажилттай 25 хүүхдийн нэг сарын хэрэглээг хангах сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгуулжээ.


-Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийн төлөөх сайн үйлстнүүдийн эгнээнд нэгдсэн танд талархал илэрхийлье. Сайн үйлсийн аянд гар бие оролцох болсон шалтгаан юу байв?

-Оюутан байх үеэс сайн дурын ажилд сонирхолтой байсан. Ээж маань багш, би өөрөө ч багш мэргэжилтэй болохоор хүүхдүүдтэй ойр ажилладаг, тэдэнд туслах ажилд сонирхолтой. Өмнө нь бусад залуусын зохион байгуулсан сайн үйлсийн аянд дэмжиж оролцдог байсан. Тэр утгаар Японд “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчин” сэдвээр судалгааны ажил хамгаалчихаад, Монголд ирээд хоёр жил болж байна. Энд байх хугацаандаа Японы хөрөнгө оруулалттай компанид ажиллаад завгүй байлаа. Яг өөрийнхөө судалгааны ажлын чиглэлээр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ямар нэгэн ажил хийе гэж удаан хугацаанд бодож байсан ч нөхцөл бүрдэхгүй байсаар өдийг хүрсэн. Хойшлуулаад байвал хойшлоод л байх шиг санагдсан учраас зориглоод энэ жилийн “Хүүхдийн баяр”-аар “Шинэ хос оюу” төрийн бус байгууллагыг сонгоод, тэдний харьяаллын 25 хүүхдийг баярлуулахаар шийдсэн. Сонгосон хүүхдүүд маань хөгжлийн бэрхшээлтэй учраас тэдэнд нэн шаардлагатай хэрэглээний зүйлсээр хангахыг хичээсэн. Суумал хүүхэд ариун цэврийн өрөө орж чаддаггүй болохоор том хүний живх хэрэгтэй, хэвтэрт байгаа хүүхдэд 00-ын цаас, саван, нойтон сальфетка хэрэг болно. Тиймээс нэг сарынх нь хэрэглээг хангаад өгвөл хүүхдүүдэд илүү хэрэгтэй юм болов уу гэж энэ удаагийн аяныг зохион байгууллаа.

-Өмнө нь бусад залуусын сайн үйлсийн аяныг дэмжээд явах, өөрөө санаачлан зохион байгуулах хоёрт ялгаа байв уу. Ялангуяа тусламж хэрэгтэй хүүхдүүдтэй нүүр тулж, тэдний зовлон шаналлыг нүдээр харахад эмзэглэмээр байсан уу?

-“Шинэ хос оюу” төрийн бус байгууллагад харьяалагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олонх нь тархины саажилттай, сэтгэцийн асуудалтай гэж сонсож, зургийг нь харж байсан. Гэтэл “Хүүхдийн баяр”-аар бэлгээ аваад очиход бодож төсөөлж байснаас шал өөр мэдрэмж төрсөн. Ярьж чадахгүй ч дохиогоор харилцаж чаддаг. Бэлэг өгөхөд гараараа үнсэж байгаа үйлдэл үзүүлж байсан нь халуун дулаан мэдрэмж төрүүлсэн. Тэд үг хэлж чадахгүй ч гэсэн ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөл, баярласнаа илэрхийлж байсан. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд учраас эмзэглэхээс илүү тэдний төлөө үр дүнтэй ажиллах ёстой л гэж бодогдож байсан даа.

-Гадны орнуудад хөрөнгөтэй, нийгмийн нөлөө бүхий хүмүүс нь сайн үйлстнүүд байдаг. Манайд бол сэтгэлээрээ баян залуус л түүчээлээд байна уу даа?

-Үнэхээр хэлэх ёстой зүйл бол энэ. Нийгэмдээ томоохон байр суурь эзэлдэг, хөрөнгө мөнгөтэй, мөнгөө үрж ядаж байгаа хүмүүс Монголд олон байдаг. Морь уяж, машин унаж гангарч байна. Түүний оронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ирээдүйд зориулж ганц ч болов ажил хийгээсэй. Улсын нэг сургуулийн байрыг ч болов дэлхийн стандартаар янзлаад өгчих л дөө. Тэр чинь буян болно.

-Японтой харьцуулахад манай улсын нөхцөл байдал ямар байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ тавьж байгаа анхаарлын хувьд?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах, сурч боловсрох орчин нөхцөл манай улсад үнэхээр тэг заажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчны дэлхийн стандарт байдаг. Барилга, орон сууц, сургууль бүр тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан,шатны налуу нь 45 хэмтэй байх ёстой.Харин манайд огцом налуу, явган хүн ч явахад хамраараа сэт цохиод унахаар, үзүүлэн болгоод хийчихсэн. Түүнийг улсын комисс хүлээгээд л авчихдаг. Их, дээд сургуульд нь цахилгаан шат байхгүй, тэргэнцэртэй, таягтай хүүхэд сурах ямар ч боломжгүй.

Япончууд гэхэд сайн үйлсийг төр засаг, баян чинээлэг хөрөнгөтнүүдээс эхлээд энгийн иргэн хүртэл хийх ёстой зүйл гээд хүлээгээд авчихсан ард түмэн. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маш олонтой. Монголд тохиолддоггүй, шинэ төрлийн өвчлөл элбэгтэй. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах нь угаас байх ёстой гээд багаас нь ухамсарт нь суулгачихсан. Төр засаг нь ч их анхаардаг. Тэгсэн хэрнээ л “Бид болоогүй байна, илүү ихийг хийх ёстой” гэдэг ард түмэн. Сая л гэхэд хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан төв нээгдлээ. Жаахан хүүхдүүд химийн эмчилгээнд орохдоо байнга зүүгээр хатгуулна. Тиймээс хүүхдийг зүүнээс айхгүй болгодог тусгай мэргэжилтэн хүртэл бэлтгэж байна. Нэг үгээр тэд жижиг зүйл дээр ч маш их анхаардаг. Бүх юм энгийн зүйл шүү дээ гэж бодохоор асуудал Монголд энгийн бус байгаа нь харамсалтай. Сайн үйлсийн аян зохиоход хүртэл сонин байдал ажиглагдсан.

-Ямар гэж?

-“Хүүхдийн баяр”-аар хийсэн ажлаа пост болгоод твиттер дээр тавьсан. Мэдээж хүүхдүүдийн аав ээжийн зөвшөөрөлтэй. Гэтэл “Чи хүүхдүүдийн зураг тавьж өөрийнхөө карьерийг өсгөх гэлээ, гаж донтой, яасан ийсэн” гээд намайг маш муухайгаар хэлсэн. Надад тэр нь инээдтэй л санагдсан.

-Гэхдээ бусдад тусалъя, сайн үйлс бүтээе гэсэн залуус олон байгаа болов уу. Тэдэнд хандаж юу хэлмээр байна?

-Би Японд сурч төгсөөд Монголд ирэхдээ хүсэл мөрөөдөл оргилсон хүн ирсэн. Гэтэл Монгол, Япон хоёрын бодит байдал огт өөр байсан. Хүмүүс “Чи юу яриад байгаа юм бэ, чамайг хэн ч авч хэлэлцэхгүй” гэж байсан. Гэхдээ ямар нэгэн зүйл хийе, хүүхдэд тусалъя гэж бодож байвал айх хэрэггүй. Шууд эхэл. Бусдад туслахын тулд заавал мөнгөтэй байх албагүй. Мэргэжлийн байх шаардлагагүй. Зүгээр л чин сэтгэл зүрхтэй байхад болно. Залуус хүнд туслаад баярлалаа гэх хариулт авах кайфыг мэдрэх ямар гоё байдгийг бас мэдрээсэй. Угаас хүмүүс шүүмжилж л байдаг. Юм хийж байгаа хүн л бусдад шүүмжлүүлдэг. Үүнийг би маш сайн ойлгосон. Тийм болохоор битгий ай. Хийгээд үз, алдсан ч хамаагүй. Найз нөхдөө ч бас уриал. Нэг өдөр шоуддаг мөнгө хоёр хүүхдийн гурван сарын живхний хэрэглээ байдаг шүү гэж хэлмээр байна.

-Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Гэр бүлээрээ багш мэргэжилтэй хүмүүс гэв үү?

-Би МУБИС-ийг япон хэлний багш мэргэжлээр төгссөн. Тэгээд Япон улсын Засгийн газрын тэтгэлэг буюу “Монбүшо”-д судлаач оюутнаар тэнцээд нэг жил судалгааны ажил хийгээд ирсэн. Японы хөрөнгө оруулалттай компанид борлуулалтын ажилтнаар нэг жил ажиллаад гарсан. Одоо бол төрийн албанд, эсвэл хувийнхаа ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй. Энэ зун өөртөө амралт өгөөд хийхийг хүсч байсан ажлуудаа хийж эхэллээ. Намайг сайн үйлсийн аян зохион байгуулахад ээж маань хамгийн том найдвартай ар тал байсан. Ээж маань МУБИС-ийн Биеийн тамирын тэнхимийн хэлтсийн дарга, насаараа багш хийсэн. Мундаг тамирчин, багш, ээж, зөвлөгч хүн. Аав, эмээ маань багш хүмүүс. Энэ ажлыг маань ээж маань, ээжийн найзууд маш сайхан дэмжсэн. Тэдэндээ энэ дашрамд талархсанаа илэрхийлье.

-Баярлалаа танд. Хүүхэд багачуудын төлөөх сайн үйлс тань улам дэлгэрэх болтугай?

-Баярлалаа. Эргэн тойронд маань мундаг залуус олон байна. Тэр хүрээллээс үлгэр жишээ аваад, бяцхан хүүхдүүдийн төлөө сайн үйлс бүтээхийг хичээж явна аа.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *