Categories
мэдээ цаг-үе

3D зүрх

Өдрөөс өдөрт хурдацтайгаар хөгжиж байгаа техник технологи амьдралыг илүү хялбар болгосоор байна. Саяхан гэхэд л Израилийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд өвчтөнөөс авсан биологийн материалыг ашиглан гурван хэмжээст хэвлэх технологиор хүний зүрх бүтээсэн талаараа олон нийтэд мэдээллээд байгаа юм.

3D ЗҮРХ ХЭРХЭН БҮТСЭН БЭ?

Хөгжингүй орнуудад өнөөдөр зүрх судасны өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог. Зүрхний өвчлөлийг бүрмөсөн эмчлэх ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах юм байна. Тэгвэл энэ удаа Израилийн Тель-Авивийн их сургуулийн эрдэмтэд дэлхийд анх удаа 3D-ээр амьд зүрх хэвлээд байгаа юм. Энэхүү зүрхийг бүтээхдээ эрдэмтэд жинхэнэ зүрхний эс, биологийн эдүүдийг ашиглажээ. Энэхүү 3D зүрх нь туулайны зүрх шиг ердөө 2.5 см орчим хэмжээтэй аж. Эрдэмтэд үүнийг жинхэнэ зүрх шиг хэрхэн шилжүүлэн суулгах аргыг судалж байгаа төдийгүй амьтдад суулгахаар ажиллаж байгаа аж. Тэд эхлээд өвчтөний биенээс өөхлөг эдийг авсныгаа бэх болгон ашиглаж, хүний зүрхийг хэвлэжээ. Ийм аргаар гаргаж авсан зүрх нь одоогоор туулайн зүрхний хэмжтээтэй жижиг байгаа юм. Цаашдаа энэ технологиор хүнийхтэй ижил хэмжээтэйг бүтээж ч болох гэнэ. Өвчтөнд өөрийнх нь эд эсээр бүтээсэн зүрх суулгах нь эрсдэлийг багасгах ач холбогдолтой ажээ. Учир нь хүний бие өөрийн биш, гадны биетийг хүлээж авахгүй байх үзэгдэл түгээмэл байдаг аж. Дараагийн ээлжинд эрдэмтэд бүтээсэн хиймэл зүрхээ жинхэнэ зүрх шиг ажилладаг болгох зорилго тавиад байгаа аж. Одоогоор гаргаж авсан зүрх нь агшиж чаддаг ч буцаад тэлэх чадваргүй юм байна. Үүний дараа тэд 3 хэмжээст хэвлэх технологиор бий болгосон зүрхээ амьтны загварт суулгаж турших юм. Дараа нь хүнд суулгаж үзэх талаараа хэлж байв. Эрдэмтэд өмнө нь 3D зүрх гарган авах олон удаагийн оролдлого хийж байсан ч ховдолгүй зүрх гаргаж байжээ. Туршилтын хүрээнд хэдэн арван зүрх хэвлэн гаргасан бөгөөд үйл ажиллагааг нь шалгахын тулд амьтанд шилжүүлэн суулгах шаардлагатай гэнэ. Принтер нэг зүрхийг гурван цаг 30 минут орчим хугацаанд хэвлэн гаргажээ. Судлаачид 3D зүрхийг харуулахын тулд Израиль төвийн Тел Авив хотод хэвлэлийн бага хурал зохион байгуулж, энэ нь анагаах ухааны томоохон өөрчлөлт болсон бөгөөд ирээдүйд зүрхийг хэвлэх боломжтой болно гэсэн байна. Төслийн захирал, Тель-Авив их сургуулийн профессор Тейл Девиль хэлэхдээ урьд нь судлаачид зөвхөн 3D-гээр цусны судалгүй энгийн зүрх хэвлүүлж байсан бол одоо харин өвчтөний эд эсүүд, цусны судсыг 3D-гээр хэвлүүлж, эстэй, цусны судастай, салст бүрхүүлтэй бүрэн зүрх хэвлүүлсэн гэжээ. Судлаачдын танилцуулснаар, тэд эхлээд өвчтөнөөс авсан эдийг задалж, эсүүд болон эсийн гаднах матрицыг тусгаарлаж, дараа нь эсийг генийн хувирлаар үүдэл эс болгон хувиргаж, үүдэл эсийг кардиомиозит болон цусны судас эс үүсгэх эсүүдийг ялгадаг. Эдгээр эсүүд нь экобаклеллын матрицаас боловсруулсан гидрогелитэй холилдон “био-бэх” болох ба эцэст нь 3D хэвлэгч рүү оруулдаг. Тухайн өдрийн үзүүлсэн 3D зүрхийг хэвлүүлэхэд гурав орчим цаг үргэлжилж, хэмжээ нь хүний зүрхний нэг хувь орчим байжээ. Мөн тэрээр “Хүнийх шиг зүрхний хэв загварыг гаргах технологи нь үндсэндээ адилхан бөгөөд цус шахах үйл ажиллагаа байхгүй тул цаашид ажиллах шаардлагатай” гэжээ. Судлаачид дараагийн удаад лабораторид 3D зүрхийг жинхэнэ зүрх шиг ажиллуулж, улмаар тэдгээрийг амьтдад шилжүүлэн суулгана гэв.

ИРЭХ 10 ЖИЛД 3D ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫГ ЭМНЭЛГҮҮДЭД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

Ирэх 10 жилд 3D зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлгүүдэд ашиглах боломжтой талаар эрдэмтэд хэлж байна. Энэхүү судалгаа нь өвчтөн шилжүүлэн суулгах эрхтнээ хүлээх, эсвэл бие организм нь эрхтнээ үл хүлээн авахаас урьдчилан сэргийлэх эм хэрэглэх шаардлагагүй болох замыг нээж өгнө гэж эрдэмтэд мэдэгджээ. Өвчтөн бүрт тохирох эрхтнүүдийг ойрын 10 жилийн хугацаанд хүний эд, эсийн тусламжтайгаар гарган авах боломжтой болж байгаа аж. “Цохилж буй амьд зүрх хэвлэхийн тулд өвчтөнөөс авсан хүний эд эстэй хамт 3D принтерийг ашиглах үйл явцыг Тель-Авивын их сургуулийн лабораторийн эрхлэгч, профессор Тал Двир танилцуулж, дэлхийн анагаах ухаанд эргэлт хийв” хэмээн хэлсэн байна. Энэхүү зүрх нь цусны судсуудаас гадна эсийн бүтцийг дэмждэг уураг, биологийн бусад молекулуудтай аж. Эрдэм шинжилгээний ажилтан, профессор Тал Двир, Tель-Авивын Амьдралын шинжлэх ухааны факультетын доктор Ассеп Шапира нар дэлхийн шинжлэх ухааны түүхэнд гайхалтай ололт болсон хэмээн мэдээлжээ. Үүнийг шинжлэх ухааны маш том эхлэл болж байгаа талаар эрдэмтэд тодорхойлж байгаа аж. Мөн эрдэмтэд хүний эд эсээс гарган авсан энэхүү технологийг ашигласнаар ойрын ирээдүйд эрхтний хандивыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Магадгүй үүнийгээ дагаад техник технологийн хурдацтай хөгжил донорыг шаардлагагүй болгох ч магадлалтай. Судас, ховдол, тасалгаа, эсүүдээс тогтох иж бүрэн зүрхийг хэрхэн бүтээснээ эрдэмтэд “Advanced Science” сэтгүүлд дэлгэрэнгүй тайлбарласан байна. Ойролцоогоор 10 жилийн дараа дэлхийн тэргүүлэх эмнэлгүүд зүрхний өвчтэй хүмүүст өөрийнх нь био материалаар бүтээсэн зүрхийг шилжүүлж суулгадаг болно гэж Израилийн эрдэмтэд тооцоолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *