Categories
мэдээ эдийн-засаг

Ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг 2019 онд тавина гэв

Эрчим хүчний системд ухаалаг тоног төхөөрөмж суурилуулснаар баталгаат найдвартай үйл ажиллагааг хангахаас гадна хэмнэлт, үр ашгийг дээшлүүлнэ хэмээн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэгдэв. Тус яамнаас энэ оныг “Ухаалаг эрчим хүчний жил” болгон зарлаж, энэ үйл ажиллагаагаа дулааны цахилгаан станцуудын турбо генератор, цахилгаан дамжуулах релейн шугамуудад аваар ослыг урьдчилан мэдэрч, мэдээлэх тоног төхөөрөмж бүхий системийг суурилуулахаас эхэлж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодруулав.

-Ухаалаг системийг хэдийнээс суурилуулж эхлэх вэ?

-Юуны өмнө, дэлхий нийтээр хүний хэмжиж болох бүх зүйлийг ухаалаг системээр дамжуулан шийддэг болсон өнөө цагт бид дэвшилтэт технологийн хөгжлөөс хоцрох ёсгүйг хэлэх учиртай. Эрчим хүчний салбарт ухаалаг системийг нэвтрүүлснээр найдвартай үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлэхээс гадна цахилгаан, дулааныг хэмнэж, олон улсын жишгийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулан хүлэмжийн хийг багасгахад томоохон хувь нэмэр оруулна. Тиймээс бид энэ жилээс эхлэн дэлхий дахинд хэрэглэж буй дэвшилтэт арга хэлбэр, технологиудыг нэвтрүүлнэ. Бусад улс орнуудад ашиглаж буй хамгийн боломжтой хэмээн амьдралд батлагдсан туршлагуудыг хэрэгжүүлнэ. Энэ ажлыг Диспетчерийн үндэсний төвөөс буюу нэгжийн үйл ажиллагаанаас эхэлж байна.

Дараагийн ажил нь хамгийн өндөр түвшний технологийн шийдлийг боловсруулж гүйцэтгэдэг, программистуудаас эхлээд мэргэшсэн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэнэ. “Ухаалаг систем”-ийн үйл ажиллагаанд манай салбарын бүх байгууллага, компани оролцож дор бүрнээ мэдээллийн технологийг нэвтрүүлнэ. Өнгөрсөн жил станцуудад аваар осол гарч, дулааны шугам хоолой хагарсан хэрэг явдал болсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл одоо ухаалаг системийн хүрээнд мэдрэгч төхөөрөмжүүд суурилуулснаар тэр бүгдийг урьдчилж мэддэг болно.

Одоо бол осол аваар, саатлыг релей хамгаалалтын автоматаар ажилладаг төхөөрөмжөөр мэдэж арилгаж байна. Ухаалаг системийн мэдрэгч төхөөрөмж байрлуулснаар, ирсэн мэдээллийн дагуу доголдол саатлыг цаг тухай бүрт нь засаж сайжруулах арга хэмжээ авдаг болно. Тодруулж хэлэхэд, шугам хоолойны металлыг мэдрэгч суурилуулснаар тухайн шугам хоолой хэр элэгдэж хуучирсныг металлын бүтцээр нь мэднэ. Ингэснээр аваар саатлыг эрс багасгана. Эхний ээлжинд бид ОХУ-тай хамтран ДЦС-4-ийн шинэчлэл дээр анхны мэдрэгч төхөөрөмжийг суурилуулах гэж байна. Цаашлаад дамжуулах түгээх сүлжээнүүд дээр ийм тоног төхөөрөмжүүдийг суурилуулж нэвтрүүлнэ. Ингэснээр салбарын хэмжээнд ухаалаг эрчим хүчний хэрэглээтэй улс болох эхний суурийг 2019 онд тавина.

-Ухаалаг системийн тоног төхөөрөөмжүүдийг хаанаас нийлүүлж байгаа вэ, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-Хөрөнгийн тооцоог одоогоор хараахан гаргаагүй, ажил яваад эхлэхээр тодорхой болно. Тиймээс энэ жилийн төсөвт суугаагүй. Төлөвлөгөөг бол гаргасан. Ер нь бол хөрөнгийг эрчим хүчний байгууллагууд өөрсдөө гаргаж суулгана. Ийм боломж бий. Бид энэ чиглэлээр системийн байгууллага, компаниудын ТУЗ-д байгууллагынхаа хүрээнд ямар шийдлүүд гарч болохоор байна, тэр хэмжээнд хөрөнгө санхүүгээ тооцон төлөвлөж ажиллах чиглэл өгөөд байгаа.

-Ухаалаг системийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж бууруулахад, ДЦС-уудын зуухнууд дээр төрөл бүрийн дэвшилтэт төхөөрөмжүүдийг суурилуулж тавина. Ингэснээр станцууд болон ойр орчим гарч буй хорт хийн ялгарал буурна. Түлшний сүлжээнүүд дээр мөн ийм төхөөрөмжүүдийг байршуулснаар нэг талаар найдвартай ажиллагааг хангахаас гадна хүлэмжийн хийд тавих хяналт сайжрах юм.

Салбарын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах тухайд, 2 ажлыг хийж байна. Нэгд, нийслэл хотын 42 мянган айл өрхөд 4 квт-ын халаагуур залгах боломжийг бүрдүүлсэн. Энэ ажил дуусч, одоо Улсын комисс хүлээн авч байна. Ингэснээр нийслэл хотод дээрх тооны айл өрх хамгийн дэвшилттэй, эдийн засгийн хувьд үр ашигтай халаагуур хэрэглэдэг болно гэсэн үг. Хоёрт, манай яамны харьяанд түлшний асуудал байдаг. Нийслэлд эхний ээлжинд 250 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулж ашиглалтад оруулаад байна. Үйлдвэр нь жилдээ 600 мянган тонн шахмал түлш нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд 2-3 дугаар шугамыг ойрын хугацаанд өргөтгөнө. Энэ онд шаардлагатай нөөцийг бүрдүүлснээр ирэх намар гэхэд нийлүүлэлтийг бүрэн хангана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *