Categories
мэдээ нийгэм

“Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн өмчид авах захирамж гаргалаа

Хотын дарга С.Батболд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамж гаргажээ.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид:

Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга /Гоожингийн өндөр/-ыг Нийслэлийн өмчид эгүүлэн авах, анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг хариуцан зохион байгуулах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон байна.

1912 оны долоодугаар сард Бүгд Ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Т.Намнансүрэн томилогджээ. Тэрбээр 1919 оны 4 сард таалал болтлоо Монгол Улсын Ерөнхий сайдаар 7 жил ажилласан байна. Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн анх бариулсан энэхүү байшинд Манжийн засаг захиргаа төвлөрч, хятадын гамин цэргийн штаб /Сийлэнпүүгийн яам/ байрлаж байсан үед олноо өргөгдсөн оны үед байшин Сангийн яамны мэдэлд очиж, Сангийн яамны сургагч Козин ажиллаж амьдрах болжээ.

Козин хэмээх нэрийг дуудахад бэрх тул монголчууд “Гоожин” хэмээн дуудах болж улмаар амьдарч байсан хоёр давхар сууц нь “Гоожингийн өндөр” нэршжээ хэмээн эх сурвалжуудад дурдсан байна.

“Гоожингийн өндөр” хэмээх барилга Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр сургуулийн зүүн хойд талд байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *