Categories
гадаад мэдээ

Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гариг илрүүлжээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ шинэ хиймэл дагуул эрдэмтдийн анхаарлыг татсан хоёр дахь гаригаа хоёр өдрийн дотор илрүүлжээ. Уг хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гаригуудыг хайж буй юм. Энэ тухай НАСА-гийн “Twitter” дэх хуудсанд мэдээлсэн байна.

“Дэлхийтэй төстэй хоёр дахь гаригийг илрүүллээ. Уг гариг дэлхийгээс бага зэрэг том бөгөөд манай гаригаас 49 жилийн гэрлийн зайд М ангиллын LHS 3844 одой одыг 11 цаг тутамд тойрон эргэлддэг. Шинээр илрүүлсэн гаригийг “халуун дэлхий” гэж нэрлэсэн” гэж мэдээлэлд дурджээ.

Дэлхийтэй төстэй эхний гариг олдсон тухай есдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна. Уг гаригийг “Супер-дэлхий” гэж нэрлэжээ. НАСА-гийн мэдээлснээр, энэ гаригийн масс болон радиус нь усны нягтралтай харьцуулж болохоор нягтралыг харуулж байгаа нь уг гариг дээр ус эсвэл хий байж магадгүй гэсэн дүгнэлт хийх боломжтой байгаа аж.

НАСА-гийн эрдэмтэд “гариг ангуулагч” гэж нэрлэсэн TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гариг илрүүлэхэд шинэ алхам болно гэдэгт найдаж байгаа юм. Уг хиймэл дагуулыг 2018 оны дөрөвдүгээр сард хөөргөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *