Categories
мэдээ нийгэм

Монгол, Туркийн сургуулийн захирал Вейсел Акчайг Чингис Хаан нисэх онгоцны буудалд хүргээд байна

17:00 цагт: “Чингис хаан” олон улсын нисэх буудалд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Лу.Болд ЗТХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох хүмүүс ажиллаж байна. Турк улсаас ирсэн онгоц хяналтад байгаа бөгөөд Вэйсел Акчайгийн өмгөөлөгч нисэх буудал дээр ирээд байгаа боловч үйлчлүүлэгчтэйгээ уулзаж чадаагүй байгаа гэв. Тун удахгүй Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэг мэдээлэл хийнэ.

“Чингис хаан” нисэх онгоцны буудалд энэхүү үйл явдлыг эсэргүүцэн иргэд жагсаад байна.

Чингис хаан онгоцны буудалд ажиллаж байгаа хүмүүсийн өгсөн мэдээллээр Туркийн онцгой элчийн онгоц өнөөдөр 18:00 цагт эргээд буцах бүртгэлтэй байгаа аж. Энэхүү онгоц нь буцахдаа хүн зөөвөрлөх зөвшөөрөлгүй талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Яг одоо газар дээр нь ажиллахаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл очоод байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Албаны эх сурвалжуудын өгсөн мэдээллээр энэхүү онгоцыг буцах үед сайтар шалгах талаар мэдэгдлээ.

ВЕЙСЕЛ АКЧАЙГ 4-5 ХҮН БИЧИГ ҮЗҮҮЛЭН МАШИНДАА СУУЛГАН АВЧ ЯВСАН БАЙНА

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол, Туркийн сургуулийн захирал Вейсел Акчай өнөөдөр 09:30 цагийн үед гэрээсээ гарсан байна. Улмаар гэр бүлийн хүн нь 11:00 цагийн орчимд ажил руу нь залгахад ажилдаа ирээгүй гэсэн мэдээллийг авчээ.

Ингэж сураг гаргахад Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хар өнгийн машинаас 4-5 хүн гарч ирээд бичиг үзүүлээд машиндаа суулгаад явсан нь тодорхой болжээ. Тиймээс ч гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан байна.

Харин Эмпати сургуулиудын захирал Б.Ганбатын мэдээлсэн Чингис хаан онгоцны буудалд газардаад байгаа онгоц нь Туркийн онцгой элчин сайдын онгоц аж.

Чингис хаан онгоцны буудалд ажиллаж байгаа Ikon.mn -ийн сэтгүүлчийн өгсөн мэдээллээр Монгол, Туркийн сургуулийн захирал Вейсел Акчайг Чингис хаан онгоцны буудалд авчраад байна гэв.

МОНГОЛ, ТУРКИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ВЕЙСЕЛ АКЧАЙГ ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД ХҮРГЭЭД БАЙНА

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр гэрийнхээ гаднаас хулгайлагдсан байх магадлалтай талаар бид мэдээлсэн.

Түүнийг Турк руу авч явах зорилготой ийм үйл ажиллагаа явууллаа гэж Эмпати сургуулиудын захирал Б.Ганбат олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байна.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Вейсел Акчайг үнэхээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд аваачаад байгаа талаар мэдээллээ.

Яг одоогийн байдлаар энэ талаар Монголын төр засгаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тухай “Бид тусгаар тогтонсон улс Хэн дуртай нь эх оронд минь дураараа ирж гүйцэтгэх ажил хийн хүн хулгайлж болно гэж үү” гэж өөрийн твиттер хуудасдаа жиргээд байгаа юм

Мөн энэ талаар нийтлэлч Баабар “Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдаганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцосон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн байна.

Яг одоогийн байдлаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй холбогдон нөхцөл байдлын талаар тодруулахад “Бүх зүйл хяналтанд байна” гэсэн хариулт өглөө.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Вейсел Акчайгийн өмгөөлөгч онгоцны буудал дээр очоод байгаа боловч Вейсел Акчайтай уулзах боломж өгөхгүй байгаа ажээ.

Мөн үүсээд байгаа нөхцөл байдалтай танилцахаар УИХ-ын гишүүн Л.Болд Чингис хаан нисэх буудалд хүрэлцэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *