Categories
мэдээ цаг-үе

Дархан аварга Х.Баянмөнх: Ард түмнээ цэнгүүлж, наадуулах нь бөхчүүдийн заяагдмал үүрэг

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Даяар дурсагдах, далай даян, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, баяр наадмын манлай, улс даяар гайхамшигт дайчин дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа.

-Бөхийн холбоо хоёр хуваагдлаа, бөхчүүд эвлэрэхгүй бол хоёр тусдаа наадам хийх нь байна шүү гэсэн болгоомжлол хүртэл байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Эвлэрэхгүй байна. Эвлэрүүлэхийн тулд их зүтгэл гаргалаа. Чадсангүй. Баяр наадам хоёр тусдаа болохгүй, нэг болно. Тийм учраас би бөхчүүддээ захиас захиж байгаа юм, аварга, ахмад аварга, ах настай хүний хувьд.

Бөхчүүд бид өөрийн гэсэн дүрэмтэй. Эвлэрэхгүй байгаа тэр улсууд нь үзэл бодлын зөрөлдөөнтэй удирдах тушаалын л хүмүүс яваад байгаа. Холбоог өөрийн эрх мэдэлд авбал бөхийн шинэчлэл хийнэ гэсэн өөрийн гэсэн концевцитэй л улс байдаг байх. Тийм учраас би буруутгаад байх ч юм уу, зөвтгөөд байх юм алга.

Эвлэрээд наадамдаа сайхан барилдчихъя гэж уриалаад би барсангүй ээ. Хамгийн сүүлд зурагтаар “Өдөр, сараа тогтоод эвлэрлийн гэрээгээ хийе” гэж хэлж суусаар байтал надтай хэн ч ирж гар барьсангүй. Нэгэнт ийм болсноос хойш Монгол төрийнхөө наадмыг Монгол Улс хийх нь хийнэ ээ. Зөрчил тэмцэлгүй, ард түмнийхээ санаа сэтгэлд нийцсэн, баярлуулж цэнгүүлсэн тийм л наадам хийх ёстой. Баяр наадмаар ард түмний өмнө ширхэг ч дутагдал гаргахгүй байвал сайхан болдог. Ийм болохоор би бөхчүүддээ хандан ил захидал бичсэн. Үзэл бодлын зөрөлдөөн бидэнд байсан ч тэрийг үл тоож, өөрийнхөө үндсэн зорилго болсон ард түмнээ цэнгүүлэх, наадуулах үүргээ л биелүүл. Тэр бол та бидний заяагдмал үүрэг, бурхнаас заяасан үүрэг гэж ойлго. Зүлэг ногоон дэвжээн дээрээ хүч тамираа үзэх тусгай дүрэмтэй хүмүүс, бид. Дүрмийнхээ хүрээнд ов мэх давамгайлсан тийм сайхан зоригтой, эрчтэй, гялалзсан сайхан барилдааныг үзүүлж ард түмнээ баярлуулаарай. Ард түмэн, төр засгийн эв нэгдлийг хангасан төрийн наадмаа сайхан чимээрэй. Бид тийм л үүрэгтэй хүмүүс шүү. Тэр л үүргээ биелүүлээрэй. Жижиг эрх ашгаа хамгаалж зөрчил тэмцэл гаргахгүй. Та бид чинь Чингис хаантай, Хамаг Монгол Улс, хаан төрөө байгуулсан түүхийн сайхан улбаатай. Түүнийгээ дээдэлж ард түмнээ баярлуулан цэнгүүлээрэй. Ер нь цаашдаа бол энэ Бөхийн холбоонд хуримтлагдсан хоцрогдлыг арилгана, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллана аа.

-Бөхийн энэ их хэрүүл өнөө жил л гарсан юм биш. Их дээр үеэсээ эхтэй, бүр хоёр Мөнхийн үед ч байсан гэдэг шүү дээ. Нөгөө талаар ийм их хэрүүл тэмцэл хурцадмал байдал нь эсрэгээр том шинэчлэл, өөрчлөлтийн өмнөх үе байх нь бий?

-Тийм байж болно. Мөнхбат, Баянмөнхийн үеэс эхэлж зөрчилдөөн гарсан уу гэвэл гарсаан. Тэр бол үнэн. Гэхдээ бид хоёрын хооронд биш. Үзэгчид олон түмэн бөхийн энэ зөрөлдөөнийг ашиглаад өөрсдийнхөө үзэл баримтлалыг шургуулах, илэрхийлэх тийм хэрэгслүүр болгон ашигласан. Бид хоёр бие бие рүүгээ хараад ам мурийж байсан удаа байхгүй. Үзэл бодлын зөрөлдөөнтэй хүмүүс л бид хоёрыг ашиглаж хоёр тал болгох нь болгосон. Гэхдээ ямар тал байсан бэ гэхээр 1:9 гэсэн тал байсан. Нэг гэдэг нь Баянмөнх, ес гэдэг нь бусад бөхчүүд. Ийм талцаан байсан юм. Сүүлийн үед тэр нь өөрчлөгдөөд Увсын бөхчүүд бас бусад бөхчүүд гэсэн талцаан болж байна. Уг нь энэ спорт үзэгчдийг ингэж талцуулж ийм болгож байх ёстой юм. Заримыг нь уйлуулж, заримыг нь баярлуулж сэтгэлийг нь хөдөлгөж, алжаасан биеийнх нь чилээ, оюуны гацааг тайлж өгөх ёстой юм. Энэ бол үүрэг нь. Гэхдээ үүнийг буруу ойлгож спортын тэмцэл болгож, улс төржүүлж, эрх мэдлийн ялгавар гаргаж байгаа нь буруу.

-Бөх гэж ямар хүнийг хэлдэг юм. А.Сүхбат аварга “Бөх бол төр” гэсэн нь их шуугиан тарьж “Ер нь энэ үндэсний бөх бидэнд ямар хэрэгтэй юм, ерөөсөө больчихвол яасан юм” гэсэн асуулт гарч ирсэн. Бид бөхтэй байвал ямар ашигтай юм, бөхгүй байвал юугаараа хохирох юм?

-Бөхийн барилдаан гэдэг энэ зүйл соёл юм уу, спорт юм уу, тоглоом ч юм уу. Энэ бол ганцхан хүнд биш, бүх амьд амьтанд байдаг юм. Хорхой шавьж хүртэл ноцолддог, бух мөргөлддөг, азарга ноцолддог, янгир, аргал, угалз бүгдээрээ л мөргөлддөг. Үүнийг судлаад үзэхээр бага насандаа баяр цэнгэлийн маягтай, наадах маягтай. Нас нь гүйцээд ирэхээр амьдралын эрх ашиг, сонирхлын зөрчил, тэмцэлдэх хэлбэртэй болдог. Энэ дээр би маш олон жишээ хэлж чадна. Бөх барилдах соёл гэдэг бол ганцхан хүнд байдаггүй. Хүний ертөнц яагаад буй болсон бэ гэвэл амьдралын эрх ашгаас үүссэн. Өөрөөр хэлбэл хээрийн зэрлэг араатан амьтантай тэмцэлдэх, тэднийг гэрийн тэжээмэл болгож ачлага, эдэлгээнд сургах, номхруулах, хашаа хороо барих, жин тээхэд бөхийн барилдааны чадварлаг, тэнхээтэй, бяртай хүмүүс нь оролцож манлайлах үүрэг гүйцэтгэж ард түмний шүтээн, бишрэл нь болсон. Энэ явцад монгол бөх бол Монголын ард түмний хүсэл мөрөөдөл, зан заншил, амьдрал ахуй, цаг уур, ёс заншил, шашин шүтлэг зэрэг үнэт зүйлүүдийг өөртөө агуулсан. Тийм учраас бөх бол Монголын ард түмний хэний ч оролцоогүйгээр өөрөө бүтээсэн аугаа соёл. Дэлхийн хүн төрөлхтний түүх, соёлын сан хөмрөгт оруулсан үнэт өв. Монголын ард түмний санаа сэтгэл, чадвар, мэдлэг бүхэн монгол бөхөд хуримтлагдсан. Тиймээс энэ бөх байхаас өөр арга байхгүй, байхгүй байх ямар ч үндэс байхгүй. Иймээс л баяр наадмын хөтөлбөрт ороод монгол бөх барилдаж, морь уралдуулж, сур харвадаг. Ингэж нааддаг улс дэлхийд байхгүй. Монголын ард түмний баяр наадам бол Монгол орныг даяарчлалын шуурганаас авч үлдэх цорын ганцхан ч хэлбэр байж магадгүй.

-Та 1988 оны улсын наадмын наймын даваанд аварга Б.Бат-Эрдэнэд даваагаа өгч дээшээ гаргаж дэмжиж байсныг бөх сонирхогчид мартаагүй. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аварга сүүлийн үед “Баянмөнх аваргын шахалтаар Гантогтоход унаж өгснөөс хойш миний хийморь доройтсон” гэх утгатай зүйлс ярих болсон нь зарим хүнд таагүй л сэтгэгдэл төрүүлэх шиг болсон?

-Би 1987 онд төрийн наадамд арав дахиа түрүүлсэн. Арав түрүүлснийхээ дараа зорилгодоо хүрсэн гэж санаа амарсан л даа. Тэр үед Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Д.Дашжамц гэж эрдэмтэн хүн байсан юм. Насаараа миний төлөө явсан, надад барилдах ухаан эрдэм бүгдийг зааж өгсөн, түүхийн багш хүн. Тэр хүн Хэнтий аймгийнх. Д.Дашжамц багш надаас гуйсан, арав түрүүлсний минь дараа. “Би бүх л насаараа чиний төлөө явлаа. Одоо манай нутгаас нэг бөх гарч ирлээ. Тэрийг чи дэмжиж өг” гэсэн. Тэгэхээр нь “Таныг бодоод би дэмжинэ ээ. Хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, таны хүсэлт байна, таны үгнээс гарах эрх надад байхгүй. Хоёрдугаарт, миний хойчийг залгамжлах аваргыг би дэмжинэ” гэж хэлээд 1988 оны наадамд шөвгийн дөрөвт үлдээд Б.Бат-Эрдэнийг авч давуулсан. Д.Дашжамц багш надаас гуйсан “Наймын давааг давмаар байна” гэж. Тэгэхэд би юу гэж хариулсан бэ гэхээр “За мэдлээ, багш аа. Таны үгийг би биелүүлнэ” гэсэн. Би арав түрүүлчихээд өвдөг шороодоогүй явсан юм шүү. Шөвгийн дөрөвт Д.Баяраа, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ гурав үлдсэн. Д.Баярааг аваад ноцолдох боломж байсан ч багшийнхаа захиасыг бодоод Б.Бат-Эрдэнийг аваад даваагаа өгсөн. Б.Бат-Эрдэнэ тэгж тэр жилээ түрүүлж аварга болсон юм.

Түүний дараа “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн барилдаанд 728 бөх барилдаад би үзүүрт үлдлээ. Би тэгэхэд 48 настай байсан. Гэтэл Б.Бат-Эрдэнэ надтай барилдаад дийлэхгүй, гар нь чичирсэн. Нэгдүгээрт, нутаг дээрээ барилдаад намайг унагавал дархан аварга болно, хоёрдугаарт, сургуульд байсан нутагт нь наадам болж байдаг. Ингээд энэ бүхнээс болоод биеэ бариад надтай барилдаж чадахгүй байсан даа. Цаг гаруй ноцолдоод намайг хаяж чадахгүй байсан. Б.Бат-Эрдэнэ чинь миний том хүүхэдтэй чацуу шүү дээ. Тэгэхэд би “Хүүхэдтэйгээ чацуу хүнтэй ингээд байх зөв ч юм уу даа” гэж бодоод “За, Бат-Эрдэнэ ээ, чи давах гээд байгаа бол дав дав. Дуртай барьцаа аваад намайг хая” гэсэн. Хоёр шуудагнаас аваад хаясан. Дараа нь микрофон өгөхөд уйлаад үг хэлж чадахгүй байсан. Би тэгэхэд баярлатал нь уйлуулсан юм байна гэж бодож билээ.

Тэгтэл тэр болсон явдлыг бүр эсрэгээр нь хөрвүүлж ярих боллоо. “Баянмөнх уйлаад гуйхаар нь хүүг нь авсан” гэж ярьж байна.

Хэрэв миний хүүд унаад хийморь нь доройтсон юм бол би арав түрүүлчихээд Б.Бат-Эрдэнэд унаад хийморь минь доройтсон байх. Б.Бат-Эрдэнэ долоогийн даваанд Гантогтохыг амалж авчихаад унаад хийморь нь доройтсон бол адилхан л хоёулаа хийморь нь доройтсон байх даа. Хоёрдугаарт, Б.Бат-Эрдэнэ Гантогтохыг наймын даваанд нэг авсан юм. Б.Бат-Эрдэнэ “Миний барилдаан ханалаа. Олимпт барилдана. Гэмтэл бэртэл авахгүй байх шаардлагатай байна. Зорилгодоо хүрчихлээ. Хэнийг авдаг юм бэ” гэхээр нь би дарамталсан. “Чи хэнийг авах тухайгаа надаас асууж яах юм. Гантогтохыг ав л даа. Чи надад нэг байтугай хоёрын өртэй хүн шүү. Миний үгийг сонсох ёстой хүн шүү” гэж дарамталж байгаад авахуулсан.

-Х.Баянмөнх аварга Б.Бат-Эрдэнэ аваргыг дарамталлаа гэж тэр жилийн наадмаар шуугьсан нь тэр байжээ?

-Тэгэхэд хажууд байсан сэтгүүлчид “Баянмөнх Бат-Эрдэнийг дарамталж байгаад хүүгээ авахууллаа” гэж бичиж байсан. Тэр үнэн. Гэтэл Б.Бат-Эрдэнэ одоо тэр тухай ярихдаа уйлж гуйгаад хүүгээ авахуулсан болгож ярьж байгаа байхгүй юу. Гэхдээ хүний нийгэмд амьдарч байна, хүмүүсийн дотор амьдарч байна. Хүн чинь үнэн худлыг эрт орой хэзээ нэгэн цагт мэднэ шүү дээ. Түүнийг мэдэж л ярих ёстой юм байгаа юм.

-Та нас өндөр ч гэлээ үзэл бодлоо хамгаалж, залуусаа эвлэрүүлчих гээд яваад байгаа тань нэг талаараа дархан аваргын үүрэг байх. Бөхийн өргөөнд асар их хэмжээний мөнгө эргэлддэг болохоор аваргууд булаацалдаад байгаа юм ч гэж ярих юм?

-Миний гол баримталж байгаа шугам бол би бөхөөр л амьсгалсан хүн. Миний амьдрал, миний түүх бүх юм бөх. Тийм учраас би эцсийн мөч хүртлээ бөхийнхөө төлөө үнэн шударга явах ёстой. Хүмүүс намайг гэртээ зүгээр тайван сууж бай гэж бодож байна. Бөх ийм маягтай байхад би тайван байхгүй. Гэртээ сууж байвал би шаналж л сууж байгаа. Харин би яваад үгээ хэлээд үзэл бодлоо зарлаад дээр доор явж байх нь миний жаргал. Түүнээс биш өөр надад мөнгө төгрөгний санаа байхгүй. Надад мөнгөний хэрэг ч байхгүй. Яагаад гэвэл би нас ахисан. Хоолоо иднэ, эмнэлэгтээ хэвтэнэ. Тэр мөнгөө төрөөсөө авчихдаг. Цаашид би цалин мөнгөтэй ажил юм уу, Бөхийн өргөөний тухай нэг ч ярихгүй. Харин монгол бөхийн барилдааныг энэ гажуудлаас гаргана. Яагаад гажуудсан юм бэ гэхээр монгол бөхийг мэддэггүй хүн Бөхийн холбоог удирдсан юм. Мэддэггүй хүний удирдсан тэр байгууллага мэдлэггүй л байдаг. Сүүлийн 16 жил нь хууль бус удирдсан. Хууль бус хүний удирдаж байгаа байгууллагын хүмүүс хууль бус л юм хийдэг. Энэ бүх хууль бус юм нь хуримтлагдчихаад байна. Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан хүн, УИХ-ын байнгын хорооны дарга байсан хүн, Батлан хамгаалахын сайд байсан хүн өнөөдөр төрийн бус байгууллагын тэргүүний төлөө улайрч байгаа нь илүү зан юм байгаа юм. Би бас өөрийгөө илүү зан гаргаж байгаа юм болов уу гэж бодсон чинь ингэхэд би хэд наслах юм бэ, үгээ бөхчүүддээ хэлж, бодож санаснаа хэрэгжүүлэхэд хугацаа тийм их байхгүй шүү дээ. Тийм учраас би өнөөдөр энэ бүхний төлөө л явж байна. Б.Бат-Эрдэнэд хэдэн ч удаа Бөхийн холбооны тэргүүн болох хугацаа үлдэж байна шүү дээ. Энэ бол шунаг зан. Өөрөө жудгийн талаар их ярьдаг мөртлөө жудаггүй зан гаргаад байгаа. Ер нь сүүлийн үед нэг юм их ажиглагдаад байгаа. Эх орны тухай их яриад байгаа хүн үнэхээр эх оронч байна уу, үгүй юу. Жудгийн тухай ярьдаг хүн жудагтай байна уу, үгүй юу. Аягүй бол өөрийнхөө муу үзлийг хамгаалах гэж тийм юм ярьдаг юм биш биз дээ гэж санахад хүргэж байна.

-Бөхийн өргөөгөөр чинь жилд хэдэн ч гэнэ үү, олон тэрбум төгрөг эргэлддэг болохоор ингээд тал талаас нь хэмлэлдээд байгаа юм биш үү?

-Тийм юм байхгүй. Тэр худлаа.

-Тэрбум тэрбумаар нь ашиг олдог гэх юм?

-Худлаа худлаа. Энэ бол том объект. Халуун дулааны асуудал, цахилгаан, ажилчдын цалин, завсар үйлчилгээ гэж бий. Ямартаа л 28 жил болоход бөхчүүдэд зориулж усанд орох ганц душ ч тавьчихгүй байна шүү дээ. Тийм байж бөхийн төлөө ажиллаж байна гэж хэлж болохгүй биз дээ. Тэр ясныхаа хөлсийг гаргаж байгаа бөхчүүд чинь усанд орж биеэ арчаад хувцасаа өмсөхийн оронд алчуураар л биеэ арчиж байна. 28 жил болоход ганц душ тавиагүйг нь харахаар нэг бол бөхөд огт сэтгэлгүй хүн, эсвэл Монгол бөхийн өргөө огт орлого, ашиггүй газар гэдэг нь харагдаж байна. Би бол тэр өргөөг ашигтай газар гэж үзэхгүй.

-Та сая Б.Бат-Эрдэнэ аваргыг энэ асуудалд орж байгаа нь илүү зан гэлээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат ч энэ асуудалд хүчтэй оролцож байгаа нь бас илүү зан байх, тийм ээ?

-А.Сүхбатын хувьд Б.Бат-Эрдэнээс ялгагдах нэг юм бий. Энэ бүх тэмцлийг чинь А.Сүхбат эхлүүлсэн шүү дээ. Гучин хэдхэн настайдаа зодог тайлж энэ тэмцлийг эхлүүлчихсэн байхгүй юу. Тэгээд тэр хүн эхлүүлсэн учраас явж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүд ТББ-ын ажилд оролцоод байх нь сайн зүйл биш. Б.Бат-Эрдэнэ А.Сүхбатыг дуурайгаад л энэ асуудалд орж байгаа юм байх гэж бодож байгаа шүү дээ. А.Сүхбат нь аль эрт тэмцлээ эхлүүлчихсэн байсан.

-Наадам эхэллээ. Наадмаар бүгд барилдана. Дараа нь яах вэ. Үргэлжлүүлж маргалдах нь ээ?

-Шүүхийн шийдвэрийн дагуу л байраа эзэлнэ. Өөр юм байхгүй. Бидний эв түнжин, найр өнгөрсөн. Хууль, шүүхийн шийдвэр л бүх юмыг заана. Өөр юмгүй.

-Бүхий л шатны шүүхийн шийдвэр танай талд гарч, нөгөө талын тамга тэмдэг бүх юм хууль бус гэдгийг нотолчихсон. Гэвч тэд байр сууриа хадгалсаар байна. Тэгэхээр та бүхний дараагийн гарц юу вэ?

-Төрийн захиргааны төв байгууллага Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам байна. Харьяа яам нь үүнийг шийдэх ёстой шүү. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас төрийнхөө үүргийг гүйцэтгээд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд үүрэгтэй оролцоно. Түүнээс биш төрийн байгууллага ТББ-ын дотоод хэрэгт оролцож байгаа юм биш. Тийм биш юм бол бид төрийн байгууллагад харьяалагдаад яах юм, бидний эрх ашгийг хамгаалахгүй юм бол, түүнийг зохицуулахгүй юм бол. Хувийн сургууль байгууллаа гээд Бөхийн холбоо шиг дураараа авирладаггүй. Төрийн захиргааны төв байгууллага, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарь зэргийг бүгдийг нь баталж өгдөг. Тэрэн шиг л Бөхийн өргөө яамандаа харьяалагдаж явдаг. Яам нь шийдийг нь гаргаж өгөх ёстой.

-Бөхчүүд нэг малгай дор, нэг холбоонд нэгдэж чаддаггүй юм бол хоёр тусдаа холбоо болоод салчихвал яадаг юм?

-Хоёр холбоо болж сална гэдэг маш буруу. Хүч нь тарамдаад үзэл санааны зөрчил үүсээд аягүй бол зөрөлдөөн тэмцэл улам ширүүснэ. Нэг холбоотой, нэг дүрэмтэй, нэг зүлэг ногоон дэвжээтэй байхдаа ийм их зөрчилдөөнтэй байгаа юм чинь хоёр холбоо болчихвол ёстой хачин юм болно. Монголын ард түмний сайхан соёлыг тэгж хувааж болохгүй. Би тэрний эсрэг байдаг хүн. Нэг л байх ёстой.

-Таны үзсэн наадмууд дундаас өнөө жилийнх шиг ийм хэрүүл уруултай болж байсан наадам бараг байхгүй байлгүй?

-Тийм наадмыг би санахгүй байна. Гэхдээ жижиг сажиг зөрөлдөөн байдаг. Тэрийг нь дүрмийн дагуу л шийдчихдэг. Хэн нэгэн хүн дураараа шийдэж болохгүй.

-Дээгүүрээ ингээд хуваагдчихаар бөхчүүдийн дотоод уур амьсгал ч өөрчлөгдөөд эхэлчихсэн байх даа?

-Барилдана гэдгээ тэд мэдэж байгаа. Бэлтгэлээ сайн хийж байгаа. Алдар цол, давааныхаа төлөө барилддаг журамтай. Тэр журмаараа явна. МҮБХ бусад спортын холбоо, дэлхийн холбоо, олимпийн их наадам бол нэг л юмыг чухал болгодог. Нэгдүгээрт тавьж хэрэгжүүлдэг ганц л юм бий. Тэр бол зөв шүүлт. Шүүлтийг дээд зэргээр шударга байлгах л гол зарчимтай. Тиймээс монгол бөхийн шүүлтийг маш чадварлаг болгох шаардлагатай байна. Настай хэдэн хүн суучихна, нүд нь харах, харахгүй байна. Хүний нүд шүүгчийн эрхийг хангахгүй шүү дээ. Нүд бол урдах замаа харна, эргэн тойрноо харна, хүнээ таних болохоос шүүхийн үүргийг гүйцэтгэж болохгүй. Тэгэхээр нүдээр харж шүүх үйл явцыг техник хэрэгслээр төлөөлүүлэх ёстой.

-МҮБХ-ны хэрүүл олон жил даамжирч сүүлдээ жирийн ард иргэд хүртэл энэ хэрүүл маргаанаас залхаж, тэрийг дагаж бөхийн нэр хүнд унаж байна?

-Надтай уулзсан хүмүүсийн ярианаас ерөнхийдөө тиймэрхүү зүйл анзаарагдаж байгаа. “Та нар энийгээ одоо эцэслээч ээ. Нэг тийшээ шийдээч ээ” гээд байгаа. Гэхдээ дэмжиж байгаа юм. “Хуулийн дагуу эрхээ эдлээд ажлаа хийгээч ээ” гэж над руу яриад байгаа. Хууль ёсных нь хүмүүс ажлаа хийх гэхээр өнөөдүүл нь хаалгаа түгжээд бичиг баримтаа аваад зодоон цохион болгох гээд байгаа юм чинь. Бидэнд хийх ажил маш их байна.

Ер нь бол бид хүний эрх нээгдсэн, хууль цаазат нийгмийн иргэд. Би Үндсэн хуулийг батлалцсан хүний хувьд ингэж тодорхойлсон. Нээгдсэн эрхтэй иргэн хүн хуульд захирагдах ёстой. Хууль бүгдийг нь зохицуулах үүрэгтэй. Тиймээс Монголын ард түмэн хөгжье, цэцэглэе, журамтай, дэгтэй байя аа гэвэл хуулиа л биелүүл. Энэ дэлхий дээр хуулиа чанга сахидаг орон л тэргүүний хөгжилтэй байна шүү дээ. Хятад, Америк, Герман, Япон, Солонгост хуулийг хэлүүлэлтгүй биелүүлдэг, хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй. Алх цохисон бол шүүхийн тэр шийдвэрийг шууд биелүүлж, хэрэгжүүлдэг. Ийм л байх хэрэгтэй. Ийм байвал улс орон хөгжинө. Зөрчил тэмцэл багасна. Хэмжээгүй эрх мэдэл хумигдана. Ингэж л улс орон цэцэглэн хөгждөг жамтай. Миний бодлоор Монгол Улсад хууль хэрэгжихгүй байна. Үүнээс болж маш их хохирол үзэж байна. Хэрвээ би төр засгийг удирдаж байсан бол Монгол Улсад Хууль хэрэгжүүлэх онц байдал зарлах байлаа. Тэгж байж бид хуулиа дээдэлдэг болно.

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *