Categories
гадаад мэдээ

М.Саакашвили дээврээс үсэрнэ гэж сүрдүүлжээт

Гүржийн Ерөнхийлөгч асан, Украины Одесс мужийн хуучин амбан захирагч, “Шинэ хүчний хөдөлгөөн”-ий удирдагч М.Саакашвилийг өчигдөр Украины нийслэл Киевт саатуулсан байна. Түүнийг баривчлахын тулд тус улсын Аюулгүй байдлын алба ба Ерөнхий прокурорын газар хамтарчээ. Украины парламент буюу Дээд Радын гишүүн В.Чумакийн мэдэгдсэнээр М.Саакашвилийг тусгай албаныхан саатуулахаар гэрт нь очих үед орцны үүдэнд дэмжигчид нь цугларсан байсан.

Тусгайгийнхан дотогш нэвтрэхэд тэд эсэргүүцэл үзүүлсэн аж. Тиймээс нэмэлт хүчин болох зуу орчим хүнийг илгээжээ. Үүний дараа дэмжигчид зай тавьж, тэд дотогш орсон гэнэ. Харин М.Саакашвили найман давхар байшингийнхаа дээвэр дээр гарч, “Ойртвол үсэрнэ” гэж сүрдүүлж байжээ. Түүнийг Костельный гудамжинд байрлах байрнаас нь саатуулж, микрод хүчээр суулгасан аж. Энэ үеэр тэрээр мөн эсэргүүцэл үзүүлж, “Энэ бол хууль бус ажиллагаа” гэж хэлж байжээ. Урьд нь Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд Одесс мужийн амбан захирагч асны гэрт нэгжлэг явуулсан. М.Саакашвилийг Украинд төрийн эргэлт хийхийг оролдсон, гэмт хэргийн бүлгийнхний хамсаатан, гэмт хэргүүдийг нь нуун дарагдуулсан гэх олон хэргээр буруутгаж байгаа юм. Түүний Украинд оршин суух хугацаа энэ сард дуусгавар болсон талаар мөн мэдээлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр М.Саакашвилийг гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээний дагуу Гүржид шилжүүлж өгч магадгүй гэжээ.
Мөн түүний Украины иргэншлийг урьд нь түдгэлзүүлж байсан удаатай. Тэрээр улс төрийн орогнол хүсч байсан ч Украины эрх баригчид татгалзсан хариу өгч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *