Categories
мэдээ нийгэм

Мянгат малчид хөдөө 10 мянган ажлын байр бий болгох санал гаргалаа

Хөдөө 10000 мянган ажлын байр бий болгох боломжийн талаар улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяр, “Алтан гэр” хөдөлмөрийн биржийн захирал П.Ариунаа, Төв аймгийн Баянчандмань сумын Монгол Улсын сайн малчин П.Олонбат, Төв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир нар мэдээлэл хийлээ. Тэд “Монголын маань мал сүрэг 61,5 сая билээ.Улс орны эдийн засаг хүндэрч, өр зээлэнд баригдаж, ард иргэд маань ажилгүйдэл ядууралд автаж байгаа энэ хүнд цаг үед мянгат малчид бид улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол малын мах, арьс шир, ноос ноолуурыг дэлхийн зах зээлд сонирхож байна. Арабууд хонь, япончууд адуу, вьетнамчууд ямаа, орос, хятадууд үхэр, хонийг их хэмжээгээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Гэтэл эрэлт хэрэгцээг хангах мах, үйлдвэрлэл, хүчин чадал бидэнд алга байна. Бидэнд энэ ажлыг дэмжих, оролцох хүсэл зориг байна. Улаанбаатар хотод байгаа ажилгүй, амьдралын хүнд нөхцөлд байгаа айл өрхүүдээс мянгат малчин айл бүр нэгээс хоёр айлыг хариуцаж авахыг уриалж байна. Арван мянган ажлын байр бий болгох хөдөлгөөн, “Сэтгэлтэй ажилтан” хөтөлбөртэй хамтран ажиллаж хөдөө орон нутагт ажиллах хүсэл зорилготой хүмүүсийн бүртгэлийг эхлүүлсэн” гэв.

Мянгат малчин Д.Гомбо-Очироос энэ талаар тодруулаа.

-Мянгат малчиддаа та бүхэн уриалж байна. Энэ ажлыг та өөрийн хотондоо хэрэгжүүлсэн үү?

-Хэрэгжүүлж байсан туршлага надад бий. Арваад залуу айлыг дэмжиж байсан. Өмч хувьчлалаар үйлдвэрийн хэрэгсэлээсээ салсан хүмүүсийг дэргэдээ авч, малжуулсан. Одоо тэдэн дундаас мянгат малчин болсон айл ч байгаа.

-Мал маллая гээд зориод ирж байгаа хүмүүст хэдэн төгрөгний цалин, хангамж олгох вэ?

-Бид сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнээс багагүй цалин өгье. Малжуулах боломж ч байгаа. Хоол хүнс, унаа, хүүхдийн сургалтын төлбөр зэргийг нь бүрэн даая. Хэдэн жилийн дараа Улаанбаатар хотод орон сууцжуулах боломж ч харагдаж байна. Энэ талаараа гэрээ хэлэлцээр байгуулаад түүнийгээ батлуулаад хамтарч ажиллах юм.

-Нэг мянгат малчин айлд хэдэн туслах малчин хэрэгтэй байдаг вэ?

-Социализмын үед бол нэг өрх айл төчнөөн мал хариулна гэж хуваариладаг байсан. Одоо бол хоёр, гурван мянган малаа хоёулаа хариулаад явж байгаа олон мянгат малчин байна. Ер нь бол нэг мянгат малчин айлд хамжаа нэг өрх гэр заавал шаардлагатай байдаг. Хөдөө айлын мал маллахыг айлын зарц гэж зарим нь боддог. Тийм юм байхгүй. Зуучлалаар ажлын байранд очоод, гэрээ хийгээд ажиллаж байна гэсэн үг.

-Та сая гэрээ гэлээ. Та нар малчидтайгаа гэрээ хийж ажлуулах уу?

-Тэгэлгүй яахав. Гурвалсан гэрээ хийдэг. Энэ гэрээнд тухайн хүний ёс суртахуун, газар нутагтайгаа яаж харьцах, юу хийх , яахав гэх мэт зүйлүүд заасан байгаа. Ирж ажиллах хүмүүс маань гэрээт малчин гэсэн үг. Хэзээ, хаанаас ирэх нь мэдэгдэхгүй гадаадын хөрөнгө оруулагчдаас аврал горьдож суухаар элэг нэгт ахан дүүсээ, малчдаа, мал сүргээ дэмжиж, эргэлтэнд оруулж, ажилгүйдэл ядуурлаа бууруулах, улс орныхоо эдийн засгийг өөд татах талаар бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллая, зүтгэе гэв.

Дашрамд дуулгахад уг ажилд “Алтан гэр” хөдөлмөрийн биржээр дамжуулан бүртгүүлэх бөгөөд уг хөдөлмөрийн бирж нь Улаанбаатар их дэлгүүрийн замын хойно “Peace tower”-ийн 12 давхарт 1207 тоотод байрладаг аж.

Б.ҮРЖИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *