Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын уран зохиолч Д.Цоодол: Баяр баярын дундаас номын баяр л сайхан санагддаг

Өнөөдөр Сүхбаатарын талбайд номын 5-90 хувийн хямдралтай худалдаа “Номын баярын өдөр”-ийн хүрээнд болж байна. Энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг номын баярт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан, хэвлэлийн газраас бүрдсэн 70 гаруй байгууллага оролцож байна. Энэхүү баярт зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, төрөлжсөн үзэсгэлэн, явуулын номын санг үзэхээс гадна гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлагад оролцох боломжтой юм. Зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд “Манай баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирж зохиолч, уран бүтээлчидтэй уулзана гэдгээ мэдэгдсэн. Оролцогчид маань ерөнхийлөгчид уламжлах санаагаа бэлдээд, хүлээж байна. Номын салбарт хөгжил хэрэгтэй байгаа. Тухайлбал татвараас чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгвэл номын үнэ илүү хямдарч, эрх зүйн орчин сайжирна. Татвараас чөлөөлөөд, цэгцлээд өгчихвөл номын агуулгад анхаарал тавих, хариуцлага шаардах боломжтой болно” гэв. “Номын баярын өдөр” өнөөдөр 19.00 цаг хүртэл, маргааш 10.00-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үргэлжилэх юм.

Төв талбайн урд дөрвөлжлөн барьсан цагаан асрууд дотор дээрх албан байгууллага, хувь хүмүүс, зохиолчид өөрийн хуучин болоод шинэ номоо худалдаанд гаргаж байв. Иргэд ч энэхүү арга хэмжээнд өргөнөөр оролцож байгаа нь асар бүрт ном сонирхон унших битүү хүмүүсээс ажиглагдаж байлаа.

Г.Эрдэнэбат: ТАНЫ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙН ХУВЬ ЗАЯА, САЙН САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖ НЬ УНШСАН НОМООР ТОДОРХОЙЛОГДОНО

Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатаас “Номын баярын өдөр”-ийн талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Өнөөдөр их сайхан өдөр байна. Энэхүү номын баярыг сар бүр зохион байгуулж баймаар санагдлаа. Энэ бол нийгмийг соён гэгээрүүлэх маш зөв бодлого. Цаашдаа цар хүрээ нь өргөжиж, улам өргөн хүрээнд, бүх нийтийг хамарсан үйл явдал болоосой хэмээн бодож байна. Маргааш ч үргэлжлэх юм байна. Ер нь хүүхэд, залуучуудыг ном уншуулах гэж битгий албад гэж хэлмээр байна. Сургууль, гэрийн орчинд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар ном унших ёстой, заавал унш хэмээн тулгаж, албадан уншуулдаг. Энэ бол их буруу. Харин гэр, сургуулийн орчинд тухайн хүүхдэд унших ёстой, мэдэх ёстой номуудыг нь нүдэнд нь байнга өртүүлж, харагдуулах хэрэгтэй. Номыг хүн дурлаж, уншдаг болохоос албадлагаар унших ёсгүй. Мөн сургуулийн багш нар, эцэг, эхчүүд ном уншдаг хүүхдийг шагнаж, сэтгэлийн урам өгж, урамшуулж байвал их зүгээр. Таны хүүхдийн ирээдүйн хувь заяа, сайн сайхан амьдрах боломж нь уншсан номоор хэмжигдэнэ шүү” хэмээв.

Ардын уран зохиолч Тангадын Галсан: АЛИВАА УЛС,
ГҮРНИЙ МАНДАН ХӨГЖИХ, БУУРАН ДОРОЙТОХЫГ НОМООР ШИНЖИЖ БОЛДОГ

Мөн энэ үеэр “Номын баяр”-т зориулсан урлагийн тоглолт болсон билээ. Энэхүү тоглолтыг үзэн сонирхож буй ардын уран зохиолч Тангадын Галсан гуайн сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Аливаа улс, гүрний мандан хөгжих, бууран доройтохыг номоор шинжиж болдог. ЗХУ бутарсны дараа хуучин Сталинград өнөөгийн Болгарт очиход ард түмнийх нь амьдрал их л доройтсон байлаа. Оюун ухаан хаана байна тэр улс л манддаг. Манайх оюун байхгүй толгой учир “Оюу толгой”-г, тархи байхгүй толгой учир “Тавантолгой”-гоо алдсан. Хүмүүс ялгардаг болчихжээ. Нэг хэсэг нь номоор амьдарч, нөгөө хэсэг нь нам хөөцөлдөг болж. Гэхдээ өнөөдөр номын баяр хийж байгаа учраас миний Монгол сайхан мандан цэцэглэх нь гэж бодож сууна даа.

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол: Баяр баярын дундаас номын баяр л их сайхан санагддаг

Энэхүү номын баярт “Өдрийн сонин”-ынхон өргөнөөр оролцож, сэтгүүлч нар ном, товхимлоо дэлгэлээ. Тухайлбал, “Өдрийн сонин”-ы албаны дарга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын Гантулгын “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана”, сэтгүүлч Д.Гансаруулын “Цоохор майлзын түүх” хэмээх яруу найргийн ном, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьяны “Сөрөг”, “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” хэмээх номуудыг эндээс худалдан авах боломжтой. Түүнчлэн нэрт нийтлэлч Ж.Гангаа агсны “Цагаан гэгээ” хэмээх уран бүтээлийг эндээс аваарай. “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэнгийн “Барын зулзага бамбар буюу амьтдын тухай өгүүллэгүүд” хэмээх номыг жил бүр энэхүү баярын үеэр уншигчид эрж, хайсаар манай сонины асарт ирдэг билээ.

“Өдрийн сонин”-ыхон энэ үеэр шинэхэн дугаараа уншигчдадаа үнэгүй тараадаг уламжлалтай. Энэ өдөр ч гэсэн ном, сониноо өрж амжаагүй байтал сонины шинэхэн дугаарыг унших гэсэн уншигчид цугларч байлаа. Энэ үеэр манай сонины асарт Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай морилон саатсан юм. Манай сонины байнгын уншигч эл эрхэм хүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу, та. Сайхан намаржиж байна уу. Өнөөдрийн энэхүү номын баярын талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өнөөдрийн энэхүү номын баяр сайхан болж байна. Уншигчид маань ч их ирсэн нь харагдлаа. Ахмад зохиолчтойгоо уулздаг болохоор ч тэр үү, ер нь ховордсон зүйл хүнд сайхан санагддаг болохоор баяр баярын дундаас “Номын баяр” л их сайхан санагддаг юм. Би хөдөөнөөс жил бүр найз нөхөдтэйгээ уулзахаар энэхүү баярт ирдэг юм.

-Өнөөдөр дулаахан сайхан өдөр байна. Номын баярт ирсэн хүмүүсийг ажиглахад бүгд л нүүрний баясгалантай, мишээн алхаж байна. Ном гэдэг үнэхээр гэгээлэг зүйл юм аа?

-Тэгэлгүй дээ. Ном бол хүнд мэдлэг өгөхөөс илүүтэй хүний ёс суртахуун, хүмүүжлийг суулгаж өгдөг, цаасан эцэг, эх юм шүү дээ. Өнөөдөр сайхан өдөр байна. Энэ номын баярыг цаашид улам өргөжүүлж хүн бүр үүнд оролцдог болоосой. Энэ баярт зохиолч бүр өөрийн гэсэн уран бүтээлээ танилцуулж ард иргэддээ хүргэдэг. Зохиолчид хоосон ирдэггүй л дээ. Өмнөх номын баярт ирэхэд манай Д.Цэнджав, Г.Аким, Г.Мэнд-Ооёо хэмээх зохиолчдын номыг эрж хайдаг хүмүүс их ирчихсэн л байсан.

-Номын баяр зохион байгуулж байгаа нь жинхэнэ утгаараа Аз жаргалтай Улаанбаатар гэдэг нь юм биш үү?

-Энэхүү номын худалдааг цаашлаад номын наадам болох юм билээ гэж улсууд ярьж байна лээ. “Аз жаргалтай Улаанбаатар”-ын бас нэгэн уур амьсгал энэ өдөр өрнөж байна л даа.

-Өнөөгийн нийгэмд интернет сүлжээг өргөнөөр ашиглаж байгаа болохоор ном унших залуучууд ховордсон хэмээн ярьдаг. Таны бодлоор залуучууд хэр их ном уншиж байна вэ?

-Зарим хүмүүс “Ном уншихаа больсон шүү дээ. Та нар минь ном бичих хэрэг байна уу даа” гэж ярьдаг. Өнөөгийн залуучууд, хүмүүс ном уншихгүй байгаа гэдэг бол худлаа. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Яахав интернет, фэйсфүүк гээд олон зүйл байгаа ч ном бол хэзээ ч хоцрогдохгүй, мэдлэгийн үнэт уурхай. Хүмүүс номоо уншсаар л байгаа. Номтойгоо үлдсэн хүн их олон шүү. Тийм болохоор бид энэхүү арга хэмжээ, баярт нь оролцдог байлгүй. Манайх ч эндээс жоохон зайтай л даа. Бяцхан хөдөө маягийн газарт амьдардаг юм. Бэлх, хуучин Сэлбэ шүү дээ. Манай тэнд одоогоор номын үйлчилгээ байхгүй байгаа. Тэгэхээр тийм газраас над шиг нас өндөрт гарсан зохиолч энэхүү баярт оролцох гээд, хэдэн өвгөн нөхөдтэйгээ уулзах гээд ирж байгаа нь яриа юу байхав.

-Таны хувьд энэхүү номын баярт зориулан ямар ном, уран бүтээлийнхээ дээжээс уншигч түмэндээ дэлгэх гэж байна вэ?

-Би энэ хавар нэг ном гаргасан юм. “Олон улсын зохиолчдын түүвэр” хэмээх номоо бэлэглэж номын баярт оролцож байгаа. Энэхүү номонд маань арван хэдэн орны гучаад зохиолчдын жар гаруй уран бүтээлийн дээжис орсон, ийм бүтээл л дээ. Би ямар зарж, чадах биш, хүмүүст бэлэглээд одоо бараг дуусч байна даа.

-Таны сүүлийн үеийн уран бүтээл юу байна вэ?

-Өвгөн болсон ч яс, махтай минь хамт юм бичих сонирхол төрчихсөн болохоор үүнийгээ орхиж чадахгүй л байна. Улам л бичмээр санагдах юм. Гэхдээ аргагүй л дээ. Миний мэдэх, хийж чадах л зүйл тэр юм чинь өөр юу хийх билээ. Би нутгийнхаа тухай юм бичих дуртай. Тийм болохоор төрж, өссөн нутаг Бүрэнгийнхээ тухай “Талын булгийн Вант улс” хэмээх номоо бичиж дуусгасан. Одоогоор хэвлэгдээгүй ч, мөдхөн хэвлэгдэх байх аа. Тэр номоороо дараа уулзах байхаа.

-Маргааш энэхүү баяр үргэлжлэн явагдана. Таны хувьд маргааш хүрэлцэн ирэх үү?

-За даа хэлж мэдэхгүй юм. Нөхцөл байдлаасаа л болно доо. “Бяцхан” хөдөө байгаа хүн чинь байдлаасаа л болъё. Өчигдөр орой энэ баярт ирж чадахгүй байх гэж бодож байсан л даа. Тэгсэн өглөө нар тал мандаад, дулаарчихсан байхаар нь хүрээд ирлээ. Тийм болохоор маргааш байдлаасаа л болно доо.

Э.МӨНХТҮВШИН

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *