Categories
мэдээ нийгэм

Эгч дүүсийн хүүхдүүд хамт амиа хорлохоор өндрөөс үсэрчээ

Өсвөр насны хоёр охин орон сууцны дээврээс амиа хорлохоор үсэрсэн аймшигт хэрэг өчигдөр боллоо. Тодруулбал, энэ явдал Эрдэнэт хотод өчигдөр болсон бөгөөд өсвөр насны хоёр охин амиа хорлохоор орон сууцны дээврээс үсэрчээ. Эрдэнэт хотын Баянбулаг баг, Дөрөвдүгээр микрийн 12 дугаар байрны дээвэр дээрээс охид үсэрсэн байна. Гэхдээ охид амьд үлдсэн боловч нэг нь эмнэлэгт хүргэгдээд 16.00 цагийн орчимд амьсгал хураасан гэх мэдээлэл байна. Харин үлдсэн охины амийг аврахаар эмч нар шаардлагатай гэсэн эмчилгээг яаралтай хийж байгаа бололтой. Охидын есөн давхар орон сууцны дээврээс хөтөлцөж байгаад хамт үсэрч буй бичлэг цахим сүлжээнд цацагдаж олон нийтийг нэлээд сэрдхийлгэв.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа.


-Эрдэнэт хотод аймшигтай хэрэг боллоо. Олон нийтийн сүлжээгээр энэ тухай л ярьж байна. Амьд үлдсэн охины биеийн байдал хэр байгаа бол?

-Үнэхээр харамсалтай хэрэг гарлаа. Өсвөр насны хоёр охин есөн давхраас үсэрсэн байсан. Нэг нь нас барсан. Нэг нь харин амьд үлдсэн. Одоогоор эмнэлгийнхэн охины амийг аврахын тулд бүхий л чадлаараа хичээж байгаа. Биеийн байдал маш хүнд байгаа. Тэр өндрөөс үсэрсэн юм чинь ямар гэмтэл авах нь ойлгомжтой шүү дээ.

-Охид нэг ангийнхан гэх мэдээлэл байна?

-Нэг анги бол биш. Эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Нэг нь 1998 онд төрсөн. Нөгөө нь 2000 онд төрсөн юм байна.

-Охид юунаас болж ийм болчимгүй алхам хийчихэв ээ?

-Үүнийг бид одоогоор хэлж мэдэхгүй шүү дээ. Харьяа цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн. Гэр бүлийнхнийг нь тогтоож, байцаалт авч шалгалт хийж улмаар юунаас болж охид ийм байдалд хүрсэн гэдгийг тогтоох байх.

-Сүүлийн үед өсвөр насныхны дунд амиа хорлоход нөлөөлдөг шашны урсгал, янз бүрийн цахим сүлжээг ярих болсон. Үүнтэй холбоотой юм болов уу?

-Ямар ч байсан шашин бол биш гэсэн. Ар гэр, хайр дурлалын асуудал байсныг үгүйсгэхгүй шүү дээ. Бичлэгээс та бүхэн харсан байлгүй. Аймшигтай дүр зураг олон нийтийг цочроож байна.Тиймээс иргэд олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийг сэрдхийлгэсэн зураг, бичлэг, мэдээ, мэдээлэл түгээхээс татгалзах хэрэгтэй. Үүнийг хуулиндаа хориглосон байдаг гэдгийг иргэд мэдэхэд илүүдэхгүй. Учир нь гэмт хэрэг, амиа хорлолттой холбоотой мэдээллийг нийгэмд түгээснээр үзэл бодол төлөвшөөгүй хүүхэд залууст буруу үлгэр дууриалал болох муу үр дагавар гарахыг үгүйсгэхгүй юм.

Энэхүү аймшигт хэргийн тухай яриа Эрдэнэт хотод нэлээд газар авсан байна. Зарим иргэдийн хэлснээр бол Онцгой байдлын аврагчид ирсэн байсан хэдий ч амийг нь аварч чадаагүй гэх. Нэгэн иргэнээс энэ талаар товчхон тодруулсан юм.


-Та охидыг үсэрч байхыг харсан гэсэн үү?

-Бурхан минь ямар аймшигтай зүйл болсон гэж бодно. Хүмүүс хашгиралдаад явчихаар нь хартал хоёр хүүхэд газар унасан байсан. Үнэхээр нүд хальтирмаар.Азаар нэг нь амьд гарсан гэж дуулсан.

-Охидыг аврагчид аврах боломж байгаагүй юм болов уу?

-Тэнд байсан хүмүүсийн ярианаас сонсоход хоёр охин байр руу орж харагдсан гэсэн. Төд удалгүй дээвэр дээр гар гараасаа хөтлөлцөөд зогсч байсан юм билээ. Тэгээд хүмүүс ч “Хүүе” гэхийн зуургүй шууд үсэрчихсэн байсан. Яах ийхийн зуургүй л болсон байсан. Тэрнээс тэнд удаан зогссон бол хүмүүс хориглож, сатааруулж хэсэг цаг авна шүү дээ. Уг нь хүмүүс хараад л дуудлага өгсөн байсан.

-Та охидыг таних уу?

-Сайн танихгүй ээ. Хамаатны хүүхдүүд юм гэсэн ш дээ. Яахаараа тийм сайхан том болсон охид амиа хорлох тухай боддог байнаа. Одоо чинь үр хүүхдүүдийнхээ араас цаг ямагт анхаарал тавьж, хаана, хэнтэй нөхөрлөж байгааг мэдэж байхгүй бол их хэцүү болж.

Ямартай ч дээрх охид юунаас болж ийм үйлдэл хийснийг цагдаагийнхан тогтоох биз. Гэвч өсвөр насны хүүхдүүд нэг нэгнийгээ уруу татаж амиа хорлосон тохиолдол зөвхөн үүгээр зогсохгүй. Хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард ”Tuul one” хотхоноос төгсөх ангийн хоёр охин хамт үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс гэмт хэрэг, амиа хорлолтын талаар бичлэг зэргийг олон нийтийн сүлжээгээр цацахгүй байхыг анхааруулж байна.

Д.СҮРЭН

Эх сурвалж: Өдрийн сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *