Categories
мэдээ цаг-үе

Т.Хүрэлбат: Үнэхээр л хэргийг эдгээр хүмүүс үйлдсэн юм бол захиалагч нь хэн юм бэ

“Өдрийн сонин”-ы 2017.08.07 Даваа гаригийн 167 (5734) дугаараас авч нийтлэв.

-Б.СОДНОМДАРЖАА, Ц.АМГАЛАНБААТАР, Т.ЧИМГЭЭ НАРЫГ С.ЗОРИГ АГСНЫГ ХӨНӨӨСӨН ГЭЖ ҮЗЭН 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд болж өнгөрлөө.

Шүүх хуралдаанд ерөнхий шүүгчээр Ц.Зориг, шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн, Б.Цогт, Б.Батцэрэн,Ч.Хосбаяр нар, улсын яллагчаар Г.Эрдэнэбат оролцлоо. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн хаалттай үргэлжлүүлсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу наймдугаар сарын 4ний өдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар, Т.Чимгээ нарыг бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар УИХ-ын гишүүн, дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг санаатай алсан гэж үзсэн. Улмаар Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил хорих ял оноосон.

Тэгвэл Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жил хорих ял оногдуулжээ. Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын зарим үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хурал болохын өмнө нээлттэй явуулна гэсэн сураг гарсан байсан. Энэ сургаар шүүгдэгч нарын гэр бүлийнхэн нь Дээд шүүхийн байранд 09.00 цагт орж ирсэн боловч хаалттай хурал болсон тул тэднийг оруулаагүй юм. Тэд шүүх хурал дуустал гадаа хүлээсэн бөгөөд хаалттай шүүх хуралдааны эцсийн шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн тэд хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдлээ. Харин хохирогчийн талаас ямар нэгэн хариулт авч чадсангүй. С.Зориг агсны төрсөн ах С.Баяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Шүүх хурал хаалттай болж байгаа цагт бид гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Төр нийгмийн зүтгэлтэний амийг хэн хөнөөсөн, хэрэг яаж шийдэгдэхийг бид гэлтгүй ард түмэн сонирхож, үнэнийг мэдэхийг хүсч байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.

Ингээд яллагдагч Б.Содномдаржаагийн дүү Б.Бямбадуламтай цөөн хором ярилцсан юм.

-Шүүхийн шийдвэр гарчихлаа. Ах тань 20 жилийн ял сонслоо. Энэ шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Маш их гомдолтой байна. Бүх юм хуурамч. Дээд шүүхийн шүүгч нар нь хүртэл хуурамч, жүжигчид байдаг юм байна. Ёстой хүмүүсийн хэлдгээр анхнаасаа дуустал хуурамч жүжиг байлаа.

-Шүүх хуралдаан хаалттай болсон. Өмгөөлөгч нараас дотор юу болсон талаар асууж амжив уу?

-Бид энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй явуулах нь гэж баярлаж байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Өмгөөлөгчийн хэлснээр бол шүүгчид хэргийн талаар асуух ёстой зүйлээ асуухгүй тойруулаад, хэргийн талаар юм ярихаар бараг тоож авч хэлэлцэхгүй байсан гэсэн. Гадаа байгаа бид дотор юу болж байгааг мэдэхгүй шүү дээ. одоо бидэнд ганц л хандах хүн үлдлээ.

-Хэнд?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандана гэж бодож байна. Сүүлийн шүүх хурал шийдвэрээ гаргасан учраас бидэнд одоо өөр арга үнэндээ үлдсэнгүй.

-Танай гэрийнхэн Б.Содномдаржаатай уулзсан гэж байсан?

-Шүүх хурал болохоос арваад хоногийн өмнө ээж маань ахтай очиж уулзсан. Царай зүс алдаад зөндөө турчихсан байна гэсэн. Бараг 17 хоног элдвээр дарамталж, тамалсан гэж ээжид хэлсэн байна лээ. “Хэрвээ эхнэр хүүхдээ, гэр бүлээ элэг бүтэн амьдраасай гэж хүсч байгаа бол тухайн өдөр гадаа нь зогсч байсан гэж хэл” гээд хэрэг тулгасан гэсэн. Сүүлдээ өөрөө хүний амь хөнөөхөд оролцсон гэж хүлээ гэж дарамталсан гэсэн. Хөөрхий хэдий зодож, нүдүүлж, дарамталсан ч энэ удаагийн шүүх хурал нааштайгаар эргэнэ байх гэж ээжтэй ярьсан байсан.

-Гэхдээ ах тань анх С.Зориг агсны амийг хөнөөхөд оролцсон гэж мэдүүлж байсан шүү дээ?

-Миний ах анхнаасаа л тоглоом аятай хүний заавраар хөдөлж ирж. Юу гэж хэлж, яана гэж айлгаж тэр бүхнийг хэлүүлснийг бид мэдэхгүй ш дээ. гэхдээ анхан шатны шүүх хурлын дараа ах “Би худлаа ярьсан” гэдгээ бүтэн 30 минут ярьсан гэсэн. Бас хоригдож байх хугацаандаа буруугүй гэдгээ нотлохын тулд өчнөөн хуудас өргөдөл бичсэн гэсэн. гэвч нэг ч өргөдөл нь хүрэх газраа хүрээгүй, ядаж л өмгөөлөгчид нь ирээгүй. Юу ч яриад нэмэргүй байж. Цорын ганц гэрч гэх Булган гээд эмэгтэй хүртэл хараад ахыг минь биш, огт хараагүй хүн гэж хэлсэн байсан шүү дээ. Ерөөсөө л энэ шүүх хурал булхайтай эхэлсэн зүйлээ нуух гэж, эцэстээ энэ хүмүүст бурууг тохсон чигээр үлдчихлээ гэв.

Мөн яллагдагч Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх шийдвэрээ гаргалаа. Харин энэ шийдвэрт та нар нэлээд гомдолтой байх шиг байна. Яагаад?

-Үнэхээр энэ хэрэгт миний дүү гар бие оролцоод үйлдсэн бол бид өнөөдөр дуугарах ч эрхгүй байх байсан. Харамсалтай нь энэ хэргийн бурууг хэн нэгэнд тохохын тулд зохион байгуулалттай жүжиг тавьж, буруугүй хүмүүсийг гүтгэж санаатайгаар хэрэг тулгаж байна. Эцэстээ захиалагчгүй хэрэг боллоо. үнэхээр л ийм ноцтой хэргийг эдгээр хүмүүс үйлдсэн юм бол ар захиалагчийг нь олох ёстой шүү дээ. өмнөх шатны шүүх хурлуудаас С.Зориг агсны гэргий Булганыг гэрч биш гэж үзсэн. Тэгсэн атлаа Булганы ярьснаар, сэжигтнүүдийн ам зургийг гаргах нь буруу. Түүнчлэн сэжигтнүүд тухайн үед хөдөө байсныг нотлох олон баримт бий. Миний дүү Т.Чимгээ тухайн үед гурван хүүхдээ хараад хөдөө байсан нь түүний хүүхдүүдийн хичээлийн ирцийн дэвтрээр нотлогддог.

Тийм учраас гомдолтой байна. үнэндээ ямар ч гарцгүй болгочихлоо шүү дээ.

-Шүүх хурлыг нээлттэй хийсэн бол арай өөр шийдвэр гарах байсан гэж үү?

-Шүүх хурлыг нээлттэй явуулаач ээ гэсэн ганцхан зүйлийг л бид хүссэн. Хохирогчийн тал хүртэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол оролцохгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Хохирогч тал хүртэл шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хүсэлт гаргаад байхад, оролцохгүй байхад Дээд шүүх шууд хуралдаад ялын тогтоол үйлдчихэж байгаа юм. Төр засаг ямар аймаар болчихсон юм бэ. Хууль, дүрэм журмын дагуу үйлчилдэг, шүүх үнэн мөнийг тогтоодог байгууллага биш болж. Зүгээр л хурдхан нэг тийш нь болгоё гэж хаалттай хурлыг явуулаад шийдвэрээ гаргачихлаа. Шүүх хурлын өмнө ээж, нөхөр хоёр нь Чимгээтэй очиж уулзсан. Ерөөсөө байнгын сэтгэл санааны дарамтад байдаг гэсэн. Тийм газар ямар л олиг байхав. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг л юм болж байна. Тиймээс шинэ гарсан Ерөнхийлөгчид л хандаж нэг үзье гэж бодож байна.

Д.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *