Categories
мэдээ спорт

Манай улсаас анх удаа таеквондогийн спортоор Гранпри тэмцээнд оролцох эрхтэй боллоо

Манай улс дэлхийд бокс, жудо, чөлөөт, сумо болоод оюуны бүх төрлийн спортоор нэлээдгүй өндөр ажилт гарган оролцдог билээ. Харин сүүлийн жилүүдэд буюу өнгөрсөн “Рио-2016”-оос эхлэн таеквондогийн спортоор амжилт гаргах болсон билээ. Энэхүү спорт манай улсад хурдацтай хөгжиж, тамирчдын техник, ур чадвар богино хугацаанд өсөж байна. Үүний нэг жишээ нь Үндэсний шигшээ багийн гишүүн, “Алдар” спорт хорооны таеквондогийн тамирчин Моломын Түмэнбаяр саяхан болсон ДАШТ-ний шагналт V байрт шалгарч, БНСУ-д зохиогдсон “Коrea open” тэмцээнд аваргалж, шилдэг тамирчин боллоо.

Тэрбээр Дэлхийн таеквондогийн холбооны энэ сарын Дэлхийн чансааны 54кг, 58кг жингийн тамирчдын амжилтыг нэгтгэн гаргасан олимпийн чансааны 58кг жинд 1408 тамирчнаас 28 дугаарт эрэмблэгджээ. Өмнө манай улсад энэ төрлийн спортоор ийм өндөр амжилт гаргаж байсан удаагүй билээ. Мөн М.Түмэнбаяр олимпийн жиндээ шилдэг 32-т багтаж, Гранпри тэмцээнд оролцох эрхээ авсан анхны Монгол тамирчин болов.

Таеквондогийн спортын онцлог нь Олимпийн чансааны эхний 32-т багтсан шилдэг тамирчид л Гранпри ангиллын тэмцээнд өрсөлддөг ажээ. Олимпийн чансааны эхний VI эрэмблэгдсэн тамирчид Олимпийн наадамд оролцох эрхийг шууд авдаг бөгөөд бусад тамирчид тухайн тивийнхээ олимпийн эрхийн төлөө тэмцээнд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэнээр оролцох эрхээ авдаг шалгуур өндөртэй спортын төрөл юм.

М.Түмэнбаяр нь ирэх сарын 22-24-ний өдрүүдэд Морокко улсад зохион байгуулагдах “Rabat 2017 World Taekwondo Grand Prix” тэмцээнд оролцох урилгаа гардан авчээ.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *