Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж долдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим Бүжгийн Их Сургууль (Консерватор) боллоо. Сургуулийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчинд тулгуурлан энэхүү шийдвэрийг гаргасан байна. Монголын урлагийн ууган сургууль 80 жилийн ойн босгон дээрээ ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх статустай болло.
Хөгжим бүжгийн коллеж 20 орчим жил консерватор болох хүсэлтээ үе, үеийн Засгийн газар, сайд нарт уламжилж ирсэн ч бодит ажил хэрэг болгож чадаагүй аж. Харин тэдний энэхүү хүсэл ийнхүү биеллээ олсон байна.
С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж нь 1937 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагдаж байжээ.
Улмаар хэд, хэдэн удаа нэрээ өөрчилсний эцэст Монгол Улсын Гэгээрлийн яамны сайдын 1996 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн №126 тоот тушаалаар “Хөгжим Бүжгийн Коллеж” хэмээн нэрлэгдсэн байна.