Categories
мэдээ нийгэм

Ардын экспертүүдийн Ерөнхийлөгчид тавьсан дүнг нэгтгэж байна

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд “Чингис” зочид буудалд зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо. Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлсэн энэ удаагийн хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд гадаад бодлого, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажилд иргэдээр дүн тавиулсан юм.

Иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт санамсаргүй түүврээр сонгогдсон 450 иргэн оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын талаар бодит мэдээлэл өгч, “Ардын эксперт”-үүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Түүний дараа “Ардын эксперт”-үүд бүлгүүдэд хуваагдан төрийн тэргүүний хийсэн ажил, санаачлага бүрийг тус бүрт нь хэлэлцэн, мэтгэлцсэн. Ийн хэлэлцсэний дараа нууц санал хураалтаар дүгнэлт хийж, өөр өөрсдийн дүнгээ тавьсан юм.

Ард түмний төлөөлөл болж санамсаргүй түүврээр сонгогдсон “Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчид ямар дүн тавьсан нь тун удахгүй тодорхой болох юм. Хөндлөнгийн, хараат бус “МЕС” судалгааны байгууллага иргэдийн өгсөн нууц санал хураалтын дүнг нэгтгэн гаргаж байгаа бөгөөд олон нийтэд мэдээлэх ажээ.

Ерөнхийлөгчийн хэрэгжүүлсэн ажил олон, хамаарах хугацаа урт байгаа учраас энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн үндсэн сэдэв нь гадаад харилцаа, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал байсан. Бусад сэдвийн хэлэлцүүлгүүд өрнөх юм. “Ардын үг” аян үргэлжилсээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *