Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймагт сурагч хүүг зодож, амийг нь хөнөөсөн хэрэгт цагдаа нарыг шалгаж байна

Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын дунд сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 26-нд аймгийн нэгдсэн эмнэлэгт Н гэх хүү амь насаа алдсан гэнэ. Эмч нарын хэлж буйгаар талийгаач хүү тархиндаа хүнд гэмтэл авч, цус харвасан байдалтайгаар энэ сарын 23-нд хүргэгдэж ирсэн гэнэ. Сэхээн амьдруулах тасагт тэрбээр ухаангүй гурав хоноод амьсгал хураажээ. Хүүд эмч нарын зүгээс шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч гэмтлийн улмаас амь насаа алдсан гэнэ. Талийгаач хүүгийн үхэлд Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид болон нэг иргэнийг буруутган шалгаж байгаа гэнэ. Цагдаагийн алба хаагчдыг хүүгийн үхэлд буруутган шалгаж байгаа нь ийм учиртай аж.

Талийгаач хүү доод ангийнхаа нэг хүүхдийн гар утсыг булаагаад авчихсан байна. Гар утсаа алдсан хүү аавдаа энэ тухай хэлжээ. Ингээд энэ сарын 23-нд ангидаа цэвэрлэгээ хийхээр гэрээсээ гарч явсан хүүг утсаа булаалгасан хүүхдийн аав машинаар араас нь хөөсөн гэнэ. Өвөрхангай аймгийн төвөөр талийгаач хүү зугтааж байсныг олон хүн харжээ. Талийгаач машинаас зугтаж, шинээр баригдаж байсан барилга руу авирч гарсан гэнэ. Энэ үед хүүг гүйцэж, “Истана” маркийн машинд суулгаад явж байхдаа зодсон байна. Ингээд аймгийн цагдаагийн хэлтэст аваачжээ. Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэст очсон хүү хэсэг хугацаанд саатуулагдсаны дараа гарч ирэхдээ согтуу хүн шиг гуйвж дайвсан гэдгийг гэрч нар хэлж байгаа аж. Тэндээсээ ангидаа очсон байна. Ангийнхаа хүүхдүүдэд “Цагдаа нарт зодуулчихсан чинь толгой өвдөөд байна. Та нар чимээгүй болоод өг” хэмээн уцаарлаж байжээ. Мөн ангийнхаа цонхыг онгойлгож бөөлжсөн байна. Ангиасаа гарч нэг найзынхаа гэрт очоод ухаан алдаад дахиж сэрэлгүй байсаар амь насаа алджээ. Хүүгийн ар гэрийнхэн хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Манай хүү ухаан алдаж унахаасаа өмнө ангийнхаа хүүхдүүдэд “Цагдаа нар намайг зодсон” гэж хэд хэдэн удаа ярьсан байна. Үүнийг шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан гэнэ. Тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаа нарыг шалгаж байгаа аж. Мөн хүүг зодсон хэрэгт Б гэх иргэнд мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч амь насаа алдсан хэрэг гарсан. Цагдаа нар талийгаачийг зодож хөнөөсөн гэх мэдээлэл гараад байгаа. Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс бүрэн камертай. Хяналтын камераас хүүд цагдаа нар огт гар хүрээгүй нь харагдаж байгаа” гэж хэллээ.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *