Categories
гадаад мэдээ

Хятад улс нэг хүүхдийн бодлогоо албан ёсоор халав

Ирэх оноос эхлэн Хятад улсад нэг гэр бүл хоёр хүүхэдтэй байх эрх албан ёсоор нээгдлээ. Өнгөрсөн 10 дугаар сард Хятадын Коммунист намаас гаргасан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг халах тухай хуулийг өчигдөр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо хэлэлцэн баталсан байна.

Ингэснээр Хятадад 1970-аад онд нэвтэрсэн нэг гэр бүл нэг л хүүхэдтэй байх бодлогоос үүдсэн насжилт, хүйсийн тэнцвэргүй байдал зэрэг асуудал шийдвэрлэгдэнэ гэж тус улсын эрх баригчид найдаж байна. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” бодлого хэрэгжих хугацаанд Хятадад нийт 400 сая орчим төрөлтийг хязгаарласан гэсэн тооцоо байдаг юм байна. Үүнээс гадна төрийн болон хувийн компаниудын ажилчид гэрлээгүй, хүүхэдгүй ажилчиддаа нэмэлт амралт олгодог байсан тогтолцоог халахаар болжээ. Эдгээр шийдвэрийн гол зорилго нь Хятадад нүүрлээд байгаа ажиллах хүчний хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд оршиж байна гэж шинжээчид дүгнэлээ.

Хятадад нэг өрх хоёр хүүхэдтэй байхыг хуулиар зөвшөөрснөөр 2050 он гэхэд хөдөлмөрийн насны иргэдийнх нь тоо 30 саяар өснө гэж тооцоолж байгаа юм. Гэхдээ энэ шийдвэр хүн амын өсөлтөд нөлөөлнө гэдэгт хятадын зарим иргэд эргэлзэж байна. Хүүхэд өсгөн бойжуулахад тулгардаг санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үүдэн хот, суурин газруудад олон гэр бүл нэгээс олон хүүхэдтэй болох сонирхолгүй байгаа юм. Хятадын засгийн газар хоёр хүүхэдтэй болохыг хуулиар ийнхүү зөвшөөрсөн ч, гурав дахь хүүхэд гаргахыг хориглосон хэвээр байна. Үүнийг хүний үр удмаа үлдээх эрхийг хязгаарласан хэрэг гэж үзэн, зарим шүүмжлэгчид эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *