Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн алдагдалт ажиллагаа юуг өгүүлнэ вэ?

2000-аад он гарсаар Мон­голд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээр нэмэг­дэж, эрчимжсэн. Салбарын идэвхижлийг даган гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, дэлхийд нэр ал­дар нь цуурайтсан уул уур­хайн олон ч компани манай улстай нэр холбогдож үзлээ. Тэдний дайнд дүйхгүй ч гэ­лээ Монголдоо томхонд тоо­цогдох компаниуд ч бас уул уурхайд хөл тавьж, нэг үеэ бодвол дотоодын уул уурхайн компаниуд хэдэн зуугаар тоо­логдох болж. Сайн, муу хэ­лүүлдэг ч гэлээ уул уурхайн салбар өнөөдөр улсын экспор­тын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж, татварын орлогоор та биднийг “тэжээж” байгаа нь нууц биш.

Гэвч уул уурхайтай нэр холбогдсон бүгд шахам хэл ам, хэрүүл тэмцлийн бай болж, амжилт гэхээсээ бүтэл­гүйтэл, үл ойголцол, татварын маргаан, ашиг орлогын зөрүү буруу, шүүх арбитр болоод байгаагийн учир юу вэ? Энэ дэлхийн хамаг л худалч, луй­варчин, дээрэмчин, то­нуул­чид Мон­голыг ирж сонирхоогүй байлтай, бас уул уурхайд ажиллаж яваа бүх компаниуд болохгүй, бүтэхгүй болчихсон уу гэвэл мэдээж үгүй. Гадаад, дотоодынхны алинтай нь ч амжилттай ажиллаж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь манай улсын шийдвэртээ үнэнч бус, туйлбаргүй зан, дээр нь уул уурхайн салбарын онцлог, мөн чанарыг одоо хэр танин мэдэж чадаагүй туршлага дутмаг байдал.Дэл­хийн түвшний компанитай хамтраад ажиллая гэхэд уул уурхайн хөрөнгө оруу­лалт, олон улсын хууль эрх­зүй, санхүүгийн мэдлэг дутмаг. Адаглаад л олон ул­сын биржид хувьцаа нь арилжигдсан компаниудын санхүүгийн тайлан баланс, өмч хөрөнгийн нөхцөл бай­дал, зах зээлд тавигддаг шаард­­лага, стандарт зэр­гийг мэдэхгүйгээс бид дэл­хий ер­төн­цийн элэг доог бол­соор… Мэдэхгүйгээсээ болж алдаж суухгүйн тулд мэддэг, мэдээллээ дээшлүүлж, га­даад ертөнц, цаг үетэйгээ бага ч болов хөл нийлүүлэх цаг болжээ. Хэдий болтол бид “IPO хийнэ гэж яахыг хэлдэг юм бэ?” гэж бие биенээ­сээ асуугаад, орд газар гэхээр бүх нөөцийг нь тонн тутмын үнэлгээгээр үржүүлж бодож харамлаад, дэлхий тэр аяараа мэддэг энгийн зүйлсийг ч өөрсдийнхөө ядмаг мэдлэгийн түв­шинд янз янзаар тайл­барлаж суух вэ?

2011 оноос хойш дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ тасралтгүй уруудаж, ашиг­тай ажиллаж яваа уул уурхайн ком­­пани өдрийн од шиг цөөр­лөө. Уул уурхайн салбар нь угаас нэг дор их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, урт хугацааны дараа өгөөжөө өгдөг, үнэ ханш нь тодорхой циклийн дагуу өгсөж, уруудаж явдаг онцлогтой салбар. Хэд хэдэн циклийг давж гарч ча­даж гэмээнэ сая үр өгөөж, ашигт ажиллагаа, тогтвортой байдлын тухай ярьж болно. Нэгэн үе тэнгэрт тулсан өндөр үнэл­гээтэй шагшигдаж байсан орд газар хэдхэн жилийн да­раа сохор зоосны үнэгүй болж болно, ингэлээ гээд тэр орд газар хэрэггүй болсон юм биш, газар доорхи нөөцийнх нь хэмжээ ид шидээр ихсэж, багассан ч хэрэг биш, ердөө л зах зээлийн жам ёсны, хэвийн үзэгдэл. Харин бидний хувьд үнэ өссөн хэдэн жилд ашигтай гарсан компаниудыг “идсэн, уусан, Монголын баялгийг цөлмөсөн”-өөр нь дуудаж, үнэ буурч, алдагдал хүлээсэн жилүүдэд нь “дампуурсан, сүйрсэн, бүтэлгүй”-гээр нь нэрлэж явсаар эдийн засгаа тартагт нь тулгалаа. Зүй нь уул уур­хайн цикль дагасан ашиг, алдагдлын мөн чанарыг ядаж зөв ухаарч, тууштай, гуйвшгүй, тэв­чээртэй бодлоготой байж байж бид уул уурхай гээч төвөгтэй салбарын үр шимийг хүртэх юм. Алдагдал гэхээр зах зээ­лийн сайхан боломжийг хар­саар байж алддаг, захирал нь ня-ботойгоо нийлж мөнгө завшдаг, шамшигдуулдаг, засаглал муутайгаас болж замаа алдсан бүтэлгүй ком­паниудын тухай ярих гэсэнгүй. Зөв­хөн 2013-2014 онд л гэхэд дэлхийн уул уурхайн ком­паниуд нийлбэр дүнгээр нийт 70 орчим тэрбум америк долларыг impairment loss буюу хөрөнгийн үнэ цэнийн бууралт гэх тодотголтойгоор “алдсан” байна. Алдагдал хэмээн санхүүгийн тайлан дээр нь тусгаж байгаа ч үнэн­дээ мөнгөөр гарч буй бодитой алдагдал биш, харин зах зээл дээрх орд газруудын үнэл­гээ төдий хэрээр буурч, савалж байгаагийн дохио юм. Зах зээл сайжирч, орд газруудын үнэлгээ нэмэгдвэл алдагдал хэмээн бүртгэгдэж байсан дүн эргээд ашиг болж тооцогддог. 10 гаруйхан тэр­бум доллараар хэмжигддэг ма­най улсын эдийн засгийг бараг 7 нугалсантай дүйхүйц хэмжээгээр орд газруудын үнэ цэнэ, ирээдүйд олж болох ашгийн хэмжээ буурч.

Дэлхийн түвшний уул уур­хайн компаниуд бүгд олон улсын биржид бүртгэлтэй, санхүүгийн мэдээлэл нь Нягт­лан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу нэг жишгээр тайлагнагдаж, олон нийтэд нээлттэй хүрдэг. Зах зээлийн эрсдэлт нөхцөл байд­лыг компаниуд зүгээр хараад суудаггүй, харин уурхай, орд газруудынхаа үнэ цэнийг зах зээлтэй уялдуулан жил бүр тооцож, тайлан тооцоондоо центийн зөрүүгүй тусгаж оруулд­гийн маш том баталгаа. Өн­гөр­сөн 2-3 жил дэх ашигт малт­малын үнийн уналт уул уурхайд маш хүчтэй тусч, хөрөнгийн үнэ цэнийн бууралт дэлхийд өндөр нэр хүндтэй то­моохон компаниудыг ч толгой дараалан дайрч гар­лаа. Рио Тинто компани гэхэд 2012 оны санхүүгийн жилд 14 тэрбум америк дол­ларыг яг энэ жишгээр тай­ландаа тусгуулсан байдаг. Өөрөөр хэлвэл зах зээлийн тааламжгүй нөхцөл байдлын улмаас Рио Тинтогийн эзэмш­лийн хөнгөн цагаан хай­луу­лах үйлдвэр, нүүрсний орд газруудын үнэ цэнэ төдий хэрээр буурсан гэж үзэж тус­га­сан байх нь. Монголчууд бид­ний хувьд хамгийн их ан­хаарал татах зүйл гэвэл тус компани 2014 онд Оюу Толгой уурхайн төслийн үнэлгээг 1.6 тэрбум орчим ам.доллараар бууруулж, санхүүгийн тайлан­даа тусгасан байдаг. БНХАУ-ын нүүрсний салбарын томоо­хон тоглогчдын нэг Shougang Fushan 2014 оны санхүүгийн жилийн тайландаа 824 сая хонконг долларыг мөн л хө­рөн­гийн үнэ цэнийн бууралт болгон тусгажээ.

Бидний сайн мэдэх Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг Саус гоби ресурс компани 2013 оны зөвхөн 4-р улиралд 138.7 сая долларын алдагдал хү­лээсний 30.2 сая доллар нь хөрөнгийн үнэ цэ­нийн буу­ралт буюу мөнгөн бусаар бүртгэгдсэн дүнбайлаа. Үүнд БНХАУ-д нүүрсний зах зээ­лийн өрсөлдөөн ширүүсч, нүүрсний үнэ унасан зэрэг шууд нөлөөлсөн. Цаашлаад манай Монголоос олон улсын зах зээлд гарсан ганц компани болох Mongolian Mining Corporation өөрийн эзэмшлийн Баруун Наран уурхайн үнэ цэнийг бууруулан тооцож, үүнтэй холбоотойгоор 190 сая америк долларыг тайландаа тусгажээ. Энэ мэтчилэн га­даад, дотоод гэлтгүй дэлхий даяар уул уурхайн салбар эрсдэл, хямралыг даван туулж явна. Ирээдүйд зах зээл сайжирвал тайланд тус­гагдсан энэ бүх мөнгөн дүн эргээд ашиг болно. Гэхдээ ашигт малтмалын үнэ ханшийн уналт, тээвэрлэлт, дэд бүтцийн до­рой хөгжил, хууль эрхзүйн тааламжгүй орчин, валютын ханшийн өөрчлөлт гээд олон шалтгааны улмаас дэлхийн орд газруудын үнэлгээ буурч байгаа нь бидний хувьд томоохон сануулга. Зах зээлийн цикль, өсөлт бууралтын чиг хандлагыг ойл­гон мэдэрч, ашиг оллоо гэж хөөрч сагсууралгүй, ал­даг­далтай байна гэж харааж зүхэлгүй, аливааг урт хуга­цаанд харж, ухаалаг, бодитой хандах ёстойг энэ бүхэн хэлж байна. Дэлхийтэй “найзалж”, дэлхийн түвшний түншүүдтэй болж, эдийн засгаа өөд нь татья гэвэл ядаж л орд газ­руудын үнэлгээг ойлгодог, ашиг, алдагдлынх нь цаана юу байгааг танин мэддэг, өнөөгийн нөхцөл байдалдаа бодитой дүгнэлт хийж сурах шаардлагатай.

Э.МИШЭЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *