Categories
мэдээ цаг-үе

“Хүннү молл” ашиглалтад орж нийслэлчүүдийн хөлд дарагдав

“Хүннү молл энтертэйнмент” энэ сарын 20 буюу өнгөрсөн тав дахь өдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд гурав хонож байгаа ч олны хөл тасрахгүй байна.

Монголын анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв болох “Хүннү Молл” 50,000 м2 талбай бүхий, нэг дор 12,000 хүн хүлээн авах хүчин чадалтай ажээ.“Хүннү Молл” жилийн дөрвөн улирлын турш ажиллах мөсөн гулгуур, мянган хүний суудалтай Multifunctional кинотеатр, бүх насны хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой тоглоомын төв, зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн гараар хийж бүтээх сэдлийг төрүүлдэг, гэрээ бахархан дээдэлдэг хүн бүрт зориулсан Home DIY дэлгүүр, Молл доторх цэвэр агаар байгалийн амьд орчинг мэдрүүлсэн Хүннү цэцэрлэгт хүрээлэн, Олон үндэстний зоогийн газрууд, албан ёсны эрхтэй брэнд дэлгүүрүүд болон бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болжээ. Энэ нь иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх болон бүх үйлчилгээг нэг дороос авах өргөн боломжийг нээж өгчээ. Амралтын өдөр Яармагийн гүүр даваад худалдааны төвийг зорих машины цуваа их байсан. Зогсоол олдохгүй Viva city өнгөрөөд замын хоёр талаар машинаа тавьцгааж иргэд “Хүннү молл” руу алхаж байлаа.

Хүннү моллын энтертэйнмент хэсэгт Хүннү Молл кино театр нь хамгийн сүүлийн үеийн 3D, Долби Сурраунд 7.1 системээр тоноглогдсон дөрвөн танхим бүхий нийт мянган хүний суудалтай юм байна. Кино театрын дуу дүрсний суурилуулалт, тохиргоог Герман инженерүүд гүйцэтгэж байгаа ба Моллын нэгдсэн агааржуулалт, агаар халаагч системээр тоноглогдож галын болон камерын хяналтын системийн цогц шийдэлтэй. Мөн попкорн, амттан ундааны, автомат тоглоомын болон хүлээлгийн хэсгүүдээс бүрдэнэ. Түүнчлэн үзэгчдэдээ хамгийн сүүлийн үеийн Холливудын болон Монгол кинонуудыг толилуулахаас гадна арга хэмжээ, хурал зөвлөгөөн гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой кино театр болж байгаа гэнэ. Хүннү молл кино театрт том хүн 2D кино үзэхэд 7000,3D кино 8000, хүүхэд 2D кино 4000, 3D кино 5000 төгрөгийн үнэтэй байна. Ажлын таван өдөр таван цагаас өмнөх үзвэрүүд хямдралтай байх гэнэ. Одоогоор “Аав”, “Аюултай харилцаа”, “247 градус”, “Содура”, “Ciderella” зэрэг кино тус театрт гарч байгаа юм байна.

Монголын анхны дотор мөсөн гулгуурын талбай нь нэг дор 150 хүн гулгах нийтдээ 500м2 талбайтай. Талбайн гүйцэтгэлийн ажлыг Европын техник, тоног төхөөрөмж ашиглан ОХУ-ын мэргэжлийн инженерүүд суурилуулсан байна. Мөсөн гулгуурын талбайд найзууд, хамт олон, гэр бүлээрээ цагийг зугаатай, эрүүл мэнддээ ашигтайгаар өнгөрүүлэх боломжтойгоос гадна жилийн дөрвөн улирлын турш ажиллах юм. Хүүхэд нэг цаг нь 5000, том хүн 6000 төгрөг юм байна.

2000 м2 талбай бүхий нийт 120 хүүхэд тоглох багтаамжтай олон төрлийн тоглоомуудтай орчин үеийн шинэлэг тоглоомын төв байна. Үүнд 3-12 насны 12 хүүхэд зэрэг тоглох боломжтой морин тойруулга, 12-оос дээш насны хүүхдүүд тоглох боломжтой Go-Kart уралдааны таван машин, 2-12 насны 100 хүүхэд зэрэг тоглох боломжтой зөөлөн тоглоомын талбай гэсэн хэсгүүдтэй аж. Түүнчлэн 10-25 хүүхдийн багтаамжтай хүүхдийн төрсөн өдрийн өрөөтэй гэнэ. Тус тоглоомын төвд 1-3 цаг 10000 төгрөг байх аж.

Мөн жилийн дөрвөн улиралд байгалийн бодит мэдрэмж, гол усны чимээг сонсон, тав тухтай амралтын орчинд олон үндэстний зоогийг амталж суух боломжтой Хүннү цэцэрлэгт хүрээлэнг харж сэтгэлээ амраах боломжтой болжээ.

Моллд долоон орны сонголттой хоолны газар байх бөгөөд үйлчилгээ талаас нь банк, АТМ, салон, гоо сайхан, үсчин байрлаж байгаа аж.

Хүннү молл нээгдээд 200 гаруй шинэ ажилчинтай ажиллаж байгаа бөгөөд нээлт хийснээс хойш ачаалал тооцож байснаас гурав дахин их байна гэж үйл ажиллагаа хариуцсан менежер П.Ариунцэцэг ярилаа. Мөн тэрээр нийслэлчүүдэд нэг дор цогц үйлчилгээ авах болон чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар үгүйлэгдсэн нь харагдаж байна хэмээв.

Хүннү молл нийтдээ 80 гаруй брэнд дэлгүүр оруулах боломжтой талбайтай ч одоогоор дүүргэлт 65 гаруй хувьтай явж байгаа аж. Дүүргэлт бүрэн явагдаж дууссаны дараа буюу зун Хүннү моллын албан ёснынээлт болох юм байна.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Тогтох “Хүннү молл нээгдсэн гэж сонсоод амралтын өдөр гэрийнхнийгээ дагуулаад ирлээ. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, иргэдэд үйлчлэх тав тухтай орчныг үнэхээр бүрдүүлж чаджээ. Хүүхдүүд маань их дуртай байна. Цаашдаа дахиад нэг ийм дэлгүүр нээчихвэл зүгээр л юм байна” хэмээв.

С.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *