Categories
мэдээ нийгэм

Хээрийн түймэр гарч, нэг хүний амь эрсэджээ

Энэ жил өвс их ургасан, түүнчлэн цас бага орж газрын хөрс хуурай байгаа тал хээрийн түймэр гарах нь их байгаа аж. Сүхбаатар аймагт л гэхэд өнгөрсөн баасан гаригаас хойш гурван ч удаа хээрийн түймэр гарсан байна. Энэ сарын 19-20-нд шилжих шөна тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарч 12 айл өртөн, нэг хүн амиа алджээ. Хэргийн талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн байцаагч, хошууч Ж.Бадараас тодруулахад “Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 12 айл өртсөнөөс дөрвөн гэр нь “Эрдэнэ овоо” уурхайн компанийн гэр байсан. Мөн 72 настай өвгөн түймэрт өртөж амиа алдлаа. Түймрийн гарсан шалтгаан болоод хор, хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж байгаа тул дэлэгрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна. Нэгэн уурхайн ажилтны болгоомжгүйн улмаас паяалнакаас гал алдсан гэх мэдээлэл ирсэн ч одоогоор нарийн тогтоогоогүй. Мөн өнгөрсөн баасан гаригт Хэнтий аймгийн Баян-Овоо болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын зааг дээр хээрийн түймэр гарсан бол өчигдөрхөн /уржигдар/ мөн хээрийн түймэр гарсныг унтраахаар ажиллаж байна. Баян-Овоо, Түмэнцогт сумын зааг дээр гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар нэг айлын хоёр гэр шатсан мэдээлэл байна” хэмээн мэдээллээ. Тэрбээр цас ороогүй газрын хөрс хуурай байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байж ил задгай үнс нурам асгалгүй битүү саванд хийж, галын анхан шатны хор, унтраагүй машиндаа авч яван, аливаа техник төхөөрөмжтэй болгоомжтой харьцаж, тамхины иш, шүдэнзээ бүрээн унтрааж хаяхыг анхааруулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *