Categories
мэдээ нийгэм

30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн хэмжээнд 600 гаруй төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. НМХГ-аас 2019 онд сургуулийн өмнөх боловсролын 109 байгууллагад шалгалт хийжээ. Энэ талаар өнөөдөөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгүүдэд хяналт шалгалт хийхэд нийтлэг хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал шалгалтад хамрагдсан 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй байна. Мөн цэцэрлэгүүдийн 28 нь буюу 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 58 буюу 53 хувь нь мэргэжлийн багшгүй, төрийн бус өмчийн 36 цэцэрлэг буюу 50 хувь нь цэцэрлэгийн байргүй, 92 буюу 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайгүй зэрэг зөрчил дутагдал илэрчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна гэж дүгнэхэд хүрчээ.

Улмаар шаардлага хангахгүй байгаа 30 гаруй цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлээд байгаа аж.

Төрийн өмчийн 105 цэцэрлэгийг шалгахад 15 хувь нь барилга байгууллага хуучирч, сантехник шугам хоолой элэгдэлд орсон ч засвар үйлчилгээ хангалтгүй хийгдэж байгаа нь цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн байгааг НМХГ-ын байцаагчид хэллээ.

Мөн шалгалтад хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.2-2.5 дахин хүүхэд хүлээн авч анги бүлгийн нягтрал ихэссэн байна. Улмаар ариун цэвэр, эрүүл ахуйн норм 1.5-2 дахин их байгаа нь бага насны хүүхдүүдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадвар алдахад нөлөөлж байна гэж үзсэн байна.

Улсын цэцэрлэгийн ачаалал 40-60 орчим их байдаг аж. Үүнээс улбаалан амьсгалын замын, бохир гараад дамжих халдварт өвчнүүд хүүхдийн нягтаршил ихэссэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Иймд төрийн байгууллагууд хүүхдийн нягтаршлыг багасгахын тул онцгой анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *