Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Эрдэнэболд: Хүний эрх, бизнесийн дарамтгүй орны төлөө бодлогын алхмууд дээр төвлөрч ажиллана DNN.mn

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдлоо. Энэ парламент, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд ямар байдлаар ажиллах ёстой, юуг шийдэх шаардлагатай, эрх чөлөө, шударга ёсыг ямар бодлогоор бодитой болгох хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Энэ парламент, түүний бүрдүүлсэн хамтарсан Засгийн газраас ард түмэн ихийг хүсэн хүлээж байна. Тэд нийгэмд шударга ёсыг тогтоогоосой, дарга нарт бус иргэдэд үйлчилдэг төрийн албыг бүрдүүлээсэй, авлигатай дүр эсгэсэн маягаар бус жинхэнэ ёсоор тэмцээсэй, ажлын байр ихээр бий болгож, ядуурлыг бууруулаасай гэж хүсч байна. УИХ-ын гишүүний хувьд би сонгогч түмний өмнөөс эдгээр хүсэлтийг нь биелүүлэхийн төлөө бүхнээ зориулж хүчин зүтгэнэ. Нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал амаргүй байгаа. Өмнө нь эрх баригчид найман жилийн турш дангаар ноёрхохдоо үндсэндээ хараа хяналтгүй ажилласан гэж хэлж болно. Тэд алдаа их гаргасан, түүний уршгаар байгаа нөөц боломжийг ч алдсан. Алдагдсан боломжийг, алдааг богино хугацаанд засаж, эрчимтэй ажиллахад нь би гишүүний хувьд ард түмний дуу хоолой нь болж ажиллахыг зорино. Ер нь парламентын засаглалтай оронд бид дан гүйцэтгэх засаглалд найдалгүй, УИХ-ын гишүүн бүр нийгмийн хөгжилд өөрийн манлайллаа үзүүлж байж, дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд болон улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэг.

-Та яг энэ зарчмаар ажиллах уу?

-Би энэ зарчмыг баримтална. Өөрөөр хэлбэл, “жирийн л нэг гишүүн” байхыг хүсэхгүй байна. Харин манлайлагч гишүүн байх болно. Үүний тулд бидний хамтын гэр Монгол эх орныхоо үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж буй гадаад, дотоод хүчин зүйлсэд бодитой дүн шинжилгээ хийж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Яг нарийндаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Үндсэн хуулийн дараа орох төрийн бодлогын хамгийн чухал бичиг баримт юм. Гэтэл одоогийн мөрдөж буй үзэл баримтлал маань 2010 онд батлагдсанаас хойш даруй 14 жил өнгөрчээ. Гэтэл уг баримт бичигт дэвшүүлсэн нэлээд олон зорилт хэрэгжээгүй, эсвэл хангалтгүй хэрэгжиж байгаад би санаа зовж явдаг. Үүний шалтгаан нь энэ чухал баримт бичгийн хэрэгжилтэд нэг их ач холбогдол өгөлгүй орхисонтой холбоотой болов уу. Үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоодод ч шийдэх асуудал байна. Иймд УИХ-ын бусад гишүүдтэй хамтарч энэ асуудлаар санаачилга гаргаж нэлээд ажил төлөвлөж байна.

-Хамтарсан Засгийн газарт зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа бол зарим нь нэгдээд ажлаа хийхийг шаардаж байна. Таны хувьд ямар байдлаар хүлээн авч, ямар зарчим баримтлан ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Миний хувьд Монголын ард түмний язгуур эрх ашгийн үүднээс хамтарсан Засгийн газар байгуулж ажиллахыг дэмжиж хүлээн авсан байгаа. Гэхдээ таны асуусанчлан энд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд баримтлах зарчим их чухал гэдгийг онцлон хэлье. Гурван намаас Засгийн газрыг бүрдүүлж байгаа гишүүд маань “нэг хөнжил дотор ороод давхар дээлтэй” амар жимэр хэвтээд байж болохгүй. Хамгийн гол нь хамтарч том төслүүдийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх чин эрмэлзлэлтэй байх, авлигаас ангид байх, төрийн дарангуйллыг халж, төрийн албыг шинэчлэх, бизнесийн орчныг эрүүлжүүлэх, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих гээд зарчмуудыг баримталж ажиллах хэрэгтэй байна. Хэрхэхийг цаг хугацаа харуулна. Хэрэв “буруу замаар будаа тээвэл” түүнтэй эвлэрэхгүй.

-Саяны сонгуулиар маш их мөнгө зарцуулагдлаа. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй гэж байгаа ч маш эмзэг гэдэг. Байгаагийнх нь хэрээр үрээд байж болохгүй байх л даа. Яаж эдийн засгаа одоо байгаагаас хэд дахин илүү өсгөх вэ?

-Саяхан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах хагас жилийн хугацааны статистик гарсныг уншиж танилцсан. Гадаад худалдаа сайн байгаатай холбоотой төсвийн гүйцэтгэл боломжийн, эдийн засаг өсөлттэй, инфляци зорилтот түвшиндээ орсон байна. Гэхдээ үүнийг түр зуурын биш, цаашид тогтвортой өсөлт болгож авч үлдэх нь чухал. Манай улсын эдийн засаг гадаад худалдаа ялангуяа нүүрс, зэсний үнээс шууд хамаардаг. Монгол Улс 2024 оны хагас жилийн байдлаар экспорт 7.9 тэрбум ам.долларт хүрч. Миний санаж байгаагаар дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны зургадугаар сард нийт экспортын хэмжээ 2.8 тэрбум ам.доллар байсан. Тэгэхээр манай улс тэр үетэй харьцуулахад гурав дахин их валют олжээ. Энэ оны хагас жилийн импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ бол чамлах үзүүлэлт биш.

-Чамлахгүй ч бид баярлах болоогүй байлгүй…?

-Манай улсын эдийн засаг эмзэг гэдэгтэй санал нийлнэ. Учир нь Монгол Улсын эдийн засаг нүүрснээс хэт хараат болсон нь санаа зовоож байна. Хэрэв нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унах, өмнөд хөрш нүүрсний худалдан авалтаа багасгавал манай эдийн засаг хүндэрнэ. Хятадын зах зээл дээрх коксжсон нүүрсний ханш 200 орчимд хэлбэлзэж байна. Манай Монголын нүүрс бусад улстай харьцуулахад хямд, зах зээлдээ ойр, бас Дэлхийн гангийн холбоо 2024 онд дэлхийн гангийн эрэлт өнгөрсөн оныхоос буурахгүй гэсэн мэдээлэл өгсөн болохоор ойрын хугацаанд хүндрэл гарахгүй гэж найдаж байна.

-Эдийн засгаа яаж өсгөх вэ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Уул уурхайн экспортод гардаг элдэв хүнд суртал, гадаадын хөрөнгө оруулалтад саад болдог байдалд онцгой анхаарах ёстой. Бид зөвхөн Хятад биш, сүүлийн үед эдийн засаг нь эрчимтэй өсөж байгаа Энэтхэгийн зах зээлд нүүрсээ борлуулах, Япон, Солонгос зэрэг орнуудын зах зээлд гарах гарцыг нэн яаралтай нээж чадвал эдийн засаг хэд дахин нэмэгдэх боломж байна. Мэдээж том дүнгээр нь харвал хувийн хэвшлээ дэмжиж, зээлийн хүүг буулгах, ажлын байр олноор бий болгох, төсөв, мөнгөний зөв бодлого хэрэгжүүлэх гээд шийдвэл зохих асуудлууд бол байгаа.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр удахгүй тодорхой болж, ээлжит бус чуулганаар танилцуулагдах сураг байна. Таны хувьд энэ засаг яг ямар том төсөл, хөтөлбөрүүдээр нэгдэх ёстой гэж бодож байна вэ?

-Гурван нам хамтарч шинэ Засгийн газар бүрдүүллээ. Мэдээж өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд гурван тийш чангаах шаардлагагүй байх. Томоохон төслийн хувьд дэд бүтцийн улс орны цаашдын хөгжилд нэмэр болохуйц төсөл хөтөлбөр эхлүүлэх ёстой. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС энд дурдмаар байна. Бид эрчим хүчээ гаднаас экспортоор авалгүй өөрсдөө бие даан шийдвэрлэх ёстой. Улс орны хөгжлийг эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Гадаад өрийн асуудалдаа анхаарах цаг ирлээ гэж бодож байна. Манай нийт иргэдийн арилжааны банкнаас авсан зээл ганц жилийн дотор 14 их наядаас 19.7 их наяд буюу даруй 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэх статистик хагас жилийн тайланд харагдсан. Ломбард, ББСБ, хоршоо энэ тэрийг оруулбал бүр их тоо гарах байх. Тэгэхээр улс орноо төдийгүй иргэдийн, өрхийн зээл санаа зовоох асуудал болжээ. Үүнээс гадна, Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй 245 мянган хуулийн этгээдийн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж, 60 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Энэ бүхэн төсөв, мөнгөний бодлого оновчгүй байгааг харуулж байна. Төр нь бүтээн байгуулалт хийхээс илүүтэй хувийн хэвшилдээ орон зай үлдээх ёстой. Дээр дурдсан асуудлууд Шинэ Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж би хэлнэ.

-Удахгүй намрын чуулганаар төсөв хэлэлцэнэ. Жил бүрийн төсөв алдагдалтай батлагддаг. Ер нь Төсвийн шинэчлэл, хуваарилалт, орлого бүрдүүлэлтийг яаж хийх хэрэгтэй вэ?

-Бидний гадаадаас олдог 10 ам.долларын бараг найм нь зэсийн баяжмал, нүүрс хоёрт оногддог. Саяхныг хүртэл зэсийн баяжмал дангаараа экспортын орлогод гол байр суурьтай байсан бол 2005 оны үеэс урд хөршийн эдийн засаг эрчимжихийн зэрэгцээ нүүрс үнэд орж манай экспортын гол бүтээгдэхүүний нэг болсон байдаг. Энэ хоёр бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээл дээр өндөр байвал эдийн засаг нь өсөж, унавал дагаад унадаг эмзэг эдийн засагтай орны тоонд багтаж байна. Ийм улс орнуудад төсвийн тогтвортой байдал маш чухал. Уул уурхайгаас хараат улс орнуудад төсвийн тогтвортой байдлын арга хэрэгслийг чадварлаг ашиглаж, сахилга баттай байж чадсанаас хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байдаг. Ийм улсуудын тоонд Австрали, Канад, Чили, Шинэ Зеланд зэрэг орнууд орно.

-Гэтэл манайд тэр бодлого нь хангагдаж чадахгүй байгаа байлгүй?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөв хоёр их наядын алдагдалтай баталдаг болсон. Энэ хэмжээгээр гадаад өр нэмэгдэж байгаа. Тэгэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан дөрвөн тусгай шаардлагыг чанд мөрдөх ёстой. Сүүлийн жилүүдэд энэ нь тас орхигдсон асуудал. Ялангуяа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай байх болон Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хоёр чухал заалтыг чанд мөрдөх ёстой. Мөн төсөвт элдэв зардал нэмж хувийн хэвшлийнхээ орон зайг булаадаг асуудалд цэг тавимаар байна. Өөр нэг чухал асуудлыг хөндөхгүй байж боломгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг анхаарах ёстой. Олон жил дамнан өртөг нь өсдөг. Хэт өндөр мөнгөн дүнтэй мөртлөө иргэдийн амьдралд наалдахгүй олон төсөл хөтөлбөр төсөвт орж ирдэг. Энэ бүхнийг засаж залруулахын төлөө ажиллана гэж бодож байна.

-Саяхан 21 настай иргэн амиа алдсан. Ар гэрийнхэн нь хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг Монголын цагдаагаас асууж, нэхэж байна. Ер нь цагдаа аливаа гэмт хэрэгт холбогдох тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ салбарт юу болохгүй байна вэ, таны хувьд шинэчлэл хийх шаардлага байна гэж харж байгаа юу?

-Энэ талаар би Дэд хороон дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хүний эрх, эрх чөлөөг хангах ардчиллын суурь зарчмын үүднээс цагдаа, хууль хяналтын байгууллагуудыг эрс шинэчлэх хэрэгтэй байна. Цагдаа нар ч арга барилаа өөрчилмөөр юм.

-Аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэгчдээ дэмжих талаар саяны сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл бүхэн мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Таны хувьд өнөөгийн Монголын бизнесийн орчин ямар байна, цаашлаад яаж өөрчлөх шаардлага гэж харж байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд, бизнесийн үйл ажиллагааг төрөөс дэмжихээс илүү чөдөр тушаа болох нь их. Бизнес эрхлэгчдийг дэмжихгүй юм гэхэд ядаж үйл ажиллагаанд нь саад тотгор учруулахгүй байвал тэр нь дэмжлэг болох юм. Энэ талаар хийх ажил их бий. Би ч цаашид анхаарч ажиллах болно.

-Та түрүүн гадаад өрийн асуудлыг ярьсан. АН-ын хувьд сонгуулиас өмнө эрх баригчдад гадаад өртэй холбоотойгоор нэлээд хурц шүүмжлэлийг тавьж байсан. Одоо өөрсдөө Засгийн танхимд багтаж ажиллаж байна. Гадаад өрийн асуудлаа энэ бүрэн эрхийн хугацаанд нэгдээд багасгаж чадах уу?

-Аливаа улсын гадаад өрийн хэмжээ өсвөл инфляци нэмэгдэж, ажилгүйдэл өсөх, хадгаламж буурч, төсөв, мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны эдийн засаг болон тусгаар тогтнолд аюул учрах эрсдэл агуулдаг. Гадаадад төлөх өрийн төлбөр улсын хатуу валютын нөөцийг шавхаж, бүхэлдээ эдийн засагт чөдөр тушаа болдог. Зээлийн төлбөрийг дахин зээл авч санхүүжүүлэх нь ирээдүйн орлогоосоо хумсалж байгаа нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, ирээдүй хойч үеэ эдийн засгийн өсөлтөөс хүртэх боломжийг хязгаарлаж байгаа явдал. Монгол Улсад ойрын ирээдүйд хэт их өрийн дарамтаас гарах хүнд зорилт хүлээж байгаа. Энэ бүхэн төсвийг алдагдалгүй төлөвлөх, уул уурхайн баялгаас авах татвар хураамжийн зөв тогтолцоонд анхаарах, гадаадын зээл тусламжийг зөв зүйтэй төсөлд зориулах, хөрөнгийн зардлыг бууруулах, бүх шатны төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх зэрэг цогц арга хэмжээ авах ёстой гэж бодож байна.

-Татварын дарамт их байгаа. Ажиллаж байгаа хүн болгон энэ дарамтад өртөж байна гэдэг. Яаж татварын орчинг эрүүл, шударга болгох вэ?

-Татварын дарамт их байгаа учраас аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байгаа талаарх тоог би түрүүн хэлсэн. Нөгөө талаас өрх бүр олон сая төгрөгний өртэй байгаа статистик нь татварын дарамт өндөр байгааг харуулах үзүүлэлт юм. Хүмүүс дур зоргоороо тэр татварыг тэглэнэ, энэ татварыг үгүй болгоно гэж ярьдаг. Нөгөө талаас Татварын Ерөнхий газар манай улс татварын хэмжээ бага улс орны тоонд ордог гэж тайлбарладаг. Миний зүгээс маш нарийн тооцоо судалгаа хийх ёстой гэж үздэг. Тухайлбал, өнөөдрийг хүртэл НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгжүүд, хувь хүн байсаар байна. Тиймээс яаж нийтээрээ татвараа төлдөг болох вэ. Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүд эхний нэг, хоёр жилдээ татвараас чөлөөлөгдөх, ажлын байр олноор бий болгож буй аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх, тансаг хэрэглээний татвар нэмэгдүүлэх гэх зэргээр цогц арга хэмжээг тооцоо судалгаанд үндэслэн нэн даруй авах цаг ирсэн.

-Монгол Улс авлига, ардчиллын индексээрээ хойшоо ухарсаар байгаа. Энэ чиглэлд ямар бодлого үйл ажиллагаа явуулж байж бид урагшлах вэ?

-Саяхан би УИХ-ын гишүүн Ц.Тувааны хамтаар хэд хэдэн төрийн өмчит үйлдвэрийн газраар орлоо. Төрийн өмчит газрууд байнгын хардлагад байдаг. “Цавчаа”, “шахаа” татвар төлөгчдийн мөнгө, нийгмийн баялгийг дээрэмдсэн тухай олон түүхүүд бид сонссоор ирсэн. Ерөөсөө авлигыг бууруулах эхний алхам бол ил тод байдал. Бүх мөнгөний урсгал шилэн байхыг бид газар сайгүй хэвшүүлэх хэрэгтэй. Мөнгө бүхэн мөртэй. Сүүдрийн эдийн засгийг аль болох багасгах, шийдвэр гаргалтад дарга нарын, хувь хүний үзэмж, субьектив нөлөөллийг багасгаж байж авлига буурна. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мэдээлэлд ойр байгаадаа дулдуйдаж бусдаас давуу тал эзэмших бүх гарцыг үгүй хийх сонгодог арга бол ерөөсөө л ил тод байдал шүү дээ.

-Эрдэнэт үйлдвэрийн хувьд асуудал ямар байна вэ?

-Эрдэнэтийн үйлдвэр жишээ нь худалдан авалт, тендерийн үйл явцаа хиймэл оюун ухаанд суурилсан программаар хийдэг болж байна лээ. Энэ бол маш зөв. Дээр нь орж гарч буй мөнгөн урсгалаа бүхэлд нь шилэн болгох алхмууд хийсэн байна лээ. Ийм зөв жишгүүдийг бүх төрийн өмчит газар дээр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар би холбогдох шийдвэр гаргагч нарт хандахаар бэлтгэж байгаа. Ерөөсөө нийгмийн суурь, итгэлцэл, шударга ёсны үнэ цэнийг нурааж байдаг зүйл бол авлига, хээл хахууль. Нүдэн дээр улс орны өрсөлдөх чадвар ухарч, олон улсын судалгаагаар улам муу дүн аваад байхад бид юу ч болоогүй юм шиг, бас юу ч хийхгүй байж болохгүй шүү дээ.

-Таны хувьд газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон хүн. Удахгүй намрын ургац хураалт эхэлнэ. Энэ жилийн хувьд улаанбуудай тариалсан хүн асар бага байна. Ихэнх нь рапс ургуулж. Энэ байдал нь цаашдаа Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх үү. Импортын улаанбуудайг хориглох бус татвараас хөнгөлснөөр дотоодын тариаланчдад асар том цохилт ирсэн юм биш үү?

-Үнэнийг хэлэхэд, Засгийн газар энэ шийдвэрээ эргэж харах шаардлагатай. Улаан буудайнаас гадна цемент дээр ч бас алдсан гэж үзэж байгаа. Судалгаа, тооцоолол, ирээдүйд гарах үр дүнг нь дутуу тооцсон алхам. Монгол Улсын өрсөлдөх чадварыг авч явж байгаа дотоодын үйлдвэрлэл, хувийн хэвшлээ хамгаалахын оронд асар хүнд байдалд оруулж байгаа шийдвэр. Яаралтай алдаагаа засах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 6, Ангараг гариг. Билгийн тооллын 2, Их морь одтой, хар бар өдөр. Өдрийн наран 05:36 цагт мандаж, 20:21 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, аривжуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар +16….+21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон голын сав газар, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа” гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Их эмч Т.Мөнхзул “Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсанаар уг өвчнөөс 15 жил сэргийлж чадна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу” гэв.

  • “Nowar” буюу эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлагч, үүсгэн байгуулагч Э.Одбаяр “Цагдаа нар “Чи үзэл бодлоо илэрхийлж, суулт хийж болохгүй” гэж эелдэг замаар дарангуйлдаг болсон” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “21 настай амь хохирогчийн хэргээс үүдэж хүний эрхийн сонсгол хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн” хэмээн ярьсныг I болон II нүүрээс уншаарай.

  • “Монцемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиун “Үйлдвэрээ лацдуулаад ид ажлынхаа улирлыг алдчихлаа” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Израилийн арми Хезболла бүлэглэлтэй дайтах уу

АРЫН НҮҮР: Бусадтай хуваалцах нь сайхан мэдрэмж өгдөг


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарны гүүрний урд хэсэг, Төмөр замын төв буудал, Яармаг зэрэг зургаан байршилд ус зайлуулах шугам хоолой хийнэ DNN.mn

Бороо орсны дараа нийслэлийн ихэнх байршилд ус тогтож, явган алхаж буй иргэн болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүсдэг.

Иймд ус ихээр тогтдог зургаан байршилд төсвийн тодотголоор ус зайлуулах шугам хоолойг шинээр хийхээр болжээ.

Тодруулбал

  • Нарны гүүрний урд хэсэг
  • Энхтайваны гүүрний доод хэсэг
  • Яармаг
  • 22-ын товчоо
  • Тахилтын нүхэн гарц
  • Төмөр замын төв буудалд ус зайлуулах шугамтай болох нь.
Categories
мэдээ нийгэм

Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв DNN.mn

2024 оны наймдугаар сарын 05-наас наймдугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв… 

Энэ сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд барууy, төв, зүүн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн төв хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд Халх голын сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 8-нд нутгийн төв хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: 5,7,8-нд дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 8-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 53 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 943 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 927 хэрэг шалгагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх 77.285 хүүхэд байна DNN.mn

Нэгдүгээр ангид элсэн суралцах суралцагчдын бүртгэл энэ сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ.

Түүнчлэн энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр Е-Mongolia систем дээр бэлтгэжээ.

“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “Улсын хэмжээнд дээр дурдсан хугацаанд бүртгэлтэй зургаа хүртэлх насны 77 285 хүүхэд бүртгэгдээд байна. Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөнхийн реп” хамтлагийн дуучин Б.Лхагваа: Дуунуудаа шинэчлэхгүйгээр тухайн үеийн хэв маягаараа дуулна DNN.mn

“Мөнхийн реп”, “Flash, No name”,“Outlaw”хамтлагууд ALL IN HIT- “Хайрын үдэш” тоглолтын талаар хэвлэлийн хурал хийлээ.

ALL IN HIT тоглолт энэ сарын 9-нд болох юм.

Тоглолтын гүйцэтгэх продюсер Ч.Пүрэвхүү “Үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хоол, ус ундаа үйлчилгээний 45 асар байрлуулсан.  Мөн автомашины зогсоолыг хангалттай шийдэж өгсөн. Тоглолт бүрт тохиолддог нэг асуудал нь ариун цэврийн байгууламж байдаг. Тиймээс үүнийг нэг зэрэг 350 хүн орох боломжтойгоор хангаж өгсөн.

Тасалбарын хувьд GS25, Shoppy.mn, Ticket.mn-ээр борлуулж байна. Тоглолт Хүүхдийн паркийн хойд талд, Шангри-лагийн баруун талд HIT PARK-д болно” хэмээн ярилаа.

Тоглолтод дээрх хамтлагууд өөрсдийн хит 76 дуу дуулах аж.

Харин хөгжмийн найруулгын талаар “Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Б.Лхагваа “Үзэгчид маань “Дуунуудаа битгий шинэчлээрэй, хуучнаараа  дуулаарай. Тэгвэл бидэнд гоё байна” гэсэн санал ирсэн тул яг тэр үеийнхээрээ дуулна” гэв.

Хэвлэлийн хурлын үеэр “Flash” хамтлагийн дуучин Э.Нандин-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.


Хамтарсан тоглолт болохыг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

Тухайн үеийн хит болж байсан хамтлагууд хамтарч тоглолт хийнэ гэхэд үзэгчдийнхээ өмнөөс маш баяртай хүлээж авсан.

-Таны хувьд хамгийн шилдэг гэж боддог дуу байгаа юу?

Айлын хүүхдүүдийг алаг үзэж байгаа мэт нэг дууг нь онцгой гэж хэлэх хэцүү юм аа. Богино хугацаанд цацагдаж хүмүүст хүрч байсан дуунууд тул бүгд л сэтгэл зүрхнээс бүтсэн.

-Үзэгчдэдээ ямар гэнэтийн бэлэг бэлдсэн бэ?

Зохион байгуулагчдын зүгээс төлөвлөсөн зүйлс байгаа. Одоогоор нууц(инээв).

-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөө?

Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй, тус тусдаа уран бүтээлээ хийгээд явна.

 

Т.УНДРАХБАЯР

 

Categories
мэдээ нийгэм

Туул, Орхон, Онон голууд үерийн аюултай түвшинг 10-100 см давжээ DNN.mn

Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд болон Хангай нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг- Лүн /, зүүн хажуугийн Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан / зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Хараа /Дархан/, Ерөө, Туул /Босгийн гүүр- Алтанбулаг/, Эг, Улз, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/, Хануй, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Улаанбаатар-Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/, Улз /Дашбалбар/, Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-100 см даван, хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.

Маргааш буюу наймдугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-15 см, Орхон голын дунд хэсгээр 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 10-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.