Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 26, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 5, могойг
хүлэгч одтой, хөх бич өдөр.
Өдрийн наран 8:27 цагт мандан,
17:42 цагт жаргана. Тухайн
өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи
уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх
зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах,
угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг
байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх,
шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд
сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу,
могой, хонь, нохой болой. Хол газар яваар
одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, мал арвидна.

Categories
гадаад

ИРЭХ ОНД САР ЛУУ СУДАЛГААНЫ ТӨХӨӨРӨМЖӨӨ ИЛГЭЭХ ОРНУУД DNN.MN

2023 онд Орос, Энэтхэг, Европын Сансар судлалын агентлаг Сар луу, цаашлаад сансрын гүн рүү судалгааны төхөөрөмжүүдээ илгээхээр төлөвлөөд байна.

Саяхан АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ Саран дээр сансрын нисгэгчдийг дахин буулгах зорилгоор бүтээсэн сансрын хөлгөөр Сарыг тойрон автомат нислэг үйлдсэн юм.

Сар луу судалгааны төхөөрөмжөө илгээх орнууд

Энэтхэг Сарны гадаргууг судлах газардагч модуль, өөрөө явагч төхөөрөмж бүхий “Чандраян-3” аппаратаа 2023 оны зургаадугаар сард Сар луу хөөргөхөөр төлөвлөж байна. Энэтхэг 2008 оноос “Чандраян-1” аппаратынхаа тусламжтайгаар Сарыг судалж эхэлсэн юм.

ОХУ 2023 оны долоодугаар сард “Луна-25” аппаратаа Сар луу хөөргөж, өмнөд туйлаас нь дээж авчрах төхөөрөмжийг буулгахаар зорьж байна.

Европын Сансар судлалын агентлаг “Jupiter Icy Moon Explorer” судалгааны аппаратаа 2023 оны дөрөвдүгээр сард илгээхээр төлөвлөж байна. Энэхүү аппарат нь Бархасбадь гаргийн гурван дагуул болох Ганимед, Каллистро, Европагийн гадаргуу доор нь байдаг гэж үздэг мөсөн давхаргад амьдралын ул мөр хайна.

“SpaceX” компани Японы тэрбумтан Маэзава Юсакү тэргүүтэй есөн зорчигчийг “dearMoon” төслийн хүрээнд 2023 оны сүүлээр Сар луу аялуулахаар товлоод байна. Энэ нь 100 хүнийг тээвэрлэх чадалтай “Starship” хөлгийн анхны аялал болох юм.

АНУ-ын “NASA” агентлаг “Artemis” хөтөлбөрийнхөө хоёр дахь үе шатыг 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үе шатанд манай гаргийн цорын ганц дагуул руу сансрын нисэгчид жолоодлогот хөлгөөр ниснэ. Улмаар “Artemis III”-ыг 2025 юм уу 2026 онд хэрэгжүүлж, Саран дээр анх удаагаа эмэгтэй хүн, мөн өнгөт арьстай хүнийг буулгахаар төлөвлөж байна.

Энэ нь “NASA” 1972 онд “Аполло” хөлгийг хөөргөснөөс хойш хүн төрөлхтөн Саран дээр хөл тавьсан анхны тохиолдол болно. “NASA” энэхүү хөтөлбөртөө “Space X” компанийн “Starship” хөлгийг ашиглахаа мэдэгдээд байгаа юм.

Хятад улс 2035 он гэхэд ОХУ-тай хамтран Саран дээр судалгааны бааз байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа ч төслийг хэрэгжүүлэх хугацааны талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй байна.

Categories
гадаад

ЧЕХИЙН ЭМЧ НАР ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ХОРТ ХАВДРЫН ЭМ БҮТЭЭЖЭЭ DNN.MN

Чехийн эмч нар хожуу шатандаа орсон түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх эм бүтээж, яс шилжүүлэн суулгах мэс засалд 3D принтерээр хэвлэсэн материалыг ашиглаж эхэлжээ.

“Pluvicto” гэж нэрлэсэн уг эмийг Европын комисс хэдхэн хоногийн өмнө түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ. Уусмал хэлбэрээр хэрэглэдэг энэ эм нь хорт хавдрыг хожуу үе шатанд эмчилдэг бөгөөд бусад төрлийн эмчилгээ тус болоогүй өвчтөнүүдэд зориулагдсан аж.

Чехийн зүүн хойд нутагт орших Оломоуц хотын Факультетийн эмнэлгийн Цөмийн анагаах ухааны эмнэлэгт явуулсан эмнэлзүйн туршилтын үеэр “Pluvicto”-г анх удаа өвчтөнүүдэд өгчээ. Одоогоор уг эмийг олноор нь үйлдвэрлэж эхлэх, Чехийн өвчтөнүүдэд хангалттай хэмжээгээр нийлүүлэх хугацаа тодорхойгүй байна.

Чехийн эмч нар мөн Төв болон Зүүн Европын орнуудаас анх удаа 3D принтерээр хэвлэсэн хиймэл ясыг шилжүүлэн суулгах мэс заслыг хийжээ. Тодруулбал, шагайн яс солих мэс засал хийсэн байна. Мэс заслыг тус улсын зүүн өмнөд хэсэгт орших Брно хотын Факультетын эмнэлгийн Гэмтлийн клиникт хийжээ.

Categories
нийгэм

АБГББХ: ДОЛООН ХУУЛИЙН ТӨСӨЛ, УИХ-ЫН ХОЁР ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАВ DNN.MN

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар соёрхон батлах тухай хоёр хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төсөл, байнгын хорооны хэлэлцэх эсэхийн хоёр санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн гурван санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх хоёр санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн хоёр танилцуулга, зөвшилцсөн талаарх есөн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллыг бэлтгэж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороо долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд:

1. “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн тус тус батлуулав.

2. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлууллаа.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, УИХ-ын саналын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэв.

4. Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын ъУхаалаг засаг-2 төсөлъ-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын ъМонгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөлъ-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын (Аймаг,сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр)-ийн Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн.

5. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн ъДаян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээръ-ийн төслийг хэлэлцэж хойшлуулсан.

Хяналт, шалгалтын ажлын талаар

1.Түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонсов. Түр хорооны гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн.

2.2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилт, хар тамхины хэрэглээ, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон.

3.2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Кибер, ауюлгүй байдлын тухай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонссон.

4.2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон.

5.2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний агаарын командлалын мэдээллийг сонссон.

Бусад ажлын талаар

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 10 удаагийн албан уулзалт хийсэн. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Мөн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн тагнуулын газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, удирдлагууд, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, харьяа газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай цахим уулзалт хийж, энэ оны нэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан. Тус байнгын хорооны Тусгай хяналтын дэд хороо нэг удаа хуралдсан болно. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо хоёр удаа хуралдан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон болно.

Энэ сарын 19-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг танилцуулж, үйл ажиллагаа нь дуусгавар болсон хэмээн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
нийгэм

АТГ: ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС 58 ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВАВ DNN.MN

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд улс төрийн болон удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 232 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Categories
нийгэм

АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХАЛДВАРЫН ХҮНДРЭЛЭЭР НИЙСЛЭЛД НЭГ, ОРХОН АЙМАГТ НЭГ ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ DNN.MN

“Томуу болон амьсгалын замын шалтгаантай халдварын хүндрэлээр нас баралт ганц нэг бүртгэгдэж байгаа. Жилийн жилд 11 хүртэлх сартай хүүхдүүдэд нас баралт тохиолддог.

Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хүүхэд нас барсан тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлэгт нэг, Орхон аймагт нэг бүртгэгдсэн болохыг” ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа мэдээллээ.

ХӨСҮТ томуугаар өвчилсөн иргэдэд зориулан ор дэлгэж буй. Хамгийн ихдээ 250-300 ор дэлгэнэ гэв.

  • Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах. Учир нь амьсгалын замын халдвар нэмэгддэг.
  • Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр байлгах хэрэгтэй.
  • Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтойг тэрбээр зөвлөлөө.
Categories
нийгэм

“ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЬЕ” САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ DNN.MN

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ. Эхний шатны санал асуулга 2023 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Санал асуулгад түүвэрт сонгогдсон 157 нэгжийн 1570 иргэн хамрагдана. Мөн статистикийн байгууллагаас тусгайлан бэлтгэсэн 77 мэдээлэл цуглуулагч ажиллаж байгаа аж.

Энэ талаар Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар “Зөвлөлдөх санал асуулгын эхний шат энэ сарын 30-ны дотор явагдаж дуусах бөгөөд зөвлөлдөх уулзалтын хэлбэрээр явагдах хоёр дахь үе шатны санал асуулга хоёрдугаар сарын 14-15-нд болно. “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл” сэдэвт үндэсний чуулга уулзалтад оролцогчдоос гаргасан болон олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагын төлөөллүүдээс ирүүлсэн нийт 1100 орчим саналыг харгалзан үзэж, нэгтгэн нягталж, олон удаа тал бүрээс нь хэлэлцсэний эцэст үндсэн 22 асуултыг боловсруулж Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Categories
нийгэм

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН ХҮРЭЭНД ФРАНЦ УЛСТАЙ ХАМТРАХ БОЛОМЖ НЭЭЛТТЭЙГ ОНЦЛОВ DNN.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн зургаан багц зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төвлөрүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдгээр салбарт Франц улстай хамтран ажиллах боломж нээлттэйг онцоллоо. Монгол, Францын харилцааг шинэ шатанд гаргахын тулд харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах, хоёр орны нийтлэг эрх ашигт нийцсэн хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглэв.

2023 он Монгол, Франц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал жил болно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Себастиан Сүрүн илэрхийлэв. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талууд санал нэгтэй байлаа.

Categories
нийгэм

“ГЭГЭЭН НУУРЫН МӨНГӨН ӨВӨЛ 2023” МӨСНИЙ БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 1000 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦЛОО. DNN.MN

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, үндэсний өв соёл болох үндэсний сурын харвааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Гэгээн нуурын мөнгөн өвөл 2023” үйл ажиллагааг энэ сарын 21-нд зохион байгууллаа.

Мөсний баярт тус аймгийн 20 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн хамрагдаж нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүлсэн тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Энэ үеэр байгууллага хамт олны хурд хүч, авхаалж самбаа, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхээр зургаан төрлийн тэмцээн зохион байгуулсан аж. Үндэсний сур харваа, мөсний шагай, олс таталт, тэшүүр, үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн, хээрийн цайны амталгаа гэх мэт тэмцээнд нийлбэр дүнгээр Цагдаагийн газрын баг хамт олон түрүүлсэн юм.

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар, “Тайшир Гуулин” УЦС, Тайшир сумын ЗДТГ хамтран зохион байгуулав.