Categories
мэдээ цаг-үе

Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан дуудлага өчигдөр буюу нэгдүгээр сарын 25-ны 09:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсэгт ажиллаж байсан ажилтан Б нь вагон замын доод хэсэгт байрлах нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж унаж нүүрсэнд дарагдсан байв.

Алба хаагчид шуурхай ажиллаж, ажилтан Б-г нүүрсэн доороос эсэн мэнд гарган, сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
гадаад

САРНЫ ТОЙРОГ ЗАМД АЖИЛЛАСАН NASA-ГИЙН ХӨЛӨГ ДЭЛХИЙ РҮҮ БУЦАХ ЗАМДАА ОРЖЭЭ DNN.MN

Ирээдүйд саран дээр хүн буулгах зорилготой NASA-гийн Orion хөлөг өчигдөр буюу Даваа гарагт эх дэлхийнхээ зүгт жолоо залжээ.

Ирэх Ням гарагт уг хөлөг АНУ-ын баруун эргээс холгүй Номхон далайн усанд буух төлөвлөгөөтэй юм.

Хэрвээ Artemis-1 аялал амжилттай өндөрлөвөл Orion хөлөг 2024 онд дахин хөөрөхдөө сансрын нисгэгчдийг сарны тойрог замд хүргэх ажээ.

Artemis-1 аялал нь Orion хөлгийн бүх нөөц боломжийг туршиж, шалгах зорилготой. 2024 оны Artemis-2 аяллаар сансрын нисгэгчдийг сарны тойрог замд хүргэх бол 2025-2026 оны үед үйлдэгдэх Artemis-3 аялал нь 50 гаруй жилийн дараа хүмүүсийг хоёр дахь удаагаа сарны гадарга дээр буулгах юм.

Orion хөлөг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Флорида мужийн Кеннедийн Сансрын Төвөөс хөөрч байжээ.

Уг хөлөг 430,000 км хол аялж, сарны орчимд хүрсэн нь хүн тээвэрлэх зориулалттай сансрын хөлгүүдээс хамгийн алс хол аялсан дээд амжилт болсон юм.

Дэлхийд амжилттай буцаж ирэх нь Artemis-1 аяллын хамгийн чухал хэсэг гэж NASA-гийн мэргэжилтнүүд үзэж байна.

Учир нь Orion хөлөг дэлхийд буухдаа агаар мандлын эсэргүүцлээс үүсэх их халууныг тэсэх ёстой.

Буухдаа Orion хөлөг 39,500 км/цаг хурд үзүүлэх бөгөөд энэ нь дэлхийн тойрог замд ажиллаад буцаж ирсэн бусад хөлгүүдийнхээс хамаагүй өндөр хурдтай буулт байх юм.

Энэ үед агаарын эсэргүүцлийн улмаас хөлгийн гадарга Цельсийн 3,000 хэм хүртэл халах гэнэ.

Хэрвээ энэ халалтыг тэсэж чадвал дараагийн аялалдаа хүн тээвэрлэх боломжтой болох юм.

Нийт 11 шүхрээр уналтын хурдаа сааруулсан Orion хөлөг орон нутгийн цагаар Ням гарагийн өглөөний 9:30 цагт Номхон далайн усанд буух ажээ.

Эх сурвалж: BBC

Categories
гадаад

БНСУ ДОТООДДОО ЗАЛУУРТ ПУУЖИН БҮТЭЭНЭ DNN.MN

БНСУ-ын эрх баригчид “агаар-газар” ангиллын залуурт пуужин бүтээхэд 146 сая орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Үндэсний батлан хамгаалах салбарын худалдан авалтын газар цахим хуудсандаа мэдээлжээ.

Энэ нь Өмнөд Солонгосын дотооддоо бүтээсэн анхны залуурт пуужин болно. Тус улсын мэргэжилтнүүд нисэх онгоцыг пуужингаар тоноглох, ашиглах явцад салгахтай холбоотой туршлага, технологигүй байсан ч инженерүүд энэ асуудлыг шийдвэрлэх чадвартай болох нь сүүлийн үеийн судалгаагаар батлагдсан гэж дээрх байгууллагын мэдээнд онцолсон байна.

Пуужинг батлан хамгаалах салбарын худалдан авалтын газар өөрөө бүтээх бол үйлдвэрлэх ажлыг дотоодын компаниуд хийнэ. Одоо бүтээж байгаа “KF-21” сөнөөгч онгоцыг уг пуужингаар тоноглохоор төлөвлөж байгаа ажээ.

Хэрэв төлөвлөгөө хэрэгжвэл энэ пуужин нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, өрссөн цохилт өгөх, дайсны удирдлага руу довтлох зэргийг тусгасан БНСУ-ын “гурван тэнхлэг” үзэл баримтлалын нэг хэсэг болох юм.

Categories
гадаад

“NASA” ДЭЛХИЙН ГАДАРГЫН УСЫГ СУДЛАХ ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨЖЭЭ DNN.MN

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ дэлхийн гадаргын усыг ерөнхийдөө бүхэлд нь судлах хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуулыг баасан гарагт хөөргөжээ.

Гадаргын ус, далай тэнгисийн топографийг судлах аппаратыг /SWOT/ Калифорни муж улсын сансрын хүчний баазаас “SpaceX” компанийн пуужингаар хөөргөсөн байна.

“NASA”-гийн мэдээлснээр, хиймэл дагуул дэлхийн гадаргын 90 гаруй хувийн усыг судлах бөгөөд түүнээс уур амьсгалын өөрчлөлтөд далай тэнгис хэрхэн нөлөөлж байгаа, дэлхий дулаарч байгаа нь нуур, гол мөрөнд хэрхэн нөлөөлж байгаа, мөн дэлхий нийт үер зэрэг байгалийн гамшигт хэрхэн бэлтгэлтэй байх талаар дүн шинжилгээ хийх ажээ.

Хиймэл дагуул “SpaceX”-ийн “Falcon 9” пуужингийн хоёр дахь хэсгээс салсны дараа хянагч төхөөрөмжүүд хиймэл дагуулын дохиог амжилттай хүлээн авсан байна. Шинжлэх ухааны мэдээллийг ойролцоогоор зургаан сарын дараагаас цуглуулж эхлэхээсээ өмнө хиймэл дагуул хэд хэдэн хяналт шалгалт, тохируулгыг хийх гэнэ.

“NASA”, Францын Сансрын судлалын агентлаг хамтран Канад, Их Британийн Сансар судлалын агентлагуудын оролцоотойгоор бүтээсэн “SWOT” нь дэлхийн гадаргын усыг ерөнхийдөө бүхэлд нь судлах анхны хөтөлбөр болж байгааг “NASA” цохон тэмдэглэжээ.

Categories
гадаад

ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛД МОНГОЛЫН 4 БҮТЭЭЛ НИЙТЛЭГДЖЭЭ DNN.MN

Дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй шинжлэх ухааны олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд манай улсаас энэ онд 4 өгүүлэл нийтлэгджээ. Тодруулбал, “Web of Science” мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй олон улсад нэр хүндтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд монгол эрдэмтэд ажлын бүтээлээ хэвлүүлснийг МУИС-иас танилцууллаа.

Манай улсаас 4 өгүүллийн нэгийг бие даасан байдлаар, гурвыг нь хамтран зохиогчоор хэвлүүлжээ. Өгүүллэгүүд нь агаарын болон хөрсний бохирдлын чиглэлээр, дэлхийн уур амьсгаын өөрчлөлттэй холбоотой судалгааны бүтээлүүд байна. Тухайн сэтгүүлүүд нь олон улсын чансаагаар тухайн салбартаа тэргүүлэгч зиндааны, бүрэн нээлттэй болон өндөр төлбөртэй, эрэлт ихтэй, ихэнх нь хэвлэмэл болон цахим сэтгүүлүүд байгааг МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч профессор Д.Бадарч тодотгож байна.

Тэрбээр, “Манай эрдэмтэн, багш нарын бүтээл олон улсад хэвлэгдэн гарч буй нь дэлхий биднийг илүү сонирхон үнэлж эхэлж байгаагийн нэг том илрэл болж, мэргэжилтнүүд үнэлж буй”-г хэллээ.

МУИС-д 660 орчим эрдэмтэн багш ажиллдаг. Тэдгээрийн 130-ынх нь эрдэм шинжилгээний бүтээл олон улсын шинжлэх ухааны томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдээд байна. Нийтлэл бүтээлүүдийг салбараар авч үзвэл хүрээлэн буй орчин, экологи, математик, инженерчлэл, хими, ургамал судлал, геологи, копьютерийн шинжлэх ухаан, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг чиглэлээр хамгийн олон өгүүлэл хэвлэгджээ.

Энэ нь сургууль дотоод дүрэмдээ багш нараа олон улсад бүтээлээ нийтлүүлэхийг тусгах болсон, хоёрт, сургуулийн удирдлага багш нарын бүтээлээ урамшуулдагтай холбоотой хэмээн МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерийн тэнхимийн эрхлэгч н.Сономдагва тайлбарлаж байна.

Categories
гадаад

ХЯТАД УЛС АМЬДРАЛ БАЙХ БОЛОМЖТОЙ ГАРИГУУДЫГ ХАЙЖ ЭХЭЛНЭ DNN.MN

БНХАУ Нарны аймгийн гадна амьдрал байх боломжтой гаргуудыг 2030 он гэхэд хайж эхлэхээр төлөвлөж байгааг тус улсын Сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацын (CASC) дарга У Яньшэн мэдэгдлээ.

“2030 он гэхэд бид “Дуу хоолойн эрэлд” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ. Түүний зорилго бол Нарны аймгийн гаднах сансар огторгуйг судлах, хүн амьдрахад тохиромжтой гаргууд байгаа эсэхийг олж мэдэх юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

У Яньшэний тодруулснаар, БНХАУ Бархасбадь, Тэнгэрийн ван гаргуудыг, түүнчлэн Нарны аймгийн зах хязгаарыг судлах зорилгоор гараг хоорондын станцыг ойрын жилүүдэд хөөргөхөөр төлөвлөж байна. 2025 оны орчимд Хятад улс дэлхийгээс харьцангуй ойрхон буй солирууд руу сансрын автомат хөлөг хөөргөнө гэж тэрбээр хэлэв.

“Үүнээс гадна, ойрын 10-15 жилд Хятад улс Ангараг гаргийн хөрсний дээжийг дэлхийд авчрах даалгаврыг гүйцэтгэнэ” гэж CASC-ын тэргүүн хэлсэн байна. 2028 он гэхэд Бээжин Саран дээр олон улсын станцын суурь бүтцийг бий болгохоор төлөвлөж байгааг тэрбээр нэмж дурдлаа. Түүнчлэн Хятадын мэргэжилтнүүд дэлхий орчмын тойрог замд 150 хүртэл тонн ачаа хүргэх хүчин чадалтай, “Чанжэн-9″ шинэ хүнд зөөгч пуужин бүтээж байгааг сануулжээ.

“Бидний зорилго бол 2030 он гэхэд бусад тэргүүлэх орны дунд Хятад улсын байр суурийг бэхжүүлж, 2045 он гэхэд бүх чиглэлээр сансрын хүчирхэг гүрэн болох юм” гэж У Яньшэн цохон тэмдэглэв.

Categories
гадаад

ОРОСУУД САНСРЫН “АВРАХ АЖИЛЛАГАА” ЯВУУЛНА DNN.MN

Дэлхийн тойрог зам дахь олон улсын сансрын станцад залгаатай Оросын “Союз МС-22” хөлөгт гэмтэл гарчээ. Үүнтэй холбогдуулан ОХУ тэнд байрлаж буй гурван сансрын нисэгчээ авчрах “Аврах ажиллагаа”-г явуулахаар төлөвлөж байна. Төлөвлөгөөгөөр сансрын хоосон хөлгийг станц руу илгээх боломжит хувилбарыг хэлэлцэж буй аж. Энэ сарын 14-нд “Союз” хөлгийн багийн хоёр гишүүн задгай сансарт гарахаар бэлдэх үед хөлгийн гаднах хөргөлтийн шингэний шугам цоорсон байна. Үүний улмаас хөргөлтийн шингэн задгай сансарт алдагдаж хөлгийн доторх температур 30 хэмд хүрч халж байна гэж нислэгийн төв удирдлага мэдэгдэв.

“Союз МС-22” хөлгийн багийн гишүүд болох Оросын сансрын нисэгч Дмитрий Петелин, Сергей Прокопьев, НАСА-гийн сансрын нисэгч Франк Рубио нар энэ оны есдүгээр сардуг станцад очоод байгаа юм.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ цаг-үе

Нийт 11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна DNN.mn

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаан зудтай, 13 аймгийн 44 сум цагаанаар зудархуу байна.

Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Халзан, Түмэнцогт, Хэнтийн Өмнөдэлгэр, Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандалд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай байна.

Харин Баян-Өлгийн Алтай, Булган, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Зүүнговь, Түргэн, Улаангом, Сагил, Өндөрхангай, Завханы Баянтэс, Баянхайрхан, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Ерөө, Сүхбаатар, Улаанбаатарын Багануур, Төвийн Баянчандмань, Алтанбулаг, Заамар, Цээл, Батсүмбэр, Баянжаргалан, Зуунмод, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Батширээт, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Сүхбаатарын Дарьганга, Онгон, Түвшинширээ, Наран, Дорнодын Сэргэлэн, Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу байдалтай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Энэ хууль батлагдвал тэтгэвэр 150-200 мянгаар нэмэгдэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулган өндөрлөчихлөө. Өнгөрсөн чуулганы хугацаанд таны хувьд ямар хуулийн төслүүдийг өргөн барьж ажиллав?

-Ард түмний арван хуулийг санаачилж, батлуулахаар ажиллаж байгаа. Үүнээс гурван хуулийг хэдийнэ батлуулчихсан. Тухайлбал, Хуурамч шатахууны тухай хууль батлагдсан. Хуурамч шатахуун, бензинээс болж иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Иргэд ихэвчлэн приус автомашиныг унаж байна. Уг машин наанадаж таван жил, цаандаж 20, 30 жил эвдрэхгүй байх боломжтой. Гэтэл манайд нэг, хоёр жил болоод л эвдэрдэг. Приус ч гэлтгүй ямар ч автомашин ийм байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр хуурамч шатахуун, бензинтэй холбоотой. Тиймээс дээрх хуулийн төслийг санаачилж, батлууллаа. Нөгөөтэйгүүр миний байнга ярьдаг нэг хуулийн төсөл бий. Тэтгэврийн дунджийг долоо биш, таван жилээр тогтоох тухай хуулийн төсөл. Энэ хууль батлагдвал дунджаар 150-200 мянган төгрөгийн тэтгэвэр нэмэгдэх боломжтой. Олон удаагийн шахалт, шаардлагаар энэхүү хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж эхлэхээр болсон. Мөн НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төслийг өргөн барьчихсан байгаа. Худалдаа үйлчилгээний дамжлага болгон дээр НӨАТ нэмэгдэж байгаа. Улаанбаатарт 1000 төгрөгийн үнэтэй савтай ус алс хол Эрдэнэбүрэн суманд 1600-1800 төгрөг болж иргэдэд очиж байна. Эцсийн эцэст худалдан авч байгаа иргэн л бүх НӨАТ-ыг нь төлж байгаа. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан.

Мөн Хамтын тэтгэврийн тухай хууль байна. Энэ асуудлыг тойроод л яваад байдаг. Миний өргөн барьсан хуулиар хамгийн багадаа 20 хувийн тэтгэврийг нь өвлөхөөр байгаа. Энэ мэт чухал хуулийн төслүүдийг өргөн барьсан. Зарим нь батлагдсан, зарим нь хаврын чуулганаар хэлэлцэгдээд явахаар байгаа. Нэг зүйл хэлэхэд, эрх баригчид ард түмний хүссэн хуулийг батална гэж байхгүй. Тиймээс тэр ажлыг нь миний бие хийж байгаа юм.

-Гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд, сонгогчтойгоо уулзалт хийж байна. Танай тойргийнхон нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудалд ямар байр суурьтай байх шиг байна вэ?

-Энэ жилийн тухайд улс даяар уртаашаа дөрөвхөн хөрөнгө оруулалт байгаа. Үүний нэг нь манай тойрогт буюу Ховд аймагт хийгдэхээр байгаа юм. Ховд аймгийн нийт сумдын хөгжил, малчдын аж амьдралд шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдэхээр байгаа гэсэн үг. Мөн үүл буудах ажилд чамгүй хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Ховдод энэ жил малчид, иргэдийн хувьд хүндхэн жил болж байна. Гэхдээ өвлийн цаг уураас болсон зүйл биш. Яах вэ ойрын үед цочир хүйтэрч байгаа нь хүндхэн байгаа ч гол асуудал үүнд биш. Гол асуудал бол зун, намартаа өвс, ногоо ургаагүйд байгаа юм. Тиймээс л өвөл хэцүүхэн болчихсон гэсэн үг. Зун нь гандуу байсан учраас өвөл, хавар яаж ч сайхан байсан хэцүүднэ. Тиймээс зуны цаг агаар, тэр дундаа хур бороо оруулах ажлыг энэ жил эрчимжүүлнэ. Тухайлбал, үүл буудах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгуулсан.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин ярьж эхэллээ. Таны хувьд энэхүү асуудалд ямар байр суурьтай байна вэ. Гишүүд мэдээж тойргийнхноосоо асууж байх шиг байна. Танай тойргийн иргэд ҮХНӨ-д ямар байр суурь, хандлагатай байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн асуудлыг ярьдаг. Үүнээс нэгийг нь шийдчихсэн. Тэр нь давхар дээл. Үүнийг эрх баригч нам үнэхээр их хүссэн. Тэрэндээ ч хүрсэн. Ардын намынхан Их хурлын гишүүн байгаа дээрээ давхар дээлтэй л болж авъя гэдэг зүйлийг их ярьсан. Тэр утгаараа ээлжит бус чуулган зарлаж, давхар дээлтэй болох хүслээ биелүүлсэн шүү дээ. Ийм зарчмаар эрх баригчид ажиллаж болохгүй. Хэрэв ийм маягтай өөрчлөлтүүдийг дараа дараагийн удаа хийвэл Ардын нам асуудалд орно. Хоёрдугаар асуудал бол тоо. Говь-Алтайгаас хоёр гишүүн сонгогдсон. Тэр хоёр гишүүн дахиж сонгогдохгүй. Тиймээс өөрсдийнхөө сонгогдох боломжийг нэмэгдүүлэхийн тулд тухайн тойргийнхоо мандатын тоог нэмэх замаар энэхүү асуудлыг эрх баригчид идэвхтэй явуулж байна. Өөрөөр хэлбэл, олон мандатан тунд өөрсдийгөө шингээчихнэ гэсэн аминчхан бодлоор уг асуудлыг хөндөөд байгаа гэсэн үг. Гэхдээ миний хувьд тооны асуудалд арай өөр байр суурьтай байдаг. Юу гэхээр тооны асуудлыг би нэмэх нь зөв гэж харж байгаа. Гэхдээ хамаагүй өндрөөр нэмэх нь буруу. Миний харж байгаагаар 100-гаас дээш нэмж болохгүй. Нэмэгдэх нь зөв ч УИХ-ын гишүүдийн тоог 100 дотор барих ёстой гэсэн зарчимтай байгаа. Гуравдугаарт, тогтолцооны асуудлыг ярьж байна. Сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох нь зөв. Эрх баригчид ч үүнийг хийх юм шиг байна лээ. Өнөөгийн эрх баригчдын оролцоогүй тендер, хулгай, төсөл хөтөлбөр гэж алга. Ийм хүмүүс сонгуулиар иргэдтэй уулзах нүүргүй болсон. Тиймээс нүүргүй хүмүүс сонгуулийн тогтолцоог өөрчилж, дахин УИХ-д гарах зүйлээ бодож байгаа. Нэг талдаа намын ард нуугдсан бүтэлгүй нөхдүүд орж ирэх боловч нөгөө талдаа намын төлөвшлийг сайжруулдаг. Тиймээс тогтолцоо зөв гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлыг ярьж байгаа. Монголчууд гурван сонголтыг хийдэг. Үүнээс нэгийг нь болиулах нь буруу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь буруу гэдэг зарчим дээр байгаа. Ард түмнээс сонгогдсон нэг том төлөөлөл төрд байж байх нь зөв гэж хардаг. Өнгөрсөн хугацаанд буюу 1992 оноос хойш Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн. Тэр дотор эрх баригч Ардын намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх болгондоо дандаа алдсан. Одоо дахиад өөрчлөх асуудлыг ярьж байна. Ер нь улстөрчид, эрх мэдэлтнүүдийн оролцсон хулгайн асуудлын араас Үндсэн хуулийн өөрчлөлт, тогтолцооны асуудлыг ярьдаг. Хулгайд Үндсэн хууль ямар буруутай юм. Хулгай боллоо гэхээр Үндсэн хуулиа өөрчлөх Үндсэн хуулиндаа хариуцлага тооцох гээд үзээд байдаг, ийм нэг сонин хандлага эрх баригчдад байна. Үндсэн хуульд хариуцлага тооцож байхаар хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох шаардлагатай.

-Түрүүн та хэллээ, иргэд Үндсэн хуулийн өөрчлөлт гэхээс илүү хариуцлагын асуудлыг их ярьж байна гэж. Тухайлбал, ямар асуудлыг хөндөн ярьж байна вэ?

-Нэг хэсэг ЖДҮ гэж бөөн юм болсон. Ард түмэн эрх баригч намыг хулгайч гэдгийг нь уг үйлдлээр нь тодорхой харсан. Гэтэл 2020 оны сонгуулиар дахиад нөгөө хэдээ сонгочихсон нь үнэн. Улмаар хулгайчдыг дахиад сонгочихсон учраас тэд гарч ирээд л дахиад хулгай хийсэн. Хийсэн хулгай нь хол явалгүй дахиад л баригдаж, олон нийтийг бухимдуулж байна. ЖДҮ-гийнхээ асуудлыг дуусгаагүй байтал Хөгжлийн банк гэж орж ирсэн. Улстөрчид, эрх мэдэлтнүүд, ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий нөхдүүддээ энэхүү банкнаас зээл гаргуулаад өгчихсөн. Нөгөөдүүл нь авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулаад дуусгасан. Хамгийн хортой нь ард түмний боломжийг хулгайлсан зүйл байгаа.

Хөгжлийн банк 2012-2016 онд Чингис бондын мөнгөөр хамгийн их санхүүжсэн банк байсан. Гэтэл 2019 онд тус банкны тухай хуулийн өөрчлөлтийг хийж, УИХ-аас бус Удирдах зөвлөл нь зээл олгодог болгосон. Үүнээс л болж асуудал үүссэн шүү дээ. Харин одоо сэтгүүлчид, олон нийтийн буянаар эргэн төлөлт нь сайжирч байх шиг байна. Гэхдээ хариуцлагын асуудлыг сайн ярьж чадахгүй байна гэдгийг иргэд хэлж байна. Нүүрсний хулгай. Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл 29 км. Энэ хоёрын хооронд тээвэр хийхдээ 100 км-т явах зардлаар хийж, дундаас нь ашиг олсон байна. Үүнийг тээврийн хулгай гээд байгаа юм. Одоо хоёр нөхрийг шоронд хийчихсэн байна, тийм үү. Нэг нь Ганхуяг гэх нөхөр. Хоёр жилийн өмнө нүүрсний хулгайн асуудлыг ярихад намайг хоёр ч удаа цагдаад өгч байсан нөхөр. Гэтэл өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Үүнээс нэг зүйл ажиглах ёстой. Ардын намынхан намайг хоёр жилийн өмнө нүүрсний хулгай яриад байхад анхаараагүй, олон нийтэд ил болгоогүй атлаа хоорондоо хэрүүл тэмцэл хийхдээ нэгнийгээ намнах хэрэгсэл болгож байна. Зүгээр нэг сайндаа энэ том хэргүүд чинь олон нийтэд ил болоод байдаг юм биш. Цаана нь эрх баригчдын том зодоон явагдаж байгаа шүү.

-ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн асуудалд үнэхээр хариуцлага тооцож байгаа зүйл алга гэж иргэд бухимдаж байна. Гэтэл дахиад Төмөр замын хулгай гэх зүйл гарч ирлээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Төмөр замын хулгайн асуудлыг би мөн хоёр жилийн өмнө ярьж байсан. Бас л анхаарч үзээгүй. Тухайн үед 159 сая төгрөгийн авлига авдаг гэж хэлж байсан. Гэтэл энэ авлига нь өнөөдөр 500 сая төгрөг болсон байна. Тэр Батдөл гэх нөхрийн гэрээс 7.2 тэрбум төгрөг олдсон, бүгд мэдэж байгаа. Түүний бүх авлигын хөрөнгийг илрүүлчихсэн мэт л нийгэмд шуугьсан. Гэвч тийм биш үү дээ. Тэр 7.2 тэрбум төгрөг гэдэг бол долоо хоногийнх нь авлигын мөнгө шүү. Өдөрт 14 вагон гарч байгаа. Үүний тал нь транзит, үлдсэн гурав нь хоосон ачаатай контейнер, дөрөв нь нүүрс, төмрийн хүдэр ачдаг вагон. Үүнээсээ өдөрт хоёр тэрбум төгрөгийн орлого буюу авлига авдаг. Үүнийгээ хуваарилах гэж явж байгаад л баларсан нөхөр. Тэгэхээр Төмөр замын хулгай бол маш том авлигын асуудал, хөрөнгө цаана нь нууц байна. Үүнийг нэн яаралтай ил болгож, холбогдох этгээдүүдэд нь хариуцлага үүрүүлэх ёстой.

-Нийгэм Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг шүүмжилж байна. Танай бүлгийн зүгээс уг хуульд завсарлага авч, хаврын чуулганаар хэлэлцүүлье гэсэн ч эрх баригчид олонхоороо баталчихлаа. Та хувьдаа уг хуулийн агуулгад ямар бодолтой байна вэ?

-Мэдээж ардчиллын эсрэг, хүний эрх, эрх чөлөөний эсрэг хууль батлагдсан. Одоо иргэн хүн өөрийн үзэл бодлоо цахим сүлжээнд илэрхийлснийхээ төлөө эхлээд 100 мянгаар торгуулна. Дараа нь 500 мянгаар торгуулна. Гурав дахь удаагаа зөрчил гаргавал баривчлагдахаар байгаа. Иргэд ингээд шийтгүүлээд ирвэл сүүлдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээ болино. Төр засгаа шүүмжилж чадахгүй, эсэргүүцэж өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээсээ шантардаг болно. Коммент бичдэггүй ард түмэн болно. Бухимдлаа илэрхийлдэггүй иргэд болно. Ингэснээрээ нийгмийн тэсрэх бөмбөгийг бэлдэж байна гэсэн үг. Энэ бол маш том аюул. Энэ аюулаас сэргийлдэг ганц зүйл бол сошиал. Иргэд үзэл бодол, уур бухимдлаа сошиал талбарт дураараа гаргадаг. Ингэснээрээ нийгмийн уур бухимдлыг бага ч болов тогтмол дарж байсан. Гэтэл энэ хуулиар үүнийг нь хаачихлаа. Тайван жагслаа гэхэд лайв хийдэг, жагсаал цуглаантай холбоотой юм бичихэд л иргэний сошиал хаягийг шууд хаадаг ийм нөхцөл байдал руу очиж байна. Дарга нараа шүүмжилдэггүй, иргэд үзэл бодлоо илэрхийлдэггүй нийгэм гэдэг бол дарангуйллын нийгэм бүрдчихсэн гэсэн үг. Нэг хэсэг Эрдэнэтээс гэрэл цахилгааны төлбөрийг төлсөн. Энэ хугацаанд эрчим хүчний үнэ 15 удаа нэмэгдсэн. Иргэд биш, Эрдэнэт төлж байгаа гэдэг утгаар нэмээд л байсан. Ингээд нэг өдөр иргэд өөрсдөө төлөх болсон. Гэтэл өмнө төлж байсан төлбөр нь хоёр, гурав дахин нэмэгдчихсэнд ард түмэн бухимдсангүй. Ард түмнийг ийм болтол л нь халамжилсан байна. Нөгөөтэйгүүр нэг өдөр л гэрэл цахилгааны үнэ замбараагүй нэмэгдчихлээ гээд хэлэх ард түмэн алга. Тэд айдастай байна. Ямар их дарангуйлал вэ.

Цаашлаад иргэд 2024 он гэхэд нүүрсний хулгайг бичихгүй, ЖДҮ-ийг бичихгүй, Хөгжлийн банкны хулгайг бичихгүй болно. Тэгэхээр эрх баригчид ард түмнийг эдгээр хулгайг мартчихсан байна гэж ойлгоно. Ингээд дараа дараагийнхаа хулгай хийх замаа засна гэсэн үг. Тиймээс энэ хуулийг нэн яаралтай цуцлах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна DNN.mn

Монгол Улсын шадар сайд асан, эдийн засагч Да.Ганболдтой ярилцлаа.


-Ардчилсан нам ер нь үзэл санаан дээрээ нэгдмэл нам байхын тулд цаашид яах ёстой гэж та бодож байна?

-Товчхон хэлэхэд, их төвөгтэй асуудал байдаг юм. Учир нь үзэл санаа, үзэл бодлын төвлөрөл буюу байр суурь, амьдралын зарчим нэг, эсвэл төстэй хүмүүсийн нэгдлийг нам гэж үздэг. Ардчилсан нам бол 30 гаруйхан жилийн түүхтэй нам.

Ардчилал бий болохоос өмнө өөр үзэл санаатай байхыг хориглодог байсан. Элдэв шидийн түүхэн туршилт хийгээгүй жамаараа хөгжсөн улс орнуудын жишээг харвал, хүний төрж өссөн нутаг ус, бүс нутаг, магадгүй хөрш зэргэлдээ улс орнуудын, эсвэл уншсан ном, эзэмшсэн мэдлэг боловсрол, туулсан амьдралын туршлага энэ бүгдэд үндэслэж ямар нэгэн үзэл бодол төлөвшдөг байсан. Гэтэл 70, 80 жилийн туршид өөр ямар нэгэн үзэл байхгүй, өөр үзэл бодлыг судалж гүнзгийрүүлэх, эргэлзээ байвал тэрхүү эргэлзээгээ тайлах боломжгүй орчинд Монголын нийгэм бойжиж ирсэн. Ялангуяа тань шиг залуу хүмүүс яг ийм сорилтын өмнө байна гэж харж байна. Социализмын он жилүүдэд байгаагүй үзэл бодлыг 30 гаруйхан жилийн хугацаанд бүрэн дүүрэн эзэмшиж өөрийн болгоод амьдралынхаа туршид тохиолдож болох бүхий л нөхцөлд тохируулж, зохицуулж, эсвэл тэр үзлээр юмс үзэгдлийг тайлбарлаж чаддаг болтол цаг хугацаа хэрэгтэй байдаг. Хүн бүрийн мэдлэгийн түвшин, бодлогын түвшин, туулсан туршлага нь өөр өөр учраас энэ бол цаг хугацаа их авдаг ажил. Барууны өндөр хөгжсөн орнууд ямар нэгэн үзэл бодлыг хориглолгүйгээр хоёр, гурван зуун жил явсан байдаг. Тиймээс баруунтан, зүүнтэн, төвийн эсвэл ногоон үзэл, үндсэрхэг үзэл гэх зэргээр олон янзын үзэл санаа тэнд байдаг. Зарим үзэлтнүүдийнх нь үзэл санаа нь давхцах, төстэй үзэл гарна. Зарим нь зарим зүйлээрээ адил боловч өөр зүйлээрээ ялгаатай байх тохиолдол ч их байдаг. Харин Монголын нийгэм 30-хан жилийн дотор үзэл санаагаа төлөвшүүлж яваа. Ардын нам ч өнөөдөр бүрэн гүйцэд төлөвшөөгүй. 70 жил хатуу коммунизмд “хориглож” байгаад ардчилалтай “золгосон”. Гэтэл өнөөдөр зүүний үзэл гэдэг нь юу юм бэ гэдгийг ойлгодог хүн ч байна, ойлгодоггүй нь маш олон байна. Тиймээс өнөөдөр ийм эргэлзээтэй, бүрэн дүүрэн төлөвшиж чадаагүй нийгэмд гадаадын янз бүрийн нөлөө орж ирэхийг үгүйсгэхгүй.

76 гишүүний дийлэнх суудлыг нэг нам авчихсан хязгааргүй эрх мэдэлтэй байгаа энэ үед нөгөө талыг хэтэрхий дарангуйлах, доош нь хийх, өсөж амьдрах бололцоог нь хааж хяхаж хязгаарласан ийм нөхцөлд Ардчилсан нам бойжиж явна. Тиймээс өөрийн дотоодын ч зовлон бэрхшээлүүд их байна. Гаднаас орж ирж байгаа том зовлон бэрхшээлүүд ч байна. Иймээс энд цаг хугацаа орно. Маш олон сар, жил алдсан нь ойлгомжтой. Тойрч гардаггүй туулж гардаг зовлон учраас АН өөрийнхөө биеэр, өөрийнхөө амьдрал дээр энэ бүх сорилтыг давж туулаад цааш явж байна.

-Тэгвэл бойжилтын эхэн үедээ яваа энэ үед нь үзэл санаан дээрээ бат нот нэгддэг нэгдлийг төлөвшүүлэхийн тулд яг ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Үзэл бодлын асуудлаас гадна зохион байгуулалт, дүрмийн асуудал бий. Хүн өөрөө төлөвшөөгүй, гоморхох, ялагдсандаа уурлах, ялагдахаараа бусдыг амьдралгүй болгох тохиолдлууд социализмын үед байдаг байсан. Аав ээжийг нь ардын эсрэг дайсан, хувьсгалын эсэргүүн гэдэг нэрээр шийтгэхэд хэдэн үеэрээ хохирох тохиолдлууд байдаг байсан. Монголд өнөөдөр энэ үзэл нь арилаагүй хүн ч байна ш дээ.

Цөөнхийг хэзээ ч хүндэлж үзээгүй нам олонх болохоороо заримдаа зарим хүнийг амьдралгүй болгож байна ш дээ. Ажилгүй, цалингүй, орлогогүй, тэтгэвэргүй, хүүхдэд нь хүртэл өгөх мөнгийг нь яаж тоглож найруулж байна харж байгаа биз дээ. Үүнээс болоод зарим нэг хүмүүс цөхрөнгөө алдаад нам дотроо болчимгүй үйлдэл хийхэд хүрдэг байхгүй юу. Тиймээс үүн дээр тоглоод байна. Ийм учраас нэг талаас дүрэм хатуу байх ёстой. Дүрмээ ухамсарладаг байх ёстой. Хоёрдугаарт, үзэл санаа, үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Энэ бүх асуудал сүүлийн 30 жилийн туршид төлөвшсөөр л байна.

Өнгөрөгч долоо хоногт болсон ҮБХ ээлжит бус хуралдаан, намын Их хурал ч гэсэн ямар нэгэн үр дүнд хүрнэ. Санасан бодсон хэмжээнд хүрэхгүй олон зүйл байхыг үгүйсгэхгүй. Аль ч тохиолдолд Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна гэж ойлгох ёстой. Бид ялах нь тодорхой. Учир нь өөрсдөдөө үнэнч, ямар нэгэн явцуу сонирхолд хөтлөгдсөн хүн энэ танхим дотор цөөн бий.

-Дараагийн том сонгууль ойртож байна. Сонгуульд тухайн улс төрийн намыг удирдаж байгаа лидер чухал нөлөөтэй гэдэг. Нийгмийн хүлээлтэд танай намын дарга нийцэхгүй байх шиг байна. Ер нь ямаршуу хүн намын дарга хийдэг вэ?

-Интернэт мэдээлэл, уран сайхны кино, ном зохиолууд дэлхий даяар хангалттай болчихсон үед бусдыг хар л даа. Өөрийгөө хараад байхаар үнэн бодит дүгнэлтийг хийж чаддаггүй юм. Монгол хүн Монголоо хараад байхаар дандаа голоод байдаг. Өөр улс орнуудыг хар. Хамгийн өндөр хөгжилтэй том гүрнүүдээс өгсүүлээд хүн ам цөөтэй Монгол шиг жижиг улсуудыг бас хар. Ямар бодлогоор ямар шинж чанартай дарга юмуу, удирдлага, ямар нам Засгийн эрхэнд очиж ямар бодлого хэрэгжүүлсний үндсэн дээр ямар үр дүнд хүрч байна гэдгийг нь хар л даа. Амжилтад хүрсэн улс орны шалгуурт тохирч байгаа тийм хүн, тийм нам өнөөдрийн байдлаар манайд харагдахгүй байна ш дээ.

-Яагаад. МАН-д бий юм биш үү?

-Ардын нам зөвхөн коммунист аргаар, өрсөлдөгчгүй ганцаар ноёлж байж ямар нэгэн асуудлыг шийдэж чаддаг нам байхгүй юу. Манайх олон жил ялагдал хүлээсэн, зодуулсан балбуулсан, дээрэлхүүлж, доромжлуулсан. Тийм учраас ямар ч байсан цохилтыг дааж чаддаг, зорьсон юмныхаа төлөө уйгагүй шантралгүй яваад сурчихсан. Энэ бол улс төрийн хат, хатуужил суух хамгийн наад захын болзол нь. Үүнийгээ даван туулсны дараа түрүүн хэлсэнчлэн үзэл бодолдоо үнэнч дүрмээ дагадаг, эв нэгдлийн асуудлыг эрхэм болгож чаддаг болчихвол бид улс орондоо эерэг үр дүн авч ирж чадна.

-Та улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Маш том газар нутагтай, хүн цөөтэй, харьцангуй жижиг манай улсад хөгжлийн бололцоо маш их байна. Хоёр хөрштэйгөө зөв бодлогыг баланслуулаад явбал, дээр нь дэлхий нийтийн ерөнхий хөгжил, хандлага, зах зээлийн онцлогийг зөв тооцож чадвал гурван сая, дөрвөн сая хүнийг тэжээх, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс орнуудын хэмжээнд хүрэхэд бусад оронтой харьцуулбал манайд хамаагүй илүү давуу тал, бололцоо байгаа.

Өдий болтол тэр давуу тал, бололцоогоо ашиглаж чадахгүй явж ирсэн нь өнөөдөр бодлого дутсаных. Түүнээс биш манай Монгол тэнгэр бурхны гэх юмуу, өвөг дээдсийн ач буянаар бүх нөхцөлүүд нь байна. Магадгүй улс төрийн тогтолцоо, сэтгэлгээний арга барил, улс төрийн сонгон шалгаруулалтын механизм нь олон арван жил буруу явж ирсэн учраас өнөөдөр сайн хүнээ адалдаг, бие биенийгээ барьж, үгүйсгэдэг байдал бүрэн арилаагүй л явж байна.

-Эдийн засгаа сайжруулахын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой вэ?

-Үзэл бодолдоо зөв тууштай байвал энэ аяндаа ойлгомжтой асуудал. Эцсийн дүндээ Монголд компьютер цахилгаан, нарийн өндөр технологийг юу юугүй хийнэ гэвэл худлаа. Бүтэхгүй. Учир нь олон 10 жилийн туршид тууштай бодлого хэрэгжүүлж байж нөхцөл нь бүрддэг. Өнөөдөр хамгийн хурдан түлхэц өгөх салбар бол ойрын 10, 20 жилдээ уул уурхай л байна. Оюу толгой гэж ганцхан том уурхай ашиглалтад ороход Монгол Улсын ДНБ-ийг 10 дахин өсгөж чадсан юм чинь ийм дайны мега төсөл хоёроос гурав, магадгүй дөрвийг бие биенээ хардалгүй хийж чадвал Монгол Улсын хөгжилд бусад орнууд атаархах л болно.

-Бүрхэг л юм байна шүү дээ. Жишээлбэл, ганц валют олж байгаа нүүрсээ ч зарж чадахгүй хулгай үүрлэчихсэн ичмээр л нөхцөлд байна. Нүүрсний хулгайг яах ч ёстой юм бэ…

-Нүүрсний хулгайн шийдэл нь ойлгомжтой. Галт тэргээр зөөчихвөл гурав, дөрөвхөн жолооч гаргана. Ачиж буулгах нь ч их ойлгомжтой. Хүрз барьсан хүн хийдэггүй. Янз бүрийн шалтгаанаар Хятад руу төмөр зам тавихгүй 20, 30 жил явчихсан гэдэг чинь хулгай хийх л сонирхол. Юм гэдэг ер нь тийм байдаг ш дээ. Төрийн өмч гэдэг хулгай хийхийн л цондон. Хувийн өмч бол өөр. Та өөрөө өөрөөсөө хулгай хийхгүй нь ойлгомжтой. Төрийн өмч гэж хэний ч өмч биш. Учир нь дөрвөн жил боллоо. Дараачийн хүн ирнэ. Хяналт байхгүй. Түрүүчийн хүн байсан, бүү мэд” гээд идэж уугаад хулгайлаад алга болж байгаа юм даа.

-Та бид хоёрыг ярилцаж байгаа энэ үед нийгмийг доргиож буй нэг сэдэв бол хүүхдийн мөнгө. Хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй юү, эсвэл өрхийн амьжиргаатай нь уялдуулах хэрэгтэй юм уу?

-Би ухаантайдаа хэлээд байгаа юм биш, дэлхий дээр аль хэзээний тогтсон механизмууд байна. Жишээлбэл, та гар утсаараа над руу залгавал миний хажуугаар зөрж өнгөрсөн хүн тэр утсыг авах уу. Над руу залгасан бол би л таны утсыг авна. Та бид хоёрын яриаг тэртээх гуравдагч хүн сонсохгүй ш дээ. Хүний оролцоогүйгээр цахим бүгдийг хийж өгч байна. Тиймээс цахим болго. Монгол Улсад хэд хэдэн насны хэдэн хүүхэд байдаг юм бэ. Хэдэн хүүхэд авах ёстой вэ гэдгийг мэдэж байгаа хүн өнөөдөр байхгүй. Учир нь бүх мэдээлэл нууц, хаалттай. Ил байвал хулгай хийх бололцоо байдаггүй. Тиймээс шилэн болгоё гээд байдаг чинь хоосон үг биш. Шилэн болгохгүй, бүх юмыг цахим хэлбэрт оруулахгүй байна гэдэг нь эрх баригчид Засгийнхан үүнийг хийх сонирхолгүй байна гэсэн үг.

-Монголын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна?

-Шинээр унадаг дугуй зохиох хэрэггүй. Монгол Улс бол дэлхийн манлайлагч улс биш. Ялангуяа хүний, нийгмийн хөгжлийг шийдэж чаддаг туршлага, сорилтоороо өнөөдрийн Монгол Улс лидер улс биш. Сургууль, эмнэлэг, газар тариалан, боловсрол, нүүрс, хүүхдийн мөнгө, барилга орон сууц, замын хөдөлгөөн энэ бүгдээс гадна өөр 10 мянган асуудал бий. Агаарын бохирдол, урлаг, спорт гээд энэ бүх асуудлуудыг шийдээд манлайд хүрчихсэн дэлхийн өчнөөн улсуудын туршлага байна. Сохроор аваад хуулаад хий л дээ. Энд ухаан хэрэггүй. Улс төрийн зориг, шийдэл л хэрэгтэй.

Сингапурын боловсролын систем мундаг байна. Хүн бүр хоёр гурван хэлтэй байна. Түүх намтраа мэдэж байна. Тэд яагаад ингэж хөгжив гэдгийг нь ав л даа. Багш нар нь ямар ч хүнээс илүү мэдлэгтэй, боловсролтой, дэлхийн хамгийн сүүлийн үеийн туршлагуудыг өөрөө олоод авч чаддаг хоёр гурван хэлтэй байна. Монголд гадаад хэлтэй хүн байхгүй. Хоёр, гуравхан сая хүний төлөө орчуулга хийхэд хэцүү. Тиймээс багш нар дандаа хүний хараат хүн болчихож байна шүү дээ. Эмч ч ялгаагүй. Тиймээс хэл сур. Ховор мэргэжлүүдийг эзэмшүүл.

10, 20 жилийн дараа ямар салбарыг түлхүү хөгжүүлэх ёстой вэ гэдгээ тооцоод одооноос хүнээ бэлдэж эхлэх ёстой. Жишээлбэл, эрчим хүч, цөмийн энерги, атомын чиглэлээр хүн бэлдэхгүй байна. Дандаа сэтгүүлч бэлдээд байх юм. Өнөөдөр сэтгүүлч дутчихсан байна уу. Манайд сэтгүүлч ерөөсөө дутаагүй ш дээ. Харин түвшнийг нь сайжруулаад бүгдийг нь хэл устай, мэдлэгтэй болгох ёстой.

-Нийгэмд үүсээд байгаа энэ асуудлуудыг Үндсэн хуулиас л эхтэй гэцгээх болж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Дахиад л хэлье. Хамгийн тууштай жигд хөгжиж байгаа орнуудын жишээг харахад анх эхлээд түүхэн анхны сонголтыг хийхдээ тохирсон дүрмийн тоглоомыг өөрчлөхгүйгээр ядаж 50 жил яваад үз л дээ. Манайх 30 жилийн өмнө ардчилал гарахад хэдэн удаа хууль өөрчилж байна. Тухайлбал, Үндсэн хууль. Байнга л нэмэлт, өөрчлөлт оруулж засч байдаг. Тууштай яваад ямар үр дүнд хүрдгийг үзээгүй мөртлөө нэг хоёр хүнд таалагдахаа болиод, нэг нөлөөтэй хүний шүүмжлэл хүртэхээрээ л солиод байх юм. Ийм байж болохгүй.

Бодлоготой, үзэл санаатай байвал Монгол Улс хөгжинө. Өнөөдөр Ардын намд ч бодлого алга. Харамсалтай нь манай нам ч өөрийнхөө бодол, сонгож авсан үзэл санаан дээрээ тууштай байж чадахгүй байна. Учир нь манайх өөрсдөө сурахын хажуугаар сонгогчдыг давхар хүмүүжүүлэх сонирхол бидэнд байна. Ардын нам бол болхи бүдүүлэг байсан ч гэсэн олон түмнийг харанхуй дээр нь дагадаг, тэдэнд таалагдах гэж популизм хийдэг ерөнхий зарчмаар явж байна. Юм мэдэхгүй хүнийг дагаж болохгүй ш дээ. Төр засаг гэдэг чинь ард иргэдээ чирч хөтөлж шинэ юм руу дагуулж явах ёстой байдаг байхгүй юу. Ардчилсан нам ерэн онд сонгож авсан үзэл санаагаараа дагуулъя гэхээр тэр нь харьцангуй шинэ байна. Илүү их хүч чармайлт шаардана. Дээр нь иргэд, манай намын гишүүд түрүүн миний хэлсэн зовлон дундуур туулж яваа учраас цаг хугацаа их алдана. Тиймээс манай энэ зовлон нэг ёсондоо жамын зовлон. Ард иргэддээ тэсвэртэй тэвчээртэй, арай жаахан томоор нүдээ нээж хүний дотоод мөн чанаруудыг илүү сайн ойлгодог болоосой гэдгийг хүсэж хэрэгжүүлж авахаас өөр аргагүй. Энэ их цаг шаардсан ажил байдаг.

-Валютын нөөцөө гөвчихлөө. Нөөцийг нэмэгдүүлэхийн тулд нэн түрүүнд яавал дээр вэ?

-Эцсийн дүндээ, янз бүрийн сан хөмрөг, нөөц юуны тулд байдаг юм бэ? Нөөцийг гөвөхийн тулд байдаг. 90 оны дундуур манайд их бага нөөц байсан. Тэрхүү нөөцийг цахилгаан эрчим хүч, цахилгаан станцуудын запас сэлбэг, шатахуун бензинд зарцуулж байсан. Бүх юм нь болохоо байчихсан гал асаж байгаа асуудал өнөөдөр бидэнд алга. Байр орон сууц ихэнх юм нь байна. Байгаа мөнгийг нэг хөшөө барьж дахиж буулгаад ингээд үр ашиггүй юманд зараад байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн буруу шийдвэр гаргаад байна гэсэн үг шүү дээ. Түүнээс манайд олон тэрбум төгрөгийн нөөцтэй Оюу толгой, Таван толгой, нүүрс олж байгаа орлогоор Монголд шинэ эмнэлэг, шинэ сургууль, шинэ зам харгуй, ялангуяа жижиг дунд үйлдвэрийг байгуулах өчнөөн бололцоотой байна. Гэтэл ихэнхийг нь боссууд Land Cruiser, тансаг зэрэглэлийн орон сууц, аялал жуулчлал үрээд байна. Нэг хэсэг нь ядуураад байна. Наад захын жирийн орон сууц, халуун хүйтэн усан хангамж, сургууль, эмнэлэг нь хот хөдөөгүй ялгаагүй түвшинтэй болох зорилго хангалттай байна. Ийм зүйлд зарахын оронд нэг дор үр ашиггүй зараад байна. Байгаа мөнгийг зарах зарахгүйдээ биш, буруу юманд зараад байгаадаа л байна. Үүнд сонгогчид хариуцлагагүй, төсвийн зарцуулалтыг хянадаггүй, хяная гэсэн ч нөлөөгүй, тав арван төгрөг өгөхөөр нь саналаа өгчихөөд байгаатай холбоотой.

-Авлига албан тушаалын хэргийг хазаарлахын оновчтой гарцыг та юу гэж харж байна?

-Эцсийн дүндээ сонгогчдын боловсрол байдаг. Сонгогчид өөрсдөө үүнтэй эвлэрээд босдоггүй, шуугьдаггүй, шүүмжилдэггүй. Идсэн уусан хүмүүсийн нэр ус нь тодорхой байхад дахин дахин сонгоод байхаар хэн хариуцлага тооцох юм бэ. Тиймээс нэг том шалтгаан нь сонгогчдын өөрсдийнх нь ухамсар. Нийгмийн идэвхтэй байр суурь чухал байдаг. Зарим соёлтой газар буруу үг хэлснээс болоод огцруулж байна. Энэ жишиг манайд зарим үед тогтоод байна. Гэхдээ сонгогчид нэг их мундаг шахсандаа ч биш, тэрийг нь далимдуулж нам нь дотроо нэгэнтэйгээ тооцоо хийж байгаа нь надад илүү мэдрэгдээд байна.

Энэ хүн болохгүй байна гээд сонгогчид илүү шахалт үзүүлж улс даяараа шуугиад арга буюу Засаг нь огцруулж байгаа бол энэ сонгогчдын идэвхтэй байр суурь. Манайд тийм юм харагдахгүй байна.

Иргэдийн амьжиргаа, боловсрол, нийгмийн идэвх нэг шөнийн дотор тэр байтугай 5, 10, 20 жилийн дотор төлөвшдөг ажил биш. Зугуухан дээшлээд л байна. Жишээлбэл, 20, 30 жилийн өмнө намайг ярьж байх үед яах гэж өмч хувьчлах гээд байгаа юм бэ гээд ойлгодоггүй байсан бол өнөөдөр өмч хувьчлалд эргэлзэж байгаа хүн алга. Алт, мөнгө гаргалаа гээд намайг муулдаг байсан бол өнөөдөр 20, 30 тонноор нь гадагшаа гаргахад муулдаг хүн байхгүй болчихсон ш дээ. Тиймээс юм бүхэн зугуухан явдаг. Монгол Улс урагшилж л явна. Манай нийгэм түүний дотор манай АН дээшилж л байна. Даанч хүний амьдрал их богинохон. Хөгжлийн энэ процесст нэг хүний наснаас илүү их хугацаа шаарддаг. Хүн их яаруу байдаг. Ялангуяа залуучууд. Маргааш нь шуудхан диваажинд оччихмоор санагдаад байдаг. Тийм зүйл байдаггүй байхгүй юу