Categories
мэдээ цаг-үе

Шархад, I хороолол, Хайлааст зэрэг нийслэлийн таван хэсэгт агаар их бохирдолтой байна DNN.mn

Нийслэлийн агаарын чанарын индекс 11:30 цагийн хэмжилтээр таван хэсэгт “Маш их бохирдолтой” гэж заав.

Тодруулбал, Дамбадаржаад агаарын чанарын индекс 413 байгаа бол Баянхошуу, I хороолол, Шархад, Хайлаастад 500-аас дээш байна.

РМ10 тоосонцрын хүлцэх хэмжээ 100, РМ2.5 тоосонцрын хүлцэх хэмжээ 50 байдаг. Гэтэл Хайлаастад сүүлийн 24 цагт РМ 2.5 тоосонцор 1,068 хүрсэн байна. Энэ нь хүлцэх хэмжээнээс бараг 22 дахин өндөр үзүүлэлт юм.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн дэд профессор Н.Амгалан “Сүүлийн найман жилийн дунджийг авч үзвэл, агаарын бохирдлын үндсэн бохирдуулагчийн нэг болох РМ2.5 нь гадаад орчинд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээтэй харьцуулахад 4.6–15.3 дахин их, манай улсын стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9-4.6 дахин их агууламжтай байсан. РМ2.5 тоосонцорт олон төрлийн химийн хортой нэгдлүүд болох хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй хоёрдогч органик бохирдуулагчид агуулагддаг” гэж байв.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ DNN.mn

“Томуу болон амьсгалын замын шалтгаантай халдварын хүндрэлээр нас баралт ганц нэг бүртгэгдэж байгаа. Жилийн жилд 11 хүртэлх сартай хүүхдүүдэд нас баралт тохиолддог.

Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр бага насны хүүхэд нас барсан тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлэгт нэг, Орхон аймагт нэг бүртгэгдсэн болохыг” ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, анагаах ухааны доктор А.Бурмаа мэдээллээ.

ХӨСҮТ томуугаар өвчилсөн иргэдэд зориулан ор дэлгэж буй. Хамгийн ихдээ 250-300 ор дэлгэнэ гэв.

  • Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хүний бөөгнөрлийг аль болох сааруулах. Учир нь амьсгалын замын халдвар нэмэгддэг.
  • Удахгүй цагаан сарын баяр болно, энэ үеэр ч хүний бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Тиймээс амны хаалтын хэрэглээгээ хэвээр байлгах хэрэгтэй.
  • Сургууль, цэцэрлэгийн орчинд агаарын сэлгэлт хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх
  • Үдийн цай, цэцэрлэгийн хоолонд амин дэм, илчлэг сайтай хүнс өгөх нь өвчнөөс сэргийлдэг. Халуун бүлээн аньс, чацаргана, аарц зэрэг нь тохиромжтойг тэрбээр зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 58 өргөдөл, гомдлыг хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 58 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.4 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд улс төрийн болон удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 232 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

АБГББХ: Долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг батлуулав DNN.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, давхардсан тоогоор 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар соёрхон батлах тухай хоёр хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төсөл, байнгын хорооны хэлэлцэх эсэхийн хоёр санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн гурван санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх хоёр санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн хоёр танилцуулга, зөвшилцсөн талаарх есөн санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллыг бэлтгэж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Байнгын хороо долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд:

1. “Түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн тус тус батлуулав.

2. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Ухаалаг засаг-2 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлэн батлууллаа.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох тухай саналыг зөвшилцөх тухай асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцэж, УИХ-ын саналын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэв.

4. Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын ъУхаалаг засаг-2 төсөлъ-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын ъМонгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөлъ-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын (Аймаг,сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр)-ийн Санхүүжилтын ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Куба Улс хоорондын гэрээний төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн.

5. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зөвшилцөхөөр ирүүлсэн ъДаян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээръ-ийн төслийг хэлэлцэж хойшлуулсан.

Хяналт, шалгалтын ажлын талаар

1.Түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонсов. Түр хорооны гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн.

2.2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилт, хар тамхины хэрэглээ, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон.

3.2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Кибер, ауюлгүй байдлын тухай холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонссон.

4.2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Галт зэвсгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон.

5.2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний агаарын командлалын мэдээллийг сонссон.

Бусад ажлын талаар

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 10 удаагийн албан уулзалт хийсэн. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Мөн Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цэргийн тагнуулын газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, удирдлагууд, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, харьяа газрын дарга, удирдлагуудыг хүлээн авч уулзан тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгсөн. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-тай цахим уулзалт хийж, энэ оны нэгдүгээр сарын 19-нд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан. Тус байнгын хорооны Тусгай хяналтын дэд хороо нэг удаа хуралдсан болно. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо хоёр удаа хуралдан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан хуулийн биелэлтийн талаар Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссон болно.

Энэ сарын 19-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг танилцуулж, үйл ажиллагаа нь дуусгавар болсон хэмээн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бурхан шоо орхиж тоглодог уу? DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…………..

Шинжлэх ухааны салбарууд дотроос тархи гавал хоёрыг наалдтал тарчлаадаг ухаан бол математик бөлгөө. Энд их л сонин юм болох юм. Сүүлийн сонин гэвэл бурхан байдгийг тэд нотолсон тухай дэлхий даяар шуугиж байна. Бас дэлхий ертөнцийн олон тавилан, байгалийн хуулиуд мухардалд орж бид юмс үзэгдлийг дахиад л эхнээс нь танин мэдэх тоо бодоцгоох нь. Их зантай математикчид өөрсдийгөө сурталчлахгүй байх тусам тэднийг олон нийт улам хорхойсон мөрдөх хандлагатай болжээ. Өндөр хөгжилтэй гэгддэг улс орон бүр төрийн хар хайрцагандаа математик гэдэг салбарыг дээдлэн энд тэндхийн олигтой гэх тоочдыг хайдаг болсон байна. Монгол Улсын хувьд энэ талаар ямар байр суурьтай байдгийг одоогоор тодорхой мэдэх юм алга. Сэтгүүлч, зохиолч, бизнесмен угшлын улстөрчид төрийн бүх өндөрл өг, парламентыг эзэгнэнхэн буй өнөө үед юун энэ сэдэв манатай байх шиг санагдана. Уран сэцэн ярьж өнөө маргаашийг аргацаан улс төрд санал авахын төлөөний тэмцэл л чухал болжээ. Одоогоор манай улсад их, дээд, ерөнхий боловсролын хувийн болон төрийн олон сургуулиуд бий. Эдгээрээс I сургууль, “Сант”, “Олонлог” гэсэн ердөө гуравхан сургууль цэвэр математикийг амжилттай хөгжүүлж, эрхэмлэн дээдэлж байна. Дээрх сургуулиудын ахлах ангийн сурагчид зарим их, дээд сургуулийн оюутнуудын тоог нь бодож өгдөг гэсэн. Саяхан хэвлэлтээс гарсан “Математик цоморлиг” гэдэг ногоон хавтастай номыг олж уншлаа. Гадаад дотоодын нэр хүнд бүхий математикчид юу хэлсэн, яаж бодсон тухай тун сайн орчуулсан ном санагдсан. Уг номын зарим хэсгээс товчлон найруулж сонирхуулж байна.

МАТЕМАТИК БА ХУВЬ ТАВИЛАН

Төр нийгмийн толгойд хэн байна вэ? Удирдах ажилтнууд оюун ухааны чадамжаар бусдаас илүү юу? Энэ асуултын хариу нь хэр зэрэг математикаар хичээллэж байснаас хамааралтай байдаг. Эрхэм гишүүд эрхэм үг хэлэх нь нэг хэрэг. Төрд юу л бол юу хийж чаддаг, хууль уншсан, спортоор тогтмол хичээллэдэг, шүлэг ойлгодог гэх мэт цуглуулга байж болох боловч математиктаа хэр байсан нь илүү чухал юм. Оюун ухааны хэмжүүрийг нь тоо хэр бодож байснаар нь багцаалахаас хуурамч, үнэн докторын цолоор нь хэмжих боломжгүй болчихоод байгаа юм. Тоо үзээгүй улстөрч “…Бусдад болон нийгэмд гай тарьж байгаагаа ч мэддэгг үй…” Урьд өмнө математикийг анзаардаггүй байсан бол одоо эргэн санахад та үнэхээр ухаалаг бол хожимдохг үй. Одоо ч ертөнц даяар түгсэн теоремуудын учрыг олж чадахгүй хэвээрээ бол таныг тэнэг гэхээс өөр хэлэх үг алга. Тэнэг хүн тэнэг ба оюун ухаант хүмүүсийн нийлбэрийг хэрхэн удирдаж чадах билээ. Зөвхөн тэнэгүүдийн од болж улс үндэстэндээ гай хөө болно. Оюун ухаант ертөнцийг сүргийн манлай бух биш, алгебрийн томъёо төвөггүй бодох хэмжээний нөхөр ядаж удирдаж байвал илүү итгэл үнэмшил төрөх биш үү. Гэхдээ өнөөдөр тоо бодлогын нэр барьж, мэдэхгүйгээр нь далимдуулсан хуурамч математикчид гадуур хангалттай олон байдаг. Үүнийг ялгаж салгахад тийм ч хэцүү биш. Олон улсын хэмжээнд математикчид хэл уснаас хамаарахгүйгээр нэгийгээ сайн танина. Интернэт гэж сайхан юм гарсны ачаар хэн юу хийж байгаагаа алган дээр харж буй мэт мэддэг болсон. Математик бол удтал хичээллэсний үр дүнд оюун ухаан задардаг болохоор улс орон бүрийн боловсролын тэргүүн эгнээнд явсаар ирсэн, хойшид улам чухал салбар хэвээр байх нь дамжигг үй. Дэлхийн хамгийн мундаг шатарчныг хожих хэмжээний компьютерийг математикчид зохиогоод байна. Гэтэл компьютер нь покер тоглодог математикчийг хожиж барахгүй л байна. Энэ бүх учир начрын талаар “Математик цоморлиг” номонд гарах бөлгөө…

ЗАЛУУ МАТЕМАТИКЧДАД ИЛГЭЭХ ЗАХИДЛУУД

Иан Стюарт гэдэг нэрт математикчид нэгэн оюутан хөвүүн “Яаж тан шиг болох вэ” хэмээн удаа дараа асуужээ. Тэрбээр тоочин оюутныг тоон хэд хэдэн захиа бичсэн нь сэтгүүлзүйн хувьд анзаармаар сайн нийтлэл болсон байдаг. Мэдээж бодож чадахг үй бодлогынхоо хариуг олох зэрэг дажгүй сэргэлэнтсэн байж таараа. Харин түүний зөвлөгөө дотроос бодмоорыг нь хасаад бусдад дамжуулмаар юмс зөндөө байдаг. “Эрхэм Миг та надад хандаж захидал бичсэнд талархаж байна. Тооны хичээл уйтгартай атлаа хамгийн хэц үү гэж олон сурагч хэлдэг л дээ. Гол нь багш нар ухаалаг арга барилаар заагаагүйтэйхолбоотой байх. Та бүхний үзэж буй сурах бичгээс гадна математик байдаг талаар хэн ч хэлж өгдөггүй. Шинжлэх ухааны бусад салбаруудыг математикаар усалж тордож байж ургуулдаг болохоор энд хийх ажил маш их байдаг. Ганцхан тоо бодоход ямар их оюун ухаанаа зарцуулдаг билээ. Тэгвэл орчлон хорвоогийн бүхий л тулгамдсан асуултын хариунуудыг гаргахын тулд хүү минь чи багагүй хугацааг зарцуулах нь мэдээж. Өнөөдөр 55 мянган хүнийг эгнээндээ багтаасан Дэлхийн математикчдын холбоо ажиллаж байна. Эндээс “Mathemaical Review” сэтгүүл жилдээ 12 удаа хэвлэгдэн гардаг. Ойролцоогоор нэг сая гаруй нүүр судалгааны материал бэлтгэгддэг гээд бод доо. Энд дандаа дэмий юм бичсэн байж таарах уу. Математикийн мэдлэг ихсэх тутам шинэлэг нээлт хийх чадвар ихэсч байдаг. Өөрөөр хэлбэл хуучин ухагдахуун нь шинэ санааг бий болгох хөрс болдог. Аливаа хичээлд шинэ мэдээллийг эзэмших хурд өмнө нь хэр ихийг мэдэж байснаас шууд хамааралтай. Тийм болохоор энэ шинжлэх ухаанд жил бүр өчнөөн олон нээлт бүртгэгдэж байдаг ба цаана нь хийх ажил та нарыг бас хүлээсээр байгаа. Математикт ажилгүйдэл нүүрлэнэ гэж “бүү ай”. Хүмүүс биднийг зөвхөн тоонуудыг л бодож олоход чиглэгдсэн гэж үздэг. Хэрэв тийм байсан бол аль МЭӨ үед дурын нэг сэтгэгчид аль хэдийнэ бүгдийг нь бодоод өгчихгүй яахав дээ. Дунд сургуульд үзэж байгаа тоо бол арифметик шинж чанартай нэмэх, хасах, хуваах төдий зүйл. Гэхдээ үүн дотор ч шинэ санаа гараад байдаг юм шүү. Тухайлбал тоо бодох хоббитой хуульч Пьер де Ферма “Хоёр квадратын нийлбэр квадрат юм байж. Кубын хувьд тэгвэл яах вэ?. Бүр дөрвөн зэрэгтийн нийлбэр хэдтэй тэнцүү вэ?” гэх мэтээр золигтсоноос болж баахан ажил алдуулсан байдаг. Тэрэн дээр нь үе үеийн математикчид дайрч ороод барааг үй. Тэртээ 350 жилийн дараа 1994 онд л франц хуульчийн асуултын хариуг Эндрю Уэлсс хэмээх тоочин гаргаж баталж билээ. Энэ тухай маш сонирхолтой баримтат кино байдгийг үзээрэй. Түрүүн би математик тэр чигээрээ тоо биш гэж дурдсан. Математик бол зүй тогтлуудыг судалдаг. Цаашилбал зүй тогтол хаанаас хэрхэн бий болдгийг мөн судалдаг. Байгалийн зүй тогтол, бүтэц хэлбэр гэхэд л сонирхоод баршгүй содон гоё юмсаар дүүрэн харагддаг. Тэр гоё төгөлдөр зүйлсийг хараад хүмүүс шүлэг дуу зохиохын хажуугаар бодлого бодож учрыг тайлж, мөн хүссэн үедээ хэрхэн өөрчилж болох талаар ухаан зарах нь бидний үүрэг юм. Би Техас орох замдаа эргэн тойрон дахь юмс үзэгдлийг харан, сэтгэлдээ тоо бодон математикийн гоо сайхнаар умбаж жаргалтай явдаг. Утсан дээр сууж буй болжморуудын байраа эзлэх харьцаа, гүйж яваа нохойны хөлийн жигд хэмт шогшоо, голын ус, гүүр, зам зэрэг бүх л зүйлд хөнгөхөөн бодогддог математикууд явж л байдаг. Нохойны хөлний жигд алхааны теорем нь хожим Ангараг гариг дээр дугуйгаар биш алхдаг хөлтэй техник бүтээхэд хүргэсэн зэргийг бодож ажиглах сайхан санагддаг. Вито Вольтерра гэх тоочин Италийн загас агнуурт уригдан хэд хоног ажиллаад орчны зүй тогтлыг нь мэргэн хүн шиг гаргаж өгсөн байдаг. Дэлхийн I дайн болж загасчид загас агнахаа больчихоод байхад агнуурын загас цөөрч махчин загас олширсон хачин үзэгдлийн учрыг олохыг хүссэн юм билээ. (Энэ тухай баахан тоо бичсэнийг орхив.Уг нь сонирхолтой. сурв) Дээд математикаар хичээллэгчид элементар математик сэтгэлгээндээ мэдээж илүү байдаг. Нэгэн том сургуулийн профессор лекцийн танхимдаа тааз ширтэн бүх чийдэнгүүдийг нэг бүрчлэн тоолж явдаг. Гэтэл математикч эмэгтэй орж ирээд тоог нь алдуулчихаж. Профессор дахиад л эхнээс нь тоолох гэж мунгинахад эмэгтэй “Ийшээ тэд, тийшээ төд ердөө л 96 байна шүү дээ. Үүнийг тоолж яадаг юм…” гэсэн гэдэг. Дараагийн чамд хэлэх чухал юм бол нээлт буюу чинийхээр бодлогын хариуг хэрхэн олдог вэ гэдэг туршлагаа хэлж өгье. Аливааг сэтгэн бодох үйл явц эхлээд бүдэг бадаг төсөөллөөс эхэлдэг. Тэрнийгээ зохих томь- ёонд оруулна. Өөрөө тэмдэгт хийж орлуулж болно. Ихэнх математикчид ийм дэс дараалалтай ажилладаг. Асуудлынхаа эргэн тойронд их л цуцалтгүй ажиллана. Байнга мухардалд орно. Ухамсартайгаар олж авсан бүх л мэдээлэл чинь сүүлдээ замбараагаа алдаж алиныг нь шүүрч авахаа мэдэхээ больчихдог. Тэр үед нь ажлаа шууд орхиод өөр юм оролдох, амарч хэвтэх хэрэгтэй. Энэ үед чиний далд ухамсар чинь ажиллах бололцоо гардаг. Өөрөөр хэлбэл санаандгүй байж байтал шинэ санаа толгойд чинь гялс орж ирдэг байхгүй юу. Ер нь аливаа асуудлыг бүрэн ухаарч чадсан бол юмс маш энгийн байдаг шүү дээ. Ямар ч зүйл нэг бол огт боломжг үй, эсвэл илэрхий ойлгомжтой л байдаг. Математикийн шинэ санаа өөд дайрах тактик, стратегийн талаар Адамар, Пуанкарье нараас суралцах юм их бий. Ажигла, шинжил, судал тэгээд бясалга. Тэгсэн цагт эрхэм Мэг минь, нэг өдөр бусад математикч нар чамаас суралцах цаг ирэх ч юм билүү”.

БУРХАН ШОО ОРХИЖ ТОГЛОДОГ УУ БУЮУ ЦЭГЦГҮЙН ТУХАЙ ШИНЭ МАТЕМАТИК

А.Эйнштейн ертөнцийн зүй тогтол, эмх цэгцтэй байдалд итгэдэг байсан болохоор бурхныг үл ойшоодог. Хүн ухаан суусан цагаасаа эхлэн байгаль эхийн араншинг олох гэж олон мянган жилийг зарцуулсан билээ. Тэгж тэгж нэг юм орчлонгийн тавиланг мэдэж авсан. Дэлхий ертөнц гэдэг нь тийм ч замбараагүй холион бантан биш гэдгийг таньж, эмх цэгц дээр нь тулгуурлан нисдэг, хөвдөг, зайнаас ярьдаг гээд бүх л нээлтээ хийгээд авлаа. Орчин үеийн техник технологийн хамаг үндсийг эхл үүлсэн XVIII зууны эцэс гэхэд байгалийн нууцын өчүү- хэн хэсэг үлдлээ гэлцэж байсан. Он жилүүд өнгөрөхөд эрдэмтдийн үзэл бодол зогсонги байсангүй. Зарим хууль зүй тогтол маань “Энд тэнд хууль зөрчсөн “ явдал гарсаар байх. Квант механикийн онолыг нээлээ. Радио идэвхит атомын задаргаа мэтийн тулгуур үзэгдлүүд байгалийн хуулинд биш санамсаргүй зүй тогтолд захирагддаг нь илэрхий боллоо. Эйнштейн квант механикийг маш эсэргүүцэж тийм юм байх ёсгүй гэж байв. Хэрэв тэрээр зөвшөөрвөл бурхан гэж байхаар барах уу тэрээр заримдаа шоо хаяж тоглож байгаа юм шиг үе үе сахилгаг үйтдэг болж таарах гээд. Одоогоор бурхан байдаг төдийгүй шоо хаяж тоглодог нь үндсэндээ бараг батлагдах шатандаа явж байна. Цаашид хэрхэн шоо хаядаг учрыг нь тайлчихвал олон асуудлын зангилаа мултрах учиртай. Энэ бол үнэхээрийн шуугиан тарьсан нээлт болоод байгаа аж. Энгийн гээд урьд өмнө огт тоодоггүй бүхэн өнөөдөр төвөгтэй болж өөр шинэ хэмжигдэх үүн, өнцгөөс харах шаардлага гарлаа. Үүний хариуд харин урьд нь маш хэцүү ойлгомжгүй байсан сэдвүүд энгийн хялбархан болсон нь олзуурхууштай. Байгаль дээр зүй тогтлын хувьд хоорондоо уялдаагүй юм гэж байхгүй гэж орчин үеийн шинжлэх ухаан заадаг. Тэгвэл одоо бүх хэмжээс, ус шингэн дэх хуйлрал, дэлхийн соронзон орон, гариг бүсийн цоорхой, химийн урвалын өрнөл, эсийн доторхи бодисын солилцоо, хүний тархинд импульс дамжих үйл явц гээд тоо томшгүй асуудлууд шинээр сөхөгдөн гарч ирж “хэрэг задрах нь”. Бид шинэ ертөнц, шинэ математик, байгалийн хуулийг ойлгох шинэ хандлагын гэрч болцгоох нь юутай завшаан. Эртний Грек зэрэг оронд ертөнцийн тухай бүдэг бадаг төсөөлөл бий болж түүнийгээ аль нэг бурхан, буг чөтгөрөөр хийсвэрлэн дүгнэж тэр явцдаа элдэв тоо дүрслэл, томъёо зохиосон нь хожим математикийн шинжлэх ухаан үүсэх суурь болсон байдаг. Тэгэхээр математикийг эргэн тойрон дахь бодит зүйлээс үүссэн гэхэд учир дутагдалтай. Тоологч, нябо нар бол математиктай тийм ч ойр садан биш. Ингэхэд яагаад математик үүсчихэв гэдэг маань ч хүртэл сонирхолтойгоос гадна сэжиг бүхий. Математик нь бодит байдалд оршин тогтнож буй зүйлээс санаа аван хөгжүүлж байгаа жинхэнэ “бодит тоо” гээд байтал саяхнаас орчлонд бодит байдал гээч маань бараг байхгүй гэдэг болчихлоо. Дахиад л математикийн асуудал босоод ирэв. Эсвэл энэ салбар нь угаасаа бүх нийтийн төөрөгдөл байв уу?. “Ардчилал муу. Гэхдээ энэнээс илүүг одоохондоо олоогүй байна” гэгчээр одоогоор хү- рээлэн буй орчлонг танихад математик л найдвар төрүүлж байгаа. И.Ньютон “Натурал философийн математик зарчмууд” гэдэг алдартай номоо өдгөөгөөс гурван зуун жилийн өмнө бичсэн гэдэг. Тэр ном жилдээ 700 орчим хувь хэвлэгддэг бөгөөд одоо болтол гүйлгээ нь буурахгүйгээр барахг үй хэрэг болсоор байгаа шидийн судар гэгддэг. Энэ шаштир одоо хэрэг болоод байна. Агуу Ньютон тухайн үедээ одоогийн эрдэмтдийн өмнө тулгараад байгаа асуудлыг мэдэрч бүх ертөнц тэр чигээрээ захирагддаг тийм хууль байх эсэхийг судалж чадвал нээчих гэж чармайж явжээ. Бас л том толгой байж дээ. Түүний хуулиар хүн тө- рөлхтөн 200 гаран жил замнахдаа зөвхөн квант, харьцангуйн гэх ганц нэг онолыг л сольсон. Физикчид Ньютоны замаар замнахдаа ертөнцийн нэгдмэл хуулийг нь олчих санаатай супер нэгдлийн онол, тэгш хэмийн алдагдал зэрэг янз бүрийн онолуудыг нэгтгэсэн ухаан дээр ажилласаар байна. Бид одоо 26 хэмжээст огторгуйд амьдардаг гэдэг. Эдгээрээс дөрвөн хэмжээс нь (Урт өргөн өндөр гэх мэт. сурв) ойлгомжтой болохоос бусад нь тэр гэх тэмдэггүй мушгиралдан сүлжилдэж тө- вөг учруулдаг. Үүнд хариулт олддоггүй. Гэхдээ ямар ч шинэ онол гарлаа гэхэд тэр нь математикаас хамаарах болно гэлцдэг. Бурхан геометрийг маш сайн мэддэг нь илэрхий байна. 1977 онд АНУ “Войяжер- 1” сансрын хөлөг хөөргөжээ. Сансрын хөлөг тойрог замд гараад нарны аймгуудын зургийг авч мэдээлсээр байв. Санчир гаригийг 10 дагуултай гээд байтал “газар дээр нь” үзтэл 15 дагуултай болдог. Энэ ч тийм сонин биш. Хайперон гэх нэг дагуул нь гариг эрхсийн нийтлэг хэлбэрээс тэс өөр тэр гэхийн тэмдэггүй ерт өнц байсан нь гайхаш баржээ. Тэр гариг бусдын адил бөөрөнхий биш, зориуд Ньютоны хуулыг зөрчиж байгаа юм шиг ойсон савсан байдалтай Санчирыг тойроод дэгдэж явах юм гэнэ. Чухам эндээс л бурхны тухай төдийгүй түү- ний шоо шиг гаригийн тухай яриа өрнөжээ… (“Математик цоморлиг” номоос өчүүхнийг таслан авснаа товчлов. сурв).

Ж.ГАНГАА

Categories
гадаад мэдээ

​Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайд тангараг өргөв DNN.mn

Хөдөлмөрийн намаас“COVID-19”-тэй тэмцэх асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан К.Хипкинсийг өнгөрсөн ням гарагт намын шинэ даргаар сонгосон юм. Шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ирэх долоо хоногт өөрчлөлт оруулна. Өдгөө 44 настай тэрбээр Засгийн газрын тэргүүнээс гадна Үндэсний аюулгүй байдал, тагнуулын сайдын албыг хаших ажээ.

Инфляцтай тэмцэх асуудлыг эн тэргүүнд тавина гэдгээ К.Хипкинс мэдэгдсэн байна. Шинэ Зеландын Статистикийн хорооноосмэдээлснээр, инфляц 12 дугаар сард 7.2 хувьтай гарсан байна.

Ж.Ардерн Ерөнхий сайд, Хөдөлмөрийн намын даргын албан тушаалаасаа огцорч, ирэх сонгуульд улиран сонгогдохгүй байхаар шийдсэн талаараа өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ. Шинэ Зеландын бүх нийтийн сонгууль энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр болно гэж “Reuters” мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо DNN.mn

GPE төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулж байна.

Сургалтад 11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Энэ удаагийн сургалтын үр дүнд:
– Хүүхдийн хооллолтын онцлог, шим тэжээлийн хэрэгцээг зөв үнэлэх арга барил эзэмшинэ.
-Сургуулийн хоолны газарт эрүүл ахуй, зохистой дадал мөрдүүлэх мэдлэг, ур чадвартай болно.
-Сургуулийн хоолны газар түгээмэл ашигладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй болно.
-Тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн хэрэгцээг үнэлэх арга зүйд суралцана.
Батлагдсан норматив зардлаар хэрхэн түүхий эдийн сонголт, тэнцвэртэй шим тэжээллэг хоол бэлтгэх аргад суралцана.
“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) Олон Улсын байгууллагын 5 сая ам. долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа. Төсөл нь:
– Тэгш хамруулан сургах
– Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ
– Хосолсон сургалт гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм.
Тус төсөл нь гурван жилийн хугацаанд 12 аймаг, 9 дүүргийн зорилтот сургуульд хэрэгжинэ.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 69 жолооч согтуугаар жолоо барьж, 117 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1345, хулгайтай холбоотой 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 116 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 69, хүний биед халдсан 58, эрүүлжүүлэх байранд хоносон 117 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе

Нугасны эмгэгийн эмийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор нугасны эмгэгийн эмийн эмчилгээг 719 мянган төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан байдаг.

Тухайлбал, даатгуулагч сард 5500 төгрөг, жилд 66000 төгрөгийг өөрийн эрүүл мэнддээ зарцуулснаар энэхүү тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн 82 байгууллагаас ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр авах юм байна.

Categories
редакцийн-нийтлэл

Д.ОЮУНТҮЛХҮҮР: МИНИЙ АМЬДРАЛЫГ “ЭЭЖИЙН БҮҮВЭЙ” ГЭДЭГ ГАНЦ ДУУ Л ЭРС ӨӨРЧИЛЧИХСӨН DNN.MN

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүртэй хийсэн ярилцлагыг дахин нийтэлж байна.


Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүрийн тэргүүлдэг “Оюунтүлхүүр” сангаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэсэн юм. СХД-ийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоны 4-13 насны 120 гаруй хүүхэд, багш П.Гэрэлт-Одын хамтаар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор бэлтгэж байгаа юм байна. Харамсалтай нь тэдэнд хөгжмийн зэмсэг хүрэлцээгүй учир өөр сургууль, цэцэрлэгээс хөгжим гуйж бэлтгэлээ базааж байгаа аж.

Өчигдөр дуучин Д.Оюунтүлхүү Японоос ирсэн хөгжмийн зэмсгүүдээ П.Гэрэлт-Од багшид гардуулж, ирэх сарын 7-нд Жаргалант тосгондоо зохион байгуулах 120 хүүхдийн “Сүү ивэлгэсэн хайрын аялгуу” тоглолтод нь амжилт хүссэн юм.

Энэ үеэр гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүртэй ярилцлаа.


-Танай сан нийт хичнээн хүүхдэд тусламжийн гараа сунгаад байна вэ?

-Манай халамжийн төвөөр давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд хүмүүжээд гарсан байдаг юм. Улсаас өндөр стандарт тавих болсон учир тэр шаардлагыг нь хангах боломж одоогоор байхгүй болохоор үйл ажиллагаагаа түр зогсоочихсон байгаа. Хуучин байсан хүүхдүүд маань бүгд төгсөөд, том болоод явцгаачихсан. Шинээр хүүхэд аваагүй гэсэн үг л дээ.

-Өнөөдөр танай сан Улаанбаатар хотын алслагдсан хорооны хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг бэлэглэж байна?

-Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо гэсэн харьяалалтай мөртлөө хотын төвөөс 60 гаруй км-ийн зайтай тосгон гэж дуулаад гайхсан л даа. П.Гэрэлт-Од багшийг манай санд хүсэлт гаргасныг мэдээд ямар ч байсан туслахсан гэж бодсон. Шууд л санаа шулуудаад тусална гэж шийдсэн. Тэгээд Монгол, Японы соёлын нийгэмлэгт хандахад тэд эргэлзэх юмгүй зөвшөөрсөн. Тэд эхлээд чадлынхаа хэрээр хөгжмийн зэмсэг цуглуулна гэж ярьж байсан. Ирэх сарын 7-нд тоглолт зохион байгуулна гэж байсан болохоор тэр хүртэл нь хөгжим цуглуулбал амжихгүй байх гэж ярилцсан л даа. Япончууд маш хариуцлагатай хүмүүс учир хуучин хөгжим цуглуулбал ариутгалын ажилд нэлээд цаг, хүч зарцуулах болоод байсан учир цоо шинэ зэмсгүүд илгээсэн байна. Би маш их баяртай байна.

-Япончууд ямар зэмсгүүд явуулж вэ?

-Үлээвэр даралтат хөгжим, жижиг болон их гарын бишгүүр, шагшуур, окарина гэдэг үлээвэр хөгжим.

-Жаргалант тосгоны багачуул таны өгсөн эдгээр хөгжмөөр тоглож “Авьяаслаг монголчууд” шоунд оролцоно гэсэн шүү?

-Хүүхдүүдэд гоё боломж гарч ирж байна. Өнөө үед хүний хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж, энэ тэрээр явж янз бүрийн байгууллагад хандаж, хөгжмийн боловсролд нь анхаардаг багш гэж цөөхөн шүү. Бидний хувьд цаг үе, нүдээ олсон тусламж боллоо гэж бодож байна.

-Одоо үед хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх, чиглүүлэх янз бүрийн арга хэрэгсэл бий болжээ. Таныг анх төгөлдөр хуур тоглож, дуулж эхлэхэд ингэж тусалж дэмжээд өгдөг хүмүүс хэр байв?

-Би өөрийгөө хувь тавилангаараа л явж байгаа юм болов уу даа гэж боддог юм. Яагаад ч юм бэ ингэх л учиртай байж дээ гэж бодогддог. Би дуучин болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын ангид суралцаж байсан ч дуучин л болно гэсэн өнөөх багын хүсэл мөрөөдөл минь ундарсаар л байсан. Тэр мөрөөдөл минь биелээд Япон руу тэмцээнд явах аз тохиосон. Их сонин ш дээ. Хүнд цаанаас нь өгсөн хувь тавилан байдаг юм байна гэж бодогддог юм. Эргээд бодохоор сайхан байсан. Арлын Японы хүмүүстэй харилцаа холбоотой болж, тэр улс миний хоёр дахь эх орон байх тийм хувь тавилантай л байсан юм шиг байна.

-Та 1989 онд Япон руу явж байсан байх аа?

-Тэгэхэд би 13 настай байлаа. Би төр засагтаа баярлаж явдаг юм. 13 настай жаахан охин гадны оронд чадах ядахаараа дуулаад түрүүлээд ирэхэд маш их өндрөөр урамшуулж, байр өгч байлаа. Улаанбаатар хотын дарга асан С.Мөнхжаргал надад гурван өрөө байрны түлхүүр өгч шагнаж билээ. Намайг олон жилийн турш дэмжиж ирсэн олон түмэндээ уран бүтээлээсээ гадна бас өөр ямар хэрэгтэй зүйл хийж хариуг нь барих вэ гэж боддог байлаа. Нийгэм рүүгээ өнгийж орох сэтгэл цаанаасаа л төрөөд байсан юм. Би тухайн үед суралцаж байсан. Тэнд ахлах сургууль мөн дээд сургуульд суралцаж боловсрол эзэмшсэн. Өвөл, зуныхаа амралтаар л эх орондоо ирнэ. Энд ирэхэд нэг л хар бараан. Хүмүүсийн нүдэнд гуниг дүүрсэн, хүүхдүүдийнх нь харц аз жаргалгүй, траншейний гэх хүүхдүүд олон. Тэр үед манай нийгэм маш хүнд байсан шүү дээ. Тийм хэцүү, зах зээлийн ороо бусгаа үед эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах боломж надад байгаа юм шиг санагдаад, тэр боломжийг яаж ийгээд ашиглах хэрэгтэй гэж бодсон. Ямар ч байсан туслах хэрэгтэй. Их ч бай, бага ч бай заавал туслах хэрэгтэй гэж шийдсэн. Япончуудад энэ санаагаа хэлэхэд тэд ойлгож, хандивын аялан тоглолт зохион байгуулж өгсөн. Тухайн үед аялан тоглолтоосоо 90 мянган ам.доллартай болоод эх орондоо ирсэн. Тэрийгээ би хувьдаа ашиглавал ашиглаж болох л байсан байх. Анхнаасаа хандив цуглуулъя гэсэн зорилготой цуглуулсан болохоор уг мөнгөө маш үр дүнтэй зарцуулах шаардлагатай болсон. Тэгээд Улаанзагалмайд 30 мянгыг нь хандивлаад үлдсэнийг нь улсдаа өгчихье гэсэн чинь хүмүүс надад сан байгуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд “Оюунтүлхүүр сан” ТББ-аа 1997 онд албан ёсоор байгуулж байлаа. Гэхдээ өмнө нь хоёр жил үйл ажиллагаагаа явуулчихсан байсан л даа.

-“Японд Оюунтүлхүүрээс өөр монгол байдаггүй. Оюунтүлхүүр Японд очсон хүн бүрт тусалж, хэл ус нь болдог. Нэг ёсондоо албан бус Элчин сайд” гэх мэтээр тухайн үед ярьдаг байлаа. Монгол, Японы соёлын харилцаанд таны оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг судлаачид цохон тэмдэглэдэг?

-Хүмүүс намайг тэгж ярьж л байдаг юм. Яах вэ, тодорхой хэмжээнд миний хийсэн, оруулсан хувь нэмэр байдаг л байх. Тэрийг маань үнэлээд төр минь шагнал урамшууллаа олгоод явж байгаа гэж бодож байна. Яагаад ч юм япончууд монголчуудад ойрхон байхыг маш их хүсдэг ш дээ. Тэрийг хүмүүс мэддэг болов уу. Япончууд монголчуудыг бусад орныхтой харьцуулбал маш их чухалчилдаг, дээгүүрт тавьдаг. Элчин сайд Шимүзү гуай ч ярьж л байдаг. Монголыг хэцүү байх үеэс нь л эдийн засгийг нь босголцож өгөх гээд байнга тусламжийн гараа сунгаж ирсэн. Сүүлийн жилүүдэд тэр байдал нь улам нэмэгдэж байна. Энэ хоёр орны найрамдалт харилцаа их чухал шүү гэдгийг хүмүүс сайн ойлгоосой.

-Таныг анзаараад байхад та рок попынхонтойгоо ойр байдаггүй юм шиг ээ?

-Жил болгон тоглолт хийгээд явах боломж нь бүрдэхгүй байна. Эдийн засаг нь ямар билээ. Би бусад уран бүтээлчидтэйгээ л адил. Тэдэнтэйгээ хамтарч ажиллах сонирхол надад байдаг ч амьдралынхаа өдөр бүрийг урлагт зориулаад явна гэвэл боломжгүй. Цэвэр урлагаар амьдарна гэдэг бол амар хоол биш. Урлагийнхантайгаа ойр байхыг хичээдэг ч бүгд ийм цаг үед амьдарч байгаа болохоор өөр өөрийн уран бүтээлээ хөөгөөд л явж байна. Тийм болохоор байнга харилцаатай байх нөхцөл нь бүрэлддэггүй юм.

-Та олон жилийн дараа тоглолт хийсэн. Нэлээд хүлээлттэй, олон хүний хүсч байсан тоглолт болсон?

-2014 оны арваннэгдүгээро сарын 1, 2-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийсэн юм. Арван жилийн дараахь тоглолт байсан л даа. Тоглолтдоо хоёр сар шахам бэлдсэн. Манай монгол үзэгчдийн нүд өөр шүү. Надаас хүлээсэн хүлээлт байгаа гэж бодохоор тодорхой хэмжээний айдас төрсөн л дөө. Үзэгчдийнхээ урмыг хугалахгүйн тулд их хичээсэн. Уран бүтээлч, хөгжимчид минь маш их хичээж бүгдээрээ зорьсон учраас сайхан тоглолт болсон. Хүмүүст хүрсэн.

-Таны дуунууд зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Дууны хөгжим болоод таны хоолой намуухнаар хоршдог нь бас нэг л өнгө төрх шүү дээ?

-Уянгалаг стильтэй гэдгээс өөрөөр намайг төсөөлдөггүй байх. Би өөрийгөө өөрчилье. Арай хурдтай явъя, өөр жанраар оролдъё гэсэн оролдлого бий. Хүмүүст анхнаасаа яаж ойлгогдсон бэ, түүгээрээ л хүлээн зөвшөөрөгдөх нь зүйтэй байх. Тийм болохоор огцом өөрчлөлт хийх нь дэмий юм шиг санагддаг. Надаас гарч байгаа аялгуу гэдэг чинь надаас төрж байгаа зүйл. Өөрийн гэсэн юмаа эвдэх нь сайн зүйл биш ээ.

-Хүмүүс таныг янз бүрийн арга хэмжээнд урьж дуулуулахдаа “Ээжийн бүүвэй”-г тань сонсъё гэх нь олон биз?

-“Ээжийн бүүвэй” дуу миний амьдралыг эрс өөрчилсөн уран бүтээл юм шүү дээ. Дуу гэдэг тийм аугаа байхгүй юу. Хүний амьдралыг ганцхан дуу л ингээд өөрчилчихөж байна. Тэгэхээр дууны хүч гэж аугаа юм гэдгийг би амьдралаараа мэдэрлээ, амьдралдаа ойлгосон хамгийн том зүйл нь тэр (инээв).

Энэ дууг би 13 настайдаа зохиож байлаа. Миний оролцсон тэр тэмцээн бол өөрөө аяа зохиогоод, өөрөө дуулах шаардлагатай байсан л даа. Дууныхаа шүлгийг Зохиолчдын эвлэлээс очиж авч байлаа. Л.Эрдэнэцэцэг агсны шүлэг л дээ.

-Хөгжим бүжгийн коллежид урлагийн ямар мундаг хүмүүстэй хамт суралцаж байв?

-Манай ангийнхнаас коллеждоо багшилж байгаа нь хэд хэд бий. Ятгын хатан хаан гэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ манай нөгөө ангийнх. Бид нэг үеийнх.

-Та Япон руу хэр их явдаг вэ?

-Би улиралд нэг удаа явдаг ажилтай. Очихоороо сар хэртэй болно. Тэнд миний ажил, тоглолтыг зохион байгуулдаг продакшн байдаг юм. Тэдэнтэйгээ одоо ч хамтарч ажилласаар байна, би эндээ хүүхэд, гэр бүл гээд байгаад байгаа болохоос биш. Нөхөр маань Японд амьдрахгүй гээд байдаг юм.

-Танайх хэдэн хүүхэдтэй болоод байна вэ?

-Гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ монгол ахуйтайгаа ойр, монгол уламжлалаараа хүмүүжүүлнэ гээд эх орондоо байгаа. Түүнээс биш Японд очвол хийх ажил их байна л даа. Гэхдээ яах вэ ирж очоод болж л байна.

-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Цомог гаргана гэж өдөр болгон л бодож байна. Өөрөө дуугаа зохиогоод цомогт орох дуунуудаа бичээд эхэлчихсэн явж байна. Төдийд өдийд гэж амлаад юу гэх вэ.