Categories
мэдээ нийгэм цаг-үе

13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт ирэх долоо хоногоос эхэлнэ DNN.mn

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан багийн уулзалт боллоо.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон яамдын газар хэлтсийн дарга нар, хоёр сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд оролцсон уг уулзалтаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд 37 программ ашиглан үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээр программ хангамж, мэдээллийн систем, мэдээллийн сангийн эх үүсвэр хооронд өгөгдлийг эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформ HIER-ээр дамжуулан нэг стандартаар солилцох Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлд хоёр тал онцгой анхаарч ажиллах шаардлага байгаа.

Иргэд анхан шатны эрүүл мэндийн төвөөс лавлагаа шатлалын эмнэлэгт хандахын тулд зайлшгүй авах шаардлагатай байдаг 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ сарын 30-наас туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд туршилтын нэг сарын дараагаас бүрэн хэрэгжүүлж эхлэх юм.

Үүний тулд ЭМЯ-ны зүгээс 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай платформыг бэлэн болгох үүргийг хүлээсэн бөгөөд энэ хүрээнд E-Health, E-Hospital программуудад 13А маягтыг цахимаар солилцоход шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг хөгжүүлж дууссан байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс 13А маягтыг цахимд шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход анхаарч тодорхой асуудлуудыг шийдвэрлээд байгаа. Цаашид хоёр яам хамтарч эрүүл мэндийн салбарын цахимжилтыг бүхий л түвшинд амжилттай хэрэгжүүлэх замаар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүндрэл бэрхшээл, түвэг чирэгдэлгүй үзүүлдэг болохыг зорьж буй юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Валютын хадгаламж 23.6 хувиар нэмэгджээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж 2022 оны 12 дугаар сарын эцэст 12.6 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх сарынхаас 304.1 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 2.4 (16.2 хувь) их наяд төгрөгөөр багассан байна. Төгрөгийн хадгаламжийн 11.3 (90 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Харин валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 196.4 (4.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 936.9 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Улсын тусгай хэрэгцээнд 496 га газар авахыг дэмжив DNN.mn

Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га талбай байгаа.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авахыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжин, саналыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болжээ.

Засгийн гарын 2022 оны тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт барих “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан. Тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Батбаатар: Нэг ширхэг хадаасны үнэ өслөө гээд үнийн зөрүү бодогдож байдаг нь хоцрогдсон DNN.mn

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.


-Хил гааль чөлөөтэй нээгдсэнтэй холбоотойгоор барилгын салбарт яаж нөлөөлөх вэ?

-Барилгын материалын үнэ буурах байх гэсэн хүлээлттэй байна. Учир нь тээвэр ложистикийн асуудлыг Засгийн газраас өндөр түвшинд шийдвэрлэсэн. Барилгын материал импортлогч байгууллагуудтай Барилга хот байгуулалтын яамны хэмжээнд хэлэлцүүлэг, ярилцлага, уулзалт зохиогдоод түрүүчээсээ төмөр арматурын үнэ 200 орчим мянгаар буурсан. Энэ бол сайны дохио. Ялангуяа арматур, цемент зэрэг барилгад хамгийн ихээр ашигладаг материалын үнийг бууруулбал бусад нь дагаад буурах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Ер нь буух ч ёстой. Хэвлэл мэдээллээс харахад Эрээнд барилгын болон жижиглэнгийн худалдааны үнэ хэвээрээ байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулаад барилгын материалын үнэ хэт өндөр өсөхгүй байх гэсэн таамаглал байна.

-Яам шинэ сайдтай болсон. Та бүхэнтэй уулзсан уу. Ямар арга хэмжээ авах бол?

-Саяхан төрийн бус байгууллагууд, барилгын нэгжүүдтэй сайд уулзсан. Тэрхүү уулзалтад энэ асуудлууд яригдсан. Барилгын салбарт материалын үнийн өсөлтөөс илүү дотооддоо үнэ бүрдүүлэлтийн систем буюу төсөвт өртөг барилгын өөрийн өртгийг бүрдүүлдэг аргачлал механизмаа боловсронгуй болгох асуудал өндөр тавигдсан. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Хоёрдугаарт, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барих ажлын хэсэг гарчихсан. Энэ бүх үйл ажиллагааны дотор юу яригдаад байна гэхээр барилгын салбарын үнэ бүрдүүлэлтийн системийг боловсронгуй болгох шаардлагатай байна гэдэг нь өнгөрсөн жилүүдийн материалын үнийн огцом өсөлтөөс харагдсан.

Тогтолцоо нь өөрөө боловсронгуй болчих юм бол үнийн өсөлтийн зөрүүнээс үүсэх эрсдэлд хариу арга хэмжээ авах асуудал нь дагаад боловсронгуй болно. Төрийн бус байгууллагууд, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, гүйцэтгэгч байгууллагууд үүн дээр анхаарал хандуулж байна. Хамтран хэлэлцүүлэг хийгээд асуудлаа ярилцсан. Орон сууц барилгын 1 м.кв-ын өөрийн өртөг гэж байдаг. Өөрөө хэдэн төгрөгөөр босох юм бэ. 1.2 саяд босох юм уу, 1.8 саяд босох юм уу. Түүнийгээ оновчтой гаргах хэрэгтэй. Манайх тэр чиглэлд шинэчлэл хийлгүй арав гаруй жил боллоо. Материалын үнийн зөрүү, цалин хөлс, дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн уялдаа холбоо зэргийг боловсронгуй болгохгүй бол нэг хэсэг газар үнэ нь нэмэгдээд, нөгөө хэсэгтээ дагаж нэмээд үнийг далимдуулж өсгөх асуудал их гардаг.

-Энэ өсөлтийн эсрэг яаж ажиллахаар тохиров?

-Үүнийг аль аль талдаа анхааръя гэсэн ойлголцолд хүрсэн. Төрийн зүгээс ч анхааръя, хувийн хэвшил ч өөрсдөдөө шинэчлэлт хийе гэж шийдвэрлэсэн. Тэгэхгүй бол нэг ширхэг хадаасны үнэ өслөө гээд үнийн зөрүү бодогдож байдаг нь хоцрогдсон байна. Үнийн эсрэг урьдчилан төлөвлөдөг, боддог, зохицуулдаг механизм үгүйлэгдэж байна.

-Ажлын хэсэг хэдий хугацаанд ажиллах вэ. Гурав, дөрөвдүгээр сараас эхлээд бүтээн байгуулалтууд эхлэдэг шүү дээ?

-Цагаан сар өнгөрөөд бүтээн байгуулалтууд эхнээсээ эхэлнэ. Тэгэхээр аяндаа зохицуулалтууд хийгдээд эхэлнэ. Монголын барилгачдын холбоо гадаадаас импортоор орж ирж байгаа материалын үнэ гэхээсээ илүү дотооддоо үйлдвэрлэж байгаа материал буюу цемент зэрэг бүтээгдэхүүнийхээ үнийг тогтвортой барих механизмаа төртэйгөө хамтарч боловсронгуй болгочихоод гадаад зах зээл рүүгээ орсон нь оновчтой гэж харж байгаа. Дахиад хэлье, барилгын салбарт үнэ бүрдүүлэлтийн системийг л боловсронгуй болгох шаардлагатай.

-Цар тахалтай холбоотойгоор ипотекийн зээл гарахгүй хойшлогдсон. Тэгэхээр барилгын салбарт худалдан авалт хэр байгаа вэ. Энэ салбарын борлуулалт царцсан гэх юм?

-Энүүхэндээ гэхэд барилгын салбар, бүтээн байгуулалтын ажлуудыг харахад бартерын өрийн сүлжээ нэлэнхүйдээ бий болчихлоо. Жишээ нь, цемент нийлүүлсэн газрууд барилгын компаниас үнэ өртгөө авч чадахгүй дандаа орон сууц авдаг. Гэтэл нөгөө орон сууц нь зарагдахаа больчихсон. Тэгэхээр эхлээд бартерын сүлжээгээр бий болсон орон сууцны өрийн сүлжээг тайлах хэрэгтэй. Өрийн сүлжээтэй холбогдоод эхлэхээр ипотекийн зээл, зээлийн орон сууц гээд бүх л юм яригдаад эхэлнэ л дээ. Хүмүүсийн худалдан авах чадварыг яаж дээшлүүлэх үү гээд асуудлуудыг шийдвэрлэх үйл явц аяндаа явагдаад эхэлнэ.

-Энэ салбарт сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхээ больсон гэх. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг яаж барилгын салбарт татах вэ гэдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай сайдтай уулзсан уулзалтад яригдсан. Сүүлийн арваад жил барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Гадаадын хөрөнгө оруулалт гээд ярихаар өнөөгийн нүүрсний хулгайтай холбогдсон хөрөнгө оруулалтууд их гэж сонсогдоод байгаа. Яг нүүрсний хулгайтай холбоотой хөрөнгө оруулалт хэд байгаа юм. Одоо ер нь ийм зүйл яригдсан дээр цэвэршүүлээд авах хэрэгтэй. Нүүрсний хулгайтай холбоотой хөрөнгө оруулалтуудыг цэвэршүүлж, хөрөнгө оруулалтын орчныг яаж бий болгох, гадна дотныхонд хөрөнгө оруулалтын баталгааг яаж гаргаж ирэх юм. Жишээлбэл, сүүлийн 2-3 жилд Монголын барилгачдын нэгдсэн холбоо хөрөнгө оруулалт олох замаар гадна дотныхонтой уулзахад танайд хөрөнгө оруулж болж байна. Танайхан орон сууц барьж чадаж байна. Орон сууцаа бариад ашиглалтад оруулаад борлуулах үйл явцад 5-6 жилийн хугацаа зарцуулж байна. Үүнд нэлээд урт хугацаа шаардагдаж байна. Тэгэхээр танайх нүүрсээр баталгаа гаргаж өгч чадах уу гэдэг асуудлыг маш их тавьж байсан. Хөрөнгө оруулалт татаад буцаад төлөхдөө 10 жилийн дараа нүүрсээр төлөх Засгийн газрын баталгааг танайх гаргаж ирж чадах уу гэдэг санал их ирж байсан. Эргээд бодох нь ээ, нүүрсээр эргэн төлөлт хийх тэр механизмыг энэ салбарт нэвтрүүлэх нь зүйтэй санагдсан. Тэртэй тэргүй бид нүүрсээ экспортод гаргаж байгаа. Жил бүр дор хаяж 30-40 сая тн нүүрс экспортод гаргадаг. Тэр нь улам дээшээ өсөх магадлалтай. 70-80 сая тн нүүрс ч гарах боломжтой. Хэрвээ 70 сая тн нүүрс гарах юм бол түүний 10 сая тн нүүрсийг баталгаа гаргаж өгч, орон сууцны зээлийн өрийн төлөлтөд квот болгож олгодог байх, хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж нүүрсний зах зээл барилгын салбарт орж ирэх бүрэн боломжтой. Үүнийг нүүрсний хулгай зэрэг маргаантай, будлиантай байгаа энэ үед цэвэр тогтоож өгөх зүй ёсны шаардлага барилгын салбарын өмнө тулгараад байна. Үүн дээр барилгачид өөрсдөө ороод, нүүрстэй зууралдаад хийнэ гэж байхгүй.

Тэгэхээр барилгад гадаад дотоодынхны хөрөнгө оруулалтыг татахын тулд нүүрсний экспорттой хэрхэн холбогдож, уялдуулж болох вэ гэдэг чиглэлээр цоо шинэ механизм гаргаж ирэх хэрэгтэй болж байна. Нүүрсний зах зээл цэвэршээд орон сууцны бүтээн байгуулалтад оролцоод эхлэх юм бол газрын гүн дэх баялаг нийт ард түмний өмч мөн гэдэг Үндсэн хуулийн заалтад илүү нийцнэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр барилгын салбар дахь хоёр дахь хүлээлт нь хөрөнгө оруулалтын орчин цэвэршээд, бүтээн байгуулалтад яаж нөлөөлөх үү, ямар загвар гарч ирэх үү гэдэг маш их хүлээлттэй байна. Үүн дээр Монголын барилгачдын холбоо, төрийн бус байгууллагууд яамтайгаа хамтраад санал тавиад ажиллаж л байна.

-Барилгын 1 м.кв-ын үнэ хэдэн төгрөг хүртэл буурах боломжтой вэ?

-Өөрийн өртөг нь 1.2 сая орчим төгрөгөөр босоод 1.8 сая төгрөгөөр борлуулах боломжтой. Хэрвээ дээрх ярьсан хөрөнгө оруулалтын механизм, өр бүрдүүлэлтийн механизмын тогтолцоо нь ил. Тооцоо судалгаанууд нь ил тод, хий хөөсрөлтүүдийг арилгаад үзэх юм бол дундаж нь ийм байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Саяны үүссэн будлиан, үймээнээс ямар дүгнэлт хийх вэ гэхээр үнэ бүрдүүлэлтийн системээ боловсронгуй болгоод, ямар тохиолдолд үнийн хөөсрөлт явагдаж байна. Ямар тохиолдолд үнэ нэмэгдэх гээд байна гэдгийг урьдчилж хардаг тодорхой системтэй болмоор байгаа юм. Гадаадын орнууд барилгын салбарын 500 төрлийн материалын үнийг нэг жилээр гаргаад олон нийтэд ил зарлачихаж байна. Тэгэхээр маш амар жилийн тооцоогоо хийгээд тэдэн төгрөгийн материалаар энэ барилга босно гээд тооцох боломжтой. Түүн шиг манай барилгын салбарын материалын үнийг тогтоогоод олон нийтэд зарладаг болмоор байгаа юм. Барилга бол олон зуун сая төрлийн толгой эргэм олон материал хэрэглэдэггүй шүү дээ. Гол хэрэглэгддэг материалынхаа үнийг зөв тогтоогоод, зөв бариад явбал болох л зүйл. Төрийн хяналт нарийн, хувийн хэвшлийнхний шалгуурыг зөв тогтоогоод өгвөл болохгүй зүйл байхгүй

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв DNN.mn

Найман шарга валют арилжааны зах өглөө 09:00 цагаас эхлээд хөл хөдөлгөөнд орсоор 17:00 цагийн үед ч “буцалсан” хэвээр байна. Иргэд голдуу юань солиулахаар тус захыг зорьж ирж байна. Өнөөдрөөс яг нэг сарын өмнө голлох валют болох ам.долларыг 3470 төгрөгөөр, еврог 3690 төгрөгөөр, юанийг 494 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр оройн ханшаар Найман шарга төв дээр ам.доллар 3500, зарим цэгүүдэд 3503 төгрөгөөр, евро 3850, юань 517 төгрөг болж нэмэгдсэн үнээр худалдаалж байлаа.

Жилийн өмнөхтэй харьцуулбал нэлээд өөр тоо харагдана. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард ам.доллар 2854, евро 3235 төгрөг байсан бол юань 448 төгрөгтэй тэнцэж байжээ. Нэг жилийн хугацаанд ам.доллар 646, евро 615, юань 69 төгрөгөөр нэмэгджээ.

Найман шарга төв дээрх арилжаа хийж буй цэгүүдээр хүний хөдөлгөөн тасрахгүй байна. Зарим газруудаар дугаарлаж байгаад валютаа солиулж байна. Ачаалал ихтэй байгаа арилжаачид хоёр гурваараа зогсоод нэг нь толгой өндийх завгүй тооцоо бодож, нөгөөдүүл нь орж ирсэн хүмүүсээ алдахгүйг хичээн үнэ ханшаа хэлж яриа хөөрөө хийж харагдана.

Тэдгээр арилжаачдаас валютын арилжаа, ханшийн талаар асуувал ихэнх нь цаараглаж, “Мэдээлэл өгөхгүй”, “Ханшийн талаар мэдэх зүйл байхгүй” гэж ирээд тун дургүйхэн хүлээж авч байна. Валют сольж буй иргэд ханшийн нэмэгдлийн талаар шүүмжлэл өрнүүлж харагдахгүй юм. Арилжаачдаас юань арай хямдаар авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон харагдав.

Нэлээд явсны эцэст Найман шарга төвийн урд эгнээнд арилжаа хийдэг настайвтар эрэгтэй, эмэгтэй хоёр дараахь зүйлийг ярилаа. “Валютын ханш өглөө хэд болохыг бид мэддэггүй.

Өсч ч мэднэ, унаж ч мэднэ. Бид Монголбанкны зарласан ханшаар л явж байгаа. Ханш нэмэгдсээр байгаа шалтгаан бол Монголбанктай холбоотой. Урд хил нээгдлээ гээд юанийн ханш яаж эргэхийг бид мэдэхгүй. Зарим хүмүүс юань одоо сулрах ёстой гэж ярьж ирээд байна. Гэхдээ юань хэд болохыг Хятад улс өөрөө мэднэ биз дээ. Найман шаргын наймаачдаас болж валютын ханш нэмэгдээд байна гэж хүмүүс уурладаг. Үнэндээ ханшийн бодлогыг Монголбанк гаргаж байгаа. Бид зүгээр л байгаа үнээр нь зарж, авч байна” хэмээв.

Өөр нэг арилжаачин “Хил гааль нээгдсэнээр ханш буурна гэдэг ойлголт буруу. Ханшийн өсөлтийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк л хариуцна. Ер нь цаашид ханш буурах тухай прогноз харагдахгүй л байна. Нэмэгдсээр л байх болов уу” гэж байлаа.

Иргэн Д.Батдорж 50.000 юань 517 төгрөгөөр худалдаж авч байхтай таарав. Тэрээр худалдаачинтай нэлээд ярилцсан ч үнэ буурсангүй, самбар дахь үнээр монгол мөнгөө солиулж харагдана. Тэрээр “Ханш буурах болов уу гэж нэлээд харлаа. Хил нээгдчихсэн, худалдаа арилжаа чөлөөтэй болчихсон болохоор ханш буурах гэж хүлээж байлаа. Гэтэл өдөр бүр л нэмэгдээд байна. Долоо хоногийн өмнө юань 512, 513-тай байсан шүү дээ. Ханш суларна гэж хүлээвэл улам л алдагдал хүлээх юм байна. Ер нь ханшийн өсөлт дээр төр засаг, төв банк яаж ажиллаж байгаа нь огт харагдахгүй байна. Нэмэгдээд байна гэхээр ажиллахгүй л байна гэсэн үг. Ханшийн савлагаа бизнес эрхлэгчдэд хүнд туссаар байна. Үнэхээр бухимдаж байна” гэв.

Солонгосын вон солиулж буй иргэд ч цөөнгүй байна. Тэдний нэг Г.Солонго гэх бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “Найман шарга дээр хааяа вон солиулах хэрэг гардаг. Байнга ирдэггүй ч ирэх тоолонд өсчихсөн байх юм. Жил орчмын өмнө 5.000.000 төгрөгт хоёр сая гаруй вон худалдаж авч байснаа тод санаж байна. Гэтэл өнөөдөр 2.88 төгрөгөөр 1.7 сая вон авч чадаж байна. Нэг жилийн дотор ханш 300.000 воноор савлана гэдэг байж болшгүй зүйл. Би Солонгост удаан хугацаанд ажиллаж амьдарч байсан. Тэнд ханшийн савлагаа бараг байдаггүй. Аргагүйн эрхэнд алдагдалтай ч вон солиулж авлаа” гээд явж одов

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 27, Сугар гариг. Билгийн
тооллын 6, дэлгэрүүлэгч одтой,
хөхөгчин тахиа өдөр. Өдрийн
наран 8:26 цагт мандан, 17:43
цагт жаргана. Тухайн өдөр
үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ
ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл
байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх,
авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих,
хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход
сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод
суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн
суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал
зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -29 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Бид найман
тэрбум хүний
зах зээл рүү
чиглэсэн
үйлдвэрлэл
явуулж байж
л валют олж
чадна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Юнивишн”
компанийн
шинэчлэгдсэн
төхөөрөмж
хуучнаасаа
муу, үнээ
нэмсэн ч
сэтгэл ханамж
“0” байгааг
хэрэглэгчид
хэлж байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар
ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу” хэмээн өгүүллээ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Хавдрын эмнэлгийн коридорт
шаналсан иргэд шпрот шиг
чихцэлдэж байна

УБХ-ын
гишүүн, доктор профессор П.Бямбацэрэн “Үндсэн хуулиа ойлгож мэдэж, мөрдөж хэвшүүлж
чадахгүй байгаад л асуудлын гол нь байна” хэмээн ярьсныг I болон V нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
соёл-урлаг

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО DNN.MN

Дэлхийн эдийн засгийн 2023 оны чуулга уулзалт Швейцарын Давос хотноо “Хуваагдсан дэлхий ертөнц дэх хамтын ажиллагаа” сэдвийн дор амжилттай боллоо.

Энэ жилийн чуулга уулзалтад цар тахлын дараах дэлхийн бизнесийн салбарын олон төлөөлөл оролцсон бөгөөд энэ нь “бизнес”, “маркетинг” гэсэн нэр томъёоны утгыг жинхэнэ утгаар өөрчиллөө. Чуулга уулзалтаар эдийн засгийн хямралаас гадна, Орос-Украины дайн, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхий дахинд тулгамдаж буй бусад асуудлыг хэлэлцлээ.

Дэлхийн эдийн засаг

Эдийн засгийн тал дээр бизнесийн салбарын манлайлагчид цаашдын хэтийн төлөвийн талаар эерэг таамаг дэвшүүлснээр өөдрөг дүр зураг харагдаж байв.

АНУ, Европ ч мөн одоогоор эдийн засгийн уналтад орох эрсдэлээс хол байгаа бололтой. Үүний сацуу дэлхийн ихэнх улс орны эдийн засаг “COVID-19”-өөс үүдэлтэй нөхцөл байдлаас гарч байгаа нь сайны шинж тэмдэг юм.

Хятад улс “COVID-19”-тэй тэмцэхийн тулд хэрэгжүүлж байсан хязгаарлалтуудаа цуцалж хилээ нээсэн нь хэтийн төлөв байдлыг эергээр төсөөлөхөд мөн нөлөөлөв.

Гэсэн ч томоохон эдийн засагтай орнуудын Төв банкууд санаа зовоосон асуудлууд байсаар байгааг анхааруулж, инфляцыг хяналтдаа авахын тулд бодлогын хүүгээ өндөр байлгахаа мэдэгдсэн байна.

Украины тухайд

Украины тал цэргийн нэмэлт тусламж, сэргээн босголтын ажилд санхүүгийн тусламж шаардлагатай байгааг дахин мэдэгдэж, сэргээн босгох үйлст зориулсан амлалтуудыг дайн дууссаны дараа биш, харин одоо өгч эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүн Одил Франсуа Рено-Бассогийн хувьд, “Одоо бид хэдий чинээ хүчин чармайлт гаргана, төдий чинээгээр сэргээн босголтын ажил хөнгөвчлөгдөнө” гэж хэлснийг “Reuters” агентлаг эш татан мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч чуулга уулзалтад цахимаар үг хэлж, тус улсын тэргүүн хатагтай Давост биечлэн очжээ.

Уур амьсгалын өөрчлөлт

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн гол сэдвүүдийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт байлаа. Ногоон эрчим хүчийг ашиглах, энэ чиглэлд оновчтой хөрөнгө оруулалт хийх нь нэн шаардлагатай байгааг уулзалтад оролцогч бүх тал хүлээн зөвшөөрчээ.

Бизнесийн салбарын манлайлагчид мөн чинээлэг улс орнууд болон корпорацууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их хөрөнгө мөнгө зориулах хэрэгтэй гэдэгтэй санал нэгдсэн байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын цахим хуудсанд мэдээлснээр, хорт хийн ялгарлыг бууруулах, 2050 он гэхэд биологийн олон янз байдлыг сэргээхэд жил бүр шаардлагатай 3 их наяд долларын санхүүжилтийг бий болгоход туслах зорилготой санаачилгыг эхлүүлжээ.

Чуулга уулзалтын үеэр Грета Тунберг тэргүүтэй байгаль хамгаалагч идэвхтнүүд “Бидэнд Б гараг гэж байхгүй”, “Олборлодог түлшнээс татгалзах ёстой” гэсэн уриа лоозонгуудыг барин эсэргүүцлийн жагсаал өрнүүлсэн байна.

Categories
соёл-урлаг

НИЙТ 68 КОМПАНИЙН ХУВЬЦАА АРИЛЖААЛЛАА DNN.MN

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 2,823,184,663 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 68 компанийн 9,383,253 ширхэг хувьцааг 2,043,948,151 төгрөгөөр арилжааллаа.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

 
Симбол Компанийн нэр Тоо ширхэг Үнийн дүн
1 MSE МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 4,458,328 730,818,138
2 APU АПУ 160,634 239,713,774
3 GLMT ГОЛОМТ БАНК 134,356 154,940,867
4 TTL ТАВАН ТОЛГОЙ 13,080 134,203,105
5 AARD АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 31,215 124,187,559
6 BOGD БОГД БАНК 56,969 102,646,469
7 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК 119,840 100,695,630
8 MFC МОНОС ХҮНС 821,386 96,213,233
9 MBF МОН БИЙФ 1,256,708 55,115,267
10 GOV ГОВЬ 210,747 52,732,225

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 
Симбол Компанийн нэр Ширхэг Үнийн дүн
1 GLMT Голомт Капитал ХХК 3,968,350 870,993,757
2 MIBG Мандал Капитал Маркетс ҮЦК 819,821 622,495,910
3 BDSC БиДиСек ХК 1,611,790 587,532,311
4 MNET Ард Секюритиз ХХК 1,667,305 475,948,428
5 TTOL Апекс Капитал ҮЦК 1,915,269 435,992,077
6 ARD Өлзий Энд КО Капитал ХХК 2,070,870 405,738,943
7 ZGB Таван Богд Капитал ХХК 2,336,992 302,141,698
8 TDB Ти Ди Би Секьюритис ХХК 1,268,432 262,345,019
9 BUMB Бумбат-Алтай ХХК 669,056 129,216,326
10 GDSC Гүүдсек ХХК 466,577 88,413,774

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

 
Үнэт цаасны нэр Арилжсан ширхэг Үнийн дүн Дээд Доод
1 ICBN-BD-17/08/23-C0016-13 1994 198,241,990 99,730 95,000
2 LNBD-BD-02/07/23-C0014-14 195 18,755,080 96,400 95,040
НИЙТ 2,189 216,997,070

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,189 ширхэг үнэт цаасыг 216,997,070 төгрөгөөр арилжаалав.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

 
Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
1 MFG Мандал Ирээдүйн Өсөлт 283,093 278,847,252
2 XOC Үндэсний Хувьчлалын Сан 108,329 11,730,571
НИЙТ 391,422 290,577,823

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 391,422 ширхэг нэгж эрхийг 290,577,823 төгрөгөөр арилжаалав.

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

 
Үнэт цаасны симбол Арилжсан ширхэг Үнийн дүн Дээд Доод
1 BGF-BD-19/12/24-C0037-17.5 728 72,800,000 100,000 100,000
2 MONI-BD-04/03/24-C0026-14.5 1994 198,861,620 99,730 99,730
НИЙТ 2,722 271,661,620

2023 оны 1 дүгээр сарын 16-наас 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,722 ширхэг үнэт цаасыг 271,661,620 төгрөгөөр арилжаалав.

5. БАГЦЫН АРИЛЖАА:

 
Өдөр Симбол Үнэт цаасны нэр Нэгж үнэ Арилжсан ширхэг Үнийн дүн
1 2023.01.18 MFG Мандал Ирээдүйн Өсөлт 1,000 250,000 250,000,000
ДҮН 250,000 250,000,000

2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр багцын арилжаагаар 250,000 ширхэг үнэт цаасыг 250,000,000 төгрөгөөр арилжаалав.

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 6,888,598,768,131 төгрөг болсон бол ТОП-20 индекс 38,035.66 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.02 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ