Categories
мэдээ нийгэм

Гаалийн байгууллагын албан тушаалтнуудад авлигын эсрэг сургалт зохион байгуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Улаанбаатар хот дахь Гаалийн газрын болон Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын удирдах 251 албан тушаалтанд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулав.

“Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт”, “Гаалийн байгууллагын ажилтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, ёс зүйн зарим асуудал”, сэдвээр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Амартүвшин, Ж.Мөнхжаргал нар хичээл зааж, тухайн салбарын онцлогт нийцүүлсэн кейс, жишээнд тулгуурлан сургалтыг хийлээ.

Гаалийн салбар нь авлигын эрсдэл болон шударга байдлын 2021 оны судалгаагаар авлигын эрсдэл хамгийн өндөр 5 байгууллагын нэгээр тогтоогдсон бөгөөд энэ салбарын авлигын эрсдэлийг бууруулах, авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулах шаардлагатай байгаа юм. Танхимаар зохион байгуулсан хоёр өдрийн сургалт, уулзалт, ярилцлага нь цаг үеэ олсон, үр дүнтэй арга хэмжээ болсон талаар оролцогчид хэлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Он гарсаар цас, мөсөн дээр 1541 хүн халтирч унаж гэмтжээ DNN.mn

2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цас мөсөн дээр 1,541 хүн халтирч унаж гэмтсэний улмаас эмнэлгийн яаралтай тусламж авчээ.

Үүний дотор чарганаас унаж гэмтсэн 221 хүн байгаагаас 149 буюу 67.4% нь 1-18 хүртэлх насны хүүхэд. Тухайлбал, 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтжээ.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх.

2018-2022 онд 279,402 хүн унаж гэмтсэний улмаас ГССҮТ-өөс яаралтай тусламж үйлчилгээ авч байжээ.

Тодруулбал, жилд дунджаар 55,880 хүн унаж бэртсэн бөгөөд нийт гэмтлийн 45.30% хувийг энэ төрлийн гэмтэл эзэлж байв хэмээн тус эмнэлгээс мэдээллээ.

ЗӨВЛӨМЖ

Иргэд:

  • Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,
  • Дулаан хувцаслах,
  • Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  • Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх,
  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,
  • Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших,
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх,

Аж ахуйн нэгжүүд:

  • Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх,
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах,
  • Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь Хог хаягдлын тухай хуулийн 9.4-т заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга нарын зүгээс анхаарал хандуулах,
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх,
  • Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт наах,
  • Ойр орчмынхоо 50 метр орчмын талбайн цас, мөсийг цэвэрлэхийг зөвлөв. Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг санууллаа.
Categories
мэдээ нийгэм

Нийслэлд орж ирсэн малыг 10 маршрутын дагуу тууж гаргаж байна DNN.mn

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдрийн хувьд нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Захирагчийн ажлын албанаас Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дүүргийн ЗДТГ зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэй төвийн зургаан дүүрэгт 535 албан хаагч 93 автомашин, 27 эргүүлтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 6385 малыг тууж гаргасан. Цагдаагийн байгууллагаас хоёр иргэнд торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн малчидтай уулзаж, санал хүсэлт, нөхцөл байдлыг нь сонссон.

Налайх дүүрэг, 61-ын гарам болон Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн сумдаас мал их орж ирж байгаа. Нийслэлийн ойролцоох зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсан. Хуулийн дагуу малын гоц халдварт өвчин гарсан газарт хязгаарлалт тогтоодог. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авч байна. Мөн ногоон байгууламж руу мал орж идэх, эвдэж сүйтгэх тохиолдол гарсан. Түүнчлэн замын хөдөлгөөнд ч хүндрэл учруулж, зам тээврийн осол гарах нөхцөл үүссэн. Тухайлбал, төмөр замын бүс рүү мал орж, дайруулсан. Дээрх шалтгаан, нөхцөл байдлаас үүдэн малыг хотоос гаргах арга хэмжээг яаралтай авч байна. Энэ дагуу төлөвлөгөө гаргаж, долоо хоногт 2-3 удаа кампанит ажлыг зургаан дүүрэгт зохион байгуулж, үр дүнтэй байхад анхаарч, хуваарь гарган ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Зургаан дүүргийн 10 маршрутын дагуу малыг тууж гаргаж байгаа. Өмнө нь холбогдох албаныхан явган тууж, нэг дүүргээс нөгөө рүү мал ордог байсан. Энэ удаа хотын эргэн тойронд мал аж ахуй эрхэлж байгаа малчидтай хамтран малыг гаргаж байна” хэмээлээ.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, давсанд хийсэн шинжилгээний хариу гарсан эсэхийг тодруулахад Ерөнхий менежер М.Баяраа “Шинжилгээний хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Давс маш их бохирдолтой, шавар, хог шороотой, мөстэй нийлүүлэгдсэн. Манайхаас компанид мэдэгдэл хүргүүлж, чанарын шаардлага хангасан давсаар солих шаардлага тавьсны дагуу сольж өгөхөөр болсон” гэлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын суурьшлын бүсэд мал орж ирэх нь маш том эрсдэл дагуулж байдаг. Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлд халдварт өвчин гарвал хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх гэх мэт зардал ихтэй, өндөр эрсдэлтэй” хэмээсэн юм.

Мөн малыг хотоос гаргаж байгаа нь Улаанбаатар хотын 1.6 сая иргэнээ бодсон шийдвэр. Тиймээс нийслэлийн ойролцоо мал малладаг, мөн отор хийж байгаа малчид малаа хараа хяналттай байлгах шаардлагатайг онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ цаг-үе

Он гарсаар ахуйн гал түймрийн улмаас 4 хүн амиа алджээ DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 367 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, дөрвөн иргэн нас барж, хоёр иргэн түлэгджээ. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд:

  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засаж, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
  • Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  • Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  • Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Ногоон байгууламжийн арчилгааг сайжруулж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэхийг хүсэв DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (УБЗАА)-ны дарга М.Баяраа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Дүүргүүд дэх бүтээн байгуулалтын төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг давхцуулахгүйн тулд энэ онд төлөвлөж буй ажлын талаар нэгдсэн ойлголттой болох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Дүүрэг өнгө үзэмжтэй байвал нийслэл өнгө үзэмжтэй байна. Иймд дүүргүүд дэх тохижилтыг эрчимжүүлж, асуудлыг шуурхай шийдвэрлэн, ажлын уялдаа холбоог сайжруулах нь зүйтэй” гэдгийг онцлов.

Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудын зүгээс дөрөвдүгээр сараас эхлэн зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-үүдийг буулгах ажилд УБЗАА-наас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, халиа тошин үүсэх зэрэг асуудалд дэмжлэг авч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Харин тус дүүргийн хороодын хувьд ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлэх болон суурьшлын бүс тэлж буйтай холбоотойгоор автобусны чиглэлийг алслагдсан бүсүүд рүү сунгах зэрэг хүсэлтээ уламжлав.

Уулзалтын төгсгөлд УБЗАА-ны зүгээс холбогдох удирдлагуудын асуултад хариулж, цаашид уялдаа холбоогоо сайжруулан, өгсөн хүсэлтийг хүлээн авч, бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
гадаад мэдээ

Оросын телевизийн зарим сувгаар В.Зеленский үг хэллээ DNN.mn

Украины Ерөнхийлөгч В.Зеленский 45 насны төрсөн өдрөөрөө буюу нэгдүгээр сарын 25-ны 16:20 цагийн орчимд Оросын Крым, Белгород муж, Краснодарын хязгаар, Севастополь хотын үзэгчдийн түгээмэл суваг STS, TNT, TV-3 болон бусад телевизийн сувгаар хэдхэн хормын хугацаанд гарч үг хэлсэн нь шуугиан тариад байна. Тэрээр “Украины Зэвсэгт хүчин өмнө нь Украины бүрэлдэхүүнд байсан газар нутгаа удахгүй буцааж авна” хэмээн сувгаар нэгэн зэрэг мэдэгджээ.[1]

Белгород мужийн захиргааны хэвлэлийн алба “Хиймэл дагуулаас ирсэн телевизийн дохиог гаднаас гэнэт зөвшөөрөлгүй сольсон ч шуурхай арга хэмжээ авч, нөөц хиймэл дагуулаас дохио авч хэвийн горимд шилжүүлсэн” хэмээн мэдэгдсэн бол Крымын захиргааны мэдээллийн бодлогын зөвлөх О.Крючков “Крымийн хэд хэдэн суваг хакеруулдсаны улмаас Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хэлсэн үгийг үзүүлсэн” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ISS.GOV.MN

Categories
мэдээ улс-төр

Ч.Өнөрбаяр : Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна DNN.mn

Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргад Л.Гантөмөрийг бүртгүүлэхээр Ардчилсан намын гишүүд материалаа хүргүүллээ.

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улсын дээд шүүх нийт шүүхчдийн хуралдаанаараа Ардчилсан намыг даргагүй гээд тогтоол гаргасан. Энэ тогтоолыг бид хэрэгжүүлэх үүднээс Ардчилсан намын эрх бүхий байгуудллага буюу төлөөллийн байгууллага ҮБХ хуралдаж, намын даргаа шинэ хууль дүрэмд нийцүүлэн сонгосон. Тэгэхээр одоо ямар нэг хуулийн зөрчил бидэнд байхгүй. Мөн Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу ҮБХ-ын шийдвэр гол шийдвэр байхаар тогтсон. Хэн нэг хүн дарга гээд хууль дүрмийн дээгүүр гардаг байж болохгүй. Хэн ч хуульд захирагддаг байх хэрэгтэй. Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ардчилсан нам шинэ ҮБХ-ны хурлаараа Ардчилсан намын шинэ даргыг сонгож, Их хурлаараа ёсчлон баталсан. Энэ хурлаар эрх бүхий хүмүүс буюу намын ҮБХ-ны гишүүд намын даргын хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр заасан учраас бид ирээд байна. Асуудлыг шийдэх гэж АН-ын 300 гаруй гишүүн ирсэн. Гэтэл үүнийг бусинуулж, цаг хожих гэсэн оролдлого С.Эрдэнэ даргын талаас гарч байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn


Монгол, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замаар тээвэрлэх экспорт, импортын ачаа барааны хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж буй талаар УБТЗ ХНН-ээс мэдээллээ. Тодруулбал, Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск өртөөгөөр тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор эдгээр хилийн өртөөдөөр солилцох галт тэрэгний тоог өсгөх зайлшгүй шаардлага бий болжээ. Тиймээс гурван улсын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөнийг энэ оны хоёрдугаар сарын 6, 7-нд цахимаар зохион байгуулах талаар мэдээллээ. Мөн Замын-Үүд-Эрээний өргөн царигаар 20 галт тэрэг солилцох хэмжээнд тээвэрлэлтийг нэмэгдүүлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАНДАА БАЯР ХҮРГЭЕ!

Төв Азийн хахир хүйтэн эрс тэс уур амьсгалтай манай оронд миний мэдэх сүүлийн 20 жилд тохиогоогүй хүйтэн өвөл болж, олон хоног тасралтгүй цочир хүйтэрч байна. Ийм хүнд үед Эрчим хүчний салбар тэр дундаа Дулааны цахилгаан станцууд, Дулааны сүлжээний хамт олон үүргээ сайн гүйцэтгэж, өвлийн оргил ачааллыг давж Нийслэлчүүдээ гэрт нь +20 градусын хэмд ая тухтай өвөлжүүлж байгаад үнэхээр бахархаж байна.

Энэ нь бэлтгэл тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж байгаа манай Эрчим хүчний салбарын инженерүүд, засварчид, гагнуурчид, ажилчид чадварлаг байгаагийн бодит жишээ юм. Иймд чадварлаг залуу боловсон хүчнүүдээ дэмжих хэрэгтэй. Саяхан Сэргээгдэх эрчим хүчний формын үеэр залуус ирээдүйгээ олж харсан, маш зөв үзэл бодолтой байгааг телевизээр харлаа. Салбарын шинэ сайд ийм сайхан залуусыг дэмжиж, итгэл өгч ажиллуулах хэрэгтэй.

Цаашид ажлын байрыг цахимжуулж хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж илүү зардлаа танаж, орон тоогоо цомхотгож, бүтээмж өндөртэй ажиллахад анхаарах нь зүйтэй.

Ирэх жил дахиад л өвөл болно, цаг хугацаатай уралдан ажиллах шаардлагатай. Юуны өмнө Амгалан дулааны станцыг 300 Гкал/ц-аар өргөтгөж, Дулааны III цахилгаан станцын дунд даралтын дулааны хэрэглээг хангаж, станцаа шинэчлэх ажлыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

100-н жилийн ойгоо ч тэмдэглэх завгүй хөдөлмөрлөж байгаа Эрчим хүчний салбарын хамт олондоо баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье!

Дулаан Хангамжийн Холбооны тэргүүн

Төрийн шагналт Д.Бямба-Очир Ph.D

Categories
мэдээ цаг-үе

4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn

Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчиллаа. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Иргэд та бүхэн цахим орчинд анхаарал татсан мэдээ, мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж цахим халдлагаас сэргийлээрэй. Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.