Categories
мэдээ нийгэм

Булган аймагт хариулгагүй мал амьтнаас шалтгаалж зам тээврийн 11 осол гарчээ DNN.mn

Ээж мод" орчимд осол гарчээ | News.MN

Булган аймгийн хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн 94 осол гарсан байна. Үүний 11 нь зам дагуу хариулгагүй, эзэнгүй мал амьтан өнгөрснөөс шалтгаалж гарчээ.

Цагдаагийн алба хаагчид шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд малаа хариулаагүйн улмаас замын хөдөлгөөний дүрэмд заасанчлан малчны буруу болдог байна. Улмаар малчид бусдын машиныг төлөх өрөнд орох эрсдэлтэй.

Иймээс малчид малдаа цацруулагч уяа зүүснээр бусад тээврийн хэрэгслийн жолоочид учирч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх үүрэгтэй гэж заажээ.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан DNN.mn

Улаанбаатар хот

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн, салхитай байна.


2022 оны 08-р сарын 23-ны 20 цагаас 08-р сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн амйгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, бороо, уулаараа нойтон цас, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Categories
мэдээ нийгэм

“Төв түмний сүүн соёл” арга хэмжээг энэ сарын 25-нд болно DNN.mn

Сүү, сүүн бүтээгдэхүүн үнэгүй түгээнэ

Төв аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуй, боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах ажлын хүрээнд малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох, сурталчлан таниулах, үхэр сүргийн маллагаа түүний гайхамшигт таваарлаг шинж, ашиг шим, уламжлалт сүү цагаан идээ, шилмэл үхэр шалгаруулах “Төв түмний сүүн соёл” арга хэмжээг энэ сарын 25-ны өдөр Батсүмбэр суманд зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой DNN.mn

Тайлбар байхгүй.

Өнөөдөр Улсын ургацын комиссын анхны хуралдаан болж ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын үеийн цаг агаарын ерөнхий төлөв, тариалангийн талбай дахь хөнөөлт организмын тархалт судалгааны дүн, тэмцэх арга зөвлөмжийн талаар мэдээлэл өгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын албан даалгаврыг танилцууллаа.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Энэ оны ургацын урьдчилсан балансаар 470 мянган тонн үр тариа, үүнээс 441 мянган тонн улаанбуудай, 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо, 56 мянган тонн тосны ургамал, 104 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарсан. Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Энэ жил хүнсний ногоочдоо дэмжих зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт 1500 га-гаар нэмэгдсэн” гэж мэдээллээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал болон хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдлын улмаас импортын бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл учирч байгаа энэ хүнд цаг үед үндсэн нэр төрлийн таримлын тариалалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс олон шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Үүнд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Газар тариалан” үндэсний чуулганыг “Атрын IY аян – Эх орны эрүүл хүнс” уриатайгаар зохион байгуулж, улмаар УИХ, Засгийн газарт хандаж нэгдсэн зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг чиглэл өгсөний дагуу нийтдээ 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж хэлэлцүүлэн “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
  • Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд арилжааны 7 банкаар дамжуулан Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 450 аж ахуйн нэгж, иргэнд 70.4 тэрбум, Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 970 иргэн, аж ахуйн нэгжид 27,4 тэрбум, нийтдээ тариалан бүхий 1420 иргэн, аж ахуйн нэгжид 97.8 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлийг олгож тариалангийн салбарт хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэв.
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолоор Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчид болон ажил эрчимтэй эрж байгаа иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд татан оролцуулахаар шийдвэрлүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
  • Засгийн газрын 2022 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 288 дугаар тогтоолоор ургац хураалт, уринш боловсруулалтын ажилд шаардагдах 10 мянган тонн дизель түлшний үнийг хаврын тариалалтын үеийн шатахууны үнэтэй ижил түвшинд байхаар тооцож, үнийн зөрүү болох 6.5 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж зохицуулахаар шийдвэрлүүлсэн.
  • 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 тоот албан даалгавар гарч хэрэгжилтийг зохион байгуулж байна.
  • “Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх тухай” Засгийн газрын 2022 оны 119 дугаар тогтоолоор тариаланчдын гар дээр байсан, зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байсан 6.3 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч санхүүжилтийг нь шийдвэрлээд байна.
  • Тус яамны харъяа ХААДС нь нийтдээ 7 байршилд 186.0 мянган тонн хүнсний буудай хадгалах хүчин чадал бүхий элеватортой. Өнөөдрийн байдлаар 43 мянган тонн хүнсний буудайн үлдэгдтэй байгаа бөгөөд бусад элеваторын засвар үйлчилгээг хийлгэж буудай хүлээн авах бэлтгэлийг хангаж байгаагийн зэрэгцээ зарим элеваторуудыг гурилын үйлдвэрүүд түрээсээр ашиглуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний 80 мянган тонн нөөцтэй байна DNN.mn

Сайжруулсан шахмал түлш борлуулж буй 61 цэгт хяналт шалгалт хийхэд 264.4  тонн түлшний нөөцтэй байна

Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна. Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан шийдвэрлэж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн. Есдүгээр сарын 15-аас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ“.

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1006.5 тонн түлш үйлдвэрлэж байна. Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144611 тонн байгаа бол барьцалдуулагч 8000 тонн, шуудай 788327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэсэн үг. Өнгөрсөн өвөл 607 цэгээр борлуулалт хийж байсан бол энэ онд цэгийн тоог 670-д хүргэхээр зорьж байна. Өмнөх жил ажилласан 450 цэгийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учир сунгаж ажиллахаар болсон” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: ХААДС-д хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоолоо DNN.mn

Хөрш орнуудад үүссэн геополитикийн мөргөлдөөн, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн. Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнэ тогтоов.

Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах үнэ:

  • 1-р ангиллын улаанбуудай 1 тонн-1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880,000 төгрөг байхаар тогтоолоо.
Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Шарын аманд цанын бааз байгуулна DNN.mn

Хүй долоон худагт цанын бааз байгуулна

Монголын цанын холбоо Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Шарын аманд цанын бааз байгуулахыг зорин ажиллаж буй бөгөөд цанын баазын газрын гэрчилгээ гарчээ. Ийнхүү Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг, Засаг даргын орлогч Б.Чингис нар өнөөдөр газрын гэрчилгээг Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатанд гардуулж өгөв. 156.3 га тус газарт олон улсын стандартад нийцсэн цанын бааз байгуулах бөгөөд 2038 он хүртэл хөгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан болохыг холбооны ерөнхийлөгч Р.Хатан хэлэв. Тус газарт өвөлдөө цас их унадаг, нөмөр нөөлөг, цанын бааз байгуулахад тохиромжтой болохыг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

О.Цогтгэрэл АН-ын бүлгийн даргаар сонгогджээ DNN.mn

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар О.Цогтгэрэл сонгогдсон байна. Түүний нэрийг УИХ-ын даргад өргөн бариад, үдээс хойш 16;00 цагт нэгдсэн чуулганд танилцуулах аж.

Өмнө нь Н.Ганибал, А.Адьяасүрэн, О.Цогтгэрэл нар бүлгийн даргад өрсөлдөж байсан бол Н.Ганибал, А.Адьяасүрэн нар нэрээ татжээ. Ингээд О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар томилох тухай нууц санал хураалт явуулж, олонхын санал авсан байна. Харин Д.Ганбат гишүүний хувьд санал өгөхөөс татгалзсан бай

Categories
мэдээ нийгэм

Аи-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна DNN.mn

АИ-92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ

УУХҮЯ-наас гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр буюу наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 119,364 тн шатахууны нөөцтэй байна.

Үүнээс А-80 автобензин 7,533 тн буюу 45 хоногийн, АИ-92 автобензин 33,437 тн буюу 25 хоногийн, АИ-95 автобензин 4,691 тн буюу 35 хоногийн, ДТ 71,600 тн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байгаа аж.

Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 58,574 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,303 тн, АИ-92 автобензин 18,672 тн буюу 20 хоногийн, АИ-95 автобензин 3,164 тн буюу 43 хоногийн, ДТ 33,358 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд оролцоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.08.23/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Ирэх 50 жилд том төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар Ерөнхий сайд онцлон ярилаа.

Япон Улсын Ерөнхий сайд асан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэв. Энэ мэдээг Сингапур Улсад айлчилж байх үедээ хүлээн авсан. Монгол, Японы харилцаанд Ш.Абэгийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно гэлээ. Ирэх сарын 27-нд болох Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд Монгол Улсын төр, засгийг төлөөлж оролцохоор төлөвлөж байгаагаа тэмдэглэв.

Мөн нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй, Японд хийх айлчлалын үеэр энэ чиглэлийн компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал сонилцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд 2021 онд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токио-2020 Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, хүнд цаг үед дэмжлэг үзүүлсэнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо талархал илэрхийллээ. Төлөөлөгчид дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна. Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг, 400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч уулзлаа.

Тус группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэлээ.
Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар