Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмч Б.Амарзаяа ДАШТ-д оролцоно DNN.mn

Туялзуур сэлэмний ДАШТ 2022 оны долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд Египетийн Каир хотод зохион байгуулагдана. Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер Б.Амарзаяа дэлхийн аваргад оролцох бөгөөд өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэрээр 40 гаруй улсын тамирчдын хамт тэмцээний өмнөх хамтарсан бэлтгэлд хамрагдах юм.

Түүний хувьд өнгөрсөн онд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын туялзуур сэлэмний тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн хуримтлал, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас долоодугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргажээ. Хүүхдийн хуримтлал, өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг долдугаар сарын 20-нд олгох юм.

Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэргийг долдугаар сарын 27-нд өгөх хуваарьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймагт найман настай хүүхэд дааганаас унаж нас баржээ DNN.mn

Өчигдөр буюу энэ сарын 8-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадам болж, энэ үеэр даага унаж явсан найман настай хүү мориноосоо унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Даага нь унахдаа өөр хоёр даагатай мөргөлдсөнөөс болж мөн хоёр хүүхэд гэмтсэн байна. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наадмын өдрүүдэд сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn


Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Сүлжээ дэлгүүрийн нэр Амрах огноо урт цагаар ажиллах огноо Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо
1 Номин тав трейд ХХК Улсын Их дэлгүүр 2022.07.11-2022.07.15 08:45-21:30 цаг 2022.07.16
Номин Их дэлгүүр 2022.07.11-2022.07.13 2022.07.14-2022.07.15 08:45-22:00 цаг
Номин Юнайтед Их дэлгүүр 2022.07.11-2022.07.13 2022.07.14-2022.07.15 09:30-21:30 цаг
Номин супермаркет Драгон салбар 2022.07.11-2022.07.15 07:30-22:00 цаг
Номин супермаркет Зунжин салбар 2022.07.11-2022.07.15 08:00-00:00 цаг
Бусад супер маркетууд 2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг
2 Номин хайпермаркет ХХК Номин хайпермаркетын салбарууд 2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг 2022.07.16
3 Номин бизнес клуб ХХК Номин Агуулах худалдаа УБ импескс 2022.07.11-2022.07.15 2022.07.16
Номин Агуулах худалдаа 22-ын товчоо 2022.07.11-2022.07.15 06:00-00:00 цаг
Номин агуулах худалдаа Чулуун овоо салбар 2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг
Номин агуулах худалдаа Хан-Уул салбар 2022.07.11-2022.07.15 08:30-22:00 цаг
4 Имарт хайпермаркет Скай хайпермаркет ХХК 2022.07.08-2022.07.09 09:00-23:00 цаг 2022.07.10
5 Миний дэлгүүр ХХК Миний хайпермаркет Нисэх салбар 2022.07.09-2022.07.16 08:30-00:00 цаг 2022.07.17
Миний супермаркет Саппоро салбар 2022.07.09-2022.07.16 08:30-23:00 цаг
Миний хайпермаркет Нарны зам салбар 2022.07.09-2022.07.16 08:30-00:00 цаг
Миний сүлжээ дэлгүүрийн бусад салбар Ердийн цагийн хуваарийн дагуу
6 Моннидер ХХК Оргил
Сонсголон салбар
2022.06.10-2022.08.26 08:00-22:00 цаг 2022.08.27
Оргил
Налайх салбар
2022.06.10-2022.08.26 09:00-23:00 цаг 2022.08.27
Оргил бусад салбар Ердийн цагийн хуваарийн дагуу
7 Алтан жолоо трейд ХХК Сансар-1 туннель салбар 2022.07.11-2022.07.15 08:00-00:00 цаг 2022.07.16
Сансар-6 5 шар салбар
Сансар-8 Чулуун овоо салбар
8 Алтан жолоо трейд ХХК Сансар 22-ын товчоо салбар 2022.07.11-2022.07.15 06:00-00:00 цаг 2022.07.16
Сансар-34 яармаг салбар
Сансар-39 баянзүрхийн товчоо салбар
9 Алтан жолоо трейд ХХК УБ Их дэлгүүр салбар 2022.07.11-2022.07.12 2022.07.13-2022.07.15 10:00-21:00 цаг 2022.07.16
10 Алтан жолоо трейд ХХК Сансар сүлжээ дэлгүүрийн бусад салбар Ердийн цагийн хуваарийн дагуу 2022.07.16
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

“Ч.Санжаадамба энэ жилийн наадамд зодоглохгүй” гэв DNN.mn

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба “Би бүхий л цаг үед допингтой тэмцэнэ. Допингийг эсэргүүцэхийн тулд хэрэглэсэн бөхтэй барилдахгүй” хэмээн хэлж байв.

МҮБХ хэдхэн хоногийн өмнө хуралдан, барилдах эрхээ дөрвөн жилээр хасуулсан таван бөхийн эрхийг сэргээсэн. Үүнийг Ч.Санжаадамба аварга эсэргүүцэн, энэ жил улсын наадамд барилдахгүй байхаар шийджээ.

Тэрбээр “Zogii.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Би энэ жилийн наадамд барилдахгүй. Хоёр удаа ес давж түрүүлсэн бөх нэг удаа арав давж түрүүлээд, аварга болсон бөхийн дээр эрэмбэлэгдэж байгаа нь буруу. 10 давж аварга болсон амжилтын үнэлэмж алга. Тэгвэл хоёр удаа тав давсан начин цолтой хүнээ нэг удаа зургаа давсан харцагын дээр эрэмбэлчих. Ийм шударга бус зүйлүүдтэй хэзээ ч санал нийлэхгүй. Допинг хэрэглэсэн бөх хугацаанаасаа өмнө барилдахгүй гэж хэлж байсан.Тиймээс хэлсэндээ хүрээд энэ жилийн наадмыг өнжиж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баяр наадмын өдрүүдийн цаг агаар DNN.mn

Нийт нутгаар ялангуяа төв болон зүүн, Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас элбэг байна.

9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул наадамчид болон аялал зугаалгаар явж буй иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотын хувьд 9-нд өдөртөө түр зуурын бороотой, 10-нд бороо орохгүй, 10-11-нд шилжих шөнө болон 11-нд дуу цахилгаантай аадар бороо орно. 12-13-нд өдөртөө бороо орохгүй.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.


Өнөөдрийн /07-р сарын 09-ний/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 27-32 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.

Categories
xурдан-морь мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Морь тайлбарлагч М.Оюунбаатар: Өнөө жилийн наадмын өнгөнд битүү морьд уралдах магадлалтай DNN.mn

NTV телевизийн сэтгүүлч, морь тайлбарлагч М.Оюунбаатартай ярилцлаа.


-Таны хувьд хэд дэх жилдээ морь тайлбарлаж байна вэ. Өнөө жилийн наадмын хурдан морины өнгө ямар байх бол?

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт их ойн наадам сайхан болно. Өнгөрсөн жил дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас Монгол төр наадалгүй өнжсөн. Минийхээр өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд заавал өнжихгүйгээр үзэгчгүй, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган, наадмын хүрээг тодорхой хэмжээнд барьж, гаднаас үзэгчид нэвтрүүлэхгүй цахимаар хийхэд болохгүй зүйл байхгүй байжээ гэж харж байна. Гэвч тухайн үед “Ковид-19” цар тахал ямар хэмжээнд хор хөнөөлтэй, нөлөөтэй гэдгийг аль аль шатандаа мэдээгүй байсан учраас төр засаг гаргасан байх гэж бодож байна.

Өнгөрсөн жил тэмдэглээгүй 100, 101 жилийн ойг энэ жил хамтатган тэмдэглэж,Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад үндсэндээ тав хоног үлдлээ. Долдугаар сарын 10-ны өдөр монгол төрийн их баяр наадам хязаалан, шүдлэнгийн уралдаанаар эхлэн уралдана.Миний хувьд төрийн их баяр наадмыг 12 жилдээ тайлбарлаж байна. Морин уралдааны халуун тогоонд байдгийн хувьд энэ жил үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монголын морин спорт уяачдын холбоо, холбогдох мэргэжлийн байгууллагууд, уяачдын оролцоотойгоор хэлэлцлээ.

Энэ нь хурдан морины уралдааныг эрлийз, монголоор ялгаж уралдуулъя гэсэн шийдвэрийг эхлэн ярьдаг байсан. Үүнийг хэн ч анзаарахгүй явсаар өдийг хүрсэн. Намайг 2009 онд морь тайлбарлаж эхэлж байхад эрлийз, монгол морь холилдоод л уралдаж байсан. Үүнээс хойш цэгцрэн эрлийзийг эрлийз ангилалд, монголыг нь монгол ангилалд тусад нь уралдуулъя гэдэг байсан боловч холбоо, уяачид зэрэг оролцож буй хүмүүс тодорхой хэмжээнд шударга байдлаар аль аль нь хандаж чадаагүй. Бид бие биенээ шүүмжлэхдээ гол нь биш, цаашид хэрхэх талаар яригдаж байна. Юуны өмнө бид яаж уралдах вэ гэдэг уралдааны дүрмээ маш нарийн, чанга гарган уяачид дагаж мөрддөг, Монголын морин спорт уяачдын холбоо, Монгол Улсын төр засгаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хурдан морины салбар хороо хатуу хяналтыг тавьж ажилладаг байх ёстой. Цаашид төрийн их баяр наадамд уяачдын тоо багасаж магадгүй.

2009, 2010 оны үед монголоор нь уралдана гэдгийг хийж чадаагүйгээс хойш сэрвээний өндрийг нэмэхгүйгээр одоо байгаа азарга соёолон 140, их насны морь 141 гэсэн сэрвээний стандартыг яс барин ялгаж олон түмний нүдэнд нээлттэй хэмжиж уралдахад болохгүй гэх зүйл үгүй. Эхний ээлжинд бид шударга сайхан наадах хэрэгтэй. Бүх хүмүүсийн оролцоог адил тэгш, хангах хэрэгтэй.

Монгол төрийн их баяр наадмын азарганы, их насны морьдын уралдаан хамгийн анхаарал татсан уралдаан. Одоогийн байдлаар сунгаануудын цээжийг харахад хурдан байгаа азаргууд мэдрэгдэж харагдаж байна.

-Улсын их баяр наадмын өнгийг тодорхойлох уртын сунгаа болсон болов уу. Хэний азарга, морьд хурдан байна вэ?

-Бид нэгдүгээрт яаж уралдах тухайгаа ярих хэрэгтэй. Дараа нь хэний морь хурдан байна вэ гэдэг талаар ярина. Улсын их баяр наадмын өнгийг тодорхойлох хамгийн холоос сунгадаг сунгаа буюу хуучнаар гуравны сунгаа явагдаж байна. Энэ жилийн хамгийн олон уяач, хүлэг морьд, уралдаанч хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын тод манлай уяач Т.Ихбаяраар ахлуулсан “Хүй мандал гал уяа” Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт бий. Энд зургаан нас, гурван ангилалд нийтдээ 500 гаруй морьд байна. Энэ сунгаанаас улсын наадмын өнгийг тодорхойлох олон хурдан морьд, азарганууд морддог. Мөн Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэг, Д.Мөнхбат, С.Эрдэнэбат тэргүүтэй уяачид Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Уулаас хойших Бумбат гэдэг газар давхилаа хийн азарга 16, 17 км сунгасан байна лээ. Тод манлай уяач Д.Хишигжаргалын халзан азарга, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Ч.Махбалын халтар азарга, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы халзан азарга тэргүүтэй азарганууд өнгөнд байгаа дуулдсан.

-Уржнан жилийн төрийн их наадамд айрагдсан азаргануудаас энэ жил айрагдах магадлалтай ямар азарганууд байна вэ?

-Уржнан жилийн төрийн их баяр наадамд айрагдсан азаргануудаас Төв аймгийн Баян сумын харьяат манлай уяач Б.Нямжавын азарга хурдан байгаа гэж дуулдсан. Өмнөговь аймгийн уяач Д.Бат-Эрдэнэ ажнай саарал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын уяач М.Амарбаясгалангийн хээр буурал зэрэг азарганууд өнгөтэй байгаа. Энэ жилийн хувьд шударга сайхан наадаж энэ олон азаргануудаас аль нь ч түрүүлж магадгүй. Энэ жил морьд дөрөвдүгээр сарын 20-д гэхэд ногоо идэж эхэлсэн, тавдугаар сарын 20-доор адуу ногоонд дүүрэн цадсан байсан. Тэгэхээр эх орны өнцөг булан бүрт зуншлага сайхан байсан учраас энэ жил морьд тамир тэнхээ сайтай байгаа. Улсын баяр наадмын дараа Монголын морин спорт уяачдын холбооноос санаачлан гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Монголын морины олимп буюу “Их хурд 9” уралдаан Хэнтий аймгийн Чингисхаан хотод долдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус тэмцээн нь Монгол Улсын 21 аймгаас шигшигдэж ирсэн бүхий л морьдыг уралдуулдаг. Өнгөрсөн жил төрийн их баяр наадам болон бусад наадмууд зохион байгуулагдаагүй учраас эрх өгөх мандат болох уралдаан болоогүй. Тиймээс энэ жил хамгийн шилмэл хурдыг үзэн, бүгдийг нь уралдуулна гэсэн байр суурьтай байна.

Зууны тод манлай уяач гэж яригддаг Монгол төрийн наадамд 21 түрүү, 43 айраг авсан Д.Даваахүү гуайн уяанаас энэ жил ямар азарга айрагдах вэ?

-Д.Даваахүү гуай Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугар багт морьдоо уяж буй гэсэн. Би энэ жил уяан дээр нь хараахан очиж амжаагүй байна. 2020 оны Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмын 12-т хурдалсан түүний хүү манлай уяач Д.Баянбатын саран хонгор азрага тэргүүтэй азарганууд уягдаж буй байх. Даваахүү тод манлай уяачтай ойролцоо улсын наадамд хязааланд түрүүлсэн, өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурд наадамд аман хүзүүнд хурдалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмдийн хонгор тэргүүтэй олон сайн азарганууд уягдаж байгаа байх. Сүүлийн үед морины уралдаанд маш олон аймаг, сумдын уяачид хамрагддаг болсон учраас тэр түрүүлнэ, энэ түрүүлнэ гэдэг зүйл байхгүй болсон. Нэг ёсондоо уяач гэдэг ажлыг морь унаж буй хүн жилийн дөрвөн улирал морьдоо тэжээн, арчлан маллаж зөвхөн уяачын эрдмээр дагнасан хүний мэргэжил болсон учраас залуус хүч түрэн орж ирж байна. Энэ жил улс хувьсгалын 100, 101 жилийн ой давхцаж байгаа. Хэнтий аймгийнхан улсын тэгш ойд азарга олон түрүүлүүлсэн. Их насны морь аймаг аймгаас түрүүлсэн ч Хэнтий, Төв зэрэг өөр өөр аймгаас түрүүлсэн байдаг. Монголын хурдан морины уралдааны түүхэнд Хэнтий аймгийн Дэлгэрхан сум гэж тодоор бичигдэх сум бий. Дэлгэрхан сумаас улсын 30 жилийн ойгоор уяач М.Лувсандорж хул азаргаа айрагдуулж, хар морио их насны уралдаанд түрүүлгэсэн. Улсын тэгш ойд азарга морь түрүүлгэж айрагдуулсан амжилтаараа Хэнтий аймгийн Дэлгэрхан сум улсдаа тэргүүлэх байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Солонгост сонгино зулгааж, сангёбсал идсэн наадам DNN.mn

Эрх чөлөөгөө хасуулж үзсэн хүн эрх чөлөөний үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрдэг гэдэг шиг харийн газар, холын нутагт үзсэн тэр жилийн наадмын өдрүүд санаанаас ердөө гардаггүй юм. Монголчуудын хамгийн их очихыг хүсдэг улс БНСУ гэдэгтэй маргах хүн цөөнгүй. Аяллын гэх тодотголтой гурван сарын визээр халхавчилж, аялахаасаа илүү ажиллаж, амьдрал ахуйгаа өөд татах хүсэлтэй нь олон. Тэдний нэг нь би. Хэрэв визнийхээ дуусах хугацааг тулгаж эх орондоо ирвэл, дараа дахин визэнд ороход “ажил хийсэн байх магадлалтай” гэх шалтгаанаар БНСУ-ын ЭСЯ-наас татгалзсан хариу сонсох магадлал өндөр. Тиймээс хамгийн ихдээ сар 15 хоног Солонгост аялах нэрээр ажиллах нь миний гол зорилго байлаа. Зургадугаар сарын дундуур БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудалд газардсан юм. Ирсэн зорилго тодорхой учраас өндөр цалинтай л бол ямар ч ажлыг уйлуулна, хашраана гээд л өөрийгөө төрсөн эгчдээ рекламдаж гарсан. Эгч минь намайг бодоход тус улсад найман жил сурч, ажилласан болохоор хаанаас, ямар ажил олохоо сайн мэднэ. “Үнэхээр ямар ч ажил байсан яг хийж чадах уу. Солонгост ногооны улирал эхэлж байгаа болохоор тэнд хамгийн өндөр цалинтай сонгино хураах ажил байна. Эсвэл арай бага цалинтай буудал цэвэрлэх ч ажил байна гэв. Сонгино хураах ажил өдрийн цалин 120 мянган вон” гэв. Үнэндээ тэр үед надад ямар ажил гэдэг нь огтхон ч сонин биш байлаа. Харин өдрийн цалинг нь сонсоод шууд хоёроор үржээд монгол мөнгөөр 240 мянган төгрөгтэй болох нь гэдэг л сонин байв. Шууд л “Би чадна”-чуудын эгнээнд бат шилжив. Эгч минь солонгосоор яриад л утасны наана толгой дохин тонголзож байх юм. Ямартаа ч ажилд орох нь нэгэнт тодорхой болж.Тухайн газраа байрлаж ажиллах учраас бэлтгэлээ базаахаар болов. Томоос том саравчтай, эрээн алаг эмээ малгай (ихэвчлэн ногооны талбай, гадаа ажилладаг хүмүүс өмсдөг нарнаас хамгаалах малгай)-г хамгийн түрүүнд сонгов. Моод монголоор дуусдаг л гэдэг яс ярих юм бол манай Улаанбаатарт ийм загварын мэдрэмжгүй нарны малгайг хаанаас ч хайгаад олохгүй байх даа хэмээн бодогдов. Загвар хийцийг нь голсон ч эгчийн тушаалаар үг дуугүй л авлаа. Түүнээс цааш үргэлжилсэн худалдан авалт ч өөдтэй өнгөтэй байсангүй. Хүзүүвч, ханцуйвчнуудыг өнгө өнгөөр нь авч, “ажлын” гэх тодотголтой нимгэн өмднөөс ч нэжгээдийг авав. Тэр дунд юунд, яаж ашиглах нь тодорхойгүй нэг хачирхалтай зүйл худалдан авсан нь “чагоб ижа” буюу ажлын сандал. Дүрслээд хэлбэл, өгзөгний хэмжээнд таарахуйц зөөлөн порлон бүхий, улаан өнгийн бөөрөнхий зүйл байх бөгөөд хоёр талдаа резинэн уяатай байх юм. Ингээд бүх зүйл жин тан.

Өглөө боллоо. Хүний нутагт ирснээ мэдэхгүй ногооны талбайд “Таньдаг хүнтэйгээ тааралдвал яана аа” гэх ичимхий монгол зан хөдлөөд болдоггүй. Дэмий бодолд дарагдах зуураа оройжин явж цуглуулсан ажлын хувцсаа бүрэн өмслөө. Ээ бүү үзэгд. Энд намайг хүн таних нь бүү хэл би ч өөрийгөө танихааргүй боллоо. Хормын дотор эгээтээ л насаараа ногооны талбайд ажилласан эмгэний дүрд хувирах нь тэр. “Эмзэг айлын хүүхэд эгчийнхээ цамцыг өмсчихсөн юм” гэдэг шиг ахынхаа юм уу, аавынхаа өмдийг өмсчихсөн мэт өнөөх ажлын өмднийх нь навсгарыг яана. Дээрээс нь “Халуунд бие барьсан хувцас өмсөх хэцүү. Аль болох нэлмэгэр юм зүгээр” гэсээр S размер өмсдөг надад XXL хэмжээтэй подволк сонгосон эгчид уур ч хүрэх шиг.

Ерөөсөө л S&I хамтлагийн шүтэн бишрэгч хип хоп малгайгаа андуураад нарны малгай өмсчихсөн мэт хөгийн л өнгө юм харагдаж байлаа. Ийм л зүс царайтай амьтан хүсэн хүлээсэн ажлын байртайгаа танилцлаа.

Угтаа эх орондоо, ижий аавынхаа дэргэд байхдаа ногооны талбайд ажиллах нь бүү хэл 20 л ус ч өргөж үзээгүй “нусан буу” шүү дээ би чинь. Гэтэл өмнөх өдөр нь бүгдийг чадна гээд томорчихсон учраас эргэж буцах, эрхэлж нялхрах ямар ч сонголт алга. Азаар БНСУ-ын оюутнуудын амралт эхэлчихсэн учраас тэнд сурдаг нэлээд хэдэн монгол оюутнууд надтай хамт ажиллахаар ногооны талбайд бүрэн жагсчээ. Бидний хийх ажил ногооны талбайд байгаа сонгиныг суга татаад хоёр талаар нь жирийлэн өрнө. Дараа нь сонгинынхоо урд болон хойд саглагарыг хайчлаад хэсэг хэсгээр нь уутлахад бэлэн болгож бөөгнүүлэх байлаа. Үүрийн зургаан цагаас үдшийн 17 цаг хүртэл ийм л ажил хийнэ. Эхний хэдэн өдөр гарын алга хайчинд холгогдож, цэврүү үсрэх ч газаргүй боллоо. Өдөржин ажилласан 10 хуруу шөнөдөө хавагнаж хөөгөөд өглөө нь хөдлөх ч тэнхэлгүй болсон байна. Гэхдээ ажлын талбай дээрээ очих үед тэр бүрэн мартагдана. Мартсанаас өнөөх улаан өнгийн зөөлөвчийг манайхан “бөгсөвч” гэж нэрлэдэг юм билээ. Угтаа хоёр гуяндаа резинийг нь углаад доош суухад зөөлөн сандалны үүрэг гүйцэтгэнэ. Хамгийн их гайхаш төрүүлсэн зүйл нь хамгийн хэрэгтэй зүйл болж хувирах нь тэр. Ингээд ногооны талбайд ажилласнаас долоо хоногийн дараа жинхэнээсээ ажлыг умалзуулдаг боллоо.

“Монголын үнэртэй салхи” дууны үгийг хоёрхон хоногийн өмнө Төрийн соёрхолт хүртсэн Ш.Гүрбазар гуай яасан гайхалтай бичиж, МУГЖ С.Жавхлан яаж тэгж амьдруулсан юм бол. Аагим бүгчим л гэнэ. Монголын салхи амьсгалахад л цээж дүүрдэг сэн. Гэтэл Солонгосын агаар амьсгалахад ч бачимдмаар аж. Үүлний цаагуур нар түр боловч амс хийж, үүлэн сүүдэрт нь бид сэрүүцэх талаар ч бодоод нэмэргүй. Ямар сайхан эх оронтой гэдгээ, яасан сайхан ижий аавтай гэдгээ хүний газар очсон хүн илүү ихээр мэдэрдэг байх. Өмнө нь яагаад мянга мянган одод миний Монголын тэнгэрт түгдгийг, үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх нь гайхамшиг гэдгийг, уртын дуу яасан уянгатай гэдгийг, эх орны минь хээр тал тийм уужим гэдгийг мэдрээгүй юм бол…хэмээн хааяа хааяа үдийн цайны цаг, үдэш орой нойроо хулжаан бодно. Өмнө хэзээ ч утга уянгыг нь бодож сонсож байгаагүй дуу бүрийн үг яасан үнэнийг өгүүлдэг байгаа вэ. Сүүлдээ ч бүр дуу сонсоод л уйлах нь энгийн үзэгдэл болов. Нутагтаа очихоороо гэх хүслийн жагсаалт хөвөрнө. Ямар сайхан эх оронтой гэдгээ улам их мэдэрч, үгүйлэн санасан өдрүүд нэг нэгээрээ хөвөрч маргааш эх оронд минь наадмын өглөө болох нь…

…Өмнө нь наадмын өглөө гийнгоон дуу хадаж, уртын дуу уянгалж, бөхчүүдийн цолыг дуудах, нум сум эвшээлгэж, ээж хуушуур хийж, аав бөх үзэх нь байдаг л зүйл шиг санагддаг байж. Гэтэл энэ бүхэн Монголын төлөө цохилох зүрхтэй, монгол хүн бүхний бахархал, омогшил, ондоошил нь байдаг аж.

Өглөөг “Ээж, аав юу хийж байгаа бол, төв талбайгаас төрийн сүлдийг Төв цэнгэлдэхэд залах байх даа. Энэ жил хэний айраг исч хэний охин өсөө бол… ээжийн хуушуур ч амттай даа” гэх гэгэлгэн бодлоор эхлүүлэв. “Ажума” төрхөндөө нэгэнт ижил дасал болсон би ажлын багажаараа өөрийгөө тоноглоод сонгины талбай руу явлаа. Бие энд ч, бодол хэдий нь эх орондоо оджээ. Энэ жил “Увсын бөхчүүд өнгөтэй байгаа даа.Наадмын түрүү манай аймгаас тодорвол манайхан ч жинхэнэ утгаараа баярлана даа” гэх бодолд дарагдав. Үдийн хоолны цаг болж түр амсхийв. Монголоороо омогшиж, хуушуураа санагалзаж, ядаж байхад тэр өдрийн хоол хүйтэн гоймон байв. Угтаа Солонгосын үдийн халуунд хүйтэн гоймон идэх нь хамгийн зохимжит сонголт. Гэтэл жил жилийн өдийд хул хул айраг, хуушуур буузаар гулгидаг надад энэ өдрийн хоолыг хараад хоёр нүдний нулимс шууд л урсчихсан. Ажлын хүндээс, хоолны амтгүйгээс биш эх орноо, ижий ааваа тэгж их санасан болохоор тэсэхгүй мэлмэрүүлчихсэн. Гуравхан хоног тэсчихвэл угаасаа буцах цаг минь дөхчихсөн байсан юм. Шууд л эгч рүүгээ залгаад “Орой намайг аваарай. Одоо тэсэхгүй нь” гэх нь тэр. Ажил тарах үеэр Солонгост ажиллаж амьдардаг ахан дүүсийн төлөөлөл, төрсөн ганц эгч минь торойгоод зогсож байлаа. Ажилласан хоногоо өдрийн цалингаараа үржүүлээд тоолоод авах мөч бас л сайхан даа.

Эмээ стилиэсээ салаад жинхэнэ S&I олчихоод наадмын хоёр дахь өдрийг жинхэнэ утгаараа тэмдэглэв. Солонгост байгаа монголчууд Ардын хувьсгалын түүхт 93 жилийн ойгоо БНСУ-д ёслол төгөлдөр тэмдэглэж, бөх барилдаж, нум сумаа харваж, шагай наадгайгаараа ч нааддаг юм байна. Яг л эх орондоо ижий аавдаа очсон мэт хүн бүхний сэтгэл баясаж, элэг дэвтэж, тэр л өдөр Монголоороо, монгол хүн болж төрснөөрөө бахархан бахдаж байсан юм. Өнөөдөр аль аймгийн ямар бөх хүчтэй байхыг үзэхээр хэсэг Монгол таунд байрлах “Залуус” рестораныг зорилоо. Тус рестораныг БНСУ-д очсон хэн бүхэн андахгүй. Яг л эх орондоо очсон мэт хаашаа ч харсан монголчууд, монгол хаяг, монол хоол. Ээжийн чанасан цай мэт ядаргаа тайлах банштай цай, сэтгэл сэргэтэл сэгсэрсэн цуйван, хуушуур бууз гээд л үндэсний гэх тодотголтой хоолууд ёоз ёозоороо тус рестораны гал тогооноос л гарна. Тус ресторан нэгэнт монголчуудын хөлд дарагджээ. Рестораны гол байрлуулсан зурагтаар бөхийн барилдаан гарч байна. Ямартаа ч хамгийн сайн таньдаг нь Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын арслан Н.Батсуурь үзүүр түрүү булаалдахаар үлдэж, хурд хүч, уран мэхээрээ олноос онцгойрч түрүүлсэн юм. Тэнд байсан бид уухай хадаан огшиж, эх оронд минь наадмын талбайд Увс нуур халгин мэлтэлзэж байсан юм.Өчигдөрхөн л сонгины талбай дээр нус нулимстайгаа хутгалдаж суусан би өнөөдөр сангёбсал шарсан шигээ сууна…Наадмын түрүү бөх нутгаас минь тодорч, олон жил уулзаагүй ахан дүүстэйгээ учирч, хүний нутагт ч “Увс нуур”, “Цэнхэр тэнгэрийн орон”-оо дуулж, элэг дэвтэж, эх орноо үгүйлж, дэлхийг баясгаж, дэнж хотойтойл нааддаг монгол наадмаараа хэзээ ч бахархаж бахдаж байгаагүйгээр омогшиж, огшиж өнгөрүүлсэн юм.

Дэнж хотойтол дэлгэр сайхан наадахын учрыг, Домгийн шувуу үргээж монгол наадам эхлэхийн учгийг, огших, бахархах, үгүйлэх, эмтрэх, санах санагалзах эх оронтой, ижий аавтай, хэл соёлтой, өв уламжлалтай байхын сайхныг тэр жилийн наадам надад дэндүү тод ухааруулсан юм. Наадам айсуй… БНСУ-д ажиллаж амьдарч байгаа 50 гаруй мянган монголчууд яг л миний л адил, наадам дөхөхөөр уяан дээрээ гэгэлздэг адуу мэт эх орондоо, ижий аавдаа, үр хүүхдэдээ, хань ижилдээ тэмүүлж, тэмтэрч, эмтэрч суугаа. Монголын үнэртэй салхиныхаа илбээнд, морин дэл дээрээ исгэрч, нутгийнхаа уудам, хээр талаар дураараа давхих цаг ойрхон байх болтугай. Айраг исч, найраг дундрах цагаар адуу шиг эх орондоо гүйгээд ирэх цаг мөдхөн биз ээ.

Эрдэнийн наран жаргадаг ч эргээд манддаг энэ орчлонд

Гүүгээ бариад угтахаа гүрэн Монгол чинь сайн мэднэ

Гэмшилт буурал цадигаа зэрэглээ гэж итгээрэй

Гэдсэндээ одсон унага шиг Монголоо тээгээд ирээрэй

(МУГЖ Ц.Бавуудорж Гүрэн монгол чинь хүлээнэ шүлгийн хэсэг)

Categories
зурхай мэдээ цаг-үе

Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.7.9, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 10

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.9, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 05.03-20.52
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 27-32 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.