Categories
мэдээ нийгэм

Ачааны машинаас унаж гэмтсэн иргэнд нисдэг тэргээр тусламж үзүүлэв

Өмнөговь аймагт том оврын ачааны машины ачаан дээрээс унасан гавал тархи, хүзүү нуруу, нугасны хавсарсан хүнд гэмтэлтэй 58 настай иргэнийг нисдэг тэргээр нийслэлд тээвэрлэн авч ирлээ.

Тодруулбал, ГССҮТ-ийн Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлэгт хүргэлээ.

ГССҮТ амралтын өдрүүдээр ч алсын дуудлагыг нисдэг тэргээр үзүүлж байна.

Categories
гадаад мэдээ

К.Валиеваг олимпод оролцуулах эсэх шийдвэрээ CAS маргааш мэдэгдэнэ

Спортын арбитрын шүүх (CAS) ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг Олимпийн наадамд оролцуулах тухай хэргийн шийдвэрээ хоёрдугаар сарын 14-ний даваа гаригт зарлана гэж тус шүүхийн мэдэгдэлд дурджээ.

“Шийдвэрийг хоёрдугаар сарын 14-ний даваа гаргийн үдээс хойш талуудад танилцуулах төлөвтэй байна” гэж шүүхийн цахим хуудсанд бямба гарагт мэдээлсэн байна.

Шийдвэрийг ням гаригт Бээжингийн цагаар 20:30 цагт гаргана гэж мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.

Олон улсын тэшүүрийн холбоо мөн К.Валиевагийн асуудлаар CAS-д гомдол гаргасан бөгөөд түүнийг ОУОХ, WADA-ийн гомдлын хамт бүртгэжээ. Гурван гомдлыг хамтад нь авч хэлэлцэхээр болсон байна.

К.Валиевагийн сэргээшийн асуудалтай холбоотой хэргийн арбитрчаар Итали, Америк, Словенийн шүүгч нар томилогджээ.

Categories
гадаад мэдээ

Франц, Канад, Австрали, Шинэ Зеландад эсэргүүцлийн жагсаал болов

Францын нийслэл Парис хотын иргэд цар тахлыг хумих зорилгоор авч буй эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцсээр байна. Эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээр хот руу олон тооны иргэд машинтайгаа нэвтрэх гэжээ. Харин цагдаа нар тэднийг хот руу оруулахгүйн тулд хуягт машинууд ашигласан байна. Энэ үеэр хутгатай байсан хоёр иргэнийг баривчилж, олон хүнд мөнгөн торгууль ногдуулжээ.

Тус улсад олон нийтийн газраар үйлчлүүлэх бол дархлаажуулалтад заавал хамрагдсан байхыг шаардаж байгаа юм.

Жагсаалыг тараахын тулд Парист 7000 орчим цагдаа үүрэг гүйцэтгэж байна. Иргэд интернетийн тусламжтайгаар маш хурдан зохион байгуулалтад оржээ. Тэдний дунд өөр өөр улс төрийн хүчний гишүүд ч байна.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс “Үзэл бодолтой байж, жагсаалд оролцох нь манай Бүгд найрамдах улсын Үндсэн хуульд заасан, суурь эрх мөн. Харин авто машинаараа бусдын хөдөлгөөнд саад учруулах эрх хэнд ч байхгүй. Энэ нөхцөлд бид хатуу арга хэмжээ авна. Эрх чөлөө гэдэг нь бусдад төвөг учруулах гэсэн үг биш” гэжээ.

Канадын Оттова хот, Австрали, Шинэ Зеландын иргэд мөн л цар тахлын эсрэг хатуу арга хэмжээ авч байгааг эсэргүүцэн жагссаар байна. Мөн үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд жагсаалд нэгдэж байна.

Categories
мэдээ спорт

Ш.Даваадорж өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомоос 4 медаль хүртжээ

“Монгол Майкл Фелпс” гэх Баянгол дүүргийн тамирчин, ОБЕГ-ын аврагч Ш.Даваадоржтой өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын тэмцээнээс дөрвөн медаль хүртсэн байна. Тэрбээр өвлийн болон мөстэй усанд сэлэлтээр хичээллэдэг монголын цорын ганц тамирчин юм. Түүний хувьд 2018-2019 онд ахмадын ДАШТ, дэлхийн цом, олон улсын тэмцээнээс 32 алт, 29 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн чансааг тэргүүлж, цом эзэмшиж байсан бол өдгөө түүний амжилт ийнхүү нэмэгдсээр байна.

Шведэд зохион байгуулж буй Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Ш. Даваадорж хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Ингэснээр мөстэй усанд сэлэлтийн дэлхийн аваргаас нэг мөнгө нэг хүрэл, өвлийнхөөс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Усанд сэлэлтээр 38 жил хичээллэж буй тэрбээр одоогоор найман жилийн өмнө 45 наснаасаа эхэлж мөстэй усанд сэлэлтийн төрлөөр хичээллэж эхэлсэн аж. Усанд сэлэлтийн спорт ердийн, мөстэй усанд сэлэлт, өвлийн усанд сэлэлт гэсэн гурван төрөл байдаг. Ердийн усанд сэлэлт нь бассейн дотор нэмэх 28 градуст уралддаг. Харин мөстэй усанд сэлэлт болон өвлийн усанд сэлэлтийн зэрэг бол хасах хоёроос хоёр градуст байдаг юм байна.

Швед улсад болсон энэ удаагийн тэмцээн бол Скандиновын улс орнуудын өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд нийт 25-100 метрийн зайд тамирчид уралджээ.

Ш.Даваадорж мөн өвлийн олимпийн нээлт болсон хоёрдугаар сарын 4-ний өдөр мөстэй усан сэлэлтийн дөрөв дэх удаагийн дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртсэн. Хоёр жил тутам зохион байгуулдаг энэ тэмцээн өнгөрсөн жил цуцлагдаж, энэ жил Польш улсын Глоков хотод болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын ажил хавар эхэлнэ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, Их дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хуваарийн дагуу хуралдлаа.

Хуралдаанаар Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 сарын 01-ний өдрөөс эхлүүлэхтэй холбоотойгоор зам, дэд бүтэц, дулаан эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр бохир усны хангамж, үерийн ус зайлуулах далан суваг, хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь шат дараатай шийдвэрлэх талаарх ажлын төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.

Шадар сайд С.Амарсайхан “Хөшгийн хөндийн 150 мянган хүн ам төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 сарын 1-ээс эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байгаатай холбогдуулан та бид төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангуулан ажиллах шаардлагатай. Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал.

Цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлүүдийн төлөвлөлтийг зураг төсөлтэйгээ уялдуулж, хот төлөвлөлтийг хийхэд анхаарах нь зүйтэй. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшгийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, дэлхийн жишигт нийцсэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, танилцуулахыг даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн радиогийн өдөр тохиож байна. 2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжит чуулганы үеэр хоёрдугаар сарын 13-ныг “Дэлхийн Радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байдаг.

Дэлхийн радиогийн өдрийг энэ жил “Радио ба итгэлцэл” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр ЮНЕСКО-оос улс орнуудад уриалсан байна. Дэлхийн радиогийн өдрийг тэмдэглэх гол зорилго нь олон нийтэд радиогийн үнэ цэнэ, ач холбогдлыг сурталчлан таниулах, радио өргөн нэвтрүүлгийн хүртээмжийг сайжруулах, сонсогчдынхоо дуу хоолойг сонсох, радиогийн хөгжлийн асуудлыг хэлэлцэх, сайжруулахад оршдог.

Categories
мэдээ нийгэм

ДОРНОД АЙМАГ: Хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байгуулна

ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар энэ онд Хэрлэн сумын Нэгдүгээр багийн нутагт байрлах төв хогийн цэгийг түшиглэн хоногт 150-200 м.куб хатуу хог хаягдлыг ангилан ялгах хүчин чадалтай “Хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр” байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү үйлдвэр нь хог хаягдлыг дахин ашиглах боломжтой ба бусад гэсэн хоёр төрлөөр ангилан ялгах аж. Хуванцар сав, шилэн сав, лонх, лааз, гялгар уут, цаас зэрэг дахин ашиглах боломжтой хогийг хоёрдогч түүхий эд авах цэгт нийлүүлэх юм. Үүний үр дүнд хогийн цэгт очих хог хаягдлын хэмжээ багасч, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.

Дорнод аймаг хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байгуулах ажлын хүрээнд энэ онд тоосгон ханатай, бетон шалтай, чулуун хөвөн дулаалгатай төмөр карказ дээвэр бүхий 1020 м.кв цехийн барилга барих, энэхүү барилгыг халаах халаалтын систем мөн халаалтын зуух барих, ангилан ялгах ажлын 22 кВт-ын цахилгаан барбан бүхий 30 метр урт реминэн туузан дамжуулгын ком төхөөрөмж суурилуулах, цахилгааны ерөнхий тэжээлийн шугамын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Байден, Путин нар Украины асуудлаар ярилцлаа

АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Украины хямралын асуудлаар нэг цаг орчим хугацаанд утсаар ярилцжээ.

Өмнөх өдөр нь Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан өвлийн олимпын наадам дуусахаас өмнө ОХУ-ын цэрэг Украины газар нутагт халдан довтлох магадлал өндөр болсныг анхааруулж байв.

Москвагийн эрх баригчид дайн дэгдээх төлөвлөгөөгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа ч Украины умард, өмнөд, дорнод гурван талд 100,000 гаруй цэрэг, зэвсэг техник хуримтлуулаад байгаа юм.

“АНУ холбоотнуудынхаа хамтаар дипломат яриа хэлэлцээнд оролцоход бэлэн байгаагаас гадна нөхцөл байдал яаж өөрчлөгдөхөөс шалтгаалаад бусад тохиолдолд ч бас ижил бэлтгэлтэй байгааг ерөнхийлөгч Байден ерөнхийлөгч Путинд тодорхой илэрхийллээ” гэж Цагаан ордноос мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч бас Украинд халдвал өргөн хүрээнд хүмүүнлэгийн гамшиг үүсгэх аюултай бөгөөд ингэвэл эрс шийдэмгий, хатуу хариу арга хэмжээ авахаа ОХУ-ын ерөнхийлөгчид анхааруулсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин утсаар ярих үеэрээ дайн гарах тухай зохиомол айдас үүсгэж, Украины армид орчин үеийн зэвсэг техник цутгаж буй АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнуудыг шүүмжилсэн тухай Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

Энэ үйлдэл нь Украины дорнод хэсэгт үүссэн хямралыг зэвсгийн хүчээр шийдвэрлэх сэдлийг Киевийн эрх баригчдад өгч байгааг бас шүүмжилсэн байна.

“Эзлэн түрэмгийлэх тухай гүтгэлгийн ард Украины зэвсэгт хүчинд өдөөн хатгалга явуулах боломж бүрдэж байна” гэж Ушаков мэдэгджээ.

Ерөнхийлөгч нарын яриа тодорхой үр дүнд хүрээгүй ч яриа хэлэлцээгээ цааш үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.

Өчигдөр Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников, зэвсэгт хүчний командлагч, хошууч генерал Валерий Залужний нар нэлээд хатуу үгтэй мэдэгдэл гаргажээ.

“Бид дайснаа цэцэг барьж биш, харин Стингер, Жавелин, танк эсэргүүцэгч, нисэх онгоц эсэргүүцэгч зэвсэгтэй угтахад бэлэн байна. Тамд тавтай морил!” гэж тэдний мэдэгдэлд өгүүлсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр Украины талаас цэргийн ажиллагаа явуулж болзошгүй байгаатай холбогдуулан Киев дэх элчин сайдын яамны бүрэлдэхүүнийг “цомхотгох” арга хэмжээ авснаа мэдэгджээ.

“Цагаан ордны хэнээрхэл улам бүр гаарч байна. Англо-Саксончуудад ямар ч үнээр хамаагүй дайн дэгдээх хэрэгцээ байгаа бололтой. Өдөөн хатгалга, худал мэдээ, сүрдүүлэг нь тэдний асуудлаа шийддэг шалгарсан арга юм” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ үеэр мэдэгдсэн байна.

Өрнөдийн зарим хэвлэлүүд ОХУ-ын цэрэг Украинд халдан довтлох хугацааг ирэх долоо хоногийн Лхагва гараг гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Associated Press

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч зарим томоохон голд халиа тошин гүйсний улмаас мөсний зузаан нимгэрч мөс хэврэгших, нуурт өрх үүсэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.

Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэдийн 5.5 хувь нь вакцины IV тунд хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг I тунд 14, II тунд 14,III тунд 111, IV тунд 123 буюу нийт 262 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь I тунд, 72 хувь нь II тунд, 52.8 хувь нь III тунд, 5.5 хувь нь дархлаа сэргээх нэмэлт IV тунд хамрагдаад буй юм.
Зорилтот бүлгийн буюу 3,032 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,642 (77.2 хувь), 16-17 насны 27,055 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Дашрамд дурдахад, Монгол Улс коронавирусний вакцинжуулалтын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Харин дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар, дөрөвдүгээр тунг өнгөрсөн сарын 7-ноос хийж эхэлсэн билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй юм.