Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Чинбүрэн: Цаашид ковидын вирус аюултай, хэрцгий хувилбараар гарч ирэхгүй болов уу. Тиймээс энэ ондоо дуусчих байх

УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын чуулган завсарлачихсан энэ үед гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хаврын чуулганаар өргөн барих хуулийн төсөл дээрээ нэлээд их цаг зарцуулан сууж байх шиг. Таны хувьд энэ цаг үеийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Юуны өмнө нийт монголчууддаа бар жилийн мэнд хүргэе. Цагаан сарын өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдлаа. Үүгээр ахмадын тэтгэврийн асуудлыг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу Засгийн газрын өргөн барьсан хуулийн хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөс дээш болгосон. Миний хувьд чуулган завсарласан энэ үед тойрогтоо болон хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Тойрогтоо ажиллаад явж байхад ахмадууд маань их баяртай хүлээн авч байгаа нь энэ ажил үнэхээр цагаа олсон зөв шийдвэр болсон гэдэг нь ажиглагдаж байна. Чуулган завсарлачихлаа гэхээр зарим хүмүүс УИХ-ын гишүүд амарчихдаг юм шиг бодоод байдаг. Бид харин ч хуулийн төсөл дээрээ илүү сайн ажиллах цаг гарч ирдэг.

УИХ-ын даргын захирамжаар батлагдсан эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хурлаа хийлээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үндсэн 12 журам, хууль үйлчилж байна. Үүний зарим нь бүр 2010 онд батлагдсан хуучин шинэчлээгүй хуулиуд байх жишээтэй. Тиймээс эдгээр хуулиудын хаана ямар өөрчлөлт оруулж байж, энэ салбарыг дэлхийн хөлтэй нийлүүлж явах вэ гэдгээ ярилцлаа.

-Үнэхээр эрүүл мэндийн салбарт эрх зүйн шинэчлэл үгүйлэгдэж байгаа шүү…

-Эмч, эмнэлгийн ажилчдын эрх зүйн тухай хуулийг боловсруулах шатандаа явж байна. Энэ хуулийн нэг томоохон сэдэв бол эрсдэлийн даатгал юм. Тухайлбал, эмч хүн ажлаа хийж байгаад өвчтөн эрсдэх тохиолдолд тэрийг даатгах тухай асуудал байж байна. Өөрөөр хэлбэл, эмчийг хамгаалах даатгал атлаа цаагуураа үйлчлүүлэгчийг хамгаалах тухай хууль юм. Жишээлбэл, эмчийн алдаанаас болоод үйлчлүүлэгчид хөнгөн гэмтэл гарсан бол 30 сая, хүндэвтэр алдаа гарсан бол 40 сая, маш хүнд байвал 50 сая төгрөгийн нөхөн олговор нэхдэг ийм журам байдаг. Үүнийг хуульчилж, эмч даатгуулдаг байх ёстой. Нөгөөтэйгүүр үүнийг заавал хуулиар батлахгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дангаараа шийдэх, зохицуулаад яваад байх боломж байхгүй юм. Бидний ажиллаж байгаа өөр нэг томоохон хууль бол Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль. Өнөөдөр Монголын зах зээл дээр байж байгаа эмийн чанаргүй байдалтай холбоотой хууль шүү дээ. Энэхүү хуулийн төсөл дээр нэлээд их цаг заваа зарцуулж байна. Энэ мэт эрүүл мэндийн салбарын эрх зүйн тухай хуулиудыг энэ ондоо багтаагаад батлуулахаар ажиллаж байгаа юм.

-Цар тахлын өвчлөл буурахгүй байгаа ч сүүлийн хувилбарууд нь өмнөхөө бодвол айхавтар хүндээр илэрч байх нь бага юм болов уу гэж харж байна. Ер нь тахлын цаашдын нөлөөлөл, хандлага ямар байхаар байна вэ?

-Таны хэлдэг үнэн. Өвчлөл буурахгүй байгаа ч хүндэрч байгаа өвчтөн харьцангуй бага байна. Гэхдээ бид тойрогтоо ажиллахдаа аль болохоор олон хүн цуглуулахгүй, зөвхөн тодорхой газарт очиж уулзалтууд хийх зэргээр халдварын дэглэмээ баримтлан ажиллаж байна. “Ковид-19” вирус хувьсан өөрчлөгдсөөр байгаад омикрон дээр ирчлээ. Үүнийг ажиглахаар олон хүмүүсийг хурдан өвчлүүлж, халдвар тархааж байгаа ч гэсэн хүндрэх эрсдэл болон нас баралтын түвшин бага байна. Сүүл рүүгээ бүр ханиад томуутай төстэй болчихлоо. Нөгөө талаасаа энэхүү вирус хүнтэй дасан зохицох гэж байгаа оролдлого байнга хийгээд байна гэж харж болох юм. Тухайлбал, ковид анх гарахдаа маш хэрцгий байлаа шүү дээ. Туссан хүн шууд хатгаа авч, хүндрээд дархлаа султай хүмүүс хэвтэрт орж хүндэрсэн. Харин одоо вирус эзэн биеэ хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй байгаа нь хүнтэй дасан зохицох оролдлого хийж байгаагийн илрэл юм. Үүнийг ойлгоход жаахан төвөгтэй байж магадгүй.

-Д.Нямхүү эмч “Энэ вирус гэдэг чинь амьтай, өөрсдийн гэсэн ухаантай” гэж хэлж байсан. Та бас энэ өнцгөөр нь ойлгуулах гээд байна уу даа…

-Дэлхий дээрх амьд организмын ганц ижил шинж нь үржих. Ямар ч амьд амьтан бүгд үрждэг. Үржиж л байвал тэр амьд организм гэсэн үг. Тэгэхээр ковид гэх вирус үржихийн тулд эзэн биеэ хайрлах хэрэгтэй байгаад байна шүү дээ. Анх гарахдаа аюултай хэрцгий байснаасаа болж туссан хүн бүрээ хүндрүүлж, үхүүлээд байсан бол одоо тийм биш болчихлоо. Өөрөөр хэлбэл, эзэн биеэ үхүүлэхгүй, хэвтэрт оруулахгүй байгаа нь дасан зохицож байгаагийн илрэл юм. Өөрөө бас амьд организм болохоор дэлхийгээс устчихгүй гээд үзээд байна шүү дээ. Устахгүйн тулд эзэн биетэйгээ буюу хүнтэй дасан зохицохоос өөр аргагүй юм. Цаашид ковидын вирус аюултай, хэрцгий хувилбараар гарч ирнэ гэдэгт би итгэхгүй байна. Тиймээс энэ вирус аажимдаа энэ ондоо дуусчих байх аа. Гэхдээ дуусчихна гээд санаа амар сууж болохгүй. Халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, маскаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж болж өгвөл гурав, дөрөв дэх тунгаа хийлгүүлчих шаардлагатай.

-Сая ээлжит чуулганаар ахмадын тэтгэврийг нэмсэн. Нэмэхдээ эдийн засгийн боломжиндоо тааруулж нэмсэн үү. Үүнээс илүү, ахиухан нэмэх боломж байв уу?

-Үнэхээр боломжоо шавхлаа гэж харж байгаа. Томоохон төслүүдээсээ 15 хувийг нь татчихаж байгаа юм. Өнөөдөр 350 мянган төгрөг аваад амьдрах нь ахмадуудад үнэхээр хүнд байсан. Эмч хүнийхээ хувьд бодоход зүгээр элэгний хагалгаа хийлгэсэн ахмад хүн эмнэлгээс гараад уураг аваад ууя гэхэд л 10 хоног уух уураг авах мөнгө шүү дээ. Үүнээс харахад амьдралын доод түвшнээс доогуур амьдралтай байна гэхээр амьд явах баталгаагүй болчих гээд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн гаргасан энэ санаачилга цаг үеэ оллоо л гэж бодож байна л даа. Ер нь бол тэтгэвэр гэдэг бол өөрийнхөө тушаасан мөнгөө сүүлд нь буцааж авч байгаагийн л хэлбэр. Тиймээс цаашид инфляцитайгаа уялдуулаад тэтгэврээ нэмж байх бодлого бол зөв.

-Тэтгэвэртэй холбоотойгоор нийгэмд хүсдэг нэг зүйл байдаг. Тэр нь тэтгэврээ авч чадалгүй нас барчихлаа гэдэг. Үүнийг нь өвлүүлэх, олон жилийн тооцооллоор бодож ар гэрт нь нөхөн олгодог болгомоор байна гэдэг. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Тэтгэврийн бодлогын том шинэчлэл угаасаа хүлээгдээд байгаа юм. Манай нам сонгуулиар ялж гарч ирэхдээ энэ тэтгэврийн шинэчлэлийг хийнэ гэж амласан. Бидний амласан тэтгэврийн гол бодлого бол тэтгэвэр өвлөгддөг байх юм. Таны хэлдгээр ажиллаж, ажиллаж хураалгасан мөнгөө буцаагаад авч чадалгүй өнгөрчихөөр үнэхээр харамсалтай л даа. Тиймээс үүнд энэ удаагийн Их хурал тодорхой шинэчлэл, өөрчлөлтийг хийх ёстой. Нийгмийн даатгал гэдэг бол хуримтлалын сан. Энэхүү хуримтлалын санг арвижуулах өсгөх тэр менежмэнт нь өөрөө чухал. Мөнгө байгаа тоогоороо байгаад байвал инфляциа дагаад босч чадахгүй. Тухайлбал, 2000 онд авч байсан цалин 2020 онтой харьцуулахад шал өөр шүү дээ. Тиймээс энэ хоёрыг тэнцүүлж байхын тулд инфляцийн түвшнээр нь тэтгэврийг нэмж байх хэрэгтэй болж байгаа юм. Ингэхийн тулд энэ хуримтлалын сангаа зүгээр байлгаад байж бас болохгүй. Мөнгө өөрөө мөнгө бий болгож байх ёстой. Гэхдээ хэн нэгэнд хулгайлагдаад алга болчих биш. Тухайлбал, капитал банкны жишээ шиг нийгмийн даатгалын мөнгө, Эрүүл мэндийн даатгалын мөнгөө авч чадалгүй алдчихаж байгаа биз дээ. Одоо үл хөдлөхийг нь барьцаалаад буцаагаад авч байна. Иймэрхүү эрсдэл гаргахгүйн тулд хууль эрх зүйн маш том шинэчлэл хэрэгтэй. Үүнийг хийж байж энэ өвлөгддөг тогтолцоог бий болгоно. Энэхүү хүлээгдэл маш их байгаа. Үүнийг Засгийн газар болон зарим УИХ-ын гишүүд өргөн барьсан шүү дээ.

-Энэ оноос эмч нар гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Үүний давуу тал юунд байх вэ?

-Гүйцэтгэлээр санхүүжүүлэхийн хамгийн чухал нь эмнэлгийн удирдлага бие даасан тогтолцоотой болох ёстой. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрх чөлөө нь юм. Түүнээс төсвийн хуульд захирагдаад явах биш. Төсвийн хуулиас салахгүй бол гүйцэтгэлээр санхүүждэг санхүүжилтийн өгөөжийг амсаж чадахгүй. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эмнэлгүүдэд өгч буй санхүүжилт 2-10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Түүнийг дагаад цалин нэмэгдэх ёстой биз дээ. 2-10 тэрбум төгрөг жижигхэн тоо биш. Тэгэхээр зөв гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм. Одоо орж ирж буй санхүүжилтийг эмнэлгийн удирдлага ажилчиндаа “наах” ёстой. Зарим газруудад эмнэлгийн тусламж үйлчилгээ, үйлчлүүлсэн иргэний тоог харахаар зөрүү байхгүй байна шүү дээ. Гүйцэтгэлээр санхүүжих нь зарим нэг сул талтай байж болно. Жишээ нь, өртгийг дутуу тооцсон байдаг ч юмуу. Аливаа шинэчлэлд цаг хугацаа ордог. Түүний өгөөжийг эргэж харж, анализ хийх хэрэгтэй.

-Тэтгэвэр нэмсэнтэй адил эмч, ажилчдын цалин нэмэгдэх үү. Та өрхийн эмч нарын цалинг хоёр сая төгрөг болгох ёстой гэж байсан?

-Эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээ гэж байгаа. Тэгэхээр өрх, суманд ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх шийдвэр гаргачихсан. Анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг хоёр дахин нэмчихсэн, саяны төсвийн хуулиар. Тухайлбал, манай Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эмнэлэг ойролцоогоор 10 мянган хүнд үйлчилдэг. Тэгвэл нэг иргэн 30 мянган төгрөг гэж бодоод санхүүжилт авдаг. Энэ оноос эхлээд 60 мянган төгрөгийн санхүүжилт авдаг болсон. Өөрөөр хэлбэл, 300 сая төгрөг авдаг байсан бол одоо 600 сая төгрөг авдаг болсон, өрхийн эмнэлгүүд. Одоо юу чухал вэ гэхээр тухайн өрхийн эмнэлгийн зохион байгуулалт зөв байх ёстой. Тиймээс энэ нэмэгдсэн санхүүжилтээ ажиллаж байгаа эмч, ажилчиддаа жигд тараах ёстой. Нэг үгээр хэлбэл, цалинг нь хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тийм боломж нь энэ оноос эхлээд хэрэгжлээ шүү дээ. Тэгэхээр одоо өрхийн эмнэлгийн эмчийн цалин 800 мянган төгрөг байсан бол 1.5 саяас дээш болно гэсэн үг.

-Цалинг нэмчихдэг юм байж. Гэхдээ иргэдийн хүссэн үйлчилгээг үзүүлж чаддаггүй. Иргэд Өрхийн эмнэлгийн эмчид итгэхгүй болохоороо хүүхдээ тэврээд шууд Эх нялхаст очдог. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ. Цалин нэмэгдээд байдаг, ур чадвар нь хоцрогдоод байж болохгүй биз дээ?

-Хамгийн гол зүйл бол итгэлцлийн асуудал юм. Яагаад итгэлцэл үүсэхгүй байгаа гэхээр эмчийн ур чадварын асуудал бас хөндөгдөнө. Үүнийг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр яагаад ур чадвар, дадлага туршлага муутай эмч нар өрхийн эмнэлэгт байна вэ гэхээр цаагуураа цалингийн асуудал л яригдах юм. Өөрөөр хэлбэл, цалин бага учир тэнд ажиллах эмч нар дадлага, туршлага авч амжилгүй явдаг. Дөнгөж төгссөн хүүхдийг бага цалингаар ажиллуулаад байдаг. Эхний жил цалингаа аваад явлаа, дараа жил хүндхэн байсан ч муу цалинтай ажиллалаа. Ингээд гурав дахь жилээсээ цалин өндөртэй газар руу явдаг. Тиймээс өрхийн эмнэлэг иргэдийн дунд итгэлцэл үүсэхгүй байгаа юм. Үүнээсээ болоод өрхийн эмнэлгийн нэр хүнд унах, цаашлаад улсын төв эмнэлгүүдийн ачаалал үүсээд байна л даа. Тиймээс өрхийн эмнэлэг анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээний төвд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг дорвитой нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тэр утгаараа энэ жилээс хоёр дахин нэмэгдэх нөхцөл нь бүрдсэн гэсэн үг.

-Шинэ сэргэлтийн бодлого боловсруулж Засгийн газар, УИХ баталсан. Энэ ер нь хэр зөв, үр өгөөжтэй бодлого юм бэ?

-Зөв, судалгаатай, тооцоололтой бодлого гэдгийг би хоёр гараа өргөөд дэмжиж явдаг хүний нэг. Өвлийн олимпийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөршид ажлын айлчлал хийгээд ирлээ. Энэ үеэрээ Си Жиньпин даргатай уулзаад зарим боомтуудын нэвтрэх чадварыг улам хурдасгах, төмөр замын өргөн нарийн царигийн асуудлыг шийдсэн. Бид яг энэ асуудлаар улс төр хийсээр байгаад л 10, 20 жил алдчихсан шүү дээ. Энэ хооронд ямар олон боломжуудаа болон эдийн засгийн том босолтуудаа алдсан бол. Тэгэхээр бид улстөржихөөс илүүтэйгээр эдийн засгаа бодсон том бодлогуудыг хийхгүй бол бахь байдгаараа л байгаад байна. Улстөржилт, талцал хуваагдлаас хэн хожиж, хэн хохирч байна. Эцсийн бүлэгтээ Монгол Улс, Монголын ард түмэн л хохирч байна шүү дээ. Цаашид энэ нэг улстөржсөн талцсан зүйлээ болих хэрэгтэй. Бодит ажил, тооцоолол, судалгаан дээр суурилсан бодлого зохицуулалтыг цаг алдалгүй хийж, улс орныхоо хөгжлийг урагшлуулах шаардлагатай.

-Улстөрчтэй холбогдсон томоохон хэрэг үе үе гарч ирэх юм. ЖДҮ-тэй холбоотой асуудал, сүүлд Хөгжлийн банктай холбоотой асуудал бас гарч ирлээ. Ер нь улстөрчид ард түмний боломжийг хулгайлдаг үйлдэл дээр та ямар байр суурьтай явдаг хүн бэ?

-Хөгжлийн банкны хувьд МАН байр сууриа илэрхийлчихсэн байгаа. Ер нь бол зээл авсан 60 гаруй хувийг Ардчилсан намыг эрх барьж байх үед олгосон юм билээ. Гэхдээ аль нэг нам гэхээс илүүтэйгээр том бүтээн байгуулалтын санхүүжилтийн тогтолцоо банкныхаа системээр л явах нь чухал. Ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орохоороо л буруу болчихож байгаа юм л даа. Тиймээс аль болохоор улстөржихгүй, банк санхүүгийн механизмаараа л явах нь зөв. Зээл авсан хүмүүс энэ асуудлаа шийдэх ёстой. Төрийн мөнгө бол ард түмний л мөнгө. Үүнээс зээл авсан бол буцааж төлүүлэх нь л чухал.

Categories
мэдээ цаг-үе

Хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна

Нэг ангиас халдвар илэрсэн тохиолдолд тухайн ангийг 7 хоног танхимаар  хичээллүүлэхгүй – 1000Мэдээ.Com

2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлж байна. Нэгдүгээр улиралд 73 цэцэрлэг, 413 сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс нэг тохиолдол бүртгэгдсэн цэцэрлэг 69, сургууль 332 байгаа юм.

Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан 2021 оны судалгаагаар цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг

  • Танхимаар 64 хувь
  • Цахимаар 23 хувь
  • Хосолсон 13 хувь үргэлжлүүлэх нь зөв гэж хариулжээ.

Боловсролын хүрээлэнгийн судалгаанд дурдсанаар улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй гэжээ.
Багш нарын вакцинд хамрагдалт 90-ээс дээш хувьтай байна. Харин суралцагчдын тухайд

  • 12-15 нас 78 хувь
  • 16-17 нас 85 хувь
  • Мэргэжлийн боловсролд суралцагчдын 65.7 хувь
  • Дээд боловсролын байгууллагад суралцагчдын 40.1 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна.
Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын хоёрдугаар сарын 14, Сумъяа гариг. Билгийн тооллын 13, найралт эх одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8:01 цагт мандан, 18:12 цагт жаргана.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундед 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-45 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 31-36 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Өдрийн сонинд “Долларын урсгалыг гацаагчдыг эх орноосоо урвагч гэж зарламаар байна, Ерөнхий сайд аа” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МУИС-ийн генийн инженерчлэлийн
лабораторийн эрхлэгч,
доктор, дэд профессор О.Одгэрэл “Цус ойртолт
аюулын
хэмжээнд
хүрсэн гэдгийг
батлах
баталгаа нь
алга” гэснийг IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

“Монголбанк Хөгжлийн банкны зээлийн
багцыг 2.6 их наядад барихыг шаардсан
ч Засгийн газар нэмж зээл гаргахыг
хүссэнээр байдал улам дорджээ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Долларын урсгалыг гацаагчдыг эх
орноосоо урвагч гэж зарламаар
байна, Ерөнхий сайд аа” хэмээн өгүүлээ.

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар авсан эрх
мэдлээ Хөгжлийн банк дээр ашиглаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Зохих журмын дагуу
зээл авч үйл ажиллагаагаа
явуулсны төлөө бүгдийг “хулгайч”
нэрээр цоллох нь байж боломгүй
асуудал” хэмээн “Улс төр” нүүрт ярилаа.

Иргэн Н.Золбоо “Зорчигчдын ачааг нэг бүрчлэн
шалгаж, ухаж түнхэж байгаа нь иргэдийн эрхэд
ноцтойгоор халдаж байгаа үйлдэл” хэмээснийг “Баримт, үйл явдал” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу



“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үе мөч өвдөж, цэртэй ханиалгавал заавал эмнэлэгт хандаарай

Омикрон хувилбараар өвдсөн хүмүүсээс гол төлөв өндөр настай, суурь өвчтэй хүмүүс хүндэрч байгааг анхааруулж буй. Учир нь халдварын нууц хугацаа богиносч, халдварлах чадвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон. Вакцин хийлгээгүй хүмүүс энэ хувилбараар өвдсөн тохиолдолд уушгинд халдвар орж хүндрэх, нас барах эрсдэл өндөр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн юм. Тиймээс цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд заавал эмнэлэгт хандах хэрэгтэй гэж зөвлөжээ.

Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэй. Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэнт хандах нь зөв аж.

Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байгаа. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх шинж тэмдэг илэрч байна. Мөн үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа юм. Халуурахгүй, цээж өвдөхгүй байгаа хэрнээ халдвар авсан тохиолдол нэмэгдсэн. Тэгэхээр 5-7 хоногт цочмог болон огт шинж тэмдэг илрэхгүй байгаа хэрнээ бие нь тавгүйрхэх шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх нь зүйтэй. Удаан хугацаанд зовиур ихтэй байгаа хүмүүсийн тухайд өндөр настай болон илүүдэл жинтэй хүмүүс багтаж байна.

Үүнээс гадна чихрийн шижинтэй, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж байгааг анхаарах хэрэгтэй. Уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг анхааруулж байгаа. Өвдсөн хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байна. Энэ бол түгээмэл шинж тэмдэг. Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн 59-80 хувьд нь ханиалга намдахгүй байх тохиолдол их байгаа юм байна.

Вирусийн халдвар хүний цусанд орсноор өвчлүүлэх, хадгалагдах эрсдэл их. Өвдөөд эдгэсэн иргэд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, уушгины рентген зураг авахуулах, спирограмма, цусны хүчилтөрөгчийн хангамж тодорхойлох шинжилгээ, эхокардиографи зэрэг шинжилгээг хийлгэх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Эдгээр шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар эмнэлгүүд үнэ төлбөргүй хийдэг давуу талтай.

Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс утлага болон ханиалга дарах цай уух нь зөв. Учир нь бактерийн халдвараар өвдсөн бол даруй эмчилгээг эхлэх чухал байна. Омикрон хүндрэх эрсдэл бага ч биеийн байдал хүнд хүмүүс богино хугацаанд нэн хүнд болж муудаж байгаа болохоор иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, нэмэлт тунгаа л сайн хийлгэхийг зөвлөж ЭМЯ, ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гавжийн дамжаа барьж эрдмийн цолоо хамгаалав

Монгол Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн гурван шавь Гавжийн дамжаа барьж, эрдмийн цолоо хамгааллаа.

О.Батбаатар, Х.Дархан, Г.Дүгэрсүрэн нар өмнөд Энэтхэгийн Брайбүн Гоман дацанд чойрын таван боть дүүргээд дуун ухаан, шалгадаг ухаан,урлахуй ухаан, тэжээхүй ухаан, дотоод ухаан хэмээх ухааны таван их орон болон зохист аялгуу зэрэг таван бага оронд мэргэшиж гавж буюу арван бэрхийг сэтгэлдээ багтааж эрдмийн оргилд хүрдэг асан Их хүрээний гайхамшигт уламжлалыг залгуулан дамжаа барьж номын баяр хурим үүсгэлээ.

Их хөлгөний номонд мэргэшсэн лам нар нь дацан, монголын бурханы шашин төдийгүй нийт улс орон, дэлхийд ч үнэ цэнтэй эрдэнэ мэт чухаг хэмээн МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол драй милк” ХХК-д холбогдох шүүх хурал 2 жил гаруй хугацаанд 11 удаа хойшилжээ

Хөгжлийн банкны чанаргүй зээлээр зарлагдсан компаниуд ба эздийн жагсаалтад “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхийн “Монгол драй милк” ХХК дахин орсон. Дахин гэж тодотгож буй учир нь 2019 оны есдүгээр сарын 5-нд прокурорын байгууллагад Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөхгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн “Эрэл”, “Хөтөл” ХК, “ТОСК” ТӨХК, “Монгол драй милк”, “Кью Эс Си”, “Капитал банк”-ийг компанийг прокурорын байгууллагад шилжүүлж байв.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд “Монгол драй милк” ХХК зээлээ төлөөгүй улсыг хохироосоор байна.

Тус компани нь хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулж дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авч байв. Мөн зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байснаас гадна сүүний үйлдвэр байгуулаагүй буюу зээлийг зориулалт бусаар ашигласан учир 2019 оны есдүгээр сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч 2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүх хурал нь нийтдээ 11 удаа хойшилжээ.

Уг асуудалтай холбогдууж, “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг хоёр сар орчим хугацаанд хорьж байгаад 2019 оны есдүгээр сарын 28-нд батлан даалтад гаргасан.

“Зээлээ төлөхгүй ААН-үүдийг шүүх хяналтын байгууллагад шилжүүлээд зээлийг нь төлүүлэх гэхээр хамгийн багадаа 70 сар буюу зургаан жилийн хугацаа зарцуулагддаг” гэдгийг Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан хэлж байсан. Энэ байдал “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэний хамаарал бүхийн “Монгол драй милк” ХХК-д давтагдаж байна. Учир нь “Монгол драй милк” ХХК-ийг шүүхэд шилжүүлснээс хойш 2.4 жил орчим гацаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулгана

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орчимд ашиглалтын шаардлага хангахаа больсон хэд, хэдэн барилга, байгууламж байдаг. Тэдгээрээс 1-48, 2-48, 4-48 дугаар байрыг эхний ээлжид буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөн ажил нь эхлээд байна. Тус орон сууцуудад оршин суудаг 144 өрхийн төлөөлөл болсон иргэдтэй Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан удирдлагууд уулзаж санал хүсэлтийг нь сонсчээ.

Эхний шатанд төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг ханган, 1-48, 2-48, 4-48 дугаар байрны үнэлгээг гаргах, барилгыг буулгаж, барилгажуулах хугацаанд эрсдэлийг тооцож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар талууд тохиролцсон байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дахь Худгийн айлууд буюу хуучны хоёр давхар гурван байрыг буулгаж, шинэчлэн барих төсөл хэрэгжүүлнэ. Зуун айлын “Жоби” худалдааны төвийн дэргэд байрлах эдгээр байр нь мөн ашиглалтын шаардлага хангахгүй барилгад багтаж буй бөгөөд энэ онд төсөл хэрэгжүүлж эхлэх юм. 1960 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууцуудыг дахин төлөвлөх төсөл, хөтөлбөрийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд эдгээр барилга дахин төлөвлөлтөд орж, шинэчлэгдсэнээр олон айлын амьдрах орчин сайжирч, иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн цаг агаарын төлөв

Энэ сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи 14, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Аймгуудын цаг агаарыг эндээс харна уу.