Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ДАРВА БАНДИДА ГЭГЭЭНТЭН: Сэтгэлээ засаад гэгээлэг амьдарвал сайхан амьдрал тийм холын мөрөөдөл биш


Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хойд дүрийг 18 удаа тодруулснаас долоо нь Монголд мэндэлж байж.Монголд тодорсон анхны дүрийг нь Дарва бандид гэгээн хэмээн онцлон өргөмжилсөн юм байна.Сонирхуулж хэлэхэд, гэгээнтний анхдугаар дүр 1637 онд Монголд мэндэлжээ. Түүнээс хойшхи долоо дахь дүрээр нь 2013 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн 11 настай монгол хүүг тодруулсан аж. Дарва Бандида гэгээнтний долдугаар дүрийн хувилгаан Данзанчойжийлодойтой хийсэн ярилцлагаа хүргэе.


-Та Энэтхэгийн Сэра жи хийдэд ном үзээд арван жил болжээ. Одоо дахиад хэчнээн жил ном үзээд Монголдоо ирэх вэ?

-Арваад жил ном үзээд Монголдоо ирнэ.

-Лхарамба цолонд хүртлээ суралцах уу?

-Тэгнэ.

-Арваадхан настайдаа гэгээнтний хойд дүрээр тодорч байж. Анх гэгээнтний дүрд тодорсон мэдээг сонсоод төрж байсан мэдрэмжээ хуваалцаач?

-“Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодож байсан шүү (инээв). Гэнэтийн мэдээ байсан болохоор аав, ээж хоёр маань жигтэйхэн баярласан, бас сандарсан ч байх.Би өмнөд Энэтхэгт сурч байхдаа Өмнөговийн нэг хувилгаантай хамт ном үзэж байсан юм. Тэр хүү “Гэнэт орж ирээд тодруулаад аваад явсан” гэж ярьж байсан. Тэгэхээр ер нь л гэнэтийн зүйл болдог юм биш билээ.

-Таныг багадаа түүх сонсох дуртай хүү байсан, аав, ээжээсээ “Би том болоод яваад өгвөл та хоёр баярлах уу” гэж асууж суусан гээд өчнөөн яриа дурсамж сонслоо л доо…?

-Би багаасаа л шашин ном, улс орнуудын түүх сонсох дуртай байсан л даа. Тэр чигийн номнууд унших хорхойтой байсан. Бүр жаахандаа удам судраа их асуудаг байсан гэж аав, ээж хоёр ярьдаг юм.

-Тодорсныхоо дараа шууд Энэтхэг явсан уу?

-Эндээ монгол багшаараа анхныхаа “га” үсгийг заалгаж, төвд бичигт хэдэн сар суралцаж яваад Энэтхэг явсан.

-Энэтхэг ямар санагдсан бэ?

-Хийд орон нь яасан үзэсгэлэнтэй юм бэ, бурханы улс чинь ийм гоё байдаг байх нь гэж ирээд их догдолсноо мартдаггүй юм.

-Анх очоод ээж, аавыгаа жигтэйхэн санадаг байсан уу?

-Намайг анх очих үед интернэтийн хэрэглээ өнөөдрийнх шиг сайн байгаагүй учраас тэр бүр холбогдож чаддаггүй байсан юм. Тийм болохоор аав, ээж, эгч, ойр дотны хүмүүсээ маш их санадаг байсан. Би дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Дүү маань намайг Энэтхэгт сурч байхад төрсөн болохоор сая ирэхэд нэлээд гайхаж байна лээ (инээв). Одоо сардаа нэг холбогдчихдог болохоор гэрийнхнээ санах нь багассан.

-Аав, ээж нь Рашаант сумандаа ямар ажил алба хашдаг вэ?

-Аавыг маань Дэмбэрэлсамбуу, ээжийг минь Оюунцэцэг гэдэг. Аав цаг уурт ажилладаг, ээж цэцэрлэгийн багш.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

-Өглөө зургаан цагт босч, орой 11.30 цагт амарна. Өглөө, өдөр, оройны хоолны завсар хоёр цаг гаруй амралттай. Үлдсэн цагуудад нь номоо үзнэ, буддын гүн ухаанд суралцана, үзсэн номоороо мэтгэлцэнэ. Маш олон ном цээжлэх шаардлага гардаг учраас ном, эрдэмдээ тасралтгүйгээр шамддаг.

-Хийдэд шавилах хугацаандаа цагаан хоол л идэх үү?

-Хийдээс цагаан хоол өгдөг. Гэхдээ монгол хүн учраас, биед хэрэгтэй гэдэг утгаараа хааяа махан хоол иднэ ээ.

-Хувилгаан хүний нийгэмд үзүүлэх учиртай үүргээр ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Миний хувьд хувилгаан хүн соён гэгээрүүлэгч байх ёстой болов уу гэж боддог. Түмнээ зөв зүйлд уриалж дагуулдаг хүн байх ёстой.

Бурханы шашны нэг том үүрэг бол олныг гэгээрүүлэх. Гэгээрүүлэх гэхээр ихэнх хүн өөрөөсөө хол, хүршгүй оргилын зүйл мэт сэтгээд байдаг л даа. Үнэн хэрэгтээ тийм биш л дээ. Муухай зуршлаас салахад нь тусалж, сайханд тэмүүлэх хүч өгч дэмжих нь бурханы шашны үүрэг, нүгэл, буяныг ялгаж, сайныг үйлдвэл амьдралд нь эерэг нөлөө гардаг, мууг үйлдвэл сөрөг нөлөө ирдэг гэдгийг л ухаж ойлгох нь гэгээрэл. Бухимдалтай хүний уурыг арилгах арга гарцуудыг хэлж өгөх гэх мэтээр хүмүүний сэтгэлийг зөв тийш нь хандуулахад бурханы шашин гүн гүнзгий номлол, ухаантай.

-Хүмүүс зовохоороо гаднаас шалтгаанаа хайгаад байдаг, гэтэл буддизм чиний дотор бүх юм бий гэдэг, ямар амьдрах нь чиний л сонголт гэдэг…?

-Олон хүн “Энэ хүн намайг уурлуулчихлаа гэж боддог. Уг нь уурлах эсэх нь тухайн хүний өөрийнх нь мэдэх хэрэг шүү дээ. Сэтгэлээ удирдаж чадвал гадны нөлөө хэчнээн их байсан ч уурлахгүй байх боломжтой. Буддын ухааны хувьд сэтгэлээ удирдах аргыг нь зааж өгдөг. Тэр утгаараа түмэнд тустай ухаан. Хүнд өөрийгөө зөвтгөх дадал суучихсан байдаг л даа. Бусдаас ирдэг сөрөг хандлагыг мэдрэхээрээ “Энэ хүн намайг хорлох гэж байна” гэсэн дүгнэлт хийчихдэг. Ингэхийн оронд “Энэ хүн уурлаад байгаагийн цаад шалтгаан нь юу бол. Миний хийсэн ямар нэг үйлдэл ийм хандлага гаргахад нь хүргэсэн юм биш биз” гэсэн асуултыг өөртөө тавьж, хариуг нь дотроосоо эрж хайвал зөв гарц нь тодроод ирдэг. Өөрийгөө анзаараад ирвэл учрыг нь ухаж бодох хүчтэй болдог.

-Монголдоо ирээд олон хүнтэй уулзаж байгаа байх. Хүмүүс уулзахаараа юу асууж, юу хүсч байна?

-Бид уг нь сэтгэл судлал тал руугаа илүү хандаж, хүний сэтгэл санааг яаж тайвшруулах вэ, хэрхэн сайн сайхны зүг хөтлөх вэ гэдэгт шамддаг. Гэтэл олонх сүсэгтнүүдийн хувьд энэ шамдлыг анзаарахгүй яваа шиг санагддаг. Яг үнэнийг хэлэхэд, монголчууд маань ажил үйлс бүтээгээд өгөөч гэж хандаад байдаг. Бурханы шашныг тэгж харж, хүлээж авах нь буруу л даа. Сэтгэлээ засахыг урьтал болголгүйгээр ажлаа бүтээх гэж хандах нь зөв биш. Сэтгэлээ засах арга гарцыг л бурхан шашнаасаа, буддын ухаанаас хайж эрж, олоосой гэж хүсдэг. Дахиад хэлэхэд, хуврагийн үүрэг бол хүнийг сайн зүг рүү нь чиглүүлэх. Уур хилэнгийн шалтгааныг нь хэлж өгч эерүүлэх, бусадтай харилцах харилцаан дээр нь зөвлөж туслах нь бидний үүрэг. Хувраг хүн ийм үйлд анхаарч олны сэтгэлийг засахад шамдах учиртай. Түүнээс биш чинээлэг хүний заслыг хийгээд мөнгө аваад амьдрах нь хувраг хүний чин зоригдол биш. Лам гэхээр л засал хийдэг хүн гэж харж, засал хийнгүүт ажил үйл нь бүтнэ гэж ханддаг нь олонх байгаад эмзэглэдэг. Өөрөөр өөрийнхөө сэтгэлийг засаад гэгээлэг амьдарвал сайхан амьдрал тийм холын мөрөөдөл биш. Бурханы шашин үүнийг нь номлож, ухааруулахыг зорьдог.

-Лам хүн бол сэтгэл засалч шүү гэдгийг мэдрүүлсэн эрдэм номтой хуврагууд цөөнгүй байна л даа. Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэнгээс эхлээд. Манайхан лам нарыг сэтгэл засалч гэж харж зорьж хандахгүй байгаа нь нөгөө талдаа шашныг бизнесийг болгосон хуврагууд олширсонтой холбоотой байх аа?

-Өнгөрсөн зууны эхээр эрдэм номтой лам нараа олноор нь хэлмэгдүүлж хөнөөсөн, социализмын хэдэн арван жилд шашныг хорьж хаасан гэх мэт шалтгаан сая таны хэлсэн байдлыг үүсгэх үүтгэл нөлөө болсон тал бий. Орчинд үед өөр болсон. Бид Энэтхэг рүү явж сураад байгаа нь цаанаа мэдлэг боловсролтой шинэ үеийнхнийг бэлдэж яваагийн нэг тод илрэл л дээ. Засал гүрэм хийж өгөх нь буруу биш, гэхдээ одоо бурхан шашныг тухайн хүний сэтгэлийг засаад зөв сайхан руу чиглүүлэх гэж хардаг болох хэрэгтэй.

-Таны Монголдоо ирээд хийхийг хүсч байгаа хамгийн том зорилго юу вэ?

-Миний хувьд Монголдоо бурхан шашныг өөрийнхөө чадах хэмжээнд дэлгэрүүлнэ гэж боддог. Сахил нь ариун, мэдлэг боловсролтой, зүгээр нэг засал ном хийдэг биш хүний сэтгэл зүрхийг засч чаддаг, ном номлож чаддаг лам нарыг бэлдэхсэн гэж хүсдэг.

-Таны үзэж буй номноос тайлж уншихад хэцүү нь ямар судар байв?

-Буддын ном судрууд гайхамшигтай гүн. Нэг үгний цаана гэхэд л асар их утга оршиж байдаг. Мэргэд гэгээнтнүүд дөрөвхөн шадад л асар их ухааныг шингээсэн байдаг нь гайхалтай шүү.

-Шинжлэх ухаанд хамгийн ойр шашин буддизм гэдгийг барууны олон том эрдэмтэ хүлээн зөвшөөрсөн. Одоо ч эрдэмтдийн дунд буддизмыг сонирхох хүн олон байна.Дэлхийн тархи судлалын шинжлэх ухааныхан гэхэд л буддистуудтай нийлж их хурал хүртэл зохион байгуулж эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлдэг.Танай хийдэд өрнийн эрдэмтэн судлаачид яг ийм зорилгоор хэр олноороо ирдэг вэ?

-Манай хийдэд Америк гэх мэт улсаас эрдэмтэд ирж судалгаа хийдэг. Далай лам манай лам нарт “Өрнийн философийг судлаарай” гэж их захидаг. Өнөөхөндөө миний зиндаа болоогүй учраас өрнийн гүн ухаан, шинжлэх ухааны талаар нарийн судалж уншиж завдаагүй л явна. Ер нь тэд биднийг, бид тэднийг их судалж байгаа.

-Өрнийн орнуудаас Энэтхэгт ном үзэж байгаа хувраг олон биз?

-Олон байх аа. Миний мэдэхээр лав хорь орчим хүн бий.

-Далай лам багшийг тань зааж өгсөн гэл үү?

-Тэгсэн. Би төвд, монгол хоёр багштай. Монгол багш маань ойролцоо амьдардаг учраас байнга цуг байдаг. Миний номыг шалгана, өдөр бүр номоо таслахгүй үзэж байгаа эсэхийг анзаарна. Төвд багшийн хувьд ерөнхийдөө гүн ухаан заана. Монгол багш маань ч гүн ухаан заадаг.

-Таныг тодруулсан Далай ламын онцгой тал гэвэл та юуг онцлох вэ. Далай багштай анх хэзээ уулзаж байсан бэ?

-Зүйрлэхэд сайхан үг багадахаар хүн гэж байдаг даа, Далай лам миний хувьд тийм л эрхэм хүн. Далай багшийн сургаалийг сонсох дуртай. Хамаг амьтанд туслаж, хамаг амьтанд нигүүлсэх хандах тухай сургаалиудыг нь сүсэлж дагадаг. Тийм сэтгэлийг дадуулахсан гэж хичээж явдаг. Далай багштай 2017 онд анх уулзаж байсан. Далай багшийн мэндэлсэн өдөр манай хийдэд болсон юм. Тэр үед Далай багшид бараалхахад “Мэгзэм сайн унших хэрэгтэй” гээд нэг тарнийг тухайлан хэлж өгсөн.

-Төвөдөөс Энэтхэгт ирж сурах хувраг цөөрсөн гэж үнэн үү?

-Төвөдөөс ирэх нь их цөөрсөн. Улам хатуу болоод байгаа.

-Таны өмнөх дүрүүдээс аль дүр нь илүү дотно, онцгой санагддаг вэ?

-Бурхан багшийн үед амьдарч байсан анхны дүр их гоё санагддаг. Мянган галавт ганц бурхан морилоход учраад гэгээрлийн хутгийг олно гэдэг ховор хувь заяа.

Та Хөвсгөл аймгийн бурхны шашинтны тэргүүний хувьд нутаг орондоо ямархуу ажил хийхийг зорьж байна вэ?

-Хөвсгөл аймгийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлыг байгуулсан. Манай аймагт үйл ажиллагаа явуулж буй 20 орчим хийдийн тэргүүн лам нар уг зөвлөлд багтдаг. Намайг энэхүү зөвлөлийн тэргүүнээр 2017 онд өргөмжилсөн юм. Хурлын даргаар нь Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн хамба лам, ажлын албаны даргаар Гандандаржайлин хийдийн Да лам ажиллаж байгаа. Ингэж тэргүүн лам нарын зөвлөл байгуулснаар хийдийн тэргүүнүүдээр дамжуулан Хөвсгөл аймгийн хүрээ, сүм хийдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, сэргээх, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлыг төлөвлөж байна. Мөн манай тэргүүн лам нарын зөвлөлийн санаачилгаар “Дарба бандида гэгээний лавран” нээн ажлуулж сүсэгтэн олонд бурхны шашныг таниулах, уламжлалт шашин, соёлоо сурталчлах ажил хийхээр зорьж яваа. Энэхүү лавран байгуулах ажлыг Хөвсгөл аймгийн ИТХ дэмжин оролцож байгаад талархал илэрхийлье.

-Та түрүүн бурхны шашинтны залгамж халаа, залуу боловсон хүчнүүдийг бэлтгэнэ гэсэн утгатай үг хэлсэн. Энэ чиглэлээр ямар нэгэн ажил эхлүүлсэн үү?

-2012 оноос хойш өмнөд Энэтхэгийн Сэра дацанд уламжлалт цанид чойрын гүн ухааны номд хичээнгүйлэн суралцсаар арван жилийг үджээ. Намайг дэмжин тусалдаг өглөгийн эздийн буянаар сая цагаан сарын өмнөхөн Сэра дацандаа өөрийн лаврантай боллоо. Ингэснээр номын багш нараа дэргэдээ байлган ном заалгах, шавь нар сургах боломжтой болсон. Энэ бол маш чухал зүйл. Боломж, нөхцөл бүрдсэн учраас өөрийнхөө дэргэд залуу лам, хуврагуудаа сургах, суралцуулахад нэлээн анхаарах бодолтой байна. Эх орондоо байх хугацаандаа Хөвсгөл аймгийн бүх сумдаас буддын гүн ухаан, аг тарнийн ухаан, түүнчлэн уламжлалт анагаах ухаан, одон орон, зурхайн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх шаталсан сургалтад суралцахыг хүссэн хүүхдүүдийг шалгаруулж авна. Тэдгээр хүүхдийг эхний ээлжинд Хөвсгөл аймгийн бурхны шашинтны төв Гандандаржайлин хийдийн цогчэн хурлын сургуульд хоёр жил суралцуулах юм. Дараа нь тэднээсээ сонгон шалгаруулж БНЭУ-ын сургуулиудад үнэ төлбөргүйгээр суралцуулах зэргээр төлөвлөж байна.

-Ярилцлагаа хөнгөхөн асуултаар төгсгөе. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Манай хийд долоо хоногийн нэг өдөр амардаг юм. Тэр өдөр нь хийдийнхээ лам нартай хөлбөмбөг тоглох дуртай. Би маш олон төвд найзтай. Найзуудаа улсынхаа тухай ярина, зөрүүлээд төрсөн нутгийнх нь тухай асууна. Амралтын өдрөө хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөдөг шүү (инээв).

Categories
мэдээ нийгэм

Монголын тээвэрчид 18 улс руу ачаа тээвэр хийх боломжтой

Холимог тээвэр | Ложистик компани

Монголын тээвэрчид 18 улс руу олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой.

Одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь, Турк, Украин, Латви, Литва, Киргиз, Унгар, Словени, БНАСУ улстай Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулсан. Үүнээс гадна Гүрж, Словак, Польш, Чех, Герман, Молдав улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар зэхэж байгаа. Хэлэлцээр хараахан албажаагүй ч Засгийн газраас зөвшөөрөл олгосны дагуу эдгээр улстай зөвшөөрлийн бичиг солилцон, ачаа тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдүүлжээ.

Түүнчлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг хялбаршуулахаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай ЗТХЯ, БНХАУ-ын Тээврийн яам хоорондын Протоколыг 2019 онд шинэчилсэн. Үүгээр Монгол Улс, БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр Монгол Улсад, эсхүл БНХАУ болон гуравдагч улсад бүртгэлтэй чиргүүл чирч улс хоорондын тээвэр хийх боломж бүрдүүлсэн байна.

Мөн автотээврийн хэрэгслээр далайн боомт хүрэх, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх “Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулж, 2019 оноос хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2 чиглэлд тээвэр хийх боломжтой. Тодруулбал, Азийн авто замын сүлжээний АН-3 буюу “ОХУ-ын Улаан-Үд – Улаанбаатар – БНХАУ-ын Тяньжин боомт”, АН-4 буюу “ОХУ-ын Новосибирск – Баян-Өлгий – Ховд – БНХАУ-ын Үрэмчи – Хонгираф боомт” чиглэл юм. Харамсалтай нь цар тахлаас шалтгаалан тээвэрлэлт түр хугацаанд зогссон байгааг ЗТХЯ мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа зарахгүй байх шийдвэрийг хүчингүй болголоо

Маргаашаас эхлэн гурав хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй

Хотын дарга захирамж гаргаж сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Гэхдээ ААН, байгууллага, иргэдийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИАС:

7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;

7.1.2. согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;

7.1.3. хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;

7.1.4. оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;

7.1.5. орон сууцны орц, хонгил;

7.1.6. гудамж, талбай, цэцэрлэг;

7.1.7. галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;

7.1.8. нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.

7.2. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй газарт дараахь зүйлийг хориглоно:

7.2.1. согтууруулах ундаа үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн авч ажиллуулах;

7.2.2. 21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3. Дараахь хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

7.3.1. тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;

7.3.2. 21 нас хүрээгүй хүн.

/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.

/Энэ заалтад 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5. Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.

7.6. Согтууруулах ундааны шошгыг дуурайлган үйлдэх, хууль бусаар хэрэглэх, худалдахыг хориглоно.

7.7. Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй зоогийн болон шөнийн цэнгээний газрыг хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууц, түүний суурийн давхар /зориудаар тохижуулснаас бусад/-т ажиллуулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг хориглох

Хэвлэх

8.1. Сургуулийн сурагч, 18 нас хүрээгүй хүмүүст согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачлан зохион байгуулах, энэ зорилгоор орон байр ашиглуулах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг тэдгээрийн эцэг, эх, төрөл садан, асран хамгаалагчид болон багш нарт хориглоно.

9 дүгээр зүйл. Архидан согтуурахын эсрэг сурталчилгаа

9.1. Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй.

9.2. Дараахь хэлбэрээр согтууруулах ундаа сурталчлахыг хориглоно:

9.2.1. согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, зорчигчийн тийз болон бусад биет байдлаар гаргах;

9.2.2.энэ хуулийн 7.3.2-т заасан этгээдэд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж сургах;

9.2.3.согтууруулах ундаа үйлдвэрлэгч нь өөрийн аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэрээр нэрлэсэн согтууруулах ундаа үйлдвэрлэх;

9.2.4.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт эрхэлдэг, согтууруулах ундаа борлуулдаг хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүнийг сурталчлах, нэрийг нь олонд таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;

9.2.5.эд бараа, хувцас, хэрэглээний зүйлд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны зураг, нэр, тэмдэг хэрэглэх;

9.2.6.согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор, аливаа хэлбэрийн урамшуулалт худалдаа явуулах.

/Энэ заалтыг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.7.Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд 18 хувь хүртэл этилийн спирт агуулсан дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг явуулах.

/Энэ заалтад 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.3. Согтууруулах ундааны зар сурталчилгааны материалыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

9.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг сурталчилгааг ивээн тэтгэж болно.

Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн Сэргэлэн сумын засаг дарга 83 саяын хоол хүнсний тендер зарлажээ

Аюулгүй хоол, хүнс бэлтгэх 5 түлхүүр зарчим

Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ны өдөр үдийн цайнд зориулж 83 сая төгрөгийн тендер зарласан байна. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас 83 сая 455 мянга 350 төгрөгөөр “Хоол хүнс, үдийн цай” гэсэн нэрээр тендерийн урилгыг гаргасан байгаа юм.

Ингэхдээ эл үдийн цайны зарлагыг “Улсын төсвөөс” гаргана хэмээн цохон дурджээ. Түүнчлэн “Гуравдугаар сарын 16-ны өдрөөс өмнө материалаа ирүүлнэ үү” хэмээжээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын тамгын газраас зарласан үдийн цайны тендерийн урилгыг баримт болгон хавсаргав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Долларын урсгалыг гацаагчдыг эх орноосоо урвагч гэж зарламаар байна, Ерөнхий сайд аа

Эдийн засагч Ө.Ганзориг саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Доллар байхгүй бол монгол төгрөгийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Манай улсын долларын нөөц өнөөдөр дөрөвхөн тэрбум байна. Гэтэл манайх шиг дөрөвхөн тэрбум ам.долларын нөөцтэй улс маш ховор. Монголын иргэн бүр нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Аль болох их долларыг улсдаа оруулж ирэх ёстой. Энэ л эх оронч үзэл” гэж ярьсан юм. Үнэн л дээ. Долларын урсгал тасрахгүй байж гэмээнэ сардаа олдог хэдэн бор төгрөгийн маань үнэ цэнэ буурахгүй, дажгүй амьдраад явах боломжтой. Доллар хомсдох тусам иргэдийн халаасан дахь төгрөгийн ханш бууж, амьжиргаа нь уруудна. Ингээд харахаар ногоон валют олж ирэх төслүүдийг аль болох олноор хэрэгжүүлж байж л эдийн засаг тэлж, монгол хүн Монголдоо сайхан амьдарна.

Бидэнд гаднаас доллар татах хоёрхон гарц бий. Нэг нь уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох, нөгөө нь гадаадын хөрөнгө оруулалт татах. Гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой ганц том салбар нь уул уурхай. Ноолуур, эсгий углааш, чацарганаа зараад валют олж болох ч яаж ч хичээгээд цараа далайц нь томрох боломжгүй гэсэн асуудал бий. Өнөөдөр гэхэд л гадаадын хөрөнгө оруулалтын ная ерэн хувийг уул уурхайн салбар эзэлж байна. Энэ өнгө ирэх арван жилд лав өөрчлөгдөхгүй гэж эдийн засагчид дуу нэгтэй хэлдэг. Харамсалтай нь 2012 онд одоогийн УИХ-ын даргын оройлж батлуулсан гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн салбарт зохицуулах тухай хуулиас хойш геологи, хайгуулын салбарт орж ирсэн хөрөнгө оруулагчид гарч явсаар эцэстээ “Рио тинто” л мега төсөл эхлүүлчихсэн тулдаа тэсч үлдэж байх шиг. Financial times манай улсыг дараагийн БРИКС гэгдэх M3-т багтааж, хөрөнгө оруулагчид Азийн Монголыг ирээдүйн Кувейт гэж харж, Америкийн “Пийбоди”, Бразилийн “Вале” гээд уул уурхайн акул компаниуд Монголд хөрөнгө оруулж явсан тэр үед батлагдсан Г.Занданшатарын хуулийн балаг өнөөдөр ч арилаагүй яваа. Ковидын хямрал, Оюу толгой тойрсон үл ойлголцол гэх мэт шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулалт тэг рүү уруудаад олон жил болж байна.

Харин энэ засгийн өнгөнд Оюу толгойн гүний уурхайг ажиллуулах тохироонд хүрсэн нь эдийн засагт таатай чимээ өгөөд эхэлчихлээ. Яг одоо уул уурхайн жижиг төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол өснө, тэр сонирхлыг хууль журмын дагуу дэмжээд дэмнээд өгвөл долларын урсгал эргээд сэргэх боломж бий. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюу толгой дээр тохироонд хүрсэн шигээ татарчихаад байгаа долларын урсгалыг ийм шийдлээр нээж чадвал нэгэнт цойлчихсон яваа инфляцийг хазаарлах асуудал биш. Инфляци 14 хувь байгаа ч өргөн хэрэглэдэг хүнсний үнэ аль хэдийнэ хорь, гучин хувиар яригдаж байна. Урд хөрш хилээ нээхгүй удвал инфляци 15, 16 руу өгсөхөд ойрхон байгааг энэ дашрамд тодотгоё. Эдийн засагч Г.Батзоригоос доллар татах гарцуудыг сонирхоход “Ойрын хугацаанд дажгүй доллар олъё гэвэл уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Ноолуурын компаниудаа хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, гадагшаа үйлчилгээ үзүүлдэг IT-гийн компаниудаа дэмнээд өгвөл долларын урсгалаа нэмэх боломж бий.Дунд хугацаанд махны экспортоос доллар олох шийдэл байж болно. Холын зорилго гэвэл Голдман сакс-ийн захирлыг бэлдэх хэрэгтэй. Тэр цагт долларын урсгал эрс нэмэгдэнэ. Голдман сакс-ын дөрвөн захирлын цалин л манай төлбөрийн тэнцэлтэй тэнцдэг. Өнөөдөр гэхэд энэтхэгчүүд Гүүгл, Твиттерийг удирдаж ганц захирлынх нь цалин л манай улсын төлбөрийн тэнцэлтэй дүйж байна” гэсэн хариу өгсөн юм. Товчхондоо өнөө маргаашдаа их доллар олох боломж уул уурхайд л байгаа түүний үгээс харчихаж болно.

Уул уурхайн салбараас хөрөнгө оруулагчид дайжсан шалтгаан их энгийн. Популист улстөрчид, тэдний дохио зангаагаар хөдөлдөг нийгмийн бүлэглэлүүд л энэ салбарт хэрэгжих гэж байгаа төсөл бүрийг гацаадаг муу аргатай. Элдэв нэртэй иргэний хөдөлгөөнөөс эхлээд төсөл гацаасныхаа төлөө төлбөр мөнгө авч амьдралаа болгодог бүхэл бүтэн арми өсч өндийснийг олон жишээгээр нотолж болно. Канадын компани ураны хайгуул хийх гэхээр гурван толгойтой хурга ярьж, Америкийн компани шатдаг занарын төсөл хэрэгжүүлэх гэхээр газар нь хонхойгоод сүйд болно гэж эсэргүүцсээр байгаад хөөгөөд явуулчихдаг нь нуух юмгүй ил үнэн. Үнэхээр байгальдаа санаа зовоод, чин зүрхнээсээ өндөр хариуцлага шаардаад байна уу гээд харахаар бас үгүй. Хуулийн дагуу лиценз, зөвшөөрлөө авч ном дүрмээр нь өндөр стандарттай ажиллаж яваа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай төслүүд рүү дайрсаар байгаад гацаачихдаг, өнөө компаниудын зөвшөөрөл хэн нэг улс төрийн хамаарал бүхий компанид очдог нь мөн л нууцгүй үнэн. Сүүл үеийн кейс гэхэд л алтны төсөл хэрэгжүүлж байсан Канадын компанийг хөөж гаргаад лицензийг нь улстөрчийн хамаарал бүхий компани авчих жишээний.

Анзаараад байх нь ээ нөөц нь дажгүй, ашигтай байж мэдэх төслүүд дээр улстөрчдийн иймэрхүү тоглолт тод ажиглагддаг. Гадны хөрөнгө оруулалттай компанийн хэрэгжүүлж буй төслүүд рүү эхлээд иргэний элдэв хөдөлгөөн, малчид, хөлсний бичээчид ажиллуулж дайрч давшлуулна, дараа нь төр төлөөлсөн хурган дарга нарын элдэв шантааж залхаана, эцэст нь өнөө компани нь аргагүйдээд лицензээ зараад гардаг нь бараг жишиг болчихлоо л доо. Эмзэглэмээр нь энэ тохиолдолд Засгийн газар олгосон лицензээ хамгаалж чаддаггүй. “Наад компани чинь хууль номын дагуу ажиллаж байгаа. Элдэв юм ярилгүй ажлыг нь хийлгэ” гэх дайны зангараг манайх шиг нэгдмэл төртэй улсын засагт байх учиртай. Харамсалтай нь манай Засгийн газарт өнөөхөндөө тийм чадамж алга. Ямар сайндаа л хоёр ч аймгийн дарга аймагтаа уул уурхайн ажиллагаа эрхлүүлэхгүй гэж том толгойлж тушаал шийдвэр гаргаж байхав. Гэхдээ нэг олзуурхмаар зүйл нь Ерөнхий сайд саяхан орон нутгийн хоёр ч даргад том толгойлохгүй гэсэн утгатай анхааруулга өгсөн. Энэ бол яалт ч үгүй зөв жишиг, ухаалаг хандлага.

Хөрөнгө оруулалтыг гацаадаг, долларын урсгалыг хаадаг хэд хэдэн шалтгаан бий. Мэдээж эхэнд жагсах хийрхэл нь популизм. Хоёр дахь шалтгаан нь төрийн залгамж халаагүй байдал. Нэг засгийнхаа эхлүүлснийг нөгөө нь гарч ирээд зогсоочихдог байдал олон төслийн амыг барьсныг уул уурхайн өнгөрсөн түүхээс харж болно. За тэгээд авлига, энгийн олныг гадаадын хөрөнгө оруулагчид руу зохион байгуулалттайгаар турхирдаг бүлэглэлүүд, хууль эрх зүйн тогтворгүй орчин хөрөнгө оруулагчдыг Монголоос үргэх шалтгаан болдог. Тэгэхээр яг одоо цаг алдалгүй хийх нэг зүйл бол том төслүүдийг гацаадаг улстөрчдөд хандах хандлагаа өөрчлөх. Төсөл гацааж, долларын урсгалыг сааруулагч улстөрчдөдөө “популист” гэсэн шошго хаяг зүүж шүүмжилж, өхөөрдөхийн завсар суудгаа больцгооё. Популист гэж өхөөрдчихөөд сонгууль бүрээр зөөлөн суудалд залсаар хорин жил болчихож. Ирэх жилээс эдийн засгийнхаа нэлээд хувьтай тэнцэх хэмжээний өр дарна гэж ирээд яривал долларын эрэлт асар өндөр байгаа яг энэ үед Ерөнхий сайд “Долларын урсгалыг гацаагч популист улстөрчидтэй тууштай тэмцэнэ. Долларын урсгал хаана гэдэг бол эх орноосоо урваж байгаагаас ялгаагүй хэрэг. Доллар орж ирэхгүй энэ хэвээр удаан аж төрвөл өөрийг чинь сонгосон иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийн ханш навс унана. Иргэдээсээ мөнгийг нь хулгайлж байгаагаас ялгаагүй үйлдэл хийж байна гэсэн үг шүү. Дахиад төсөл гацаах популист үйлдэл хийвэл дараагийн сонгуульд нэр дэвших эрхтэй чинь ярина” гээд мэдэгдчихвэл жинхэнэ эх оронч шийдэл болох гээд байна. Шуудхан хэлэхэд, долларын урсгалыг гацаагчдыг эх орноосоо урвагч гэж зарламаар байна, Ерөнхий сайд аа. Жаахан сүржин сонсогдож магадгүй ч популизм төгс утгаараа цэцэглэсэн яг өнөөдрийн хувьд байндаа буух үг үүнээс өөр алга. Ингэж мэдэгдчихээд Цагаан суваргаа, ураны төслүүдээ хөдөлгөж, газрын ховор элементийн хайгуулаа эхлүүлж, төмөр зам, цахилгаан станц, замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлчихвэл гадаадын хөрөнгө оруулагчдын дунд Азийн Монгол эргээд “моод”-ны сэдэв болох цаг тийм хол биш.

Categories
мэдээ цаг-үе

МИАТ-ын дэд захирал Н.Ганболдыг халаагүй, өөрөө өргөдлөө өгчээ

Н.Ганболд: Бид нэн түрүүнд зорчигчдынхоо аюулгүй байдлыг ханган ажиллах  үүрэгтэй

МИАТ ТӨХК-ийн захирлаар Б.Мөнхтамир 2021 оны есдүгээр сарын 30-нд томилогдсон. Ажлаа аваад таван сар болж буй түүнийг эхнээс нь халаа сэлгээ хийгээд эхэлсэн гэх шүүмжлэл гарав. Тодруулбал, тус компанийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболдыг хууль бусаар албан тушаалаас нь огцруулж, халсан гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар МИАТ ТӨХК-иас тодруулахад, “Н.Ганболд захирлыг хууль бусаар халж, сольсон асуудал гараагүй. Одоогоор тушаал нь ч албажиж гарсан зүйл байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин Н.Ганболд захирал эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө ажлаас гарах өргөдлөө байгууллагадаа өгсөн байна. Улмаар МИАТ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир түүнд албан тушаалдаа үлдэж, ажиллах санал тавьсан аж. Оронд нь өөр хүн томилох, сэлгэх үйл явдал ч өрнөөгүй байна.

Байгууллага дотор түүнийг орлож ажиллах “боломжийн” хүн байхгүй гэж яригддаг сураг ч бий аж.

Categories
мэдээ цаг-үе

Уран гулгалтын багийн төрөлд шалгарсан тамирчдад шагнал гардуулах ёслол болохгүй

Уран гулгалтын багийн төрөлд шалгарсан тамирчдад шагнал гардуулах ёслол болохгүй

Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын багийн төрөлд түрүүлж, шагналт байранд шалгарсан тамирчдад зориулж шагнал гардуулах ёслол зохион байгуулахгүй гэж Олон улсын олимпын хорооноос мэдээллээ.

Хоёрдугаар сарын 7-нд Камила Валиева, Марк Кондратюк, Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов нарын бүрэлдэхүүнтэй Оросын уран гулгалтын баг олимпын наадамд багийн тэмцээнд түрүүлж, алтан медалийн болзол хангасан. Гэвч арванхоёрдугаар сарын 25-нд өгсөн Валиевагийн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан тул багийн тэмцээнд шагналт байр эзэлсэн тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг хойшлуулсан гэж Олон улсын сэргээшийн шинжилгээний агентлаг хоёрдугаар сарын 11-нд мэдээлсэн.

Олон улсын олимпын хорооны мэдэгдэлд “Нэг талаасаа сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан байж болзошгүй нөхцөл үүссэн. Нөгөө талаасаа сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй учраас шударга байх үүднээс уран гулгалтын багийн медаль гардуулах ёслолыг зохион байгуулахгүй” гэжээ.

Багийн тэмцээний хоёрдугаар байрт АНУ-ын баг, гуравдугаарт Япон улсын баг орсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Украин ОХУ-тай 48 цагийн дотор хэлэлцээ хийхийг хүсч байна

Переговоры России и Украины по газу отменили | В России | 05.12.2019 | РЕН  ТВ

Украин улсын хилийн нөхцөл байдал улам хурцадмал болсон тул ОХУ болон Европын аюулгүй байдлын бүлгийн холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээ хийхийг уриалаад байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ, “Оросууд цэрэг армийн төвлөрлийг тайлбарлах албан ёсны хүсэлтийг үл тоомсорлосон. Тиймээс дараагийн 48 цагийн дотор ОХУ-аас хэлэлцээ хийх саналд зөвшөөрөх хэрэгтэй” гэдгийг онцлов.

ОХУ-ын 130,000 гаруй цэрэг Украиныг бүсэлсэн гэх мэдээлэл бий ч Москва дайралт хийхийг үгүйсгэсэн. Хэд хэдэн улс орон өөрсдийн иргэдээ яаралтай Украинаас гарахыг шаардсан ба ЭСЯ-ны ажилчдаа татсан.

Кулеба хэлэхдээ, Украин өнгөрсөн Баасан гаригт Венийн баримт бичгийн дүрмийн дагуу Оросоос өөрсдийн санаа зорилгынхоо хариуг авахыг шаардсан гэжээ. Ерөнхийлөгч Зеленскийгийн хувьд АНУ нь Украины аюулгүй байдлын нэг найдвар аж. Зеленский Байдентай санал зөвшилцөн эхний ээлжид дипломат арга барил дээр суурилан асуудлыг шийдэх ёстой гэж үзжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Ганхуяг: Зохих журмын дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулсны төлөө бүгдийг “хулгайч” нэрээр цоллох нь байж боломгүй асуудал

УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.


-БИД БИЗНЕС ЭРХэЛЖ БАЙХ ҮЕДЭЭ БИЗНЕСИЙНХЭЭ ЗЭЭЛИЙГ ХУУЛЬ, ДҮРМИЙН ДАГУУ АВСАН-


-УИХ-ын чуулган завсарлачихсан энэ өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж, зарим нь хуулийн төслөө хөгжүүлэх ажлуудыг хийцгээж байх шиг байна. Таны хувьд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Ээлжит чуулган бүрийн завсарлагааны хугацаанд итгэл хүлээлгэн сонгогдсон гишүүд нь иргэдтэйгээ ойр ажиллаж, тэднийхээ санаа бодол, хүсэлтийг сонсож, ярилцах чухал үе байдаг. Нэг ёсондоо иргэдтэйгээ илүү ойр байж, тойрогтоо ажиллах боломж гардаг. Миний хувьд ч ялгаагүй, ажлын өдрүүдэд тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж, төлөөлөгчийнхөө байранд ажиллаж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол хууль боловсруулж, түүнийг батлах үйл хэрэгт оролцохоос гадна сонгогдсон тойрогтоо ажиллаж, төрийн үйлчилгээ, хуулийн хэрэгжилт ямар байгаад хяналт тавьж, таниулах, мөн иргэдийнхээ аж амьдрал, амьдрах орчныг эрүүл аюулгүй болгох тал дээр анхаарч ажиллах үүрэгтэй. Өнгөрөгч чуулганы хугацаанд би Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль зэрэг бизнесийн орчныг сайжруулах чиглэлд хэд хэдэн хуулийн төслийг санаачлан, ажлын хэсгийг ахлан ажиллаж, тэр дундаа Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Хуулийн концепци нь зах зээлд шударга өрсөлдөөн, бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэж байгаа. Энэ өөрөө процессын хууль. Тиймээс үйл ажиллагааны зөвшөөрөл авахын тулд хэрхэх вэ гэдгийг маш тодорхой зааж өгнө. Иргэн, аж ахуйн нэгж өргөдөл гаргачихна. Өргөдөл гаргаснаас хойш хэдий хугацаанд шийдвэр гаргах, шийдвэр гаргаагүй бол яах вэ гэдгийг хуульд заана. Энэ нь нийтлэг зарчим болж тусаад бүх салбар дагаж мөрдөнө гэсэн үг. Өргөдөл гаргах, өргөдөл хүлээн авах, татгалзах, түдгэлзэх, цуцлах гэсэн бүх зарчмуудыг хугацаатай нь тодорхой оруулна. Мөн зөвшөөрөлтэй холбогдуулаад аль нэг төрийн байгууллагаас тодорхойлолт авчир гэдэг асуудал байхгүй болно. Мэдээллийн сангаасаа хараад шаардлагатай мэдээллээ хардаг болно. Тухайлбал, татвар, нийгмийн даатгалын өргүй гэсэн тодорхойлолтыг нэхэхгүй.

Ажлын 45 хоногт ямар ч төрлийн зөвшөөрлийг олгодог болно. Нэг үгээр хугацаа, хэнээс ямар зөвшөөрөл олгох нь маш тодорхой болно. Хатуу хугацаа байгаа болохоор иргэн, аж ахуйн нэгж ажлаа төлөвлөх боломжтой болно гэсэн үг. Цахимаар хүсэлтээ өгөөд ажлын тав хоногийн дотор материал хүлээж авсан байгууллага дутуу бичиг баримтыг нь хэлж өгнө. Үүнийгээ бүрдүүлээд өгчихөөр хугацаагаа хүлээгээд л байж байна гэсэн үг. Хариугаа ч цахимаар авах боломжтой болно. Манай улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталж байсан. Тухайн үед 210 орчим тусгай зөвшөөрөл олгохоор хуульд тусгасан байсан. Гэтэл үүнээс хойш энэ тусгай зөвшөөрлийг ийм байгууллага олгоно гэж нэмсээр байгаад 913 болчихсон байна. Тиймээс уг хуулиар зөвшөөрөл нэрийн дор төрийн үйлчилгээг хүнд суртал, авлига, хээл хахууль руу чирж байгаа нөхцөл байдлыг засч, зөвшөөрлийн тоог цөөлж, олголтын үйл ажиллагааг сайжруулах юм.

-Ээлжит бус чуулганаар тэтгэврийг нэмэгдүүлсэн. Энэ нь одоо байгаа эдийн засгийн боломжоо шавхаж нэмсэн үү. Үүнээс илүүг нэмэх боломж байсан уу?

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Эдгээр хуулиудыг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 465.000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан. Халдварт цар тахлын дэгдэлт улсын эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар энэ шийдвэрийг гаргалаа. Энэхүү арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ хөрөнгөөр тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар буюу төрийн байгууллагуудыг 2022 онд урсгал зардлаа танаж, бүсээ чангалах байдлаар ажиллахыг чиглэл болгосон хэлбэрээр энэ эх үүсвэрийг гаргалаа. Азай буурлуудын маань тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг боллоо. Цаашид тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх, тэтгэврийн тогтолцоог сайжруулах, шинэчлэх чиглэлд миний бие илүү санаачилга, оролцоотой ажиллах болно.

-Өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газрын бүтцийг нэмэх шийдвэр гаргаж, шинэ яам байгуулагдах болсон. Энэхүү яамны голлох үүрэг юу вэ. Эдийн засгийн хямралтай үед шинээр яам байгуулах нь хэр оновчтой гэж та харж байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 11 дүгээр сард УИХ-аар баталсан. Ингэснээр Засгийн газрын бүтцэд шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Сангийн яам бол цэвэр орлого, зарлагаа хянаад явдаг. Ингэхдээ зарлагаа бага байлгах талд гол анхаарлаа хандуулчихдаг. Орлого төвлөрүүлэх талд төдийлөн хангалттай сайн ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бондуудтайгаа зууралдсаар байгаад жил өнгөрчихөөд байгаа юм. Ирэх оны төсөв батлах үеэр УИХ оновчтой хөрөнгө оруулалт талд маш их маргаантай байлаа. Цаашид хөрөнгө оруулалтын асуудлыг илүү оновчтой болгох үүднээс хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх ёстой. Ингэхдээ хоёр талаас харах ёстой. Нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөжийг харж эрэмбэлэх. Хоёрдугаарт, нийгмийн хөгжлийн үр өгөөж талаас нь эрэмбэлж хөрөнгө оруулалтыг тавих ёстой. Яагаад гэвэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалт хийх боломжтой дүн нь хязгаарлагдмал байдаг. Дутууг нь гадаадын зээл тусламжаар хааж л явдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтад гаднаас зээл авах боломж хязгаарлагдмал байгаа. Бид зээлийн таазанд тулахад маш ойрхон болсон байна. Тиймээс байгаа жаахан нөөцөөрөө хөрөнгө оруулалтаа эрэмбэлж, оновчтой болгох зайлшгүй шаардлагатай. Үүнийг хийж, ярьж байгаа төрийн байгууллага өнөөдөр байхгүй байна. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлж, хамгийн үр өгөөж өндөртэй зардлууд руу хөрөнгө оруулалт хийх, боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах, арьс, ширний боловсруулах үйлдвэрүүдээ барих, ядаж зэс баяжуулах үйлдвэрээ өөрсдөө барих ёстой. Өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийн хүрээнд 200 гаруй сая ам.долларын программ хангамжийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн. Үүний үр дүнг хангалттай гэж дүгнэх боломжгүй. Гэтэл дэлхий ертөнц цахим хөгжил, виртуал хөрөнгө гээд хөгжлийнхөө үе шатаар дээш ахиж, бодлоготой болж, түүнийг нь хэрэгжүүлэх төрийн бүтцийн байгууллагуудтай ч болоод байна. Цахим хөгжлийн төсөл хэрэгжээд байгаа хэрнээ үр дүн гарахгүй байгаа шалтгаан нь хууль батлагдахдаа боловсруулах шатандаа салбарын яамнаас чиглэл чиглэлээр нь л санал авдаг. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанаар УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгаа хуулиудад технологийн талаас нь дүгнэлт, зөвлөмж өгнө. Засгийн газрын бодлого, шийдвэр болон салбар бүрт хэрэгжиж буй программ хангамжийг нэг зүгт чиглүүлэхэд энэ яам асар чухал үүрэгтэй. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэгэн том зорилт бол дижитал эдийн засгийг хөгжүүлж улсдаа орлого олох бодлого байна. Мөн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой яам.

-Шинээр байгуулагдаж байгаа яамдуудын сайдаар УИХ-ын гишүүд очих сонирхол байх шиг байна. Гэхдээ Үндсэн хуулиараа энэ нь хязгаартай байгаа. Тиймээс давхар дээлийг нэмэгдүүлэх асуудал яригдах болсон. Үүнд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Гол бодлогын яамдууд хоёр жилийн хугацаанд давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн дөрвөн сайд, бусад нь дан дээлтэй сайд нартай явж үзлээ. Тухайн салбарын чухал болон бодлогын хуулиуд УИХ-д орж ирэхэд дан дээлтэй сайд нар орж ирэхгүй, асуудлыг хамгаалж чадахгүй байгаа тал ажиглагддаг. Тиймээс гол бодлогын яамдууд яалт ч үгүй давхар дээлтэй сайд нар байвал илүү тохиромжтой бөгөөд бодлого илүү хэрэгжих юм болов уу гэж харж байгаа. Миний хувьд хэдэн сайд давхар дээлтэй байх нь тийм чухал биш.

-Сүүлийн үед Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан болж байна. Зарим нь зээлээ зөв зүйлд зарцуулж, эргэн төлөлтөө чанартай хийж байна. Зарим нь чанаргүй зээлдэгч болж, эргэн төлөлтөө хийхгүй байгаа нь асуудал үүсгэж байх шиг. Таны эгчийн компани уг банкнаас зээл авсан тухай мэдээлж байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Г.Дамндинням та гуравтай холбоотой зээл гэж байна. Энэ үнэн үү. Авсан бол таны оролцоо байсан уу. Эсвэл тухайн компани хууль дүрмийнхээ дагуу зээлээ авч үйл ажиллагаандаа зарцуулж байгаа юу. Эргэн төлөлтөө хийж байгаа юу. Энэ асуудлаар та тодорхой үнэн бодит мэдээллийг өгөөч?

-Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө болсон үйл явдал. Бизнес эрхэлж байх хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэхүү зээлийг миний хамаарал бүхий этгээд авсан. Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцөлийг хангаад хууль дүрмийнхээ дагуу авсан байдаг. Зээлийн зориулалт нь экспортын чиглэлийнх байсан. Тухайн зээл авсан компани нь Энержи ресурс компанийн уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Зээлийг авахдаа 1х3 буюу 90 гаруй тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулж зээлээ авсан. Миний хувьд зээлтэй холбоотой шаардлагатай бүх материалыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өгсөн. Би тухайн зээлиийг авахад ямар нэг нөлөө үзүүлэх боломжгүй. УИХ-ын гишүүнээр ч сонгогдоогүй байсан. Аливаа зүйлд зааг байх ёстой. Улстөрч болчихоод зээл авсан бол ёс зүйн хариуцлага. Улстөрч болсныхоо дараа хамаарал бүхий этгээддээ энэ зээлийг авч өгсөн бол өнөөдөр ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал үүсэхэд уг зээлийн эргэн төлөлтийг судалж үзэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд экспортын үйл ажиллагаа саатсан. Компанийн үйл ажиллагаа 2021 оны хоёрдугаар сараас хойш зогссон. Үндсэн төлбөрийн хугацааг экспорт идэвхжихээр төлөх бөгөөд зээлийн хүүний хувьд тогтвортой төлж байгаа юм билээ. Одоогоор 8.8 тэрбум төгрөгийн хүү төлсөн. Уг зээл чанаргүй гэдэг ангилалд ороогүй хэвийн явж байгаа.

-Таны эгч энэ банкнаас зээл авсан гэхээр энэ нь таны хувьд ашиг сонирхлын зөрчил болох уу?

-УИХ-ын гишүүн болсны дараа миний эгч юмуу хамаарал бүхий этгээд төрийн аль нэг банкнаас зээл авсан бол энэ бол давуу байдлаа ашигласан нөхцөл болж, хуулийн болон ёс зүйн дагуу хариуцлага хүлээх ёстой болно. Харин олон жил хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж, улсад татвараа төлж, олон зуун ажлын байрыг бий болгож ирсэн бизнес эрхлэгчидээ зохих журмын дагуу зээл авч үйл ажиллагаагаа явуулсны төлөө бүгдийг “хулгайч” нэрээр цоллох нь байж боломгүй асуудал. Магадгүй улстөрчийн гэр бүл гэдгээр олон нийтэд хардлага үүсдэг. Тийм ч учраас цаашид төр болон бизнесийн заагийг бий болгох, шилэн байлгахын тулд өөрийн гэр бүлийн гишүүдийн хамаарал бүхий компанийг хувьцаат компани болгон өөрчилснөөр ард иргэд, олон нийт нээлттэй ил тод, бодит мэдээллийг авах боломжийг хангахаар зорьж байна.

-Хөгжлийн банкаас авсан чанаргүй зээлийг төр хариуцан эргэн төлөлтийг нь хийнэ гэж ярих юм. Энэ үнэн үү, ингэх боломж байхгүй биз дээ?

-Мэдээж энэ тохиолдолд зээл авсан иргэн, аж ахуйн нэгж хариуцлагаа үүрэх ёстой. Төр хариуцан төлөх ямар ч эрх зүйн үндэслэл хийгээд боломж байхгүй.

-Үнэхээр зээл авсан этгээдүүд нь зээлээ төлж чадахгүй бол яах ёстой байдаг юм бол оо?

-Аливаа зээлийг авахад түүнтэй тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий барьцаа эд хөрөнгийг байршуулдаг. Хэрвээ зээл авсан этгээд төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд төр тухайн барьцаа хөрөнгийг зохих журам хийгээд гэрээний дагуу хураан авч, хохирлыг барагдуулах ёстой.

-ЖДҮ гээд нэг хэсэг шуугьсан. Одоо Хөгжлийн банк гээд шуугьж байна. Улстөрчид, өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдаг болон эрх мэдлээ ашиглаж ингэж зээл аваад байхаар ард түмэн үнэхээр эгдүүцэж байх шиг байна л даа. Цаашид ч ийм үзэгдэл нийгэмд ил болсоор л байна байх. Улстөрчдийг мөнгөний эрх мэдлээс зааглах эрх зүйн орчин дутаад байна уу?

-Ер нь Хөгжлийн банкнаас зээл авсан болон хамаарал бүхий этгээдүүдийг ингэж ил зарлаж байгаа нь зүйтэй юм. Ил зарлагдаж байгаа руу нь л ингэж гал ирээд байгаа болохоос бус анхнаасаа нууж, хаасан зүйл байгаагүй. Бид бизнес эрхэлж байх үедээ бизнесийнхээ зээлийг хууль, дүрмийн дагуу авсан. Улстөрч болно гээд энэ зээлийг давуу эрх эдэлж, нөлөө үзүүлж авсан зүйл байхгүй учраас нээлттэй ил тод зарлаж байгаа нь зөв. Өнөөдөр 26 компанийн асуудал яригдаад байна. Эцсийн өмчлөгчийн асуудлыг ярих ёстой. Эцсийн өмчлөгч нь тодорхой бус, судлаад үзэхээр арилжааны банкууд хүртэл зээл авчихсан байх жишээтэй. Тухайн банкны эцсийн өмчлөгч нь хэн бэ. Үүнийг тодруулах ёстой. 1.2 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын хувьд их мөнгө. Энэ мөнгө найдваргүй зээл болчихсон. Гэтэл зээл авсан компанийн эцсийн өмчлөгч байж л байгаа шүү дээ.

-Нэг хэсэг тантай холбоотой Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Яг учир шалтгааныг нь мэдэх улсууд бол дэмжсэн. Одоо энэ хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ. Батлагдаагүй байгаа биз дээ?

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны зургадугаар сарын 21-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулган болон холбогдох байнгын хороодоор хэлэлцэгдэж байгаа. Хараахан батлагдаагүй байна. Монгол Улс хэдхэн жилийн өмнө гадаадын асар их хөрөнгө оруулалттай улс байсан. Харин өнөөдөр яагаад гадаадын хөрөнгө оруулалт багасчихав. Монгол Улс 1993 онд гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, эд хөрөнгийг хамгаалах болон гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой харилцааг зохицуулах зорилтын хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх баталсан байдаг. Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой гэж үзсэн. Мөн уг хуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгэн адил авч үзэх зохицуулалтыг тусгаж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавигдаж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмж тусгасан. Уг хуулийн гол зорилго бодит хөрөнгө оруулалт хийх хүмүүсийг ялгаж салгах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг нь нээлттэй болгож эерэг мессэж өгөх зорилготой.

-Ирэх хаврын чуулганаар та ямар хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна вэ. Хаврын чуулганаар хүлээгдэж байгаа гол гол батлагдах хуулийн төсөл юу байна вэ?

Мэдээж УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхлэхээс өмнө ахлан ажиллаж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг ажлын хэсэгтэйгээ сууж илүү чамбайруулах, хийдэлгүй болгох чиглэлд ажиллаж байна. Ирэх хаврын чуулганаар уг хуулиа батлуулахаар зорин ажиллаж байгаа. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл ч байна. Миний хувьд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүний хувьд өнгөрөгч чуулганаар батлагдсан цахим хөгжлийг дэмжих хуулиудын хэрэгжилт болон хэрэгжилтэд шаардлагатай эрх зүйн бусад баримт бичгүүдийг боловсруулан гаргах чиглэлд байнгын хорооны дарга, гишүүд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Түүнчлэн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Боловсролын багц хуулийн ажлын хэсгийн гишүүний хувьд холбогдох хуулийн төсөл дээр ажлын хэсгийн гишүүдтэй хамтран боловсролын салбарын хөгжил, шинэчлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Камила Валиева: Үнэхээр хүнд өдрүүд байлаа

Объявлен состав сборной России по фигурному катанию на Олимпиаду-2022 в  Пекине. Olympteka.ru

Оросын уран гулгалтын тамирчин Камила Валиева допингийн дуулианд холбогдсон. Харин Спортын арбитрын шүүхээс (CAS) түүнийг Бээжингийн өвлийн олимпийн наадамд өрсөлдөх эрхийг нь нээж өгч, нэр төрийг нь цэвэрлэсэн. Өмнө нь түүний өнгөрсөн арванхоёрдугаар сард авсан дээжээс допинг илэрснээс Камилагийн олимпод өрсөлдөх эрхийг нь Олон улсын олимпийн хороо, Олон улсын скейтийн холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас түдгэлзүүлээд байв. Шинжилгээний хариу Валиеваг багийн төрлөөр алтан медаль авсных нь дараа зарлагдаж, олны анхаарлыг татсан. Улмаар Спортын арбитрын шүүхээс шуурхай хурал зарлан асуудлыг хэлэлцсэн юм.

Камила Валиева өнөөдөр /2022.2.15/ өвлийн олимпод уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр үзүүлбэрээ үзүүлнэ.

Тэрбээр допингийн дуулианаас хойш анх удаа Оросын “Channel 1” сувагт өгсөн яриандаа “Надад үнэхээр хүнд өдрүүд байлаа. Би бүх л сэтгэл хөдлөлөө гаргасан. Би одоо баяртай байна. Гэхдээ сэтгэлзүйн хувьд туйлдсан. Баярын бас гунигийн маш их нулимс урсгасан. Би олимпод оролцож байгаадаа баяртай байгаа ч үүнээс илүү эх орноо төлөөлж байгаадаа баяртай байна. Би бүх хүч чадлаа дайчилж, үзүүлбэрээрээ үр дүнг нь харуулахыг хүсч байна. Спортын арбитын шүүхийн сонсгол долоон цаг үргэлжилсэн. Бидэнд 20 минутын завсарлага өгсөн. Би тэнд суугаад ажиглаж байлаа. Энэ үнэхээр хүнд байсан. Гэхдээ л энэ миний давах ёстой сорилт байсан” гэж ярьжээ. Мөн тэрбээр өөрийг нь дэмжиж байсан бүх хүмүүст талархснаа илэрхийлжээ.

RT

Спортын арбитрын шүүхээс 15 настай Камила Валиеваг наснаасаа шалтгаалан Дэлхийн допингийн эсрэг агентлагийн “хамгаалагдсан хүн” төрөлд багтах ёстойг онцолж, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны шинжилгээний дүнг 2022 оны хоёрдугаар сарын 8-ныг хүртэл мэдээллээгүйг шүүмжилсэн байна. Энэ нь түүнийг хууль ёсны дагуу тайлбар өгч, өөрийгөө хамгаалах цаг хугацаа олгоогүй гэж үзсэн аж.