Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сонгинохайрхан ууланд явган аяллын зам байгуулжээ

Сүүлийн жилүүдэд нийслэлд ууланд алхах, явганаар аялах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Иргэд голчлон Богдхан, Чингэлтэй ууланд алхдаг. Тэгвэл явган аяллын чиглэл нэгээр нэмэгдэж, Сонгинохайрхан ууланд олон улсын стандартын дагуу тохижуулсан аяллын зам байгуулав.

Байгаль орчноо хайрлан хамгаалах, зөв зохистой аялах, явган аялал, уулын спортыг нийтэд сурталчлан таниулах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Сонгинохайрхан уулын явган аяллын /3 км/ чиглэлийг тэмдэгжүүлж, амрах цэгүүдийг тохижууллаа. Тохижилтын ажил арванхоёрдугаар сарын 10-нд бүрэн дуусжээ.

Сонгинохайрхан ууланд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, ургамал, ан амьтдын талаарх тайлбарыг байршуулсан бөгөөд олон улсын стандартын дагуу явган аяллын зам хийсэн байна. Тохижилтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгчээ. Тус дүүрэг явган аяллын замын ашиглалт, хамгаалалтыг цаашид хариуцан ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Хөлбөмбөгийн алдарт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсчээ

Монголын олон мянган хүүхэд залуусыг хөлбөмбөг хэмээх хүн төрөлхтний агуу спортод дурлуулж, цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан Монголын алдарт тайлбарлагч Э.Балжинням таалал төгсчээ.

“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?”, “Хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивээг” гэхчлэн өвөрмөц хэв маяг, яриагаараа олны танил болсон тэрээр хөл бөмбөгийг зүгээр ч нэг тайлбарладаггүй үүх түүхтэй нь ярьдаг байсан юм.

“Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн, сэлэхийг нь биш орилохыг нь сурсан Э.Балжинням” хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрээр “Советский спорт” сонины ачаар хөлбөмбөгтэй танилцаж, улмаар хоббигоо ажил болгон TV9, ETV, SPS зэрэг телевизүүдэд ажиллаж байв.

“Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж

Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч

Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд тоглож

Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай

Би хөлбөмбөгийн фанат аа”

“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ” хэмээн олон сайхан тоглолтуудыг өөрийн эшлэлүүдээрээ эхлүүлж, олон гайхамшигт тоглолтуудыг тайлбарлаж явсан түүнийг Монголын ард түмэн үүрд санан дурсах болно.

Гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Н.Дугар: Оюу толгойн гэрээний ард их хэмжээний авлига явагдсан гэдэг нь одоо тодорхой болж байна

Улс төр судлаач Н.Дугартай ярилцлаа.


-Оюу толгойн хөрөнгө оруулалтын анхны төсөл 2004 онд өргөн баригдахад та иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүн эгнээнд эсэргүүцэж жагсаж байсан хүн. Ер нь Оюу толгойн гэрээ ямар зам туулж батлагдсан юм бэ?

-Оюу толгойн гэрээний асуудал 2006 оны хоёрдугаар сараас эхлэн тавигдсан. М.Энхболдын Засгийн газар байгуулагдаж Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьсан.

Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 тэрбум ам.доллар байсан. Иргэний хөдөлгөөнүүд үүнийг эсэргүүцэж гудамжинд жагсаж байв.

Мөн үүнтэй давхцуулаад Таван толгойн асуудлыг ч шаардаж байсан. Ард түмэн мартаагүй байх. Ард түмэн мартсан ч, түүх мартахгүй. Тэр үеийн сонины шарласан хуудсанд байгаа.

Ингээд 2006 оны хавар Засгийн газрыг тэргүүлж байсан нөхдүүд болоод УИХ-ын нөлөө бүхий гишүүд иргэний хөдөлгөөнүүдийн анхны шаардлагыг өөр тийш нь залаад аваад явчихсан. Энэ бол тусдаа асуудал. Мэдээж үүнийг “Айвенхоу Майнз”-ийн гар хөл болсон улс төрийн нөлөө бүхий нөхдүүд зохион байгуулсан байх. 2007 оны арваннэгдүгээр сард С.Баяр Ерөнхий сайд болсон. Ер нь түүний туйлын хүсэл нь ч Ерөнхий сайд болох. Тэрээр хүссэн албан тушаалаа авсан ч Оюу толгойн гэрээ, Таван толгойн асуудлыг шийдэхэд цаг хугацааны хувьд богинохон байсан. Гэхдээ Таван толгойг төрд авах ажлыг хийсэн. 2008 оны УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн байсан учраас сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялах нь түүний гол зорилго байсан. Сонгуульд бохир аргаар ялсан. Долдугаар сарын 1-ний хэрэг болсон. Тайван жагсаалыг үймээн болгосон нь С.Баярын том алдаа болсон. Ингээд стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Ингэхдээ өөрийн үгнээс гарахгүй Сангийн сайдаар С.Баярцогтыг, Уул уурхай, Эрчим хүчний сайдаар Д.Зоригтыг, Байгаль орчны сайдаар Л.Гансүхийг тавьж тэдгээр нөхдүүдээр Оюу тогойн гэрээ байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Эдгээр хүмүүс С.Баярын үгийг сөрөхгүй л дээ. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан батлуулах ажил руугаа орсон. М.Энхболдын Засгийн газрын үед өргөн баригдсан Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргүүлэн татаж авсан. Ингэхдээ 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай гэрээг 5.6 тэрбум ам.доллар болгож өсгөж оруулж ирсэн. Энэ нь богино хугацаанд болсон асуудал.

2007 оны өвөл Фрийландийн нэр хүнд нь гадна, дотно талд ч их унасан. Айвенхоу Майнз Фрийдландыг хүндэт ерөнхийлөгчөөр сонгоод оронд нь Жон Майкенд Монголд нэлээн удаан хугацаагаар оршин сууж, Оюу толгойн гэрээн дээр ажилласан. Энэ хугацаанд би тэр хүнтэй хоёр удаа уулзаж байсан. Нэгт нь өөрийнх нь хүсэлтээр уулзсан. Тэр үед иргэний хөдөлгөөнүүд Оюу толгойн гэрээг эсэргүүцэж гудамжинд жагсаж Айвенхоу Майнзын хувьцаа дэлхийн зах зээл дээр бараг өдөр бүр унаж байсан үе байсан. Ингээд Жон Майкл хувьцааны уналтад санаа зовж, нөгөө талаас нийт хувьцааны 19.9 хувийг хэн хэн авчихав гэдгийг их анхаарч байсан. 19.9 хувийн хувьцааны талаар маш өндөр мэдлэгтэй хүн авах шиг боллоо. 19.9 хувийг худалдаж аваад хувьцаа худалдан авах ажиллагаагаа зогсоосон. Монголын Засгийн газар үүнийг худалдаж авсан бол хуулийн дагуу эзэмших 34 хувь дээрээ 19.9 хувийг нэмээд Монголын төр дангаараа 54 хувийг нь эзэмших болж байна. Энэ нь бидэнд ямар ч ашиггүй. Үүнийг Монголын Засгийн газар зохион байгуулсан байх гэсэн хардалт байна” гээд тэрээр цааш нь “Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан Москва руу хэд хэдэн удаа явсан. Голомтын Д.Баясгалан гадаад руу яваад 5, 6 сар болж байна” гэсэн. Энэ нь тэд асуудалд маш сайн судалгаатай ханддагийн жишээ. Мэдээлэл бол мэдлэгээс чухал гэдэг нь үүнээс харагдаж байна. Манайхан шиг судалгаагүй цээжний бангаар ярьдаг улсууд биш юм билээ. Монгол Улсын Засгийн газар тэднээр дамжуулж авч байгаа юм биш биз дээ гэж надаас асууж байсан. Би дотроо манай Засгийн газар тэгсэн бол мундаг байна л гэж бодож “19.9 хувийн хувьцааг хэн худалдаж авсныг хөрөнгийн биржээс мэдэж болдоггүй юм уу гэхэд 20 хувиас дооших хувьцаа эзэмшигчийг жижиг хувьцаа эзэмшигч гэж үзэж тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс зарладаггүй юм аа. Харин 20-иос дээш хувьцаа эзэмшигчийг зарладаг” гэхээр нь “19.9 хувийн хувьцааг хэдэн ам.доллараар худалдаж авах боломжтой вэ” гэхэд “500 сая ам.доллараар” гэсэн. Тэгэхээр нь би улс төр, нийгэм ийм тогтворгүй байгаа Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх шаардлага байгаа юмуу. Хайгуулд зарцуулсан хөрөнгөө бизнесийнхээ алдагдалтай тооцоод Монголын төрөөс нэхэмжлэх юм уу, эсвэл хятадуудад зараад гарсан нь дээр юм биш үү” гэж түншиж асуухад тэрээр “Монголын төр засаг, улс төрчид хэзээ бидний үгийг сонсдог болно тэр болтол нь консервацид тавина. Энэ ордыг Монголын төрд буцааж өгөхгүй. Хятадад зарахгүй” гэж байсан. Би хариуд нь “Бүх нөхцөл нь бүрдсэн Оюу толгой шиг орд танайд 100 жилд ч дахиж олдохгүй гэж та үзэж байгаа юмуу” гэхэд толгой дохиж байж билээ.

-Оюу толгойн гэрээнд нааштай үр дүн гарч эхэллээ. Энэ бол үе үеийн Засгийн газрын тэргүүнүүдийн үүрэг байх, тийм үү?

-Ер нь Оюу толгойн гэрээг үе үеийн бүх Засгийн газар хамгаалдаг байсан шүү дээ. Энэ нь ч учир шалтгаантай юм билээ. С.Баяр Оюу толгойн гэрээг Монгол Улсад ашигтай бус хувь хүн өөртөө болон намдаа ашигтайгаар л хийсэн. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсны дараа гэрээ батлагдсан. Гэрээг батлуулахад гэрээний төсөл дээр ҮАБ-аас зөвлөмж авсан байх ёстой. Ц.Элбэгдорж “Гурван сая Чингис урагшаа нэг алхлаа” гэж хэлж байсан. Түүний ингэж магтаж байсан гэрээ өнөөдөр ямар байгаа нь харагдаж байгаа. Харин С.Баяр “Оюу толгойн гэрээ батлагдсанаар Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ” гэсэн. Гэтэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох гэрээ нь өнөөдөр хүчингүй болж байх шиг байна. Ер нь С.Баяр, Ц.Элбэгдорж хоёрын хооронд нэг тохиролцоо явагдсан юм шиг байгаа юм. С.Баяр болоод МАН эрх ашгаа Оюу толгойд шингээх. Харин Таван толгойд Ц.Элбэгдорж болоод АН эрх ашгийг шингээх тохиролцоо. Харамсалтай нь С.Баяр 2009 оны аравдугаар сард огцорч нэг тохиролцоо нь биелээгүй юм. Иргэний хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар Таван толгойг төрд авсан. С.Баяр өөрийнхөө зорилгыг биелүүлчихээд Ц.Элбэгдоржийн зорилгыг орхиод явсан. Ц.Элбэгдорж 2009-2017 он хүртэл Ерөнхийлөгч байхдаа Таван толгойн л асуудлыг ярьдаг байсныг ард түмэн мартаагүй байх. “Таван толгойд УИХ оролцох ёсгүй. Хоёр компанийн хоорондын асуудал. Шууд Засгийн газар шийдэх ёстой” гэдэг байсан шүү дээ. С.Баяр Оюу толгойн гэрээг УИХ-д ёс төдий танилцуулсан. УИХ ёс төдий танилцаад өнгөрсөн бол Сү.Батболдын Засгийн газар нь хувь нийлүүлэгчийн гэрээг УИХ-д танилцуулалгүй дангаар шийдсэн. Үүнээс харахад Оюу толгойн гэрээг дахин авч үзэх, хүчингүй болгох юм бол МАН, АН аль аль нь хүнд байдалд орж болно шүү дээ.

Оюу толгойн гэрээний ард их хэмжээний авлига явагдсан гэдэг нь одоо тодорхой болж байна. Тодорхой тоо ч яригддаг юм. Түүний хууль хяналтынхан бараг тогтоогоо биз дээ. 19.9 хувийн хувьцаа ч манай Оюу толгойн гэрээтэй холбогдсон улс төрийнхөн болон толгойлогч нартай ч холбоотой. Гэрээ батлагдсаны дараа Айвенхоу Майнзын хувьцааны үнэ өсөнгүүт тэд авсан хувьцаагаа зарж өндөр ашиг олж Английн Виржиний арал дахь оффшор бүсэд хадгалсныг хууль хяналтын байгууллага илрүүлсэн байх. С.Баярын Англи руу Элчин сайдаар явдаг шалтгаан үүнтэй ч, оффшор бүстэй ч холбоотой байж магадгүй.

-Гэхдээ Рио Тинто буулт хийж байгаа нь сайн хэрэг биз дээ?

-Рио Тинтогийн буулт хийсэн шинэ нөхцөл байдал нь Рио Тинто нэг их өгөөмөр загнаж байгаа юм биш. Монголчууд биднээс хулгайлсан (зальдсан) юмных нь хулгай нь баригдаад ирэнгүүт буцааж өгч байгаа юм. Саяхан сар хүрэхгүй хугацааны өмнө 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын зээлийн 70 хувийг хүчингүй болгож, гурван жилд нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх санал тавьж байсан. түүнийг нь Ц.Нямдорж боломжийн санал хүлээж авах нь зөв гэсэн агуулгатай мэдээллийг хийж байгаа нь сэжигтэй санагдсан. Ер нь Оюу толгойн гэрээнд Рио Тинтод ашигтай Монголын төрд ашиггүй байх талд ганц Ц.Нямдорж гэлтгүй Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон АН-ын нөлөө бүхий нөхдүүдийн үүрэг оролцоо их шүү. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монголын төр 34 хувийг авах шаардлагагүй. Зарах хэрэгтэй байсан. Энэ гэрээ Монголд ашигтай” гэх зэргээр мэдэгдэж байсан мэдэгдлүүд, хэлж ярьж байсан үгээрээ нотлогддог.

Ер нь Монголын төр зээлээр хөрөнгө оруулалт хийж 34 хувийг эзэмших биш, үнэгүй авах ёстой байсан. Оюу толгойн орд газрын баялаг бол Үндсэн хуулиар баталгаажсан Монголын ард түмний өмч. Чиний хувийн өмчийн 0.7 га газар дээр –“Чи 34 хувийн хөрөнгө оруулалт хий. Би 64 хувьд нь хөрөнгө оруулалт хийгээд 10 давхар байшин бариад чи гурван давхрыг нь, би 7 давхрыг нь эзэмшинэ шүү” гэвэл чи зөвшөөрөх үү. Мэдээж “үгүй” л гэнэ биз дээ. Өөр нэг жишээ хэлэхэд, нэг нь өвөлжөөтэй нөгөөх нь өвөлжөөгүй хоёр малчин 500, 500 хоньтой гэж үзье. Өвөлжөөгүй малчин нь “Би танай өвөлжөөн дээр 1000 хонины хороо, саравч барья. Чи 34 хувийн хөрөнгөө гарга. Би 64 хувийн хөрөнгөө гаргая. Чи 34 хувьдаа тохирсон хонио саравчинд оруулна шүү” гэвэл тэр малчин зөвшөөрөх болов уу. Өвөлжөөний эзэн 340 хонио саравчинд оруулаад үлдсэн 160 хонио ямар хашаанд байлгах вэ.

Бүх нөхцөл нь бүрдсэн Оюу толгой шиг орд Рио Тинтод 100 жилд ч нэг удаа олдохгүй. Тэд үүнийгээ сайн мэдэж байгаа учраас хаяж явж чадахгүй. Хятадад зарахгүй. Тиймээс Засгийн газар Рио Тинтог өшөө сайн шахаж, хулгайлагдсан юмаа бүгдийг нь авах ёстой.

-Яагаад бүх нөхцөл нь бүрдсэн гэж?

-Учир нь дэлхийн зэсийн хэрэглээний 30-аад хувийг нь Хятадад ногдож байна. Оюу толгойн орд бол худалдан авагчдаа ойрхон ердөө хэдэн км-ийн цаана байна шүү дээ. Уул геологийн нөхцөл байдал нь тааламжтай. 100 жилээр тогтохгүй ашиглагдах арвин нөөцтэй.

Зэсээр тогтохгүй алтны өндөр агууламжтай. Угтаа монголчууд бид Эрдэнэтийн гэрээний туршлагатай улсууд. Бид энэ туршлагаа Оюу толгойд ашиглаж чадаагүй. Үүний шалтгаан нь эрх баригчдын хувийн ашиг сонирхол давамгайлсан. Эрдэнэтийн гэрээ эхний үедээ ашиггүй байсан. Энэ нь Монгол-ЗХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга Майдараас болсон юм. Тэр үеийн төв хороо, сайд нарын зөвлөл, олон улсын гэрээнд мөрдөгдөх зарчмуудад тулгуурлан аль аль талдаа ашигтай гэрээний төсөл хийсэн боловч Майдар ЗХУ-ын талын боловсруулсан нэг талын эрх ашгийг хангасан гэрээнд ЗХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын дарга гэдэг эрх мэдлээ ашиглаж ганцаарчлан Москвад гарын үсэг зурснаас танилцуулагдаагүй. Үүнээс болж ашиггүй хийгдсэн.

-Оюу толгойн гэрээ үргэлжилж байна. Бид хэдийгээр нэг алхам урагшилсан ч өөр анхаарах зүйл байгаа болов уу. Юунд анхаарах ёстой вэ?

-2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд баяжмалыг экспортод гаргаж эхэлсэн. Түүнээс хойш найман жил экспортолсон. Үүнээс олсон ашгийн 34 хувийг Монголын төр нөхөн тооцож авах ёстой. Мөн АМНАТ-ыг тооцож авах ёстой. Энэ хоёроор зогсохгүй татварын хуулиудыг үг, үсгийг нь зөрүүлж, мушгиж, зувчуулсан татваруудаа ч мөн олж авах ёстой. Тухайлбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Оюу толгойн татвартай холбогдсон хоёр тэрбум ам.долларын татварыг хүчингүй болгосон. Түүнийгээ ч олж авах ёстой. Энэ мэт олон асуудал бий. Тэр бүгдийг би яриад яах вэ. Толгойлогч нар мэдэж байгаа биз.

Нөгөө талаас Эрдэнэт шиг хот тосгон, үйлдвэр, соёлын барилга байгууламжууд барьдаггүй юм гэхэд монгол ажилчдын орон сууц, нийгмийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Тэд өнөөдөр ажилчдаа тал талаас хэдэн зуун км-ийн цаанаас 15 хоногоор ээлжлэн зөөж байна. Говьд орон сууц бариад уурхай ашиглагдаад дууссаны дараах асуудал хүндрэлтэй байгаа бол ажилчдынхаа цалин хөлсийг Рио Тинто өөрсдийнхөө гадаадаас авч ирж байгаа ажилчдынхаа түвшинд хүргэж цалингаа өгөх ёстой шүү дээ. Тэгвэл монгол ажилчид орон сууцныхаа асуудлыг өөрсдөө шийдчихнэ.

-Ер нь анхнаасаа Монголын Засгийн газар Оюу толгойг 100 хувь эзэмшиж, ашиглаж болохгүй байсан юм уу?

-Бид өөрсдөө ашиглах мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах хүчин бол хангалттай бий. Тэр дундаа ил уурхайг сүүлийн 60 жил ашиглаж ажиллуулж хоёр дахь, гурав дахь үе нь ажиллаж байна. Харин далд уурхайн хувьд асуудал бий. Монгол Улс 1960 оноос хойш далд уурхайн инженер техникийн ажилчид бэлдээгүй. Оросууд ч далд уурхайн инженер техникийн ажилтнууд бэлдэж, сургах сонирхолгүй байсан. Хөрөнгө мөнгөний бэрхшээл байгаа. Гэхдээ дэлхийгээр нэг мөнгө байна шүү дээ. Тэр мөнгийг олж авах нь өөрөө менежмэнтийн л асуудал. Зөвхөн ганцхан жишээ дурдахад, гадны өндөр түвшний төсөл боловсруулдаг компаниудад төлбөрийг нь төлж хөрөнгө босгож болно. Нэгэнт хөрөнгө босоод ирвэл далд уурхайн менежерүүд, менежмэнтүүд, инженер техникийн ажилчдыг өндөр цалин хөлсөөр ажиллуулж болно. Тэд дуртайяа ажиллана. Нэгэнт мөнгөтэй юм чинь техник технологийг дэлхийн аль ч улсаас зах зээлийнх нь үнээр худалдаж авч болно. Оюу толгойн далд уурхайд ашиглаж байгаа техник технологи ганц Рио Тинтогийн өмч биш. Хэрвээ ингэсэн бол бид Рио Тинтод 64 хувиа өгөх ямар ч шаардлагагүй. Өнөөдрийнх шиг ийм хэл ам ч гарахгүй. Өдийд Оюу толгойн орд газар ашиглалтад орчихсон үр ашгаа өгөөд явж байгаа шүү дээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2021 оны 12 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 17-19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 19-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Categories
гадаад мэдээ

Цар тахлаас төрсөн тэрбумтнууд

Цар тахал эхэлснээс хойш эрүүл мэндийн салбараас 50 тэрбумтан шинээр төрсөн тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. Тэдний дунд коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч “Moderna” болон “BioNTech” компанийн удирдлагууд багтаж байна. “Ковид-19” халдварын эсрэг вакцин эмийн компаниудын үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлснээр наад зах нь есөн хүн долларын тэрбумтны эгнээнд багтсан тухай “People Vac­cines Alliance” байгууллагын тайланд тэмдгэлжээ.

Шинэ тэрбумтнуудын жагсаалтыг Америкийн “Mod­erna “компанийн Ерөнхий захирал Стефан Бансель болон Германы “BioNTech” компанийн тэргүүн Угур Шахин нар тэргүүлж байна. Өнгөрсөн жил Банселийн хөрөнгө 4.3 тэрбум, Шахиных 4 тэрбум доллар хүрчээ. Тэдний дараа “Moderna “компанийн хүмүүс болох дархлаа судлаач Тимоти Спрингер (2.2 тэрбум доллар); захирлуудын зөвлөлийн дарга Нубар Афеян (1.9 тэрбум); вакцин савлах “ ROVI” компанийн тэргүүн Хуан Лопес-Бельмонте (1.8 тэрбум); эрдэмтэн Роберт Лангер (1.6 тэрбум) нар бичигдлээ. Мөн энэхүү жагсаалтад Хятадын Con­vidicea вакциныг үйлдвэрлэгч CanSino Biologics компанийг үүсгэн байгуулагчдын нэг Чу Тао (1.3 тэрбум), дэд ерөнхийлөгч нар болох Цю Дунсу (1.2 тэрбум), Мао Хуэйхуа (нэг тэрбум) багтжээ. Есөн шинэ тэрбумтны нийт олсон хөрөнгө 19.3 тэрбум ам.доллар аж. Энэ нь хүн амынх нь дөнгөж 0.2 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад буй ядуу буурай улсын иргэдийг бүрэн дархлаажуулахад элбэг хүрэлцэх мөнгө юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОХУ-д газар хөдөлсөн чичирхийлэл Дархан, Сэлэнгэ аймагт хүчтэй мэдрэгдэв

ОХУ-ын Байгаль нуур орчим Танхой тосгонд 5.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар тус улсын Засгийн газрын Шуурхай албанаас мэдээллээ. Энэ нь нэг өдрийн дотор болсон хоёр дахь чичирхийлэл юм байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Эрхүү хотод хүчтэй мэдрэгдсан бөгөөд манай улсын Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод мөн чичирхийлэл мэдрэгдсэн.

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 21:44:51 цагт болсон гэж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.60 105.28

Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн, irk.ru

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Мөнхжин: Эрээний талаас дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа, манай талаас үүнийг хүлээж авахгүй

– ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ЗҮГЭЭС СОЛОНГОС ДАХЬ ЭЛЧИН САЙД, КОНСУЛ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА –


Эрээн, Замын-Үүдийн хил нээгдсэн эсэх болон цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт та мэдэгдэл хийхдээ Эрээний хил энэ сарын 10-нд нээгдэнэ гэж ярьсан. Иргэд хил нээх нь гэж ойлгосон боловч ганц хоёрхон машин гаргаад буцаад хаачихлаа гэж дургүйцэж байна. Яг хил нээгдсэн үү, үгүй юү гэдэг дээр тодорхой тайлбар өгөхгүй юү?

-Юу болсон талаар цаг хугацааны дарааллаар ярьж эхэлье. Өнгөрсөн аравдугаар сарын 13-ны өдөр Эрээнд ковидын халдвар илэрч, бүх нийтийн тэг зогсолт хийж, хилээ бүрэн хаасан. Ингээд хоёр улс арваннэгдүгээр сарын 15-нд уулзалт хийж, харилцан тохиролцоонд хүрсэн. Хорь хоногийн хугацаанд халдвар хамгаалалт бусад бэлтгэлээ хангаад чингэлэг тээврээр авто замын боомтоор бараа материалаа солилцъё гэдэг тохиролцоо байсан. Улмаар энэ хугацаанд хоёр тал бэлтгэлээ хийсэн. Энэ сарын 6-нд хоёр тал бэлтгэлээ хангаж дууссан. Миний бие 8-нд газар дээр нь очиж ажилласан, шалгасан. Шалгалтаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан байсан. Тухайн үед надад хоёр сар шахуу хаалттай байсан Эрээний хил хэзээ нээгдэхийг тодорхой болгох асуудал чухал байв. Тэр утгаараа Хятад талдаа бид нарын тохиролцсон хугацаа дууссан. Энэ стратегийн боомт үүнээс илүү урт хугацаанд зогсонги байж болохгүй гэдгээ хэлсэн. Ингээд хоёр тал ярилцаж энэ сарын 10-ны өдөр хилээ нээхээр шийдвэрлэсэн. Би энэ шийдвэрийг есөнд нь “Маргааш хил нээгдэнэ” гэж олон нийтэд мэдээлсэн.

Нээгдэнэ гэж хэлэхдээ үе шаттайгаар нээнэ гэдгээ хэлсэн. Эхний ээлжинд Эрээний талд гацчихсан 150 ачаатай автомашин, 20 орчим ачаагүй автомашиныг гаргах замаар үе шаттайгаар нээх тухай ярьсан шүү дээ. Яг тэр дагуу 10-ны өдрөөс эхлээд авто тээврийн хэрэгслүүдийг Эрээний талаас дундын цэг рүү оруулсан. Энэ бол хил нээгдсэний нотолгоо мөн үү гэвэл мөн. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын тал дундын цэгээс ачаа бараагаа авсан.

-Ачаагүй машин л орж ирснээс биш ачаатай машин орж ирээгүй гэдэг зүйлийг ярьж байна лээ. Уг нь ачаа таваартай машин орж ирэх нь чухал биз дээ?

-Яагаад дандаа ачаагүй машинууд орж ирэв гэдэг нь шалтгаантай. Эрээн талд бас хүндрэлүүд гарч байгаа. Бид тэр бүхнийг нь ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл, Эрээн талд гол хоёр хүндрэл гарсан. Нэгдүгээрт, тухайн автомашинууд хил хаагдахаас өмнө гадаа хоёр сар гаруй зогсчихсон байсан. Тиймээс зарим нь асна, зарим нь асахгүй. Хоёр дахь хүндрэл бол ачаатай автомашинууд яг хил гардаг дээрээ тулахаар гаалийн бүрдүүлэлт зөрсөн, хэт их ачсан, мэдүүлснээсээ өөр бараа таваар ачсан гэх мэт асуудлууд гарсан. Тиймээс өнгөрсөн хэд хоногт ачаатай автомашинуудын мэдээлэл зөрсөн учраас хил нэвтэрч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ажил явагдаж байгаа учраас хүндрэл гарч ирэх нь тодорхой. Энэ асуудлаа ярилцаад нөхцөл бололцоогоо сайжруулаад цаашид явах ёстой.

-Өнөөдрийн хувьд хил дээрх нөхцөл байдал ямар байгаа юм бэ. Цаашид хил нээгдэж, хөдөлгөөн хэвийн үргэлжлэх үү?

-Цар тахлын өмнөх шигээ хэвийн, чөлөөтэй явагдана гэж байхгүй. Эрээний онцгой байдлын зүгээс Эрээн, Замын-Үүдийн боомтын дундын цэгт монголчууд орж ирсэн учраас үүнийг халдвартай бүс гэж үзэж байгаа. Тиймээс одоо энэ цэг дээр үнэлгээ хийнэ. Хил нээснээс хойш саяны хэд хоног хилийн үйл ажиллагаа хөдөлгөөн дээр үнэлгээ хийж байсан. Тэр утгаараа яг одоогоор Эрээний талаас үнэлгээ, дүгнэлт хийж байна. Энэхүү үнэлгээний шат дуусахаараа ийм, ийм ажлуудыг нэмж сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарна, Эрээн талаас. Дан ганц Эрээн хотын шийдэх асуудал биш. Цаашаа Шилийн гол аймаг, Хөх хотын Засгийн газар шийднэ. Ийм процесс явж байна. Энэ бол үе шаттайгаар бараа материал, авто тээврээ явуулж байгаа ажлын нэг хэсэг. Түүнээс биш, Эрээн дахиад хилээ хаачихлаа, холбогдох хүмүүс нь хил нээгдэнэ гэж худлаа хэлж гэсэн утгаар нь ойлгож болохгүй. Ийм зүйл байхгүй. Надад 10-ны өдөр хил нээгдсэн нь чухал. Хоёрдугаарт, дахиад 50, 60 хоног хил хаагдахгүй байх нь л чухал байна. Өөрөөр хэлбэл, Эрээний хилээр тогтвортой бараа материал эргэлдэж байх нь илүү чухал юм. Тэр утгаараа ганц хоёр хоног хилээ хаагаад хийсэн ажил дээрээ үнэлгээ дүгнэлт гаргахыг нь хүлээхэд асуудал алга. Гол нь дахиад урт хугацаанд таг хаачихгүй байх нь чухал байна.

-Тэгэхээр одоогийн байдлаар Эрээн, Замын-Үүдийн боомт хаалттай. Эрээний талаас үнэлгээ дүгнэлтээ хийж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Саяны хэд хоногт хил нээгдсэн үйл ажиллагаан дээрээ үнэлгээ хийж, дүгнэлтээ гаргах юм. Энэ дүгнэлт удахгүй гарчих байх гэсэн хүлээлттэй байна. Ямартаа ч дахиад таг хаачихгүй, тогтвортой бараа материалаа нэвтрүүлээд байх асуудал л чухал юм аа. Дундын цэгийг халдварын бүс гэж үзэж байгаа, Эрээн тал. Тиймээс үүн дээр үнэлгээ хийгдэх шатандаа явж байна. Энэ үнэлгээн дээр суурилсан дүгнэлтийг бид биелүүлэх ажил мөн явагдана.

-Эрээнээс халдварын эрсдэл өндөр учраас хилээ нээх боломжгүй гэсэн дүгнэлт гарвал яах вэ?

-Эхлээд хил хаагдахаас өмнө Эрээний талд юу гацав гэдгийг хэлж өгье. Хамгийн түрүүнд ачаатай 130 автомашин байна. Ачаагүй 20 автомашин байна. Нийлээд 150 автомашины асуудал. Үүн дээр импортын 192 автомашин бий. Энэ дотор суудлын тэргүүд болон уул уурхайн том тээврийн хэрэгслүүд ч байна. Энэ бүгдийг эхний ээлжид гаргаж дуусгах шаардлагатай. Ингэж байж тэнд зай талбай гарч дараагийн үйл ажиллагаандаа орно. Үүнийг үе шаттайгаар хийж байна. Эрээний талаас бол эрсдэл өндөртэй гэж үзвэл дахиад хилээ хаах магадлал өндөр байгаа. Мөн дүгнэлтээ ч тэр талаасаа гаргах магадлал өндөртэй. Эрээн, Замын-Үүдийн боомт бол манайд стратегийн чухал боомт. Тэр утгаараа энэхүү стратегийн ач холбогдолтой боомтоо хаахыг бид зөвшөөрөхгүй. Эрээний зүгээс хилээ дахиад бүрэн хаана гэсэн асуудлыг одоогоор тавиагүй ч ийм хариу өгвөл бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлнэ. Вирус гараад хаагдсаныг бид ойлгож байна. Цаашид эрсдэл өндөртэй учраас хилээ хаана гэдэг тайлбарыг бид хүлээж авахгүй. Стратегийн боомт байнгын ажиллагаатай байх нь Монголын эрх ашиг. Энэ эрх ашгаа Монгол Улсын Гадаад харилцааны яам хамгаалах ёстой.

-Та энэ сарын 9-нд мэдээлэл хийхдээ маргаашаас хил нээгдэнэ. Авто тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж хэлсэн шүү дээ. Үүнээс дүгнээд иргэд олон нийт хил нээгдэж бид чөлөөтэй ачаа тээврээ явуулаад байх юм байна гэсэн ойлголт авсан. Гэвч иргэдийн хүссэн шиг зүйл болсонгүй л дээ…

-Нэг зүйлийг дахиад тодотгоод хэлье. Цар тахлын үед байгаа тохиолдолд хэзээ ч өмнөх шиг хэвийн амьдрал, чөлөөтэй урсгал явагдана гэж байхгүй. Хятад улс цар тахлын асуудал дээр маш хатуу дэглэмийг баримталж байгаа. Эрээнд ковид гарахад сар гаруй тэг зогсолтыг хийлээ шүү дээ. Ийм хатуу бодлого баримталж байгаа улстай бид аль болох ойлголцож, өөрсдийн талын эрх ашгаа бага багаар тавиад байх нь чухал. Манайх шиг уян хатан чөлөөтэй дэглэм Хятадад үйлчлэхгүй. Бид нар өөрсөд шигээ төсөөлөөд учир дутагдалтай зүйл яриад байж болохгүй.

-Манай улсад халдварын тохиолдол багасаж байна. Нөгөөтэйгүүр дархлаажуулалтын ажил идэвхтэй үр дүнтэй хийгдэж байгаа. Энэ мэт нөхцөл байдлыг Хятадын тал хүлээн авч хил нээх асуудлаа нааштайгаар шийдчих боломж байхгүй юу?

-Энэ асуудал дээр дахиад л ойлголтын зөрүү гарч ирж байгаа юм. Халдварын тохиолдол бага байгаа нь бидэндээ л сайн. Түүнээс биш халдвар байгаа л бол Хятад улсад эрсдэл хэвээрээ л гэсэн үг. Хятад улсын баримталж байгаа бодлого маш хатуу буюу нойл халдварын тоо. Тиймээс нэг ч бай хоёр ч бай халдвар илэрсэн л бол тэг зогсолтыг авч байгаа нь манай хоёр улсын бодлого, дэглэм өөр гэдийг харуулж байгаа юм. Тиймээс миний хувьд дахиж Замын-Үүд, Эрээний боомт дээр халдварын эрсдэл гаргахгүй байх нь чухал байна. Тэр утгаараа яаран автомашин оруулж ирэхийг урьтал болгохгүйгээр тогтвортой бараа эргэлт явуулахыг чухалчилна.

-Ганц Эрээний боомт хаагдлаа гэхэд бид ачаа бараагаа авч чадахгүй, эдийн засаг, нийгмийн амьдрал хүндэрч байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн авч үзэх ёстой юм бэ. Бас нэг хараат бус болгох ойлголт гарч ирээд байна шүү дээ?

-Өмнөх жилүүдэд буюу ковидгүй үед Эрээний хилээр дамжуулаад ачаа бараагаа аваад, худалдаа наймаагаа хийгээд болоод байсан. Харин цар тахлын үед Эрээн хаагдлаа л бол ачаа барааны асуудал хүндрэлтэй байдалд орж байгаа нь үнэн. Энэ цар тахлын үед импортын урсгал ганцхан Эрээн боомтоос хэт хамааралтай болсон, гуравдагч улсаас орж ирж байгаа бараа Тяньжин боомтоос хэт хамааралтай болсон гэдгийг тод харуулж байна. Тиймээс бид энэ сургамж дээрээ үндэслэж цаашид Эрээний ачааллыг тэнцвэржүүлэх буюу бусад боомтууд ачаа таваар, худалдаа наймаа хийдэг ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай. Зөвхөн нэг замаар орж ирэх биш, олон замаар орж ирэх асуудлыг түргэн шийдвэрлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, Эрээний ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд бусад боомтууддаа жигд хуваарилах шаардлага байгааг энэ цар тахлын үед илүү тодоор харуулж байгаа юм.

-Солонгос улсад зодуулсан охины хэрэг нийгэмд шуугиан болж байна. Тухайн Элчин сайд, Консулыг ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж байна. Ер нь гадаад улсад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ. Нөгөөтэйгүүр гадаадад байгаа монгол иргэн зодууллаа, эрх ашиг нь зөрчигдлөө гэхэд тухайн улсын Элчин сайдыг эгүүлэн татаад байх буруу жишиг тогтчихвол яах вэ?

-Нэгдүгээрт, ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаа гэдэг эмзэг асуудал. Энэ бол Солонгост гэлтгүй бусад гадны оронд байдаг нийгмийн хэцүү үзэгдэл. Б.Батцэцэг сайд салбараа толгойлж, бодлогоо барьж байгаа хүний хувьд тухайн улсын Элчин сайд, Консулд нь хариуцлага ярьж байгааг зөв гэж үзэж байна. Сенсаци гарахаар дардаг арга хэмжээ гэж харахаас илүү хариуцлагын тогтолцоо зөв ажиллаж байгаагийн илрэл гэж харах ёстой. Солонгос улсад манай улсын хамгийн олон иргэд буюу 40 мянган иргэн хууль ёсоор болон хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс илүү иргэн рүү хүрч ажиллах Консулын үйлчилгээ, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна.

-Саяхан 110 гаруй орон оролцсон Ардчиллын төлөө цахим чуулганд Монгол Улс албан ёсоор оролцоогүй гэдэг мэдээлэл байна. Энэхүү чуулганд яагаад оролцоогүй юм бэ?

-Энэхүү цахим чуулганд Монгол Улс албан ёсоор оролцсон гэдгийг хариуцлагатай хэлье. АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены санаачилгаар цахимаар зохион байгуулсан дээд түвшний уулзалтад манай улс оролцсон. УИХ-ын дарга Г.Занданшатар болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүд уг уулзалтад оролцож, үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн. 100 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд оролцож, ардчиллын ололт амжилт, тулгарч буй сорилт бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар нохой өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 16, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө Увс нуурын хотгороор ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 28-30 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүнээ байж иргэн болно оо, хөө” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Барилга хот
байгуулалтын сайд
асан З.Баянсэлэнгэ “Хүний итгэл
үнэмшлийг
дүрэм
журмаар
зохицуулж
болохгүй” гэснийг I,V нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

УИХ-ын гишүүн
Ц.Туваан “Эрэгтэй хүн
65 хүрээд дунджаар жил
орчим тэтгэвэр аваад бурханы
орон руу явж байна” хэмээв.

АН-ын гишүүн Д.МөнхЭрдэнийн лайв бичлэгт
орсон иргэдийг цагдаагийн
байгууллага дуудаж
мэдүүлэг авчээ. Тэдгээр
иргэдийн төлөөлөл
Б.Хуланбор “Энэ нийгэмд
үзэл бодлоо
илэрхийлэхэд улам л
хэцүү болж байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хүнээ байж иргэн болно оо, хөө” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Иргэний нийгмийн
үндэсний эвслийн ерөнхий
зохицуулагч Д.Тунгалаг “Нийтийн боловсролтой
байх нь нийгэм, эдийн засаг, соёл,
улс төр гэх мэт олон талын ач тустай” гэв.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Морь хөлсөлж явсан 13 настай унаач
хүү ачааны машинд дайруулсан
хэргийн мөрөөр” тодруулгыг уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ