Categories
мэдээ нийгэм

“Нийтийн тээврийн ачаалал нэмэгдсэн, жолоочийн цалин бага, маршрут төлөвлөлт муу байна” гэв

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм. Өнөөдрийн уулзалтад Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхээр санал солилцлоо.

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Н.Сайхан-Уянга Улаанбаатар хотын агаарын бохирдол болон автомашины түгжрэлийг багасгах зорилгоор нийтийн тээврийн шинэ шийдэл болох дүүжин тээврийг туршилтаар нэг шугамд явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ажлын хүрээнд “Отросол” төсөл буюу Агаарын төмөр зам /Sky Training/-ын талаар товч танилцууллаа. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч “Отросол” төслийн талаар дэлгэрэнгүй судалгаа, нарийвчилсан мэдээллийг хүлээн авсны дараа зөвшилцөнө гэв.

Мөн Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны иргэн Ц.Өлзийтогтох нийслэлийн нийтийн тээврийн ачаалал хэтэрсэн, жолоочийн цалин бага, маршрут төлөвлөлт муу байгаа учир үүнийг шийдвэрлэх шаардлагатай гэлээ. Тэрбээр нийслэлийн тээврийн үйлчилгээнд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх динамик график гаргасан бөгөөд энэ асуудлаар холбогдох албаныхантай санал солилцож, шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн иргэний саналыг хүлээн авч, дэмжин ажиллахыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагад үүрэг болгосон юм.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Цэрэнхорол тус хорооны автобусны буудлын цагаан шугам мэдэгдэхгүй болж, замын тэмдэг, тэмдэглэгээ арилсныг дуулгалаа. Иргэний гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тус байршлуудад шаардлагатай авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг 2022 онд тусгаж, шийдвэрлүүлэхээр болов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Categories
мэдээ нийгэм

Ч.Батзориг: Эхний ээлжинд 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэхээр төлөвлөсөн

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төлөвлөгөөг УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд танилцуулсан юм.

-Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах таван багц, 176 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулсан. Ирэх гурван жилд 1.2 их наяд төгрөгийг түгжрэл бууруулахад зарцуулах бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 75 хувийг гудамж, замын сүлжээг нэмэгдүүлэхэд зарцуулах бол 18 хувийг нийтийн тээврийн системийг хөгжүүлэхэд, таван хувийг тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхэд, Богдхан төмөр замын сүлжээний бүтээн байгуулалтад зарцуулна. Гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 957 тэрбум төгрөг төлөвлөж, 223 км авто зам барьж байгуулах юм. Ирэх 2022 онд долоон байршилд 21.05 км артерийн зам барьж байгуулахаар төлөвлөсөн. 2022-2024 онд нийтдээ 354.8 тэрбум төгрөгөөр зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Энэ бүх бүтээн байгуулалт дуусахад 2024 онд замын түгжрэл 20 орчим хувиар буурсан байх юм.

Зам, гүүр барьж байгуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйл бол газар чөлөөлөлт. Нийтдээ 320 тэрбум гаруй төгрөгийн газар чөлөөлөлт байгаагаас ирэх онд 169 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлт хийгдэнэ. Авто замын 161 уулзвар, гарцыг дахин инженерчлэлд оруулна. Эхний ээлжид 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэх юм. Бас хийх шаардлагатай чухал ажил бол туслах болон холбоос зам, зогсоол, явган болон дугуйн зам, нүхэн гарц, жижиг гүүрийн тохижилт юм. Энэ бүхэнд ирэх онд 40 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нийтийн тээврийн системийг хөгжүүлнэ. 2022 онд 500 автобусны парк шинэчлэл хийнэ. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний 41 км урт шугам тавихаар төлөвлөж байгаа. Үүний 16 км-ыг нь 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлэх, авто зогсоолын менежментийн ажлуудыг төлөвлөсөн хэмээн мэдээллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарын долоон хүнд эрүүгийн хариуцлага тооцох шүүх хурал үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч асан Э.Бат-Үүл нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 15-нд өндөрлөж, шийдвэрээ гаргалаа.

Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өчигдөр шүүгч нар дүгнэлтээ танилцуулав.

Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны 10:00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал эхэлсэн.

Одоогоор шүүх хуралдан завсарлан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

Categories
мэдээ улс-төр

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн зорилт нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, холбогдох этгээдийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Харин Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгө, бусад улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэрийг ашиглах, гүйлгээнд оруулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй юм. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээнээс учирч болох эрсдэл, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахгүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа юм.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийн үеэр асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Мөн уг хуулийн төсөлтэй хамт боловсруулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсад криптовалютын арилжаа хийдэг хэд хэдэн цахим хуудас, нэг АТМ байгаа бөгөөд үүнтэй холбоотой үйлчилгээ нь Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөх, төлбөр тооцооны үйлчилгээнд хамаарахгүй бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг аль нэг байгууллагын хяналт, зохицуулалт дор байдаггүй. Энэ нь зөвхөн санхүүгийн хэрэглэгч өөрийн сонголтын хүрээнд биткойн арилжаа болон цахим хуудсаар дамжуулан криптовалютыг биржийн зарчмаар арилжаалж байна. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа арилжааны зарчим, зах зээлийн зарчим буюу эрэлт нийлүүлэлт, арилжаанд оролцогчийн хариу үйлдэл дээр тулгуурлан явагдаж байгаа юм. Монгол Улсад дээрх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явагдаж, иргэд, хуулийн этгээд оролцож байгаа нь энэ төрлийн эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх шаардлагыг бий болгож байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон улсын нислэгийн хуваарь

МИАТ ТӨХК-ий 2021 оны 12-р сар, 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сарын олон улсын нислэгийн хуваарийг хүргэж байна.

Эргэн сануулахад Монгол Улсын иргэд ОХУ руу агаарын боомтоор шууд зорчих болон тус улстай агаарын хил нь нээлттэй улс орнуудаас зорчих, дамжин өнгөрөх шийдвэр сарын 6-нд албажсан билээ. Үүнтэй холбогдуулан ирэх 2022 оны нэгдүгээр сарын 15-аас эхлэн Бямба гараг бүр Москва хот руу шууд нислэг үйлдэхээр боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Авлигын улмаас учирсан 96.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ

Он гарсаар авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явцад 119.5 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалж, 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээллийг АТГ-аас өгөв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Өдөрт 40 мянган ширхэг шуудайг хаяхгүйгээр эргэлтэд оруулна” гэв

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

“Тавантолгой түлш” компанийн ХМОНХХ-ийн дарга Ц.Чойжилсүрэн ” Бид хуучин хэрэглэж байсан шуудайг татаж авах ажлыг эхлүүлээд байна.Хог хаягдлыг бууруулах менежментийн төслийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний шуудайг дахин ашиглах болсон. Бид 25 кг-ийн шуудайг хэрхэн буцааж татаж авч эргэлтэд оруулах, үйлдвэрийн шугам дамжлагад ямар боломж бололцоо байгаа талаар судалсны үр дүнд уг ажлыг хийж байна. Энэ ажлыг тусгай компаниуд зохион байгуулна. Бидний зүгээс эдгээр бэлтгэн нийлүүлэгч компаниудад шуудайд чанар, стандартын хатуу шаардлага тавьж, үйл ажиллагааг нь ерөнхийд нь хянаж оролцох юм. Гэр хорооллын айл өрх өдөр бүр тодорхой хэмжээний шуудай хаядаг. Тиймээс өдөрт 40.000 ширхэг шуудайг хаяхгүйгээр эргэлтэд оруулж сард 1.2 сая шуудайг дахин савлаж хог хаягдлыг бууруулж, эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах зорилготой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулна

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.

Ялангуяа халдварт цар тахлын хүнд үед улс орны хэрэгцээт ихэнх ачаа барааг төмөр замаар тээвэрлэж байгаа юм.

УБТЗ-ын хамт олон энэ оны 12 дугаар сарын 14-ны байдлаар 30,1 сая тонн ачаа тээвэрлэж 2020 оны түүхэн дээд амжилтаа ахиулах нь тодорхой болжээ.

Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн жил 2312 байсан бол энэ жил он дуусахад 15 хоног дутуу байхад 2376-д хүрч өмнөх жилийнхээ амжилтыг даваад байна. Энэ нь Монгол Улс Ази-Европыг холбосон тээврийн гол коридоруудын нэг болж чадсаныг харуулж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 38 саналыг төсөлд нэг бүрчлэн нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Харин нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн 24 дүгээр зүйлийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бөгөөд хуралдаан даргалагчаас чиглэл өгсний дагуу уг саналыг дахин хураалгахаар саналын томьёолол бэлтгэсэн байна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах саналыг дэмсэн. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна. Уг төсөлд төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа систем, сүлжээ, төрийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын системд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаараар төсөлд тусгажээ. Мөн дээрх сүлжээнүүдэд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулах заалт оруулжээ.

Ажлын багаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ. Ингэснээр дээрх хоёр хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манаач, үйлчлэгч, тогооч нар эсэргүүцлийн жагсаал хийнэ

Төрийн үйлчилгээний шатлалаар цалинждаг ажилчдыг гэрээт ажилтан болгох асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Сургуулийн өмнө боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос өнөөдөр (2021.12.16) мэдээлэл хийлээ.


Төсвийн тухай хуулийг үндэслэн, ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн үйлчилгээний ажилтан болох цэцэрлэгийн үйлчлэгч, манаач, тогоочийг гэрээт ажилтан болгох буюу хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдсан. Үүнийг эсэргүүцэж, арванхоёрдугаар сарын 7-нд Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос гаргасан шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлахыг шаардсан. Тэд энэ удаагийн мэдээллээр Төв талбайд арванхоёрдугаар сарын 21-нд эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдэж, УИХ-д хүргүүлсэн шаардлагын хариугаа авахыг хүсэв.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг албан хаагчдыг гэрээт ажилтан болгохыг улс орон даяар эсэргүүцэж байна. Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш настай, 470-550 мянган төгрөгийн цалинтай. Түүнээс гадна баталгаатай ажлын байр, ажилласан жилээс хамаарч 2 саяас 12 саяын тэтгэвэр авна гэсэн хүлээлттэй ажилладаг.

Ажилчдын эрх ашгийг ҮЭ-ийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр шийдвэр гаргасан нь тэдний амьдралын нөхцөл байдлыг дордуулах нөхцөл үүсэж байна. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлж Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна.” гэлээ.

Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Д.САРАНЦЭЦЭГ “Манай холбооноос өмнө нь Засгийн газар, УИХ, Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлсэнгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ ажлыг үр дүнд хүргэх түр хороо байгуулж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Энэ асуудлаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Хувийн хэвшилд төрийн үйлчилгээний ажлыг шилжүүллээ гэхэд ашгийн төлөө байгууллага учраас хүүхдийн аюулгүй орчинд байлгах үйл ажиллагаа алдагдана. Жишээлбэл, нэг ангийн цэвэрлэгээний зардал 5000 төгрөг гэж бодоход хувийн хэвшил ашгаа бодож, 3000 мянгаар хийх эрсдэл үүснэ. Мөн тогооч нарын хувьд чанартай, тэжээллэг хоол хүнс хийж өгч чадах уу. Төрийн өмчит үйлдвэрийн газар нэртэй дөрвөн байгууллага та бидний хүүхдийн хоолыг цэцэрлэгүүдэд нийлүүлдэг ч нэг ч хүнс үйлдвэрлэдэггүй. Хүүхдийн хоол өдрийн 1650 төгрөг гэж бодоход өнөөдөр 1200 орчим төгрөгөөр хооллож байна. Бид эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал хийхээр холбогдох албаныханд хүргүүлсэн. Бид тэмцлээ улам эрчимжүүлнэ” гэв.