Categories
мэдээ эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 47.3 хувиар нэмэгджээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.3 (47.3 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 (41.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 13.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (49.1 хувь) их наяд төгрөгөөр багассан байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн сард 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 31.4 (3.2 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 100.3 (8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 9 дүгээр сард 236.1 тэрбум, 10 дугаар сард 270.3 тэрбум, 11 дүгээр сард 339.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.8, татварын бус орлого 1.6 нэгж хувиар нэмэгдэж, ирээдүйн өв сангийн орлого 1.2, татварын орлого 5.3 нэгж хувиар багаслаа.

Татварын орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (38 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.3 (68.3 хувь) их наяд, нийгмийн даатгалын орлого 584 (42.9 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 528.2 (25.9 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 169.2 (25.2 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 167.6 (24.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Татварын нийт орлого энэ оны 11 дүгээр сард 939.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 40.2 (4.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нэмэгдсэн өртгийн албан татвар 77.1 (37.9 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 29.4 (50.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Татварын орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.7, нийгмийн даатгалын орлого 0.6 нэгж хувиар нэмэгдэж, харин нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.4, онцгой албан татварынх 1.9, бусад татварынх 1.1, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.9 нэгж хувиар багасав.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (13.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (19.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 336 (14.2 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны 11 дүгээр сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 100.3 (8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд урсгал зардал 51.7 (4.9 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 40.4 (19.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеийнхээс 11.4 нэгж хувиар нэмэгдэж, бараа үйлчилгээний зардлынх 8.9, хүүгийн зардлынх 2.4, татаас 0.1 нэгж хувиар багассан байна.

Хөрөнгийн зардал энэ оны эхний 11 сарын байдлаар 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 336 (14.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад барилга, байгууламжийн зардал 183.4 (12.5 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 86.9 (28.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв. Хөрөнгийн зардалд бусад хөрөнгийн зардлын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 1.9, барилга байгууламжийн зардлынх 1.3 нэгж хувиар нэмэгдэж, харин тоног төхөөрөмжийн зардлынх 2.1, их засварын зардлынх 0.7, стратегийн нөөц хөрөнгийн зардал 0.4 нэгж хувиар багасжээ. Хөрөнгийн зардалд энэ оны 11 дүгээр сард 247.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх сарынхаас 40.4 (19.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Эрдэнэс Оюу толгой амилах сураг

Өчигдөр бага үдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, зарим эрхэм гишүүд гэнэт хэвлэлийн хурал хийж Рио Тинто, Туркойз Хилл ком­паниудын Гүйцэтгэх захирлуудын ирүүлсэн саналыг танилцуулав.
Засаг, Рио Тинто хоёрын хэлэлцээний явцад Оюу толгой төслийн цаашдын хувь тавилан, хоёр талын харилцаа, хамтын ажил­лагааны ойрын болоод хэтийн төлөвт нааштай олон чухал тохиролцоо орж буй тухай тэд ам булаалцалдан ярив. Энэ хоёр тал хэрүүл маргаан, мэтгэлцээн, зарга, дотоод ба гадаадын аудит шалгалт зэрэгт олон сар зарцуулсны эцэст одоо л ширээний ард сууж өгөө, аваагаа нэг шийдэж буй бололтой.
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үгтэй болохоор Оюун-Эрдэнэ гэдийж, Якоб Стаусхолм ч мэхийж нүүр тулан ярьсны үр дүнд учир зүйгээ ололцож байх шиг.
Риогийн Зэсийн группын дарга Б.Болд “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага”-ны тавиланг туулж буй эрхэм. Монголын ир­гэний паспорттой, Риогийн удирдах албаны нэрийн хуудас хармаалсан энэ залуу “агаарт татсан утсан дээр алхаж яваа”-тай дүйцэхүйц хэцүү алба гүйцэтгэн гүрийж буй нэгэн. Тэрбээр УИХ, Засгийн газ­рын шаардлага, дур хүслийг хангах, бас Риогийн дээд удирдлагын зорилго, даал­гаварт нийцүүлэх гэж тамаа цайж яваа нь мэдээж. Нямбаатар сайд бээр айлын талаас ирсэн албан тоотыг танилцуулдаг, цэргүүд нь сайдаа дагаж телевиз, интернэтээр л гэр хийдэг гэмээр харагдах. Хэлэлцээ хийх орчин цагийн монгол арга юм болов уу даа.
Юутай ч гэсэн одоо хоёр талын хувьд нохойн дуу ойртсон бололтой.
Эрдэнэс Оюу Толгойн өрийн 70 хувийг тэглэх Риогийн санал гологдсон. Тээр жил Путин ах Мон­голын их өрийн 98 хувийг цуцалсан жишиг буй учраас 70 гэдэг багадна. Хойд ах нараа­саа сурсан юмаа март­вал нүгэл болно. Гэхдээ “Монгол­росцветмет” хэмээх хамтарсан компанийг бараг 200 сая ам.доллароор худалдаж авсан шүү дээ, одоогийн ханшаар бараг 1 тэрбумд дөхөх биз. Энэ нь уг компанид Монголын талаас оруулах ёстой байсан хөрөнгийг Зөвлөлт ах нар зээлээр “даасан” орос капитал байж. Тэгээд их өр цайруулсны дараа энэ зээлээ хүүтэй юутай нь нэхэж авсан түүх. Их өр чингэж шийдэгдэхдээ Монголын гуравдагч хөршийн бодлогыг араа шүдэн­дээ чанга зуусан нь өөр түүх. Үүнийг орхиж Эрдэнэс Оюу толгой руу харъя.
Өрийн далан хувийн цайруулалт нь хангалттай бус учраас 100 хувь руу зүтгүүлэх нь буруу биш, хэлэл­цээ юм чинь. Өгөө, аваатай хорвоо гэдэг. Хоёр бөхтэй тэмээ авахын тулд “гурван бөхтэй тэмээ” төлөвлөдөг зуршил социа­лизмын үеийн улсын төс­вийг зохиодог шилдэг аргын нэг байж билээ. Наймаанд ч илүү дуудаж байж санасан үнээрээ зардаг.
Эрдэнэс Оюу толгой болон Рио Тинтогийн нүгэл, буяны дансыг түүх бүртгэж дүгнэх нь цаг хугацааны хэрэг.
Тэнгэр арван хуруу тэгш бодгаль бүтээгээгүй болохоор хоёр талын аль алинд гээ ч бий, гоо ч бий. Үүнийг тэгшлэх үүднээс Эрдэнэс Оюу толгойн өрийг Рио өөрөө 100 хувь залгих аж. Чингэвэл Эрдэнэ Оюу толгой нь нэг хоногийн дотор нэг тэр­бум ам.долларын үнэлгээ­тэй компани болж хувирна. Өөрөөр хэлбэл, одоогийн улаан данс нь хаагдаж уг компани амилж хөл дээр тэнцэж босно гэсэн үг. Учир нь зээлээр авч байсан мө­нөөх 34 хувиа нэг ч төгрөг зарахгүйгээр өвөртөлж өмчлөх нь.
Ингэж амилчихаад олиг­той­хон байвал Монголын хөрөнгийн бирж, цаашилбал Нью-Йоркийн бирж дээр ч гарч компанийнхаа үнэ цэнийг зузааруулж болох ирээдүй нээгдэнэ.
Ийм олзны тухай мөрөө­дөх боломж бүрдэх биз.
Манай Ерөнхий сайдын цуцалтгүй зүтгүүлсэн са­наа­ны ард Эрдэнэс Оюу тол­гойг амилуулахын тулд 2.3 тэрбумын өрийг айлд үүрүүлэх, 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани үнэ өртөггүй шил­жүүлж эзэмших, мөн нөгөө үүсэх таамаглалтай гэж шуугиулсан 22 тэрбумын өр гэгч муу ёрыг устгах, улмаар ногдол ашиг хүртэх өдрийг тулхтай ойртуулах зэрэг мэргэн нүүдэл байжээ гэж бодогдох. Тунгалаг тамирын баян Итгэлтийн хойд дүр гэвэл онож мэднэ. Монгол ухааны ийм тусгал хүчтэй байх болтугай.
Харин эдгээр нүүдлийн учир начрыг монгол сэтгэл­зүй, эх хэлээрээ шууд ойлгох Б.Болд бээр засагтай явуулж буй хэлэлцээний айлын талыг удирдаж байгаа нь азтай хэрэг. Гэхдээ Риогийн дээд удирдлага, хувьцаа эзэмшигчдэд манай Засгийн нүүдлийг ойлгуулах, зөв­шөө­рүүлэх гэдэг нь нэн их лайтай бөгөөд тамтай ажил дөө. Гэхдээ тэрбээр арвин мэдлэг, туршлагатай хүмүүн. Б.Болдод тэнгэр туслах болтугай.
Дээрх хэвлэлийн хур­лын маргааш нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны үнэ Нью-Йорк, Торонтод 14 хувиар өсчээ. Энэ нь Оюу толгой төсөл, Монгол Улс дэлхийд таалаг­даж буйн тодоос тод илрэл гэсэн мэдээ энд тэнд гарч байна.
Ямар боловч энэ удаа Эрдэнэс Оюу толгой, Рио Тинто хоёр хэл амаа олол­цож, өгөө аваагаа тохирч Ханбогд хайрхны бэл дэх Оюу толгой уурхай ашиг­лал­тад орох зам нь нээгдэх шинж төлөв нь тодров. Ийм төлөв Монголын минь нэр алдрыг дэлхийд сайнаар цуу­рай­­туулав. Харин энэ мэдээ мөнхийн хоёр хөршийн маань чихэнд ямархуу сонстсон бол?.
Оюу толгой төсөл нь жи­рийн нэгэн уурхайн бү­тээн байгуулалт мөртөө улс төрийн бөмбөг болж, геополитикийн хавханд зуул­­­­гасан хатуу тавилантай учраад хувь заяа нь ээдэрсэн гэж бодогддог. Тийм учраас оролцогч талууд хохирсон гашуун түүхтэй. Одоо бүгд хожих цаг ирж буй болол­той. Цаашдаа уурхай шиг уурхай болж, улс төрөөс ангид, дотоод ба гадаадын жишигт нийцсэн бизнесийн засаглал, ёс жаягаар явж урт наслахыг ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Халамжийн нөхөн олголтыг энэ сарын 22-ноос олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 13-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Гэвч 54 мянган иргэний шилжүүлэг түр саатжээ.

Учир нь Монголбанк системийн шинэчлэл хийж, бүртгэлүүдээ нэгдсэн стандартад оруулж байгаатай холбоотой аж. Иймд дээрх 54 мянган иргэний шилжүүлгийг арванхоёрдугаар сарын 22-нд хийнэ гэж Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

А.Ариунзаяа: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нөхөн олголт энэ сарын  22-нд хийгдэнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноожээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргажээ.

Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон байна.

Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзжээ.

Шүүх хуралдаан дуусаж Хотын дарга асан Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноов.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, зарим хууль тогтоомжийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар шилжүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 55.3 хувь нь хүрэлцэн ирснээр эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар бичгээр ирүүлсэн хүсэлтээ танилцуулж байр сууриа илэрхийлсэн юм.

Нэгдсэн хуралдааны эхэнд дэгийн хуульд заасны дагуу хууль эцэслэн батлах санал хураалт явуулж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь буюу нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нийт гишүүний олонх буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 95.5 хувиийн саналаар эцэслэн баталлаа.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

No description available.

Байнгын хороо хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй зарим засвар хийжээ. Мөн хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан санал хурааж шийдвэрлэхээр зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш буюу 93.3 хувь нь дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй учраас хуулийн төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг өөрчлөхөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Ингээд хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Иймээс тогтоолын төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.

Дараа нь Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулсан юм.

No description available.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 14-ний өдрийн хамтарсан хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийн анхны хэлэлцүүлгийн үед олонхын дэмжлэг авч чадаагүй зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын шинжтэй засвар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төсөл, танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг гишүүдэд тараасан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасны дагуу Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан төслийн 25 дугаар зүйлийг хасах зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Хуульд нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжив

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэг (Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг)-ийг бүхэлд нь өөрчлөн найруулах санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах шаардлагатай болсон байна. Иймээс Аюулгүй байдал, гадаад бодлого, Инновац, цахим бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

No description available.

Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 6.2 дахь заалт буюу төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол, мөн 26.2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээ; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ, техник хэрэгслийг бэлтгэсэн, борлуулсан, программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бөгөөд дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэнийг өөрсдөө илрүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг тагнуулын байгууллага явуулахаар зохицуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж тодруулсан бөгөөд Байнгын хороооны хамтарсан хуралдаанаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар шилжүүлэв.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 14-ний өдрийн хамтарсан хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд бүрэн тусгаж, эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэснийг тухайн виртуал хөрөнгөд өгч байгаа баталгаа гэж үзэхгүй бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны үр дүнд үүссэн хохирлыг төр хариуцахгүй байх зэрэг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасныг Байнгын хороодын танилцуулгад дурджээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэлийг хангуулахаар шилжүүлэв.

No description available.

Үргэлжлүүлэн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулж Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Байнгын хороод хууль тогтооижийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжжээ. Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн олонх нь төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжиж, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ.

Дараа нь Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн санал нэг бүрийг төсөлд нэмж тусган хуулийн төслийн агуулгыг хөндөхгүйгээр найруулга болон техникийн шинжтэй зарим засварыг хийжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Дараас нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-үүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

No description available.

Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы мөн сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлжээ.

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 24 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Л.Мөнхбаатар, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 10, 14-ны өдрүүдэд хуралдаж, гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёолол бэлтгэснийг Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа санал хурааж шийдвэрлэсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, П.Анужин нарын асуултад Байнгын хорооны дарга болон ажлын хэсгинй гишүүд хариулт өгсөн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх гурван жилд түгжрэл бууруулахад 1.2 их наяд төгрөг зарцуулна

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өчигдөр (2021.12.15) Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах төлөвлөгөөг УИХ дахь Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд танилцуулжээ. Энэ үеэр тэрбээр ирэх онд 500 автобусыг шинэчилнэ гэж хэлэв.

Тэрээр “Ирэх гурван жилд түгжрэл бууруулахад 1.2 их наяд төгрөг зарцуулна. 2022 онд долоон байршилд 21.05 км артерийн зам барьж байгуулахаар төлөвлөсөн.

Зам, гүүр барьж байгуулах ажилд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг зүйл бол газар чөлөөлөлт. Нийтдээ 320 тэрбум гаруй төгрөгийн газар чөлөөлөлт байгаагаас ирэх онд 169 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлт хийгдэнэ. Авто замын 161 уулзвар, гарцыг дахин инженерчлэлд оруулна. Эхний ээлжид 30 уулзвар, гарцыг дахин инженерчлэх юм.

Бас хийх шаардлагатай чухал ажил бол туслах болон холбоос зам, зогсоол, явган болон дугуйн зам, нүхэн гарц, жижиг гүүрийн тохижилт юм. Энэ бүхэнд ирэх онд 40 тэрбум төгрөг төлөвлөсөн. Нийтийн тээврийн системийг хөгжүүлнэ. 2022 онд 500 автобусны парк шинэчлэл хийнэ.

Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний 41 км урт шугам тавихаар төлөвлөж байна. Үүний 16 км-ыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөсөн. Тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх, авто зогсоолын менежментийн ажлуудыг төлөвлөсөн” гэв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Даваасүрэн: Улс төрийн том хэргүүдийг цэгцлэхгүй бол захиалгат гэмт хэргүүд олширно

УИХ-ын чуулганы үдээш хойшхи хуралдаан үргэлжилж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Улс төрийн албан тушаалтантай холбоотой том хэргийг илрүүлж чадахгүй байна. С.Зориг, Г.Батхүү агсны хэрэгт ямар ч эзэн байхгүй. Ийм асуудлыг Америкт библийг нь уншуулдаг гэдэг шиг дуудаж ирүүлээд тангараг өргүүлэн сонсдог байх хэрэгтэй. Хэрвээ цэгцлэхгүй бол улс төрийн захиалгат гэмт хэргүүд олширно.

Тиймээс хуульд байсан мөрдөн шалгах гэдэг заалт хэр суларсан бэ? УИХ-аас Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцож байгааг сайд нар айгаад ажиллаж чадахгүй байна гэсээр болиулсан. Гэтэл сүүлийн хоёр Засгийн газар гялалзсан уу? Өмнөх Засгийн газруудаас өөрөөр ажиллаж чадсан уу? Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл ажилдаа эзэн болж чадахгүй байна. Тодорхой зүйлээр асуувал бичгээр хариулъя гээд гараад явчих юм. УИХ-ын нэр хүнд шалдаа буусан. УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд хяналтаа гүйцэд тавьдаг болмоор байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Мөрдөн гэдгийг тусгай шалгалт гэдэг агуулга руу нь оруулсан. Таны хэлдэг үнэн. Гэхдээ агуулга нь бол өөрчлөгдөөгүй. Цөөнх олонхын хувьд зохицуулалт өөрчлөгдсөн. Бусад улсад байдаг парламентын мөрдөн шалгалтын арга хэрэгсэл манай оронд байдаггүй. Одоо л нэг хяналт шалгалтын механизмтай болж байна. Илэрдэггүй хэргүүдийг олон улсад парламентын мөрдөн шалгалтын хүрээнд илрүүлдэг.

Хууль тогтоомжийг хэрхэн биелэгдэж байгааг хянадаг ерөнхий хяналтын сонсгол явуулахаар болж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт болно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээн, репо санхүүжилтийн хүүг 6.5 хувь болгов

Монголбанкнаас мөнгөний бодлогын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

  1. Мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах
  2. Урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах
  3. Репо санхүүжилтийн бодлогын хүүг 6.5 нэгж хувиар нэмж тогтоох
  4. Гадаад валютын татан төвлөрүүлсэн хувийг тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэв.

Categories
мэдээ спорт

МУГТ М.Анхцэцэг өнөөдөр “Ташкент-2021” ДАШТ-ий дэвжээнд гарна

Узбекистаны нийслэл Ташкент хотноо хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах 86 дахь удаагийн тэмцээн явагдаж буй. Уг нь Перу улсад зохиогдох хуваарьтай байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж Узбекистанд болж буй энэ удаагийн ДАШТ-д 74 орны 432 туйванч 20 цогц медалийн төлөө хүч үзэж байгаа.

Дэлхийн шилдэг багууд болох БНХАУ, БНАСАУ баг тамирчдаа оролцуулахгүй гэж шийдсэн, мөн “Токио-2020” олимпийн аварга 10, дэлхийн аварга 15 тамирчин Ташкентад ирээгүй тул олон шинэ аварга, медальтнууд төрөх боломжтой болсон юм.
Манай Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг ДАШТ-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор дөрвөн тамирчинтай оролцохоор бэлтгэж байсан боловч 71 кг -ийн жинд өрсөлдөх байсан Г.Ануужин, 81 кг-ийн жинд өрсөлдөх байсан Э.Билэгсайхан нар гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өнжих болсон нь харамсалтай.
Ташкентийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд ОХУ-ын Е.Гусева огцом өргөлтөөр 104 кг өргөөд алтан медаль авч байна лээ. Г.Ануужин тэмцээний өмнөх бэлтгэл дээр 105 кг өргөж байсан гэхээр бас л…
Ингээд манай хоёр туйванч охин Узбекистаныг зорьсон.
59 кг-ийн жинд Энхбаатарын Энхтамир(21 настай) “С” хэсэгт багтан ,огцомоор 82 кг, түлхэлттэй өргөлтөөр 96 кг өргөж, нийлбэр дүнгээр 178 кг-ийн амжилтаар жиндээ 27 тамирчнаас ү 20 дугаар байрт бичигдсэн.
87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт( огцом өргөлтөөр), Мөнхжанцангийн Анхцэцэг өнөөдөр ( 2021.12.16-нд) дэвжээнд гарч, “А” хэсгийг манлайлан өргөлтөө хийнэ. Энэ хэсэгт 11 тамирчин байгаа бөгөөд Анхаа захиалгаа 255 кг -аар өгсөн нь хамгийн өндөр нь. Түүнтэй адил захиалга өгсөн ганцхан тамирчин нь ОХУ-ын Дарья Ахмерова хэмээх ” битүү морь”. Томоохон тэмцээнд орж байгаагүй, энэ жил 21 нас хүрсэн тамирчин байна. Нэг үгээр манай Анхаагийн гол өрсөлдөгч гэхэд болно. Анхаагийн жинд “Токио-2020” олимпийн медальтнуудаас хэн нь ч ирээгүй. Тэгэхээр манай Анхаад маш том боломж байна.
2017, 2019 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ Анхаа огцом өргөлтөөр авч байсан. Тэгвэл энэ удаа нийлбэр дүнгээр ч “том” медаль зүүх, бүүр дэлхийн аварга болох магадлал маш өндөр гэж болно.
“Ташкент-2021” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ийн жингийн “А” буюу М.Анхцэцэгийн хэсгийн өргөлт Ташкентийн цагаар 12 сарын 16-ны оройны 19:00 цагаас ( Улаанбаатарын цагаар өнөө оройны 22:00 цагаас) эхэлнэ.