Categories
мэдээ нийгэм

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд товлогджээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны арванхоёрдугаар 20-ны өдөр товлогджээ.

Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай болон Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Мөн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт, “Иргэдийн оролцооны нэгдэл нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт, нэр бүхий иргэнд холбогдох шинэ нөхцөл байдал тогтоолгох тухай прокурорын дүгнэлттэй хэргийн харьяаллыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

П.Батбаатар: Орхонтуул сумын ЕБС-ийн сурагчид сумдаас анх удаа Япон улсын Янагигаура ахлах сургуульд суралцах боломжтой боллоо

Сэлэнгэ аймгийн Орхонтууул сумын Засаг Дарга П.Батбаатартай ярилцлаа.


Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу. Танай нутгаар өвөлжөө тарган байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Энэ жилийн хувьд өнөтэй сайхан өвөл болж байна.Өвөлийн эхэн

болон дунд сарууд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дулаахан сайханбайна. Өнгөрөгч зун хур бороо элбэг, намар дулаахан байсан учраас өвлийн сарууд цаг агаарын хувьд тааламжтай байна. Цаашид ч дулаахан, цас багатай байх цаг агаарын урьдчилсан мэдээ бий.

Орхонтуул сум хичнээн мянган иргэнтэй вэ. Тэр дундаа мал аж ахуй эрхэлдэг өрх хэд байна?

-Манай сум 1100 орчим өрхтэй, 4000 орчим хүн амтай. Сумын төв болон тосгоноос бүрддэгээрээ онцлогтой. Аймгийн хэмжээнд хамгийн олон малтай сум, жилийн дөрвөн улирлын турш мал малладаг 487 орчим өрх, мал бүхий иргэдтэйгээ нийлбэл 700 орчим өрхтэй. Манай сум газар тариалан болон мал аж ахуй хосолсон сум.

Сүүлийн үед боловсролын тэгш хүртээмжийн талаар нэлээд ярьж байна. Танай суманд хичнээн хүүхэд суралцдаг вэ. Чанартай боловсрол эзэмшүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна?

Сум, аймаг, улсын хөгжил гэдэг тухайн улс, үндэстний ирээдүй болсон хүүхэд багачуудын суурь боловсрол, хүмүүжил,эх орноо хайрлах суурь хүмүүжлийг хэр чанартай, хүртээмжтэй олгосноор хэмжигддэг гэж би боддог. Монгол Улсын Засгийн газраас ч боловсролын тэгш хүртээмж, чанарын асуудалд сүүлийн жилүүдэд дорвитой анхаарч ажиллаж байна. Тийм ч учраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа – 2050” бодлогын баримт бичигт хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлэх чухал зорилтыг дэвшүүлсэн. Манай төр, Засгийн бодлогод шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйлс болгон хэвшүүлэх, боловсролын үйлчилгээг өсвөрийн, залуу үеийнхэнд адил хүртээмжтэй хүргэх талаар онцгойлон тодорхойлсон байдаг. Хэдийгээр манай сум нийслэл Улаанбаатар хотоос бага зэрэг алслагдсан боловч боловсрол эзэмших тэгш байдал нь адил гараанаас эхэлж нийтлэг стандарт, агуулгын дагуу боловсрол эзэмших болон хүүхэд бүрд өөрийн авьяас чадвар, хүсэл зорилгоо биелүүлэх боломж олгодог боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр сумын удирдлагууд болон, сургуулийн захирлууд анхаарч ажиллаж байна. Манай сумын Ерөнхий боловсролын 1,2 дугаар сургуульд нийтдээ 630 орчим хүүхэд одоогоор суралцаж байна. Миний бие Япон улсын Ойта аймгийн Үса ши хотын Ёшимочи Гакуэн Янагигаура ахлах сургуультай хамтарч сумдынхаа хэмжээнд анх удаа сурагч солилцоо хөтөлбөрийг эхлүүлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Орхонтуул сумынхаа нэгдүгээр 12 жилийн хүүхдүүдийг сурагч солилцоо хөтөлбөрт хамруулах бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр сумынхаа хоёр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулах боломж бүрдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашлаад сурагч солилцоо хөтөлбөр “Оюутан солилцоо”, “Багш солилцоо”, “Нийгмийн ажилтан солилцоо” хөтөлбөрийн хүрээнд өргөжиж,хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан.

Сурагч солилцоо хөтөлбөрт хэдээс хэддүгээр ангийн хүүхдүүд, хэдэн жилийн хугацаанд хамрагдах боломжтой вэ?

– Сурагч солилцоо хөтөлбөрт ахлах ангийн хүүхдүүд хамрагдах боломжтой. Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд гурван жилийн хугацаанд Япон улсын ахлах сургуульд суралцах боломжтой. Сурагч солилцоо хөтөлбөрийн хугацаа дуусмагц эх орондоо эргэн ирж их, дээд сургуульд элсэн суралцах боломжтойгоос гадна, японд сурч байх хугацаандаа Япон хэлийг сайн эзэмших юм бол үргэлжлүүлэн тус улсын их, дээд сургуульд сурч, мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой нь манай хөтөлбөрийн бас нэг давуу тал. Хүүхдүүд суралцах хугацаандаа урлаг,сурлага, спортдоо сайн байх юм бол тодорхой хэмжээний тэтгэлэг авах боломжтой. Ингэснээр ирээдүйн Монгол Улсын боловсролтой, мэдлэгтэй боловсон хүчнүүд Япон улсад бэлтгэгдэн ирэх боломжтой боллоо.

Орхонтуул сумын ахлан ангийн сурагчдад болоод Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг багш, нийгмийн ажилчдад маш том боломж нээгдэж байгаа юм байна шүү дээ?

Манай сумын ахлах сургуулийн сурагчид, ЕБС-ийн багш нар, нийгмийн ажилтнуудад анх удаагаа Япон улсын ахлах сургуулийн хамт олны мэдлэг, туршлага, заах арга барил, суралцах арга барил, хэл соёлоос нь суралцах боломж олдож байгаад маш их талархаж байна. Монгол Улсын 330 сумаас анх удаа Япон улсын ахлах сургуультай хамтын ажиллагаа эхлүүлсэн сум болсон. “Япон лугаа хөгжье” хэмээх хэлэлцүүлэх төрийн ордонд зохион байгуулагдсан. Энэ үеэр бидэнд үлгэр дуурайл болж буй Япон Улсын боловсролын тогтолцоо, боловсролын реформ, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт, хүүхэд багачуудад ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролыг хэрхэн олгодог талаарх туршлагатай танилцахын чухлыг онцолсон. Гэтэл манай сумын хүүхдүүд, оюутан залуус, багш нар, нийгмийн ажилтнууд Япон улсын туршлага, мэдлэгийн талаар хэн нэгнээс сонсох биш өөрсдийн биеэр очиж туршлага мэдлэг солилцож, санаа авч, хэрэгжүүлэх боломжтой болж байгаа нь бидний яриад байгаа боловсролын шинэчлэлд чухал ахиц өөрчлөлт гарах эхлэл болно гэдэгт итгэж байна. Үнэндээ хөдөө орон нутаг, тэр дундаа суманд ажиллах багш нар дутагдалтай байна. Тэр тусмаа дуу хөгжим, дүрслэх урлагийн мэргэжлийн багш Монгол Улсын 330 сумын хэмжээнд дутагдалтай байгаа. Цаашид манай сумынхан ЕБС-ийн сурагч болоод багш нар Японы өндөр хөгжилтэй хотын ахлах сургуультай “Оюутан солилцоо, Багш солилцоо” хөтөлбөр хэрэгжүүлснээр манай сумын сургуульд ажиллах сонирхолтой боловсон хүчний тоо дагаад нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Үүнийг дагаад Орхонтуул сумын ЕБС-ийн сургалтын чанар, багш нарын амжилт, мэдлэг ур чадвар тэр хэмжээгээр өсөн нэмэгдэнэ.

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд ямар шалгуур тавих вэ. Замын зардлаас авахуулаад тодорхой хэмжээний зардал гарах вэ. Төлбөрийн тухайд хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдэд шалгуур үзүүлэлтийн тухайд мэдээж сурлагын голч дүн, суурь хүмүүжил, нийгмийн идэвх, манлайлал,урлаг спорт мөн япон хэлний зохих мэдлэг гэх мэт олон шалгуур үзүүлэлт тавигдна. Таны хэлж байгаачлан Япон улсад сурагч солилцоо хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдээс тодорхой хэмжээний зардал гарахаар байгаа. Гэсэн хэдий ч бид аль болох уян хатан байдлаар, харилцан 50,50 хувиар төлбөр төлөх байдлаар ярилцсан.

Та бүхэн хамтын ажиллагааныхаа цаашдын цар хүрээг хэрхэн дүгнэж байна вэ?

-Япон улсын Янагигаура ахлах сургуулийн хамт олон Орхонтуул сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилийн сургуульд бөхийн дэвжээ бэлэглэхээ хамтын ажиллагаанд гарын үсэг зурах үеэр илэрхийлсэнд талархаж байгаагаа ярилцлагынхаа үеэр илэрхийлэхийг хүсч байна. Цаашид бид бүх талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж, ойлголцлын түвшинд хүрсэн. Цар тахлын нөхцөл байдал намжиж гадаадын улс орнууд хилээ нээж нислэг хэвийн үйлдэгдээд эхэлбэл Япон улсын Ойта аймгийн Үса ши хоттой Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаа ах дүү хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа. Манай сум эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг учраас орон нутагтаа үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг Япон улсын Үса хотод экспортод гаргах цаашлаад, тус улсын газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлагаас газар дээр нь очиж танилцах, эх орондоо нутагшуулах, харилцан туршлага солилцох зэрэг олон боломж бидний өмнө нээгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Худалдан авалт, хөрөнгө оруулалтын сургалтад нийслэлийн албан хаагчдыг хамруулав

НЗДТГ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын худалдан авалт болон хөрөнгө оруулалтын ажил хариуцсан албан хаагчдыг “Хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт уулзалт, сургалтад хамруулж байна. Тус уулзалт, сургалтыг Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, НЗДТГ, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамтран зохион байгуулж буй юм.

Уг сургалт нь төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнд хяналт, шинжилгээ хийх, худалдан авалт, хөрөнгө оруулалтын цахим системүүдийг хөгжүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой.

НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “2022 оноос эхлэн Улаанбаатар хотод төсөв, санхүүгийн хувьд шинэчлэл хийж байгаа. Нийслэлийн удирдлагуудын зүгээс хотод хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг холбогдох хууль, журмын дагуу иргэдэд тогтмол, нээлттэй мэдээлэх, худалдан авах ажиллагааг цахим системийн тусламжтайгаар зохион байгуулахад анхаарах үүрэг өгсөн. Өнөөдрийн уулзалт, сургалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, open.ulaanbaatar.mn, tender.gov.mn зэрэг системийг хэрхэн хөтлөх вэ, төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг хэрхэн төлөвлөж, зохион байгуулах вэ, түүний үр дүн гүйцэтгэлд иргэд, олон нийтийн оролцоог хэрхэн хангах вэ гэх мэт цогц мэдээллийг олгоно. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгө оруулалтын ажлыг цаг алдалгүй явуулан, тендер сонгон шалгаруулалтыг зарлана. Дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүх ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан, бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн байхын тулд өнөөдрийн уулзалт, сургалт чухал үүрэгтэй” гэв.

Албан хаагчдад “Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт”, “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд анхаарах асуудал” болон “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем ба худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам” сэдвээр илтгэл тавив.

“Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавьсан Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Нийслэлд газартай холбоотой асуудал их гардаг. Газрын бэлтгэл ажлыг хангах, чөлөөлөх ажлыг өвлийн улиралд яаралтай хийх шаардлагатай. Мөн тендер шалгаруулалтыг зохион байгуулахдаа хугацааг нь зөв тооцоолох, хуулийн хугацаандаа багтаах, худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг хуульд нийцүүлэн ил тод мэдээлэх ёстой. Тендерт оролцогчдоос шаардах материалыг цөөлөх, төрд байгаа мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийдэг болох хэрэгтэй байна” хэмээсэн юм.

Categories
мэдээ спорт

Т.Мягмаржавыг “Алтан од” одонгоор шагнав

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын таван удаагийн оролцогч, буудлагын спортод олон зуун шавь бэлтгэн гаргасан Т.Мягмаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.

Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.

Т.Мягмаржав 1964, 1968, 1972, 1976, 1980 оны олимпод тамирчнаар оролцсон бөгөөд дасгалжуулагчийн албанд шилжсэнээс хойш гавьяат тамирчин, дасгалжуулагч, спортын зэрэг цолтой мянга гаруй тамирчин бэлтгэн гаргажээ.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Өнөөдөр их баярт үйл явдал тохиож байна. Буудлагын спортын үнэт зүйлсийг хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд маш их хүчин зүтгэл гаргасан Т.Мягмаржав танд МҮОХ-ны дээд шагналаа гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Таны спорт, олимпизмын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлээд баршгүй юм” гэв.

Харин Т.Мягмаржав гавьяат шагналаа гардан авсны дараа “Би 1962 оноос буудаж эхэлсэн гэхээр буудлагын спорттой холбогдоод бараг 60 жил болжээ. Энэ спортод хүүхэд залуусыг татан оруулж, залуу үеэ бэлдэхийн тулд нэлээн олон аймагт буудлагын тир байгуулж байлаа. Залуучуудын УАШТ-ийг 1975 онд анх зохион байгуулсан. Тэр үеэс хойш өнөөг хүртэл уламжлал болон зохиогдож байна. Харин одоо буудлагаар хичээллэх хүний тоо маш их болж, спорт маань хөгжиж байгааг хараад баярлаж явдаг юм. МҮОХ-ноос ийм сайхан нэр хүндтэй шагналаа гардуулж өгсөнд баяртай байна. Миний хувьд цаашдаа ч залуучуудтай мөр зэрэгцэн буудлагын спортоо хөгжүүлэхийн төлөө зүтгэх болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний шуудайг дараахь 10 ААН-ээр дамжуулан худалдаж авна

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны шуудайг дахин ашиглана. Ингэхдээ хангамжийн баазаар ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч 10 аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан иргэдээс худалдан авах юм.

Нийслэлийн хэмжээнд одоогоор долоон байршилд 11 аж ахуй нэгж байгууллага сайжруулсан шахмал түлш савладаг. Дээрх байгууллагууд иргэнээс түлшний шуудай 300 хүртэлх төгрөгөөр худалдан авах бөгөөд уутны чанараас шалтгаалан үнэ харилцан адилгүй байна.

Иргэдээс авсан шуудайд дахин ашигласныг илтгэх тусгай тэмдэглэл хийх бөгөөд шуудайг нэг л удаа эргүүлэн авч, дахин ашиглана. Иргэд түлшний шуудайгаа буцаан өгөхдөө шуудайн амны оёдлыг хөвөрдөж задалсан, урж, цоолоогүй байх хэрэгтэй.

Байгууллагын нэр, утасны дугаар, захирлын нэр:

  • Алдар ямаат уул ХХК 80080896 Н.Отгонцэцэг
  • Мандах жагар мөнх ХХК 90300353 В. Сүрэнхорлоо
  • Мөнх шинэс ХХК 99267866 М. Батсанал
  • Дэвжих наран билэг ХХК 86161686 О. Зоригтсүх
  • Тепо Хөгжил ХХК 88257885 Н. Төмөрбаатар
  • Тэргэл Тэнгэр ХХК 88094206 Г. Батбаяр
  • Болд Лийдерс ХХК 88970578, 89159352 Г. Уламбаяр
  • Арвижих сувдан тулга ХХК 99858990 Т. Энхтайван
  • Өрхийн хүү хөгжил ХХК 99074364 Н. Бурмаа
  • Булган соёмбо ХХК 94943398 Л. Баярсайхан

Эх сурвалж: “Таван толгой түлш” ХХК

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Түвшинбаяр, О.Пүрэвдулам нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ

“Positive Mongolians” төслийн санаачлагч, “Гэм Зэм” жүжигт Разумихины дүрийг бүтээсэн Д.Түвшинбаяр, загвар өмсөгч О.Пүрэвдулам нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ.

“Д.Түвшинбаярыг өмнө нь хоёр удаа Соёлын тэргүүний ажилтанд тодорхойлж байсан ч тэрээр өөрийгөө голж, шагналаас татгалзаж байсан ба энэ удаад талархалтайгаар хүлээн авлаа. 36 насандаа хийж бүтээснээ үнэлүүлсэнд гэр бүлийнх нь зүгээс маш их бахархаж байна” хэмээн түүний гэргий Э.Дөлгөөн цахим хуудаснаа нийтэлжээ.

Categories
гадаад мэдээ

Унгарт 5-11 насны хүүхдүүдийг ковидын эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Унгар улс 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлжээ. Энэ нь Европын холбооны улс орнууд “Омикрон” хувилбарын тархалт хурдацтай байгаа үед цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа кампанит ажлуудын нэг хэсэг болж байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын биотехнологийн “Пфайзер” компанийн гарган авсан коронавирусийн эсрэг вакцины бага тунгийн зөвшөөрлийг Европын холбооны орнуудад олгосон. Үүний үр дүнд тус бүс нутагт 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил эхлээд байгаа юм.

Унгар улсын Засгийн газрын албан ёсны сайтад тус улсад 5-11 насны 69.000 хүүхэд вакцинжуулалтад хамрагдах төлөвтэй байна гэж мэдээлсэн байна. 5-11 насны хүүхдүүдийн вакцин хоорондын зай 21 хоног байна.

Мөн Европын холбооны орнууд бага насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахыг албадан шаардахгүй. Харин сайн дурын үндсэн дээр эцэг, эхийн зөвшөөрлөөр хийх юм байна.

Европын холбооны орнуудад 5-11 насны вакцинд хамрагдах 27 сая орчим хүүхэд байгаа тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Хүүхдүүд коронавирусээр хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдол байхгүй ч хүндрэх эрсдэлтэй бусад хүмүүст санамсаргүй байдлаар халдвар тараадаг байна.

Испани, Герман зэрэг орнуудад коронавирусний тохиолдлын дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байжээ. Вакцинжуулалтын кампанит ажил нь Грек, Итали зэрэг Европын холбооны бусад улс оронд үргэлжилж байна. Мөн АНУ энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн анхны улс юм. Уг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус улс 5-11 насны таван сая гаруй хүүхдийг вакцинд хамруулаад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Хяналт шалгалтаар 12.553 зөрчил илрүүлжээ

НОБГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж, ахуйн нэгжүүдэд галын аюулгүйн байдлын норм, дүрэм, стандартыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 2905 объектыг хамруулж, 12.553 зөрчлийг илрүүлэн газар дээр нь 2726 зөрчлийг арилгуулан ажилласан юм.

Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн субъектүүдэд 100 сая төгрөгийн шийтгэлийг ногдуулж төсөвт төвлөрүүллээ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Алдарт дасгалжуулагч Ж.Тедеев Монголд айлчилна

Улаанбаатар хотын засаг дарга, чөлөөт бөхийн ОУХМ Д.Сумьяабазар өөрийн жингийн өрсөлдөгчийг эх орондоо хүлээн авахаар төлөвлөжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев арванхоёрдугаар сарын 19-нд айлчлан ирэх гэж байна.
Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн хамтарсан бэлтгэлийн тоо үр дүн хадгалах, өргөтгөх, цаашид хэрхэн хамтарч ажиллах нь түүний айлчлалын гол зорилго юм.
ОХУ бол чөлөөт бөхийн ертөнцийн тэргүүн орон төдийгүй олимп, дэлхийн олон аваргууд алдартнуудыг төрүүлэн гаргадаг ундаргатай билээ. Ж.Тедеев Оросын шигшээг 2001-2012, 2016 оноос хойш удирдахдаа оролцсон олимп, дэлхий, Европын бараг бүх тэмцээнд багийн дүнгээр тэргүүлж иржээ. 2017 оны ДАШТ-д цорын ганц удаа АНУ-ын багт ганцхан оноогоор ялагдсан байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчаар зүй ёсоор нэрлэгддэг тэрбээр тамирчны хувиар 1989 онд Улаанбаатарт болсон ах дүү найрамдалт армиудын СКДА тэмцээнд ирж 90 кг-ын жинд оролцож түрүүлж байв.

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 24-нд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст шилжээд байгаа бөгөөд анхны тулаан нь энэ сарын 24-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болно.

Манай тамирчин хагас сарын өмнө тус хотод очиж мэргэжлийн дасгалжуулагчтай бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм.

Э.Цэндбаатар нь 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Сонирхогчийн боксын ДАШТ-ий хүрэл, “Жакарта-2018” Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, “Рио-2016” олимпын наадмын V байрын шагналт, улсын дөрвөн удаагийн аварга юм. Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.

Тэгвэл түүний өрсөлдөгч нь 2017 оноос мэргэжлийн боксоор тулалдаж байгаа аж. Өдгөө 24 настай, нийт 7 тулаан хийж, бүгдэд нь ялсан байна. Үүнээс дөрвийг нь хугацаанаас өмнө дуусгажээ.