Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

З.Баянсэлэнгэ: Хүний итгэл үнэмшлийг дүрэм журмаар зохицуулж болохгүй

-ҮНЭН ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭЦСИЙГ ҮЗЧИХЬЕ ГЭЭД ЯВЖ БАЙНА-

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.


-Та УИХ, Засгийн газрын гишүүн байсан хүн. Одоо таны юу хийж явааг уншигчид сонирхох болов уу. Улс төрийн болоод хувиараа юу хийж байна?

-Ерөнхийлөгчийн сонгууль болон УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгууль дээр ажиллалаа. Намайг Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын түмтийн даргаар ажиллаж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Нам нэгдсэн учраас өнөөдрийн байдлаар тодорхой статусгүй байна. Миний хувьд хоёр намын эв нэгдлийг хангах чиглэлд өөрийн хүч бололцоог дайчлан ажиллана. Энэ бол ганц З.Баянсэлэнгийн хувийн асуудал биш. Миний ард байгаа мянга мянган дэмжигчдийн асуудал. Хувийн статусын хувьд би Эрдэмийн их сургуулийн докторант болоод гурван жилийн нүүрийг үзэж байна. Энэ өвөл эрдмийн зэргээ хамгаална гэсэн бодолтой хичээл ном, судалгааны ажлаа хийгээд явж байна даа.

-МАН, МАХН нэгдлийг та хэрхэн дүгнэж байна. Таны байр суурийг сонсох нь зөв болов уу?

-МАН, МАХН нэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. 10 жилийн хугацаанд тусгаар үйл ажиллагаа явуулж байгаад 100 жилийн түүхэн ойн дээрээ буцаж нэгдлээ. Энэ нэгдэл бол хэн нэгэн албан тушаалтны хүсэл зоригийн асуудал, эрх ашгийн ч сонирхол байсангүй.

Энэ бол нийгмийн захиалга байсан. Гишүүд, дэмжигчид маань ч ингэж дүгнэж байгаа болов уу. Хоёр нам тусдаа үйл ажиллагаа явуулсан энэ цаг хугацаанд МАХН нийгэмд гуравдагч хүний байр суурь дээрээ бат зогсож шийдвэр гаргаж байгаа эрх баригчид болон гүйцэтгэх засаглалдаа шүүмжлэлтэй хандаж ирсэн.

МАХН-ын үзэл баримтлал болох зүүн төвийн үзэл баримтлалдаа тулгуурлаж боловсруулсан хөтөлбөрөө танилцуулж хамтарч ажиллах санал санаачилгыг гаргасан.

-Та улс орны бодлогыг тодорхойлолцож явсан хүний хувьд өнөөгийн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байна?

-2016 оноос өнөөдрийг хүртэл МАН дангаараа олонх болоод ажиллаж байна. Олонхыг бүрдүүлсэн намын хувьд ямар нэгэн тээг, саад бэрхшээл төдийлөн учрахгүй. Цөөн гишүүдийн саналын зөрүүтэйгээр хууль батлагддаг. Олонх бус олон ч юмуу, эсвэл сөрөг хүчний дуу хоолой их байгаа тохиолдол жаахан хүндрэлтэй. Өнөөгийн нөхцөлд нам маань бүдүүн бүлэгтэй, бяртай, хүчтэй байгаа тохиолдолд парламентад ямар нэгэн саад тотгор алга. Үүнээс гадна УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь нэг намаас байгаа тохиолдолд төдийлөн бодлогын зөрчилдөөн гарахгүй. Ерөнхийлөгч МАН-аас нэр дэвшсэн. Ингэхдээ МАН-аас парламентын сонгуульд орохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн санал болгосон учраас автор булаацалдах асуудал гарахгүй. Нэг бодлогыг л хэрэгжүүлэхээр хоёр институци ажиллана гэсэн үг.

Засгийн газар ч дангаараа засаглаж байна. Өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлж байсан ажлуудын алдаа, оноог нь дэнсэлж засч сайжруулаад үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явахад болохгүй зүйл алга. Гэвч манай эдийн засаг хоёр хөршөөс хамааралтай, бүх юм зогссон, хумигдсан байдалтай тун хүнд байна. Дангаар засаглаж байгаа ч их гүрнүүдийн бодлого гэдэг хэцүү. Цаг үеийг тун хүндрүүлж байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдал удахгүй сайжрах байх. Тэр хүртэл өөрсдийн эдийн засгаа одоогийнхоосоо сулруулахгүй бэхжүүлэх, намын Их хурлаар танилцуулсан ажлынхаа бэлтгэл ажлыг хангах, цаашлаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдээ богино хугацаанд эхлүүлэх хэрэгтэй. Нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ явуулж өнөөдрийн түвшинд чухал шаардлагагүй төсөл, хөтөлбөрийг танаж хойшлуулах хэрэгтэй. Дээрээс нь эрүүл мэндийн салбараа анхаарах ёстой.

-Улс төрд шинэ залуу үеийнхэн орж ирлээ гээд олон нийтэд ихээхэн хүлээлт бий болчих шиг боллоо. Улс төр дэх үеийн асуудлыг та юу гэж хардаг вэ?

-Би 38-тай УИХ-ын гишүүн болж байсан. Хэт залуудаа ч, хөгшиндөө ч орохгүй дундаж нас. Засгийн газарт залуу хүмүүс орсноор эрч хүчтэй ажиллана гэдэг ойлголтыг би хүлээн зөвшөөрдөггүй. Бас хөгшин хүмүүс удаан, гараас нь юм гарахгүй болчихдог гэдгийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Ер нь өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээс байж байж л ажил урагшилдаг.

Нам боловсон хүчнийхээ асуудлыг анхаардаг, бэлтгэдэг байх ёстой. Энэ үүднээс туршлага судалсан ахмадууд боловсон хүчнээ бэлтгэх төрийн залгамж чанар байх ёстой гэж боддог. Түүнээс дан залуучууд, эсвэл дан ахмадууд гэвэл өрөөсгөл байх болов уу. Ахмадын туршлага хэрэгтэй ч парламентад олон сонгогдсон, олон удаа Засгийн газарт ажилласан хүмүүс супер гэсэн үг биш. Миний туршлагаас харахад тийм хүмүүс заримдаа мөлгөр болчихсон байдаг. Шинэлэг зүйлийг хүлээж авахдаа удаашралтай байдаг. Монголчлоод болгочихно гэсэн шүү хандлага ажиглагддаг. Түүнээс тэр хүмүүс өөрт байгаа ажлын арвин туршлагаа бусдадаа хуваалцаж болно шүү дээ. Магадгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээ одоогийн УИХ-ын гишүүдийн зөвлөх болгож яагаад болохгүй гэж. Өмнө нь сайд байсан хүнийг сайдын зөвлөхөөр ажиллуулж болно шүү дээ. Ийм бодлогын зөвлөхүүд “Миний үед ингэж алдаж байсан шүү. Чи үүн дээр алдчихав аа, анхаараарай” гээд хамгийн сайн зөвлөх болохийг үгүйсгэхгүй. Түүнээс “Та бүхэн тухайн цаг үедээ ажилласан. Одоо болсон” гэж хандвал энэ нам лидерийн хомсдолд орно.

-МАХН-ын ууган гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ил хэлдэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал өнөөдөр хүчтэй яригдаад эхэллээ. Сайд, гишүүн байсан хүний хувьд та давхар дээлний асуудлыг хэрхэн харж байна, нэмэлт оруулбал давхар дээлийг дахин бий болгох талаар яригдаад байгаа?

-Надад ажиглагдсан туршлагаас хэлэхэд, давхар дээлтэй сайдын парламентаар оруулж байгаа хууль тогтоолын төслүүд их хурдан амжилттай батлагддаг. Парламентын гишүүд нь эргээд сайдууддаа дарамт учруулаад байдаг учраас хүмүүс тэр дарамтаас ангид байхын тулд УИХ-ын гишүүн байсан бол эн тэнцүү хандах байсан даа гэсэн сэтгэгдэл гаднаас орж ирсэн сайдуудад байдгийг үгүйсгэхгүй. Давхар дээлтэй сайд нарын салбарын асуудал хурдан шуурхай хэлэлцүүлэгдэж батлагддаг. Дээрээс нь парламентын гишүүд дарамт, шахалт үзүүлээд байдаггүй. Нууцгүй хэлэхэд, парламентын гишүүдээс хувь, хувьсгалын зүгээс янз бүрийн гуйлт, шахалт ирнэ. Тэр гуйлт нь хувийнх нь уу гэхээр тойргийн иргэдийн гуйлт, санал байдаг. Гэхдээ эцсийн дүндээ энэ бүхэн давхар дээлтэй байх уу, дан дээлтэй байх уу гэдэг дээр маргахаас илүү тогтолцооны өөрчлөлт хийх ёстой.

Тогтолцооны өөрчлөлт гэдэг нь Үндсэн хуульд жинхэнэ утгаар нь өөрчлөлт оруулах ёстой. 2019 онд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой зарим нэг албан тушаалын өөрчлөлтийн асуудал ярьснаас тогтолцооны өөрчлөлтийг хөндөөгүй. УИХ-ын гишүүд, сайдуудад өнөөдөр тулгамдаад байгаа асуудлыг шийдээгүй. Тулгамдаж байгаа энэ асуудал нь хувь хүний хооронд зохицуулагдах эсвэл хуулиар хатуу зохицуулах асуудал биш. Энэ нь өөрөө системын өөрчлөлт байх ёстой. Засгийн газар, парламент нь эрх мэдэлтэй. Ерөнхийлөгч болон шүүх засаглал нь тусдаа институци учраас парламентаас хараат бусаар шийдвэрээ гаргадаг байх ёстой. Бүгд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд харилцан тэнцүү хяналт тавьж ажиллана, ямар ч зүйл дээр өгөө аваа байхгүйгээр тогтолцоогоор нь өөрчлөхгүй бол 30 жилийн хугацаанд бид өнөөдрийн болохгүй байгаа зүйлийг томоор харахгүйгээр жижиг шинж тэмдгийн өнгөц засвар хийгээд байна.

-Үндсэн хуулиар тогтолцоог өөрчилнө гэхээр та юуг өөрчлөх талаар хэлээд байна вэ?

-Парламентаа бэхжүүлэх хэрэгтэй. Парламентыг дээд, доод хоёр танхимтай болгох ёстой гэж би боддог. Дээд танхимд нь нам бус жирийн иргэд ордог үүд хаалгатай. Харин доод танхим нь цэвэр бодлогын хэмжээнд ажиллах хүмүүсээ намын жагсаалтаар оруулж, тэд зөвхөн хуулиа боловсруулдаг. Тэр хуулийг нь дээд танхим нь хянадаг. Тэд амьдрал дээр яаж хэрэгжих вэ гэдгийг мэдэж байгаа хүмүүс шүү дээ.

Өнөөдөр манайх парламентын засаглалтай юмуу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдгээ тодорхойлоход их хүнд шүү дээ. Тиймээс парламентын засаглал гэдгээ жинхэнэ утгаар нь бэхжүүлэх хэрэгтэй. Ер нь тогтолцооны өөрчлөлтийг л хийх ёстой байх. Богино хугацаанд энэ бүхнийг тайлбарлахад төвөгтэй л дөө.

-МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг намаас хөөх зохицуулалтыг дүрэмдээ тусгасан. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид Ашиг сонирхлын зөрчлийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэр хуулиар төрийн албанд орж ажиллах шалгуур нөхцөлийг өндөр тогтоосон тохиолдолд өөрийн хамаарал бүхий хүн нь дээд албанд томилогддог асуудал үүсэхгүй байх гэж харж байна. Авлига албан тушаалын хэргээс ангид байх ёстой юу гэвэл ангид байх ёстой. Гэхдээ ангид байна гээд намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсээ хөөгөөд байна гэвэл энэ дэндүү өрөөсгөл ойлголт. Өнөөдрийн улс төр дэндүү бохир замаар хийгддэг. Би өөрөө биеэрээ туулсан хүний хувьд хэлэхэд, улс төрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын тулд элдэв янзын башир арга хэрэглэдэг. Үүнийг олон нийт төдийлөн сайн мэддэггүй. Өрсөлдөгчөө эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр харлуулж эхэлдэг. Ингээд нийгмийн сэтгэл зүйг өөрчилнө. Ингэж өөрчилснийхөө дараа тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдуулдаг. Ингээд тэр хүнийг ямар нэгэн буруутгах зүйл рүү явдаг. Эргээд тэр хүн нь үнэн зөвөө тогтоолгоод гэм буруугүй гээд гараад ирэх үед нийгэм аль хэдийнэ тэр хүнийг жигшин зэвүүцсэн байдаг. Ийм тохиолдол маш их. Өнөөдөр улс төр цэвэр, гишүүд нь хариуцлагатай, ёс зүйтэй байж гэмээнэ энэ заалт бодитоор хэрэгжих болно. Өнөөдөр бохир улс төрийн тоглоом дунд хэнийг ч хэрчихгүй гэхийн баталгаа байхгүй нөхцөлд энэ заалт өрөөсгөл.

Хүн ямар ч намд гишүүнээр элсэхдээ тухайн намын үзэл баримтлалыг дэмжиж, өөрийн дотоод итгэл үнэмшил, үзэл бодлоороо нэгдэж ордог. Энэ итгэл үнэмшлийг нь намын дүрмээр хөөж тууна гэдэг өрөөсгөл ойлголт. Гэмт хэрэгт холбогдоод тэр хүн буруутгагдсан байж болно. Гэтэл намаас нь хөөчихсөн байя гэж бодъё. Гэтэл гурав, таван жилийн дараа тэр хүн хэрэг хийгээгүй гэдэг нь батлагдвал хөөсөн хугацаан дахь тэр хүний үзэл бодол, сэтгэл зүй ямар байх вэ. Тэр хүн хөөсөн намдаа гомдоно шүү дээ. Эрүүгийн хэрэгт холбогдсон бол Эрүүгийн хуулиар зохицуулагдах асуудал. Хүний итгэл үнэмшлийг дүрэм журмаар зохицуулна гэдгийг би байж болохгүй гэж харж байгаа. Надтай санал нийлэхгүй хүн байхыг үгүйсгэхгүй. Итгэл үнэмшлээ зориулна гэдэг чухал асуудал байдаг. Нам нь өөрөө цэвэр, гишүүд нь ёс зүйтэй байсан бол ийм зүйлээс ангид байж чадна. Өнөөдөр ийм байхад тун хэцүү нөхцөл байдалтай явж байна шүү дээ. Хүмүүс гэр бүлээрээ төрийн өндөр албан тушаал хашиж байна. Гэр бүлийн гишүүдийн нэг нь сайдын албыг хашиж байхад нөгөөх нь төрийн өмчийн газрын том даргаар ажиллаж байна. Нам итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч эсэх болон мэдлэг, туршлагыг үнэлж тодорхой албан тушаалд тавина гэдэг бол тэр хүнийг үнэлж хамтарч ажиллахыг санал болгож байгаа л хэрэг. Түүнээс биш хэн нэгэн даргын цүнхийг нь барьж, хэн нэгэн даргад бялдуучилж байгаад орон зайг нь эзлээд намын нэрээр албан тушаалд очиж намыг баяжих хэрэгсэл болж байгаа нөхдүүдийн хувьд үзэл бодол, итгэл үнэмшил гэдэг зүйлийг ярихад тун бэрх.

-Энэ бохир улс төрийн хэрчээс дунд та орчихов уу даа. Сайдын албан тушаал хашиж байхдаа Бэрэн группт эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж тендер зарлахгүйгээр шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт та холбогдсон. Шүүх хурал олон хойшлох шиг боллоо. Энэ хэрэг юу болж байгаа вэ?

-Энэ хугацаанд олон удаа шүүхээр орлоо. Улсын Дээд шүүх хүртлээ явлаа. Үнэн гэж байдаг бол эцсийг үзчихье гээд явж байна. Өнөөдрийг хүртэл бор зүрхээрээ явж байна. Энэ асуудал бол Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн цэвэр төсөл, арга хэмжээ байсан. Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсан. Тэр тогтоолын төслийг хэрэгжүүлэх шаардлага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байсан. Энэ ажлыг хийхийн тулд тодорхой хэмжээний санхүүгийн зардал гаргах ёстой. Энэ санхүүгийн зардлыг яаж гаргах вэ гэхээр үнэт цаас гаргаж худалдаж авсан. Үнэт цаасыг хэн гаргадаг вэ гэхээр Сангийн яам гаргадаг. Сангийн яам энэ эрх хэмжээнийхээ хүрээнд 14 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан. Үнэт цаас буюу Векселийн хуулиар энэ асуудал хэрэгжсэн. Векселийн хуулиар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнд худалдан авах ажиллагаа явуулдаггүй. Худалдан авах ажиллагааг хэзээ ямар тохиолдолд явуулдаг вэ гэхээр улсын төсвөөр батлагдсан төсөл, арга хэмжээнд худалдан авах ажиллагааны тухай хууль үйлчилдэг. Улсын төсөвт суугаагүй гэнэт Засгийн газраар хэлэлцэгдэж шийдэгдсэн. Тухайн үед Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Үүнийгээ үргэлжлүүлэх үүднээс Засгийн газар танхимын зарчмаар олонхийн саналаар батлагдсан Засгийн газрын тогтоол байсан юм. Энэ тогтоолыг гаргахад Засгийн газрын худалдаанд би ганцаараа ороод би ганцаараа алх цохиод, би ганцаараа хэрэгжүүлээд, би ганцаараа үнэт цаас гаргаад, би ганцаараа Векселийн хууль гаргаад, Бэрэн групп дээр би гүйж очоод гэрээ хийгээд явсан юм шиг асуудлыг босгож ирж тавьсан. Улс төрийн өс хонзон ир нь мохох юм болов уу гэж бодож байгаа. Тиймээс би өнөөдрийг хүртэл өөрийнхөө бор зүрхээр энэ асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэх гээд явж байгаа.

-Тэгээд таныг яг ямар зүйлчлэлээр буруутгаад байдаг юм бэ?

-Намайг улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гэж нэг үздэг. Нэг бол хэлэлцэх асуудлын дараалалд яагаад оруулсан юм бэ гэдэг. Асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эрх ганцхан Ерөнхий сайдад байдаг. Гэтэл Ерөнхий сайдын эрхийг миний зөрчил болгоод оруулж ирж байгаа юм. Эсвэл тэр байрыг худалдаж авсан 14 тэрбум төгрөгийн үнэт цаасыг мөнгө гэж ойлгож хохирол учруулсан гэж үздэг. Засгийн газрын худалдаж авсан үнэт цаас бэлэн мөнгө биш шүү. Худалдаж авсан 223 айлын түрээсийн орон сууц өнөөдөр Засгийн газрын өмч хэвээр байгаа. Тэгэхээр би түүнийг яаж завшсан байх вэ. Дээр нь бүх санхүүжилт, саналуудыг яамдууд тэр дундаа Засгийн газрын хөрөнгийг захиран зарцуулдаг Сангийн яам оролцож, хэлэлцэж шийдвэрлэсэн ч 16 сайдаас ганцаараа би буруудаж байна.

-Үнэт цаасны хууль, Засгийн газрын хурлаар шийдэгдсэн асуудал яагаад таны нэр дээр хаяглагдаад байдаг юм бэ. Энэ хэрэг шийдэгдэхгүй байгаа учрыг та юу гэж харж байна?

-Би шүүхийн байгууллагыг шүүмжлэхээсээ илүү прокурорын байгууллагад шүүмжлэлтэй ханддаг. Учир нь прокурорын байгууллага өнөөдөр хэн бэ гуайд ч гэсэн хэрэг үүсгэх, болсон болоогүй баахан бичиг цаас цуглуулдаг юм билээ. Бэрэн группийн 2010 оноос хойших санхүүгийн тайлан гээд өчнөөн тайлан авсан. Бэрэн группийн тайланг 4, 5 хавтаст хэрэгт оруулчихаж байгаа юм. Байцаагч асуухдаа “Яагаад энэ дээр худалдан авах ажиллагаа явуулаагүй юм бэ” гээд хүмүүсээс асуудаг юм байна. Нөгөө хүмүүс нь болсон процессыг мэдэхгүй учраас худалдан авах ажиллагаа явуулах ёстой байсан юм байна л даа гэж бодоод л хариулдаг. Гэтэл энэ асуудал Худалдан авах ажиллагааны хуулиар зохицуулагдахгүй Векселийн хуулиар зохицуулагдсан асуудал. Хүн бүрээс асуугаад явсаар болсон болоогүй баахан бичиг цаас цуглуулчихдаг юм билээ. Тэр битгий хэл намайг “Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан гэж буруутгасан. Сайдын эрхлэх асуудал юу байдаг юм бэ. Салбарынхаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй, энэ өөрийнх нь бүрэн эрх шүү дээ. Бүрэн эрхийнхээ хүрээнд л би салбарын асуудлаа танилцуулсан. Батлагдах эсэх надаас шалтгаалахгүй. Батлагдвал сайн биз дээ. Нэг ч гэсэн ажил урагшаа яваг л дээ. Батлагдахгүй бол улам сайжруулаад оруулдаг. Хоёр гурван удаа орж буцсан асуудал байдаг. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар ороод батлуулсан байна гэж зүйлчилсэн. Хамгийн сүүлд нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж яллах дүгнэлтдээ бичиж байгаа юм. Бод доо, Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг Эрүүгийн шүүхээр тогтоодог юм уу, Үндсэн хуулийн Цэц тогтоодог юм уу. Прокурорууд янз бүрээр л үздэг. Засгийн газрын хуралдаанд орж батлуулсан байна гэж нэг зүйлчилдэг. Үндсэн хууль зөрчсөн байна гэж нэг үздэг. Тэгснээ Худалдан авах ажиллагааны хууль зөрчсөн байна гэж нэг зүйлчилдэг. Тэгсэн хэрнээ би үнэхээр буруутай юм бол үүнийг нь тогтоогоод өг. Энэ энэ ажилбаруудыг хийгээд өг гэхээр прокурорын байгууллага хийдэггүй. “Шүүхэд шилжүүлсэн. Шүүх үүнийг шийдвэрлэсэнгүй” гэдэг. Гэтэл өөрсдөө шүүхээр ороод шийдвэрлэгдэхүйц хэрэг маргааныг үнэхээр яг явуулдаг уу гэдэгт би эргэлзэж эхэлсэн. Зүгээр л болсон болоогүй хавтаст хэрэг, баахан бичиг цаас цуглуулаад өөрсдийнхөө “баасыг” шүүхээр цэвэрлүүлэх гэж явдаг. Шүүх тэрэн дээр нь шийдвэр гаргаж чаддаггүй. Ямар хохирол учирсан юм бэ гэхээр тэрийгээ тайлбарлаж хэлж чаддаггүй. Хохирогч нь байдаггүй. Сангийн яамыг хохирогчоор тогтоож байгаа юм. Гэтэл Сангийн яам нэг талд Вексель гаргаж зөвшөөрөл олгосон субьект байгаад байдаг. Нөгөө талдаа өөрөө түүнийгээ нэхэмжилчихсэн хохирогч болоод гүйгээд байх жишээтэй. Иймэрхүү зөрчил маргаанаас болоод энэ асуудал таван жил явсан.

Хамгийн сүүлд хаа хамаагүй хэрэгтэй нэгтгэсэн. Би хоригдож, тэмцэн барин байж ямар ч холбогдолгүй тэр хэргээс салгасан. Хамгийн сүүлд шүүх хурлаар ороод шийдвэрлэх бололцоогүй гэсэн. “Прокурорын байгууллага яриад байгаа зүйлүүдээ хийгээгүй байна. Хүнийг буруутгах гээд байгаа юм бол буруутгасан нотлох баримтаа цуглуулаагүй байна. Та нар үүн дээрээ ажилла. Шүүх шийдвэр гаргах ямар ч бололцоогүй байна” гээд явуулчихсан.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа.

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Монгол Улс, Оросын Холбооны Улс (цаашид Талууд гэх),

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва хотноо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Оросын харилцааны түүхэн ач холбогдол, өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар өргөн хүрээнд санал солилцсон үр дүнг харгалзан,
  • улс хоорондын харилцааны түүхэн дэх Монгол, Оросын ард түмний зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны онцлог шинж чанарыг тэмдэглэн,
  • Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамтын тэмцэл, Ардын хувьсгал, Халх голын байлдаан болон Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бэхэжсэн ахан дүүсийн дайчин нөхөрлөл, харилцан тусламж үзүүлж ирсэн гэгээн сайхан уламжлалыг үндэс болгон,
  • хоёр талын нягт хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх үндэс суурь болсныг тэмдэглэн,
  • түүх, соёл, зан заншлаа харилцан хүндэтгэж, хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн,
  • бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэн,
  • батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэн,
  • худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр талын шугамаар болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд өргөжүүлэхийг зорин,
  • бүс нутгийн болон дэлхий нийтийн гол асуудлуудаар ижил буюу төстэй байр суурьтай байдгаа үндэслэн,
  • хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хугацаагүйгээр хөгжүүлж, дараагийн зуунд хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийг зорин дараах зүйлсийг тунхаглаж байна:

Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” нь хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гарган хугацаагүй хэрэгжихийг баталгаажуулсан бөгөөд Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлснийг Талууд онцлон тэмдэглэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр орон, ард түмний найрамдал, сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, энэхүү гэгээн сайхан уламжлалыг үеэс үед дамжуулах Монгол, Оросын харилцааны цаашдын хөгжлийн эрх ашигт нийцсэн олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан ажил болсныг Талууд тэмдэглэв.

Талууд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2016 оны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, шинэ хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах нь зүйтэй гэж үзэв.

Талууд хоёр талын улс төрийн байнгын хэлхээ холбоо, ялангуяа өндөр, дээд түвшний харилцааг тогтмол хадгалах нь хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.

Талууд Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцааны механизмуудыг хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцоход идэвхтэй ашиглахад бэлэн байгаагаа нотлов.

Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн болохыг тэмдэглэж, цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан сургуулилт, соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах замаар батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Талууд Халх голын байлдаан, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх санаачилгуудыг дэмжиж, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулах явдал гаргахгүй байх арга хэмжээ авна.

Талууд терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх, зэвсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн бэлдэц, түүхий эдийг хууль бус эргэлтэд оруулах, эдийн засаг, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болон олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ үүднээс Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Талууд түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс, түүний дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.

Талууд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” байгуулсныг сайшааж, боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.

Монгол, Оросын хилийг шалгах ээлжит ажлыг хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан комисс байгуулагдаж, тус комисс нь ажлаа 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж буйг Талууд сайшааж байна.

Талууд онцгой байдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах, тэр дундаа хамтарсан сургуулилт хийх, тулгамдсан чухал асуудлуудаар мэдээлэл, туршлага харилцан солилцох, мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.

Талууд Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлнэ.

Талууд хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, замын шинэчлэлийг цаашид хийх, түүнд суурилж хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус нийгэмлэгт бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Талууд Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийн өмчийн эрхийг хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглах Оросын Холбооны Улсын эрхийг шинэчлэн бүртгэх үйл явцыг аль болох хурдан хугацаанд дуусгахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно.

Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ.

Талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад орос судлал, ОХУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.

Талууд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Талууд нийгэм, соёлын сэдэвчилсэн арга хэмжээ, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулах замаар хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэнэ.

Талууд хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрүүдийн өгөөж боломжийг нэмэгдүүлнэ.

Талууд эрүүл мэнд, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын, түүний дотор хоёр улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, байгалийн голомтот болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэнд, эм зүйн салбарын мэргэжилтэн сургах, давтан сургах чиглэлээр туршлага солилцоход чиглэсэн хэлхээ холбоог улам бэхжүүлнэ.

Талууд шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны тээврийн харилцааг сэргээхэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, цар тахал дууссаны дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг аль болох түргэн, бүрэн сэргээх боломжийг эрэлхийлж ажиллана.

Талууд 2015 онд байгуулсан “Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” болон 2016 онд байгуулсан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Монгол, Орос, Хятадын энэхүү ирээдүйтэй гурван талт цогц хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх үүднээс идэвхжүүлнэ.

Талууд Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд Монгол, Оросын газарзүйн ашигтай байршлын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглахын тулд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.

Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ.

Талууд дэлхийн болон бүс нутгийн олон асуудлаар хандлага ойролцоо байдгийг тэмдэглэж, олон улсын байгууллага болон бүс нутгийн тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Талууд гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох зорилгоор тогтмол хийдэг хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлнэ.

Талууд олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нөгөө Талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц алхам хийхгүй гэдгээ нотлов.

Талууд Нэгдсэн үндэстний байгууллага, Ази-Европын уулзалт (АСЕМ), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ), АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Монголын тал Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг дэмждэгээ илэрхийлэв.

Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин гахай өдөр

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 17, Сугар гариг. Билгийн тооллын 14, чөлөөт эх одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8:36 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижина.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Оюу толгойгоос ганц бичиг ирсний төлөө Оросын их өрийг төллөө гэж шоуддаг шиг юм болж байна” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Олон улс судлалын
доктор П.Наранбаяр “Хятад хилээ хаагаад байгаа нь
Бээжингийн олимптой холбоотой” хэмээснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Худалдаа, үйлдвэрийн
дэд сайд, Үйлдвэр худалдааны яамны Төрийн
нарийн бичгийн дарга асан Ц.Ёндон “Гадаад худалдаа дампуу
байдалтай байгаа нь бодлогын алдаа” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Оюу толгойгоос ганц бичиг ирсний
төлөө Оросын их өрийг төллөө гэж
шоуддаг шиг юм болж байна” гэв.

Л.Халтар сайд чингэлэг
тээвэр нэрээр өөрийн
хамаарлын “Үндэсний
тээврийн корпораци”-иар
мөнгө угаах уу?

“Нийгмийн сэтгэл
зүйн хүрээлэн” төрийн
бус байгууллагын
тэргүүн, сэтгэл зүйн
ухааны доктор, сэтгэл
судлаач Б.Саранцэцэг “Эмэгтэйчүүд архинд донтох нь нэлээд газар авсан. Энэ бол
монгол үндэстэн устах, түүнд нөлөөлөх гэсэн гадны бодлого гэж харж байгаа” хэмээн “Баримт, үйл явдал”-ын VII нүүрт ярилаа.

“Гар утас, компьютер тоглосон
хүүхэд архаг ядаргаанд ордог”, “Рубик шоо баруун, зүүн
тархийг зэрэг хөгжүүлдэг” гэснийг энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” нүүрээс уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу


“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх хүсэлтэй хоёр хүн материалаа ирүүлжээ

“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цахим хуудаст байршуулж, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажлын цаг дуустал нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авав.

Дээрх хугацаанд хоёр иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүллээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалт

д/д

Овог, нэр

Төгссөн сургууль

Ажилласан байдал

1

Энхээгийн

Батбаяр

МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Кубаны Улсын Их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

“Түшээ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, Улсын Их Хурлын Тамгын газарт гишүүний зөвлөх, ШШГЕГ-ын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, дарга

2

Володягийн

Оюумаа

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн тэнхимд цагийн багш, дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор, Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, гэрээт профессор, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалт судалгааны төвийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийн мисс маргааш тодорно

Дэлхийн 130 гаруй орны мисс өрсөлдөж байгаа “Дэлхийн мисс-2021” тэмцээний финалын шалгаруулалт маргааш болно. Улаанбаатарын цагаар 08.00 цагаас эхлэх бөгөөд АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Монгол Улсыг төлөөлөн орж буй А.Бөртэ-Үжиний хувьд авьяас үзүүлбэрийн ялагч болж, “Дэлхийн мисс-2021” тэмцээний хагас шигшээд шалгараад байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Филиппинд “Rai” хар салхины хүч эрчимжиж байна

Өмнөд Филиппинийн зүүн хэсэгт “Rai” хар салхи дэгдэж, аюулын ирмэгт тулжээ. Хар салхи одоогоор тус улсын төв болоод өмнөд хэсгийг дайраад байна.

Салхины хурд 215 км/цаг байгаа нь Саффир-Симпсоны хэмжүүрээр дөрөвдүгээр зэрэглэлтэй дүйцэх юм. Далайн зөөлөн уур амьсгал зонхилдог, салхины хүч харьцангуй сул тус бүс нутагт үүсээд буй хар шуурга сүүлийн 24 цагт улам ширүүсч, улмаар гамшгийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Хар салхины аюулаас сэрэмжлүүлэх нэгдсэн төвөөс цаашдаа хурд нь 260 км/цаг хүрч болзошгүйг анхаарууллаа. Энэ нь Саффир-Симпсоны хэмжүүрээр тавдугаар зэрэглэл буюу супер хүчтэй хар салхи болно гэсэн үг.

Филиппинд хар салхийг Одетте гэж нэрлэдэг бөгөөд тус улсын Агаар мандал, геофизик, одон орон судлалын газраас хяналт тавьдаг. Хар салхины эргүүлгийн гадна байрлах бүс нутгуудаар бороошиж, нөхцөл байдал улам дордож магадгүй байна.

Пүрэв гаригийн өглөөнөөс эхлээд Баасан гаригийн өглөө хүртэл бороо үе үе ширүүсч, хүчтэй аадар орно гэж Агаар мандал, геофизик, одон орон судлалын газраас мэдээлжээ. Минданао, Висаяас орчимд борооны хэмжээ 250 мм хүрнэ гэв. Ийн хүчтэй аадар тасралтгүй орсноор үер усны аюул нүүрлэж, өндөрлөг газар нутгуудад хөрсний гулсалт үүсэхээр байна.

Агаар мандал, геофизик, одон орон судлалын газраас халуун орны хар салхины гуравдугаар зэргийн сэрэмжлүүлгийн дохиог зарлажээ.

Номхон далайн баруун хэсэгт арванхоёрдугаар сард хар салхи дэгдэх нь түгээмэл үзэгдэл биш боловч Филиппин улсын хувьд сүүлийн арван жилд үхлийн аюултай шуурга цөөнгүй тохиолдож байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын уулзалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт эхэллээ.

Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд хэцүү үед ч хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шинэ шатанд гаргах цаг үе ирснийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Мөн “Транзит Монгол” болох зорилт тавьснаа дурдаж, 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийг Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцаж шийдвэрлэсэн нь амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв.

Мөн Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд эрчим хүчний коридор бий болгох шаардлагатай байгааг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал амжилттай болж, өндөр үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин илэрхийлэв. Цар тахлын улмаас эдийн засгийн хамтын ажиллагаа 2020 онд 20 хувиар буурсан ч энэ оны эхний гурван улирлын байдлаар 25 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид цар тахлын өмнөх түвшинд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын ганцаарчилсан уулзалт хаалттай хэлбэрт шилжин үргэлжилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар дараа нь хэлэлцээ хийж, хамтарсан тунхаглал гаргана.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд, Увс, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг ОУНБ болгож өргөтгөнө

УИХ-ын чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн өөрчлөлтөд иргэний агаарын тээврийн бараа материалыг татвараас чөлөөлөх тухай тусгаж байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ хууль батлагдсанаар иргэний агаарын тээврийн парк шинэчлэл хийгдэнэ. Парк шинэчэлтэй холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа нэмэгдэнэ. Иргэний агаарын тээврийн салбарт засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл дарамт авчирдаг. Бид хамгийн багадаа 10 хувиар зардал буурна гэж тооцоолсон. Улмаар нислэгээ нэмэгдүүлэхэд тийзний үнийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Эх орондоо боловсон хүчнийг дадлагажуулах техникийн сургалт явуулах боломж хомс.

Тоног төхөөрөмж нь их өндөр үнэтэй байдаг. Онгоцны эд ангийг татвараас чөлөөлснөөр дээрх тоног төхөөрөмжийг Монголдоо суурилуулна. Ховд, Увс, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудал болгож өргөтгөх зорилт тавиад ажиллаж байна. Ирэх жилээс ажил нь эхэлнэ. Орон нутгийн нисэх буудлууд хилийн ойролцоох бүс нутгийн түвшинд шууд нислэг хийх бүрэн бололцоо нээгдэнэ.