Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын 40 сая төгрөгийн азтан ням гаригт тодорно

НӨАТ-ын урамшууллын 2021 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний Ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар энэ сарын 30-нд нийтийн сонсгол зохион байгуулна

УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлжээ.

Хууль зүйн байнгын хорооны энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар тогтсон байна.

Нийтийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын төлөөлөл “Нийтийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө galsanbatb@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар төмөр зам”-ын томилгоон дээр АТГ зөвлөмж хүргүүллээ

“Улаанбаатар төмөр зам”-ын бүтэц, орон тоо, нийт ажилтны ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийж авлигад өртөх эрсдэлтэй албан тушаалыг ХАСХОМ гаргавал зохих этгээдэд оруулах зөвлөмжийг ЗТХЯ болон “УБТЗ” ХНН-т хүргүүлэв.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 188 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 110 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 33 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 77 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын бүтэц, орон тоо, нийт ажилтны ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийснээр авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөж болзошгүй эрсдэлтэй албан тушаал (ажлын байр)-ыг ХАСХОМ гаргавал зохих этгээдэд оруулан хуулийн үйлчлэлд хамруулах тухай зөвлөмж, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн яам болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүргүүлээд байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны нийт 18 орон тооны гишүүний ХАСХОМ-ийн эрхийг системд үүсгэж системд мэдүүлгээ хэрхэн гаргах талаар заавар зөвлөмж өгөв.

Categories
гадаад мэдээ нийгэм

Мексикийн жүжигчин Таня Мендоза халдлагад өртөн амь насаа алджээ

Мексикийн дуучин, жүжигчин Таня Мендоза халдлагад өртөн амь насаа алджээ. Морелос мужид байдаг спорт цогцолборын гадна 11 настай хүүгээ гарч ирэхийг хүлээн зогсож байх үед нь халдлага болсон байна. Мотоцикл хөлөглөсөн, цэргийн хувцастай хоёр эр хүрч ирээд нэг нь эмэгтэй рүү олон удаа буудсан гэнэ.

Катя Мендоза 2005 онд “La Mera Reyna del Sur” кинонд тоглосноор нэр алдрын оргилд гарсан нэгэн бөгөөд телевизийн олон ангит цувралд тоглохоос гадна дуурийн дуу ари дуулж, таван цомог гаргасан авьяаслаг уран бүтээлч байжээ.

Албан ёсны тоо баримтаар, Мексик улсад өдөр бүр 10-аас доошгүй эмэгтэй халдлагад өртөн амь насаа алддаг байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Бат-Үүлийг нэн даруй суллахыг шаардлаа

Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг улс төрийн хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлж буйг эрс буруушааж, нэн даруй суллахыг шаардаж байна хэмээн Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа.


Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хүрэл хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

Зам харгуйгүй, бартаа ихтэй газраар их буу чирэн явж байгаа монгол морьдыг дүрсэлсэн энэ хөшөө дайны хүнд хэцүү жилүүдэд монголчууд ЗХУ-д дулаан хувцас, хүнс нийлүүлж, хагас сая агт морио илгээн, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хүлээлгэн өгч байсан зэргийг бэлгэдсэн хүндэтгэлийн дурсгал юм.

Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-нд тавьж, 2017 оны тавдугаар сарын 5-нд өдөр буюу Ялалтын баярын өмнө Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд Монголын ард түмэн онцгой ач холбогдол өгч, өргөн хүрээнд тэмдэглэх үеэр иргэн Г.Ганбаяр энэ хөшөөг санаачилж, уран барималч А.Очирболд бүтээсэн байна. 2.5 тн жинтэй хөшөөний суурийг архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу босгожээ.

Хүндэтгэлийн дэнж нь Аугаа их Эх орны дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг мөнхөлсөн Москвагийн гол үзмэрүүдийн нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд бэлэг сонгохдоо шошго, хадгалалтын хугацааг сайтар хянаж авахыг анхаарууллаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярын өмнө хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээллээ.

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын үйл ажиллагаа явуулдаг 223 аж ахуйн нэгж ,байгууллагад хяналт шалгалт хийжээ. Уг хяналт шалгалтад торт үйлдвэрлэл, хүнс, худалдааны байгууллага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт, зөвлөмжийг хүргэсэн байна. НМХГ-аас хүнс худалдааны байгууллага, хүүхдийн бэлэг, баярын ширээний гол бүтээгдэхүүнд үндсэн хяналт шалгалтыг хийж ажиллаж буй. Шалгалтаар бараа бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүний зөрчил илрээгүй байна. Иргэдийн хувьд хүүхдийн бэлгийг сонгохдоо бэлэг дотор байгаа бараа бүтээгдэхүүний шошго, хадгалалтын хугацааг сайтар хянаж худалдан авах хэрэгтэйг анхаарууллаа. Хэрэв худалдан авсан бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа нь дууссан зөрчил илэрвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын 7012 8012 гэсэн дугаарт мэдэгдэн санал гомдол гаргах боломжтой аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу?

Өдрийн сонин хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын талаар ингэж бичиж байв. Гэтэл өнөөдөр уг айлчлалын нөхцөл байдал ямархуу байгааг та бүхэн тунгаана биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх төрийн айлчлалын тов хэдийнэ гарсан. У.Хүрэлсүхийн айлчлалтай холбогдуулж Оросоос албаны хичнээн ч хүн манайд ирж, юу юу ч болж өнгөрөв. Өнгөрөгч сарын сүүлээр буюу Улс тунхагласны баярын үеэр Оросын Засгийн газрын Шадар сайд В.Абрамченко албатуудтайгаа айлчилсан. Харьяат улсдаа ирж байгаа юм шиг толгой дээгүүр жигтэйхэн даналзсан орос авгай ирээд Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр хоёр орны төрийн албан уулзалтын үеэр “Монгол Улсад усан цахилгаан станц барих ажлыг бид дэмжихгүй. Танай Эгийн голын усан цахилгаан станц баригдах ёсгүй. Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барьж байгуулж байгаа нь Оросын хувьд маш эмзэг асуудал болоод байна. Тиймээс бид зөвшөөрөхгүй” гэдгээ дээрэнгүйгээр шуудхан мэдэгдлээ. УЦС барихыг хориглосон хэрнээ Гусиноозёрскийн төрийн мэдлийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бэлэн гэв. Үндсэндээ цахилгаан станц байгуулж болохгүй, харин цахилгаан эрчим хүчээ Оросоос төлбөртэйгөөр авч нөхөж болно гэдгээ хэлж байгаа нь тэр. Айлчлалынхаа үр дүнг сүүлд нь хэлэхдээ “Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хомсдолыг нөхөх нь хоёр талын нэн тэргүүний асуудал” гэж тодотгосон байна лээ.

Үүнээс гадна бас нэг айхавтар мэдэгдэл хийсэн нь манай станцууд хүчин чадлын хувьд доройтсоныг анзаарч тэр тал дээр хамтарч ажиллана гээд хийн хоолойгоор дамжуулж биднийг газаар хангахаа хэлсэн. Манай цахилгаан станцыг нүүрс биш хий болгох гэсэн аюултай санал. “Оросоос Хятад руу Монголоор дамжин өнгөрөх хийн хоолой барих, эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, шинээр барьж байгуулах уг төслийг Монголын тал хэрэгжүүлнэ гэдэгт ОХУ найдаж байна” гэж Шадар сайд авгай таатайхнаар инээд алдаад мэдэгдсэн. Энэ нь манай цахилгаан эрчим хүчийг бүгдийг нь газ болгож өөрийн хараат болгох орос ах нарын алсын бодлого гэдэг нь ойлгомжтой. Тийм болоод уг төсөл дээр хамтарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн уриалгахан хэлээд байгаа хэрэг. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ 2022 оны хоёрдугаар улиралд дуусгавар болж, гуравдугаар улиралд гэрээнд гарын үсэг зурах тухай яригдаж байна.

Яагаад оросууд хийн хоолойг станцтай холбох гэж ингэж яарч байна гэхээр монголчууд цахилгаан станц нь хэдий доголдож байгаа ч нүүрсээ түлээд станцаа амьтай байлгаж, биднээс хамаарал харьяалалгүй аж төрөөд болоод байна гэдгийг анзаарсан. Тиймийн учир цахилгаан эрчим хүчийг нь тэр чигт нь газ болгож, түлхүүрийг нь гартаа атгалаа гэдэг шиг өөрсдөөсөө хамааралтай болгох нь л гэж хардахаар. Үнэхээр хийн хоолой тавьж манай станцуудыг бүгдийг нь газ болгоод Оросын талаас ганцхан кноп дар аа гэдэг шиг газаа хаахад манайд эрчим хүч, цахилгаан бүгд зогсоно. Амьдрал зогслоо гэсэн үг. Идэр есийн хүйтэнд цахилгааныхаа амыг барьж, газаа тасалж биднийгээ хөлдүүс болгочиход оросууд маань нэг их санаа зовохгүй болов уу. Тэд нэг шалтаг олоод л хэлчихнэ, ямар уран цэцэн билээ дээ, тийм юмандаа. Өнгөрөгч хавар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровтой уулзахад баахан магтсан пиар цахимаар битүү явсан. Тэрхүү уулзалтын гол үр дүн юу вэ гэвэл ерөөсөө хийн хоолойн асуудал. Энэ тухайгаа Б.Батцэцэг “ОХУ-ын “Газпром” компанитай ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг манай улсын газар нутгаар дайруулахаар тохиролцсон. Бид “Газпром”-ын захирал А.Миллертэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ төсөл манай хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны шинэ зууныг төлөөлөх томоохон бүтээн байгуулалт болно. Манай Засгийн газар энэ ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хийн хоолойн инженерүүд бусад боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхээр ярилцаж байна” гэж Орост айлчилсныхаа дараа хэлсэн. Тэгэхээр орос сайдын саяны айлчлалын үзүүр гогцоо ингэж тайлагдаж байна. Ямар ч байсан хийн хоолой тавих нь. Хийн хоолой манай ирээдүй үр хойчист хоолойд нь угласан дүүжлүүрийн олс болчихгүй шиг бол хийнэ л биз. Гэрээний заалтуудыг нь мэргэжлийн хүнээр хийлгэдэг юм байгаа биз. Харин түүнийг цахилгаан станцтайгаа холбож яах гээд байгаа юм бэ. Бид хувингаараа ч болтугай Багануураас нүүрс зөөгөөд цахилгаантай байгаад байгаа нь хэнд гай болоод байгаа юм бэ.

Мөн Шадар сайд авгайтай бараг зөрөөд Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов баахан генералуудаа дагуулаад ирсэн. Манай Батлан хамгаалахын сайд хүлээж аваад “Бид зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийг шинэчлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон цэрэг техникийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжих бодлогыг цаашид ч баримтлах болно” гэж хэлсэн байна. В.В.Герасимов “Цар тахлын хэцүү үеийг үл харгалзан төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцлов” гэх албан мэдээ яамны зүгээс гарсан. Ямар төлөвлөгдсөн арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн нь бүү мэд. Эгээтэй л манайд цэргийн бааз байгуулна гэж яриагүй байлтай. Ингэж У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын өмнө оросууд асар их ач холбогдол өгөөд байна. Хойноос цувран ирж байгаа нөхдүүдийн санаа зоригийг анзаарахад, У.Хүрэлсүхийн айлчлалаар их олон зүйлийг оросууд шийдүүлэх гээд хөрс сууриа урьдчилан бэлдээд байгаа бололтой. Тэд оччихсон байхад юу ч байсан хийлгүүлнэ гэж бат итгэлтэй байгаа бололтой. Дор хаяж Ленин клубийн газрыг авах юм гээ биз дээ. Манайхан ялангуяа Ардын нам хуучин Хувьсгалт намын нөхөд оросуудад үгүй гэж хэлж чаддаггүй. Тэд оросуудыг хараад налаад унадаг. Орос ах нарынхаа өмнө гөлгөнөөд сурчихсан. Тийм дээ, үгүй гэж хэлж зүрхлэхгүй, огт сураагүй хуучин ЗХУ тэдний зүрхэнд орчихсон. Аваачаад буудчихаар чинь айлгүй ч яахав.

Яг ийм жишгээр У.Хүрэлсүх орос ах нарынхаа өмнө үгүй гэж хэлж чадахгүй, юу л хүснэ тэр бүгдийг үг дуугүй зөвшөөрчихөөд буцаад ирэх байх даа гэсэн бодол төрөөд байна. Хэрвээ оросууд Монголын язгуур эрх ашигт нөлөөлсөн, улс орон ард түмний цаашдын хувь заяатай холбоотой асуудлыг тулгавал яах болж байна. Тухайлбал, ДЦС-уудаа нүүрсээр ажилладгийг нь болиулж газ болгуул, УЦС огт барьж болохгүй, цахилгаан эрчим хүчээ бүгдийг хийн хоолойд холбуул гэж тулгахад Ерөнхийлөгч маань “За за” хэмээн ам өчгөө өгчихөөд ирвэл яах вэ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхдаа сүүлд айлчлахад оросууд Маршал Чойбалсангийн Москвад нас нөгцөхдөө өмсөж байсан формыг жаазлаад өгсөн дуулддаг.

Сайнаар бодвол өвөг дээдсийн чинь хувцас гэж ойлгоно, саараар бодвол “Үгэнд орохгүй бол ингээд өмсөж явсан хувцас чинь үлддэг юм шүү” гэх сануулга дохио ч байж болох. Яг үүн шиг байдал үүсвэл У.Хүрэлсүх оросуудын өмнө хатуу байж чадах уу. Хатуу байж чадахгүй ам өчгөө өгч толгой бөхөлзөөд ирдэг. Ирээд нөгөөхийг нь хийж болдоггүй. Ингээд хоёр улсын харилцаанд бас л нэг ан цав бий болох нөхцөл үүсэх юм биш байгаа.

Учир нь Монгол Улсын эцсийн шийдвэрийг У.Хүрэлсүх биш, ард түмэн нь мэддэг гэдгийг Путины дарлалд, чанга гарт байгаа оросууд яаж мэдэх билээ. Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Бид парламентын засаглалтай, хууль тогтоох дээд байгууллага нь УИХ, парламентаа ард түмэн нь сонгодог ардчилсан орон. У.Хүрэлсүхийг нь айлгаж хуурч байгаад бүх асуудлаа шийдвэрлүүлээд авлаа гэж бодоход язгуур эрх ашиг, улс орныхоо тусгаар тогтнолын эсрэг юм байвал ард түмэн үгүй л гэнэ шүү дээ. Энэ бүхнийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч маань сайтар бодож тунгаасан уу. Юундаа Орос руу явах гэж яарч адгаад байгаа юм бэ? Оросууд дуудаад амраахгүй байгаа юм уу. Хоёр орны дипломат бодлого, найрамдалт харилцаа нэрийн дор дарамт шахалт үзүүлээд байгаа юм уу? Тэгвэл хэвлэл мэдээлэл, олон нийтдээ хандаач. Дэлхий нийтэд зарласан ч болох асуудал баймаар. Сүүлийн үед Ерөнхийлөгч савлхийвэл “Хоёр хөрштэйгөө эв найрамдалтай байна” гэж хэлэх болсон. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ эв найрамдалтай байна гээд тусгаар улсын язгуур эрх ашигт харшилсан юм хийж болохгүй. Ер нь монголчууд бид Орост айлчлаад хожоотой байсан удаа урт удаандаа байгаагүй. Тэрхэн зууртаа юм олоод байсан мэт боловч урт удаандаа буюу үр хойч, улс орны тусгаар тогтнолд тийм их тус дэмтэй юм нэг их хийгдэж байгаагүйг бид одоо хараад л, мэдрээд л явж байна даа.

Танд чилийсэн зургаан жил байгаа. Хойд хөршдөө хэзээ ч айлчилж болно. Оросыг хуучин шигээ ах дүү гэж бодоод итгээд яваа юм биш биз дээ. Одоо бол бусад орны жишгээр зүгээр л дипломат харилцаатай хил залгаа орнууд.

Орос бол манайхыг тултал ашиглаж ханддаг, тийм байх ч ёстой гэж үздэг түүхтэйг Ерөнхийлөгч та анхаарна уу. Орост нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар тавихаас аваад бүх зүйл дээр хавчдаг. Евразийн эдийн засгийн холбоо ба Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна л гэдэг, шийдвэрлэсэн юм байдаггүй. Мөн ШХАБ-ын ажиглагчийн статусын асуудал гэж том юм байна. Улс төрийн тогтворгүй байдал хоёр улсын харилцаанд их муугаар нөлөөлдөг гэж одоо бүр улайм цайм хэлдэг болоод байна, хоёр хөрш маань. Тогтвортой байна гээд өөрсдийнхөө сонгосон парламентын засаглалаасаа ухарч нэг дарангуйлагч гаргаж ир гээд байгаа бололтой. Энэ мэт улс төр, эдийн засгийн олон асуудал дээр Орос биднийг юун ах дүү манатай өс хонзонтой юм шиг хяхан дарамжталж, өөдөө нар харуулалгүй явж ирсэн. Сүүлд нь хэлэхэд, манай Ерөнхий сайдуудын хувь тавилан Москвад дуусдгийг Ерөнхийлөгч та эрхбиш мэднэ биз дээ. Өнгөрсөн түүхээ эргэж харж, сайтар тунгаан бодож л байгаарай. Бид муу ёрлож байгаа юм биш. Бас үнэн түүхийг худлаа нэрэлхэж цагаатгаж бодоод яахав. Одоо цагт тийм юм гэж юу байхав хэмээн бодож магад. Гэвч хуучин нийгмийн үед ч бид тусгаар улс байсныг санах хэрэгтэй. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу гэж асуугаад байгаа юм. Өгөх юм чинь л дуулдаад байх юм, авах юм чинь огт дуулдахгүй болоод ингэж эргэлзэх сэтгэл төрөх юм. Авах ч юу байхав, харилцан ашигтай наймаалцах юм чинь юу юм бэ.

Д.БАТБОЛД

Categories
гадаад мэдээ

Дарья Навальный: Хүн бүр хувь заяагаа шийдэх хүч чадалтай байгаасай


Өчигдөр Евро парламентад Оросын шоронд 332 хоног хоригдож буй Алексей Навальныйд Сахаровын нэрэмжит шагнал гардуулах ёслол болов. Уг шагналыг Алексей Навальныйн охин Дарья гардан авахдаа хэлсэн үгийг товчлон хүргэж байна.


Сайн байцгаана уу. Маш их баярлалаа.Энэ бол үнэхээр гайхамшиг. Үг хэлэхийн өмнө аавынхаа өмнөөс энэхүү нэр хүндтэй шагнал авч байгаадаа үнэхээр баярлаж бас сандарч байгаагаа хэлмээр байна. Улс төрийн талаар багахан мэдлэг бас ойлголттой 20 настай оюутан охин энэ бүхнийг баллачих вий хэмээн сандарч байгаа ч та бүхний өмнө зогсож байна гэдэг үнэхээр нэр хүндтэй хэрэг.

Миний аав Алексей Навальныйг энэхүү нэр хүндтэй шагналаар шагнасныг сонсоод би, энэ бол түүний хамт олонтойгоо хамтран хийсэн бас хийх зүйлийг үнэлсэн явдал. Хамгийн гол нь Орос орныхоо төлөө тэмцэх сэтгэлтэй сая сая хүнийг дэмжих уриа, дуудлага гэж үзэн маш их баярласан.

Өнөөдөр би энд шагналыг нь гардаж байхад аав маань шоронд сууж байна. Энэ бол зөвхөн Алексей Навальныйд хамаарах зүйл биш. Нобелийн 2010 оны Энх тайвны шагналын эзэн ЛюСяобо хаана байна? Тэр шоронд амиа алдсан. Өнөөдөр XXI зуунд хүний эрхийн төлөө тэмцэгчдийг дэлхийн хаа сайгүй, тэр байтугай газарзүйн хувьд Европ тивд хамаардаг улсад яагаад шоронд хорьдог юм бэ гэж би өөрөө өөрөөсөө асууж байна.

Европ бол аугаа бас хүчирхэг. Европын иргэдийн хүсэл Евро парламентын депутатуудын шийдвэрээр илэрдэг. Энэ шийдвэр оновчтой, зөв бас шударга.Энэ шийдвэрүүдийг АНУ, Их Британи, Австрали, Шинэ Зеланд гээд бүх эрх чөлөөт улс дэмждэг.

Өнөөдөр олон хамтрагчдыг нь авчирч нэмэн хийж буй шоронд аав шиг минь олон тэмцэгчид хоригдож байна. Үүнийг та нар нэг бус удаа сонссон нь мэдээж. “Чиний байдлыг ойлгож байна. Даша. Гэр бүлтэй чинь холбоотой асуудал учраас сэтгэлийг чинь ойлгож байна. Гэхдээ амьдралд прагматик хандах ёстой” гэдэг цөөнгүй хүн таардаг.

Харин би микрофон гарт минь байгаа дээр, хэн ч түүнийг надаас аваагүй байгаа дээр энэхүү амьдралд прагматик ханддаг хүмүүст хандаж “Эцсийн эцэст энэ чинь Сахаровын нэрэмжит шагнал. Андрей Сахаров дэлхийн хамгийн прагматик бус хүний нэг байсан юм шүү” гэж хэлэхийг хүсч байна.

“Шахах хэрэггүй, болгоомжтой хөдөлж тэднийг уурлуулахгүй байх хэрэгтэй” гэж прагматик хүн хэлдэг. Энэ үзэл, бодол юунд хүргэв? Сөрөг хүчний удирдагч Борис Немцовыг Кремлийн дэргэд буудаж хороов. Хоёр, гурав дахийнх нь амь насыг хөнөөв. Дөрөв дэхийг нь Берлин хотын төвд алав. Тав дахь нь Их Британид. Дараа нь Европ тивд зэвсгийн агуулах дэлбэлэв. Тэгээд химийн зэвсэг хэрэглэж алж эхлэв. Бас амжилтгүй болсон оролдлого бий гэнэ. Тэгвэл амжилтай болсон бүх оролдлогыг бид бүрэн мэдэж байгаа юу? Үгүй. Харин бид Путины тусгай хүчин жинхэнэ террорист албатай болсныг мэднэ. Тэд өөрийн улсын иргэдийг ямар ч мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралгүйгээр шууд л алж устгадаг. Тэд миний ээжийг алах шахсан. Аавыг минь бараг алчихаад байна. Маргааш Европын улстөрчид хаалганы бариулаас барингуут үхэтхийн унахыг хэн ч үгүйсгэж чадахгүй болсон. Энэ бол прагматик зангийн үр дүн.

Би хүн бүрийг өөрийнхөө хувь заяаг шийдэх хүч чадалтай байгаасай гэж хүсч байна.

Алексей Навальныйд эрх чөлөө олго!

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ дахь АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарлаа

Монгол оронд ардчилсан xувьсгалыг анх авчиралцаж, нийслэл xотыг удирдаxдаа хамгийн иx бодит ажил xийсэн Ардчиллын баатар Э.Бат-Үүлийг өөрийнх нь шууд оролцоогүй xилс хэрэгт яллан 4 жил хорихоор шийдсэнийг эсэргүүцэж УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдрийн чуулган эхлэнгүүт үг хэлэx горимын санал гаргалаа. Гэвч xурал даргалагч горимын саналыг xүлээн авч, үг хэлэx боломж олгоогүй тул АН-ын бүлэг эсэргүүцлээ илэрхийлэн чуулганыг орxин гарлаа.

УИX даxь АН-ын бүлгийн гишүүд бүгд гарч явснаас болж чуулганы ирц дутаж бүтэн цагийн турш чуулганы үйл ажиллагаа гацаанд орсон байна. УИX даxь АН-ын бүлэг одоо хаалттай xуралдаж байна.