Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна.

2021 оны 12-р сарын 17-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 20 хэм хүйтэн байна.


2021 оны 12 сарын 17-ны 20 цагаас 12 сарын 18-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 31-36 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 26-31 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19, 20-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 21-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ: Уйгарын бүх импортын бараанд хориг тавина

АНУ-ын сенат пүрэв гарагт Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орноос импортлох бараа бүтээгдэхүүнд хориг тавилаа. Учир нь тус бүс нутагт албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа гэж БНХАУ-ын засаг захиргааг буруутган, ийнхүү зарчмын хувьд хориглох тухай хуулийн төслийг батлахаар санал хураалт явууллаа.

Энэхүү хуулийг батлахын тулд Ерөнхийлөгч Жозеф Байденаар гарын үсэг зуруулахаар тогтоомжийг Цагаан ордон руу илгээх юм. Энэ хуулийн төслийг төлөөлөгчдийн танхим аль хэдийн баталсан. Төсөлд импортын бүх барааг хамруулсан байна.

АНУ Шинжаан-Уйгарын бүс нутагт үйлдвэрлэсэн хөвөн болон боловсруулсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүнийг импортлохыг одоогоор хориглож байна.

Мөн

Энэ сарын эхээр Жозеф Байдены засаг захиргаа Бээжингийн өвлийн олимп, паралимпыг дипломат аргаар бойкотлохоо зарласан.

АНУ-ын энэ алхам Бээжингийн эсэргүүцлийг төрүүлэх магадлал өндөр байгааг олон улсын ажиглагчид онцолж байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж байгаа “Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.

Аян ирэх оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, 43 хороодын хэсгийн ахлагч нар, УБЦТӨХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчид үйлчлэх төв”, Таван толгой түлш ХХК-ийн ажилтан, алба хаагчид хамтран дүүргийн гэр хороолол бүхий 31 хороодын 45 мянган айл өрхөд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, заавар зөвлөмж өгч ажиллах юм.

Өнөөдөр 9 дүгээр хорооны 850 өрхийг хяналт шалгалтад хамруулж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 527 зөрчлийг илрүүлэн 164 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Мөн 1850 иргэнд галын түймэр, газар хөдлөлт, үер, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж бүхий гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тарааж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЮНЕСКО Монгол бий биелгээнд 172 мянган ам.доллар баталжээ

“Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, тогтворжуулах нь” төсөлд ЮНЕСКО 172.000 ам.доллар батлав.

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 16 дугаар чуулган Франц Улсын Парис хотноо энэ сарын 13-18-ны өдрүүдэд болж байна.
Чуулганд Монгол Улсын Соёлын яам, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын төлөөлөгчид цахимаар оролцлоо.

дотор гэх мэтийн зураг байж болно

Өнөөдрийн чуулганаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Монгол бүжгийн уламжлалт урлаг-Бий биелгээ” өвийг хамгаалах, оршин тогтнох чадварыг нь бэхжүүлэх зорилгоор Монгол Улсаас 2018 онд өргөн мэдүүлсэн “Монгол бий биелгээг тогтворжуулж, өвлүүлэн уламжлуулах нь” төслийг Засгийн газар хоорондын хороо нийт 172.000 ам.долларын төсөвт өртөгтэйгээр батлав.
Ингэснээр Монгол бий биелгээ өвийн уламжлалт мэдлэг, дадал, хэв намбыг шавь сургалтаар дамжуулан залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, өвийн оршин тогтнох чадварыг бэхжүүлэх замаар ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтаас Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад шилжүүлэхэд дэмжлэг болох юм.
Categories
мэдээ нийгэм

​ТАЗ-ийн гишүүнд төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахаар болжээ

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйл, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг Төрийн албаны зөвлөлөөс зарлажээ.

Нэг. Нэр дэвшигчид тавигдах шаардлага

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргах төрийн албан хаагч хууль, тогтоомжид заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Дөчин таван нас хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Дээд боловсролтой;
  • Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан;
  • Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;
  • Ял шийтгүүлж байгаагүй;
  • Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй.

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх төрийн албан хаагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
  • Төрсний гэрчилгээ түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Их, дээд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ, эх хувийн хамт;
  • Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, ур чадвар нэг бүрийг хэрхэн хангасан талаар гаргасан тайлбар, нотлох баримт; (ур чадварыг эзэмшсэн тухай тайлбарт төрийн албанд ажиллахдаа журамд заасан ур чадваруудыг ашиглан тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, улмаар ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой баримттай тусгана.)
  • Төрийн албаны холбогдолтой судалгааны ажил, эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (нотлох эх сурвалжийг заасан байх).

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авч бүртгэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын хүүхдийн мөнгө ороогүй бол 22-нд нөхөн олгоно

Хүүхдийн мөнгийг энэ сарын 13-наас олгож эхэлсэн. Банкны системийн цахим шилжилтийн хүрээнд Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаагаас шалтгаалж нийт 2,4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган шилжүүлэг түр саатсан.

Үүнийг 22-нд нөхөн олгоно. Иймд хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудас руу хандаж засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог, нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргаарай гэж ХНХЯ-наас мэдээллэв.

Categories
мэдээ нийгэм

“Хүч” спорт хорооны ахмад тамирчин С.Төрбаяр Дэлхийн аварга боллоо

Олон Улсын Таеквондогийн холбоо /ITF/-ны 55 жилийн ойн нэрэмжит “Өсвөрийн болон Мастер ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” Беларусь Улсын нийслэл Минск хотод энэ оны 12 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү тэмцээнд “Хүч” спорт хорооны хоёр тамирчин оролцсон бөгөөд ахмад тамирчин, цагдаагийн ахмад С.Төрбаяр “Мастер ангиллын 50-59 насны хувийн тулааны -80 кг жин”-д амжилттай өрсөлдөн “Алтан медаль” хүртэж, дэлхийн аваргаар шалгарлаа.

Тэмцээнд амжилттай оролцож, “Дэлхий аварга”-аар шалгарсан танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортод амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 143 хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо.

Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав. УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хуулийн талаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах УИХ-ын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт юм. УИХ 2020 онд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг баталж, үүний дагуу холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэн шинэчлэх, өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв санхүүтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг УИХ 2020 онд шинэчлэн баталсан. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жил хагасын хугацаа өнгөрч байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, батлах цаглаварт өөрчлөлт оруулах, баримт бичигт тавигдах шаардлагыг боловсронгуй болгох зэрэг зарим өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тул УИХ-ын гишүүдээс болон Засгийн газраас тус тус Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнийг нэгтгэн хэлэлцэж баталлаа. Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх хүрээнд тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж байна.

Хууль батлагдсанаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн тайлагнах болон төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчмыг хуульчилж, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй холбогдох зохицуулалтыг нэмж тусган, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн дотоод бодлогын баримт бичиг болон гамшиг, онц, дайны байдлын үеийн төлөвлөгөөний статусыг тодорхой болгож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тавигдах шаардлагад өөрчлөлт орууллаа.

УИХ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулан ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус яам үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар ханган, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, холбогдох бодлого, төлөвлөлтийн асуудлыг эрхлэн ажиллана.

Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд тодотгон тусгахад өмнөх болон энэ удаагийн УИХ ач холбогдол өгч анхаарч ажиллаж ирсэн. Холбогдох хуулиудыг бодитойгоор хэрэгжүүлэн ажиллахад улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч байгууллага, албан хаагчид онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй байна” хэмээв.

Энэ өдрийн хуралдаанаар дээрх хуулиудаас гадна Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан төслүүд, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан төслүүд нийт 143 хуулийн төслийг эцэслэн баталснаар хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг “Алтан гадас” одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар Төрийн Дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл 6 дэд төвтэй болно

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”төслийн хүрээнд дэд бүтцийн зургаан төв байгуулах ажлын эхний шат амжилттай хэрэгжээд байгаа. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөр гурван үе шаттайгаар 10 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Төслийг амжилттай үргэлжлүүлж, санхүүжилтийг тасалдуулахгүй байх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманнтай уулзлаа. Арно Хекманн “Хөтөлбөрийн үргэлжлэл болох орлогод нийцсэн “Ногоон орон сууцны төсөл” нь гэр хорооллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Иргэдийн орлогод нийцсэн, ногоон орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг нүүрсхүчлийн ялгаруулалт багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогын холимог бүрдэл бүхий оршин суугчидтай, эко орчин бүрдүүлэн хөгжүүлэхээр зорьж байна” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Төсөл хэрэгжүүлэх явцад үнийн өсөлт гарч санхүүжилтийн тал дээр зарим нэг асуудал үүссэн ч үүнийг шийдвэрлэхээр нийслэлийн удирдлагууд онцгой анхааран ажиллаж байгаа. Энэ бол нийслэл дангаараа шийдэх асуудал биш тул Сангийн яамтай хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна. Дэд төвүүд байгуулахын тулд зөвхөн дэд бүтэц, зам, барилга, байгууламж бариад зогсох биш, сургалтын төв байгуулж, ажлын байр нэмэгдүүлэх нь чухал юм” гэлээ.