Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ, ХСҮТ гүйцэтгэлээрээ 1.4-4.3 тэрбум төгрөгийн илүү санхүүжилт авчээ

Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтийн дагуу эмнэлгийн санхүүжилт нь гүйцэтгэлээрээ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг болсон. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газартай байгуулсан 66 эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлж байна.

Эмнэлгийн удирдлагуудтай гүйцэтгэлийн санхүүжилт, менежментийн өөрчлөлт, санхүүжилтийн арга хэлбэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цахим хурал хийлээ.

Цахим хурлаар 66 эмнэлэг өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авчээ. Гүйцэтгэлээрээ санхүүжилтээ давуулан авсан хэд хэдэн эмнэлэг байна.

Тухайлбал Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг нь 1,4-4,3 тэрбум төгрөгийн илүү санхүүжилтийг гүйцэтгэлээрээ авч чаджээ.

Харин төсвөөсөө дутуу санхүүжилт авсан эмнэлгийн хувьд менежментийн алдаанаас үүдэлтэй. Мөн нөгөө талдаа дунд шатны албан хаагчдын механик алдаатай холбоотойгоор мэдээлэл дутуу ирүүлсэн зэргээс үүдэж буйг холбогдох албан тушаалтангууд танилцууллаа.

Эмийн зөвлөлөөр ковид-19 өвчний эмчилгээнд ашиглаж буй вирусийн эсрэг 3 эмийг бүртгэн авсан. Мөн вирусийн эсрэг эм, тариаг хамгийн хямд үнээр Эрүүл мэндийн байгууллага худалдан авах менежментийн ажлыг Эрүүл мэндийн яам хийж, 140 орчим мянган төгрөгөөр худалдан авдаг байсан тариаг 50 мянган төгрөг болгон бууруулсан зэрэг яамнаас авч хэрэгжүүлсэн ажлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг танилцууллаа.

Цаашид эрүүл мэндийн салбарт нэгдсэн худалдан авалтын системийг түлхүү нэвтрүүлж эмнэлэг бүр тус тусдаа харилцан адилгүй үнээр эм, тариа худалдан авдаг асуудлыг цэгцлэх замаар хямд бүтээгдэхүүн худалдан авах боломжийг нээхээр ажиллаж байна. Энэ ажлын эхлэл нь энэ долдугаар сард тавигдаж буйг хурлын үед холбогдох албан тушаалтангууд танилцууллаа.

Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн бэлтгэлээ базааж байна


3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпийн бэлтгэлээ Хандгайтад базааж буй.

Тэд бэлтгэлээ чанаржуулах үүднээс эрэгтэйчүүдийн багтайгаа ээлжлэн тоглож байгаа аж.

“Ихэвчлэн 18, 23 хүртэлх насны шигшээ багийнхан ирж охидуудынхаа бэлтгэлийг хангалцаж байгаа. Мөн “Сансар 14” багийн залуус ирж бэлтгэл хийсэн. Ер нь эрэгтэйчүүдтэй тоглоход үр дүнтэй байдаг. Учир нь эрэгтэйчүүд илүү ур чадвартай, нуруулаг, биерхүү. Манай охид олимпод очоод дандаа том, биерхүү тамирчидтай тулна. Тиймээс энэ бэлтгэл үр дүнгээ өгөх байх” хэмээн 3х3 сагсан бөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Д.Лхагва-Очир хэлэв.

Манай охид эрчүүдтэй тоглох тусам ур чадвар нь сайжирч байгаа бөгөөд мягмар гарагт л гэхэд “Сансар 14” багийнхныг бэлтгэлийн тоглолтод хожсон байна.
Эмэгтэй сагсчид Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд буюу 16-нд Токиог зорино. Одоогоор багийн бүрэлдэхүүнд Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ нар багтаад буй бөгөөд тэднээс дөрөв нь олимпийн наадамд улсаа төлөөлөн тоглох юм.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1439 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

“Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1439 тохиолдол илэрчээ. Эдгээр тохиолдлын 855 нь Улаанбаатар хотод, 584 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн 4 хүн нас барж, нийт нас баралт 707 болов.

Сүүлийн 24 цагт 3347 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Өнөөдрийн 10862 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас байдлаар биеийн байдал,

  • Хөнгөн 6389
  • Хүндэвтэр 3230
  • Хүнд 1030
  • Нэн хүнд 213 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бөмбөгөрийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх замыг хаана

Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу өнөөдөр /2021.7.15/ 18:00 цагаас долдугаар сарын 16-ны 18:00 цагийн хооронд Бөмбөгөрийн уулзварын урд талаас Баруун дөрвөн зам хүртэл дулааны шугам солих ажил хийгдэх тул зорчих хэсгийн хөдөлгөөн түр хугацаагаар хаагдахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн долдугаар сарын 16-ны 18:00 цагаас долдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл Баруун дөрвөн замаас Барилгын коллежийн хоорондох замыг бүр хаахыг анхаарууллаа. Энэ үеэр дулааны босоо шугамыг засварлах ажил хийгдэх юм байна.

Одоогийн байдлаар нийслэлд хэд хэдэн газарт автозам засварын ажил хийгдэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог орчмын авто замын ус зайлуулах шугамын ажлыг 2021 оны долдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хийнэ. Иймд жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Categories
мэдээ спорт

“Токио 2020” наадмын тамирчид медалиа өөрсдөө авч зүүнэ

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд “Токио 2020” зуны олимпийн наадамд түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болжээ.

Түрүүлсэн тамирчдын хүзүүнд медалийг хэн нэгэн өндөр албан тушаалтан зүүж өгдөг уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн юм. Уламжлалыг эвдсэн энэхүү өөрчлөлтийг өчигдөр Олон Улсын Олимпийн Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах зарлажээ.
“Медалийг тамирчдын хүзүүнд зүүж өгөхгүй. Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн анх байрлуулах тул тамирчид халдвараас бүрэн сэргийлэгдэх юм” гэж Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр Бах тайлбарласан байна. Мөн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх үйлдлүүдийг хориглохоор болсныг тэр хэлжээ.
Өмнө нь ОУОХ медаль гардуулах ёслолд оролцогчид амны хаалт зүүх журам танилцуулж байсан бол энэ удаа журмаа улам чангалсан байна. Мөн медаль гардуулах үеэр хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилтын чимээг танхимд дуугаргахаар болжээ. Ийм дуу чимээг өмнөх олимпийн наадмын бичлэгнээс ашиглах юм байна.
Медаль авсан зарим тамирчдыг дараа нь гэр бүл, найз нөхөдтэй нь видео холбоогоор уулзуулахаар болжээ. Мөн хөгжөөн дэмжигчдийнх нь ирүүлсэн 6 секундын урттай видео мэндчилгээнүүдийг ёслолын үеэр том дэлгэцэн дээр тоглуулахаар төлөвлөсөн байна.
“Токио 2020” зуны олимпийн наадам долдугаар сарын 23-нд онц байдлын дэглэмд байгаа Япон улсын нийслэлд эхлэх юм.
Categories
мэдээ нийгэм

Хиймэл нууранд хоёр иргэн живжээ

Амралтын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, голын эрэг дагуу байрласнаас болж осол, эндэгдэл гарах нь нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагдуултайн-Ам”-ны хиймэл нууранд хоёр иргэн сэлэхээр ороод живж, амиа алджээ.

Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны 15:52 цагт аймгийн Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 16:40 цагт очиж, тус аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Г /32 настай эрэгтэй/, Н /29 настай эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Улмаар мөн өдрийн 17:00 цагт иргэн Н-ийн цогцсыг нуурын эргээс таван метрийн зайд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна. Харин иргэн Г-гийн цогцсыг долдугаар сарын 13-ны өдрийн 06:15 цагт эргээс 15 метрийн зайд, зургаан метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, хиймэл нуур зэрэгт сэлэхээр орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Замын-Үүд боомт маргаашнаас хуваарийн дагуу ажиллана

Замын-Үүд дэх гаалийн газраас баяр наадмын өдрүүдэд амралтгүй ажиллах санал хүргүүлсэн ч БНХАУ-ын тал хүлээн аваагүй учир долдугаар сарын 11-нээс 16-ныг хүртэл амрахаар болсон.

Тэгвэл маргаашнаас /2021.7.16/ хил нээгдэх юм.

Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газар “Монгол Улсад ороод ирсэн байгаа ачаатай автомашинуудын гаалийн бүрдүүлэлтийг хийж байна. Гаалийн газраас амралтгүй ажиллах чиглэл өгч, хоёр улсын хэлэлцээрийн дагуу ажиллах хүсэлт явуулсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй. Замын-Үүд дэх гаалийн байгууллага наадмын өдрүүдэд гаалийн бүрдүүлэлт хийж, амрахгүй ажилласан. Маргаашнаас хил нээгдэж, хуваарийн дагуу ажиллана” гэв.


Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсэг томилон ажиллуулж эхэлсэн. Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгасан байна. Тухайлбал,

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан 4 албаны дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 автомашиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ.
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
  • Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажил тогтмол хийж эхлээд байна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Комедиан Б.Төгөлдөр: Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж

Комедиан Б.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр мөн телевизийн реклам хийдэг “Арри Монгол” компанийн гүйцэтгэх захирал ажилтай. Хүмүүс түүнийг Хар Төөгөө гэдгээр нь илүү мэддэг.


-Саяхан баруун аймгуудаар аялахдаа “Аялъя, хайрлая” гэж уриалж явсан, сайхан санагдсан шүү?

-Тэгсэн. Дуучин Наагийгийн санаачилсан аян юм.

-Одоо ковидоос болоод аялах хэцүү болсон. Яагаад аялахаар шийдэв, аян замын сонин сайхнаас яриач?

-Хөл хорионоос болоод гадагшаа аялах боломжгүй болсон. Үндсэндээ хоёр жил гэртээ суучихлаа шүү дээ. Манай хүн анх аялахаар сэдэж байхдаа дахиж айхавтар хүндэрнэ гэж төсөөлөөгүй байх л даа. Дотоодын аялал жуулчлалыг идэвхитэй болгоё. Залуус маань гадагшаа явахгүй ч дотооддоо аялаж, эх орон, байгалиа хайрлаж, дуугаа аялая, гэр бүлээ хайрлая гэсэн утга санаатай юм. Бид хэд сонгогдсон шалтгаан нь дандаа 3-11 насны гурван хүүхэдтэй гэр бүлүүд байсан. Сүүлийн хэдэн жил яг хоёулхнаа аялаагүй, хамаг цагаа хүүхдүүддээ зарцуулсан залуус сонгогдсон юм билээ. Би Түшиг, Эгшиг, Хишиг гээд хүүхдүүдийнхээ тухай ярьдаг болохоор манайд санал тавьсан. Аяллын зорилго таалагдаад, ер нь бол эхнэрүүдээ амраах зорилготой аяласан даа. Дуучин Наагий, хөтлөгч Ууганаа, ЕХА студийн Энхбат нар болон манай гэр бүл хамт аялаад ирлээ.

-Хүүхдүүдийг чинь хэн харсан бэ?

-Манайх зөндөө юм болсоон. Тараан байршуулсан. Томыг зуслан дээр би өөрийнхөө ээж, аав дээр үлдээгээд, бага хоёрыг ижлээр нь Дархан руу хадам аав, ээж хоёрт хүргэж өгөөд явах гэж бас зөндөө бэлтгэж, наашаа цаашаа гүйцгээсэн.

-Аяллын гоё зурагнууд сошиалаар явсан. Эхнэрүүд зөндөө баярласан байх?

-Тийм. Нөхрүүдийг харахаар дандаа л гэртээ үзэгддэггүй төрлийн ажилтай хүмүүс байгаа юм. Би жишээ нь хоёр ажил хийнэ. Өдөр нь рекламны студид, орой нь комеди тоглолт хийгээд, хурим найр, шинэ жил хөтлөөд явчихдаг байсан. Гэртээ байх нь ховор болохоор 24 цаг нөхөртэйгээ хамт байхаар их таалагдаж байх шиг байна лээ. Яг дэргэд нь машиндаа хамтдаа, майхандаа хамтдаа 16 хоноод ирсэн. Эхнэрүүд бол бөөн баяр.

-Дуучин Наагий лацдуулчихлаа гээд пост оруулсан байсан. Зарим аймаг, сумд хөл хориотой байж таарав уу?

-Бид хэд Архангайгаар дамжаад, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн маршрутаар явсан юм. Архангай өнгөртөл зүгээр байсан. Манай аяллын бас нэг зорилго нь байгалийн үзэсгэлэнт газраас дуучин Наагийгийн лайв тоглолт гурван удаа хийсэн. Ууганаа бид хоёр хөтлөгчөөр ажилласан юм. Эхний лайв тоглолт маань Улаагчны хар нуур дээр болж, дараа нь Хяргас нуурт нэвтрүүлгийн зураг аваад цаашаа явж байсан чинь Завхан аймгийн Сонгино сум нэвтрүүлэхгүй гэсэн. Биднийг зам зуур явж байхад л ийм шийдвэр гарсан юм билээ. Бид хэд өглөө нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчихөөд гарсан юм. Сонгино суманд бүгд хоёр тунгийн вакцины бичгээ үзүүлээд, аяллын зорилгоо танилцуулсан. Замын гуанзанд хоол идэх зөвшөөрөл авсан. Тэгээд цаашлах тусам халдвар тархсан гээд Ховд руу нэвтрүүлээгүй. Эхний пост дээр машины хаалган дээр лац наагаад, “Дараагийн пост хүртэл лацаа хөндөж болохгүй шүү” гэж сануулсан. Лацдахаасаа өмнө бие засуулсан л даа. Тэгээд дараагийн пост хүртэл шууд давхисан. Сонирхолтой бас. Яг тэгээд лацдангуут бие засмаар санагддаг юм билээ.

-Хүмүүс энэ талаар их сонирхож байсан л даа. Зарим нь яаж тэссэн юм бэ, памперстай явдаг юм уу гэж асуусан байна лээ?

-Бид хэд шороон замаар явна. Шахуу хуваарьтай, ажил ихтэй хүмүүс ажлаа зохицуулж явсан болохоор өдөртөө 500-гаад км яваад байсан юм. Тийм учраас бие засахаа зохицуулсан. Нэгдсэн маягаар бие засдаг. Тэр нь давуу тал болоод лацыг өнгөрсөн. Дахиад наана Өвөрхангайд лацдсан. Баянхонгороор дайраад гарахад бас лацдсан юм байна. Аялж яваа хүмүүс сум, орон нутгийнхны шаардлагыг биелүүлэхгүй бол болохгүй л дээ.

-Хүмүүс та нарыг хараад, аялахыг хүссэн байх л даа. Гэхдээ одоо орон нутгууд бүр хатуу хөл хорих магадлалтай болчихлоо. Юу зөвлөх вэ?

-Уг нь бидний зорилго зөв зохистой гоё аялаасай гэж хүссэн юм. Хувийн бодлоо хэлэхэд хүмүүс салхинд гарахаараа архидаад, амрах бус ядарч ирээд байгаа юм шиг санагддаг. Анзаарсан бол манай аяллын багийнхан маш олон юм түвэгшээхгүйгээр чирч явсан. Караокены машин, кино үзүүлдэг аппарат, асар майхан, түүнийгээ чимэглэх гэрлүүд, мотор гээд олон юм авч явсан. Байгалийн сайханд тав тухтайгаар аялж кайф авах зорилготой явсан. Залуусыг ч тэгж яваасай гэж уриалсан юм. Тэгсэн чинь халдвараас болоод ихэнхи аймгууд хилээ хаагаад эхэллээ. Гэсэн ч ойрхон зуур гоё аялаж болно шүү дээ. Аялаж болно, хог хаягдалгүй аялах хэрэгтэй. Энэ жил бороо, ус ихтэй байгаа болохоор ханиндаа явбал зүгээр юм билээ. Ганц, нэгээрээ яваа жижиг тэрэг шаварт суучихсан байхтай таарч байсан. Нялх нойтон хүүхэдтэй, хээр хонох хэрэг гарвал жаахан хүндрэлтэй. Бид бол бэлтгэлтэй явсан л даа. Уяа татлагатай явсан болохоор тийм машинуудыг татаж гаргаж өгсөн.

-Та наадам хийхийг эсэргүүцсэн пост хийсэн харагдсан?

– Манай Амраа энд нэлээд манлайлан оролцож яваа. Бид хэдийн жишээ гэвэл “Comedy Lab” клуб Монголд ковид илэрсэнээс хойш хаалгаа нээгээгүй. Манай арван комедиан, ард нь клубт ажилладаг хүмүүс нам зогссон. Ийм хүмүүс олон бий. Эдгээр хүмүүсийн тэвчээр алдарч байна л даа. Сагсчин П.Болортулга бичсэн байна лээ. “Бөх барилдаж болж байгаа юм бол сагсны тэмцээн явмаар байна” гээд. Хүмүүс зөвхөн баяр наадам, олуулаа цуглахыг эсэргүүцсэн биш, тэгш эрхийн төлөө бухимдсан болов уу. Олимпод оролцох тамирчин голд бэлтгэл хийж байхад 1024 бөх барилдана гэх мэт тэгш бус байдлаас болоод хүмүүс бухимдсан. Эмч, сувилагч нар маань ачаалалтай ажиллаж байхад, адаглаад бөхчүүдэд анхаарах хэрэгтэй болно. Тиймэрхүү зүйлээс болсон болов уу гэж ажигласан. Миний хувьд “No naadam” гэдэг талд нь байсан. Сүүлдээ төв талбайд наадмыг эсэргүүцсэн, дэмжсэн хүмүүс зэрэг жагсахад хүрлээ. Аливаа асуудлын гарцыг харж, шийдэл болгодог бол гоё л байх.

-Ажлаа хийж, орлого олъё гэж хүмүүс хүсч байна. Та бизнес эрхэлдэг хүний хувьд энэ өдрүүдийг хэрхэн даван туулж байна вэ?

-Дан ганц комедигоор явсан бол нам зогсоод, гурван хүүхдээ хоосон хонуулах хэмжээний нөхцөл байдал тулгарлаа, сая. Ноднингийн гурван сараас хойш клуб хаагдаж бид ямар ч орлогогүй болж байгаа юм. Би хоёр ажил амжуулдаг. Өдрийн цагаар телевизийн реклам хийдэг студид ажилладаг. Тэр маань ч дэгэн догон ажиллаж, чүү ай ажилчдынхаа цалинг тавих үе байсан. Нуулгүй хэлэхэд манай компани алдагдалтай ажилласан. Борлуулалт хийгдэхгүй, бүх юмыг нь хаачихаар компаниуд реклам сурталчилгаа хийлгэхээ больж байгаа юм. Дам дамаа бие биендээ нөлөөлж байгаа болохоор ер нь хүнд байсан. Би бас халамжийг эсэргүүцдэг, залуусыг улам залхуу болгодог санагддаг. “Одоо хэцүүдэхээр улсаас мөнгө өгчихнө дөө” гээд зөндөө олон найз нар яриад байгаа юм. Тийм учраас ажлаа хийе, баримтлах ёстой дэглэмийг нь баримталъя гэсэн юм. 50 хувийн дүүргэлттэй гэвэл манайх 200 хүний суудалтай бол 100 хүн суулгаад тоглолтоо хийе. Нөгөө талдаа үзэх гээд ирж байгаа хүмүүс нь ч халдвар хамгааллын дэглэмээ бариад, гараа ариутгаж, маскаа зүүгээд, дэм дэмэндээ амьдарвал бас зүгээр байх. Дахиад хэсэг хугацааны дараа бид эдийн засгийн уналт, цохилтыг мэдэрнэ шүү дээ.

-Өөрөө Б.Төгөлдөр гээд гоё нэртэй. Нэг хэсэг хөдөөгийн хүмүүс бие биеэ хочоор нь дууддаг байсан л даа. Зарим хүнийг хочоор нь дуудахаар эмзэглэдэг. Гэтэл өөрөө бүүр фэйсбүүк, инстаграмынхаа хаягийг Хар Төөгөө гэсэн байна лээ. Яагаад ийм нэртэй болчихов?

-Би Шарга морьтын зусланд өвөө, эмээ дээрээ өссөн юм. Манай эмээгийн уран бүтээл л дээ. Эмээ намайг жаахан байхад бүтэн биеэр айраг түрхээд зуслан дээгүүр гурван сар шалдан гүйлгэчихээр эргэж цайхааргүй утгаараа хар болчихсон юм. Тэрнээс хойш цайгаагүй. Энэ миний дунд сургуулийн хоч юм. Манай найз нар намайг Хар Төөгөө л гэдэг байсан. Их сургуульд ороод орчин солигдоод шинэ найз нөхөдтэй болсон. Тэгсэн ч автоматаар намайг Хараа гэдэг байсан. Хүний эрх өндөртэй барууны оронд бол арьс өнгөөр ялгаварласан болж харагдана. Манайд азаар тийм юм байхгүй. Намайг тэгж дууддагт нь дассан. Анх комеди хийж эхлэхэд Батаа “Чи тайзны нэртэй байх хэрэгтэй” гэсэн. Тэгвэл Хар Төөгөөгөө авчихъя гэсэн юм. Одоо анонс, элдэв зар дээр ч Хар Төөгөө л гэдэг. Б.Төгөлдөр гэхээр хүмүүс бараг мэдэхгүй талдаа байдаг шүү дээ.

-Таныг нягтлан бодогч, теллерээр ажиллаж байсан гэвэл зарим нь итгэхгүй байх. Гэтэл санхүүгийн салбарт арваннэгэн жил ажилласан байна лээ?

-Ээж нягтлан бодогч байсан. Яг 2002 онд мэргэжил сонгох үед санхүүч, хуульч мэргэжил од байсан юм. Хуульч гэхээр би угаасаа ягштал сууж хууль унших хүн биш. Ээж надад “Миний хүү, ямар ч цаг үед санхүү гэдэг юм байна. Амьдралд маш чухал мэргэжил, энийг сонго” гэсэн. Ээжийн зөвлөгөөгөөр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд орж, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Одоо ээждээ баярладаг. Компани толгойлоод явахад орлого, зарлагаа тооцож, яаж ашигтай ажиллуулах вэ гээд бүх юм эргээд надад хэрэг болдог. Надад том сургууль болсон газар “Чингис хаан” банк. Би энд 11 жил ажилласан. Ёстой мөнгө тоологчоос эхлээд, дилер хүртэл бүх албан тушаалаар дамжсан. Лавшруулаад Англид магистр хамгаалаад ирсэн. Сүүлд Анхаа найзтайгаа Гацуурхан 1,2 төсөл дээр ажиллаж, кино зохиолыг нь бичсэн. Тэндээс нэг юм анзаарсан. Хүн дуртай юмаа хийгээд, түүнээсээ кайф аваад, мөнгө олоод амьдрах нь супер аз жаргал юм байна гэж ойлгосон. Санхүүгийн салбарт хангалттай ажиллалаа. Одоо дуртай юмаа хийе гээд салбараа сольсон шүү дээ.

-Зарим уран бүтээлчид сошиалаар тоглолт хийж, хүмүүсийг баясгасан. Ер нь комеди нарт ингэж хүмүүсийг баясгах бодол байдаг уу?

-Хүмүүсийг баясгахыг боддог. Манай төрөл үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж байж амжилттай болдог. Үүнийг ноднин дөрөвдүгээр сарын 1-нд туршиж үзээд, яс махандаа шингэтэл ойлгосон. Хошин урлагийн ах, эгч нар ч үзэгчгүй тоглолт хийсэн шүү дээ. Бид хэд бас онлайн шууд тоглолт хийсэн. Тайзан дээр юм ярьж байхад цөөхөн ч болов хүн суугаад, миний хэлсэн юманд инээгээд, зөрүүлээд, түүнийг нь инээд болгоод, үргэлжилдэг урлагийн төрөл юм байна л даа. Яг үзэгчгүй тоглохоор амьгүй болоод байгаа юм. Хүмүүсийг үзэх юмтай байлгах гээд хуучин хадгалсан бичлэгүүдээ бага багаар тавиад л байна. Бас шинэ бичлэг хийх талаар бодсон юм бий.

-Таны “Амьдрал” тоглолтын TV сурталчилгаа их таалагдсан. Бид ч бас томчуудтай улс орны хөгжил яриад явж байснаа, гэртээ очоод ахуйн жижиг асуудал дээрээ буудаг улсууд л даа. Залуу хүн амьдрал ярихаар бас содон?

-Тухайн үедээ бодож сууж байгаад хоёр ажил хийж байна, гурван нялх хүүхэдтэй, амьдрал ид буцалж байна. Энэ үед тохиолдсон хөгжилтэй зүйлсийг энгийн харуулах нь эхний зорилго. Хоёр дахь зорилго нуулгүй хэлэхэд биднийг маш их хараалын үг хэлдэг гээд зөндөө хүмүүс шүүмжилдэг. Бидэнд зааж сургасан хүн байхгүй. Өөрсдөө л ийм юм байдаг юм байна гээд оруулж ирээд нутагшуулж байгаа залуус. Бид ч шүүмжлэлийг огт тоохгүй өнгөрдөггүй. Бас хүлээж авдаг. Миний тоглолтын бас нэг том зорилго нь цаг 30 минутын турш циркт 1500 хүнд тоглохдоо нэг ч хараалын үг хэлээгүй. Төөгөө бас ингэж ярьдаг шүү гэж харуулахыг хүссэн. Тэр зорилгодоо бас хүрсэн. Комедид хүмүүс шимтэн дурлаад байгаа нэг шалтгаан нь өөрийнх нь амьдралд байдаг зүйлийг инээдтэй маягаар хэлэхээр хүмүүст ойрхон санагдаад “Нээрээ ч тэгдэг шүү” гээд аз жаргал аваад байгаа юм. Тийм учраас “Амьдрал” гэж нэрлээд, амьдралд байдаг юм ярья гэж бодсон. Маш амжилттай болсон гэж дотроо баярладаг.

-Хэцүү үед ч комеди нар амьдралыг өөр нүдээр, эерэг өнцгөөс хардаг байх л даа?

-Хөл хорио эхлэхэд манай гурван хүүхэд, эхнэр маань их баярласан. Тийм учраас хөл хориог гэр бүлдээ цаг зарцуулах боломж гэж харсан. Нөгөө талаар эрчүүд бид чинь… эрчүүд юу байх вэ дээ. Би өөрийгөө л ярья. Бас олон хүн чирээд яах вэ. Би нэг их гараа угаадаггүй хүн байхгүй юу. Одоо бол аягүй ариун цэвэрч болсон. Бүр том эдийн засаг талаас нь харъя гэвэл гадагшаа урсдаг мөнгөний урсгал дотооддоо үлдэж байна. Асуудал бол түр зуурынх. Гаргалгаа байгаа. Бүгдээрээ бусдад түвэг болохгүйгээр, бусдадаа халдвар тараахгүй гэж хичээвэл сайхан цаг ойрхон байгаа гэж бодож байна.

-Хүмүүс өөрийг чинь хараад Төөгөө байна гэлцдэг байх. Хэзээнээс од гэдгээ мэдэрсэн бэ, хүмүүст танигдсан анхны сэтгэгдэл ямар байв?

-Анх Монгол HD-гийн “Ардын буйдан”-д манай Тулгаа, Батаа, Хану бид дөрөв орж байсан юм. Манай монголчууд шууд “Төөгөө явж байна, сайн уу” гэдэггүй шүү дээ. Хамаатнаа ч харсан юм шиг, хаа нэгтээ харсан ч юм шиг санагддаг юм уу мэндлэх гээд болих гээд байдаг. Анх намайг Имартад нэг ах загнаж байсан юм. “Чи нөгөө зурагтаар гардаг Төөгөө мөн үү” гэхээр би аймаар баярлаад “Тийм” гэсэн чинь “Оймс өмсөөч, зурагтаар хөл нүцгэн гараад байх юм” гэсэн. За намайг ямар ч байсан мэр сэр таньдаг болжээ гэж бодсон. Сая аяллын үед машин дотроо тасралтгүй хоёр цаг инээсэн явдал боллоо. Бид хэд Баян-Өлгий ороод, миний машинд жаахан эвдрэл гараад, түр саатсан юм. Баян-Өлгийн супермаркетын үүдэнд бид зогсч байлаа.

Сүүлийн үеийн залуус их нээлттэй юм билээ. “Өө Төөгөө ах, таны сториг үзсэн. Та ёстой гоё аялаж байгаа юм байна. Манай аймаг таалагдаж байна уу. Хоёулаа нэг зургаа авахуулчихъя” гээд намайг таниад яриад байхаар нь “Өө тэгье” гэсэн. Гэтэл Наагий ахад утсаа өгсөнөө “Та аваад өгчих” гэлээ. Би Наагий ахыг шүтдэг. Жааз дуулдаг мундаг хүнийг танихгүй намайг таниад байхаар хөгжилтэй санагдаад. Нөгөө хүүхдийг явсаны дараа Наагий ахыг цаашлуулаад, “Танаас илүү би Баян- Өлгийд од юм байна аа” гээд бөөн инээдэм болсон.

-Таны царайг хараад л хүмүүс инээдэг байх. Инээдтэй юм яриад өгөөч гэж их хүсдэг үү?

-”За нөгөөдөхөө нэг явчих” гээд зарим нь шууд хэлдэг. Түүнээс гадна хүмүүс намайг хараад инээмсэглэдэг шүү дээ. Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж.

-Наадмын өдрүүдийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Зуслан дээрээ очно. Намайг өсгөсөн сайхан буурай байгаа. Наадмын өдрүүдийг эмээтэйгээ л өнгөрүүлдэг уламжлалтай. Наадмаар хонь гаргаад, гэдэс иднэ. Шөлөнд нь будаа хаяж иднэ. Дараа нь гэдэсний хуушуур хийнэ. Хорхог хийнэ. Наадмын өдрүүдийг боломжтой бол ойрхон агаар салхинд гараад, боломжоороо гэр орондоо, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй гэж хүсье.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 28-30 градус дулаан байна.

2021 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмаа: Зуны аагим халуунд цус харвах эрсдэл 45 болон түүнээс дээш насныханд илүү тохиолдох магадлалтай

НЭМҮТ-ийн Тархвар зүй шуурхай удирдлагын албаны дарга Б.Баярмаатай ярилцлаа.


-Энэ жилийн баяр наадмыг цуцалсан ч ирэх долоо хоногоос наадмын амралт эхлэх гэж байна. Амралтын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байна. Тиймээс хөдөө орон нутгийг зорих иргэд наршихаас сэргийлэх хэрэгтэй болов уу?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас 2021 оны долдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан байна лээ. Хэдийгээр энэ сард газар тариалангийн бүс нутгуудад олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа ч говийн бүсийн аймгуудаар хэт халах шинжтэй байсан. Тиймээс агаар салхинд гарахаар төлөвлөж байгаа иргэд маань хэт халалтаас сэргийлэх хэрэгтэй. Ялангуяа, өндөр настнууд, хүүхдүүд, жирэмсэн эхчүүд наршилтад илүү өртөх эрсдэлтэй учраас халуун өдрүүдэд онцын шаардлагагүй бол 11:00-16:00 цагийн хооронд наранд гарахгүй байхыг зөвлөе. Түүнчлэн машин дотроо нарших эрсдэл байдаг учраас агааргүй бүгчим газар удаан байхаас зайлсхийх нь чухал. Мөн хувцсаа тохируулж өмсөөгүй байх нь нарших шалтгаан болж байна. Тиймээс аль болох цайвар өнгийн хувцас өмсөж, толгой дагзандаа жин тавьж, малгай болон шүхрээ авч явах хэрэгтэй. Зуны аагим халуунд хүүхдүүдээ олон цагаар гадаа тоглуулахгүйгээр аль болох сэрүүн орчинд байлгах нь зүйтэй.

-Халуун наранд хэдэн цаг байвал харвах эрсдэлтэй байдаг юм бол, энэ талаар судалгаа бий юу?

-Хэт халалт нь харвалт үүсэх шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл, тархины цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаанд өөрчлөлт ордог гэсэн үг. Цус харвах энэхүү эрсдэл нь 45 болон түүнээс дээш насныханд илүү тохиолдох магадлалтай. Халуунд бүх биеийн судас тэлснээр харвалтын эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, шууд харвалтад хүргэхгүйгээр суурь нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр нарны шууд тусгалаас хамгаалж, хүзүүн дээрээ нойтон алчуур тавих, нүдний шил, нарны тос хэрэглэх нь тохиромжтой. Энгийн зөвлөмжийг баримталснаар та өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ нарших эрсдэлээс хамгаалж чадна. Түүнчлэн олон хүн бөөгнөрсөн агаарын солилцоо муутай орчноос зайлсхийх нь зүйтэй. Зөвхөн гадаа гэлтгүй гэртээ ч хэт халалтад өртөх эрсдэл байдаг. Гэрт агаарын солилцол алдагдаж бүгчим нөхцөл бүрддэг учраас сэнс хэрэглэх, хүйтэн бүлээн усанд хөлөө дүрэх гэх мэтчилэн энгийн арга хэмжээг авч болох юм.

-Өндөр настан, хүүхэд, жирэмсэн эхчүүд наршилтад илүү өртөх эрсдэлтэй байдаг тухай та яриандаа дурдсан. Үүнийг тодруулбал?

-Байгалийн халуунд хүний бие махбодь өөрөө өөрийгөө хөргөх механизмтай байдаг. Өөрөөр хэлбэл, хөлс гадагшилснаар өөрийгөө сэрүүцүүлэх механизм үйлчилдэг гэсэн үг. Гэхдээ хөлс ихээр ялгарснаар биед шингэн дутагдаж, улмаар цус өтгөрдөг. Энэ нь тархины харвах эрсдэлийг бий болгодог байх нь. Гэхдээ хүүхэд, хөгшид, давхар биетэй эхчүүдэд энэ төрлийн бодисын солилцоо бага явагддаг. Тийм учраас хэт халалтад өртөх эрсдэлтэй бүлэг юмаа. Мэдээж наршихаас үүдэн хүн болгонд харилцан адилгүй шинж тэмдэг илэрнэ. Ерөнхийдөө нүүр улайх, халууцах, толгой хүчтэй өвдөх, нүд харанхуйлах, даамжирвал бөөлжиж суулгах шинж тэмдэг нийтлэг ажиглагдана. Хэрэв анхны шинж тэмдгүүдийг мэдсэн бол шууд арга хэмжээ авах хэрэгтэй.

-Анхан шатандаа ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Хэрвээ толгой эргэх, дотор муухайрах, шилэн хүзүүгээр хөших, гар бадайрах гэх мэтчилэн хэт халалтын улмаас бие хордлогод өртвөл бүр ухаан балартах хүртэлх шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламжид хандаарай. Харин анхны шинж тэмдэг илэрсэн үед, хэт халалтад өртсөн хүнийг хүйтэн сэрүүн газар оруулах ёстой. Тархины цус харвалтад өртөх эрсдэл байгаа учраас тайван хэвтүүлээд толгойг нь өөд өргөх, хувцсыг нь нимгэлэх, хүйтэн чийгтэй алчуураар жин тавихыг зөвлөе. Хэрэв бүр хэт халалтад өртөөд ухаан балартсан бол тухайн хүнийг шүршүүрт оруулж, хүйтэн ус уулгах гэх мэт арга хэмжээ аваад 30 минут ажиглах хэрэгтэй. Энэ заасан хугацаанд дээрх шинж тэмдэг арилахгүй бол яаралтай эмнэлэгт хандах нь чухал. Хэрвээ ухаан балартсан бол шууд түргэн тусламж дуудна. Харин хөнгөн шинж тэмдэгтэй бол анхан шатны арга хэмжээг аваад ажиглах нь.

-Хэдийгээр баяр наадмыг албан ёсоор тэмдэглэхгүй байгаа ч гэсэн орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн тодорхой хэмжээнд нэмэгдэх байх. Тиймээс хордлогод орохгүйн тулд хорхог боодог зэрэг хоол хүнсний хэрэглээнд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

-Зуны улиралд идээ ундаа, хоол хүнсэнд маш их анхаарах зүйл байдаг. Хамгийн гол нь хөлс ихээр ялгарч байгаа үед шингэнээ нөхөх хэрэгтэй. Тодруулбал, 12 болон түүнээс дээш аяга ус ууж байх ёстой. Гэхдээ нэг дор хэт ихээр уух нь ходоод гэдсийг цочроодог учраас бага багаар усны хэмжээгээ нэмэгдүүлж хэрэглэхийг зөвлөе. Халуун өдрүүдэд мах, махан бүтээгдэхүүн бага хэрэглэж, хоол хүнсэндээ жимс түлхүү хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай. Татгалзах хоол хүнсний жагсаалтад давс ихтэй бүтээгдэхүүнийг оруулж байгаа. Ялангуяа, давсалсан бүтээгдэхүүн буюу хиам, шарсан төмсний хэрэглээг багасгах хэрэгтэй. Тэгэхээр хувь хүн дор бүрдээ өөрийнхөө амьдралын хэв маягт анхаарах нь чухал байна. Хоёрдугаарт, цагийн хуваарилалт, цаг агаарын мэдээг албан ёсны эх сурвалжаас авч хувцсаа тохируулж өмсөх нь наршихаас сэргийлэх алхам юм.

П.САЙНЖАРГАЛ