Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын эдийн засаг 7.9 хувиар өсчээ

Хятадын ДНБ-ий хэмжээ 2021 оны хоёрдугаар улирал буюу дөрвөөс зургадугаар сарын хооронд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар өсчээ.

Энэ нь оны эхний улиралд ажиглагдсан 18.3 хувийн өсөлтөөс харьцангуй бага боловч тус улсын эдийн засаг тогтмол өссөөр байгааг илтгэж байна.

Хятад улс 2021 оны жилийн өсөлтөө 6 хувиас их байлгах зорилт тавьсан ба одоогоор зорилтоо давуулан биелүүлж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдвар авсан 3347 иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Сүүлийн 24 цагт 1439 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барлаа.

Өнөөдрийн байдлаар 10862 иргэн эмнэлэгт эмчлүүлж буйгаас биеийн байдал,

  • Хөнгөн: 6389
  • Хүндэвтэр: 3230
  • Хүнд: 1030
  • Нэн хүнд: 213 хүн байна.

Халдвараар нас барсан иргэдийн гурав нь эмэгтэй, нэг нь эрэгтэй байна. Архаг хууч өвчинтэй коронавирус хавсарсны улмаас нас барсан гэж оношилжээ.

Categories
гадаад мэдээ

Л.Месси 2026 он хүртэл Барселонад хагас цалингаар тоглоно

Лионел Месси “Барселона” клубтэй хийсэн гэрээгээ шинэчилж 2026 хүртэл сунгалаа. Ингэхдээ тэрээр өөрийн авч байсан цалингийнхаа хагасыг авахаар болсон байна.

Мессигийн уг шийдвэрийн ачаар Барселона клуб санхүүгийн хувьд хэмнэлт гаргаж бусад тоглогчдоо авч үлдэх боломжтой болно.

Өдгөө 34 настай Мессигийн жилийн 123 сая фунт стерлинг авдаг гэрээ нь зургаадугаар сарын 30-нд дууссан бөгөөд чөлөөт агент болоод байсан юм.

Тэрээр одоогоор “Copa America” тэмцээнд түрүүлээд амралтаа аваад буй бөгөөд гэрээний бусад нарийн зүйлсийг хараахан шийдээгүй байгаа аж.

Барселонагийн шинэ Ерөнхийлөгч Жоан Лапортагийн хувьд Мессиг үлдээх нь гол зорилго байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Спутник-V” вакцины II тунг өнөөдрөөс нас харгалзахгүй хийж эхэллээ

Спутник” вакцины хоёрдугаар тунд өнөөдрөөс эхлэн иргэдийг нас харгалзахгүй хамруулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Монгол Улс ОХУ-ын “Спутник-V” вакцины 20 мянган тунг өчигдөр хүлээж авсан. Долдугаар сарын 5-наас эхлэн 65-аас дээш насныханд энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн юм.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1439 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 855 нь Улаанбаатар хотод, 584 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор вакцины 1-р тунд нийт 2,104,400 хоёрдугаар тунд 1,802,750 хүн хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

​Зуны халуунд ходоод хөрж, хоол боловсруулах хүч нь сулардаг

Аагим халуун энэ өдрүүдэд хоол, ундаа тохируулан хэрэглэхийг хоолзүйч нар зөвлөж байна. Учир нь энэ үед хүний биеийн арьсны шар үсний сүвүүд нээгдэж биеийн дотоод илч гадагшаа алддаг гэнэ. Хүний биеийн галын илчийн эх ундарга ходоодонд оршдог. Тиймээс галын илч буурч ходоод хөрж, шингээлтийн хүч доройтдог байна. Үүнийг дагаад нарийн, бүдүүн гэдэс гээд хоол боловсруулах эрхтнүүдийн систем ч сулардаг ажээ. Иймд зуны халуун өдрүүдэд аль болох махан хоолноостатгалзаарай. Хүнд болон их хэмжээний хоолыг хүйтэн ходоод боловсруулж болгож чаддаггүй юм байна. Монголчууд эрт цагаас өвөлдөө махаа түлхүү хэрэглэж, зундаа цагаан идээгээр гэдсээ цайлгадаг байсан нь ийм учиртай аж.

Шарын махбод хурж байгаа зуны дэлгэр цагт махан хоолыг зайлшгүй идэх бол маш багаар өдөрт ганц удаа л зооглохыг хичээгээрэй. Ялангуяа архи, сархадыг бүү хүртээрэй. Харин үхрийн сүүний тараг, хярам, ааруул, ээзгий, өрөм, сүүтэй цагаан будаа, каш, гүүний айраг гээд цагаан идээ хэмжээг нь тохируулан багаар хэрэглэж, бие махбодоо шимжүүлэх нь эрүүл мэндэд тун тустай.

Categories
мэдээ спорт

Олимпийн наадам эхлэхэд 8 хоног үлдлээ

Токиог зорих Монголын 43 тамирчны 12 нь гавьяат цолтой байна. Тэд бол О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг нар юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хогийн сав биш

Баяр наадмын өдрүүдэд иргэд хөдөө орон нутагт амарч зугаадахдаа хогоо хогийн саванд хийлгүй байгальд хаясаар байгааг эдгээр зургууд гэрчилж байна. Тэгвэл олны танил эрхэмүүд болон зарим ухамсартай иргэд буудаллаад явахдаа ойр хавийнхаа хогийг түүгээд явж байгаагаа цахим орчинд бичсээр байгаа юм. Энэ нь ч сайн үлгэр дуурайлал юм.

Дурдвал Zaisan Moto Club-ийн хамт олон “Ирлээ явлаа цэвэр билүү” хэмээн байгальд хаясан хогийг түүж хогийн цэгт асгасан тухай пост оруулжээ.

Мөн олны танил загвар өмсөгч О.Билгүүн өөрийн цахим хуудсандаа “Шингэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс нийгмийн хариуцлагын ажил шаардаж байна,
#хүн_шиг_аялъя” гэсэн пост оруулж байгальд хаясан хогоо түүхийг уриалаад байгаа юм.

Түүнчлэн экологийн цагдаагийн албанаас иргэдэд “Амралт чөлөөт цагаа байгалийн сайханд өнгөрүүлэхдээ ахуйн хэрэглээний зүйл авч ирсэн шигээ хогоо аваад буцдаг, зориулалтын газар хаядаг болж хэвшье!
Байгаль Хогийн Сав биш!
Хогоор бүү хорло, Байгаль эн тэргүүнд” гэсэн анхаарал, зөвлөмжийг өгч байна.

........

Categories
мэдээ нийгэм

“Дельта” хувилбар “Альфа” хувилбараас 60 хувиар илүү өвчлөл үүсгэдэг

SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж байна.

ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдлага, мэргэжилтэн оролцсон цахим хурлыг 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэхүү асуудлыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх юм.

Categories
мэдээ спорт

Г.Ганбаяр Словакийн лигт зээлээр тоглоно

Монгол улсаас Европ тивд мэргэжлийн тамирчин болон гэрээ хийсэн анхны тоглогч Ганболдын Ганбаяр Унгарыг орхиж Словак улсын 2-р лигийн “КФС Комарно” багт зээлээр нэгдлээ.

Тэрээр Унгарын “Пушкаш академи” багтай 2016 онд урт хугацааны гэрээ хийж байсан бөгөөд шинэ багтаа 1 жилийн хугацаанд зээлээр тоглохоор болжээ.

Довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Г.Ганбаяр нь өдгөө 20 настай бөгөөд Унгарын хоёрдугаар лигт 26 тоглолтод оролцож 3 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгчээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Оюуномин: Австралид ажлын цаг эрт эхэлж, эрт дуусдаг болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой

Хилийн чандад сурч боловсрохын зэрэгцээ, ажил хөдөлмөр эрхэлж амьдарч буй мянга мянган гэр бүл бий. Тэдний төлөөлөл болох Г.Дугарсүрэн, Б.Оюуномин нартай уулзуулъя. Тэд Австрали улсад хоёр хүүгийнхээ хамт сайхан амьдарч байгаа залуу хос юм.


-Австрали улсад гэр бүлээрээ амьдраад хэдэн жил болж байна вэ. Яагаад тус улсыг зорихоор шийдсэн тухайгаа сонирхуулахгүй юу?

-Манай гэр бүл Австрали улсад ирээд гурван жил болсон байна. Хэлний мэдлэгээ сайжруулах, гадаад улсад мэргэжил дээшлүүлэх зорилгоор ирсэн. Одоо сурахын хажуугаар, ажиллаж амьдарч байна. Эхлээд гэр бүлийн хүнтэйгээ хоёулаа ирээд жилийн дараа хүүхдүүдээ авчирсан.

Анх Австралийн дулаан чийглэг уур амьсгал, амарч зугаалахад тухтай ногоон байгууламжууд, үзэсгэлэнтэй далайн эргүүд хамгийн их сэтгэл татаж байлаа.


-Өөрөө ямар чиглэлээр суралцдаг вэ. Танай гэр бүлийн хувьд Монголд ямар ажил эрхэлдэг байв?

-Миний хувьд энд Мэдээллийн технологийн чиглэлээр магистрын түвшинд суралцаж байгаа. Монголд энэ мэрэгжлээрээ МУИС-д ажиллаж байгаад ирсэн. Гэр бүлийн хүн маань инженер мэргэжилтэй, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажиллаж байсан. Энд ирээд нөхөр маань эхлээд суралцаж байсан бол одоо би сурч байгаа.

-Австрали бол харьцангуй зардал өндөртэй орны тоонд бичигддэг. Суралцахынхаа хажуугаар санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд ямар ажил олдоцтой байдаг вэ?

-Австрали улс гадаад оюутнуудад суралцахын хажуугаар ажил хийх боломж олгодгоороо давуу талтай. Хэлний бэлтгэл, коллежид суралцаж буй оюутнууд болон тэдний гэр бүлийн хүн долоо хоногт тус бүр 20 цаг, их сургуулийн оюутнуудын хувьд 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Австралид амьдрах нь өртөг, зардал өндөртэй хэдий ч хөдөлмөрийн үнэлэмж мөн харьцангуй сайнд тооцогддог. Энэ оны байдлаар цалингийн доод хэмжээ ойролцоогоор нэг цагийн 20 австрали доллар байна. Монгол мөнгөөр 45 мянган төгрөгтэй тэнцэнэ гэсэн үг. Оюутнууд суралцахын хажуугаар ажил хийж амжиргаагаа залгуулах бүрэн боломжтой. Дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, кафе гээд үйлчилгээний салбарт ажил илүү олдоцтой. Эрэгтэйчүүдийн хувьд барилга, үйлдвэр, шуудан, хүргэлтийн ажлууд түгээмэл байдаг. Мэдээж ажил олоход англи хэлний түвшин чухал хүчин зүйл болох бөгөөд хэл сайтай бол мэргэжлийн ажлаа хийх боломж мөн нээлттэй.

-Танай гэр бүлийн хувьд хоёр хүүхэдтэй юм байна. Сургууль, цэцэрлэгийн орчин, сургалтын чанар, давуу талыг нь хуваалцахгүй юу?

-Австрали улс боловсролын түвшингээр дэлхийд нилээд дээгүүрт бичигддэг. Манай хүүхдүүдийн хувьд том нь хоёрдугаар ангид, бага нь сургуулийн өмнөх түвшинд (preschool) суралцдаг. Дөрвөн наснаас эхлэн preschool-д явж эхэлдэг. Миний ажигласнаар бага сургуулиудын орчин Монголтой харьцуулахад нилээд тухтай, хүүхдийг хөгжилтэй аргаар, хөдөлгөөнөөр хөгжүүлэхэд илүү чиглэсэн байдаг болов уу гэж бодсон. Үндсэн хичээлүүдийн хажуугаар хогоо хэрхэн ялгаж хаях, мод ургамал тарих, хувь хүний хөгжил, хүмүүжлийн хичээлүүд нилээд ордог. Гэрийн даалгаварт гэр бүлийнхэндээ туслах, хамтдаа дасгал хийх, ном унших, хөгжилтэй тоглоом тоглох даалгаврууд багтдаг юм билээ. Ахлах ангиас нь эхлээд илүү академик хичээлд нь анхаардаг гэж сонссон. Төлбөрийн хувьд харьцангуй өндөр, жишээ нь бага ангийн сургалтын төлбөр хэлний бэлтгэл, коллежийн түвшний оюутнуудын хүүхдэд нэг жилийн 9900 австрали доллар, магистр докторын түвшний оюутнуудын хүүхдэд 6600 австрали доллар байдаг.

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг ковидын нөхцөл байдлаас болж өнөө жил өнжсөн. Авсралид байгаа монголчуудын хувьд яаж наадав?

-Австралид байгаа Монголчууд цагаан сар, баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Нутгаасаа хол байгаа хүмүүсийн хувьд үндэсний баярууд маань эх орноо санах, бахархах, элэг нэгтнүүдтэйгээ нэгэн өдрийг баярлан өнгөрөөх чухал өдөр. Том талбай дээр хуушуурын болон бусад худалдааны асрууд гарч, эрчүүд бөх барилдан, шагай харваж, хүүхдүүд уралдан, хүмүүс үндэсний дээл хувцсаараа гоёж, үндэсний дуу, бүжгийн тоглолтууд болж Монголдоо байгаа мэт нэгэн өдрийг өнгөрөөдөг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон учир бид гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн.

-Тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань хоорондоо хэр элэгтэй байдаг вэ?

-Монголчууд маань хоорондоо маш ойр, бие биеэ дэмжиж тусалж, элэг нэгтэй амьдардаг. Ихэнх Монголчууд бие биетэйгээ ойр нэг газраа төвлөрөн амьдардаг бөгөөд монгол хоолны газар, монгол дэлгүүрээр ч үйлчлүүлэх боломжтой. Спортын уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулагдахын зэрэгцээ сайн дурын үйл ажиллагаа, номын өдөрлөг, жижиг хэмжээний тоглолт гэх мэт Монголчуудыгаа хамарсан үйл ажиллагаанууд зохион байгууллагддаг. Мөн энд амжилттай бизнес эрхэлдэг олон монголчууд байдаг бөгөөд мөн тэднийгээ дэмжихийг эрмэлздэг.

-Хэдийгээр хилийн чандад байгаа ч гэсэн сонгуульд залуучуудын оролцоо ямар байдаг бол?

-Монгол улсын элчид сайдын яам Австралийн нийслэл болох Канберра хотод байрладаг боловч ихэнх Монголчууд маань Сидней, Мэлбурн гэх мэт өөр хотуудад амьдардаг. Тиймээс сонгууль өгөхийн тулд 300 гаруй километрийн зайд байрлах өөр хот руу явах шаардлага гарна. Хэдий тийм ч сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 800 орчим залуучууд оролцсон бөгөөд ихэнх нь үндэсний хувцсаараа гоёж, холоос зорин очиж хариуцлагатайгаар сонгуульдаа оролцсон. Сонгуульд саналаа өгөх сонирхолтой олон залуус байсан боловч ажил, хичээлийн байдлаас шалтгаалан хол явах боломжгүйгээс ирц буурсан болов уу.

-Монголын Элчин сайдын яамны зүгээс тэнд ажиллаж, амьдарч байгаа монголчуудынхаа нийгмийн асуудалд анхаарч чадаж байна уу?

-Элчин сайдын яам маань спорт, урлагийн болон баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулах тал дээр түлхүү анхаардаг. Нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг тухай одоохондоо надад мэдэх зүйл хомс байна. Мэдээж бичиг баримттай холбоотой элчингийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг.

-Австралид гэр бүлээрээ ажиллаж, амьдрахын давуу тал юу вэ?

-Австралийн нилээд хэдэн хотууд дэлхийн хамгийн амьдрахад таатай орнуудын жагсаалтыг байнга тэргүүлдэг. Эрүүл агаар, эрүүл хүнс, тохь тухтай амьдрах орчин, сургалтын чанар, үзэсгэлэнтэй байгаль гээд олон давуу талууд бий. Ажлын цаг эрт эхлэж, эрт дуусдаг болохоор гэр бүлдээ цаг гаргах боломжтой. Чийглэг дулаан уур амьсгал нь хүүхдүүдэд ээлтэй, аялал зугаалга хийхэд таатай мөн аюул багатай. Чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх олон боломж байхаас гадна хаа сайгүй байдаг хүүхэд тоглох боломжтой ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд нь надад их таалагддаг.

-Орон байрны хувьд ямар сонголттой байх бол?

-Энд амьдарч байгаа гэр бүлүүд, оюутнууд ихэвчлэн байр эсвэл өрөө түрээслэж амьдардаг. Жишээлбэл, гэр бүлээрээ 1-2 өрөө байр түрээслэж амьдрах, хажуу өрөөгөө өөр хүмүүст түрээслүүлэх гэх мэт. Аль болох зардлаа хэмнэх боловч тав тухтай амьдрахыг эрмэлздэг. Мэдээж байршлаасаа хамаараад үнийн хувьд ялгаатай. Хоёр унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөө бүхий байр, машины зогсоолын хамт долоо хоногт 550-650 австрали доллар, хажуу өрөө 250-350 австрали доллар байдаг. Илүү хямд эсвэл үнэтэй байрнууд ч мэдээж бий. Байрны хувьд тохь тухтай, цэвэрхэн, ихэвчлэн хотхондоо усан бассейн болон фитнесс заалтай байдаг.

-Сургуулиа төгсөөд эх орондоо ирж амьдрах уу. Ер нь Австралийг зорихоор зэхэж байгаа залуустаа юу гэж захимаар байна?

-Өндөр хөгжилтэй, сайхан оронд ажиллаж амьдарч байгаа хэдий ч өөрийн гэсэн зорилготой ирсэн. Түүнийгээ биелүүлээд аав ээж, гэр бүлдээ очиж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, элэг бүтэн сайхан амьдрахын төлөө өдөр бүр тасралтгүй хичээж, сурч, хөдөлмөрлөж байна. Ирэхээр зэхэж буй залуустаа хэлэхэд эх орондоо байхдаа хэлээ сайн сураад ирвэл зорилгоо хурдан биелүүлэхэд, мөн ажиллаж амьрахад илүү дөхөм байх болов уу.