Categories
гадаад мэдээ

Индонез улс Ази дахь цар тахлын голомтот бүс болж байна

Индонез

Индонез улсад өчигдөр коронавирусийн халдварт 54 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, Ази дахь “Ковид-19″ цар тахлын шинэ голомт боллоо гэж олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсын эрх баригчид коронавирусийн хурдан тархах чадвартай дельта хувилбар аялал жуулчлалын гол бүс Ява болон Бали арлуудад тархаж байгаад санаа зовниж байгаа юм байна.

Тодруулбал, тус арлуудад цар тахлын улмаас хэсэгчилсэн хөл хорио тогтоож, мөргөлийн газар, худалдааны том төвүүд, цэцэрлэгт хүрээлэн, ресторан зэрэг газруудын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Индонезийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 цагт тус улсад халдварын шинэ тохиолдол 54 517, нас барсан тохиолдол 911 бүртгэгджээ. Ингэснээр тус улсад цар тахал анх бүртгэгдсэнээс хойш нийт халдварын тоо 2.6 саяд хүрч, нас барсан тохиолдол 69 мянга давжээ. Тус улсад нэг сарын өмнө өдөрт халдварт шинэ тохиолдол 8000 орчим бүртгэгдэж байсан байна.

Индонезод өдөрт бүртгэгдэж байгаа тоо Энэтхэг улсад бүртгэгдэж байгаа тохиолдлын тооноос давжээ. Үүнээс гадна Индонез улсын хүн амын дунд хийж байгаа шинжилгээ бага түвшинд байгаа юм байна. Тус улсын засгийн газар Ява, Бали арлаас бусад мужуудад коронавирусний дельта хувилбар тархаж байгааг тогтоосон гэж эрүүл мэндийн сайд нь мэдэгджээ.

Мөн тус улс даяар коронавирусийн халдвар авсан өвчтөн хүлээж авахаар эмнэлгүүдэд 120 мянган ор бэлдсэнээс 90 гаруй мянгад нь өвчтөн хүлээн авчээ. Одоо засгийн газар нь 270 гаруй сая хүн амынхаа 181 сая гаруйг нь 2022 оны 3 дугаар сар гэхэд коронавирусний эсрэг вакцинд хамруулах зорилтоо биелүүлэхээр олон улсаас хангалттай хэмжээний вакцин авахаар чармайж байна.

Өнөөдрийн байдлаар тус улсад дөнгөж 15.6 сая хүн коронавирусийн хоёр тун вакцинд хамрагджээ. Дэлхийд хүн амын тоогоор 4 дүгээрт жагсдаг Индонез улс Синовак, АстраЗенека, Модернагаас 137.6 сая тун вакцин авчээ. Эдгээр вакцинаар 69 сая хүнээ дархлаажуулах юм байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дубайд дэлхийн хамгийн гүн усан сан нээгджээ

Дэлхий дээрх хамгийн гүн усан сан Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотноо нээгджээ.

60 метрийн гүнд шумбах боломжтой эл “Deep Dive” усан санд усан доорх амьдралыг сонирхдог хүмүүст зориулан бүхий л нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, усан сангийн ёроолд эртний суурингийн туурийг дуурайлган “живсэн хот”-ыг байгуулжээ.

Тус усан сан 14 сая ус багтаах хүчин чадалтай бөгөөд энэ нь Олимпын зургаан усан сантай дүйцэхүйц хэмжээ юм.

Нэг цаг “Deep Dive” усан санд орох төлбөр 135-410 ам.доллар гэнэ. Усан сан хясааны хэлбэртэй. Үүгээр энэ бүс нутгийг эрт дээр үед алдаршуулсан сувдны шумбагчдын дурсгалыг мөнхөлсөн аж.

Categories
мэдээ нийгэм

Тува 100 жилийн ойн наадмаа хойшлуулжээ

ОХУ-ын Тувад сүүлийн хэд хоног ковидийн халдварын тоо эрс нэмэгдлээ. Сарын өмнө өдөрт 1-2 халдвар бүртгэгддэг байсан бол одоо өдөрт 130-170 халдвар гарч байгаа юм.

Цар тахлын байдал хүндэрснээс Тувагийн БНУ байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэх хөтөлбөр өөрчлөгджээ. 1921 онд Танну́-Ту́ва улс байгуулагдсаныг албан ёсоор “төрсөн өдрөө” гэж үздэг байна.

Шинэ хөтөлбөрт 36 баярын арга хэмжээ багтсаны 16 нь онлайн явагдана. Үлдсэн 20 арга хэмжээг аюулгүй байдлыг хатуу чанд сахин, цөөн тооны үзэгчтэй явуулахаар болжээ.

Наймдугаар сарын 13-нд Тувагийн эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Иннокентий Георгиевич Сафьяновын хөшөөний нээлт болно. Мөн анхны төрийн тэргүүн Буян-Бадыргы Монгушын хөшөөнд цэцэг өргөнө. Урлагийн оддын тоглолтыг онлайнаар үзүүлэх, эсвэл 50 хувийн үзэгчтэй хийх хоёр хувилбарыг одоо хэлэлцэж байна.

Наадамд зодоглох бөхчүүд бүгд вакцинд хамрагдсан, шинжилгээ өгсөн гэрчилгээтэй байх ёстой. Гэхдээ хурдан морины уралдааныг байдал сайжиртал хойшлуулах гэнэ.

Categories
мэдээ улс-төр

​Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ЭМ-ийн байгууллагаа автомашин бэлэглэв

Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад туулах чадвартай автомашиныг хувиасаа гардууллаа.

Нийт 12 сумын Эрүүл мэндийн төв, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын газарт “УАЗ-Фургон” автомашин, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Ланд круйзер-76” автомашин, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газарт тус бүр 10,0 сая төгрөг тус тус гардуулсан аж.

Төрийн байгууллагын чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, “Ковид-19” цар тахлыг хохирол багатай даван туулах зорилгоор дээрх авто машиныг нийлүүлсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Буйр нуурт 1860 иргэн амарч байна

Баяр наадмын энэ өдрүүдэд Буйр нуурын орчимд 362 тээврийн хэрэгсэлтэй 1860 иргэн амарч байгааг Халх гол сумын Онцгой комиссоос мэдээллээ. Нуурын эрэг дагуу дөрвөн отог, жуулчны таван бааз хариуцлагын гэрээ байгуулж, шаардлага хангаснаар аялагчдыг хүлээн авч байгаа аж.

Улаанбаатар хот болон бусад орон нутгаас Дорнодыг зорин ирж буй аялагчдын дийлэнх нь Буйр нуур, Мэнэнгийн тал, Халх гол суманд аялаж амарч байна. Аймгийн МХГ, ЭМГ, Онцгой байдал зэрэг холбогдох байгууллагуудаас хүч нэмэгдүүлсэн ажлын хэсэг Буйр нуур орчимд хяналт зохицуулалт хийж ажиллаж байгаа юм. Ийнхүү хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор коронавируст халдварын тохиолдол буурч байснаа эргэж өсөх хандлагатай байгаа тул иргэдийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг чанд сахихыг анхааруулсаар байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Microsoft” үйлдлийн системийнхээ үүлэн хувилбарыг танилцуулжээ

Америкийн “Microsoft” корпорац “Windows” үйлдлийн системийнхээ үүлэн хувилбарыг танилцуулжээ.

“Windows 365” хэмээн нэрлэсэн энэхүү шинэ үүлэн систем нь хэрэглэгчид өөрсдийн хавсралт, мэдээлэлд дурын төхөөрөмжөөс алсаас нэвтрэх боломжийг олгох аж. Тодруулбал, ажилтнууд нь алсаас ажилладаг компаниудын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулагджээ.

“Windows 365”-ын тусламжтайгаар бид “Cloud PC” буюу үүлэн персонал компьютер гэсэн шинэ төрөл зүйлийг бий болгож байна” гэж корпорацийн гүйцэтгэх захирал Сатья Наделла мэдэгджээ. Түүний хэлснээр, “Windows 365”-ыг ашиглан “мэдээллийг төхөөрөмжид бус үүлэнд хадгалснаар” байгууллагууд илүү уян хатан зохицуулалт хийж, ажилчдаа чадавхжуулах найдвартай арга замтай” болно гэж найдаж байна.

Байгууллагууд “Microsoft”-ын үүлэн үйлдлийн системийг ирэх наймдугаар сарын 2-ноос ашиглаж эхлэх боломжтой байна. “Microsoft” компани үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбар болох “Windows 11”-ийг зургаадугаар сарын сүүлчээр танилцуулсан билээ. Энэхүү шинэ системд “Android” үйлдлийн системтэй төхөөрөмжүүдийн аппликейшнүүдийг “Windows” десктоп дээр ажиллуулах боломжийг олгодог болсноос гадна, “Start” цэс зүүн доод булангаас дэлгэцийн гол руу шилжсэн (Mac Dock-той төстэй болсон) гэх зэрэг шинэчлэлтүүдийг хийжээ. Түүнчлэн “Mac” үйлдлийн системтэй адил ажил, гэр, тоглоомын десктоп горимуудыг нэг компьютерт тохируулах боломжтой болсон байна.

Шинэ үйлдлийн систем нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамаагүй хурдан бөгөөд найдвартай болсон гэж компанийн төлөөлөгч танилцуулгын үеэр онцолжээ.

“Windows 11”-ийг хэрэглэгчид энэ оны сүүлчээр ашиглах боломжтой бөгөөд “Windows 10”-ыг хэрэглэгчид үйлдлийн системийг үнэгүй шинэчлэх боломжтой байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирэх бүх иргэнийг 14 хоног тусгаарлах саналыг УОК-т хүргүүлжээ

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр дельта хувилбарын SARS-CoV-2 вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх талаар хэлэлцсэн байна.

Улмаар гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг асуудлыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж буй.

Categories
мэдээ спорт

Их аварга Хакухо, Озэки Тэрүнофүжи нар 12 даваатай тэргүүлж явна

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн 12 дахь өдөр 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүми-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 12 даваатай башёг тэргүүлж байна.

Маргааш Их аварга Хакүхо, Сэкиваке Такаясү-тэй учраа таарсан байна. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 дахь өдөр буюу өнөөдөр Комүсүби Мэйсей-тэй учраа таарч, түүнийг кимэтаоши мэхээр төвөггүй давж 12 дахь даваагаа авч Их аваргын адил нэг ч уналгүй башёг тэргүүлсээр явна. Тэрбээр маргааш Озэки Шодай-тай барилдана.

Нагоя башёг 12 даваатай тэргүүлж яваа Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын араас хамгийн ойр буюу 9 даваатай байгаа Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-12/ хоёр тэргүүлэгчдийг нэхэж явна.

Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тэй учраа тааран барилдаж, түүнд ёрикири мэхээр унаж 8 даваа, 4 унаатай боллоо.

Харин Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн, Сэкиваке Такаясү-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 4 унаатай болов. Тэрбээр маргааш Комүсүби Мэйсей-тэй хүч үзнэ. Энэ өдөр Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши /М-10/-тэй таарч, түүнд коматасүкүи мэхээр унаж, 7 даваа, 5 унаатай болов.

Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Ишиүра /М-16/-тэй барилдаж, түүнийг ошидаши мэхээр унагаснаар 9 даваа, 3 унаатай болов. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ 12 дахь өдрийн барилдаанд Хидэноүми/М-9/-тэй барилдаж, түүнд уватэнаге мэхээр унаж 8 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Озэки Шодай энэ өдөр Окиноүми /М-5/-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж, 7 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Categories
мэдээ нийгэм

Нэг иргэн нуурын усанд морьтойгоо живжээ

Баянхонгор аймгийн Богд сумын “Битүүтийн-Эх” гэдэг нууранд нэг иргэн морьтойгоо живжээ.

Тодруулбал, нуурын эргээр морьтой дөрвөн хүн явж байснаас Богд сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/ нь морьтойгоо нууранд живсэн байна. Тухайн газар нь аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т байдаг аж.

Усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажлыг эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 7 дугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн заримгазар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 16-нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст халах төлөвтэй байна.

Иймд, гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.