Categories
гадаад мэдээ

​3D технологиор бүтээсэн шинэ гүүрний нээлтийг хийжээ

Өчигдөр Нидерландын нийслэл Амстердам хотын улаан дэнлүүний гудамж байдаг алдартай дүүрэгт 3D технологиор бүтээсэн явган хүний гүүрний өвөрмөц нээлтийн ажиллагаа болжээ.

Гүүрийг нээх ажиллагаанд тус улсын хааны хатан Максима оролцсон байна. Нээлтийн туузыг хайчлах ёслол өвөрмөц хэлбэрээр зохион байгуулагджээ.

Хатан удирдлагын ногоон товчийг дарахад хүн дүрстэй робот туузыг хайчилж, гүүрийг нээсэн байна.

Гүүрийг бүтээсэн MX3D компанийн захирал Тим Гюртенс “Хэрвээ маш өвөрмөц, гоёмсог гүүртэй болохыг хүсвэл хэвлэх шинэ аргыг ашиглаж болохоор боллоо. Энэ нь зардлыг бууруулаад зогсохгүй архитекторууд, дизайнеруудад цоо шинээр сэтгэж, ажиллах боломж олгож байна” гэж нээлтийн үеэр хэлжээ.

6 тоннын жинтэй уг байгууламжид мэдрэгчүүд байрлуулсан бөгөөд Лондон хотын Империал Коллежийн судлаачид ачаалал, нөхцөл байдлыг нь алсаас тогтмол хянаж байх гэнэ.

3D хэвлэгчээр бүтээсэн гүүрийг өмнө нь ашиглагдаж байсан гүүрийг засварлаж дуусах хүртэл буюу хоёр жилийн хугацаанд ашиглах ажээ.

Амстердам хотын зөвлөлийн дарга Мика Мос шинэ гүүр нь зугаацаж, цэнгэхээр ирдэг жуулчдаас өөр, уран барилга, дизайн сонирхдог шинэ төрлийн жуулчдыг татна гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтийн үеэр хэлсэн байна

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


Өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны Баасан гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Тиймээс өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээллээ.

Харин Даваа гаригаас хэвийн горимд шилжиж, 1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хязгаарласан бүсэд зорчихгүй нь.

Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах хуультай ч Баасан гаригийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний Бямба гаригт шилжүүлсэн билээ.

Categories
гадаад мэдээ

Дэлхий даяар 3.54 тэрбум тун вакцин тарьжээ

Дэлхий даяар “COVID-19”-ийн 3.54 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.

Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.41 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 391.34 сая тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.

Мөн АНУ-д 335.4 сая, Бразилд 118 сая, Германд 84.2 сая, Их Британид 81.18 сая, Японд 65.18 сая, Францад 61.18 сая, Туркт 60.85 сая тунг тус тус тарьжээ. Эдгээр орны араас Итали, Мексик, Индонез бичигдэж байна.

“Our World in Data” цахим хуудсанд мэдээлснээр, хүн амын тоог тарьсан вакцины тунтай харьцуулсан үзүүлэлтээр АНЭУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 100 хүн тутамд 162.99 тунг тарьжээ.

АНЭУ-ын араас Мальта /161.25/, Сейшелийн арлууд /141.98/, Исланд /135.04/, Сан Марино /132.74/, Бахрейн /130.23/, Уругвай /127.02/, Чили /126.85/, Израил /126.48/, Катар /119.83/, Их Британи /119.60/, Монгол /119.05/, Канад /116.20/, Сингапур /110.09/, Бельги /107.19/, Унгар /105.13 /, Испани /104.61/ жагсаж байна.

“COVID-19”-ийн ихэнх вакцин хоёр тунтай учир тарьсан тунгийн тоо нь вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн тоог илэрхийлэхгүй юм. Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 187.4 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхаарууллаа


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Мөн долдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн заримгазар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Энэ сарын 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст халах цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.

Иймд:

  • Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах,
  • Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
  • Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 2021 оны долдугаар сарын 16-ны баасан гаригт Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж, Авлигын эсрэг комисс байгуулна.

Тэрбээр, “Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна” хэмээн онцолсон юм.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Эрдэнэцогт: УИХ өөрийн эрх мэдлээ нэмээд байвал эрх мэдлийн тэнцвэрт байдал алдагдаж бүгдийг шийддэг, хянадаг хүч болж хувирна

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор профессор А.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Саяхан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртсэнд тань баяр хүргэе. Та нутаг ус, аав ээжийгээ танилцуулахгүй юу?

-Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хүн. Хуучин Төвшрүүлэхийн сангийн аж ахуй гэж атрын ууган сангийн аж ахуйнуудын нэг, тэр суманд төрж өссөн. Аав Д.Адилбиш Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Залуу насандаа Төвшрүүлэх суманд ирж ажил амьдралынхаа гарааг эхэлж миний ээж Д.Марусъятай гэр бүл болсон. Ээж маань Төвшрүүлэх суманд төрж өссөн. Аав жолооч, гагнуурчин мэргэжилтэй насаараа Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд жолооч, гагнуурчин, тоо бүртгэгч, нярав зэрэг ажлуудыг хийж явсан сум орондоо нэр хүндтэй хүн байсан. Ээж маань мөн насаараа тус сангийн аж ахуйн ажилчны клуб, сумын номын санд ажилчин, үйлчлэгчээр ажилласан ажилч хичээнгүй, цэвэрч нямбай хүн байсан. Эргээд бодоход үр хүүхэд биднийгээ багаас ажил хөдөлмөрт дуртай, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг зан чанар суулгах гэж мэрийн зүтгэж байж дээ.

-Таны ажил амьдрал МУИС-тай салшгүй холбоотой юм. Гэхдээ нэг хэсэг төрсөн нутагтаа ажиллаж байсан юм билээ. Энэ талаар сонирхуулаач?

-Би 1987 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Ингээд 1990 онд Хууль Цаазны Дунд Сургуулийг, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Үүний өмнө 1990 онд Төвшрүүлэх сумандаа АДХ-ын ГЗ-нд байцаагч, улсын байцаагчаар ажиллаж байгаад 1992-1995 онд сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Үүнээс хойш миний ажил амьдрал үндсэндээ МУИС-тай салшгүй холбоотой. Их сургуульдаа багшаас эхлээд ахлах багш, тэнхимийн эрхлэгч гээд удирдах албанд өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Мөн Монголын Хуульчдын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний сонгуульт албан тушаалыг тус тус хашиж байна.

-Таныг Хууль зүйн ухаанд Захиргааны процессын эрхзүй гэдэг шинэ чиглэлийг гаргаж ирж, өнөөгийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг?

-Өнгөрсөн хугацаанд Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрхзүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил голлон эрхэлж ирлээ. Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд Захиргааны процессын эрх зүй гэдэг шинэ салбарыг үндэслэн хөгжүүлж, үндэсний бие даасан салбар эрх зүй болгон хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь төр өндрөөр үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртээсэн болов уугэж бодож байна. Миний хийсэн бүтээснийг ийнхүү үнэлсэнд баяртай байна.

-Захиргааны эрхзүй гэдэг их өргөн хүрээтэй салбар. Тэр дундаа Захиргааны процессын эрхзүй гэсэн ойлголт гарч ирснээр энэ салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Хууль зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй гэсэн үндсэн дөрвөн салбар бий. Энэхүү суурь салбарууд дотроо материаллаг болон процессын эрхзүй гэж хоёр хуваагддаг. Жишээлбэл, Эрүүгийн эрхзүй, Эрүүгийн процессын эрхзүй гэж. Захиргааны эрхзүй үүн шиг л задарна. Захиргааны материаллаг эрхзүйн салбарын тухайд гэвэл Б.Чимэд багш 1970-аад оны эхээр, 1988 онд “Захиргааны эрхзүйн ерөнхий ангийн сурах бичиг”-ийг анх зохиож захиргааны материаллаг эрхзүйн чиглэлийг хөгжүүлсэн байдаг. Харин тухайн үед Захиргааны процессын эрхзүйн салбар зөв гольдролоор хөгжих боломж, бололцоо хаагдмал байсан. Монгол Улс захиргаадалтын дэглэмтэй байсан учраас эх газрын эрхзүйн хэв маяг болон захиргааны шүүх хөгжсөн улс орнуудтай адил түвшинд авч үзэх боломжгүй байсан нь мэдээж. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдснаар Захиргааны процессын эрхзүйн салбар жам ёсоор хөгжих нийгмийн зайлшгүй шаардлага гарч ирсэн. Би энэ чиглэлээр түлхүү ажиллаж “Захиргааны процессын эрхзүй” хэмээх анхны сурах бичгийг 2006 онд гаргасан. Энэ бол их, дээд сургуульд хэрэглэгдэх анхны сурах бичиг болсон гэдгээрээ онцлогтой. Одоо ч энэхүү сурах бичиг хууль эрхзүйн чиглэлийн их, дээд сургуулиудын гол сурах бичиг болж ашиглагдаж байгаа. Үүнээс гадна тухайн үеийн Дэлхийн банкны хөтөлбөрөөр “Шүүх эрхзүйн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтраад Захиргааны процессын эрхзүйн салбарын хичээлийн хөтөлбөр, гарын авлага зэргийг хэвлүүлэн хууль зүйн бүх их дээд сургуулиудад тараан өгсөн зэргээр энэ салбарын мэдлэг, чадварыг олгох ажлууд шат дараалан системтэйгээр хийгдсэн. Өнөөдөр Захиргааны процессын эрхзүйн салбар хуулийн их дээд сургуулийн заавал судлах судлагдахуун болж бусад суурь салбаруудтайгаа эн тэнцүү хөгжөөд явж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө хэдийд яг баталгааждаг вэ гэхээр үндсэн эрх зөрчигдөхөөс хамгаалсан процессын болон процедурын журмыг нарийвчилан хуульчилсан тохиолдолд хууль зүйн баталгаа нь сая хангагддаг. Тэгэхээр 1992 оноос хойш 2002, 2004 онд Захиргааны шүүх байгуулагдах, 2015 онд Захиргааны тухай ерөнхий хууль батлагдах хүртэл хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа бүрэн хангагдаагүй явж ирсэн гэсэн үг. Захиргааны процессын эрхзүйн салбар гэдэг нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг захиргааны байгууллагуудын хүнд суртал, дур зоргоороо гаргадаг шийдвэрээс хамгаалах хуулийн тогтолцоо юм. Тогтолцооны журмыг зөв тодорхойлох чухал. Товчхондоо иргэн захиргаа хоёрын дунд үүссэн маргаан бүхий харилцааг зохицуулдаг шинэ салбар, эрхзүйн орчин гарч ирсэн гэсэн үг. Захиргааны процессын эрхзүйн салбар хүмүүст төдийлөн анхаарал татах сэдэв биш юм шиг боловч бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байна. Хүн өдөр бүр л машинаа бариад замын хөдөлгөөнд оролцоно, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлдэг, бичиг баримт хөөцөлддөг гээд л бүхий л талаар захиргааны байгууллагатай харилцдаг. Энэ бүхэн дээр л захиргааны байгууллага хүнд суртал гаргахгүй байх, иргэнээ хохироохгүй байх, хэрэв иргэний эрхийг зөрчсөн эрх зүйн маргаан үүсвэл иргэнийг хамгаалдаг механизмтай байлгах л зорилготой юм шүү дээ.

-Тэгэхээр захиргааны процессын эрхзүйн ойлголт гарч ирснээр иргэн захиргааны байгууллагын эсрэг гомдол гаргах эрхтэй болсон. Өөр ямар давуу талууд бий болсон бэ?

-Монгол Улсын нийт захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд ялангуяа 1990 оноос өмнө хүнд суртал, чирэгдэл ихтэй, захиргаадалтын дэглэмийг хэрэгжүүлэгч институци байсан. Үйл ажиллагаа нь иргэний эрхийг хамгаалах хэрэгжүүлэхэд бус иргэнээ дур зоргоор захирах, дарангуйлахад чиглэгдэж байсан гэж болно. Энэ арга барил нь одоо ч бүрэн арилаагүй л байна. Үүнийг л хуулийн дагуу явагддаг, иргэн рүү хандсан захиргааны акт зэргийг гаргахдаа иргэний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчихгүй байхыг л зорилгоо болгох, зөрчигдсөн бол иргэний гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулдаг эрхзүй юм. Өмнө нь тогтолцооны хувьд иргэд захиргааны байгууллага болон албан тушаалтантай гаргасан шийдвэрийнх нь талаар маргах эрхгүй эрхээр төдийлөн хангагдаагүй.Харин эсрэгээрээ Засгийн шийдвэрийг зөрчвөл хариуцлага хүлээх тогтолцоотой байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Одоо бол иргэд эрхээ хэрхэн хамгаалуулахаа мэддэг болсон. Захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээний маргааныг иргэд Захиргааны шүүхээр дамжуулж шийдүүлж эрхээ хамгаалуулахаар ийм механизмийг бий болгосон. Монгол Улсын иргэд Захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа руу яаж оролцох, эрхээ яаж хамгаалуулах вэ гэдгийг л процессын хувьд тодорхой болгож өгснөөрөө онцлогтой. Ингэж байж орчин үеийн хууль эрхзүйг дээдэлсэн захиргааны байгууллага бий болдог. Энэ үйл явц манайд эхлээд явж байна.

-Ер нь иргэн захиргаа хоёрын хооронд аль төрлийн маргаан түлхүү гардаг вэ?

-Өдөр ирэх тусам захиргаа иргэн хоорондын маргаан шийдвэрлүүлэх байдал нэмэгдэж байна. Ингэхдээ иргэн захиргаа хоорондын маргааны дийлэнх хувийг захиргааны акттай холбоотой маргаан эзэлдэг. Захиргаанаас иргэн рүү чиглэж гардаг хориглосон, захиран тушаасан, эрхийг нь хязгаарласан, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосонч гэдэг юмуу актын маргаан их гардаг.

-Цэц үндсэн үүргээ гүйцэтгэхгүй байна гэж хуульчид шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Цэцийн үйл ажиллагаатай холбогдуулаад шүүмжлэлтэй хандаж буй зүйл, зарим ололттой зүйл ч байна. Өргөн хүрээнд өнөөдөр ярих боломжгүй учраас энд тодорхой зарим асуудлыг л ярья. Захиргааны процессын эрх зүйн салбартай холбогдуулан хэлэхэд Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн эрх зүйн шинжийг агуулаагүй буюу захиргааны акттай холбоотой маргааны захиргааны хэргийн шүүхтэй зэрэгцүүлэн буюу давхцуулан шийдвэрлэдэг буруу жишиг тогтсон байдаг. Үүнд тухайлан хэлбэл Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргаан, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбоотой маргаан, аймаг, нийслэлийн Засаг даргыг чөлөөлж, огцруулсантай холбогдсон маргаан ч гэдэг юмуу олон жишээг дурдаж болно. Эдгээр буруу жишгийг цаашид засч залруулан зөв жишиг тогтоох нь зүйтэй юм. Харин Цэц болон УИХ дээр шийдвэрлэгдээд явж байгаа асуудлуудаас дурдвал Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн, зарим маргааныг хянан хэлэлцсэн тухай 2021 оны 4-р сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлт гарсан байгаа. Үүний гол үндэс нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд хандаж хүсэлт гаргасан байдаг. Тэр хүсэлтийг Шүүхийн тухай хууль дотор байгаа ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог яаж бүрдүүлэх томилох вэ, шүүгч бус гишүүдийг яаж томилох вэ гэсэн асуудлаар УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн хүсэлтийг Цэц дунд суудлынхаа хуралдаанаар хэлэлцээд үүнтэй холбоотой гол гол заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн байна гээд гаргаад ирсэн. Шүүгч бус таван гишүүнийг хаанаас нэр дэвшүүлж, яаж томилох вэ гэдэг асуудлаар УИХ-аас баталсан зохицуулалт маш буруу гэж үзэж байгаа.Үүнийг харин Үндсэн хуулийн Цэц зөвдүгнэж тодорхойлж зөв шийдвэр гаргажээгэсэн байр суурьтай байна.

-Яагаад?

-УИХ өөрөө ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг тодорхойлж, томилж байгаа явдал нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж Цэц дүгнэсэн. Ингэхдээ хэд хэдэн үндэслэл дурдсан байгаа. Нэгдүгээрт Үндсэн хуулийн үзэл баримтал, нэмэлт өөрчлөлтийн агуулга юугаар илэрч байгаа вэ гэхээр Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль бий. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын хүрээнд шүүх эрх мэдлийн байгууллагуудыг яаж зохион байгуулах талаар УИХ-аас 02 тоот тогтоол гаргаад Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн дагуу хууль тогтоомжийг шинэчлэх цаг хугацааны хуваарь гаргасан байдаг. Энэ дотроо маш тодорхой заасан. ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог эрх мэдлийн институциудын тэнцвэрт байдлыг хангах үндсэн дээр хууль тогтоомжийг боловсруулж батлана гэсэн агуулгаар хуваарьтаа тусгасан байгаа. Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай хуульд Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй гээд заачихсан. Институциудын тэнцвэрт байдлыг хангана гэдэг нь мөн ялгаагүй. Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн нэг гол зөвшилцөл гэж хэлж болно. МУ-ын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад тэр зөвшилцлийнх нь агуулга нь энэ дагаж мөрдөх журмын тухай хууль болоод хуультогтоомжийг боловсронгуй болгож өөрчлөх цаг хугацааны хуваарь буюу тэр 02 тогтоолоор илэрч байгаа юм билээ. Тэгэхээр эдгээр нь өөрөө Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлт болоод явчихаж байгаа юм. Гэтэл УИХ энэ хуулийг батлахдаа энэ зөвшилцлийн гол агуулга болж байгаа Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон УИХ-ын 02 тоот тогтоолд заасан чиглэлүүдийг огт баримтлаагүй байдаг. Энэ өөрөө Ингэснээр УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн суурь агуулгад нийцэхгүй болчихож байгаа юм. Хоёрдугаарт шүүгч бус таван гишүүнийг УИХ өөрөө сонгон шалгаруулаад, томилох Үндсэн хуулийн ямар ч боломж байхгүй. Тэгэхээр Үндсэн хуулиар УИХ зөвхөн өөрт нь ажлаа тайлагнадаг байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож томилох үүрэгтэй. Тэгвэл ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо бол УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага биш. Тэгэхээр ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж, томилох эрх УИХ-д Үндсэн хуулиар өгөгдөөгүй гэсэн үг. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд хэт их эрх мэдэлдээ эрдэж өөрсдийнхөө хүнийг шүүхийн системд оруулах гэж Үндсэн хуульд байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлж явж байна гэж хэлж болохоор байна. ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо ямар нэгэн институциэс шууд хараат байж болохгүй. Өмнө нь өөрсдийнхөө ярьсаны эсрэг болчихож байгаа юм. Үе үеийн ерөнхийлөгч л эрх мэдэлтэй байгаад байна. Ерөнхийлөгчийн нөлөөллийг багасгахгүй бол болохгүй байна гээд яриад байгаа хэрнээ УИХ өөрийнхөө хэмжээ хязгаарыг, жолоог хэрхэн татахаа ярьдаггүй. Тэгээд нэг институцийнхээ хөлийг тайрчихаад УИХ-ынхаа эрх мэдлийг нэмээд байх юм бол УИХ эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулагч болж хувирна гэсэн үг. Бүгдийг шийддэг, хянадаг. Ингэж болохгүй. Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэхгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МИАТ ХК өнөөдөр Токио, Франкфуртын чиглэлд нислэг хийнэ

Долдугаар сард хийх олон улсын нислэгүүд хуваарийн дагуу үргэлжилж байна. Долдугаар сарын 16-ны баасан гаригт МИАТ ХК хоёр нислэг үйлдэнэ.

  • 11.00-16.35 цаг- Улаанбаатар- Токио
  • 17.35-22.25 цаг – Токио- Улаанбаатар
  • 10.00-14.50 цаг – Улаанбаатар- Франкфурт
  • 7 сарын 16/17-ны – 16.20- 08.30 цаг- Франкфурт- Улаанбаатарын нислэгтэй.

Долдугаар сарын сүүлийн хагаст хийх олон улсын нислэгийн хуваарь


Зорчигчдын анхааралд:

  • Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй зорчигчид буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, КОВИД-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигчдын тоо нэг аялал гүйцэтгэхэд хангалттай бүрдсэн тохиолдолд хүсэлт гаргасан агаарын тээвэрлэгчид нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.
  • Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандана уу.
  • Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байна.
  • Энэхүү хуваарь нь COVID-19 цар тахлын тархалтаас хамааран үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтой.
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанаас шалтгаалан нислэгийн цаг хойшлох магадлалтайг анхаарна уу.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хурандаа Ц.Нямбаяр: Хулгайч өнгөтэй өөдтэй, үнэтэйг нь хамдаг бол гал, гамшиг осол юу ч үлдээлгүй бүхнийг авдаг

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяртай ярилцлаа.


-Онцгой байдлын байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна. Жирийн гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхэлж байв уу?

-Онцгой байдлын байгууллагад 1998 онд тухайн үеийн Нийслэлийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал унтраах 10 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн тэр мөчөөс өнөөдрийг хүртэл тасралтгүй 24 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гал сөнөөгчөөс, бага дарга, Цагдаагийн академийн Галын танхимд суралцан төгсөөд салаан дарга, жижүүрийн байцаагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хэрэг бүртгэгчээр ажиллаж байгаад ОХУ-ын Москва хотын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж ирээд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Бодлого зохицуулалт хамтын ажиллагааны газарт Сургалтын хэлтэст сургалтын мэргэжилтэн, гал унтраах чиглэлийн ахлах мэргэжилтэн, гал унтраах Хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2018 оноос Гал түймэртэй тэмцэх газрын даргаар ажиллаж байна.

-ОБЕГ-т ирж байгаа нийт дуудлага мэдээллийн хэд орчим хувийг галын дуудлага мэдээлэл эзэлж байна вэ?

-Монгол Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа гамшиг, ослын дуудлага мэдээллийн 90 орчим хувийг объектын, ой хээрийн гал түймрийн дуудлага эзэлдэг. Өнөө жилийн байдлаар объектын гал түймрийн 1379 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж онцгой байдлын байгууллага 100 иргэний амь насыг авран хамгаалсан бол харамсалтай нь 39 иргэн гал түймэрт өртөн нас барж, 22 иргэн хүнд болон хөнгөн байдлаар түлэгдэж бэртэж, 1000 гаруй мал хорогдсон мэдээтэй байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гал түймрийн дуудлагын тоо 23.7 хувь, гал түймэрт өртөж нас барсан иргэдийн тоо 15.3 хувь, учирсан хохирол 11.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд гэсэн долоон аймгийн 17 суманд нийт 23 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд байна. Дээрх түймэрт 457.3 га ой, 112 мянган га хээрийн талбай өртөж байгаль орчинд нийт 1.2 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Ой хээрийн гал түймрийн дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73.1 хувиар буурсан байна.

-Гал түймрийн дуудлага мэдээлэл, хохирлын хэмжээ буурах шалтгаан нөхцөл юу байв?

-Гал түймрийн дуудлага мэдээллийн тоо, хохирол буурахад нөлөөлсөн хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Онцгой байдлын байгууллагаас объектын болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй шууд холбоотой. Тухайлбал, нийслэл хотын 80 орчим хувийг бүрдүүлж байгаа гэр хорооллын айл өрхүүдээр онцгой байдлын албаны алба хаагчид биечлэн явж сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл хүргэх, гарсан зөрчлийг арилгуулж ажилласан нь тодорхой үр дүнд хүрлээ. Дээр нь Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу онцгой байдлын байгууллагын Гал түймрийн гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагууд хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна.

-Онцгой байдлын байгууллагаас гал түймрийн аюул ослын талаар хэлж, анхааруулсаар байтал иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж гал түймрийн аюулд өөрийгөө болон бусдыг оруулдаг шүү дээ. Иргэд гал түймрийн аюул ослын талаарх мэдлэг мэдээллийг сайжруулахад анхаарч ажиллавал та бүхний ачаалал буурах байх л даа?

-Гал түймэр гарсан шалтгаан нөхцөлийг аваад үзэхээр дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй шууд холбоотой байдаг. Ой хээрийн түймэр ч тэр, объектын түймэр ч тэр. Өнөө л цахилгаан хэрэгслээ салгахгүй байх, зуух, пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй, үнс нурмаа ил задгай хаях, цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй ажиллагааг шалгаагүй зэрэг хүн сонсоход улиг болчихсон энгийн зүйлээс шалтгаалж гал түймэр гарч байна. Тоомжиргүй орхидог буруу дадал, зан үйл чинь эргээд таны амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд нөхөж баршгүй том аюул занал учруулдгийг байнга санаж байх хэрэгтэй. Тухайлбал, хоёр жилийн өмнө зуслангийн газар шар өвс шатааснаас болж 10 гаруй айлын газар байшин шатсан. Мэргэжлийн байгууллагуудаас хаврын улиралд шар өвс шатааж болохгүй гэдгийг удаа дараа анхааруулсаар байтал хэн нэгэн хэнэггүй хүний болчимгүй үйлдлээс болж олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон. Ой хээрийн түймэр ихэвчлэн тамхины ишээ ил задгай хаях болон, ил задгай чүдэнз зурж орхисноос үүдэн гарч байна. Нэг л удаагийн болгоомжгүй үйлдлээс хичнээн мянган га газар түймэрт өртөж байгааг харахад сэтгэл үнэхээр эмзэглэдэг. Хулгайч өнгөтэй өөдтэй, үнэтэйг авдаг бол гал түймэр, гамшиг осол юу ч үлдээлгүй бүхнийг авдаг. Орон гэрээ, ойр дотныхоо хүнийг алдчихсан хүмүүсийг хараад сэтгэл эмтэрдэг.

Тиймээс нэг ч гэсэн хүнд ийм аюул осол бүү тохиолдоосой гэдэг үүднээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг тогтмол зохиодог. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө мэдээллийг байнга ажил амьдралдаа хэрэгжүүлж дадахыг иргэдээсээ хүсч байна.

-Гал түймрийн аюул, ослоос иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаална гэдэг минут секундээр хэмжигддэг. Энэ чухал ажлыг гардан гүйцэтгэж байгаа алба хаагчдын мэргэжлийн ур чадвар өндөр байх шаардлагатай. Хүний нөөцийн ур чадварыг сайжруулахад хэрхэн анхаарч байна?

-Гамшиг осол, гал түймэртэй тэмцэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах албанд ажиллаж байгаа алба хаагчдын ур чадвар, мэргэжилдээ эзэн болох мэдлэг эзэмшсэн, дадлага туршлагатай байх нь хамгийн чухал ойлголт. Тийм ч учраас онцгой байдлын байгууллагын алба хаагчид өдөр бүр тогтмол бэлтгэл сургуулилттай, бэлэн байдалд байдаг онцлогтой алба. Бид алба хаагчдаа ОХУ, БНСУ, Польш, Турк, Унгар зэрэг улс оронд төрөл бүрийн мэргэжлээр сургадаг. Гал түймэртэй тэмцэх чиглэлийн алба хаагчдын дийлэнх нь ОХУ-ын Москва хот дахь Гал эсэргүүцэх албаны академи болон Санкт-Петербург хотын Галын Их сургуульд жил бүр боловсон хүчнээ бэлтгэдэг. Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн харьяа Онцгой байдлын сургуульд мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж байна. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа ахлагч, аврагч, гал сөнөөгчдийг олон улсын дадлага сургуульд хамруулж, ур чадвар, мэдлэг туршлагаа сайжруулахад ихээхэн анхаардаг.

-Алба хаагчид ур чадвартай байхаас гадна шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх нь чухал байх л даа?

-Хүний хүчин зүйл, алба хаагчдын мэдлэг чадвартай ижил түвшинд зэрэгцэн хөгжиж байх ёстой нэг зүйл бол орчин үед гал унтраах, аврах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа багаж тоног, төхөөрөмжөөр манай улсын онцгой байдлын алба хаагчид хэрхэн хангагдсан байна,түүнийг хэрхэн ашиглаж, эзэмшиж ажил мэргэжилдээ хэрэглэж, дадсан байна гэх зэрэг чухал үзүүлэлтүүдээр ажлынхаа үр дүнг хэмждэг.

Монгол Улсын Гал түймэртэй тэмцэх байгууллага түүхэндээ 1979-1980 онд гал унтраах 81 ширхэг автомашин нийлүүлсэн байдаг. Энэ цаг мөчөөс хойш 40 гаруй жил өнгөрсөн байна. Техник хэрэгслийн хувьд нэлээд хуучирсан. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын техник, технологийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарсаар ирсэн. Тухайлбал, Япон улсын Засгийн газрын тусламжаар дөрвөн төрлийн 30 ширхэг гал унтраах автомашиныг 2013 онд нийлүүлж байсан бол 2015 оноос хойш Монгол Улсын хэмжээнд Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах 20 ангийг алслагдсан сум суурин газар шинээр байгуулсан. Тухайлбал Хөвсгөл аймгийн Тариалан, Цагаан-Уул, Галт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Халх гол, Завханы Тэс, Увсын Баруунтуруун, Ховдын Зэрэг, Баян-Өлгийн Цэнгэл, Баянхонгорын Бууцагаан, Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр зэрэг суманд шинээр гал унтраах анги байгуулж, алслагдсан сум суурин газар амьдарч байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, тэдэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэж байна.

Бид 2016 онд Австри болон Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий евро стандартын 16 ширхэг автомашиныг таван сая еврогийн өртгөөр албандаа нийлүүллээ. Үүний дараа Польш болон Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гурван төрлийн 15 ширхэг автомашин нийлүүлсэн. Уг төслийг Онцгой байдлын байгууллага амжилттай хэрэгжүүлсэндээ баяртай байна. Беларусь улс болон Монгол Улсын Засгийн газрын хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд нийт 15.4 сая еврогийн өртөг бүхий 71 ширхэг техникийг хүлээн авах төсөл 2020-2021 онд үргэлжилж, тавдугаар сард сүүлийн 15 ширхэг автомашиныг хоёр чиргүүлийн хамт хүлээн авч, алба хаагчдаа сургаж дадлагажуулаад, орон нутгийн анги, салбартаа хүлээлгэн өгөөд байна.

-Сүүлийн жилүүдэд Гал унтраах аврах багийн техник, тоног төхөөрөмж нэлээд сайжирсан гэж ойлголоо. Өмнө нь манай улсад хэрэглэгдэж байгаагүй техник, тоног төхөөрөмжөөс дурдахгүй юу?

-Бидэнд зайлшгүй хэрэгтэй байсан гал унтраах хоолойн албаны автомашин, нефтийн бүтээгдэхүүний агуулахад гарсан галыг хөөсөөр унтраах зориулалтын автомашин, та бидний нэрлэж заншсанаар галын шат буюу авто механик шатууд, химийн хорт бодис ослын үед ашиглах бүх төрлийн хэмжилтийн багажууд, хамгаалах хувцас хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангасан машин техник, хувцас хэрэгсэл нийлүүлэгдсэнээрээ онцлогтой. Эдгээр автомашинуудыг өмнө нь манайд гал унтраах зориулалтаар ашиглаж байсан тохиолдол байхгүй. Тиймээс шинээр нэвтрүүлж байгаа учраас алба хаагчдаа дадлага сургуулилтад хамруулж, техник хэрэгслээ бүрэн эзэмшихэд бэлдэж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Хоолой албаны автомашины хувьд өөрөөсөө 1000 метр зайд гарсан гал түймрийг унтраах өндөр хүчин чадалтай, Герман улсын JOHSTADT-ANP-8000 брэндийн насосоор тоноглогдсоноороо онцлогтой. Техник, технологийн дэвшил, шинэчлэл, орчин үед барилгын материалын шинж чанараас шалтгаалан гал түймэр гарсан тохиолдолд богино хугацаанд тархах гэх мэт сөрөг үр дагавар сүүлийн жилүүдэд нэлээд гарах болсон. Та бүхэн санаж байгаа бол манай улсад сүүлийн жилүүдэд томоохон объектын гал түймэр олноор бүртгэгдсэн. Тухайлбал, Улсын их дэлгүүрт гарсан гал түймэрт нийслэл дэх гал түймэр унтраах, аврах анги салбараасаа нэг ангийг л үлдээгээд бусад бүх ангийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг дайчлан ажилласан. Иймэрхүү томоохон хэмжээний гал түймрийн үед Онцгой байдлын бие бүрэлдэхүүний техник хэрэгсэл дутагдалтай, хүч хүрэхгүй тохиолдол гарсныг нуугаад яахав. Манай улсад хүн хүч, техник хэрэгслийн хувьд 100 хувь стандартын дагуу үйл ажиллагаа явууулж байгаа анги салбар байхгүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр обьектын болон ой, хээрийн түймэртэй тэмцэж байгаа алба хаагчид байх ёстой орон тоондоо хүрч үүрэг гүйцэтгэх нөхцөл хараахан бүрдээгүй учраас хоёр гал сөнөөгч, хоёр аврагчийн хийх ажлыг нэг алба хаагч хийж байна. Тухайлбал, стандартын дагуу нэгдүгээр зэргийн анги 180 орчим алба хаагчтай байхаар заасан бол бид 110 орчим алба хаагчтай үүрэг гүйцэтгэж байна.

-Манай улсын дэд бүтцийг өндөр хөгжилтэй улс оронтой харьцуулахын аргагүй. Айлууд нь уул толгод, жалга, энгэр бэлд буучихдаг. Өөрөөр хэлбэл, бартаа саад ихтэй зам туулдаг. Техник хэрэгслийн туулах чадвар, манай улсын онцлогт тохирох эсэхэд анхаарсан уу?

-Энэ бол их чухал асуудал байгаа юм. Бид эдгээр төслийг хэрэгжүүлэхдээ өндөр хөгжилтэй улс оронд хэрэглэж байгаа техник хэрэгслийг шууд сонгоод авчихаагүй. Бид өвөлдөө -30 хэм, зундаа 30 хэмээс дээш халуунд үүрэг гүйцэтгэдэг, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай орчинд амьдардаг. Дэлхийд хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа гал унтраах материал бол ус болон хөөс. Ус, хөөс тодорхой хэмд хөлддөг, чанараа алддаг. Хоёрдугаарт, Монгол Улсын замын нөхцөлд тохирсон автомашин, тоног төхөөрөмжийг сонгоно гэдэг хэцүү. Тиймээс анхнаасаа төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ, техникийн өгөгдөл, даалгавар, зураг төсөл зохиохоос нь эхлээд Монгол орны онцлогт тохируулсан. Энэ бол нэг хүний, хэсэг бүлэг хүмүүсийн хийсэн ажил биш. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бодлогын түвшинд боловсруулж, манай орны нөхцөлд тохирсон техникийн өгөгдлүүдийг гаргаж, 2018 онд Гал унтраах автомашин, техникийн стандартыг шинэчлэн батлуулсан. Эдгээр стандартын дагуу Монгол орны нөхцөлд тохирсон тусгай зориулалтын автомашины явах эд анги, хөдөлгүүр ямар байх, гал унтраах багаж тоног төхөөрөмжүүд нь евро стандартын шаардлага хангасан байхаас гадна монгол орны нөхцөлд тохирсон байх шаардлагуудыг тавьсан. Энэ хүрээнд төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагын бүрэлдэхүүн манай оронд урт, богино хугацаанд ажиллаж, санал солилцож зураг, төсөл зохиохоос эхлэн машин техник бэлэн болох хүртэл нэлээд хугацааг зарцуулсан. Тухайлбал, 2017 онд эхэлсэн Франц улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт нэн хөнгөлөлттэй зээлээр 42 ширхэг автомашин авах төсөл хэрэгжүүлээд ирэх есдүгээр сард техникүүдээ хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байна.

-Зарим тохиолдолд галын дуудлага өгсөн боловч алба хаагчид цаг алдаж ирсэн гэх гомдол гардаг. Үүнд юу нөлөөлдөг вэ?

-Онцгой байдлын алба хаагчид бол аль болох богино хугацаанд тусламж хэрэгтэй байгаа тэр нөхцөл байдалд ажиллаж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилго өвөртөлдөг ариун алба.

Гал түймрийн дуудлага дээр хугацаа алдаж очдог гэх иргэдийн шүүмжлэл бий. Энэ нь хэд, хэдэн хүчин зүйлээс улбаатай. Гал түймрийн дуудлага өгөхдөө иргэд айсан, сандарсан байдгаас хаягаа оновчтой хэлдэггүй. Хоёрдугаарт, хот төлөвлөлтийн нарийн менежмэнт байхгүй, галын автомашин очих боломжгүй газар буучихдаг, стандартын дагуу баригдаагүй барилга байгууламж, замын хөдөлгөөний ачаалал зэрэг олон хүчин зүйлээс улбаалж цаг алдах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид нэг ч болов секундыг алдахгүйн төлөө бүх хүчээ дайчлан ажилладаг. Нэг секунд ямар үнэ цэнэтэй байдгийг галын аюулаас амжиж аварсан алтан амиар хэмждэг дээ. Тийм учраас бид дуудлага өгсөн чиглэлд гарсны дараа дуудлага хүлээн авагчид хаягийг тодруулж аль болох ойролцоох барилга байгууламжаар нь баримжаа авч дуудлагын багт араас нь хэлдэг. Мөн авто замын ачааллыг бууруулахын тулд Тээврийн цагдаагийн албатай нягт хамтран ажиллаж, урсгал чөлөөлөх, түргэн шуурхай зорчихын тулд дэмжлэг авдаг. Өнөөдөр дэлхий нийт технологийн дэвшлийг хурдацтай ашиглаж байна. Бид ч бас технологийн дэвшлийг ашиглаж, онцгой байдлын байгууллага дуудлага хүлээж аваад автомашин дээрх GPS-д оруулахад хүний оролцоогүйгээр дуудлага авсан газраас өгсөн газар хүртэлх газар орны хаягийг тодорхойлдог болох төслийг удахгүй хэрэгжүүлэх гэж байна.

-Гал сөнөөгчдийн хамгийн жаргалтай мөч хэзээ байдаг юм бол?

-Ер нь бол гал сөнөөгч гэдэг бол амаргүй алба. Үүрэг гүйцэтгэж байх үед болон бусад үед үргэлж бэлэн байдалд ажилладаг хүмүүс л дээ. Айсан сандарсан, зөвхөн бидэнд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө бүрэн даатгаж, итгэл хүлээлгэсэн харцны хариуд үүргээ амжилттай гүйцэтгээд, иргэдийнхээ амь насыг авран хамгаалсныхаа дараа царай нь танигдахгүй болтлоо хөө тортогт дарагдсан ч, их ажлын дараа инээмсэглээд алхах залуучуудаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.

“Говь” ХХК-д гарсан галыг унтраасны дараа машины сүүдэрт түр амсхийж байгаа залуучуудын зураг, УИД-т гарсан галыг унтраачихаад жагсаад явж байгаа манай албаны залуучуудад иргэд талархсан сэтгэлээ харамгүй илгээж байсан. Үүнээс харахад иргэд онцгой байдлын алба хаагчдаа ойлгож дэмжиж байгааг харах сайхан санагдсаныг нуух юун. Энэ албанд ажиллаж байгаа залуучууд болон, төдийгөөс өдий хүртэл бүтээж, бэхжүүлэхийн төлөө залуу халуун насаа зориулсан ахмад үеийнхэндээ, мөр зэрэгцэн ажиллаж байгаа онцгой байдлын албаны үе үеийн алба хаагч нартаа хандаж хэлэхэд “Манай алба та бүхний итгэл сэтгэлээр жигүүрлэж, та бүхний залуу халуун насны ааг омгоор гамшиг ослын өөдөөс нүд цавчилгүй, ханцуй шамлан орж, гамшиг ослыг сөрөн зогсдог юм шүү. Та бүхний минь зүрх зориг, эрч хүч, эрдэм мэдлэгийн хүчээр манай алба улам бэхжиж, тогтдог юм шүү. Онцгой байдлын газраар овоглосон хэн бүхэнд аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Бидний ажил амаргүй ч үргэлж хоёргүй сэтгэлээр эх орон, ард иргэдийн төлөө цаг наргүй зүтгэдэг та бүхэндээ баярлалаа.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх үхэр өдөр

Аргын тооллын долдугаар сарын 16, Сугар гариг. Билгийн тооллын 7, Тугчин одтой, хөх үхэр өдөр. Өдрийн наран 05:10 цагт мандан, 20:47 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрднийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээ үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 26-28 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутггийн өмнөд хэсгээр 21-26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.