Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 25-27 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутггийн баруун өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 33-38 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаан бар өдөр

Аргын тооллын долдугаар сарын 17, Санчир гариг. Билгийн тооллын 8, Тэргүүн дагуул одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 05:11 цагт мандан, 20:46 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.
Categories
мэдээ нийгэм

Х.Цогбадрах: Иргэд голын эрэгт архидан согтуурч, усанд осолдож байна

Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу хөдөлгөөнт завьт эргүүлийн алба хаагч нар үүрэг гүйцэтгэж буй юм.

Иргэдэд шаардлага тавин ажиллаж буй НОБГ-ын Аврах ангийн аврагч, тэргүүн ахлагч Х.Цогбадрах “Иргэд голын эрэгт архидан согтуурч байгаа нь эрсдэл үүсгэж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд усанд осолдох, үүний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол байна. Мөн хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисны улмаас усны ослууд бүртгэгдэж байна. Иргэд амарч, зугаалахдаа хандлагаа өөрчилж, хариуцлагатай байх хэрэгтэй” гэв.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлийн алба хаагч нар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Баяр наадмын амралтын өдрүүдээр усны дуудлага нэмэгдсэн. Мөн бороо орсны улмаас усны түвшин нэмэгдэж өнөөдрийн байдлаар голын салаанд автомашинтайгаа боогдсон гэх дуудлага эрс нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс гарцгүй газраар гол гарахгүй байх, голын салаа, бургасанд орохгүй байхыг Онцгой байдлын албан хаагчид сануулж байна.

  • Аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол байрлах
  • Хүүхдийг гол, мөрөн, нуур, цөөрмийн орчинд тоглуулахгүй байх
  • Бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байх
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
Categories
гадаад мэдээ

Брэдли Бийл коронавирусийн халдвар авч, олимпод оролцох боломжгүй болжээ

“Токио-2020” 32 дахь удаагийн зуны олимпийн наадамд АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүнээр сонгогдоод байсан Брэдли Бийл коронавирусийн халдвар авч, ээлжит олимпийн наадамд оролцох боломжгүй болсон байна. Энэ талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Грег Попович “Брэдли Бийлийг алдсанаар манай шигшээ багт асар том гарз тохиолоо. Тэр бүх зүйлийг ойлгож, мэдэж, багтаа үнэхээр сайхан ууссан байлаа” гэжээ.

Токиог зорих шигшээ багийн гишүүн коронавирусийн халдвар авснаар дахин шигшээ багийн гишүүн дуудах юм. Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын Олимпийн хорооноос Үндэсний сагсан бөмбөгийн холбооны гурван тамирчин руу хүсэлт илгээгээд байгаа гэнэ.

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг “Токио-2020” олимпийн наадмыг эхний тоглолтоо энэ сарын 25-нд Франц Улсын шигшээ багийн эсрэг хийх хуваарьтай байгаа бөгөөд Япон Улсыг зорихоосоо өмнө Лас Вегас хотод хоёр тоглолтод оролцох юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Уул уурхайн компаниудад албан шаардлага хүргүүллээ

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 22 уурхайн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

Шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал хангалтгүй, ажилчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулаагүй, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй, насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, журам зааврыг мөрдөөгүй зэрэг олон зөрчил илэрчээ. Тиймээс зарим аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Уул уурхайн салбарт мэргэжлийн байгууллагаас өгсөн албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүний амь эрсдэх, бэртэж гэмтэх, эрүүл мэндээр хохирох асуудал багагүй гардаг тул учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна хэмээн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

“Zhurong” Ангараг дээр 450 метр аялжээ

Ангараг гаргийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр 450 метр аялаад байна гэж тус улсын Сансар судлалын үндэсний газар /CNSA/ пүрэв гарагт мэдээлэв.

Энэхүү төхөөрөмж Ангарагийн гадаргуу дээр газардсанаасаа хойш судалгаа, ажиглалт хийхээр өмнө зүгийг зорьсон бөгөөд төхөөрөмж дээрх камер гаргийн гэрэл зургуудыг өдөр бүр авчээ. Ийнхүү хамгийн сүүлийн зурагт Ангарагнаа явагч төхөөрөмж шүхрээсээ 30 метр зайд буйг харуулжээ.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар, “Zhurong” Улаан нүдэн гараг дээр Ангарагийн 60 өдрийн турш судалгаа хийжээ. Ангарагийн өдөр нь дэлхийнхээс 40 орчим минутаар урт байдаг.

БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн “Tianwen-1” сансрын аппаратаа Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд тавдугаар сарын 15-нд Улаан нүдэн гараг дээр газардсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дарханы эхний 130 км автозамыг нээгээд байна

Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын эхний 130 км замыг нээгээд байна. Тодруулбал, дээрх хэсгийн замыг бүхэлдээ асфальтаар бүрэн хучсанаар зорчих хөдөлгөөнийг энэ сарын 15-наас нээжээ. 130 км-ээс цаашхи автозамын шинэчлэл, засварыг үргэлжлүүлэн хийж буй тул тээврийн хэрэгсэл сайжруулсан шороон замаар зорчиж байгаа юм. Одоо эхний нээсэн 130 км автозамд замын тэмдэг, тэмдэглээг хийж байна. Нэг багц буюу 45 км зам дээр 300 гаруй тэмдэг тавих шаардлагатай байгаа аж. Зам засвар, шинэчлэлийг хийж буй гүйцэтгэгч компаниудын төлөөллийн тодруулгыг хүргэж байна.

ЕСБХБ-ны төслийн 4 багцийн хэсгийн ажлын талаар “Шанхай Констракшн групп” компанийн төслийн инженер О.Батхүү, “Бид ажлаа 2019 оны 7 дугаар сараас эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд манай гүйцэтгэгч БНХАУ-ын компанийн мэргэжилтнүүд болон нарийн мэргэжлийн ажилчид коронавирусний халдварын хориг, хязгаарлалтаас болж орж чадалгүй удсан явдал бий. 8 дугаар сарын эхээр ирсэн. Эртхэн инженерүүд ирсэн бол өнгөрсөн жил Дархан-2 өртөөний орчмын автозамын хучилтаа хийгээд хөдөлгөөнийг нээх байсан.

Хар модотын даваанаас Урьхан хүртэлх 45.5 км-ын автозамыг хариуцан ажиллаж буй “Жонмэй Инженеринг групп”-ийн төслийн удирдагч Лу Бинг, “Манайх замын дунд Сайханы гүүрийг мөн хариуцан туслан гүйцэтгэгчээр WXP компани ажиллаж байна. “Жонмэй Инженеринг групп”-ийн хувьд ЕСБХБ-ны хөрөнгө оруулалттай төслийн 2-3 хэсгийг хариуцан ажиллаж байна.

-Замын өргөнийг стандартаар хэдэн үе тавьж байна вэ? Замын даац, чанарын баталгаа, ашиглалтын хугацааг хэлнэ?

-Замын нийт өргөн 11 метр урттай тавьж байгаа. Замын даацыг нэг автомашин 11 тонн гэж үзэж буй. Манайх 3 жилийн баталгаатайгаар замаа хариуцаж байгаа. Эвдрэл, гэмтэл гарлаа гэхэд 3 жил засварлаж хариуцана гэв. Гүүрийн инженер Б.Болдхуяг:

-Хоёрдугаар багцад хамаарах Сайханы голын 18 метр гүүр барих ажил одоо 45-50 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид 40-45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаг агаарын нөхцөл байдал буюу усархаг борооны улмаас 10 хоног, хорио цээр, цар тахлаас болоод 16 хоног алдсан. Хятадаас ирэх үндсэн материалаа хүлээж байгаа. Мөн нийслэлээс ирэх бетон цутгамал, арматур байна. Бүтэн сар хүлээж байгаа ч боломжоороо ажиллаж байна гэв.

Тус компани Сайханы гүүрээс гадна Дарханы автозамын 2 дугаар багцад харьяалагдах Шивэртийн болон Шавартын гүүрийг тавих юм. Нийт ажил 9 дүгээр сард дуусна гэв.

АХБ болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны зээлийн санхүүжилтээр тавьж буй УБ-Дарханы чиглэлийн автозамыг 5 багц болгон хэсэгчилэн тавьж буй юм. Үүнд:

  • I багц: Нийслэлээс баруун аймгууд руу салах тойрог уулзвараас Хар модотын (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км автозам. Гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж” компани,
  • II багц: Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км автозам, мөн БНХАУ-ын “Жонмэй Инженеринг групп,
  • III багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км автозам, БНХАУ-ын “Гуйжоу Хайвэй инженеринг групп”,
  • IV багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий-Хонгор сум хүртэлх 45.08 км автозам,
  • V багц: Цайдамын хөндийгөөс Дархан хотын тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозам. “Чайна Жео-инженеринг корпорац.

УБ-Дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын захиалагчаар Монгол Улсын ЗТХЯ, санхүүжилэгчээр Сангийн яам, АХБ, ЕСБХБ, зөвлөхөөр БНЭУ-ын ICT болон туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Ай Си Ти Сайн консалтинг” ХХК, мөн Итали улсын “Аи Ар Ди инженеринг” БНЭУ-ын “Аи Си Ти” компанийн түншлэл хамтран оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна

Баяр, амралтын өдрүүдэд усны ослын дуудлага эрс нэмэгдээд байна.

Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар усны ослын 10 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатар хотод 2, Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган, Хэнтий аймгуудад тус бүр нэг, нийтдээ 6 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу долдугаар сарын 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Мөн долдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Түүнчлэн гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

– Иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол оюутнууд SUSI хөтөлбөрийн 100 хувийн тэтгэлэгт хамрагджээ

Бакалаврын эмэгтэй оюутнуудад зориулсан Study of U.S. Institute on (SUSI) Women’s Leadership нь 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөр юм. АНУ-ын их дээд сургуулиуд дээр зохион байгуулагддаг тус хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийг тулгамдаж буй асуудлуудад татан оролцуулах, манлайлах ур чадварыг нь төлөвшүүлэх, олон нийтийн ажиллагаан дахь оролцоог дэмжих зорилготой аж.

Хөтөлбөр их дээд сургуулийн зуны амралт буюу зургаа, наймдугаар сард ихэвчлэн болдог. Жилд нэг удаа зарлагддаг уг хөтөлбөрт 3-4 оюутныг хамруулдаг байна. Энэ жилийн хувьд нийт 23 орны 87 оюутан шалгарчээ.

Үүнд Монгол Улсаас МУИС-ын Бизнесийн сургуулийн IV түвшний оюутан Г.Халиунжаргал, МУИС-ын Олон улсын харилцааны III түвшний оюутан Б.Пүрэвмаа, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн IV түвшний оюутан М.Ану-Үжин нар шалгарсан байна.

Categories
гадаад мэдээ

Ким Жон Ун, Энтони Блинкен нар монголчуудад баяр хүргэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр “АНУ-ын нэрийн өмнөөс Монголын ард түмэнд тусгаар тогтнолоо олж авсны 100 жилийн ой, 2021 оны баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. Стратегийн түнш, гуравдагч хөршийн хувиар манай хоёр улс хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон бат бөх түншлэлийн харилцаагаа хадгалсаар байгаа билээ. Энэ жилийн хувьд цар тахал дэгдсэн хэдий ч АНУ-ын ард түмэн Монголын ард түмэнтэй хамт танай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, уламжлалт соёлыг дэмжсээр байх болно” гэж захидалдаа дурдсан байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын захидал илгээжээ. Уг захидалд, “БНАСАУ-ын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс та болон танай улсын Засгийн газар, ард түмэнд ардын хувьсгал ялсны 100 жилийн ойн халуун баяр хүргэе. Манай хоёр улсын эртний уламжлалт найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, хөгжинө гэдэгт би итгэлтэй байна. Энэ боломжийг ашиглан та болон танай ард түмэнд улс орныхоо сайн сайхны төлөө хийж буй ажилд нь чин сэтгэлээсээ амжилт хүсье” гэжээ