Categories
амьдралын-өнгө мэдээ

Цагаан хадны суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоолоо

Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон Цагаан хадны суурьшлын бүсэд өнөөдөр /2021.07.17/-өөс хатуу хөл хорио тогтоож байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэрээ Цагаан хадны суурьшлын бүсийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт долоо хоног шилжүүлэх тухай мэдэгдсэн.

Учир нь энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулж ногоон бүс болгоход анхаарах аж

Categories
мэдээ нийгэм

Нарантуул худалдааны төвийн замыг бүхэлд нь хаана

Нарантуул худалдааны төвийн уулзварыг бүхэлд нь хаах тухай иргэдэд анхааруулж байна.

Тодруулбал, өнөөдөр буюу долдугаар сарын 17-ны 22:00 цагаас долдугаар сарын 18-ны 19:00 цагийн хооронд Нарантуул худалдааны төвийн уулзварыг дөрвөн чиглэлд нь хааж, асфальт болон хэвтээ тэмдэглэл хийх талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд жолооч, иргэдийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Зам хааж, засвар хийх хэсгийг зураг дээрээс харна уу.


Categories
мэдээ нийгэм

“ГССҮТ” нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж байна

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 2017 оны 11 сард яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашигласан юм. Мөн 2020 оны зургадугаар сард эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг байгуулав. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд орон нутагт осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Ингэснээр алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болж байна. Тухайлбал 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой ба цаашилбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг бусад эмнэлгээс тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: 1295 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа

“Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1295 тохиолдол илэрчээ. Эдгээр тохиолдлын 646 нь Улаанбаатар хотод, 644 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн 10 хүн нас барж, нийт нас баралт 726 болов.

Нийт 10462 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас:

-Хөнгөн 6223 хүн

-Хүндэвтэр 3030 хүн

-Хүнд 1002 хүн

-Нэн хүнд 207 хүн байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй явагдаж, цар тахлын тархалтыг хязгаарлах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн байна.

Хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах, цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын чухлыг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход Хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга илэрхийлэв. Мөн байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхийг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлсэн байна.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хийлдэг гудастай хөвж явсан зургаан хүүхдийг аварчээ

Баяр, амралтын өдрүүдээр буюу энэ сарын 09-17-ны өдрүүдэд нийт 33 удаагийн усны ослын тохиолдол бүртгэгджээ.

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Гүрмийн нуурт хийлдэг гудастай хөвж явсан бага насны зургаан хүүхдийг авран хамгаалж, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгсөн байна.

Гол, усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байгаа энэ үед ард иргэд амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Токио хотноо хүрэлцэн очлоо

Олимпийн наадамд оролцох Монголын багийн эхний хэсэг Японы нийслэл Токио хотноо газардлаа. Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд хүрэлцэн очоод байна. Токиод хүрэлцэн очсон төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлэв.

Манай боксчид олимпийн өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.

Сагсчдын хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай. Мөн энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тулаанууд болох юм. Харин 25-ны өдөр Монголын тамирчид тулалдах эрэгтэйчүүдийн 63 кг, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн тоглолтууд эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу долдугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод 17 суурин цэгт, 25 багийн 182 эмч, ажилчид 4705 иргэнийг дархлаажуулна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Гантулга: Арматурын үнийн өсөлт өнөөдрийн орон сууцны үнэд нөлөөлөх ёсгүй

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулгаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Дэлхийн зах зээл дээр арматурын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор барилгын бараа материалын үнэ нэлээд өсч байна. Арматурын үнийг гаалийн татвараас чөлөөлөх байдлаар үнийг барих, буулгах санал гаргасан ч Сангийн яамнаас энэ боломжгүйг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор БХБЯ-наас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Барилгын материалын үнийн өсөлт, авч хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн тус яамнаас Засгийн газрын хуралдаанд удаа дараа асуудлуудаа танилцуулж, холбогдох саналуудаа хүргүүлж ажилласан. Нэг талаасаа ковидын дараах эдийн засгийн томоохон сорилт гэж харж байгаа. Цаашид гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээ эх орны түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжин ажиллах, ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Мөн мэдээлэл солилцооны тогтолцоог цахимжуулж, тээвэр ложистикийг сайжруулах зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс барилгын гол нэр төрлийн материалын үнийн мэдээллийг цахимжуулж, ил тод нээлттэй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн манай яамнаас барилгын материалын үнийн өсөлтийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гаргаж холбогдох яаманд хүргүүлсэн. Цаашлаад үнийн өсөлтийн асуудал нь ганц манай яамны асуудал биш Засгийн газрын түвшинд шийдвэрлэх хэд хэдэн асуудлууд байгаа юм. Энд зөвхөн үнийн хөөрөгдлийг анхаараад чанарын асуудлыг орхиж болохгүй. Энэ талаар барилгын материалын үйлдвэрлэгч, импортооор оруулж ирж байгаа аж ахуй нэгж, барилгын материалын гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, чанарын талаарх мэдээллийг цахимжуулж иргэд, олон нийтэд ил тод болгох, хилийн боомт дээр түргэвчилсэн шинжилгээний лаборатори бий болгох талаар ажиллаж байна.

-Засгийн газрын шийдвэрээр гаргасан ажлын хэсгийн гол анхаарч байгаа асуудлууд юу вэ?

-Манай яамнаас Засгийн газрын хуралд барилгын материалын болон арматурын асуудлаар танилцуулга хийсэн. Энэ дагуу Ерөнхий сайдын өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдрийн 105 дугаар захирамжаар Барилгын гол нэр төрлийн материалын үнийн өсөлтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн хүрээнд барилгын материалын өсөлт нь барилгын төсөвт өртөгт хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг манай яамнаас гаргаж танилцуулсан. Мөн тус ажлын хэсгийн гол асуудал бол арматурын үнийн өсөлтийг бууруулах, хомсдолоос сэргийлэх чиглэлүүдийг баримтлан ажиллахаар байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаас зургаадугаар сарын 17-нд мэдээлэл өгсөн байгаа. Мэдээлэлд уян хатан зах зээлийн горимоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин зах зээлийн бус монопол тогтоох эсвэл богино хугацаанд их ашиг олохоор хэсэг бүлэг хүн яваад байгаа эсэх тал дээр судлахаар холбогдох газруудаас ажиллахаар болсон байгаа.

-Орон сууцны үнийн хөөрөгдлийг хянаж шалгах боломжтой юу?

-Барилга байгууламжийг бий болгох барьж байгуулах ажил нь хоёроос дээш жилийн үйл явц, олон оролцогч талуудын хамтын ажиллагаа, олон төрлийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэлүүд, хуванцар цонх хаалга, бусад туслах материалуудын үнэ дэлхийн зах зээл дээр болон дотоодод худалдан борлуулах үнэ огцом өссөн, зарим бүтээгдэхүүний хомсдол бий болсон, татан авалт, тээврийн үнэ өссөн зэрэг олон шалтгаануудаас үүдэлтэй байна.Дээр дурьдсан үнийн өсөлтүүдийг 2022, 2023 онуудад илүү мэдрэгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар арматурын үнийн өсөлтөөс хамаарч үнэ өсөх нь үндэслэлгүй юм. Харин бусад материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшнаас хамаарсан өссөн үзүүлэлт бага хэмээгээр нөлөөлөхөөр байгаа.

-Гэхдээ ирэх жил биш өнөөдрийн байдлаар бүхий л орон сууц барилгын материалын үнэ өссөн нэрээр үнээ огцом нэмчихээд байгаа шүү дээ?

-Гэвч зарим аж ахуй нэгж байгуулагууд борлуулалтын үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн зүйлүүд байна. Аливаа бараа материал, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл дээр хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Тус байгууллага нь үнийн өсөлтийн асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтуудаа тогтмол зохион байгуулах ёстой.

-Төмөр хийцлэлийн үнэ өссөнөөр төсвийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажлууд хүнд байдалд ороод байгаа. Энэ тал дээр ямар зохицуулалт хийгдэж байгаа вэ?

-Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн төсөвт өртгийн үнийн өсөлтийн асуудлаар манай яаманд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээ авах хуулийн зохицуулалт тусгагдсан байдаг. Манай яамны зүгээс жил бүр хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд ашиглагддаг барилга байгууламжийн үнийн индексийг тооцон гаргадаг. 2020 оны үнийн ерөнхий индекс 1.08 гарсан. Харин 2021 оны үнийн индексийг яаралтай байдлаар урьдчилан тооцсон ба 1.35 пунктын өсөлттэй гарсан. Энэ асуудлаар Сангийн яамтай зөвшилцөх, цаашид энэ хүндрэлтэй байдлаас хэрхэн даван туулах, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг зогсоох, нэн тэргүүн ээлжийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үндсэн шийдлийг хувилбартай байдлаар гарах талаар ажиллаж байна.

-Манайх өөрсдөө арматураа үйлдвэрлэнэ гэж яриад нэлээд удлаа.Төмөр хийцлэлээ дотооддоо үйлдвэрлэх асуудал нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Монгол Улс 2019 онд 244.5 мянган тонн арматурыг БНХАУ болон ОХУ-аас импортоор оруулж 55.7 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, 2020 онд 240.1 мянган тонныг импортоор оруулж 12.3 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн, өнгөрсөн тавдугаар сарын 25-ны байдлаар 73.6 мянган тонныг импортоор оруулж зургаан мян.тонныг дотооддоо үйлдвэрлээд байна. Дотоодын 15 үйлдвэр өнөөдрийн хүчин чадлаараа, төмрийн хаягдлын олдоц, нөөцөөр ажиллалаа гэж үзэхэд дотоодын хэрэгцээний 25 орчим хувийг л үйлдвэрлэх л боломжтой байна. Цаашид дотоодын хэрэглээг бүрэн хангах асуудлын хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” , “Бэрэн групп”-ын гангийн үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийг хийх, төмрийн хүдрээс ган туйван үйлдвэрлэх чиглэлд анхааран холбогдох яамдтай хамтран ажиллаж байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал удам-судар

Ж.Уугантуяа: Аавтайгаа нэг тайзан дээр тоглох ховор завшаан, тэгэхэд яагаад ч юм нулимс дуслаад байсан


Морин хуурын чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяатай ярилцлаа. Тэрбээр Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ууган охин билээ. Аавынхаа заасан замаар явж байгаа тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид орох уу гэсэн аавынхаа үгийг дагаж, анхны эмэгтэй мэргэжлийн морин хуурч болсон юм. Ж.Уугантуяа бас алдарт эх. Тэрбээр Ажлаа ч алдахгүй, амьдралаа ч алдахгүй гэхийг бодоход ажил, амьдрал аль алийг нь зохицуулж сурсан бололтой. Эхлээд түүнээс морин хуурын тухай сонирхлоо.


-Н.Жанцанноров гуай Хялгасыг хялгасаар хөрөөддөг болохоор амьд сүнстэй эгшиг байгаа юм гэж хэлж байсан. Морин хуурын аялгуу цаанаа л дулаахан сонсогдоод байдаг нь учиртай байх?

-Хийл төмөр утастай байдаг. Нумыг нь хялгасаар хийдэг ч төмрийг хөрөөдөж тоглодог шүү дээ. Адууны сүүл, модноос гарч байгаа эгшиг байгалийн унаган цаад мөн чанарыг илүүтэй мэдрүүлдэг юм болов уу. Сэтгэлийг хөгөлж хөдөлгөдөг. Манай ангийн хүүхэд, СУИС-ийн морин хуурын багш, доктор Б.Баттөгс “Морин хуур зэмсгийн дуулдахуй болон цахилгаан дохионы үзүүлэлтийн судалгаа” хийсэн. Морин хуурын дууны хэлбэлзлийг шинжлэх ухааны аппарат техник дээр судлаад, тогтоосон байдаг. Тэр энэ талаар маш сонин юм ярих байх.

-Хотод орон сууцанд өссөн хүүхэд яаж уртын дуу дуулах вэ гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Та хотын хүүхэд мөртлөө морин хуур тоглоод байна. Монгол ахуйг, морины явдлыг мэдрэх шаардлага тулгарч байсан уу?

-Би ч хотын хүүхэд л дээ. Багадаа зуны дэлгэр сайхан цагийг аавынхаа нутагт эмээтэйгээ өнгөрүүлдэг байсан. Монгол ахуйдаа ойр өссөндөө баяртай байдаг. Эмээ маань ажилсаг, нийтэч эмэгтэй байлаа. Эмээгээсээ үлгэр авсан. Намайг эмээтэйгээ адилхан гэдэг байв. Би их азтай Архангайн бэр болсон. Хүүхдүүд маань аавынхаа нутагт зун очдог. Нөхөр маань архитектор мэргэжилтэй. Том хүү бас архитектор мэргэжлээр суралцаж ажиллаж эхэлсэн. Адилхан урлагийн хүн л гэж боддог шүү дээ.

-Өөрийг чинь анхны мэргэжлийн морин хуурч эмэгтэй гэдэг. Яагаад төдийгөөс өдий хүртэл энэ хөгжмийг эрчүүд голлон тоглодог байсан юм бол. Магадгүй их хүч, эрчим шаарддаг юм болов уу?

-Эмэгтэй хүн морин хуур тоглодог байсан. Одоо ч Увс, Ховдод биелгээ хийгээд, хуураа татаад сууж байгаа эмээ нар бий. Ардын язгуур урлагийн наадамд эрэгтэй, эмэгтэй морин хуурчид ирдэг байсан. Номыг нь үзэж, нотыг нь заалган, мэргэжлийн сургуулийг төгссөн гэдгээрээ л анхдагч гэж явдаг болохоос биш Монголд эмэгтэй морин хуурч үеийн үед байсан. Ерөнхийдөө морин хуур гэдэг зэмсгийн онцлогоос хамаараад, ихэвчлэн эрэгтэй морин хуурч байдаг л даа. Хөгжмийн онцлог нь ятга, хуучир, шанз гэх мэт нумт хөгжмүүдийг бодвол маш их хүч шаарддаг. Хуурын чавхдас нь модноосоо хөндий байдаг учраас хөндий дээр дарж байгаа даралт, нумны даралт хоёрын тэнцвэрийг олж байж, өнгө дуугаргадаг. Хөгжим маш их цаг хугацаа шаарддаг. Зургадугаар ангид байхаасаа морин хуур тоглож сурсан. Анх морин хуурыг дуугаргаж сурахын тулд сар хөрөөдсөн. Хоёроос зургаан цагийн турш хөрөөдөж суудаг байлаа. Мундаг эрэгтэй хуурчид амьдралынхаа ихэнх цагийг хууртаа зориулдаг. Ер нь хөгжимчин хүн тийм л байдаг. Хөгжим бүжигт сурч байхад “Өдөр алгасахгүй хөгжмөө давтахгүй бол хөгжим чинь чамайг танихаа байчихна шүү” гэж багш маань хэлдэг байсан. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлнэ, амьдралын шаардлагаар хөгжмөөсөө хөндийрнө. Дараа нь эргээд хөгжмөө барихад маш их хөндийрсөн, хоёр биенээ танихаа больчихдог. Эргээд л танилцана.

-Аавынхаа зохиолыг тоглож байхдаа тайзан дээр уйлсан гэж ярьсан байсан. Тэр нь ямар бүтээл вэ?

-”Цагаан суварга” байсан. Арван жилийн ойн концертын үеэр билүү дээ цуврал таван тоглолт хийсэн юм. Аавын бүтээл Морин хуурын чуулгын урын санд их хувь эзэлдэг учраас зөвхөн аавын бүтээлээр нэг тоглолт хийсэн. “Цагаан суварга” дээр аав ирж, өөрөө төгөлдөр хуур тоглосон юм. Аавтайгаа нэг тайзан дээр тоглох ховор завшаан. Ийм сайхан мөч олон тохиогоосой гэж бодсон юм байлгүй дээ, тэгэхэд яагаад ч юм нулимс дуслаад байсан. Зохиол нь сайхан, байнга тоглодог болохоор гарт орсон байдаг. Гэсэн ч тэр мөчид ийм мэдрэмж төрсөн.

“Цагаан суварга”-тай холбоотой бас нэг мэдрэмж төрж байсан. Франц руу хөгжмийн наадамд явсан юм. Европын фестивалиуд гадаа тоглогддог. Том тайзан дээр тоглосон. Тэр үед 50 жил тохиогүй халуун өдрүүд байсан гэж ярьдаг. Халуун, бүгчим орой “Цагаан суварга” тоглох үед сэвэлзсэн салхи хөдөлсөн. Нутгийн салхи үлээх шиг санагдаж билээ.

-Наймдугаар ангидаа Морин хуурын чуулгад орсон гэсэн. Ерээд оны эхэн үед анхны цалингаа авсан байх нь. Анхны цалингаараа юу авч байв?

-Наймдугаар ангид байхад маань Морин хуурын чуулга байгуулагдаж, нээлтийн тоглолт хийсэн юм. Манай чуулга эхэндээ Хөгжим бүжгийн дотуур байранд байрладаг байлаа. Тэнд бэлтгэл хийдэг жижиг өрөөтэй. Цөөн хүнтэй, бусад нь дандаа оюутнууд, Хөгжим бүжгийн багш нар байсан. Дөнгөж байгуулагдсан болохоор танигдаагүй. 1992 онд байгуулагдаад, 1993 онд нээлтээ хийгээд, дотуур байрандаа хааяа цуглаж бэлтгэл хийдэг. Ц.Батчулуун багшийг дэмжих зорилгоор найз нөхөд нь, уран бүтээлчид манай Морин хуурын чуулгыг тоглолтдоо оруулдаг байв. А.Долгор, Ц.Түвшинтөгс, Ш.Чимэдцэеэ, Г.Эрдэнэбат нарын алдартай сайхан дуучид маань өөрсдийн тоглолтдоо Морин хуурын чуулгыг тоглуулдаг. 1994 онд Улсын Филармонийн бүрэлдэхүүнд орж, албан ёсны бүтэцтэй, өөрийн тайзтай болж, цалин авч эхэлсэн. Анхны цалингаараа дүү нартаа амттан авч өгсөн. Тэр үед өнгөт плакат ховор байлаа. Нэг их гоё балетын бүжигчний зурагтай плакат авч, ханандаа нааж байсан санагдана. Тухайн үеийн гэр бүлийн зургуудад тэр плакат үлдсэн байдаг. Цалинтай оюутан болохоор өөрийгөө их л том болсон гэж боддог юм билээ. Тиймдээ ч амьдралыг эрт эхэлсэн шиг байгаа юм (инээв).

-Н.Жанцанноров гуайг хүмүүс мэддэг болохоор хэр аав бэ, хүүхдүүдээ яаж хүмүүжүүлсэн бол, уурлахдаа ямар үг хэлдэг бол гээд сонирхох байх л даа?

-Би алганы амт үзэж байгаагүй. Загнахдаа бол “Би ер нь та нарыг хүмүүжүүлж чадаагүй юм байна” л гэдэг. Өөртөө буруу өгч, тэрүүгээрээ биднийг айлгадаг. Нэг их үглэж дуулаад байдаггүй. Анх хөгжим сурч эхлэхдээ аавынхаа хажууд давтахаас эмээдэг байсан. Аав сонсоод “Ямар аймаар юм дуугаргаад байна аа” гээд ороод ирэх вий гэж боддог. Ерөөсөө тэгж байгаагүй. Ааваасаа айж эмээнэ гэхээсээ хүндэлж хайрлаж өссөн. Одоо ч итгэлийг нь алдахгүй, сэтгэлийг нь хөргөхгүй, гомдоочихгүй байх сан гэж хичээж явдаг. Морин хуур тоглож эхэлж байхад “За миний хүү дөч хүрчихээд хуураа тоглоод сууж байна ч гэж байхгүй дээ” гэдэг байсан. Одоо хэдийнэ дөчин нас өнгөрсөн байна. Урлаг залуу насны ажил гэж ярьдаг л даа. Яагаа ч үгүй залуудаа хийх ажилгүй болчих вий гэж санаа зовсон шиг байгаа юм. Тэгээд би хоёр дахь мэргэжлээ сонгохдоо Морин хуурын чуулгадаа хэрэгтэй байх юм сан гэж бодоод СУИС-ийн Урлагийн менежмэнтийн ангийг дүүргэсэн. Энэ мэргэжлээрээ давхар ажиллаж ирлээ. Ц.Батчулуун багш маань “Миний хүү морин хуураа л битгий орхиорой” гэж захисан юм. Аав, багш хоёрынхоо үгийг бодож, хоёр дахь мэргэжлээ сонгосон юм.

-Ээжийнхээ тухай яриач. Аавын чинь шүтэн бишрэгч үү?

-Ээж бас урлагийн гэр бүлээс төрсөн гэж болно. Эмээ маань Налайхын Соёлын ордонд дуулж хөгжимдөж бүжиглэдэг хүн байсан.Соёлын ордондоо “Учиртай гурав”-ын Нансалмаад дуулж байсан гэдэг. Ээж маань бас гоё бүжиглэдэг, хөгжим тоглодог байсан. Г.Нямаа гэж эмэгтэй бий. Аав, ээж хоёр оюутан байхдаа Орост танилцсан гэдэг. Хэн хэн нь залуухан байсан болохоор хэн нь хэнийгээ шүтэх вэ дээ.

-Гадаадын хүмүүс морин хуур тоглохыг сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?

-2008 онд анх Олон улсын морин хуурын наадам зохион байгуулахад дөрвөн улсаас хуурчид ирж оролцож байсан. ОХУ, БНХАУ-аас манай Өмнөд Монголын морин хуурчид, мөн Японоос ирж оролцсон юм. Арван жилийн хугацаанд найман улс болтлоо өргөжсөн. Хамгийн сүүлд 2018 онд болсон Морин хуур сонирхогчдын уралдаанд япон хүн түрүүлсэн. Уртын дууны урын сан тавьчихаад байхад япон хүн түрүүлж байна. Сонирхогчид гэдэг хуурыг чөлөөт цагаараа сурсан хүмүүс шүү дээ. Тэгэхэд уртын дууны татлагаар монгол хүнийг хүртэл давчихжээ. Ямар нэг ажлыг төгс хийдэг япон хүний онцлог байна. Бид загвар бичлэг өгдөг. Энэ хүний арга барилаар тоглоно шүү гээд бичлэг, ноттой нь илгээдэг. Тэгэхэд ямар ч алдаа, хий гаргалгүй тоглож байгаа юм. Гэтэл монголчууд санаа амар хүмүүс. Нэг тоглохоороо нэг янз, дахиад тоглохоороо өөр тоглоно. Тэр нь бас онцлог л доо. Тэгэхэд нөгөө япон яс хуулбарладаг. Хуулбарлаад модон тоглох нэг хэрэг. Гэтэл яг л тоглож байгаа юм. Шүүгчид мэргэжлийн хүмүүс. “Үнэхээр шударгаар шүүвэл энэ хүн түрүүлэхээс өөр арга алга” гэсэн юм.

-Ковидын үед морин хуурчид гэрээсээ тоглож, хүмүүсийг баясгаж байх шиг байсан. Та тэр давлагаанд нэгдсэн үү?

-Улсын Филармониос нэгдсэн журмаар хүмүүсийн сэтгэл санааг өргөх зорилгоор аян явсан. Хувь уран бүтээлчид өөрийн гэсэн онцлог уран бүтээлээ гэрээсээ тоглосон. Морин хуурын чуулга бүтэн бүрэлдэхүүнээрээ бас бүтээлүүдээ гэр гэрээсээ хийсэн. Мэдээж тэнд оролцож, зохион байгуулах ажил хийсэн. Ноднин нөхцөл байдал арай гайгүй байхад бидэнд зундаа хоёр сар ажиллах боломж олдсон л доо. Чуулга нэгдэж чуулж байж зохист аялгууг туурвиж, уран бүтээлээ гаргадаг учраас амаргүй байгаа. Гэхдээ эмч нар, онцгойнхон бусад албан хаагчдын ачааллын дэргэд хэцүү байна гэж хэлэхгүй. Тэдэндээ баярлаж бахархаад сууж байгаа. Тайван цаг ирэхээр ингэж цаг наргүй ажилласан хүмүүсээ баярлуулах боломж гарна гэж найдаж байна.

-Морин хуурын олон улсын наадмыг зохион байгуулахад та оролцдог юм билээ. Үндэсний өв, соёлыг тээсэн морин хуур маань улам бүр түгэн дэлгэрч байгаа гэж дүгнэж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Морин хуурын олон улсын наадмыг зөвхөн Монголд хийгээд зогсохгүй 2019 онд Америкт хийсэн. 2021 онд бас дахиад хоёр дахь удаагаа хийх гэж байна. 2022 онд бүр Европ тивийн морин хуурын наадам хийхээр бэлтгэж байна. Морин хуур ингэж түгж дэлгэрч байна. Америкт 2019 онд урилгаар очиж илтгэл тавьсан юм. Монгол морин хуурчид маань дэлхийн олон оронд тархан суурьшаад, морин хуураа зааж, олон шавьтай болж байна. Тийшээ хуур хөгжмүүдийг аваачиж байна. Яваандаа тэнд хуур урлал хөгжиж магадгүй. Тэнд бид морин хуур сонирхогчдын уралдаан зарлаж, илтгэл хэлэлцүүлж, концерт тоглосон, морин хуур урлалын үзэсгэлэн гаргасан. Амеркийн дөрөв, таван хотоос морин хуурын багш нар шавь нартайгаа ирж оролцлоо. Дэлхийд тархан суурьшсан монголчууд хүүхдүүд нь монголоор ярьдаггүй, ёс заншлаа мэдэхгүй монголоо алдахад хүрэх вий гэж санаа зовдог юм байна. Америкт дандаа монгол хүүхдүүд хуур сурч байсан. Морин хуурын чуулгад ажиллаж байсан хоёр хос байдаг. Тэд хүүхдүүдтэй зориуд монголоор ярьдаг гэж байгаа юм. Хуур сурахын зэрэгцээ уламжлал ёс заншлаа морин хуураар дамжуулж сурч байна. Тэд уралдаанд монгол дээлтэй оролцдог. Хуураа эгшиглүүлээд, монгол хүн гэдгээ мэдэрч байна. Америкт болсон сонирхогчдын уралдаанд зургаан настай хүү түрүүлсэн.

-Гадаадад болж байгаа морин хуурын наадмыг хэн санхүүжүүлдэг вэ?

-Дандаа өөрсдөө санхүүжүүлдэг. Америкт болж байгаа уралдааныг жишээлбэл Морин хуурын чуулгад байсан, одоо Америкт ажиллаж амьдарч байгаа Г.Уртнасан төрийн бус байгууллага байгуулж, тэнд байгаа морин хуурын багш нараа нэгтгээд, морин хуурын соёлыг түгээе гэсэн монголчууд дэмжиж, дээр нь гадаадын монгол судлаач нартай холбогдож, маш олон жилийн хүч хөдөлмөрийн үндсэн дээр 2019 онд энэ наадам биеллээ олж байгаа юм. Хандиваар зохион байгуулж байна. Европт Морин хуурын наадам 2022 оны дөрөвдүгээр сард болох юм. Морин хуурын чуулгад байсан морин хуурч залуу Б.Золзаяа Германд олон жил өөрийн хамтлагтай уран бүтээл туурвиж, дээр нь хуур заадаг. Тэр санаачлаад энэ наадмыг хийх гэж байна. Зөвхөн хуур тоглодог хүмүүс бус хуур сонирхдог, сонсох дуртай хүмүүс цугладаг наадам байдаг. Морин хуурын чуулга дэргэдээ “Хуурчийнхан” гээд сургалтын төвтэй. Түүний салбар төв Америк, Европт байгуулагдсан. Ц.Батчулуун багштай эн зэрэгцээд явж байсан М.Баасанхүү багш 1996 онд Улаан-Үдэд морин хуур зааж эхэлсэн. Тэндэхийн хөгжмийн сургуульд морин хуурын анги нээсэн. Төгсөгчид нь “Байкал” чуулгад өөрийн байр суурьтай яваа. Жижиг чуулгатай. Буриад хөөрхөн хуурчид олон төрсөн. Японд Олон улсын морин хуурын наадмыг санаачилсан А.Бат-Эрдэнэ морин хуурч морин хуурыг түгээн дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм. Тэнд 400-500 япон хүн сурдаг. Морин хуурыг огт Монголд ирж байгаагүй хүмүүс ч сонирхоно. Монголд ирж морин хуур үзсэн хүмүүс ч сонирхоно.

Хийдгээ хийсэн, гэртээ сууж байгаа хүмүүс их сонирхож байна. Яагаад гэхээр зөнөх өвчин Японд их. Баруун, зүүн тархийг тэгш хөгжүүлбэл зөнөх өвчин тусдаггүй. Хөгжим зүүн тархийг сайн хөгжүүлдэг. Монголд ирсэн хүмүүс морин хуур сурахыг хүсдэг, дээр нь урт удаан насалж, эрүүл саруул байх гэж сурч байна. Дал гарсан хүн ч сурч байна, өсвөр насныхан, өөр мэргэжлийн хүмүүс ч сурч байна. Хийл тоглодог мөртлөө морин хуурч сурч байгаа хүн ч бий.

Монгол морин хуурын эх орон учраас морин хуураа хөгжүүлдэг, морин хуурын бодлогоо маш сайн явуулдаг, судалгаа шинжилгээ хийдэг байх ёстой. Морин хуурын олон улсын наадам энэ бүхнийг нэгтгэж, эрдэм шинжилгээний хурал, тоглолт, сургалт, үзэсгэлэн, уралдаан болдог юм. Улам бүр өргөжиж байгаа энэ наадамд Монгол Улс маань ач холбогдол өгөх учиртай гэж хэлье.