Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна

Амралтын өдрүүдээр Дэлгэрмөрөн голын эрэг дагуу усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар хамтран нэгдсэн удирдамжийн хүрээнд эргүүл хяналтын ажлыг өдөр бүр хийж байна.

Хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 6000 хүн, 1500 гаруй автомашинд үер усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

​Техникийн хяналтын үзлэг хэвийн үргэлжилж байна


Техникийн хяналтын үзлэгийн төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Гарч болох аюул эрсдэлээс урьдчилан сэргийлж техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.

Үзлэгийн цагийн хуваарь:

• Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв
Даваа-Баасан: 08:00-20:30
Бямба-Ням: 08:30-19:00
• Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв
Даваа-Баасан: 07:30-20:30
Бямба-Ням: 08:00-19:00
• Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв
Даваа-Баасан: 08:00-20:30
Бямба-Ням: 08:30-19:00 цагт ажиллана.

Categories
гадаад мэдээ

Хятадын 5G сүлжээ ашиглагчдын тоо 160 саяыг давлаа

Хятадын интернетийн нийгэмлэгийн зохион байгуулсан ” Хятадын интернетийн хурал-2021″ 7-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо боллоо. Хурлын үеэр “Хятадын интернетийн хөгжлийн тайлан 2021”-г гаргасан бөгөөд үүнээс үзэхэд 2020 онд Хятадын интернетийн салбар түргэн хөгжиж, сүлжээ ашиглагчдын тоо эрчимтэй нэмэгдсэн байна.

2020 оны сүүлч гэхэд, Хятад улсын 5G сүлжээ ашиглагчдын тоо 160 саяас давсан бөгөөд энэ нь дэлхийн 5G хэрэглэгчдийн 89 хувь юм.

Мөн 2020 оны сүүлч гэхэд Хятадын нийт интернетийн сүлжээ ашиглагчдын тоо 989 саяд хүрчээ.

БНХАУ нь дэлхийн хамгийн өргөн цар хүрээг хамарсан оптик шилэн сүлжээ, 4G, 5G сүлжээг байгуулаад байна. Одоогийн байдлаар 5G сүлжээний суурь станц нийт 916 мянгыг байгуулаад байгаа нь дэлхийн 70 хувь аж. Дараагийн шатанд БНХАУ 5G, их өгөгдөл, суурь программ, аж үйлдвэрийн программ, хиймэл оюун зэрэг дэд бүтцийн цөм болсон техник дэх оруулалтаа эрчимжүүлж, аж үйлдвэрийн хөгжлийн дэд бүтцийг бэхжүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Их аварга Хакухо, Озэки Тэрүнофүжитэй Эзэн хааны цомын төлөө барилдана

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн 15 дахь өдөр 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын түрүү бөхийн төлөө барилдахаар боллоо.

Их аварга Хакухо 14 дэх өдрийн барилдаанд Озэки Шодай-тай барилдаж, түүнийг абисэтаоши мэхээр илүүрхэн хаясан юм. Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Сэкиваке Такаясүтэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр давж 14 дэх даваагаа авснаар 3 башё дараалан тэргүүлэхийн төлөө маргааш Их аваргатай хүчээ сорино.

Нагоя башёг 14 даваатай тэргүүлж яваа Их аварга Хакухо М.Даваажаргал, Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын араас Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил, Котоновака /М-12/ нар 11 даваатай байна.

Нагоя башёгийн 14 дэх өдөр Ичиножёо /М-2/ А.Ичинноров, адилхан 8 даваатай яваа Кирибаяама /М-6/ Б.Лхагвасүрэн-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 9 даваа, 5 унаатай болсон бол Кирибаяама 8 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Сэкиваке Митакэүми-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 9 даваа, 5 унаатай байна. Харин Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Ишиүра /М-16/-тай таарч, түүнийг уватэнаге мэхээр унагаснаар 8 даваа, 6 унаатай болов.

Тамаваши /М-10/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Хокүтофүжи /М-3/-тэй барилдаж, түүнийг ошитаоши мэхээр унагаснаар 11 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн шүдийг 2023 он хүртэл үнэгүй эмчлэх хувийн шүдний эмнэлгүүд

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм.

Энэ оны гуравдугаар сарын 18-27-нд зохион байгуулагдсан сонгон
шалгаруулалтад нийслэлийн 142 шүдний эмнэлэг оролцож, 115 нь тэнцэж, 97 нь гэрээ байгуулжээ.

Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлэлт болгожээ. 2-12 насны хүүхдүүд албан ёсны гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой болж байна.






Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд автомашины ослоор 15 иргэн амиа алджээ

Амралтын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны хооронд зам тээврийн ослын улмаас 15 иргэн нас баржээ. Үүнээс нийслэлд хоёр, орон нутагт 13, хүүхэд нэг, том хүн 14, эрэгтэй 12, эмэгтэй гурав, жолооч зургаа, хамт явсан зорчигч 6, явган зорчигч хоёр байна.

Осолд өртсөн 15 тээврийн хэрэгслийн 33,0 хувь нь Приус маркийн тээврийн хэрэгсэл байжээ. Мөн нийслэл хотод хүүхдийн амь нас эрсдээгүй сайн мэдээтэй байна. Тухайлбал, долдугаар сарын 12-нд Баян-өлгий аймагт Ланд-80 тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийхдээ долоон настай эрэгтэй Х.И-г дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Нийслэлээс орон нутагт аялал зугаалгаар явсан олон мянган иргэдийн нийслэл рүү буцах хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд үргэлжлэх тул зам тээврийн ослоос сэргийлэх, хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж явахыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн 24 цагт дархлаажуулалттай холбоотой 4586 дуудлага иржээ

Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5149 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 4586 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 134 нь гомдол, 5 хувь буюу 235 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 хувь буюу 4937 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Долдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 110,955 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 102,356 буюу нийт дуудлагын 92 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Конор МакГрегор: ​Би эдгэхээрээ Терминаторын Арнольд Шварценеггер шиг хугарашгүй титан хөлтэй болно

Конор МакГрегор UFC 264 тэмцээнд Дастин Пуиретай хийсэн тулаанд хөлөө хугалахаасаа өмнө аль хэдийнээ бэртсэн байсан гэж хэлжээ.

Тэрбээр 33 настай ирланд эр Лас Вегас хотод Америкийн Пуэрье-д зодуулж байсан бөгөөд шагайнаас дээгүүр хэсгээрээ “олон тооны жижиг хугарал авсан” гэдгээ өөрийн инстаграм хаягаар шууд бичлэг хийх үеэр хэлсэн юм.

Барилдааны телевизийн давталтууд дээр Макрегор эхний тойрог дуусахаас хэдхэн секундын өмнө хойшоо ухарч байхдаа шагайгаа өнхрүүлж байгааг харуулсан бөгөөд энэ нь зүүн шилбэнд авсан бэртэл юм.

“Бүгд надаас хөлөө хэзээ, яаж байгаад хугалсан бэ гэж асуусаар л байна. “UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт, UFC-ээс асуу, UFC-ийн ахлах эмч доктор [Жеффри] Дэвидсоноос асуу. Торонд ороход миний хөл өмнө олон жижиг хугаралтай байсныг бүгд мэдэж байсан”.

Шагай өвдөхөд миний бэлтгэл их хийсэн нь нөлөөлсөн, гэхдээ одоо ч бэлтгэлээ зогсоохгүй. Би нуруун дээрээ бэлтгэл хийдэг байлаа. Ингэж нуруунаас газар болон фунт цохилтыг боловсруулсан. Хөлний гэмтлээс болоод миний ур чадвар, бэлтгэлээ тохируулах ёстой байсан юм.

Хоёр жинд дэлхийн аварга асан МакГрегор одоо хөл дээрээ өвдөгнөөсөө доошоо шагай хүртэл титан саваа зүүсэн гэдгээ видеон дээр хэлж байсан юм.

Тэрээр “Тэнцвэрээ олж эдгэхээрээ би Терминаторын Арнольд Шварценеггер шиг “хугарашгүй” титан хөлтэй болно” гэж хошигнолоо.

Categories
мэдээ нийгэм

Т.Баярхүү: Гадаадаас ирэх иргэдээс нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь шинжилгээ авна

Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.

-Гадаад улс орноос ирж байгаа иргэдийг тусгаарлах журамд өөрчлөлт оруулах эсэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?

– Дэлхийн 111 улсад коронавирусын “дельта” хувилбар идэвхтэй тархаж байна. Энэ хувилбар нь өмнөх хувилбаруудаас 60 хувиар илүү хурдан халдварладаг, амархан хүндэрдэг, вакцины нөлөөг 20-30 хувь бууруулдаг зэрэг хоруу шинж чанартай нь нотлогдсон. Тиймээс тархалтын хурдыг сааруулах, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор олон улс оронд тодорхой хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг тогтоож байна.

Тухайлбал, Япон улс олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргасан бол “Евро-2020” хөлбөмбөгийн тэмцээний зарим тоглолтын үзэгчдийн билетийг цуцаллаа. Зарим улс орон хөл хорионы хатуу дэглэмд шилжиж, гадаадаас зорчигч хүлээн авахаа хүртэл хязгаарласан гэх мэтээр дэлхий нийтээр тодорхойгүй нөхцөл байдал дунд гэнэтийн шийдвэр гаргаж байна.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан.

Тус саналыг холбогдох албаныхан хэлэлцээд хилийн чанадаас ирж байгаа иргэдэд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн. Харин вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргасан.

-Тэгэхээр гадаадаас ирж буй иргэд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон, эсхүл өвдөөд эдгэсэн нотлох баримттай бол гэрийн ажиглалтад 14 хоног байх, бусад тохиолдолд тусгаарлах байранд 7 хоног, гэрийн ажиглалтад 7 хоног байх өмнөх журам хэвээр мөрдөгдөнө гэсэн үг үү?

-Тийм. Өмнөх журам хэвээр мөрдөгдөнө. Тэгэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд давтан шинжилгээнд хамруулахаар болсон гэдгийг дахин хэлье. Хөндлөнгөөс аливаа шийдвэрийг шүүмжлэх маш амархан. Тодорхой хэмжээний хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоож, халдварын тархалтыг бууруулж байж эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барьж тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Мөн энэ сарын 17-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох нь гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байна?

-Бүх нийтийн хөл хорио тавих асуудал яригдаагүй. Харин маргаашнаас буюу долдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийсэн. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байгаа юм.

Categories
гадаад мэдээ спорт

Олимпийн тамирчдын хотхонд “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрчээ

Токиогийн Олимпийн тамирчдын хотхонд байрлаж байсан нэгэн хүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар тус наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ.

Тамирчдын хотхонд халдварын анхны тохиолдол ийнхүү илэрсэн нь ирэх долоо хоногт эхлэх Олимпийн үеэр халдвар тархах вий гэх болгоомжлолыг улам нэмэгдүүлж байна.

“Токио-2020” Олимпийг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн мэдээлснээр, наадмыг зохион байгуулах ажилд оролцож байсан гадаадын иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. Тэрбээр тухайн хүний талаар өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Олимпийн наадмыг танхимын цөөн тооны үзэгчтэйгээр, тусгаарлалтын хатуу дүрэм журмын дор зохион байгуулна. Долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болох наадамд оролцох тамирчид Японд саяхнаас ирж эхэлсэн юм.