Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1358, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 57, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 129, хүний биед халдсан 54, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 53, эрүүлжүүлэх байранд хоносон 87, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 67 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наадмын түрүү бөхөд амласан машиныг ЭХЭМҮТ-д өгөхөөр болжээ

Наадмын түрүү бөхөд өгөх Тоёота HIACE маркийн машиныг ЭХЭМҮТ-д өгөхөөр болсон байна.

Коронавирусийн халдвар 130 мянга давж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо мянгаас буухгүй байгаа энэ үед хамгийн их ачаалалтай ажиллаж буй эмч, ажилчдыг машинаар хангахаар шийджээ.
Уг машин нь 16 хүний суудалтай, тав тухтай бөгөөд орон нутагт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд найдвартай, аюулгүй юм байна.
Цар тахлын улмаас Засгийн газраас энэ жилийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа зохион байгуулагдахгүй болсон.
Тиймээс наадмын түрүү бөхөд амласан автомашиныг эрүүл мэндийн салбарт өгч байгаа аж.
Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: XX зуун бол Монголчуудын бүтээн байгуулалт, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн зуун байлаа

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган эхэллээ.

Хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дээд шүүхийн ерөнхий шүүгч, прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын төлөөлөл, үе үеийн Ерөнхийлөгч нар, төрийн бус байгууллагын төлөөлөл, НҮБ-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар зэрэг албаныхан цахимаар оролцож байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн хуралдааныг нээж үг хэллээ.


Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэхүү түүхэн ойг тэмдэглэх хугацааг Засгийн газрын шийдвэрээр 101 жилийг ойтой хамтран тэмдэглэхээр болсон. Түүхэн ойг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ заавал онцлон тэмдэглэж, ертөнцөд түгээн сонордуулах нь зүйд нийцнэ гэж үзсэн учир хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж байна.

Та бид эх оронч тэмцэгч баатарлаг дээдсийн үр сад билээ. Чингис хааныхаа дэлхийн түүхэнд үлдээсэн өвөөр бид бахархдаг. Богд хаан, жанжин Д.Сүхбаатарын мохошгүй тэмцлийн үр дүнд Монгол орон сэргэн мандах шинэ замдаа орсон.

20 дугаар зуун бол Монголчуудын бүтээн байгуулалт, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн зуун байлаа” гэв.

Categories
гадаад мэдээ

Олимпийн үеэр Токиод онц байдал тогтооно

Ковидын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Японы Токио хотноо даваа гаригаас эхлэн наймдугаар сарын 22-ныг хүртэл онц байдал тогтоохоор болжээ. Японы Засгийн газрын төлөвлөгөөний талаар эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура энэ тухай онцолсон байна. Тодруулбал, долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болох Токиогийн олимпийнн наадмын үеэр тус хотод онц байдлын дэглэм үйлчилнэ гэсэн үг юм. Онц байдлын дэглэм тогтоосон мужуудад зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцогчдын тоог 50 хувь буюу 5000-аар хязгаарлахаар болж байна. Лхагва гаригийн байдлаар Японд 920 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн халдварын тохиолдлыг бууруулах зорилгоор паб болон ресторанууд согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох, тус газруудыг орой 20:00 цагт хаах хүсэлтийг тавих бөгөөд эдгээр байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна гэдгийг мөн дурджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 174 хэрэгт хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын

  • 2.2 хувь нь 17 хүртэл,
  • 67.4 хувь нь 18-30,
  • 30 хувь нь 31-44,
  • 3.4 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна.

Үүнээс 89.3 хувь нь эрэгтэй, 77.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 2308 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

“Сүүлийн 24 цагт 12539 сорьцод шинжилгээ хийхэд 2308 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1367 нь Улаанбаатар хотод, орон нутагт 940, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 134270 боллоо.

Мөн сүүлийн 24 цагт 2673 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн хүний тоо 96513 боллоо.

Мөн 5 иргэн нас барлаа. Нийт нас баралт 660 боллоо.

  • 60-69 насны нэг хүн
  • 70-79 насны 2 хүн
  • 80-аас дээш насны 2 хүн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Categories
гадаад мэдээ

Мьянмарт цэргийн дэглэмийн эсрэг тэмцэл газар авсаар байна

Мьянмарт цэргийн эргэлт болж, сонгуульд ялалт байгуулсан Ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн Аун Сан Сү Жиг баривчилснаас хойш ард иргэдийн тэмцэл газар авсаар буй тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна.

Тус улсад өдгөө тариачдын жижиг тосгодоос эхлээд Мандалай, Янгон хотуудад цэргийн дэглэмийг эсэргүүцсэн 20 гаруй бүлэглэл үүсч, зэвсэгт тэмцэл өрнүүлэх болжээ. Мьянмарт 230 мянга гаруй хүн гэр орноосоо оргон зугтахад хүрсний дээр, олон мужид хүнсний хангамж эрс муудаж, коронавирусийн халдвар авагсдын тоо хурдацтай нэмэгдэж байгаа аж.
Цэргийн дэглэмийнхэн томоохон хотуудад гудамжны эсэргүүцлийг дарсан боловч тус улсыг хяналтдаа бүрэн авч чадаагүй байна.
Аун Сан Сү Жигийн Ардчиллын төлөөх үндэсний лигийг хамгийн ихээр дэмждэг, голдуу Буддын шашинтан оршин суудаг Бамар мужийн төвд оршдог Депайин хот эсэргүүцлийн хөдөлгөөний гол цөмийн нэг болжээ.
Тус хотын залуучууд эвлэлдэн нэгдэж Ардын хамгаалах хүчинг үүсгэн байгуулсан ба цэргийн дэглэмийн эсрэг зэвсэг барин босч, өнгөрсөн долоо хоногт тулалдсан ч 41 гишүүнийхээ амийг алдан ихээхэн хохирол амсчээ.
Үүнээс гадна Мьянмарын хоёр дахь томоохон хот Мандалайд зэвсэглэсэн босогчдын эсрэг хуягт техник хэрэглэхэд хүрсэн байна. Мьянмарын хуучин нийслэл Янгонд цэргийн дэглэмийг эсэргүүцэгчид сүүлийн өдрүүдэд дор хаяж 12 дэлбэрэлт зохион байгуулжээ.
Зэвсэглэл муутай, нэгдсэн удирдлагагүй, зохион байгуулалт тааруухан хэдий ч Мьянмарын цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн тэмцэл улам бүр газар авах болжээ.
Дашрамд хэлэхэд, НҮБ Мьянмарт төрийн эргэлт хийж эрх мэдлийг гартаа авсан цэргийн дэглэмийг эрс буруушаасан тогтоол баталсан билээ. Тогтоолыг дэлхийн 119 улс дэмжиж, дан ганц Беларусь эсэргүүцсэн юм. Хамгийн хачирхалтай нь, түдгэлзсэн санал өгсөн 36 орны дотор Хятад, Сири, Венесуэл, Орос, Бахрейн зэргээс гадна манай Монгол Улс багтжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмч нар: Цалин нэмсэн гэж ташаа мэдээлж байна, илүү цаг, амралтын мөнгөө ч авч чадахгүй байна

Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй эмч нар өглөө Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж буй талаараа мэдээлж байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл “Цалингаа хоёр дахин нэмүүлэх шаардлага хүргүүлж, шаардлагынхаа хариуг нэхэж 11 дэх өдрөө Төв талбайд суулт хийж байна. Гэвч төр засгийн зүгээс аргацаасан, нэмсэн мэт буруу ташаа мэдээлэл гаргасаар байна. Бид Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа өгсөн боловч хүрсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Тиймээс бид өнөөдөр Ерөнхийлөгчийг өөрийн биеэр бидний шаардлагыг авахыг хүсэж байна. Талбай дээр сууж байгаа эмч нар ажлаа тараад ээлжээр сууж байна. Өглөө ээлжээс буугаад, орой мөн ээлжээс буугаад талбай дээр ирж, суулт хийж байна. Бид ажлаа тасалдуулаагүй. Бид өнөөдрийг хүртэл нар, салхи, бороонд сууж байна. Гэтэл төрийн зүгээс биднийг хуурч, хариу өгнө хэмээн хүлээлгэж, бөмбөг шиг өшиглөж байна. ҮАБЗ даруй хуралдаж, бидний хүсэлтийг хүлээн аваач гэж хүсмээр байна” гэлээ.

Цалин нэмсэн гэх мэдээллийг нийгэмд өгч байгаа хэдий ч энэ нь худал болохыг тэд хэллээ. Үндсэн цалин биш урамшууллын мөнгөө олгохгүй байснаа олгох болсноо 20 хувиар нэмсэн хэмээн мэдээлсэн бөгөөд нэмэгдэл мөнгийг олгоход төсөв байхгүй хэмээн эмч нарт олгохгүй байгаа гэв. Мөн илүү цаг, урамшуулал, амралтын мөнгөө ч авч чадахгүй байхад нэмсэн мэт буруу ойлголт төрүүлж байгааг тэд эсэргүүцэж байна гэлээ.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл “Тэвчиж болох зардлууд маш их байхад түүнийгээ хасахгүй байна. УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн яам чих нь дүлий, нүд нь хаалттай байна. Төсвийн тодотголд хориг тавьж өгөөч. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, шийдвэр гаргаж өгөөч ээ. Бидэнтэй биеэр уулзаач” гэсэн хүсэлтийг тавьж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт зорчиж байгаа өрхийн 5-аас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 15 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.12 минут байна. УОК, НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага нийт дуудлагын 5.7 хувийг эзэлжээ. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.


1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Баяр наадмын өдрүүдэд орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Орон нутагт “Ковид-19” өвчний халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон. Үүнээс 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдаж, импорт, экспортын гол боомтуудтай аймаг, орон нутагт хатуу хөл хорио хэвээр үргэлжилнэ. Хөл хорио цуцлагдсан аймгууд бие даан хязгаарлалт тогтоохгүй, УОК-той зөвшилцөж хязгаарлалт, хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэх юм. Иргэд орон нутагт зорчихдоо айлаар орохгүй, суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй, аяллын багийн хэмжээнд хүний тоог таваас дээш гаргахгүй байх, аль болох байгальд хоноглож амрах, жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэхийг уриалж байна. Вакцины бүрэн тунд хамрагдан 14-өөс дээш хоносон, өвчлөөд эдгэрсэн хүмүүс орон нутаг руу PCR, түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүйгээр вакцины гэрчилгээ болон эмчийн магадалгааг үзүүлэн товчоодоор нэвтэрнэ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины II тунд бүрэн хамрагдаагүй, вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариуг үзүүлэн зорчих юм. Хөдөө, орон нутагт зорчиж байгаа өрхийн таваас дээш насны нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. Иргэд тухайн орон нутаг мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, техникийн засвар, үйлчилгээг авна. Хөдөө орон нутагт зорчих иргэд зорьж буй аймаг болон дамжин өнгөрөх аймгуудын Онцгой комисстой холбогдон тухайн орон нутаг мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, постоор хэрхэн нэвтрэх /зорчигч нар түргэвчилсэн тест авч явах эсэх/ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялалд гарахын өмнө авах хэрэгтэй. Мөн цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа ханган явахыг уриалж байна.

-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313

Баянгол дүүрэг 89121177

Чингэлтэй дүүрэг 70007105

Сүхбаатар дүүрэг 70003910

Хан-Уул дүүрэг 70043085

Баянзүрх дүүрэг 19001063, 70150065

Налайх дүүрэг 70233464

Багануур дүүрэг 70212903

Багахангай дүүрэг 7049103

Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг.

-Шинжилгээний цэгүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймгийн Цэцэн-Уул суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төвөөс баруун урд зүгт 41 км зайд орших Жаргалант-Уул гэдэг газар өчигдөр буюу долдугаар сарын 8-ны 20:00 цагт 3.8 магнитудын хүчээр газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг 20:10 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ. Гэвч газар хөдлөлт болсон газар нь Сантмаргац сумаас зүүн хойд зүгт 10 км зайтай тул тус сумын иргэдэд бага мэдрэгдсэн, хохирол учраагүй тухай мэдээллийг Сантмаргац сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ