Categories
мэдээ нийгэм

Цахим ваучераар дамжуулан 1402 өрхөд хүнсний болон бараа материалын тусламж үзүүлжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Пипл ин нийд” олон улсын төрийн бус байгууллага хамтран Улаанбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн 1402 өрхийг 100 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний болон үндсэн хэрэгцээт бүтээгдэхүүн худалдаж авах эрх бүхий цахим ваучераар хангах, худалдан авалт зохион байгуулах ажлыг 2021 оны 3-5 дугаар сард хоёр сарын хугацаатай хэрэгжүүлсэн.

Энэ талаар “Пипл ин Нийд” олон улсын байгууллагын төслийн менежер Г.Марал-Эрдэнэ “Хямралын үед гэр бүл, зорилтот бүлгийнхэнд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломж олгох нь чухал. Охид эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийнхний хэрэгцээ хоорондоо маш их ялгаатай байдаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэхдээ сонголт, олгох нь чухал юм. Төслийн хугацаанд тусламж хамгийн хэрэгцээтэй байгаа хүмүүст бараа бүтээгдэхүүн сонгож авах боломж олгосноор тэдгээр иргэд өдөр тутмын худалдан авалт хийх мэдрэмжийг авч, сэтгэл дүүрэн байх боломж олгосон” гэв.

Зорилтот гэр бүл, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд туслахын тулд “Пипл ин нийд” байгууллага Швейцарын хөгжлийн агентлаг, Холбооны Бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр цахим талон олгох 4 алхамт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд сонгогдсон айл өрхүүдийг өөрсдийн хэрэгцээнээс хамаарч зайлшгүй шаардлагатай эд зүйлийг сонгох боломжоор хангажээ.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Буяндэлгэр “Ковид-19” манай гэр бүлийн эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулаагүй ч санхүүгийн асуудал гарч ирсэн. Нөхөр минь дугуй засварын газар түрээслэн ажиллуулдаг. Цар тахал, хөл хорионоос болж хүмүүс машин унах, засуулах шаардлага багассан учраас өдөр тутмын орлого нь буурсан ” гэв.

Үүнээс гадна зарим айл болон орлогогүй, эмзэг бүлгийн өрх 24 цагийн цэцэрлэг, хүүхэд асрах төв, төрийн бус байгууллагад үр хүүхдүүдээ даатгадаг. Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос үүдэн энэ төрлийн газруудын үйл ажиллагаагаа тасалдахад хүрч байгаа аж.

94 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Алтаннавч “Айл өрхүүдэд олгосон 100 мянган төгрөгийн цахим ваучер үнэхээр зөв цагтаа очсон бөгөөд маш их дэм үзүүлсэн. Манай цэцэрлэг зорилтот бүлгийн хүүхдүүдийг тодорхой шалгуураар бүртгэдэг. Дийлэнх нь өнчин, эцэг эх нь ажил хийхээр гадаад явсан, өвөө, эмээ, асран хүмүүжүүлэгч, хамаатан садан нь харж үлдсэн хүүхэд байдаг. Мөн зарим нь өрх толгойлсон эх, эцэгтэй. Аав, ээж нь нийгмээс тусгаарлагдсан хүүхэд ч бий. Ерөнхийдөө эмзэг бүлгийн хүүхэд олон байгаа. Манай 24 цагийн цэцэрлэгт явдаг хүүхдүүд гэртээ хоол хүнсний хомсдолд ороод байсан бөгөөд хүүхдүүдийн эцэг эх маш их баярласан. Тэд бидэнд талархсанаа илэрхийлээд хоол хүнс дуусч байх үед цахим ваучер олгосон гэж хэлсэн” гэлээ.

Мөн “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвийн төлөөлөл Баярсайхан “Би цахим ваучерт талархаж байна. Хөл хорионы улмаас санхүүгийн хүндрэлтэй байгаа олон гэр бүл байгаа. Тэд ажил хийх боломжгүй, гэр бүлээ хоол хүнсээр хангаж чадахгүйд хүрээд байсан” гэсэн юм.

Сонирхуулахад “Пипл ин нийд” (ПИН) нь Чех улсад төвтэй олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус төрийн бус байгууллага хүний амь, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн албан ёсны Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бичиг соёл-2021” уран бичлэгийн шилдэг бүтээлүүд тодорлоо

“Бичиг соёл” уран бүтээлийн үзэсгэлэн энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдсан билээ. Олон нийтэд монгол бичгийг сурталчлан таниулж, монгол оюуны дархлаа, монгол оюуны ундаргыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэ үзэсгэлэн сүүлийн жилүүдэд олон улсынх болж өргөжин тэлж буй. Монгол уран бичлэгийн гайхамшигт биширсэн орос, буриад, халимаг, франц, хятад, өвөрмонгол уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнг хүлээн байж бүтээлээ ирүүлдэг болсон.Энэ жилийн үзэсгэлэнд дотоод, гадаадын уран бүтээлчдээс 50 гаруй бүтээл ирсэн юм.

ЗГХА Соёл урлагийн газар, Бичиг соёл төвөөс зохион байгуулсан уг үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Энэ үеэр ЗГХА Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор “Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын өвөөрөө бахархаж ирсэн билээ. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо хүндэтгэх, өвлөн сурч, судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм. Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнай болсон Үндэсний бичиг үсгийн соёл гэдэг бол бид бүхний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос билээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

2013 онд ЮНЕСКО-д Зайлшгүй авран хамгаалах биет бус өвийн нэг гэж бүртгэгдсэн монгол бичиг соёлын өвөрмөц сонгодог хэлбэрийг уран бүтээлчид залуу үедээ улмаар гадаад дотоодын олон үзэгчдийн мэлмийд толилуулах нь бидний эрхэм зорилго билээ.Манай агентлаг нь эх хэл, бичиг үсэг, түүх соёлын тухай мэдлэгийг гүнзгийрүүлж, танин мэдүүлэх, үндэсний түүх, өв соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ контент, бүтээгдэхүүн бий болгох, иргэн бүрийг эх хэл, бичгээ бүрэн төгс эзэмших, монгол үндэсний соёлын мэдрэмж, мэдлэгтэй болгож, соён гэгээрүүлэх их үйлсийг хэрэгжүүлэх бодлого барьж, төрийн болон олон нийтийн байгууллага, хувь хүний оролцоог нэмэгдүүлэн ажилладаг.
Үндэсний дархлаа болсон соёлын өв, бичиг үсгээ эрхэмлэн дээдэлж, эрдэм мэдлэг, уран мэдрэмж, сэтгэл оюунаа зориулан бүтээлээ туурвиж, олон түмний оюуны мэлмийг баясгасан нийт уран бүтээлчид та бүхэнд талархал илэрхийлье. Өв их бичиг соёл улам түгэн дэлгэрэх болтугай” гээд уран бүтээлчдэд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100
жилийн түүхэн ойн мэндийг дэвшүүлж, Төрийн дээд одон медаль, мөн шилдэг бүтээлийн шагналыг гардууллаа.
Монголын Хүүхдийн ордны уран зургийн багш, каллиграфийн мастер Д.Батбаяр, чөлөөт уран бүтээлч, каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн, чөлөөт уран бүтээлч Ш.Гэрэлсайхан Л.Сүхбаатар, Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Л.Атар,Б.Энхцэцэг,М.Энхбаяр, Голомт банкны дизайнер Ц.Тамир, “Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Уран бичлэгийн шилдэг бүтээлийн шагналыг “Монголын нууц товчоо” бүтээлээр Э.Одбаяр хүртсэн бол тусгай байрын шагналыг “Өндөр гэгээний соёмбо үсэг оршвой” бүтээлээр М.Эрдэмбилэг,тусгай байрын шагналыг “Түвшин шударга туйлын цэнгэл бүтээлээр ”Ц.Тамир нар хүртэв.

Зургийн тодорхойлолт алга байна.

12 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ

Дээд шүүхээс Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэв

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хуралдав.

Хуралдаанаар Монгол Ардын намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын Бага хурлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн байх тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулав гэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар ярив

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Монгол, Оросын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцаа “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд ч хэвийн үргэлжилж буйг тэмдэглэж, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэж буйн ач холбогдлыг өндрөөр үнэлж, оны үлдсэн хугацаанд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилтын хүрээнд “УБТЗ” ХНН-ийг шинэчлэн хөгжүүлэх, шинэ чиглэлийн төмөр зам барих, эрчим хүчний төслүүд зэрэг томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулах, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж санал нэгдэв.

“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Талууд цар тахлын эсрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар “Ковид-19” цар тахлын сорилтуудыг богино хугацаанд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх есдүгээр сард цахим хэлбэрээр болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урив.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дулааны шугам засварлах ажил хийгдэх тул зорчих хэсгийг түр хязгаарлана

Энэ сарын 9-ний буюу өнөөдрийн 22:00 цагаас энэ сарын 10-ны 06:00 цагийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Өргөө”-ийн арын уулзвар буюу Чингүүнжавын уулзварын баруун талд дулааны шугам засварлах ажил явагдаж, зорчих хэсэг түр хугацаагаар хаагдах учир иргэд жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Хангай хотхоны баруун талын уулзварт дулааны шугамын шинэчлэлийн ажил 2021 оны 7 дугаар сарын 9-ний 23:00 цагаас 7 дугаар сарын 10-ны өглөөний 06:00 цаг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм байна.

Үүнээс гадна “Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг ашиглах хамгаалах журам”-ын дагуу Чингэлтэй дүүргийн 5, 6, 9 дүгээр хороо, .

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийг ажлаас нь чөлөөлжээ

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөрийг өнөөдөр /2021.07.09/ үдээс хойш ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд АШУҮИС-д багшилж байсан Алтантуяаг томилсон байна.

Ш.Энхтөр нь хүүхдийн сэхээн амьдруулахын нарийн мэргэжлийн эмч бөгөөд 2011 оноос эхлэн тус төвийн ерөнхий захирлаар ажиллаж байв.

ЭХЭМҮТ нь нийт 1140 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд баяр наадмыг тохиолдуулан өнөө өглөө шилдэг ажилтнууддаа шагнал гардуулж, нийт ажилтнуудынхаа долоодугаар сарын цалинг 50-60 хувиар нэмж, хүн бүрт 500 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгох тушаал гаргаснаа танилцуулсан байна.

Ш.Энхтөр захирлыг гэнэт халсанд тус эмнэлгийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд сэтгэл дундуур байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хийсэн шинэ томилгоог эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүний эрх, жендэрийн чиглэлээр сэтгүүлчдийн клубийг байгууллаа

Хэвлэл мэдээллийн байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүний эрх, жендэрийн чиглэлээр сэтгүүлчдийн клубийг байгуулах уулзалт өчигдөр /07.08/ цахимаар боллоо.

Өнгөрсөн жилийн сүүлээр хэвлэл мэдээлэл, жендэрийн шинжээчид “Сэтгүүл зүйн ба нийгмийн хэвлэл мэдээллийн бодлогын жендэрийн мэдрэмж”-д үнэлгээ хийсэн аж. Тус үнэлгээний санал асуулгад эрхлэгч, ерөнхий редакторууд сэтгүүлчдээ жендэр болон жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвээр мэргэшүүлэх, давтан сургах, редакцдаа баримтлах дүрэм журамтай байх шаардлагатайг онцолсон.

Тиймээс, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачилга, Жендэрийн үндэсний хорооны дэмжлэгтэйгээр клубийг байгуулсан аж. Хоёр байгууллага нь гурван жилийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд клубийн гишүүдийг дэмжин ажиллахаар боллоо.

Энэ талаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр онцлохдоо “Энэ сэдвээр туршлага солилцох, мэдлэгээ дээшлүүлэх талбарыг бүрдүүлэх зорилгоор клубийн үйл ажиллагааг дэмжиж байна. Улмаар жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд редакцуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж тогтвортой хамтран ажиллах зөвлөмж бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж байна” гэв.

Цахим уулзалтад хүний эрх, жендэрийн асуудлыг сурвалжилж байсан туршлагатай, цаашид мэргэших хүсэлтэй 10 гаруй сэтгүүлчид оролцож, сайн дурын үндсэн дээр клубийн гишүүн болно гэдгээ илэрхийлэв. Тухайлбал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ийгл ньюс телевиз, Live телевиз, Стар телевиз, Ikon.mn сайт, Gogo.mn сайт, Peak.mn сайт, Urug.mn сайт болон Архангай медиа групп гэх мэт байгууллагуудын сэтгүүлчид оролцлоо. Мөн клуб нь үйл ажиллагааг дэмжин гишүүнээр элсэх сонирхолтой сэтгүүлчдэд нээлттэй юм.

Чөлөөт сэтгүүлч Б.Халиун хэлэхдээ “Хүний эрх, жендэрийн асуудал бол маш том судлагдахуун. Энэ тухай мэдлэгийг ерөнхий боловсрол, их сургуульд хангалттай сайн авч чаддаггүй. Тиймээс ажиллаж байхдаа дахин суралцах нь зайлшгүй юм. Эдийн засаг, эрүүл мэнд, уул уурхай гэх мэт салбар бүрийн асуудлыг сэтгүүлчид олон нийтэд хүргэхдээ хүний эрх, жендэрийн мэдлэгтэй, мэдрэмжтэй байгаасай гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр тийм биш. Санаатай болон санамсаргүй байдлаар хүний нэр төрд халдах тохиолдол байна” гэлээ.

2015-2020 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлд 383 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд үүний 30 гаруй хувь нь ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, хандлагыг дэвэргэсэн, хохирогчийг хамгаалаагүй, хувийн нууцад хүндэтгэлтэй хандаагүй, хүүхдийн эрхийг хэвлэл мэдээлэлд зөрчсөн зэрэг ёс зүйн алдаа гаргасан гэх гомдол байв.

Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор санал солилцохдоо “Жендэрийн асуудал гэхээр эмэгтэй сэтгүүлчид бичдэг, эсвэл сайн дураараа сурвалжлах нь одоо ч байсаар байна. Иймд албан ёсоор сэтгүүлчдийн клуб байгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь энэ сэдвийг бид нар яриад байгаа атлаа сайн мэддэггүй. Мөн жендэрийн тухай ярилцлага, сурвалжилгыг ач холбогдол багатай ч үнэлэх нь бий. Гэсэн хэдий ч хандалт, уншилт маш сайн байдаг. Уншигчийн сонирхдог сэдвүүдийн нэг шүү дээ” гэв.

Клубийн үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох, бүтээлийн тэтгэлэг олгох, сэтгүүл зүйн бүтээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх, олон талын эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг нээж өгнө гэдгийг санаачлагчид тодотгож байлаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наймдугаар сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2021 оны наймдугаар сарын нислэгийн хуваарь гаргасныг хүргэж байна.

No description available.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж дурсгалын 10 мянгатын мөнгөн дэвсгэрт гаргажээ

Монголбанк Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гаргав.

Энэхүү дурсгалын мөнгөн дэвсгэрт нь сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын онцлог элементүүдээр баяжигдсан гэдгээрээ онцлогтой.

Дэвсгэртийн нүүрэн талд байрлуулсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого болон баруун, доод хэсэг дэх морьтон баатар нь 3D хэмжээст, өнгө нь хувирч солонгорох хамгаалалтын шинэ технологи юм. Мөн баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 7 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдэгтэй.

Дэвсгэртийн ар талд Д.Сүхбаатар жанжины хөрөг болон Ардын хувьсгалыг тунхаглан зарлах үедээ ард олонд хандаж хэлсэн алдарт үгийг оруулж, “Ардын хувьсгал 100 жил” гэсэн бичвэр бүхий тасалдаж харагдах металл утсыг байрлуулсан. Мөн дэвсгэртэд хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах Соёмбыг нүүрэн талд, Монгол Улсын газрын зургийг ар талын зүүн дээд хэсэгт тус тус байрлууллаа.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Шилдэг эрдэмтдийн багийг тодруулж, Сайдын нэрэмжит грантыг гардууллаа

Салбарын эрдэмтэн судлаачдаа дэмжих, инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх, импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Сайдын нэрэмжит грантын шалгаруулалтыг зохион байгуулж, дүнгээ гарган шилдэг бүтээл, шилдэг эрдэмтдийн багийг тодруулаад байна.
ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн чиглэлийн 21 бүтээлийг хэлэлцэн шалгаруулалтыг зохион байгууллаа.
Бүтээлүүдийг холбогдох тушаалд заасны дагуу
Шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин,
Техник эдийн засгийн үзүүлэлт,
Зах зээлийн эргэлтэд орох чадамжийн түвшин буюу үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ашиглах бодит боломж,
Ижил төстэй технологи, бүтээгдэхүүн үйлчилгээнээс давуу тал, өрсөлдөх чадвар, нэмүү өртөг бий болгож буй түвшин зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь үнэлгээ өгч шалгаруулсан юм.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын “Судалгааны ажилд инновацийн грант олгох тухай” тушаалаар дараах 3 бүтээлийн багт грантыг олгохоор шийдвэрлэлээ.
1. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), профессор, Я.Мягмарсүрэн удирдагчтай “Тэжээлийн арвайн Шимт сорт” сэдэвт бүтээл;
2. Мал эмнэлгийн хүрээлэнгийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор (Ph.D), Д.Будрагчаа удирдагчтай “Зэсел тарилгын шингэн” сэдэвт бүтээл;
3. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Ургамлын генетик нөөцийн секторын эрхлэгч, доктор (Ph.D), Т.Атарсайхан удирдагчтай “Хөх далан хальсны Berry Blue сорт” сэдэвт бүтээл шалгарлаа.
Дээрх 3 бүтээлийн багт “БАТЛАМЖ”, 10.000.000 төгрөгийн грантыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь гардуулан өгөв.
Тэрээр “Дэлхийн эдийн засгийн түүхэн явцад үндэстний баялгийг бүтээхэд байгалийн баялаг, түүхий эд, хөрөнгө зэрэг хүчин зүйлсийн нөлөөлөл давамгайлдаг байсан бол өнөөдөр мэдлэг нь тэдгээрийг хошуучлах чухал нөөц баялаг болсон байна. Тиймээс улс орнууд аж үйлдвэрийн эдийн засгаас шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засаг рүү шилжихэд анхааран ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.3-т Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хөнгөлөлттэй зээл, грант олгохоор, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2025 он хүртэлх хугацаанд баримтлах бодлогод хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх, хүний нөөцийг тасралтгүй чадавхижуулах асуудлыг бүлэг зорилт болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаануудын нэг бол эрдэмтэн судлаачдынхаа нөр их хөдөлмөрийг дэмжиж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээ гэж ойлгож байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түүчээлэх гол хөдөлгүүр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг авч явах эзэд нь эрдэмтэн багш, судлаачид, үйлдвэрлэгчид Та бүхэн билээ.
Иймд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд Та бүхэн хувь нэмрээ оруулж, шинэ санааг хөгжүүлж, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох шинэ арга хэлбэр, санаачилгыг өрнүүлж, хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн болон сууж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

2 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.