Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил

Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 19-н хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэд орон нутгийн зорих хөдөлгөөн эрчимжээд байна.

Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцинд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм.

КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй болохыг УОК-оос мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Баярын амралтын өдрүүдэд орон нутагт зорчих иргэдийн анхааралд

УОК-оос наадмын олон хоногийн амралтын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчих иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна.

1. Өрх, ам бүлийн хүрээнд хөдөө орон нутаг явах /ам бүлийн тоо заагаагүй/
2. Аль болох суурин газраар буудаллахгүй, хөдөөгийн айлаар зочлохгүй, найр наадам үүсгэхгүй, дэлгүүр орохгүй байх, орсон тохиолдолд амны хаалтаа тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх
3. Хөдөө орон нутгийг зорчих насанд хүрсэн иргэдийн хувьд вакцины 1, 2 –д тундаа хамрагдсан, эсвэл өвдөөд эдгэсэн гэдгээ нотлох бичиг баримтад үндэслэн хотоос гарах
4. Зөвхөн 1-р тундаа хамрагдсан болон 2-р тундаа хамрагдсан боловч 14 хоногоос дээш хоноогүй тохиолдолд 48 цаг хүчинтэй ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, хариу нь СӨРӨГ гарсан байх
5. Түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй бөгөөд хугацаа нь дууссан тохиолдолд тухайн аймаг руу нэвтрэхэд шинжилгээ өгнө
6. Хөдөө орон нутагт зорчих ам бүлээс төлөөлүүлэн 5-17 хүртэлх насны 1 хүүхдээс хамар болон хоолойн арчдасны аль нэг хэлбэрээр түргэвчилсэн шинжилгээ авах ба СӨРӨГ хариу нь насанд хүрэгсдийн мөн адил 48 цагийн хүчинтэй.
7. Орон нутгийн аль ч пост зөвхөн PCR -ын шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд түргэвчилсэн шинжилгээний СӨРӨГ хариу PCR шинжилгээний хариуны нэг адил хүчинтэй.
8. Түргэвчилсэн шинжилгээг eruul.gov.mn цахим системд бүртгэлтэй төрийн болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт хийлгэж болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Булгамаа: Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүд 12-20 жилийн хорих ялаас айж, эмээхгүй байна

Хуульч Р.Булгамаатай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд, өсвөр насныхан гэмт хэргийн хохирогч болох, өөрөө гэм хэрэгтэн болдог харамсалтай тохиолдол гарсаар байна. Үүний шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байгаа, гэмт хэрэгт татагдан, гэмт хэргийн ертөнцөд хөл тавьж байгаа нь хуульч хүний хувьд, эмэгтэй хүний хувьд, эх хүний хувьд сэтгэл зовинож байдаг асуудлын нэг. Хүүхдүүд яагаад гэмт хэрэгт өртөөд байгаа шалтгаан нөхцлийг нь аваад үзэхээр гол төлөв эцэг эхийн хариуцлагагүй, хайхрамжгүй байдалтай шууд холбоотой байдаг. Жил бүр цагдаагийн байгууллагаас гаргадаг тоон мэдээллийг харахад хүүхэд өртөж байгаа гэмт хэргийн тоо багассан хэдий ч энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажилд дэвшилттэй зүйл харагдахгүй байгаа нь хүүхэд өртсөн гэмт хэргийн тооноос илэрхий харагдаж байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд удаа дараа хөл хорио тогтоосон нь хүүхдүүд олон нийтийн газарт гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн хохирогч болох, өөрөө гэмт хэрэгтэн болох асуудал буурсан хандлага харагдаж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 480 орчим бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ бол хөл хориотой холбоотой. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас гаргасан сүүлийн таван жилийн статистик мэдээллийг харахад жилд 50-55 хүүхэд зам тээврийн ослын улмаас нас барж, 800-1000 орчим хүүхэд зам тээврийн улмаас бэртэж, гэмтсэн байна. Энэ бол автомашин жолоодож байгаа томчуудын хариуцлагагүй байдал, буруутай үйлдэл эс үйлдэхүй тэй холбоотой. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хурд хэтрүүлсэн зэрэг томчуудын хариуцлагагүй байдлын улмаас бидний ирээдүй хойч болсон хүүхэд багачууд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна

-Уг нь бид хүүхдийн эрхийг хамгаалах талаар хууль дүрэм журмандаа хангалттай зааж өгсөн. Даанч хэрэгжилт хангалтгүй байх шиг байна?

-Тийм шүү. Хүүхдийн эрх хамгааллын хууль, дүрэм журам манай улсад хангалттай байгаа. Тиймээс хэрэгжилтэд илүү анхаарах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын асуудалд анхаарч байна гээд хамгаалах байрыг олноор нь байгуулж, хүүхдийг эцэг эхээс нь салгаж, төр хүүдийн аюулгүй байдалд анхаарах ёстой гэдэг дээр төвлөрөхөөс илүү гэр бүлийнхэнтэйгээ хүүхэд хэрхэн эрүүл аюулгүй орчинд өсөж торних, зөв хүмүүжил төлөвшил олох вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэй. Хүүхэд хаана аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг вэ гэхээр аав, ээж, ах, дүү нартайгаа элэг бүтэн байхдаа аз жаргалтай байдаг. Тиймээс гэр бүлийг дэмжсэн төрийн бодлого маш чухал байна. Ер нь хайраар дутсан, халамж анхаарлаас ангид байсан хүүхэд гэмт хэрэгт өртөх, зөрчил дутагдалтай ойрхон байх, хохирогч болох, гэмт хэрэгт татагдах орох хадлага түгээмэл харагдаж байдаг. Тиймээс Гэр бүлийн шинэчилсэн найруулгын хуулийн хэлэлцүүлэг явж байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг илүү нэмэгдүүлэх, хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Энэ нь гэрлэлт цуцлуулсан гэр бүлд ч хамааралтай. Гэрлэлтээ цуцлуулсан ч долоо хоног, сард тогтмол цагийн хуваарийн дагуу хүүхэддээ цаг зарцуулдаг хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Зарим оронд гэрлэлт цуцлуулсан ч гэсэн хүүхэддээ долоо хоногт 10-аас доошгүй цаг зарцуулна хэмээн заадаг. Хэрэв эцэг, эх хүүхдийнхээ сурч боловсрох, чөлөөт цагийг өнгөрүүлэхэд дээрх хэмжээний цаг зарцуулаагүй бол Зөрчлийн хуулийн дагуу хүүхэддээ тавих анхаарал халамж, үүргээ биелүүлээгүй гэж гомдол мэдүүлдэг зохицуулалт бий.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өсөж торних, эсвэл эцэг эх нь салсан гэх мэт ямар ч тохиолдолд хүүхэд хамгийн том хохирогч болж байна шүү дээ. Тэдний сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөж болохгүй нь харамсалтай юм даа?

-Хүчирхийллийн хохирогч болсон иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тал дээр гол төлөв анхаарал хандуулж ажилладаг хуульчийн хувьд энэ төрлийн хохирогч болсон эмэгтэйчүүд, хүүхдүүд маш их ханддаг болсон. Ялангуяа хүчирхийлэл үүссэн орчинд хамгийн ихээр хохирдог хүмүүс бол хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Коронавируст халдвар тархаж хөл хорио тогтоосон үед цагдаагийн байгууллагад хоногт 240-250 гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан. Эдгээрээс зөрчил болон гэмт хэргийн шинжээр нь ангилж зохих хариуцлага хүлээлгэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд хүүхэд бие мах бодиороо хохирохоос гадна юугаар ч үнэлж барахгүй сэтгэлзүйн гэмтэл авч байдаг. Тэд айдастай орчинд өссөнөөр ирээдүйд итгэх итгэлээ алдах, томчуудаас айж өсөх, хэн нэгнийг үзэн ядах, гомдох, сэтгэлийн гэмтэлтэй болдог. Тиймээс цаашид бид гэр бүлд хүчирхийлэл, маргаан юунаас болж үүсээд байна вэ гэдэг учир шалтгаан, нийгмийн хүчин зүйлтэй нь уялдуулан авч үзэх шаардлагатай байна. Хүүхдүүдтэй ярилцаад үзэхээр эцэг эх нь ихэвчлэн санхүүгийн бэрхшээл, үргэлжилсэн хэрүүл маргаан, аав ээжийх нь ажилгүй байгаа зэрэг нь голлон нөлөөлдөг гэж хариулдаг. Иргэд ажилгүй, орлогогүй байгаагаас үүдэн гэр бүлд хэрүүл маргаан, асуудал дэгдэхээр сүүлдээ архины хамааралтай болох явдал ч байна. Томчууд бид өөрсдийн хандлага, зан үйлд өөрчлөлт оруулж, ажилгүй орлогогүй хэмээн архи согтууруулах ундаагаар стрессээ тайлдаг хэв маягаас татгалзах хэрэгтэй. Хөдөлмөрийн орчин бий болгох тал дээр төрөөс анхаарч ажиллаж, ажилгүй, орлогогүй иргэдийг хөдөлмөрийн таатай орчинд ажиллуулах хэрэгтэй.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд хүлээлгэх хариуцлага нэг үеэ бодвол нэмэгдсэн. Гэхдээ хуулийн дагуу хүлээлгэж байгаа хариуцлага энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох хөшүүрэг болж чадаж байна уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд Зөрчлийн тухай хуулийн 5.4 болон Эрүүгийн хуулийн гэр бүлийн хүчирхийлэл гэсэн зүйл заалтын дагуу хариуцлага хүлээлгэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийг удаа дараа давтан үйлдэж, гэр бүлийн гишүүддээ хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан, гэмтлийн зэргээс хамаарч Эрүүгийн гэмт хэрэг болдог. Харин Зөрчлийн хуульд заасан зохицуулалтын хүрээнд хүчирхийлэл үйлдсэн бол 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг. Миний хувьд энэ заалтад дээр ямар байр суурьтай байдаг вэ гэхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулж, төрийн хамгаалалтад авахаас илүү тухайн иргэдийг албадан хөдөлмөр хийлгүүлэх хэрэгтэй гэж боддог. Нэг хоригдолд хоногт 6000-8000 төгрөгийн хоол хүнс зарцуулдаг. Тэгэхээр төрөөс нэг хүнд ийм хэмжээний мөнгө хоногт зарцуулаад хүчирхийлэгчийг төрийн хамгаалалтын байранд тодорхой хугацаагаар толгойг нь илж байлгахаас илүү, ажил хөдөлмөр хийлгэж, буруу зан үйлээ засах, эерэг зөв хандлагатай байж, хань ижил, үр хүүхдийнхээ өмнө үүргээ ухамсарлах ёс суртахуунтай, соён гэгээрүүлэх сургалтад хамруулахад илүү анхаарал хандуулах шаардлагатай. Мөн гэр бүлийн маргаан бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзээд нэгийг нь баривчлах байранд оруулахаас илүүтэй өөр хариуцлагын арга хэлбэрийг хэвшүүлбэл дээр гэж боддог. Баривчлах байрнаас гарч ирээд “Намайг баривчлуулдаг хэн бэ” хэмээн дахин асуудал үүсгэх нь түгээмэл. Асуудал гарсан тухайн гэр бүлд зөвлөдөг зөвлөгч хэрэгтэй байна. Мөн баривчлах шийтгэл оногдуулахаас өмнө сануулдаг, торгодог, алдаагаа ухамсарлах боломж олгодог механизм бодит амьдралд дээр үгүйлэгдэж байна. “Би дахин ийм алдаа гаргахгүй, гэр бүлдээ танхайрч, хүчирхийллийн хэв шинжтэй үйлдэл гаргахгүй, гэр бүл үр хүүхдүүдээсээ уучлал гуйж байна” гээд байхад хуулиндаа заавал баривчлах шийтгэлтэй гээд байдаг тохиолдол байгаа талаар иргэд гомдоллож байсан.

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо төдийлөн буурахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна л даа?

-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдол төдийлөн буурахгүй байна. Тиймээс цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санаа болон гэм хорын хохирлыг бид хэрхэн яаж шийдэх, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд давтан үйлдэх шинжтэй байна уу, анх удаа үйлдэж байна уу, энэ гэмт хэргийн кримонологи шинж чанар юу юм бэ гэдэгт илүү анхаарал хандуулах шаардлагатай байна.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар 125 хүүхэд бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогч болсон. Тэгэхээр жилд 200-250 орчим хүүхэд бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хохирогч болж байгаа нийтлэг дүр төрхтэй болоод удаж байна. Тиймээс энэ асуудалд нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй. Миний хувьд энэ төрлийн гэмт хэрэг гараад байгаа шалтгаан нөхцлийг авч үзэх шаардлагатай гэж боддог. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд хүлээлгэдэг хариуцлагын асуудлыг илүү хөндөх ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Түүнээс гадна гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд, эмэгтэйчүүдэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг тооцож, нөхөн олговор олгуулахыг эрмэлздэг.

-Ер нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг хэрхэн тогтоодог юм бэ. Нөхөн төлбөр тооцуулах боломж хэр байдаг вэ?

-Хохирогчдын сэтгэл санааны хохирлыг тогтоох боломж алга. Хохирогчдод сэтгэлзүйн эмчилгээ үзүүлэхэд ийм хугацаа зарцуулна, түүнд нь тэдэн төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад түүнийг нь шүүхээс тооцож тухайн гэм буруутай этгээдээс гаргуулж байгаа туршлага цөөхөн байна. Гэхдээ шүүхийн байгууллага энэ бодит байдлыг хагалзан үзэж шийдвэр гаргадаг болсныг онцлон тэмдэглэмээр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дээр энэ төрлийн хэд хэдэн хэрэг дээр гэм хорын, сэтгэл санааны хохирлыг тооцож гаргасан. Мөн ирээдүйд гарах сэтгэл санааны эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг шүүгдэгч этгээд төлөхөөр шүүхийн шийдвэрт тусгасан ололтой зүйлүүд бий. Ер нь сэтгэл санааны гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гээд л орхичихдог. Гэтэл түүнийг нэхэмжлээд явах тохиолдол амьдрал дээр цөөхөн байдаг.

Иргэд нэгдүгээрт энэ зохицуулалтын талаар мэдэхгүй байна. Хоёрдугаарт, хэдэн төгрөгийн араас яваад яах вэ, шоронд орчихсон хүн төлөхгүй байх гэсэн итгэл үнэмшилээ алддаг хандлага нийтлэг анзаарагддаг. Гэмт хэргийг хохирогчдын эрхийг хамгаалах, сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцож эргээд нийгэмших, гэмт хэргийн улмаас тархинд бий болсон хор хөнөөл, сэтгэлийн гэмтэл, айдсыг даван туулахад дэмжлэг үзүүлдэг бодлого хэрэгтэй байна. Манай улсад гэмт хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн улмаас аль нэг эд эрхтэн гэмтсэн тохиолдолд түүнийг үнэлэж байгаа зүйл дэндүү учир дутагдалтай явж ирсэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож байгаа байдал, аргачлал, гэмт хэргийн улмаас эд эрхтэн хохирсон тохиолдолд ямар нөхөн олговор олгох вэ гэдэг асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага, ялын хэмжээ бага байна уу?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар бүлэгт бэлгийн эрх чөлөөний халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг хамаардаг. Бага насны хүүхэд буюу 14 наснаас доош насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 12-20 жилийн хорих ял оногдуулдаг. Эсвэл энэ хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон бол бүх насаар нь хорих ял оногдуулж байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа иргэд 12-20 жилийн хорих ялаас төдийлөн айж, эмээхгүй байна. Тэгэхээр хүлээлгэж байгаа хариуцлагын тухайд өөр бодлого хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Польш, БНСУ зэрэг дэлхийн улс орнуудын жишгээс харахад химийн тариа тарих, хөнгөлөх зэрэг арга хэрэглэж байна. Гэтэл манай улсад хүний эрхийн асуудал хөнгөлөх шийтгэл оногдуулж болохгүй гэх хандлагаас болоод энэ талаар эрх бүхий этгээдүүд хайхарч хүлээж авдаггүй эсрэгээр нь хохирогчдод хүний эрх гэдэг ойлголт тэгээд хамаарахгүй юм уу гэж хэлэхэд хүрэх юм.

Энэ төрлийн гэмт хэрэгт анхаарах ёстой нэг асуудал бол тус хуулийн 12.5 буюу 16 нас хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэсэн заалт бий. Энэ заалттай холбоотой шүүмжлэл маргаан олонтоо өрнөдөг. Арван найман нас хүрсэн хүн буюу насанд хүрсэн хүн хохирогчийг насанд хүрээгүй болохыг нь мэдэх боломжтой байсан, эсвэл мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон бол торгуулийн хариуцлага хүлээх заалттай байгаа юм. Өөрөөр хэлбэл, 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг. Миний хувьд энэ заалтаас торгох зохицуулалтыг авч хаях саналыг олон жил хэлж байгаа. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орно гэсэн ойлголт байж болохгүй юм аа. Учир нь Хүүхдийн эрхийн тухай хуулинд 18 хүртлэх насны хүнийг хүүхэд гэнэ хэмээн заасан. Гэтэл 14-16 нас гэдэг бол эрхзүйн бүрэн чадамжгүй, тухайн хийж байгаа үйлдлийнхээ буруу, зөвийг ялгах ухамсар төлөвшөөгүй байхад түүнийг нь далимдуулж гэмт хэргийн хохирогч болгодог байж болохгүй. Тиймээс дээрх зүйл заалтаасаа 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгодог зохицуулалтаа авч хаях хэрэгтэй гэдгийг удаа дараа илэрхийлсээр ирсэн. Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд энэ асуудал нэг өдөр, нэг мөр болох байхаа гэдэгт судлаач хүний хувьд найдлага тавьж байгаа.

-Бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүсийн ихэнх нь тэдний хамгийн ойр дотны хүмүүс байдаг гэсэн харамсалтай судалгаа уншиж байсан юм байна?

-Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн гол онцлог нь нуугдмал далд хэлбэрээр үйлдэгдэж, оршин байдгаараа онцлог. Дээрээс нь хохирогчдыг айлган сүрдүүлж, гэр бүлийнхээ эдийн засгийг авч явдаг хүн гэж эдийн засгийн байдлаар нь эрхшээлдээ оруулдаг, энэ асуудлыг хэн нэгэнд хэлэх юм бол амь нас эрүүл мэндэд чинь аюул заналхийлэл учруулна хэмээн хүүхдийн ертөнцөд айдас төрүүлэх замаар амыг нь таглаж, гэмт хэргээ үргэлжлүүлэн үйлднэ гэдэг зан үйл, хэв маяг илүү агуулагдаж байгаа нь амьдрал дээр харагддаг. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдүүдийн 80 гаруй хувь нь ураг төрлийн чанартай гэдгийг холбогдох хуулийн байгууллагуудаас гаргасан судалгааны дүн харуулдаг. Тухайлбал, одоогийн байдлаар надаас хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээ авч байгаа 10 гаруй хүүхдүүдийн 70 орчим хувь нь ураг төрлийн холбоотой, хамаатаны ах, хойд аав, өвөө гэх зэрэг хүмүүс бэлгийн зүй бус үйлдэл гаргасан гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна.Хамгийн сүүлд шийдэгдсэн хэргээс иш татахад 13 настайгаасаа 17 нас хүртлээ дөрвөн жилийн хугацаанд хойд аавынхаа дарамтад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчын асуудлыг шүүхээр шийдүүлж, зохих хариуцлагыг хүлээлгэсэн. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд мөрдөн байцаалтын шатанд “хэн нэгэн хараагүй юм чинь” гэдэг байдлаар ийм гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэлзэж байсан.

Гэсэн хэдий ч түүний буруутай үйлдэл хохирогчийн мэдүүлэгээр нотлогдохоос гадна олон баримтаар нотлогдож үнэнд гүйцэгдсэн. Эндээс юу гэж хэлэх гэж байна гэхээр гэмт хэрэг үйлдсэн этгээд төрийн хуулиас ангид, мултарч үлдэнэ гэх ойлголт байхгүй. Хэзээ нэгэн цагт илэрч зохих хариуцлагаа хүлээдэг. Нууц зүйл гэж ерөөсөө байхгүй. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд итгэл алдарч болохгүй ээ. Таныг хамгаалдаг, таны эрх ашгийг хамгаалж, өмгөөлдөг төрийн хууль гэж бий. Тиймээс ямар нэгэн төрлийн заналхийллээс айж болохгүй шүү. Ер бол ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх, ямар үйлдлийг зөрчил гэж үзэх вэ, таны эрх юу юм, эрхээ хамгаалуулахын тулд хаана хандах ёстой вэ гэх мэт ойлголтыг өсвөр насныханд түлхүү олгох хэрэгтэй санагддаг. Хүүхдүүдэд эрх зүйн мэдлэг боловсролыг бодит амьдралтай нь уяж, боловсролын тогтолцоонд нь суулгах шаардлагатай байна.

П.БАТЗАЯА

Categories
xурдан-морь мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянхонгорын Бууцагаан сумын уяач Б.Батдорж: Сонгуульд ялагдсан хүмүүс Засаг унагахыг санаархаж хүүхдүүдийг жагсаасан нь наадам цуцлахад хүргэлээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Батдоржтой ярилцлаа.


-Морь хурдан, уяа эвлэг байна уу. Таны тухайд Ардын хувьсгалын 100 жилийн ойд хаанаас зорьж ирэв?

-Морь хурдан уяа эвлэг сайхан байна. Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас 800 гаруй км замыг туулж ирлээ. Миний тухайд улсын наадамд мордуулахаар 10 орчим тооны адуутай ирсэн юм. Манай аймгаас 20 гаруй уяач ирсэн. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад эхнээсээ морьдоо ачаад буцаж байна.

-Залуусын төлөөлөл “No Naadam” жагсаал зохион байгууллаа. Улмаар Засгийн газраас Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Уяачдын байр суурийг сонсох гэсэн юм?

-Жагсаал зохион байгуулж үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгэмд нээлттэй. Аж ахуйн нэгжийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийлж тайван жагсаал хийж байгаа болов уу гэж бодсон юм. Газар дээрээ бол нөхцөл байдал тэс өөр байсан. Цэвэр улс төрийн зорилготой зохион байгуулалттай үйл ажиллагаа болоод өнгөрлөө. Сонгуульд ялагдсан намын зүгээс залуусыг хөлсөлж жагсаалд оролцуулаад засаг унагахыг санаархсан нь талаар боллоо. Хамгийн хорлонтой Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмаа цуцлах шийдвэр гаргаж түүхэнд хар толбо үлдээлээ. Засгийн газраас гаргасан шийдвэр ч таван төгрөг авч талбайд жагссан хүүхдүүдийн өмнө сөхөрдөг болж. Ямар ч дархлаагүй болсон байна. Энэ шийдвэрийн ард олон мянган уяач, наадмаа хоног тоолж хүлээсэн олон зуун мянган иргэдийн эрх ашиг хохирлоо. Миний тухайд наадмыг Улаанбаатарт хийх шийдвэрийг сонсоод л сумаасаа гарсан юм. Харамсалтай нь тулгаж ирээд л амнаасаа буцчихлаа. Зургадугаар сарын дундуур л ийм шийдвэрээ танилцуулчихсан бол олон мянган уяач зардал чирэгдэл болж Улаанбаатар луу ирэхгүй байлаа шүү дээ. Уяач хүн туслах уяачаа цалинжуулна. Унаач хүүхдүүдээ ч цалинжуулна. Хажуугаар нь морины тэжээл, шатахуун гээд асар өндөр зардал гаргадаг. Уяачид бүгд хохироод үлдлээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Түүхэн ач холбогдол талаас нь харвал тэмдэглэхгүй өнгөрч болохгүй үйл явдал. Эхнээсээ л сум сумандаа баяр наадмаа цомхон тэмдэглэчих байсан юм. Аймагтаа наадах нь аймагтаа, сумандаа наадах нь сумандаа бөхөө барилдуулаад, морио уралдуулаад явчихсан бол хаа хаанаа хүндрэл гарахааргүй байлаа. Ингэж бөөгнөхөл үүсэхгүй байсан юм. Засгийн газрын ямар ч тооцоогүй шийдвэрийн хар гор ингэж гарлаа. Хөл хорио тогтоогоод аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хорьж цагдаад л байдаг. Ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Сонгуулиар бол цар тахалтай байсан ч тоохгүй, хэдэн зуун хүн цугладаг юм билээ.

-Цар тахлын улмаас өдөрт 10 хүн нас барж байхад баяр наадам ярилаа гэж дургүйцэж байна лээ?

-Энд нэг зүйлийг онцолъё. Энэ цар тахал цаашид хэзээ ч арилахгүй. Бид хөл нийлүүлж алхахаас өөр арга байхгүй. Вакциндаа хамрагдаад л цар тахалтай хамтдаа цаашилна. Олон улс ч өнөөдөр ийм л байгаа. Европ тивд олныг хамарсан үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хэдий болтол хааж боох юм бэ. Бидний тэвчээр ч үнэндээ тасарч байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ч нээх хэрэгтэй. Баяр наадмаа ч тэмдэглэх хэрэгтэй. Бид чинь өв соёлоороо ондоошдог ард түмэн. Баяр наадам бол бидний үндэсний бахархал. Өнөөдөр залуус үүнийг үгүйсгэх хандлага гаргах гээд байдаг болчихож. Тусгаар тогнолоо бид ямар их үнэ цэнээр олж авсан билээ. Өвөг дээдэс минь ямар их цус урсгаж эх нутгаа хамгаалж үлдсэн билээ. Үүнийг ухамсарлахаа больж. Өв соёлруугаа өшиглөж байгаа залуусыг хараад гол харлах юм. Биднээс цааш хэн авч үргэлжлүүлж авч явах гэж ч санах юм. Улс үндэстнүүд бахархлаа хамгаалдаг. Токиод олимп хойшлуулсан хэрнэ ээ сумогийн башёг хэвийн явуулаад байна шүү дээ. Сумо бөх бол тэдний өв уламжлал, бахархал нь болохоор л тэр шүү дээ. Залуус минь өв уламжлал руугаа нулимж хэрхэвч болохгүй. Дахин онцлоход бид өв уламжлалаараа ондоошдог үндэстэн шүү дээ. Үүнийг л ухамсарлах хэрэгтэй.

-Жагсаалд оролцож буй залуус наадмын төсвийг эрүүл мэндэд зарцуул гэх шаардлагыг тавьж байна лээ.

-Тийм. Наадмын төсвийг уяач бөхчүүд хуваагаад идээд уучихдаг гэх ойлголт нийгэмд яваад байх шиг байна. Тийм биш. Төсвийн 80 орчим хувь нь нээлтийн арга хэмжээ, дуучин, бүжигчин хүмүүст зарцуулагддаг. Бөхчүүд, уяач нарын байнд нэг их төсөв шаардаад байдаггүй юм шүү дээ. Анх Соёлын сайд “Наадмын төсвийг 10 тэрбум төгрөг” гэж хэлээд л хүмүүсийн хэнээг хөдөлгөчих шиг болсон. Хажуугаар нь төсвөөс хулгай хийдэг хүмүүс олон байх шиг байна. Энэ бүхэн л наадмыг үзэн ядагчдыг олшруулаад байна гэж би хувьдаа үзэж байна. Үр дүнд нь энэ олон жил тээж ирсэн өв соёл маань эрсдэлд орчихлоо. Энэ жилийн наадмын нээлтэд хэдэн төгрөг зарцуулсан, хэн нь хэдэн төгрөг авсан бүгдийг нь ил болгож гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн бөхчүүд, уяачид хуваагаад идчихсэн юм шиг ойлголт нийгэмд яваад байна. Бид нар бүх зардлаа хувиасаа гаргаж наадамладаг улс. Энэ жилийн тухайд нэг төсөв гэлгүйгээр цомхон тэмдэглэж болох гарц байсан шүү дээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад Хүй долоон худагт том гэрүүд бариад л тайз засч сүржигнэх шаардлага ерөөсөө байгаагүй. Хамаг төсөв чинь тийшээ урсчихдаг байхгүй юу.

-Хажуугаар унаач хүүхдүүдийн амь нас энддэг асуудал хүүхдийн эрхийн байгууллагуудын анхааралд өртөөд байна л даа. Сая л гэхэд хоёр ч хүүхэд мориноос унаж эндсэн байна лээ?

-Наадам дөхөхөөр л гарч ирж энэ асуудлыг хөнддөг хүмүүс бий. Тэдний ажил л байх л даа. Гэхдээ үндэсний спорт гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй болов уу. Нөгөө талдаа уяач нар ч анхаарах цаг ирчихээд байгааг хүлээн зөвшөөрнө. Энэ их өв соёлыг хадгалж цааш нь авч явъя л гэвэл хүүхдийнхээ аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай байна. Хүүхэд осолдоод байгаа голлох шалтгаан нь эрлийз адуу, шинэ цагийн адуутай нэг талаараа холбоотой. Цус орсон адууны давхил их хатуу байдаг юм. Хүүхдээ маш сайн боож баглаж л явуулахгүй бол эрсдэл өндөр. Монгол адууны давхил бол зөөлхөн байдаг юм. Өнөөдөр уралдаж байгаа адууны олонх нь цус орсон адуу уралддаг болж дээ. Энэ нь унаач хүүхдийг эрсдэлд оруулж байна. Нөгөө талдаа хүүхдүүд маань морь унах соёлоос бас холдчихож. Морь унаад тугал, бяруундаа явдаг үзэгдэл харагдахаа больсон байна. Айл бүрийн л гадаа портер, мотоцикл байх юм байна шүү дээ. Энэ нь ч нөлөөлөөд байх шиг.

-Цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Та нар халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна вэ?

-Бид нар бүгд вакциндаа хамрагдсан. Хоёр дахь тунгийн хоногоо ч гүйцээсэн. Сумандаа шинжилгээ өгөөд сөрөг гарахад нь л наашилсан. Зарим уяач нар түргэвчилсэн оношлууртай явж байгаа.

-Хөдөөгийн хөх уяачид хот тойроод олноор цугласан байна. 100 жилдээ өндөр ач холбогдол өгсөн байна даа…

-Морь айрагдаж түрүүлэх нь яах вэ. Бид 200 жилийн ойгоор амьд байхгүй шүү дээ. Уяач нар маань өнгөрсөн оны арванэгдүгээр сараас хойш л морьдоо барьж 100 жилдээ бэлдсэн. Урд жилүүдийнхээс ч илүү өндөр ач холбогдол өгч бэлдэж байсан юм. Хөдөөгийн малчид гурван улирал малын хойноос хөөцөлдөж яваад л зуны дэлгэр цагт наадмаар баярлаж дотоод эрч хүчээ авдаг юм. Наадмыг нь хориод хаячихаар тэр хүмүүс юу үзэж баясах вэ. Яахав хотод утас оролдож хэвтээд хүмүүс үүний ач холбогдлыг мэдэхгүй л болов уу. Хөдөөний улс дархлаагаа баяр наадмаасаа авдаг юм.

-Морь уяхад нэг адуунд хэд орчим төгрөгийн төсөв зарцуулдаг юм бэ?

-Би Ардын хувьсгалын 100 жилийн ойд гурван жилийн өмнөөс бэлдсэн. Морины ажлаа эхэлсэн гэх үү дээ. Нэг жилийн хугацаанд нэг моринд 3-5 сая төгрөг зарцуулдаг. Хамгийн багадаа л гурван сая төгрөг зарцуулдаг. Ганцхан адуунд л тэр шүү дээ.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин хонь өдөр

Аргын тооллын долдугаар сарын 10, Санчир гариг. Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5:04 мандан, 20:51 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 26-28 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60 км авто замын шинэчлэлийн ажилд шалгалт хийлээ

Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа “HKB” ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, газрын харилцаа, орчны бохирдлын чиглэлээр шалгалт хийлээ.

Орчны бохирдол, аюултай болон ахуйн хог хаягдлын цуглуулалт, хадгалалт, газар, байгалийн баялаг ашиглалт, орон нутгаас авч ажиллуулж байгаа ажилчдын хөдөлмөрийн гэрээ, ээлжийн болон илүү цагийн цалин хөлсний бодолт, олголт, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг асуудлыг хамруулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэлээ.
Шалгалтаар орчны бохирдол үүсгэсэн, аюултай болон энгийн хог хаягдлыг зориулалтын цэгт хадгалдаггүй, байгалийн баялаг, газар, ашиглах зөвшөөрлийн бичиг баримтын бүрдэл дутуу, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэнд, амь насны даатгалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажлын байрны онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгсэлгүй, олон салаа зам гаргаж хөрс эвдэх, тоосжилт үүсгэдэг зэрэг 32 зөрчил дутагдал илэрснийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө.
Тус 60 км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажилд орон нутгаас 69 иргэн ажиллаж байна.
Categories
мэдээ нийгэм

Барилга угсралтын ажлыг норм, стандартын дагуу гүйцэтгэхийг зөвлөж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/177 дугаар захирамжийн дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 4-ний хооронд 112 барилгын талбайд барилгын түр хашаа, хамгаалалтын торыг норм, стандартад нийцүүлэх, орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийлээ.

Шалгалтаар барилгын түр хашааны шаардлага хангаагүй, орчны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй 44 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжид Нийслэлийн Ерөнхий архитекторын зөрчил арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн. Үүнээс 14 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжээс зөрчлөө арилгасан тухай тайлбар ирүүлээд байна.

Мөн барилга угсралтын ажил хийгдэж дуусалгүй удаан хугацаагаар зогссон, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хотын төвд байрлалтай 10 барилгад Барилгын тухай хуульд заасан хамгаалалтын горимд шилжүүлэх, барилгын түр хашаа, саравчийг стандартын дагуу хийх, төсөл хэрэгжих хугацаа, төлөвлөгөөг ирүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг албан бичгээр хүргүүллээ. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, норм, дүрмийг мөрдөн, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп Фэйсбүүк, Твиттер, Гүүгл компаниудын эсрэг шүүхдэхээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп технологийн томоохон компаниуд болох Фэйсбүүк, Твиттер, Гүүглийн эсрэг шүүхэд нэхэмжлэх гаргахаа мэдэгдлээ. Тэрбээр America First Policy Institute байгууллагатай нэгдэж хамтарсан нэхэмжлэх гаргахаа Нью-Жерсид хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдээлсэн юм.

Америкийн экс Ерөнхийлөгч олон нийтийн сүлжээнүүдийн үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг, Америкийн ард түмэнд ичгүүртэйгээр хууль бусаар цензур тогтоож байгааг эцэс болгохыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн технологийн томоохон энэ компаниудад торгууль оноох шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдээд дээрх компаниудтай зөвшилцлийн гэрээ байгуулахгүй, эцсээ хүртэл явах болно гэдгээ баталсан байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны өдөр Вашингтоны Капитол хилл рүү Трампыг дэмжигчид халдан дайрч Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Конгрессоор баталгаажуулахад саад учруулахыг чармайсан хэрэг гарсан билээ. Үүний дараа Ерөнхийлөгч Трампын Фэйсбүүк, Твиттер, Инстаграмм зэрэг олон нийтийн сүлжээн дэх хаягуудыг нь хаах шийдвэрийг дээрх компаниуд гаргасан юм. Тухайн үед Дональд Трампын Твиттер дэх дагагчдын тоо 89 сая, Фэйсбүүк дэх дагагчдынх нь тоо 35 саяд хүрсэн байсан юм.

Мөн Инстаграм дахь түүний хаягийг 24 сая хэрэглэгч дагадаг байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч асан Трамп олон сая дэмжигчдээс нь салгасан олон нийтийн сүлжээ эрхлэгч компаниудтай шүүхээр заргалдахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон говийн аймгуулын нутгийн баруун хэсгээр усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2021 оны 07 дугаар сарын 09-ний 20 цагаас 07 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2021 оны 07 дугаар сарын 11-нээс 07 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр халуун байна.